Бурханы уур хилэн буусан нь
1Шастир 27:1-34
1Шастир 27:24
“Зеруиагийн хүү Иоаб тоолж эхэлсэн боловч үүнээс болж Бурханы уур хилэн Израил дээр буусанд тэрээр тоолж дуусгаагүй бөгөөд тоо нь Давид хааны Шастирын тоо бүртгэлд ороогүй билээ”
23-26-р бүлгүүд дээр Давид Эзэний өргөөнд үйлчлэх хүмүүсийг хуваарилан зохион байгуулсан. Үүний дараа энэ хэсэг дээр хаанчлалын захиргааны системийг зохион байгуулж байна. 1-15-р эшлэлүүд нь Давидын хотыг хамгаалах цэргүүдийг Израилын арван хоёр овгоос хорин дөрвөн мянган хүнийг сонгож, тэд жилийн бүх саруудад сар сараар манан хамгаалаад явах болсон. Арван хоёр сараас нэг л сар цэргийн алба хаах бөгөөд бусад саруудад ард түмэн өөрсдийн ажлаа хийн гэр бүлээ халамжлан, эдийн засгаар дуталгүй амар тайван амьдрах болсон. Энэ нь Давид хааны мэргэн ухаан байлаа. Үнэндээ тухайн үед маш өргөн нутаг дэвсгэртэй байсан Израилын нутгийг хамгаалахад хорин дөрвөн мянган цэрэг бол маш бага тоо байв. Гэсэн ч Давид Израилыг сахин хамгаалж, захирах нэгэн нь Эзэн Бурхан гэдэг итгэсэн учраас ийнхүү үйлдэв.
16-24-р эшлэлүүд нь тус бүр овгуудыг ахлахаар томилсон ноёд буюу захиргааны ажилтнуудын тухай юм. Давид өөрийн эрх мэдлийг хүчирхэг болгоход төвлөрсөн системээр бус Бурханы зөв шударга ба эмх цэгцийг тогтоохын төлөө ийнхүү зохион байгуулалт хийв.
25-31-р эшлэлүүдэд Давид хааны гэр бүлийн хөрөнгийг хариуцах хүмүүсийг томилж байна. Уг нь тухайн үед хааны гэр бүлийнхний санхүүгийн хэрэгцээг ард түмнээс авсан татвараар хангадаг байсан. Гэвч Давид хаан өөрийн эдлэн газар ба эд хөрөнгөнөөс гэр бүлийнхээ хэрэгцээг хангаснаар ард түмнийг татварын дарамтнаас хөнгөлөв.
32-34-р эшлэлүүдэд хааны зөвлөгч нарыг хажууд байлгасан тухай дурдав.
Харин 23-24-р эшлэлийг үзвэл Давид хаан хүн амын тооллогыг явуулснаар Бурханы уур хилэн буусан тухай өгүүлж байна. (1Шастир 21:1-17) Уг нь Бурхан Абрахамд амласанчлан Израилын хүн амыг тоолшгүй асар их болгосон. Гэвч Давид ард түмний тоогоор өөрийн хаанчлалын хүч чадлыг бахархаж сайрхах гэсэн бардам сэтгэлээр тооллогыг хийлгэв. Энэ нь Бурханаас илүү өөрийн хүч чадлыг түшиглэх гэсэн үл итгэлийн үйлдэл байв. Бурхан ийм түүний зүрхийг мэдэж тахал өвчнийг буулгасан. Бурхан энэ үйл явдлаар дамжуулан Израил нь зөвхөн Бурханыг түшиглэж найддаг улс болох хэрэгтэй гэдгийг сануулав. Харин ийм гэмийн дунд ч хорь болон түүнээс доош насны хүмүүсийг тоолоогүй нь Эзэний амлалтад итгэснийх байв. (23)
Хэрэгжүүлэлт: Хүний тоонд найдаж байна уу?
Нэг үг: Бурханыг л түшиглэ.