ЭЗЭН бол миний гэрэл, миний аврал
Дуулал 27:1-14 (1)
Дуулалч хүн одоогоор тас харанхуйн дунд байна. Түүнийг эсэргүүцэгч бузар муу хүмүүс түүний махыг идэхийг хүсэж байна (2). “Махыг идэхийг хүснэ” гэдэг нь түүнийг үндсээр нь бөгөөд бүрэн устгаж сүйрүүлэх санаархалтай байгааг илэрхийлдэг. Түүнчлэн цэрэг арми жагсаж, түүний эсрэг дайн дэгдэх гэж буй мэт нөхцөл байдал тулгараад байв (3). Энэ нь түүний мөхлийг хүсэгч хүн ганц хоёроор тогтохгүй байгааг харуулж байна. Тэд шүүх хурал дээр ч хуурамч гэрчлэл хийхээс буцахгүй бөгөөд өөр ямар ч хамаагүй бузар аргыг хэрэглэж зүрхлэх хүмүүс байлаа (12). Дуулалч хүн ийм л хүмүүсээр хүрээлэгдсэн байв (6).
Энэхүү дуулалд өгүүлсэнчлэн өнөөдөр энэ хорвоо дээр амьдарч буй гэгээнтнүүд (итгэгчид) ч мөн адил ийм бэрхшээлтэй тулгардаг. Зарим хүмүүс эцэст нь өөрийнх нь махыг цөмийг нь идэж дуусгах гэж буй мэт тийм хүнд өвчин шаналлаар зовдог. Бас зарим нь өөрийг нь тарчилгаж, гүтгэн доромжилж, эсэргүүцэгч хүмүүсээс болоод сэтгэлийн асар их зовлонг амсдаг байна. Үндсэндээ Сатан бол эмх цэгцтэй цэргийн зохион байгуулалтыг бүрдүүлж, итгэгч бүрийн хамгийн сул тал руу нь халдах хамгийн оновчтой стратегийг боловсруулдаг. Тэгээд түүнийг бүрэн мөхөлд хүртэл нь олон хүн болон нөхцөл байдлыг ашиглан янз бүрийн аргаар довтолдог аж. Ийм нөхцөл байдал дунд дуулалч хүн юу хийсэн бэ? Тэрээр өөрийнх нь гэрэл бөгөөд аврал нь болох ЭЗЭН Бурханыг харсан юм. ЭЗЭН түүний гэрэл болно гэдэг нь дуулалчийн зүрх сэтгэлд ирсэн харанхуйн хүчин, өөрөөр хэлбэл айдас, эргэлзээ, цөхрөл, гутралын хүчнийг хормын дотор хөөн зайлуулна гэсэн үг юм. Гэрэл харанхуйг алгуурхан хөөдөггүй. Хормын дотор үлдэн хөөдөг билээ. Миний зүрх сэтгэлд гэрэл ирэх үед харанхуйн хүчний эсрэг тэмцэх хүч чадал, ариун хилэн, эр зоригийг олж авдаг байна (1).
Амьдралд хэрэгжүүлэх нь: Та харанхуй дунд байна уу?
Нэг үг: ЭЗЭН миний гэрэл болдог