Өдөр бүрийн хоол /2026.03.06/

Миний зарлиг, журам, шүүлтийг сахивал…

2 Шастир 7:1-22
2 Шастир 7:17

“Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал”

Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж шатаалт тахил болон тахилуудыг шатаасан бөгөөд Эзэний сүр жавхлан өргөөг дүүргэв. Эзэний сүр жавхлан өргөөн дээр залрахыг үзээд Израилын хөвгүүд бүгд нүүрээ газар хүргэж сөгдөн мөргөөд Эзэний сайн хийгээд хайр энэрэл үүрдийнх хэмээн талархал өргөв. (3) Тэгээд хаан болон хамаг ард түмэн Эзэний өргөөний нээлтийн тахил өргөв. Соломон хаан тахилд хоёр мянга хоёр зуун үхэр, арван хоёр мянган хонь өргөв. Арван дөрвөн хоногийн турш нээлтийн ёслол ба баяр наадмын дараа өөр өөрийн майхан уруу буцахад ард түмэн нь Эзэн Бурханы өөрсдөд нь үзүүлсэн сайн сайханд баярлан хөгжилтэй байв. Ийнхүү Эзэний өргөөний төвд гэрээний авдрыг тавин, өөрсдийгөө зориулах тахил өргөн залбирахад Бурханы сүр жавхлан дүүрч, бүх ард түмэнд дүүрэн баяр хөөр ирсэн.
Ийнхүү Соломон Эзэний өргөө болон хааны өргөөн дотор хийхээр зүрхэндээ төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар дуусгасан тэр шөнө Эзэн Соломонд үзэгдэн дараах зүйлсийг айлдав.
1-рт, Соломоны гуйсанчлан ард түмнийхээ дунд зовлон, гамшиг ирэх үед Эзэний нэрээр дуудагдсан хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, Эзэний нүүрийг эрэлхийлж хорон муу замуудаасаа эргэвэл Эзэн тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, газар нутгийг нь эдгээнэ хэмээн амлав. (13-14) Тэгээд Эзэний мэлмий, Эзэний зүрх Эзэний өргөөнд үүрд байж тэдний залбиралд сонор соргог байх болно гэв. (15,16)
2-рт, Соломоны хувьд эцэг Давид шигээ Эзэний тушаасны дагуу үйлдэн, Эзэний зарлиг журам, шүүлтүүдийг сахивал түүний хаан сэнтийг бэхжүүлэн үүрд болгоно гэв. (17,18)
3-рт, Гэвч хэрэв тэд Эзэний тушаал журмуудыг умартан, өөр бурхдад үйлчилж, мөргөвөл Бурханы өгсөн газар нутгаас таслан хаяж, Эзэний өргөөг ч хаяснаар бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болгоно хэмээн сануулав.
Эзэний өргөө хэчнээн сүр жавхлантай байлаа ч итгэгчид доройтвол юу ч үлдэлгүй нурах болно. (Марк 13:2) Бурханы хүүхдүүдийн амь амьдрал, зовлон жаргал нь Эзэний үгийг сахих уу, умартан орхих уу гэдгээс хамааралтай.
Хэрэгжүүлэлт : Үеийн үед ерөөл авах нууц нь юу вэ?
Нэг үг: Эзэний үг, тушаалыг сахих юм.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.05/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.07/