Яагаад намайг орхив оо
Дуулал 22:1-31 (24)
Өнөөдрийн дуулал бол Есүсийн загалмайн зовлонг санагдуулам дуулал юм. Дуулалч Давид бол хаан билээ. Тэрээр дайн тулаанд ялалт байгуулсан (21-р бүлэг). Гэтэл гэнэтхэн Бурхан харагдахаа болив. ‘Намайг’ орхиод алс хол одсон мэт санагдана. ‘Миний’ ёолох дуунд ч хариулахгүй байна. Үүнээс болоод ‘би’ хүмүүсийн дунд өт хорхой мэт үзэгдэж, басамжлалыг амсаж байна. Хичнээн залбирсан ч Бурхан улам л холдоод байх шиг байв. Энэ үед догшин бух мэт бузар муу хүмүүс дайран орж, загалмайд цовдлох мэт зовлон зүдгүүрийг учруулж байна. Дуулалч зохиолч тэрхүү шаналлыг илэрхийлсэн бөгөөд (14-17) энэхүү үгс Есүсийн загалмайн талбарт бүрэн биелэгдсэн билээ. Есүс тэрхүү загалмай дээр яс нь мултрах мэт өвдөлт, бүхий л цусаа юүлэх шаналал, хэл нь тагнайдаа наалдах зовлонг амссан юм.
Давид зовлон зүдгүүр дунд ч туслах Бурханы мутарт бат итгэж, “Та намайг аварлаа” (21б) хэмээн итгэлийн өчлийг өргөсөн. Дуулалч хүн магтаал дуу дуулах дундаа “Тэр Өөрийн нүүр царайг түүнээс нуугаагүй бөгөөд түүнийг хашхиран уйлахад сонссон билээ” (24б) хэмээн бат итгэсэн юм. Тэрээр зовлон зүдгүүрийг даван туулж, илүү ариун ялалтыг өгөх Бурханыг харан зогсож байлаа. Тэгээд зовлон зүдгүүр дунд байгаа хүмүүст хандан, бэрхшээлийг давуулан илүү ариун ялалтын ертөнц рүү хөтлөх Бурханыг магтан дуулахыг уриалж байна. Энэ нь зовлон бэрхшээлийн ард дахин амилалтын гялалзсан агуу ялалт байгааг бэлгэддэг аж. Тийм учраас зовлон зүдгүүрийн цаг үед өөрийн Бурхандаа улам бүр итгэж, даван туулах ёстой билээ.
Амьдралд хэрэгжүүлэх нь: Бурханд хаягдсан мэт тийм их зовлон дунд байна уу?
Нэг үг: Сонссон билээ