Өдөр бүрийн хоол /2026.09.22/

САУЛЫГ ЭЛЧ НАРТ ТАНИЛЦУУЛСАН БАРНАБ

Үйлс 9:26-43

“Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ.”(27)

Үйлс номын 8:1-9:31-р зүйлүүд нь Иудей болон Самарид сайн мэдээ хэрхэн дэлгэрсэн тухай юм. Мөн үүнтэй нэгэн зэрэг дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг дэлгэрүүлэх суурийг тавьсан тухай тэмдэглэжээ. Саул өөрчлөгдөж Есүсийн шавь болсноор Иудей болон Самарийн цуглаанууд тогтворжжээ.
1. Саулыг ах дүү нарт танилцуулж буй Барнаб (26-31)Саул том сагсанд сууж хэрмээс доош буун хавчлагаас зугтсаны дараа Иерусалимд очоод Эзэний шавь нартай танилцах гэсэн. Гэтэл тэд бүгд Саулын нэрнээс нь л айж байсан тул түүнтэй танилцахыг огт хүсэхгүй байв. Энэ үед Барнаб түүнийг элч нар дээр авчирч, хэрхэн Есүстэй уулзсан хийгээд Эзэн түүнд ямар хүсэл тааллыг тавьсныг болон сайн мэдээг яаж зоригтойгоор дэлгэрүүлснийг нь хэлж өгөв. Хүмүүс бүгд урьдын хавчигч Саулыг бодон үл итгэж байсан бол харин Барнаб одоо болж буй Ариун Сүнсний ажлыг гэрчлэв. Хамтран ажиллах хүнийг олох гэвэл нөгөө хүний урьдын байдалд хүлэгдэлгүй гагцхүү одоо болж буй Ариун Сүнсний ажлыг харж чадах хэрэгтэй. Бид Бурханы босгосон ямар ч хүнтэй хамтран ажиллах хэрэгтэй.
2. Хүчтэйгээр сайн мэдээг дэлгэрүүлсэн Петр (32-43)Тэр үед Петр газар бүрт явж Эзэний зарлигийг дэлгэрүүлж байв. Тэрээр Лудда хэмээх газарт найман жилийн турш саа өвчтэй байсан Айниг Есүсийн хүчээр эдгээв.(34) Бас Иоппад дандаа сайн үйлсийг үйлдэн, өглөг өгдөг байж байгаад нас барсан Табита гэдэг бэлэвсэн авгайг амилуулж өгчээ.(40) Петр зөвхөн Эзэний хүчинд итгэж гуйснаар Эзэний ажлыг хийв. Ингэснээрээ Петр очсон газар бүртээ маш том нөлөө үзүүлдэг сайн мэдээний зарц болжээ.
Залбирал: Эзэн минь ээ! Надад ч Барнаб шиг Таны босгосон ямар ч хүнтэй хамтран ажиллаж чадах харааг өгөөч. Мөн Петр шиг зөвхөн Эзэний хүчинд бат итгэж, Есүсийн хоньдыг тэжээхэд туслаач!
Нэг үг: “Уужим сэтгэл ба хүч чадал”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.21/