Ялалт байгуулдаг итгэлийн амьдрал
Ром 6:1-23
Гол эшлэл 6:11
” Яг түүнчлэн тан нар өөрсдийгөө нүглийн хувьд үхсэн бөгөөд Бурханы хувьд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.”
Бид Бурханд итгэж, итгэлээр дахин төрж, Бурханы хүүхдүүд болцгоосон. Бид нар асуудалгүй амьдарч, дандаа дардан шулуун замаар явж, хааны агь эсвэл гүнж мэт амьдрах болно гэж боддог. Харин бодит байдал дээр бид нар Бурханы хүүхэд шиг амьдарч чаддагүй. Юун ханхүү, гүнж цаашаа. Нүглийн боол мэт амьдарч, гунигтайгаар амьдарч байдаг. Гэмд ялагдан, сэтгэлдээр унаж, итгэлээр тэмцэлгүй амьдардаг. Бид нар ийм асуултыг өөсрдөдөө тавьдаг. Би Бурханд итгэж амьдарч байгаа ч яагаад гэмийн боолоор амьдраад, гэмд унан, шаналж амьдарч байгаа юм бол гэсэн асуултанд хүлэгдэн амьдардаг. Бид өөрөөсөө болон Бурханаас энэ асуултыг асууж байгаа нь итгэл сул хүний асуулт биш бөгөөд Бурханы хүүхэд, хоньчин, хаан тахилч, Бурханы бүрэн эрхт элчийн хувиар ялалт байгуулан амьдрахыг хүсэж буй итгэлийн асуулт, бидний сэтгэлээс гарч байгаа асуултууд юм. Энэ цагт өнөөдрийн үгээр дамжуулан энэ асуултын хариуг олж авч чадахыг хүсэн залбирч байна.
1. Бид нүгэлд боолчлогдохгүй.
6-р эшлэлийг харна уу. “Бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсон гэдгийг бид мэддэг. Тиймээс хойшид бид нүгэлд боолчлуулахгүй.” (Ром 6:6)
Бид Есүст итгэх тэр мөчид Есүстэй нэгдэж, загалмай дээр хамт үхсэн. Мөн Есүстэй хамт дахин амилалтаар нэгдэх болно. Тиймээс бид нүглийн хувьд үхсэн юм. Тийм учраас нүгэл үйлдэх боломжгүй. Нүгэл биднийг дахин захирахгүй. Нүглийн эрх мэдэл хүчингүй болсон.
Энд “хуучин хүн” гэдэг нь Адам доторх дахин төрөөгүй “би”, нүгэлд бууж өгөн амьдардаг “би”-г хэлж байна. Энэхүү хуучин хүн нь махан биеийн хүслээр, сэтгэл зүрхний хэмнэлээр амьдарч байсан. Нэг үгээр хэлбэл, үнэнийг эсэргүүцэж, Бурханы эсрэг дайсагнасан амьдралаар амьдарч байв.
Харин бид Есүсийг Аврагчаар хүлээн авч, дахин төрөх тэр мөчид хуучин хүн маань Есүстэй хамт загалмайд цовдлогдон үхсэн юм. Тийм учраас Паул бидний хуучин хүн Есүстэй хамт загалмайд цовдлогдсон гэж тунхаглаж байгаа юм. Үүнийг 3-р эшлэлд Есүсийн үхэлтэй хамт баптисм хүртсэн гэж тайлбарладаг. Есүстэй нэгдсэн гэж тайлбарладаг. Энэ бол гайхамшигтай хэрэг юм. Бид Есүсийг хүлээн авахад бидний хуучин хүн Есүстэй хамт загалмайд цовдлогдон үхсэн гэдэг нь гайхалтай итгэмээргүй үнэн юм. Төсөөлөхөд ч бэрх. Гэвч Библи үүнийг тунхаглаж байгаа учраас бид итгэх ёстой. Та итгэх эсэхээс үл хамааран, ухаарсан эсэхээс үл хамааран энэ нь түүхийн хувьд болон бодит байдал дээр тохиолдсон жинхэнэ үнэн бөгөөд бодит үнэн юм.
Тэгвэл бидний хуучин хүн Есүстэй нэгдэн загалмайд цовдлогдсон үр дүн нь юу вэ?
