ЭЗЭН бол миний Хоньчин
Дуулал 23:1-6 (1)
Дуулал 23-р бүлэг нь 22-р бүлгийн араас залган орсноороо зовлон зүдгүүрийн дараа өгөгдөх Бурханы нигүүлсэл ба ялалтыг дуулж байна. Давид насан туршдаа амьдралын их шуурга, нугачааг туулж ирсэн. Үхлийн ирмэг дээр тоо томшгүй олон удаа тулж очсон билээ. Гэвч тэрээр үхээгүй, мөхөөгүй, харин ч ялалт байгуулж чадсан юм. Энэхүү нигүүлслийг ухаарсан тэрээр “ЭЗЭН бол миний Хоньчин тул надад дутах зүйл үгүй” (1) хэмээн өчдөг. Давид өөрийгөө хонь шиг туйлын сул дорой оршихуй гэдгээ маш сайн мэдэж байв. Тийм хонины хувьд ЭЗЭН Хоньчин нь болж өгсөн тул хэцүү бэрх цаг олон байсан ч, бодит байдал дээр тэр үед ч ЭЗЭНий ивээлээр ногоон бэлчээрт цадтал өвс идэж, амгалан усны дэргэд амралтыг эдэлж байсан юм. Тэрхүү зовлон зүдгүүр дунд Бурхан түүний сүнсийг сэргээж, Өөрийн нэрийн төлөө зөвт байдлын замаар удирдсан билээ. Үхлийн харанхуй хөндийгөөр алхах үед ч ЭЗЭН Хоньчны хувиар хамгаалж байсан тул тэрээр айгаагүй юм. Харин ч Эзэн дайсныг нь ялахад тусалж, дайснуудынх нь өмнө найрын ширээ засаж өгсөн. Тэрхүү дайснуудын нүдэн дээр түүнийг хүндэтгэн зочлуулсан билээ.
Энэ бүхнээр дамжуулан Давид “Наран насан туршид минь Таны сайн сайхан, энэрэл хайр (Хэсэд) намайг дагах болно” (6а) хэмээн дуулж байна. Энд “дагах” гэдэг үг нь “мөрдөн хөөх” гэсэн утгатай бөгөөд ЭЗЭНий сайн сайхан болон энэрэл хайр нь түүнийг үргэлж мөрдөн дагаж байсан тул түүний насан туршийн амьдрал ЭЗЭНий сайн сайхан, энэрлээр бялхаж байсан гэсэн үг юм. Үргэлж нигүүлслээр ялалт байгуулж байсан гэсэн үг билээ. Энэхүү нигүүлслийг ухаарсан Давид “Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд амьдрах болно” (6б) хэмээн шийдвэр гаргадаг. Насан туршдаа ЭЗЭНийг Хоньчноо болгон залж амьдарсан түүний амьдралд ерөөл ба нигүүлслийн аяга бялхан хальж байлаа.
Амьдралд хэрэгжүүлэх нь: Яагаад надад дутах зүйл үгүй вэ?
Нэг үг: ЭЗЭН миний Хоньчин учраас