2026 оны Лук 45-р номлол (01.25) Х. Бүүвэйбаатар хн

Намайг иртэл эдгээрийг эргэлдүүл

Номлол 19:11-27
Гол эшлэл 19:13

“Тэр арван хоёр боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд – Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл гэжээ”

Өнгөрсөн 7 хоногт бид Христ Есүст итгэгчид ямар ч ял, буруутгал байхгүй бөгөөд, Ариун Сүнсээр удирдуулснаар махан биеийн гэмийг үхүүлэн, зөвийн үр жимсийг төрүүлж амьдарч чадна гэдгийг сурсан билээ. Өнөөдөр бид Лук номоос үргэлжлүүлэн “Маанэгийн сургаалт зүйрлэл”-ээс суралцана. Есүс Иерусалимд орж, загалмайн зовлон эдлэх сүүлийн 7 хоногийн өмнөхөн энэ сургаалт зүйрлэлийг шавь нартаа болон өөрийг нь дагаж буй олон хүмүүст хандан заасан. Өнөөдрийн номлолоос итгэгч бид Түүний дахин ирэх хүртэл энэ дэлхийд хэрхэн итгэлээр үр жимстэй амьдрахыг сурч чадахыг гуйж байна. Тухайлбал Эзэнээс авсан амьдрал, сүнслэг амийг хэрхэн яаж үнэ цэнтэй тооцон бусад дамжуулж амьдарснаар сайшаал ба шагналыг хүртэх хүмүүс болж чадахыг хүсэж байна.
1. Эдгээрийг эргэлдүүл (11-15)
Есүс өөрийг нь дагаж буй олон хүмүүст хандан сургаалт зүйрлэлээр заасан энэ үйл явдал нь өмнө хэлсэнчлэн Есүс дээгүүр өнгөрөх баярын хурга болж өргөгдөхийн өмнөхөн болсон. 11-р зүйлийг үзээрэй. Тэд энэ бүхнийг сонсох зуурт Тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Ингэсэн Тэрээр Иерусалимаас холгүй байсан болон Бурханы хаанчлал тэр бий болох юм хэмээн нөгөөдүүл бодсон тул ажээ. Иерусалим руу дөхөх тусам шавь нар нь ч ард түмэн ч Есүсийг хаан болно гэсэн хүлээлттэй байсан. Шавь нартаа Өөрийн хаанчлалын тухай ярьж өгөх бүрд шавь нар нь Түүнийг бодитоор хаан ширээнд сууж Ромын хаанчлалыг түлхэн унагааж хаант улсаа байгуулна гэж бодож байв. Харин Есүсийн тунхаглаж байсан хаанчлал бол тэдний бодож байснаас өөр хаанчлал юм. Энэ нь хүмүүсийг гэм нүглээс аварснаар Бурханы хаанчлалын хүүхэд болгох авралыг өгөх байв. Энэ нь бодит биш харин сүнслэг ертөнцийн бас мөнхийн хаанчлал байв. Ийм буруу ойлголттой байгаа тэдэнд хандан Есүс сургаалт зүйрлэлээр заасан. Тэр одоо алс холын орныг зорин яваад удаан хугацааны дараа эргэж ирнэ. Явахдаа боолууддаа үүрэг өгөх ба эргэж ирэхдээ тооцоо бодож, шүүлт хийнэ гэдгээ илэрхийлсэн.
12-р зүйлийг үзээрэй. “Тэрээр – Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ.” Энэ сургаалт зүйрлэлийн сурвалжит Нэгэн гэдэг нь Есүс өөрөө юм. Сурвалжит Нэгэн нь хаан ширээг хүлээн авна гэдэг нь хаан болж дахин ирэх тухайгаа ярьжээ. Эхний удаа ирэхдээ Есүс нь Адамаас эхлэлтэй гэмийн асуудлыг шийдэж өгсөн бол дахин ирэхдээ тооцоо бодож шүүхээр ирэх юм.
