Өдөр бүрийн хоол /2026.03.10/

Рехобоамын мунхаглал

2 Шастир 10:1-19
2 Шастир 10:8

“Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлаж ирсэн залуустай зөвлөлдөв”

Соломон нас барсны дараа түүний хүү Рехобоам хаан болов. Гэвч Соломоны хаанчлалын турш ард түмэн нь өндөр татвар, албадлагын хүнд ажил зэрэг бэрх алба болон хүнд буулгаас болж зовж байв. Ялангуяа эдгээрийг Иуда овгоос бусад овгийнхныг ялгаварлан илүү тохдог байв.
Тэгээд хойд талын овгуудыг төлөөлөн Египетээс буцаж ирсэн Иеробоам Рехобоамд хүсэлт тавив. “Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв”(4). Рехобоам хэрэв сонсох чихтэй байсан бол ард түмний ёолон гаслах дууг сонсох ёстой байсан. Өвөг эцэг Давид хаан шиг энэ асуудлыг Эзэн Бурханаас асуун шийдэх хэрэгтэй байв. Гэвч тэрээр Эзэнээс асуугаагүй, Соломон хааны зөвлөгч байсан ахмадуудын үгийг ч тоож сонсоогүй. Харин өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлан ирсэн залуустай зөвлөлдөв. Эцэст нь тэрээр улс төрийн амбиц ба нэр хүндийн шуналд нүд нь сохрон мунхаг шийдэл гаргахад хүрэв. Рехобоам хаан ахмадуудын зөвлөгөөг үл хайхран, залуусын зөвлөсний дагуу хатуу ширүүнээр хариулав. “Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би буулгыг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” (14) гэж хариулав.
Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг Израилчууд бүгд хараад, ард түмэн хаанд “Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израил аа, хүн бүр өөр өөрсдийн майхан руу буцацгаа” гэв. (16) Ингээд Иуда, Бениамин хоёр овгоос бусад арван овог Бурханы амлалтын дагуух Давидын гэрийнхнээс нүүр буруулав.
Нэгдсэн Израил яагаад ийм байдалд хүрсэн бол? Уг үндсэн шалтгаан нь хиймэл шүтээнд үйлчлэх болсон Соломоны гэмийн тухай Бурханы шийтгэлийн биелэл(1Хаад 11:11, 31-36) бөгөөд ард түмнийхээ үгийг үл хайхарсан Рехобоамын зөрүүд, бардам, дарангуйлагч үзлээс болсон юм. Бурхан эрх мэдэл, хүчийг өгсөн нь сул дорой хүмүүсийн зовлонг сонсон, хүнд ачааг нь хөнгөлөн өгч, үйлчлэхийн тулд юм.
Хэрэгжүүлэлт: Нэгдсэн Израил яагаад хоёр хуваагдсан бэ?
Нэг үг: Нэг хүний гэм ба дарангуйлагч үзэл.

өмнөх нийтлэл2026 оны Лук 51-р хичээл (03.15)
Дараагийн нийтлэл2026 ОНЫ ЛУК 50-Р НОМЛОЛ (03.08) Н. АРИУНБОЛД