2026 оны Гэтлэл 9-р номлол (07.05) Эбэ Матай хн

Эзний шөнө ирж цусаар бид аврагдана

Гэтлэл 11:1-13:16
Гол эшлэл 12:13

Хайр ивээл мөнх амийн Их Эзэн минь ээ. Таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал ирэх болтугай. Яагаад ч юм өөрийн мэдэлгүй тэр агуу их хүч чадал хаанчлал сүр жавхланг магтан дуулмаар сэтгэл төрсөн. Хүмүүс аав ээж, нутаг усаа магтан дуулдаг бол би Бурханы гайхалтай хүч чадлыг магтан дуулмаар санагдсан.
430 жилийн турш боол байсан Израйль ард түмний боолын амьдралыг төгсгөл болгон шинэ амьдралыг өгч байна. Гэхдээ тэр шинэ амьдралыг өгч байгаа арга нь цусаар тэмдэг болгож золиос ба шийтгэлийг бидэнд сануулж байна. Яг шинэ гэрээний Есүс Христээр дамжуулан биелэгдэх авралын тэр агуу нууцыг хуучин гэрээнд тунхаглан гэрчилж Бурханы агуу их хайр ба нигүүслийг бидэнд заан өгч байна. Үхлийн шийтгэлээс цусаар дамжуулан гэмтнүүдийг аварч буй Бурханы хайр ба ивээлийг дахин ухаарч чадахыг гуйж байна.

1. 10 дахь гамшиг : Ууган болгоны үхэл (11:1-12:36)
Мосе болон Аароноор дамжуулан 9 гамшиг үзүүлсэн ч гэсэн Фараон Израйль ард түмнийг тавьж өгч явуулаагүй. Харин өнөөдрийн номлол дээр гарч буй 11-р бүлэг дээр Бурхан Фараонд сүүлчийн гамшгийг сануулж байна.
Одоо бүгдээрээ 11:1,2-р эшлэлийг үзээрэй. “Эзэн, Мосед Би бас нэг гамшгийг Фараон дээр болон Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөж гаргана. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг нэхэгтүн хэмээн ард түмний сонорт дуулга гэв.” Бурханы цаг болсон тул Израйль ард түмнийг Бурхан гаргахаар шийдсэн гэдгийг эндээс харж болно. Цааш үргэлжлүүлэн Мосе Фараонд очин сүүлчийн гамшгийг дамжуулсан. 4-6-р эшлэлийг үзээрэй. “Мосе Эзэн шөнө дунд Би Египетийн дундуур явна. Сэнтийд залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл мөн бүх малын ууган төл буюу Египетийн газрын ууган бүгд үхэх болно.” 9 гамшгаар дамжуулан Бурханы хүч чадлыг тунхагласан боловч Фараоны зүрх сэтгэл хөдлөөгүй. Харин одоо бол Бурхан Мосегээр дамжуулан гамшиг буулгадаг байсныг дуусгавар болгон Бурхан өөрөө хийх гэж байна. 9-ийн 9 аймшигт гамшигт хөдлөхгүй байгааг харвал хүний зүрх сэтгэл дэхь сатаны өгдөг бардамнал, эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэр, шунал, бусдыг тарчлааж байж авдаг кайф, өрөвдөх сэтгэлгүй болсон дүр төрхүүд гэдэг зүйлс ямар аймаар болохыг харж болно. Ийм учраас Бурхан өөрөө хөдлөсөн. Үргэлжлүүлээд 7-р эшлэлээр Бурханы тослосон ард түмнийг Бурхан өөрөө хамгаалах бөгөөд Эзэн зааг тавьсан талаар тодорхой хэлж өгч байна. 11-р бүлгийг дүгнээд хэлбэл Бурхан Израйль ард түмнийг чөлөөлөхдөө бүр мөсөн чөлөөлөх бөгөөд эд хөрөнгө алт, мөнгөтэй болж ялсан баатрууд шиг, цалин мөнгөө хангалттай авсан хүн шиг баяр хөөрөөр дүүргэх бөгөөд Бурханыг эмээн хүндэтгэж өргөл өргөх гэрээний авдар болон тахил өргөх алт мөнгийг урьдчилан бэлдэх болмж олгосон. Эндээс харвал Бурханы гайхалтай төлөвлөгөө болон нарийвчилсан тооцоотой удирдлага байгааг бид бас харж болно.

