Есүсийн өгсөн бэлэг
Иохан 1:12-18
Гол эшлэл 1:12
”Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.”
Өнөөдөр бүгдээрээ өмнөх долоо хоногт үзсэн Амийн жинхэнэ гэрэл Есүс гэсэн зарилгийг үргэлжлүүлэн үзэх болно. Тэхээр өмнөх номлолын гол гол санааг эргэн санах юм бол – энэ дэлхий бүтээгдэхээс өмнө хязгааргүйн эхэнд Үг байсан, Үг нь Бурхантай хамт байсан. Үг Өөрөө Бурхан байсан гэж Есүсийг хэлсэн. Есүс Өөрөө Бүтээгч Бурхан юм гэдгийг сурсан. Бүх юмс үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, ноёрхлууд, удирдлагууд, эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн гэсэн. – Мөн Есүс л жинхэнэ амийн гэрэл бөгөөд Хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл ертөнц руу ирж байв. Тэрээр ертөнцөд байсан, ертөнц Түүгээр буй болсон боловч ертөнц Түүнийг таниагүй юм. Тэрээр Өөрийнхөндөө ирсэн боловч, Өөрийнхөн нь Түүнийг хүлээн аваагүй юм. Гэсэн. Харин Түүнийг хүлээн авагчид нь, ухаарагчид, итгэгчид нарт юу болох вэ гэдийг хамтдаа суралцъя. Эзэний агуу нигүүсэлийн улмаас та бид өнөөдөр энд сууж байна. Бурханд талархал магтаал нь үүрд байх болтугай. Мөн хайр ивээлтэй Иохан номыг суралцах боломж өгч байгаад талархаж байна. Энэ цагт Бүхнийг Бүтээгч Үг Есүсийн хүүхэд болсон нь ямар их ивээл болохыг ухаарч Бурханы хүүхдийн байр суурийг хүлээн авсанаар Сүнсээр дахин төрсөн, шинэ хүнээр өдөр бүр, насан турш амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. (12-13)
Иохан номыг бичигдэх тухайн үед ч тэр, өнөө цагт ч тэр маш олон хүмүүс жинхэнэ гэрэл болсон Есүсийг хүлээн авдаггүй, ухаардаггүй. Үүнийг Элч Иохан уг номд хэд хэдэн шалтгаануудыг дурьдсан.
1-рт: хүмүүс өөрсдийн үйлс муу тул гэрлээс илүү харанхуйг хайрласан учраас тэр гэсэн. (Иохан 3:19) 2-рт: тэд Бурханыг хайрлаагүй бөгөөд Бурханы алдрыг эрэлхийлээгүй учраас юм. Тэд Бурханы тааллаас илүүтэйгээр хүмүүсийн магтаал, алдар хүндийг илүүд үзсэн (5:42, 44, 12:43). Хүний магтаал болон хоосон алдар хүндэд нүд нь сохорсон хүмүүсийн зүрх сэтгэлд Есүсийг хүлээн авах өчүүхэн ч зай байдаггүй.
3-рт: тэд зөвхөн махан биеийн ашиг тусын тулд л гайхамшиг ба тэмдгүүдийг шаардаж, харин Есүс яг хэн бэ гэдгийг гэрчилдэг тэмдгийн жинхэнэ сүнслэг утга учрыг огт анхаараагүй юм (2:23-24, 4:48, 6:34-35). Есүс таван талх, хоёр загасаар өлссөн 5000 хүнийг хооллоход хүмүүс сэтгэл нь хөөрч, Түүнийг хүчээр хаан болгохыг оролдож байсан. Гэвч Есүс мөнх амийг өгөгч “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна”, “Амийн талх бол Би байгаа юм” гэж заасан билээ. Гэсэн ч тэд эцсээ хүртэл зөвхөн махан биеийн ашиг сонирхолыг эрэлхийлэн зөрүүдэлсээр байсан.
4-рт: Тэд Есүсийг хүний өчүүхэн оюун санааныхаа цар хүрээгээр хүний нүдээр харсаар байсанд оршино (1:46; 6:42).
Бүх юмсийг БҮТЭЭГЧ болох ЕСҮС Өөрийн биеэр бүтээсэн ертөнцөд, Өөрийнхөн дээрээ ирсэн атал, ертөнд Түүнийг таньж мэдсэнгүй, ухаарсангүй, хүлээн авсангүй. Энэ ертөнцийн өчүүхэн нэг амьтан болох нохой хүртэл эзэнээ таньдаг байтал, ертөнц өөрийн Бүтээгчийг үл тоомсорлож, хүлээн аваагүй. Ром 1:20 “Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.” Тиймээс хэн ч Бурханыг мэдээгүй хэмээн шалтаг тоочих аргагүй юм.