6-р эшлэлийг дахин харъя. Бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсон гэдгийг бид мэддэг. Хүчингүй болгосон гэдэг үгийг харвал нүгэл бүрмөсөн байхгүй болсон гэсэн үг биш юм. Нүгэл байсаар байна. Гэхдээ нүглийн захирах эрх мэдэл нурж, нүгэл миний эзэн шиг авирладаг байсан хүч нь хүчингүй болсон гэсэн үг юм. Тиймээс Паул үргэлжлүүлэн ийнхүү хэлсэн. “Нүгэл та нарыг захирахгүй” хэмээн Ром 6:14 дамжуулан тунхагласан. Тийм учраас яг одоо нүгэл бидний эзэн, захирагч, хаан биш юм. Миний Эзэн өөрчлөгдсөн. Нүглээс хууль ёсны дагуу бүрмөсөн чөлөөлөгдсөн.
Ийнхүү бид Христ дотор орж хууль ёсны байр суурь маань өөрчлөгдөж, харьяалал маань өөрчлөгдөж, амьдралын эзэн маань өөрчлөгдсөн. Бид итгэгчдийн хувьд үүнд итгэх эсэх, ухаарах эсэхээс үл хамааран энэ бол маргашгүй үнэн юм. Өвөл болохоор цас ордог. Өвөл болсон ч цас орохгүй байдаггүй. Энэ бол туйлын үнэн юм. Үүнтэй адил Есүсийг хүлээн авсан итгэгчид тэр мөчид Есүстэй нэгдэж, бидний хуучин хүн загалмайд хамт үхсэн. Үүний үр дүнд нүглийн биднийг захирч байсан хүч нь үйлчлэхээ больсон. Бидний эзэн өөрчлөгдсөн тул бидэнд гайхалтай өөрчлөлт гарсан. Бид үүнийг хэзээ ч мартаж болохгүй.
Гэвч асуудал нь нүгэл захирах эрх мэдлээ алдсан ч байсаар байгаа учраас биднийг үргэлж уруу татдагт оршино. Бидний махан бие сул дорой хэвээр байна. Удаан хугацааны нүглийн зуршил, махан биеийн дадал хэвшлээс болоод бид заримдаа хуучин эзэн маань хүчтэй хэвээр байгаа мэт мэдэрч амьдардаг. Энэ нь 430 жилийн турш Египетэд боол байсан Израилчууд Фараоноос чөлөөлөгдсөн боловч боол сэтгэхүй нь үлдсэн учраас Бурханд гомдоллож, Мосег эсэргүүцэн, боолчлолын амьдрал руугаа буцахыг хүсдэг байсантай адил юм.
Зарим хүмүүс тоглоомонд донтохоороо хичнээн хичээсэн ч дахин дахин тоглоомдоо орж, шөнөжин зөвхөн тоглоом тоглодог. Зарим хүмүүс нүглийн уруу татлагад автан садар самуун үйлдэж, архи ууж амьдардаг. Зарим нь бага насны шархнаасаа болоод эцэг эх, төрөл төрөгсөддөө гомдоож, үзэн ядаж амьдардаг. Зарим нь худал хэлийг зуршил болгон амьдардаг. Сайн дүн авч чадахгүй мэргэжилдээ бүтэлгүйтдэг. Залхуу амьдралаасаа болоод Библи уншиж чадахгүй, залбирлын цуглаанд ч ирж чадахгүй шантардаг.
Бид Есүст итгэж, дахин төрсний дараа нэг л өглөө өөрчлөгдсөн, ариун, төгс амьдралаар амьдарч чадахгүй. Удаан хугацаанд автсан нүглийн зуршил, боолын сэтгэхүй арилах хүртэл цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас итгэлийн сайн тэмцлээр дамжуулан бид өдөр бүр өсөж хөгжих ёстой. Итгэл маань өсөж, нүглээс улам бүр холдох амьдралыг бид “ариунаар амьдрах” буюу “ариунаар амьдрахыг хичээж байна” гэж хэлдэг.
Бид яаж нүглийн боолчлолд байнга дарагдсан, давтагдсан амьдралаас ангижирч, ариунаар ялалт байгуулдаг амьдралаар амьдарч чадах вэ? Хэрхэн нүгэлд дахин бууж өгөхгүй, боол нь болохгүйгээр Бурханы алдрын төлөө амьдрах вэ?