Бурхан өөрийн ард түмнийг аврах амлалтанд итгэмжит бөгөөд тэдэнд тавьсан онцгой хүсэл найдвар байгаа учраас юм. Одоо 12:1,2-р эшлэлийг үзээрэй. Бурхан юуны өмнө Израиль ард түмэнд Египетээс гарах тэр сарыг жилийн тэргүүн сар болго хэмээн хэлсэн. Тэдний Египетээс гарсан сарыг Абиб сар гэж дууддаг. Тэргүүн сар болгоорой гэсний цаад утга нь Египетийн дарлалаас гарсан тэр өдрөөс эхлэн шинэ амьдралаар амьдраарай гэсэн утгатай юм. Бурханы хийж өгсөн гайхамшгийг хүлээн авсан хүн бүр шинэ амьдралаар амьдрах ёстой. Энэ нь Есүст итгэж байгаа бидний хувьд ч адилхан юм. Есүсийн загалмайн цусаар аврагдсан бид нар ч гэсэн аврагдсаны дараа заавал шинэ сар буюу шинэ амьдралаар амьдрах ёстой. Гэм нүглээс чөлөөөлөгдсөн бид нар хуучин амьдралаа орхин шинэ амьдралаар амьдрах хэрэгтэйг энд сануулан хэлж байна. Бид нар 12 сарын 31-нд нэлээн их юм боддог. Ирэх жил шинэ хүнээр амьдарна гэж өөртөө хэлдэг. Харин бид чаддаггүй. Уул нь хичээдэг харин хэвээрээ л байдаг. Библи бидэнд дахин хэлж байна. 2 Коринт 5:17-г үзвэл “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна.” Тиймээ Христ дотор байх нь шинэ бүтээл, шинэ байна гэдгийг хэлж байна. Есүс Христээр л дамжигдан шинэ болно гэдгийг заан хэлж байна. Христ дотор хайр байдаг, Христ дотор амар амгалан байдаг. Христ дотор аврал байдаг, Христ дотор магтаал байдаг. Христ дотор уучлал байдаг. Христ дотор шинэ хүч байдаг. Бүгдээрээ өдөр бүр шинэ байхын төлөө Христ дотор амьдарч чадахыг гуйж байна. .

Бурхан үргэлжлүүлэн одоо Алгасал баярын талаар тайлбар хийж байна. Одоо 3-р үзээрэй. Бурхан хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав гэв. Үргэлжлүүлэн 5-7-р эшлэлийг үзээрэй. 5-р эшлэлийг үзвэл ямарч согоггүй байх ёстой гэж хэлсэн бөгөөд тэр сарын 10-нд аваад 14-н хүртэл байлгаж байгаад нар шингэх үед нядал гэсэн. Өөрсдийн оронд золиос болох хургатай хамт байснаар Бурханы авралын ивээлийг ухааруулахыг хүссэн. Цаашлаад нядалсан хурганы цусыг гэрийнхээ хоёр хатавч ба тотгонд нялах ёстой. Мөн 8-р эшлэлээр дамжуулан галд шарж идэх ба исгээгүй талх ба гашуун ногоотой ид хэмээн хэлсэн. Энэ нь гашуун зовлонтой амьдралаас аварсан Бурханы хайр ивээлийг санаарай гэсэн үйлдэл байлаа. Мөн шарж идэх нь галд ариусгах гэсэн санааг илэрхийлж байгаа бөгөөд хурга мэт ямар ч гэм зэмгүй хожим ирэх Есүс Христийн загалмайн үхэл ба галд шатаагдах мэт зовлонг амсан, золиослол болсноор гэмтэй хүн төрөлхтөнийг аврах авралыг ажлыг гүйцээсэн гэдгийг бидэнд дахин сануулан хэлж байна.
Цаашлаад 11-р эшлэлээр дамжуулан “Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь Эзэний Алгасал болой.” Энэ нь Египетээс гарах Бурханы тушаал хэзээ буухыг мэдэхгүй учир үргэлж бэлэн байгаарай гэсэн утгатай юм. Нэг үгээр хэлбэл Бурхан авралын ивээлийг өгөх цагт эргэлзэлгүйгээр дуулгавартай дагахад бэлэн байх хэрэгтэй гэдгийг хэлж байна.

