Амилалтын өдөр бүрийн хоол /26.03.31/

ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЭГ

Матай 26:31-56
Чухал зүйл : 26:42

“…Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ.(42)”

1. Есүсийн залбирал (31-46)
Есүс шавь нартаа “Та нар надаас болж энэ шөнө бүгд бүдрэх болно” хэмээн сануулсан. Тэрээр мөн амилаад Галилд тэдэнтэй уулзах болно гэж хэлсэн. Гэвч Петр болон бусад дагалдагч нар нь өөрсдөө хэт итгэлтэй, гунигийн сэтгэлдээ хэт автагдсан байв. Есүс тэднийг бүгдийг нь дагуулан залбирахаар Гетсемани цэцэрлэгт ирлээ. Есүс загалмайд цовдлогдохыг хүсэхгүй байлаа. Гэвч Тэр үүнээс илүүгээр Эцгийнхээ хүслийг дагахыг хүсэж байлаа. Залбирлаар дамжуулан Бурхан Түүнийг Өөрийнх нь өмнө хүлээж буй үхлийн аяганаас уух хүртэл зоригжуулж өгсөн. Шавь нар ч Есүстэй адил залбирах хэрэгтэй байсан. Гэвч тэд Есүсийн сануулгыг үл харгалзан унтсаар байлаа.

2. Судрын биелэлт (47-56)
Залбирсны дараа Есүс Иудас тэргүүтэй зэвсэглэсэн олон хүмүүстэй учирсан. Гэтэл шавь нараас нэг нь Есүсийг хамгаалахын тулд тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавчсан. Гэвч Есүст ийм төрлийн хамгаалалт хэрэггүй байлаа. Харин Тэрээр сударт бичигдсэн зовлон, үхэл, амилалт гэсэн хүн төрөлхтний төлөөх Бурханы авралыг гүйцэлдүүлэхэд бэлэн байлаа. Энэ бол залбирлын үр жимс юм.

Залбирал: Эзэн минь, над шиг гэмтнийг аврахаар Таны хүслийг дагасан Есүст талархаж байна. Залбирч, Таны хүслийг гүйцэлдүүлэхэд минь туслаарай.

Нэг үг: Бурханы хүсэл биелэг.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.30/
Дараагийн нийтлэлАмилалтын өдөр бүрийн хоол /26.04.01/