13-р зүйлийг үзээрэй. “Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд – Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл гэжээ” Сурвалжит нэгэн боолууддаа итгэл хүлээлгэн, үүрэг өгч, намайг иртэл ажил хэрэг явуулаарай гээд тус бүр 1 маанэ өгсөн. 1 маанэ нь нэг хүний 100 хоногийн ажлын хөлс буюу 3 сарын цалинтай тэнцэхүйц мөнгө байна. Маш их мөнгө биш ч бизнес хийж болох мөнгө гэж үзсэн байх. Тэгвэл бидэнд өгсөн маанэ нь юу вэ? Энэ нь надад өгсөн амь, амьдрал, цаг хугацаа, итгэлээр ирсэн сүнслэг амь, сайн мэдээ, Ариун Сүнс юм. Хүн тус бүрд маанэ өгөхдөө маш тодорхой үүрэг өгсөн. Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл. Энэ өгсөн зүйлсийг ашиглаж, ажил хэрэг явуулж, арвижуулаарай, ашиг олоорой гэсэн.
13-р зүйлийг мөн ажиглан харвал энэ үүргийг хаа хамаагүй хүмүүст өгөөгүй, боолууддаа өгсөн. Энэ нь Есүст итгэгчид буюу сайн мэдээний үйлчлэгчид юм. Эзэний итгэгч шавь нартаа өгсөн маанэ нь ямар утгатай вэ?
1-рт, Маанэ нь хүн бүрд өгсөн махбодын амь ба 24-н цагийг зааж байна.
Хүн бүр Бурханаас амийг хүлээн авсан. Бурхан хүн бүрд яг адилхан ижил тэгш амь ба цагийг өгсөн. Энэ бол Бурханаас өгөгдсөн хамгийн чухал зүйл юм. Тиймээс амийг илүү олон болгох хэрэгтэй. Хөрөнгө мөнгийг үржин олшруулах, бизнес хийх, зөв оновчтой хөрөнгө оруулалт хийх зэргээр эргэлдүүлж олон болгодог. Үүний адил бидэнд байгаа амь ба цагийг яаж олон болгох вэ? Иохан 12:24 “Үнэнээр үнэнээр би та нар хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана.” Хүн Бурханы өгсөн амь ба цагаар олон үр жимсийг ургуулж чадна. Тиймээс Эзэнээс өгөгдсөн амь ба цагийг зөв ашиглаж олон үр жимсийг гаргах ёстой. Бурханаас түр зуур авсан бэлгийг өөрийнхөө гэж андуурч дэмий үрэх юм уу, үрэн таран хийж болохгүй юм. Есүс буудайн үр болж, Өөрийн амийг золиосолсноороо тоолшгүй их үр жимсийг төрүүлж бидэнд үлгэрлэн харуулсан шиг бид ч гэсэн Бурханаас авсан амь ба цагийг Эзэн Бурханы төлөө зөв хэрэглэснээр олон үр жимсийг төрүүлдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
2-рт, Маанэ нь авралын сайн мэдээг илэрхийлж байна.
Итгэгчид Есүсийн загалмай ба амиллын сайнмэдээг хүлээн авснаараа аврагдсан. Сүнслэг энэ амь надад үнэ цэнтэй нандин байгаа бол бусдад ч бас амин чухал гэсэн үг. Тиймээс энэ авралын сайнмэдээг олон хүнд дамжуулахыг Есүс биднээс хүсэж байна. Есүсийг хүлээн авсан хэн боловч авралын хайр ивээл сайнмэдээний хүч чадлыг авсан. Тиймээс Эзэнээс өгсөн маанэ-г хичээнгүйлэн эргэлдүүлж дэлгэрүүлэн олон болгоорой хэмээн айлдаж байна. Өөрөөр хэлбэл Бурханы хаанчлалыг илүү өнөр өтгөн болгоорой гэсэн үг. Тиймээс бид өдөр бүр тааралдсан хүмүүст сайн мэдээг дамжуулж амьдрах нь маанэг эргэлдүүлж арвижуулж байгаа явдал юм. Бид ялангуяа нэг оюутанд 7 хоног болгон Библийн хичээл хийж сайн мэдээг дамжуулах нь хамгийн чухал ажлын нэг юм билээ.
3-рт, Маанэ нь Ариун Сүнсийг илэрхийлж байна.
