Өдөр бүрийн хоол /2026.08.14/

Миний гуйн залбирах дууг сонссон билээ

Дуулал 28:1-9 (6)

Давид булш руу уруудан одох мэт туйлын аюултай, тулгамдсан нөхцөл байдалд байлаа. Хэрэв түүний Хад болох Бурхан чихээ таглаад сууж байвал тэрээр үхэхээс өөр аргагүй байв (1). Тэрээр Бурханы орших Хамгийн Ариунаас ариун газар руу гараа өргөн хашхирч, гуйн залбирах дууг нь сонсож өгөхийг хүссэн юм (2). Энэ нь бууж өгч буйн тэмдэг бөгөөд өөрийн бүхий л зүйлийг Эзэнд даатгаж, тусламж эрж буй хэрэг байлаа. Бурхан бузар муу хүмүүсийг шүүхээр чирч явах үеийнх шиг өөрийг нь хамт чирч одохгүй байхыг гуйн Давид залбирсан (3). Өөрийнх нь төгсгөл бузар муу хүмүүсийнхээс өөр байх болно гэдгийг харуулж өгөхийг даатган гуйв (4).

Давид хэцүү нөхцөл байдал дунд ч залбирлын тэмцлээ орхисонгүй. Өөрийг нь тарчилгаж буй бузар муу хүмүүс шиг авирлаж ч байсангүй. Тэгтэл нэгэн цагт түүний сэтгэлийн зовнил, шаналал нь талархал ба магтаал дуу болон хувирсан байна. Энэ нь гаднах нөхцөл байдал дээрдсэндээ биш юм. Залбирч байх хугацаандаа Бурхан түүний гуйн залбирах дууг сонссон гэх бат итгэл төрсөнд оршино. Бурхан заавал өөрт нь туслах бөгөөд залбирал нь биелэгдэх болно гэдэгт тэрээр бат итгэсэн билээ. Тэр үед “Миний гуйн залбирах дууг сонссон тул ЭЗЭН магтагдах болтугай” (6) хэмээн хүчтэйгээр магтан дуулсан юм. Давид магтаал дуу хальж ундран гарах хүртэл залбирлын тэмцлийг тэсвэрлэн давсан. Тэрээр Бурхан бол өөрийнх нь хүч чадал, бамбай, авралын цаг шивээ мөн гэдэгт бат итгэж байлаа (7, 8). Энэ бол зүрх сэтгэлээрээ Бурханд бат найдсанаар олж авсан тусламж байв (7). Давидын зүрх сэтгэл туйлын ихээр баярласан. Дуу хоолойгоороо Бурханыг магтан талархлаа илэрхийлэв. Давид өөрт нь тусалсан Бурхан ард түмнийх нь Хоньчин болж, тэднийг мөнхөд удирдан чиглүүлж өгөхийг гуйн залбирсан билээ (9).

Амьдралд хэрэгжүүлэх нь: Залбирлын тэмцлийг хэдий болтол хийх ёстой вэ?
Нэг үг: ЭЗЭН магтагдах болтугай

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.13/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.15/