Одоо 12,13-р эшлэлийг үзээрэй “Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би Эзэн. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.”

Египет даяар аймшигтай гамшиг нүүрлэх болсон. Тухайн газарт гамшиг гарах үед нийтдээ гамшигт өртдөг. Харин Бурхан Египетийн цохих үедээ тотгон дээрх цусаар Израилийг аврах тэмдэг болгож ялган салгана гэж байна. Цусыг хараад тэр гэрийг алгасан үхлийн шийтгэлийг буулгахгүй. Бурхан шударга тул гэмийн хариу шийтгэлийг өгч амийг үхэлд хүргэсэн. Гэмийн шийтгэл нь үхэл юм. Харин Бурханы зааврласанчлан хурганы цусыг нялсан уу? үгүй юу? гэдгийг харсан. Өөр сонголт байхгүй. Тэдний үхлийн шийтгэлээс зайлсхийх цорын ганц арга бол Бурханы хэлсэн амлалтанд итгэж, хурганы цусыг нялах явдал юм.

Бурхан энэ үйл явдлаар дамжуулан хожим биелэгдэх, авралын замыг урдчилан харуулсан юм. Алгасалын хурга нь Есүс Христийг төлөөлөх бөгөөд Есүс бол бидний төлөө Бурханы бэлдсэн хурга юм. Есүс алгасалын хурга шиг цус асгаруулан үхсэнээрээ бидний авах ёстой шийтгэлийг үүрсэн юм. Тиймээс хэн ч Есүсийн цусанд 100 хувь итгэхэд ямар ч шийтгэлээс аврагдаж чадах юм. Шийтгэл гэж хэлж байгаа ч гэмийн үр дэгэвэр нь шийтгэл тул нөгөө талаас нь гэмээс уучлагдаж чадна гэсэн үг юм. Энэ дэлхийн юу ч биднийг гэмээс чөлөөлж өгөхгүй. Харин Есүсийн цус нь гэм нүглийн асуудлыг 100 хувь шийдэж өгдөг.

Ром 5:9-д “Тиймд эдүүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно.” Энэ дэлхийгээс явах үед, эцсийн өдөр ирэхэд биднийг аврах ганц тэмдэг бол Есүс Христийн цусанд итгэх итгэл юм. Тиймээс хэн ч Бурханы зааварласан авралын замыг итгэлээр дагаж, Есүсийн цусанд итгэн гэмшиж шинэ хүн болох хэрэгтэй.

Одоо 21-23-г үзвэл Мосе Бурханы тушаасан бүх үгийг ард түмэнд дамжуулсан. Израилийн хөвгүүд Мосегийн хэлсний дагуу явж, Эзэний тушаасан ёсоор үйлдэцгээсэн. Одоо 29,30-г үзээрэй. “Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гяндан хоригдогчдын ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл. Египет газар дахь ууган бүгдийг Эзэн цохилоо. Тэр шөнө Фараон хийгээд бүх албат нь, бүх Египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй.” Үнэхээр аймшигтай зүйл болсон. Хүнд үр хүүхдээ алдах шиг аймшигтай зовлон гэж байдаггүй байх. Үхэл гэдэг зүйл нь үнэхээр хамгийн том шийтгэл байдаг. Фараон зөрүүд, гэмшдэггүй хатуу зүрх сэтгэлээсээ болж эцэст нь Бурханы хатуу шийтгэлээс мултарч чадаагүй. Эндээс бид нар нэг зүйлийг сайн сурах хэрэгтэй. Бурхан хүмүүсийг удаан тэвчдэг энэрэнгүй Бурхан боловч эцэс хүртэл бардамнан тэрсэлддэг нэгнийг заавал шийтгэдэг гэдгийг харж болно.