Энэ мэт олон хүмүүс Есүсийг хүлээж авалгүй, үгүйсгэж буйг харах юм бол ямар ч найдваргүй мэт санагдаж болох юм. Гэвч найдвал гарцаагүй байгаа, байх байхдаа жинхэн найдвар байгаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацистуудын хорих лагерийг даван туулж чадсан Нидерландын алдарт Христэд итгэгч, зохиолч Корри тен Бүүм (Цорриэ тэн Боом)-ийн хэлсэн маш алдартай үг байдаг. “Хэрэв чи дэлхий ертөнцийг харвал сэтгэл чинь зовох болно. Хэрэв чи дотоод сэтгэл рүүгээ харвал гутралд автах болно. Харин Бурханыг харвал сэтгэл чинь амар амгаланг олох болно.” гэж хэлжээ. Тухайн үед ч тэр өнөө үед ч тэр Есүсийг дагаж, Түүнийг хүлээн авсан, үнэнийг эрэлхийлж, итгэж, найддаг хүмүүс олон байсан. Тэр тэр бүр ил гарч өөрсдийгөө харуулахыг хүссдэггүй. Харин чимээгүй итгэл найдвартайгаар арын албанд бат, найдвартайгаар сүм чуулган болон Бурханы хонин сүрэгт үйлчилсээр л байдаг. Төлөв даруугаар итгэмжтэйгээр тийнхүү амьдарч байгаа нь тэд Есүсийг Аврагч хэмээн хүлээн авсан итгэсэн учраас юм.
Тэгвэл Есүст итгэсэн хүмүүст ямар ерөөл өгөгдсөн бэ? Бүгдээрээ 12-р эшлэлийг хамт үзье. “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.” Есүсийг хүлээн авсан болгонд, Есүст итгэсэн итгэгч бүрт Бурханы хүүхэд болох эрийг Тэр өгсөөн гэж байна, Амен. Энэ бол Есүсийн Өөрт нь итгэгч хүн бүр өгч байгаа гайхалтай бэлэг юм. Бэлгэн хүн бүр л дуртай байдаг. Шинэ жилийн баярын сүпер бэлэг, сүпер азын суглаа, бүр амьдралыг өөр түвшинд гаргах сүпер эрхийн бичгээр шагнуулбал баярлах үхэх байх. Тэгвэл Есүсийн өгөх бэлэг нь энэ дэлхийн юутай ч харьцуулашгүй агуу гайхалтай бэлэг юм. Энэ бэлэг нь ер бусын ивээл, ерөөл юм. Яагаад гэвэл бид уг нь бол гэм нүглийн улмаас Бурханы хүүхэд болох нь бүү хэл Бурханы дайсангууд байсан. Тиймээс Бурханы уур хилэн, шийтгэлээс зайлах аргагүй байсан. Бидэнд жинхнээсээ ямар ч найдвар байхгүй байсан юм. Энэ амьдралдаа хичнээн хичээсэн ч эцэсийн хувь заяа нь гал, хүхрээр дүрэлзэх нуурт мөнхийн шийтгэл хүртэх л байсан. Бид өөрийн хүчээр энэхүү эмэгнэлт тавиланг өөрчлөх ямар ч боломжгүй байсан билээ.
Гэвч бид Есүсийг хүлээн авах үедээ үхлээс амь руу шилждэг (Иох5:24). Энэ үнэнийг олж мэдэхээс өмнөх бидний амьдрал үхлийн сүүдэр дор амьдарч байсан. Энэ дэлхийн устаж үгүй болох зүйлсийг мөнх мэт санаж үхэн хатан тэмцэлдэж, ямар ч баяр хөөр байхгүй, жинхэнэ сэтгэл ханамж гэж байхгүй байсан. Харин одоо бид Бурхантай гэмээс болж тасарсан байсан хайрын харилцаа сэргэсэн, Бурханы эрхэм нандин хүүхдүүд болсон. Бид хэзээ ч хамаагүй Бурханы өмнө зоригтой очин “Абба, Аав аа!” гэж дуудаж чаддаг болсон. Бурханы Ариун Сүнс бидэнд хэзээ юу хэрэгтэйг биднээс ч илүү мэдэж байдаг. Бүр бидний өмнөөс Сүнс ёолон барин залбирч байдаг. Бид Бурханы хүүхэд болно гэдэг бүрэн дүүрэн Бурханы болзолгүй хайр, нигүүсэл юм. 13-р эшлэлийг үзээрэй “Тэд бол цусаар биш, махбодын хүслээр биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.” Энэхүү гайхамшигт ерөөл нь зөвхөн даруу зүрх сэтгэлээр Есүсийг хүлээн авсан хүнд Бурханы Өөрийнх нь өгдөг бэлэг юм.
