Өдөр бүрийн хоол /2025.05.12/

Давидыг гэмийн аюулаас аварсан Бурхан

1Самуел 29:1-11

“Ийнхүү Давид болон түүний хүмүүс өглөө нь Филистчүүдийн газарт буцахаар эртлэн босов.”(11)

1. Мухардсан Давид (1,2)
Өнөөг хүртэл Ахиш хааныг хуурч ирсэн Давид Израилийг дайръя гэсэн түүний тушаалаас татгалзах аргагүй болов. Тэр Ахиштай хамт өөрийн үндэстнийг дайрахаар явах болсон.(1,2) Бурханаас Израилийн хаанаар босгогдож өнөөдрийг хүртэл янз бүрийн зовлонг туулан итгэлээр амьдарсан тэр одоо өөрийн үндэстнийг дайрахаар явж байгаа нь түүнд өгсөн Бурханы амлалт, хайр ивээл ба итгэл гээд бүх юм нь дуусаж байгаа мэт санагдаж байв. Тэр өдийг хүртэл өөрийн заль мэхэнд түшиглэн худал хуурмаг амьдарсан билээ. Гэвч одоо энэ бүхэн нь түүнд урхи болж гэм ба сүйрлийн зам руу өөрөө ч мэдэлгүй явахад хүргэж байна.

2. Авралын замыг нээж өгсөн Бурхан (3-11)
Давид гэмийн гинжинд ороогдон сүйрэл рүү явж байсан. Тэр янз бүрийн арга сүвэгчилсэн боловч ямар ч гарц байхгүй байв. Гэтэл нэгэн гайхамшигт явдал болжээ. Давид дайнд оролцох гэж байгааг харсан филистийн ноёд түүний урвалтаас айж буцаахыг хүсэв. Ахиш хаан Давидад итгэж байсан боловч буцаахаас аргагүй болов.(6) Бурхан ямар ч хүч чадалгүйгээр гэмийн замд хөтлөгдөн буй Давидыг аврахын тулд филистийн ноёдыг ашиглан түүнд тусалжээ. Тэр хэдийгээр Бурханы өмнө итгэмжит биш байсан боловч Бурхан түүнд итгэмжтэйгээр хандан тусалж гэм ба үхлийн аюулаас чөлөөлж өгсөн.

Гуйлт: Эзэн минь! Гэм ба Сатаны урхинд орохоос өөр аргагүй сул дорой намайг хамгаалж зөвийн замаар удирдаж өгөөч.

Нэг үг: Зөвхөн гэмээс авраач!

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2020.05.10/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 18-р хичээл(05.18)