Энэ бүхний дараа 33-36-р эшлэлийг харвал Израйлийн ард түмэн маш их эд хөрөнгийг авч энэ нутгаас гарахаар болсон. 37-42-р эшлэийг үзвэл Израилийн хөвгүүд дуулгавартайгаар гэрийн тотгонд нялж, хурганы золиослолоор Бурханы уур хилэнгээс аврагдан Египетийн дарлалаас чөлөөлөгдөн гарсан. 42-р эшлэийг үзвэл Мосе тэдний төлөө агуу гайхамшигийг үйлдсэн Бурханыг дурсан санаж “Эзэнд зориулагдсан шөнө” “Эзний шөнө” хэмээн үе уламжлан сахихыг тушаасан. Нэг үгээр энэ шөнө нь гайхамшигтай үгээр хэлэмгүй агуу, гайхалтай шөнө байсан юм. Үнэндээ Гэтэл 1-р бүлгийг харвал Израйлийн ард түмэн өдөр нь хүнд ажил тарчлаан дунд байж орой нь хүүгээ алдсан уй гашуугаар дүүрэн амьдардаг байсан. Харин өнөөдөр бол шал өөр шөнө байлаа. Нөгөө уйлаан майлаан, уйтгар гуниг нь Египет ард түмний дуу байсан бөгөөд Фараон хааны гашуудал байлаа. Хэнийг ч таамаглаагүй тийм өөр шөнө байлаа. Хэний ч давж гарч чадах чадахгүй алгасалын шөнө байсан юм.

Израйлийн ард түмэн Египетээс гарсан агуу түүх нь санамсаргүйгээр болсон зүйл биш юм. Бурханы хүчит мутар, удирдагч Мосе ба ард түмний дуулгавартай байдлаар биелэгдсэн гайхалтай агуу түүх юм.

Тиймээ бидний шөнө ч гэсэн 430 жилийн турш зовж шаналсан Израйлийн ард түмний шөнөтэй адилхан юм. Энэ дэлхийн эрх мэдэлтэй, нэр алдартай, мөнгөтэй, ухаантай баян нэгэнтэй харьцуулахад бидний амьдрал нэг тиймэрхүү, ядарсан, сул доройгоор харагдаж байж болох юм. Харин ийм бидэнд бас Эзний шөнө байгаа гэдгийг Бурхан бидэнд хэлж байна. Тиймээ бүх зүйл орвонгоороо эргэсэн шиг тийм шөнө бас бидэнд байгаа гэдгийг сануулж байна. Бид нар тэр шөнийг сахих ёстой бөгөөд бидний гэм нүглийн төлөө загалмайд урсгасан Есүс Христийн цусанд итгэн амьдрах юм. Бид бүхний ажил, гэр, сургууль, барилгын ажил хийж байгаа тэр газруудад Есүс Христийн цусыг нялж амьдрах хэрэгтэй юм. Заримдаа ингэн ингэн амьдрах хэрэгтэй юм уу гэж санаа алдан гутрах үе байна. Харин тэр үедээ өнөөдрийн номлолоо, энэ үгийг, санаасай хэмээн уриалж байна. Хэнд дийлдэмгүй бүх зүйлтэй байсан Фараон ялагдсан бөгөөд үхлийг хэн ч ялаагүй. Харин хурганы цус л үхлийг гэтэлгэж өнгөрүүлж ялсан юм. Тиймээ биднийг эн дэлхийн гэм нүгэл болон үхлийн шийтгэлээс аварч чадах гэтэлгэж чадах цорын ганц зүйл бол гэмгүй ариун Есүс Христийн цус гэдэгт итгээсэй хэмээн хүсч байна. Өдөр бүр загалмайн үнэн ба баяр хөөрөөр тэр цусны хүчээр ялалт байгуулан амьдарч чадахыг хүсэн гуйж байна.

Өдөр бүр гэмшиж загалмайн цусанд итгэн өдөр бүр Эзний шөнийг хүлээдэг тэр итгэлээр амьдардаг ерөөлтэй хүмүүс болоосой хэмээн залбирч байна.

2. Алгаслын баярын ёслол (12:37-13:16)
Бурхан Израиль ард түмнийг Египетийн дарлалаас чөлөөлөөд зогсохгүй Алгасалын баярын талаар зааварчилгаа өгч Бурханы хийсэн ажлыг санан талархаж амьдрахыг тушаасан. Эндээс онцгойлон заасан зүйл нь исгээгүй талхны баярын заавар юм.
13:3-г үзвэл Мосе ард түмэнд Египетийн боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан санаж, исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй гэв. Мөн 13:7-д 7 хоногийн турш өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор хөрөнгийг байлгаж болохгүй гэж хатуу тушаасан.
Бурхан яагаад исгээгүй талхны ёслолыг сахиж хөрөнгийг бүрэн зайлуулахыг тушаасан бэ? Библи дээр хөрөнгө нь гэм ба дэлхийн нөлөөг заадаг. Тиймээс энэ нь тэднийг Египетийн хуучин гэмт амьдралын зуршил ба нөлөөнөөсөө бүрэн салж, Бурханы ард түмний хувьд ариун амьдралаар амьдрах ёстой гэдгийг заахын тулд байв. 430 жил бол маш урт хугацаа тул боолын сэтгэхүйнээс эхлээд, амьдралын хэв маяг, шашин, бөө мөргөл, хиймэл шүтээн, эх захгүй амьдрал гээд олон зүйлд нь өөрчлөлт орсон байсан. Тиймээс Мосе шинэ түүхийг бүтээхийн тулд шинэ амьдралын заавар өгч байна. Хүн нөлөөнд орох амархан тул хаяагүй зуршлаас болж энэ нь хүмүүс дунд хөрөнгө мэт исэн тархах боломжтой юм. Тиймээс урьдчилан сануулж байна.
Есүсийн цусаар ариусгагдсан итгэгчид бид нар ч гэсэн исгэгдээгүй шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг бүрэн цэвэрлэх хэрэгтэй гэж 1Коринт 5:6-8 дээр хэлсэн байгаа. Бид хуучин гэмийн хөрөнгөнөөсөө салах нь амаргүй юм. Гэвч Есүс биднийг ариун, цэвэр болгохын төлөө өөрийн амийг золиослосон гэдгийг санах хэрэгтэй. Өдөр бүр загалмайн цусанд итгэн гэмшиж, намайг гэм рүү уруу татдар исгэх хөрөнгө мэт зүйлсээ хаяж гэмшдэг амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Одоо бидний амьдралд цэвэрлээгүй хуучин хөрөнгө юу байна вэ? гэдгийг шалгаж зайлуулан, өөрөө болон гэр бүл, Бурханы чуулганы ариун байдлыг хадгалж чадахыг хүсэн гуйж байна.

Бурхан яагаад Алгасалын баярыг чухал хэмээн үүрд тэмдэглэхийг тушаасан бэ? Яагаад гэвэл Бурхан хүн хичнээн сул дорой, Бурханы үзүүлсэн авралын хайр ивээлийг маш сайн мартдаг гэдгийг сайн мэддэг. Израилийн ард түмэн Иошуа нас барахад Алгасалын баярын ёслолыг орхин өөрсдийн дураар амьдарч эхлэсэн. Хүн Бурханаар сонгогдсон түүний өмнө гэмшсэн авралын хайр ивээлээ санах үед хүч орон гэмшиж, дахин итгэлээр босож амьдардаг. Тийм учраас Алгасал баярын үйл явдал нь Израйль ард түмэнд чухал юм. Бидний хувьд ч гэсэн Есүсийн загалмайн цусны хүчээр гэм ба сатааны эрхшээлээс чөлөөлөгдсөн авралын ивээлийг өдөр бүр санан талархаж амьдрах хэрэгтэй.

Дүгнэлт: Эзний шөнө заавал ирнэ. Та тэр шөнө заавал тотгондоо Есүс Христийн авралын цусыг нялж аврагдсан Израйль ард түмэн шиг өөрчлөлтийг, хайр ивэээлийг, нигүүслийг дүүрэн аваасай хэмээн ерөөн залбирч байна. Бидний амьдрал өдөр бүр бэлэн, бэлтгэгдсэн, Эзний тушаалд дуулгавартай байдаг итгэлийн нандин тэмцэл байгаасай хэмээн залбирч байна. Есүсийн цусаар гэмтэй биднийг үүрд мөнхийн шийтгэлээс аварсан, Бурханы агуу хайр ба хүч чадлыг магтацгаая.

Амен.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.07/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.08/