Итгэгчид бүхэнд Ариун сүнс гэсэн маанэ өгөгдсөн билээ. Энэ Ариун сүнсний дуу хоолойг сайн сонсож Түүгээр удирдуулж амьдрах нь маанэг арвижуулж байгаа хэрэг юм. Бид Ариун сүнсээр дүүрэн амьдарвал аяндаа Ариун сүнсний жимсээр дүүрэн болох билээ. Жишээлбэл, танд хэн нэгнийг тайвшруулж туслах сэтгэгдэл Ариун Сүнснээс төрөх үед цаг зав, дулаахан үгээрээ тэр хүнд хөрөнгө оруулснаар тэр хүний сэтгэл сэргэж таны дотор “Хайр” хэмээх Ариун сүнсний үр жимс үлдэх болно. Өөрт чинь муу зүйл хийсэн хүнийг үзэн ядахын оронд уучлах сэтгэл төрвөл, өөрийн зан чанарыг бус, харин Ариун Сүнсний хүчээр тэр хүнийг уучилж чадах юм. Тэгвэл танд Сэтгэлийн амар амгалан болон эвлэрэл гэсэн Ариун Сүнсний үр жимс үлдэх билээ. Үүнчлэн Бурханы бидэн өгсөн Ариун Сүнсийг Бурханы хаанчлалын төлөө зоригтойгоор ашигласнаар үр жимстэй амьдарцгаая.
Одоо 14-15-р эшлэлүүдийг үзээрэй. Сурвалжит хүнийг эргэж ирэх эсэх талаар хүмүүс янз бүрээр бодож байсан ч, зарим нь бүр энэ хүнээр захируулахыг үл хүснэ хэмээн хэл хүргүүлсэн ч гэсэн хэлсэн ёсоороо тэр хаанчлалыг хүлээн буцаж ирсэн. Буцаж ирсний дараа маанэ ба үүрэг өгсөн боолуудаа дуудаж юу хийсэн, хэрхэн амьдарсан талаар тооцоо хийж байна. Тухайн үед ч, өнөө үед ч Есүсийг эсэргүүцдэг хүмүүс байсаар байна. Тийм байлаа ч Есүс амласан ёсоороо сүр жавхлант хаанаар дахин ирэх юм. Энэ үгийг үзвэл, бидний амьдрал бүрэн дуусаж Эзэнтэй тооцоо хийх цаг заавал ирнэ гэдгийг сурч болно. Эцсийн цагт Эзэнтэй тооцоо хийх цаг ирнэ гэдгийг мэдэж байгаа хүн энэ амьдалд хамаагүй амьдарч болохгүй, харин заавал үр жимстэй амьдрах ёстой билээ. Тэгвэл бид яавал нэг удаагийн энэ амьдралыг үр жимстэй амьдарч чадах вэ?
2. Сайн ба муу боол (16-27)
(1) Сайн боол
16, 17-р зүйлийг үзээрэй. Эхний боол ирж Таны нэг маанэ арав болсон гэв. Энэ боол нэг маанэг 10 дахин өсгөж чадсан. Тэр яаж арав дахин их болгож чадсан бол? Тэр наймаа хийж, хөрөнгө босгож, валют арилжаанд оролцож янз бүрээр эргэлдүүлж үзсэн байх. Тэр дандаа ашигтай байж чадахгүй үеүд зөндөө байсан нь ойлгомжтой ямартай ч тэр Эзэнийхээ тушаалыг сайн дуулгавартай дагаж, тушаалыг биелүүлж чадсан байна. 18, 19-р зүйлийг үзээрэй. Дараагийн боол нэг маанэг тав болгон өсгөсөн байна. Энэ боол эхний боолтой харьцуулагдвал тэр зэмлэл хүртэж магадгүй. Тэр өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөр хичээнгүй байдлаараа тав болгон өсгөсөн байна. Ямар ч байсан Эзэний эргэлдүүл гэсэн тушаалыг санаж итгэмжтэйгээр үйлдсэн байна. Бурхан тэднийг ашгийн хэмжээгээр нь харьцуулж үнэлээгүй. Харин Эзэн юуг нь илүү харсан бэ гэвэл тэдний итгэмжит байдал юм. Итгэмжит байдал нь маанэг өсгөх гол суурь болсон. Тэд бага зүйлд итгэмжит байсан учир шагнал болгон илүү ихийг хариуцуулсан. Тэдэнд 10, 5 хот захирах эрх буюу тус бүрд нь тохирох шагналыг өгсөн.