Үүнд ямар нэгэн болзол, шалгуур тавигдаагүй. Ямар нэг хэцүү шалгалт байхгүй, ямар нэг эслэлтийн хураамж гэж байхгүй, урьдчилсан нөхцөл, үндэс угсаа, гарал үүсэлийн ялгаварлал гэж байхгүй. Ямар ч боловсролын түвшин, нас, хүйс, нийгмийн байр суурь, баян, ядуу гэх мэт нөхцөл байдлаас үл хамааран даруугаар, үнэнчээр, чин сэтгэлээсээ Есүсийг хүлээн авсан хэн бүхэнд тэр даруй Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгсөн. Энэ бол Бурханы хөдлөшгүй амлалт, мөн болзолгүй хайр юм.
2. Нигүүсэл дээр Нигүүсэл хайрлагч (14-18)
Одоо 14-р эшлэлийг үзээрэй “Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Энэ нь 1-р эшлэлд хэлсэнчлэн Есүс бол өнө эрт л байсан, Бүтээгч Бурхан бөгөөд Есүс махан бие болон ирсэн гэдэг нь Сайнмэдээний чухал ойлгол юм. Энэ бол нигүүлслийн шинэ эрин үе ирсэнийг тунхаглаж гэрчилж байна. Бурхан хүн төрлөхтөн руу Эзэний зарц нарыг тасралтгүй илгээсээр байсан бөгөөд эцэст нь хүн төрлөхтнийг аврахын тулд Бурхан Өөрөө хүний дүрээр энэхүү дорд, харанхуй ертөнцөд буун ирсэн билээ. Үүнийг бид өмнө нь суралцсан “инцарнатион” буюу “Махан бие болохуй” гэдэг.
Бурхан Өөрийн цог жавхалант сэнтийг орхин мөхөс сул дорой, мөнх бус хүн болсон. Тэр хүний махан биеийн бүхий л сул дорой байдлыг үүрсэн юм. Энэ бол хүний оюун ухаан, төсөөллөөс давсан Бурханы нууц юм. Тэр Өөрийгөө хэн ч биш болгон, туулийн төлөв даруугаар малын тэвшинд ирсэн юм.
Филиппой 2:6-8-р зүйлүүдэд “Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй. Харин Өөрийгөө хоослож, боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгосон билээ.” хэмээж байна.
Есүс яагаад, яах гэж ийнхүү төлөв даруугаар хүн болон ирсэн бол? Бурхан хүн хоорондын дахин хэзээ ч эвлэрэх боломжгүй болсон ан цав гарсан хайрын харилцааг сэргээх гэж, бидний зүрх сэтгэлд жинхэн амь, гэрэл, хайрыг цутгах өгөхийн тулд ирсэн юм. Энэ Есүсийн дотор нигүүлсэл ба үнэн бялхам дүүрэн байдаг юм.
Тиймээс Есүсийг хүлээн авсан хүний зүрх сэтгэлд мөнхийн гал, итгэл найдвэр, ер бусын баяр хөөр, амар тайван, хайр бий болдог юм. Тиймээс бид Бурханы хүүхдүүд болсон учраас өдөр бүр баяр хөөртэй, талархал дүүрэн амьдрах учиртай юм. Бидний амьдралыг үнэ цэнэтэй болгосон Есүсийг хайрладаг, Түүнийг элч Иохан мэт гэрчилдэг, хоньдын сайн хоньчноор амьдрах хэрэгтэй. Одоо бид гэрлийн хүүхэд, гэрлийн гэрчээр харанхуй дэлхийг гэрэлтүүлдэг гэрлийн элч болсон гэдэгт итгэж байна.
16-17 эшлэлийг үзээрэй. Бид бүгд Есүсийн бялхам дүүрэн байдлаас хүлээн авч нигүүлсэл дээрээ нигүүлслийг эдэлж байгаа гэдэг нь Есүсийн дотор Бурхан Өөрийн ивээлийг тасралтгүй, элбэг дэлбэгээр өгдөг гэсэн утгатай. Хууль Мосегоор дамжин өгөгдсөн боловч нигүүлсэл ба үнэн нь зөвхөн Есүс Христээр дамжин хүмүүст ирсэн билээ. Хууль нь нүглийг нүгэл гэдгийг ухааруулдаг гэдэг утгаараа ерөөлтэй үүрэгтэй боловч биднийг нүглээс аврах хүч чадал түүнд байхгүй. Хууль нь зөвхөн гэм буруугийн мэдрэмж болон ял зэмлэлийг л авчирдаг.
