Соломон Миний өргөөг барих юм
1Шастир 28:1-10
1Шастир 28:6
“Тэр надад “Миний өргөө болон Миний ордныг хүү Соломон чинь барих юм. Би түүнийг Өөрийн хөвгүүнээр сонгосон бөгөөд Би түүнд Эцэг нь байх болно”
Давид хаанчлалынхаа захиргааны бүх системийг зохион байгуулсны дараа ард түмэнд Бурханы алсын харааг тунхаглахын төлөө нэр хүндтэй бүх хүмүүсийг цуглуулав. (1) Тэгээд тэдэнд Эзэний ариун өргөөг өөрөө бус хүү Соломон барина гэдгийг хэлэв. Уг нь Давид өөрөө Бурханы өргөөг барих хүсэл тэмүүлэлтэй байсан. Хэрэгтэй бүх материал, санхүүг бэлтгэсэн. Гэвч Бурхан түүнд “Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэрд зориулан өргөө барьж болохгүй” гэв. (3) Бурхан түүний зүрхний хүслээс татгалзсан. Энэ үед Давид өөрийн хүсэл тэмүүлэл нь биелшгүй болсонд сэтгэл өвдсөн байх. Гэсэн ч Давид Бурханы хүсэл таалал нь биелэгдэхийн төлөө Бурханы талд зогсон ажиллав. Бурхан хүү Соломоныг нь сонгон хэрэглэх болсон ч тэр нь нигүүлсэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. (6) Мөн өөрийгөө Израилын хаанаар сонгосон ивээлд ч талархсан. (4) Бурханы хүсэл тааллыг мэдсэн Давид бүх ард түмэнд идэвхтэйгээр Соломоныг дэмжин хамтдаа биелүүлэхийг уриалсан.
Хаан ширээ солигдох үед ард түмний санаа бодол хуваагдан төөрөгдөлд унах аюул байсан ч Бурханы хийх гэсэн алсын харааг идэвхтэй тунхаглан дараагийн үеийн Соломон хаанд төвлөрөн хамтдаа Бурханы тааллыг биелүүлэхэд нь тусалсан. Мөн үүгээр зогсохгүй Бурханы тушаал ба шийдвэрүүдийг чармайн сахихыг ятгав. (7) Тэгэхэд Бурхан Израилын сайхан газар нутгийг өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэн үлдээнэ гэв. (8)
9-р эшлэлийг үзвэл Давид хүү Соломондоо өөрийн сүүлчийн захиас, гэрээслэлийг үлдээж байна. 1-рт, Бурханыг мэдэн, 2-рт, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэн, 3-рт, зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг Эзэнийг хичээнгүй хайж амьдар гэв. “Хичээнгүй хай” гэсэн нь залбир гэсэн утгатай. Мөн ариун газарт зориулан өргөөг бариулахаар Эзэн Соломоныг сонгосон тул тууштай хэрэгжүүлэхийг захив.
Хэрэгжүүлэлт: Өөрийнх нь хүсэл тэмүүллээс Эзэн татгалзах үед яах вэ?
Нэг үг: Эзэний хүсэл тааллыг хүлээн зөвшөөрөн дараагийн хүнээ босго.