Тэгвэл ашигтай ажилласан сайн боолуудад байсан нийтлэг чанар нь юу вэ? Тэ яаж ийм ашигтай ажиллаж чадсан бэ?
1-рт, Тэд эзэний тушаалыг дуулгавартай 100% дагасан.
Эзэн тэдэнд 1 маанэг эргэлдүүл гэж тушаахад тэд өөр бодолгүйгээр эзэний тушаал учир зуу хувь дуулгавартай дагахаар шийдсэн юм. Мөнгө арай бага байна, бизнес хий ухаан байхгүй, хэцүү, чадахгүй зэрэг шалтаг тооцоогүй. Тиймээс тэд Бурханыг үгийг дагахад саад болж байгаа зүйлсийг орхиж, Бурханыг хэрхэн баярлуулах талаар тунгаан бодож хичээсэн юм. Бид ч гэсэн тус бүрдээ Бурханы үг ирэхэд ойлгохгүй байна, хэцүү байна, завгүй байна, чадахгүй байна, гэсэн янз бүрийн шалтгийг гэмшиж 100 хувь дуулгавартай дагая гэсэн шийдвэр гаргацгаая. Тэгвэл Ариун сүнс бидэнд Бурханы үгийг биелүүлэх мэргэн ухаан, хүч чадлаар дүүрэн өгөх болно.
2-рт, Тэд итгэмжитай байсан.
17-р зүйлийг дахин уншицгаая. “тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ.” Эзэн түүнийг “итгэмжтэй” гэж сайшаасан. Итгэмжтэй чанар нь хариуцлагатай сэтгэлээс улбаалан гардаг. Тэд хариуцлагатай сэтгэлтэй байсан учир эзэний үгэнд үнэнч шударгаар тууштай хандаж амжилтад хүрч чадсан юм. Ялангуяа тэд их юманд бус, харин бага юманд итгэмжтэй байсан. Тэд 1 төгрөг ч дэмий үрэлгүйгээр мөнгийг арвижуулахыг хичээсэн гэсэн үг юм. Өнөөдөр бид Бурханы өгсөн агуу тушаалыг биелүүлэхийн тулд агуу ажлаар эхлэх хэрэггүй юм. Хэн ч харахгүй, мэдэхгүй, сайшаахгүй ч гэсэн, Бурханы өмнө очиж 10 минут библи унших, залбирлын цаг авах, нэг хонийг олоод библийн хичээл хийх, сэнта цэвэрлэх ажилд идэвхтэй оролцох, угаах зэрэг өчүүхэн ажилд итгэмжтэй байвал Эзэн биднийг “сайн байна, сайн боол минь”гэж сайшаах болно.

Нэг оюутныг бага гэж гололгүй итгэмжтэйгээр үйлчлэх хүсэл байвал тэдэнд хэрхэн яаж үйлчлэх арга замаа олж чадах юм. Бид энэхүү ажлыг хийхэд зовлон золиос өөрийгөө үгүйсгэх зэрэг хэцүү зүйлс олон тулгарах болно. Энэ үед тушаал зааврыг сахиж чадвал сайн боол адил болж чадах юм.
(2) Муу боол
20-р зүйлийг үзээрэй хамт уншъя. “Өөр нэгэн нь ирж Эзэн үзэгтүн би таны нэг маанэг хав дарчихсан.” Цааш үргэлжлүүлэн үзвэл яагаад маанэг эргэлдүүлээгүй учир шалтгаан нь гарч байна. “Та тавиагүй хэр нь авдаг, тариалаагүй хэр нь хураадаг чанга хүн тул айсан юм.”
Энэ боолын тухайд эзнийхээ тушаалыг биелүүлэлгүй амьдарсан. Түүнд бас олон шалтаг тайлбар байв. Юуны түрүүнд тэр эзний мөн чанарыг гүйцэт таньж чадаагүй, буруу ойлголттой амьдарсан. Боолын үгнээс харвал хатуу ширүүн, шударга биш, өгөөгүй хэр нь авахыг хүсдэг гэсэн нэгэн учраас айсан. Боолд айдас байсан. Энэ нь эзний биш харин боолын асуудал юм. Тэр алдаа гаргавал уурлаж шийтгүүлнэ гэж бодсон. Бурханыг ийм сэтгэлээр хардаг бол алдаа гаргахаас айж юу ч хийхгүй суухаас өөр аргагүй болдог. Нөгөөтээгүүр, надад хангалттай чадвар өгөөгүй байж надаас шаардаж байна гэсэн бодолтой байгаа учраас та тариагүй хэр нь хураадаг гэж зүйрлэсэн, мөн намайг ашиглаж, ажлаа хийлгэж байна гэсэн сэтгэл төрсөн байх. Мөн сайн хийж чадахгүй бол, буруу хийснээс зүгээр байсан нь дээр гэж бодсон учраас маанэг нуусан нь дээр гэж бодсон байх. Мөн Эзэн ирэхгүй ч байж магадгүй гэж бодоод назгайрч, залхуурсан байх. Эзэн маанэг өгсөн нь илүү их үр жимстэй, утга учиртай амьдралаар амьдраасай гэж хүссэн гэдгийг тэр буруугаар харсан. Харин сургаалт зүйрлэлд гарсан сурвалжит хүн нь итгэл хүлээлгэдэг, шударгаар үнэлдэг, итгэмжит байдлынх нь дагуу шагнадаг нэгэн байсан. Тийнхүү тэр сурвалжит хүний эсрэг хэлсэн үгээрээ шүүгдэх болсон. Тиймээс ч мөн бид Бурхан ба Есүсийг хэн гэж харах нь чухал байна. Бид Бурханы талаарх ойлголтыг өөрийн өссөн орчин, бодит нөхцөл байдлаас илүү Бурханы үг болох библиэс авч чадах юм. 1 Иохан 4:8 үзвэл “Бурхан бол хайр.”, 1 Иохан 4:18-д “Хайр дор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна…” гэсэн байна.
Эзэний өгсөн үүрэгт итгэмжит байгаагүй боолд өөрийгөө зөвтгөх боломж олдоогүй бөгөөд түүгээр ч үл барам Эзэн “Түүнээс нэг маанэг авч, арван маанэтай хүнд өгсүгэй гэв.” Бурханы бидэнд даатган өгсөн зүйлсийг зөвөөр ашиглахгүй бол байгаа гэж бодсон нь ч авагдах болно гэсэн сануулга өгч байна. Энэ нь сүнслэг ертөнцийн хууль юм.
Бид нарт өгөгдсөн маанэг буюу амь болон сайнмэдээг олон болгож дэлгэрүүлэхгүй бол энэ бүхэн авагдах болно гэдгийг сануулан айлдаж байна. Өөрөөр хэлбэл сайнмэдээний ажлыг үл ойшоож, хайнга хандаж, залхуу назгай байвал ивээл ерөөлүүдийг бүгдийг авах болно. Бид авралын сайнмэдээний ажилд оролцож, авралын хайр ивээлийг бусдад дамжуулан итгэлээр илүү бат болж, сүнсээр өсөж чадахыг гуйж байна. Есүсийг хаан болохыг татгалзвал эцсийн шүүлтийн өдөр шийтгэлийг хүртэх болно.
Дүгнэлт:
Есүсээр дамжуулан Бурханы өгсөн сүнслэг амь нь танд үнэ цэнтэй байсан бол таны хөршид ч мөн адил үнэ цэнтэй тул үүнийг бусад дамжуулах ажлыг хийх хэрэгтэй юм. Энэ нь аврал авсан бидэнд өгөгдсөн үүрэг бөгөөд Есүсийг дахин хаанаар ирэх үед хэрхэн итгэмжит байсан тайлангаа тавих ба, шагнал шийтгэлээ авна. Өөрт өгөгдсөн амийг хайрлалгүй улаан буудайн үр шиг 100% үхэж чадсанаар олон үрийг бий болгож чадахын төлөө хичээнгүйлэн гуйж байна. Энэ нь ирээдүйдээ бэлдэж ухаалгаар амьдрах амьдрал юм. Амен.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.27/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.28/