Гэвч Есүс ертөнцөд жинхэнэ нигүүлслийг авчирсан юм. Энэ бол нүгэлтийг болзолгүйгээр уучилдаг Бурханы загалмайн нигүүлсэл билээ. Есүсийн хайр нь биднийг хүлж байсан бүх гэм буруугийн мэдрэмж болон нүглийн хүлээснээс чөлөөлж, баяр хөөртэйгөөр Бурханд үйлчлэхэд хөтөлдөг. Энэ бол үнэхээр ар араасаа тасралтгүй түрэн ирэх далайн түрлэг, давалгаа мэт жинхэнэ нигүүлсэл дээрх нигүүлсэл юм. Гол ивээлүүдээс нь дурьдвал: Аврал /гэм нүглийн уучлалын ивээл, Бурханы хүүхэд болсон ивээл, Ариун сүнс туслагчыг өгсөн ивээл, залбиралд хариулдаг ивээл, цаг үргэлж хамгаалж, удирдаж байдаг ивээл, мөнхийн амид найдвар, хожим зэхэгдсэн агуу шагналын ивээл гэх мэт.
Бурханыг биднийг аварчихаад болсон гэж орхидоггүй. Харин Өөрийн дүр төрөхтэй адил зөвт нэгэн болгох хүртэлээ урамшуулж бас дасгалжуулж байдаг. Заримдаа цөлийн замаар ч удирдах болно. Мөн нүгэлтнийг аврах ажилдаа хэрэглэдэг. Аврагдсан нэгийг өсгөх, төлөвшүүлэхийн тулд ивээдэг. Агуу захирамжийн дагуу амьдруулах ивээл, замаа сайнаар төгсгөх хүртэл удирддаг ивээл гэх мэт тасралтгүй ивээлийг бэлтгэсэн, өгсөөр л байдаг гэдийг хэлж байна.
18-р эшлэлийг үзээрэй. “Хэн ч Бурханыг хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь л Түүнийг таниулсан юм.” Бурхан бол Сүнс бөгөөд ариун Гэрэл мөн. Мөнх бус сул дорой хүн махан биеийн нүдээр Бурхантай шууд нүүр тулбал тэр дороо үхэхээс өөр аргагүй. Гэвч бид махан бие болсон Есүс Христээр дамжуулан ариун Бурханыг Өөрийг нь хардаг билээ. Есүсээр дамжуулан амьд Бурханыг хувьчлан гүнзгий таньж мэдэж, бидний зүрх сэтгэл жинхэнэ амь, гэрэлтсэн гэгээ болон мөнхийн хайраар бялхахыг чин сэтгэлээсээ залбирч байна.
Би уг номлолыг бэлдэж байх зуур нэг зүйлийн талаар их бодлоо. Тэр нь хэрвээ гэмтэй, сул дорой намайг Бурхан сонгон дуудаагүй бол?, Сайнмэдээний дотор авраагүй бол, Бурханы хүүхэд болох БЭЛЭГ-г өгөөгүй бол гээд их бодлоо. Гэхдээ хаа нэгтээ салгалаад явж л байна байх. Магадгүй энэ дэлхийн хүмүүсийн ярьдагаар, хардагаар их амжилттай ч явж байж болох юм. Гэхдээ хичнээн тийм байлаа ч гэсэн Бурханы хүүхэд болох эрхийг хүлээн аваагүй л бол би хэн ч биш. Тиймээс энэ нандин бэлгийг хүлээн авч, нигүүлсэл дээр нигүүлслийг хүлээн авч өдий хүртэл амьдарсан учраас цаашин өдөр бүр Бурханд талархаж, хоньдын сайн хоньчноор насан турш амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Есүс бол бид бүхэнд Бурханы хүүхэд болох эрхийг өгсөн. Бид Есүсийн дүүрэн нигүүлсэл болон үнэнээр өдөр бүр хангагдаж, бялхаж байдаг. Бүгдээрээ Есүс Христийн нэрэнд чин сэтгэлээсээ итгэж, Бурханы хүүхдүүд болсон учраас баяр хөөртэй, зөвт амьдралаар амьдарч чадахийг хүсэн гуйж байна. Мөн бидний эргэн тойронд байгаа харанхуйд төөрч будилж яваа олон сүнснүүдэд Есүсийн сайнмэдээг зоригтой, тууштай тунхаглан, мөнх амийн гэрэл руу хөтөлөх сайн хоньчдоор амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен