Бузар зүйлсийг ариун газраас гаргагтун
2 Шастир 29:1-19
2 Шастир 29:5
“Тэгээд тэдэнд —Левичүүдээ, сонсогтун. Одоо өөрсдийгөө болон эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНий өргөөг ариусгаж, бузар зүйлсийг ариун газраас гаргагтун”
Хезекиа хаан ширээнд залрах үедээ хамгийн түрүүнд Эзэний өргөөг засварлан ариусгав. Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан өөрсдийгөө болон Эзэний өргөөг ариусгаж, бузар зүйлсийг ариун газраас гаргахыг тушаав. (5) Учир нь эцэг өвгөд нь Эзэний мэлмийд ёрын мууг үйлдсэнээр Иуда болон Иерусалим үндэстнүүдийн дунд доог тохуу болсныг харсан юм.
Тэд Эзэний орших газраас нүүрээ буруулан шилээ харуулж, Эзэнийг орхисон. (6) Бас Эзэний өргөөний үүдний танхимын хаалгануудыг хааж, дэнлүүнүүдийг гарган, Бурханд утлага болон шатаалт тахилуудыг өргөөгүй юм. (7) Тиймээс Эзэний уур хилэн тэдэн дээр бууж, өвөг эцгүүд илдэнд унацгааж, тэдний хөвгүүд, охид болон эхнэрүүд нь олзлогдсон. (9)
Харин Хезекиа Израилын Бурхан Эзэнтэй гэрээ байгуулж Бурханы дүрэлзсэн уур хилэнг намжаах гэв. (10) Мөн Эзэний өргөөг ариусгах ажилд хайхрамжгүй хандалгүй, хичээнгүйгээр өөрсдийгөө зориулахад нь зоригжуулав. (11) Иймд левичүүд босож өөрсдийгөө ариусган, Эзэний үгийн дагуу Эзэний өргөөг цэвэрлэв. (15) Тахилч нар ч үүнд оролцон, Эзэний сүмд байсан бүх бузар зүйлсийг гаргаж хаяв. Тэгээд левичүүд үүнийг Кидрон руу аваачин хаяв. (16)
Үл итгэгчид улс орны сэргэн мандах эсвэл сүйрэх эсэх нь улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалалт зэргээс хамааралтай гэж боддог. Гэвч Бурханы ард түмний амь нас, зол жаргал, гай зовлон нь сүмийн байдлаас хамаардаг. Зөвхөн нэг улс ч биш, нэг хүн ч үүний адил юм. Бидний зүрх сэтгэл бол Бурхан Эзэн оршдог сүм юм. Зүрхнийхээ өргөөг ариун байлгаж, Эзэний үгээр дүүрэн байхад дэлхийн бүх үндэстний ерөөлийн үндэс болж хэрэглэгдэнэ. (Исаиа 2:3) Сэтгэлийн сүм бузартаж доройтвол гаднаасаа хичнээн гайхалтай, сүртэй амьдрал мэт харагдсан ч эцэстээ чулуу чулууныхаа дээр үлдэлгүй нурсан сүм мэт үл итгэгчдийн доог тохуу болно. (Марк 13:2)
Хэрэгжүүлэлт: Хамгийн түрүүнд хийх зүйл юу вэ?
Нэг үг: Эзэний өргөөг ариусгагтун.