2. Нүглийг ялан дийлэх амьдрал
11-р эшлэлийг хамтдаа уншицгаая. “Яг түүнчлэн та нар өөрсдийгөө нүглийн хувьд үхсэн бөгөөд Бурханы хувьд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.” (Ром 6:11) Энд “тооцох” гэдэг үг нь грекээр λογίζομαι (логизомай) бөгөөд тооцоолох, тооцож үзэх гэсэн утгатай. Энэ үг нь нягтлан бодох бүртгэлийн нэр томьёо бөгөөд “дансанд бүртгэх”, “тооцоонд оруулах”, “дүгнэлт гаргах” аль хэдийн бий болсон баримтыг бодит үнэн гэж хүлээн зөвшөөрөх гэсэн утгыг агуулдаг.
Энэ нь зүгээр л сэтгэл дотроо “тэгж бодъё” гэж өөртөө итгүүлэх гэж оролдож буй хэрэг биш бөгөөд аль хэдийн дансанд тэмдэглэгдсэн тодорхой баримтад үндэслэн түүнийг бодит үнэн гэж хүлээн авахыг хэлж байна. Өөрөөр хэлбэл Христтэй хамт үхэж, амилсан нь хууль ёсны болон сүнслэг байдлын хувьд аль хэдийн дууссан баримт гэдгийг хэлж байгаа юм. Энэ үг нь энд тушаах хэлбэрээр хэрэглэгдсэн байна. Энэ нь зөвхөн нэг удаа тэгээд өнгөрөх биш, харин үргэлжлүүлэн зуршил болгож, итгэл үнэмшилтэйгээр тэгж тооц гэсэн тууштай тушаал гэдгээр нь онцолж байгаа хэрэг юм.
Нэгэн танхай хүн итгэгч болон гэмшсэнийхээ дараа хамгийн түрүүнд хийсэн ажил нь өөрийгөө нас барсан гэж хэлсэн бөгөөд харин одоо Есүст итгэдэг шинэ хүн болон төрлөө хэмээн талархан сайн мэдээг тунхагладаг болжээ. Урьдын уур омогтой тэрээр захын гудамжинд зарим танхай залуустай тааралдсан бөгөөд тэд түүнийг хэн байсан гэдгийг мэдэхгүйгээр өдөөн хатгаж, түүнийг хайр найргүй зоджээ. Тэрээр хэсэг хугацаанд дуугүй зодуулж байгаад, тэднийг зодохоо болих үед хувцасныхаа тоосыг гөвж босоод, инээмсэглэн ийнхүү хэлсэн байна. Би Есүст итгэсэн бөгөөд харин та нар үүний ашиг тусыг бас ерөөлийг сайн хүртлээ шүү гэж хэлжээ. Гайхсан танхайчууд энэ чинь юу гэсэн үг вэ? гэж асуухад тэрээр ийнхүү хариулжээ. Хэрэв би хуучин хүн танхай нэгнээрээ байсан бол та нар аль хэдийн үхэж, цогцос болох байлаа. Харин одоо би Есүс дотор дахин төрсөн хүн учраас та нар амьд буцаж байна. Тиймээс та нар үнэхээр азтай гэдгээ мэдтүгэй гэжээ. Энэ үгийг сонссон танхайчууд тэр хүнийг алдарт Пёнъяны Ким Иг-дү гэдгийг мэдээд газар дээрээ өвдөг сөгдөн уйлж амь гуйсан бөгөөд дараа нь тэд ч бас Есүст итгэсэн гэдэг түүхэн явдал гарч байжээ.
Бид нар зарлиг, номлол, библийн хичээл үзээд амьдралдаа хэрэгжүүлэх маш чухал юм. Дээрэмчин Ким Иг Дү үхсэн гэж өөрийн амьдралын дансанд эцсийн тэмдэглэлийг хийсэн бөгөөд тэр танхайчуудад зодуулж байхдаа уурлаагүй шалтгаан нь өөрийгөө нэгэнт нүглийн боол биш, харин Бурханы хүүхэд гэсэн “шинэ дансны тэмдэглэл” гэсэн бодит үнэнээр өөрийгөө тооцсон учраас тэр юм.
Тиймээс “тооцох” гэдэг үгийн гүн гүнзгий утга нь би нүглийн хувьд үхсэн нь миний мэдрэмж эсвэл хичээл зүтгэл биш бөгөөд харин Есүс Христийн загалмайн үйл явдал гэдэг дансанд аль хэдийн бичигдсэн баримт учраас гуйвшгүйгээр түүнийг бодит үнэн гэж дүгнэ гэсэн утгатай. Энэ бол сэтгэл хөдлөлийн асуудал биш юм. Нүгэл үхсэн мэт санагдах үед л тэгж бод гэсэн үг бас биш. Зөвхөн ялалт байгуулах үедээ л тэгж тунхагла гэсэн үг ч биш. Харин энэ нь аль хэдийн тохиолдсон баримтыг итгэлээр хүлээн авах шийдвэр юм. Ямар нэгэн зүйл сайн муу, сайхан муухай шийдвэр дээр биш аль хэдийн Ром 6:11 дээр тооц хэмээн тунхагласан туйлын үнэн юм. Лук номын 23 болон 24 бүлэг дээр гарч байгаа загалмайн үхэл нь аль хэдийн бидний амьдралд ирэх туйлын үнэн бөгөөд бодит үнэн юм.
Бид нар мэдрэмжийг даган амьдарч болохгүй, харин өөрийн мөн чанарыг (Identity) дагаж амьдрах хэрэгтэй. Миний мөн чанар загалмайгаар дамжигдан гэмгүй, ариун, хүч чадалтай нэгэн болсон. Бид өдөр бүр өөртөө хэдэн ч удаа итгэлээр тунхаглах ёстой. “Би Бурханы хүүхэд”, “Миний Эзэн бол Бурхан”, “Хуучин хүн үхсэн”, “Би бол шинэ бүтээл”, “Би хаант тахилч”, “Би Бурханы бүрэн эрхт элчин сайд”, “Би Бурханы сонгосон их дээд сургуулиудын хоньчин” гээд бид тунхаглах хэрэгтэй.
Мөн нүгэл уруу татах бүрд бид ийнхүү хэлэх ёстой. “Нүгэл ээ, надаас холдогтун, би цаашид нүглийн боол биш”, “Би аль хэдийн өөр Эзэнд харьяалагдсан хүн”, “Би нүглийн хувьд үхсэн хүн” гэж өөрийгөө тооцож чөлөөлөгдөн амьдрах хэрэгтэй. Ингэж өөрийгөө тооцохгүй бол бид гэмээс чөлөөлөгдөж чадахгүй.
Энэ цагт бүгдээрээ өдөр бүр өөртөө, гэм нүглийн уруу татлагын өмнө итгэлээр урамшуулж өөрийгөө Есүсээр амьд хэмээн тооцон тунхагладаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн залбирч байна. Бие биедээ хэлье. Та бол Бурханы ариун охин, хүү, найз, хоньчин гэж урамшуулж, тооцож итгэлээр хэлэхийг хүсч байна.
3. Өөрийгөө зөвт байдлын зэвсэг болгон Бурханд идэвхтэйгээр өргөдөг амьдрал
Одоо 13-р эшлэлийг хамтдаа уншицгаая. “Биеийнхээ эрхтнүүдийг нүгэлд өргөх зүй бусын зэвсэг бүү болго. Харин үхлээс амьд болгогдсон хүмүүс мэтээр өөрсдийгөө Бурханд өргөж, биеийнхээ эрхтнүүдийг Бурханд өргөх зөвт байдлын зэвсэг болго.” (Ром 6:13) Паул бидний биеийг “зэвсэг” гэж хэлж байна. Бидний бие махбодь гэмийн шинжтэй юм. Зүгээр орхивол аяндаа ариун болох боломжгүй бие юм. Заавал хэн нэгний хэрэгсэл эсвэл зэвсэг болдог. Тиймээс Паул хэлж байна. “Гараа Бурханд өг”, “Нүдээ Бурханд өг”, “Уруулаа Бурханд өг”, “Цаг хугацаа болон эрч хүчээ Бурханд өг” хэмээн тунхаглан хэлж байна. Зүгээр байж байгаад ариусна гэж байдаггүй. Зүгээр л нүгэл үйлдэхгүй байхад болно гэсэн ойлголт бол нүгэлд боломж олгож буй хандлага юм. Хүн нь нэг бол Бурханых нэг бол Сатаных юм. Зөвт байдлын зэвсэг болгон идэвхтэйгээр өргөгдөх үед нүгэл бидний биерүү нэвтэрч чадахгүй бөгөөд бид ариун байж Бурханы удирдлаганд амьдарч чадна.
Өөрийн биеийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд идэвхтэйгээр өргөх амьдрал гэдэг нь нэг үгээр хэлбэл өөрийн санаа бодлоор амьдрах биш Бурханы санаа бодлоор түүний үгээр амьдрахыг хэлж байна. Библийн үгийн дагуу, зарлигийн дагуу тооцож, идэвхтэй амьдрахыг хэлж байна. 1 Коринт 10:31 дээр итгэлийн амьдрал нь Бурханд төвлөрсөн байх ёстой бөгөөд идэж уух, юу ч хийсэн Бурханы төлөө, Түүний алдрын төлөө хийх ёстой юм хэмээн тунхагласан байна.
Бид Бурханы хүүхдийн хувиар ялалт байгуулан амьдрах хамгийн шилдэг, хамгийн хялбар арга бол Сүнсийг дагах зам юм. Бид тасралтгүй ирэх нүглийн уруу татлагаас ангижрахын тулд лам болон гэлэнмаа нар шиг мацаг барих эсвэл өөрийгөө зовоох шаардлагагүй. Зөвхөн Ариун Сүнсийг дагаж, Бурханд идэвхтэйгээр өөрийгөө өргөн амьдрахад л болно. Галат 5:16-17 дээр ийнхүү хэлжээ. “Харин би та нарт хэлье. Сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэх гэхгүй. 17. Яагаад гэвэл махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.”
Сүнсийг дагаж амьдрахын тулд бид Ариун Сүнсээр удирдуулах хэрэгтэй. Дотор маань оршигч Ариун Сүнстэй өдөр бүр ярилцаж, Түүгээр дүүргэж өгөхийг гуйх ёстой. Библи уншиж, тунгаан бодох хэрэгтэй. Залбирч ярилцах цаг авах хэрэгтэй. Тэр үед Ариун Сүнс бидэнд нөлөөлж, итгэлээр амьдрах мэргэн ухаан, хүч чадал, алсын харааг өгдөг. Тийм үед бид нүгэл үйлдэх завгүйгээр өдөр бүр Бурханы алдрын төлөө баяр хөөртэй, эрч хүчтэй амьдарч чадна. Бурханы алдрын төлөө хичээлээ ч сайн хийж, ажилдаа ч шамдаж, хоньдуудаа (итгэгчдийг) ч сайн тэжээж чадна. Ариун Сүнс тусалж, мэргэн ухаан, хүч өгөх үед бид үргэлж ялж чадах юм. Энэ цагт бүгдээрээ өөрсдийн биеийг зөвийн зэвсэг болгон өргөж олон хүмүүсийг гэм ба үхлээс авардаг ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт
Хамтран зүтгэгч хонь хоньчид минь ээ. Бид итгэлээр нэгэнт зөвт хүмүүс болсон. Нүгэл нэгэнт намайг болон биднийг удирдах байр сууриа алдсан. Гэсэн ч ариун байдал аяндаа бий болдоггүй. Бурхан бидэнд тодорхой замыг зааж өгч байна. Өдөр бүр Эзэн маань өөрчлөгдсөн гэдгийг “тооцон” амьдарцгаая хэмээн уриалж байна. Мөн өөрийн биеийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд идэвхтэйгээр өргөн амьдарцгаая. Ариун Сүнсээр дүүрэн байхыг эрмэлзэж, Сүнсний хүсэлд чих тавин, Түүний дуу хоолойг сонсож, Сүнсийг даган алхацгаая. Ингэснээр өдөр бүр ялалт байгуулан амьдарцгаая. Та бидэнд ийм итгэл болон үгийг дуулгавартай дагах хүч чадлыг зөвшөөрч өгөөч хэмээн залбирч байна. Аме