ТҮҮНИЙ ХАЙР ЭНЭРЭЛ МӨНХИЙНХ
Дуулал 136:1-26
Гол эшлэл 136:1
“Эзэнд талархагтун. Тэрээр сайн бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх”
Өнөөдөр бол 2025 оны сүүлчийн ням гараг. Жил бүр оны төгсгөлд манай чуулганы хүн нэг бүр оны талархал, гэмшилээ бичиж, ирэх оны таван гуйлтын сэдэв нэг гол эшлэлээ сонгодог. Он дуусаж, талархлын баяр ойртох тусам бид Бурханд юуны төлөө талархах вэ? гэдгээ тунгаан бодож, эргэцүүлэн, Бурханы миний амьдралд үзүүлсэн хайр ивээлийг дурсан санаж, талархалаа өргөдөг. Зарим нь өнөөдөр талархлын баяр дээр хуваалцна. Тэгвэл Бид Бурханд хэрхэн, юуны төлөө талархах ёстой вэ? мөн талархах сэтгэл нь бидэнд ямар хэрэгтэй вэ? гэдгийг сурах хэрэгтэй.
Өнөөдрийн бидний үзэх гэж буй Дуулал 136-р бүлэг бол Бурханд өргөсөн талархалын тухай юм. Энэ л бүлгээс бид Бурханд юуны төлөө, яагаад талархах ёстой вэ? гэдгийг сурч болно. Энд бичигч нь “Эзэнд талархагтун. Түүний хайр энэрэл нь мөнхийх” гэдэг үгийг маш олон удаа, давтан хэлж байна. Яагаад? учир нь бичигч нь Бурханы хайр энэрэл нь мөнхийнх гэдгийг амьдралаараа гүн гүнзгий амсаж, мэдэрсэн учраас юм. Ялангуяа Бурханы хайр энэрэл нь Түүний бүтээл дунд, онцгойлон Бурханы сонгосон ард түмэн болох Израйль үндэстний түүхийн бүх явцад маш тодоор илэрхийлэгдэн, илчлэгдсэн, харагдсан учраас ийнхүү олон дахин давтан тунхаглаж байна.
Өнөөдөрийн үгээр дамжуулан бид ч гэсэн миний амьдралд тод илэрхийлгэдэж буй Бурханы хайр энэрэлийг олж харан ухаарсанаар бичигч шиг “Эзэнд талархагтун” гэдэг үгийг олон удаа, давтан давтан тунхаглаж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Түүнд талархагтун, Түүний хайр энэрэл мөнхийнх (1-22)
1-22-р эшлэлийг үзээрэй. Энд бичиг нь “Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх” гэдэг үгийг олон удаа хэлсэн. Бидэнд үргэлж өөрсдийгөө голох, сэтгэлээр унах, шантрах, цөхрөх, үл тоомсорлогдох, үл хүндлэгдэх, бусад хүмүүс намайг анхаарахгүй, хайрлахгүй, бодохгүй, тоохгүй байгаа юм шиг санагдах үе байнга байдаг. Тэгээд ихэнхдээ би үнэ цэнэгүй, хэрэггүй, хэзээ ч дээрдэхгүй, өөрчлөгдөхгүй юм байна гэх мэт бодол байнга бий болж байдаг. Гэвч бичигч нь энэ мэт хүний янз бүрийн сөрөг, муу бодол ба мэдрэмжийг илэрхийлэхээс илүү “Эзэнд талархагтун, Түүний хайр энэрэл нь мөнхийх” гэдэг үгийг олон дахин давтан хэлж байна. Эндээс хүнд төрдөг сөрөг муу бодол ба мэдрэмж зэргийг илэрхийлхээс илүү, Бурханд олон дахин, талархлын сэтгэлээ илэрхийлж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл бичигч нь энэ мэт хүнд бий болдог сөрөг муу бодол ба мэдрэмжийг хадгалж, тээж байлгахаас илүү, Бурханд талархаж, талархлын сэтгэлийг илүү их илэрхийлж байгааг харж болно. Яагаад ингэж байна вэ? Учир нь Бурхан бол сайн учраас юм.
1-р эшлэлийг үзээрэй “Эзэнд талархагтун. Тэрээр сайн бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж байна. Энд “Тэр бол сайн” гэж байна. Үүнээс харвал Бурхан үргэлж сайн байдаг гэсэн утгатай. Хүмүүс бид ямар байдаг вэ? Заримдаа сайн байгаад, заримдаа сайн бус байдаг. Харин Бурханы мөн чанар нь гэмтэй хүний мөн чанартай адилгүй юм. Бурхан туйлын ариун, туйлын зөвт, туйлын шударга нэгэн учраас Тэр үргэлж сайн юм. Хүний амьдралын нөхцөл байдал ямар байх, хүний ямар ч бодол ба мэдрэмж зэргээс үл хамааран, Бурханы мөн чанар нь үргэлж сайн хэвээр юм. Тиймээс бид үргэлж Бурханы энэ л сайн мөн чанарт итгэж, үүнийг амьдралдаа хүлээн зөвшөөрвөл, бид итгэл найдвар, урам зориг, баяр хөөрөөр дүүрэн байх бөгөөд, ямар ч үед гомдоллохоос илүү, Бурханд талархан амьдарч чадна.
Ром 8:28-д “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ” гэв. Энд гарч буй “бүх юм” гэдэгт хүний амьдралд тохиолдож буй сайн ба муу бүх зүйлсийг хэлдэг. Тэгэхээр Бурханыг хайрладаг хүмүүсийн амьдралд тулгарч буй сайн, муу бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажилладаг гэсэн утагтай. Тиймээс Бурханд дуудагдсан хүмүүсийн амьдралд бүтэлгүйтэл, ялагдал, шантрал, цөхрөл, шаталт, цаг алдах, бусдаас хоцрох гэсэн зүйл үгүй юм. Учир нь Бурхан сайн учраас миний сайны төлөө ажиллаж байгаа учраас юм.
Израилийн Давид хаан амьдралынхаа хамгийн харанхуй, доод үед байх үедээ Дуулал номын алдартай бүлэг болох 23-р бүлгийг бүлгийг бичсэн гэж үздэг. Түүний хайртай хүү Абсалом нь бослого гаргасны улмаас, Давид хаан ордноос хөөгдөж, түүний ойрын бүх найзууд нь урваж, түүний эсрэг дайснууд болдог. Магадгүй Давид энэ үед маш их сэтгэлээр унаж бусдыг үзэн ядаж, янз бүрийн гомдол, шархыг тээж, өш хонзонгийн сэтгэлээр дүүрч болох байсан. Гэвч энэ үед Тэрээр хүний дотор бий болох сөрөг муу бодол санаануудад автахын оронд, Бурхан бол сайн гэдгийг бодож, Бурханд анхаарлаа, зүрх сэтгэлээ хандуулсан. Энэ үед Давид Бурханы хайр энэрэл нь ямар ч үед мөнхөд хэвээр бөгөөд хувиршгүй, Бурханы хайр энэрэл нь ямар ч үед байдаг гэдгийг маш тодоор харсан. Тиймээс Тэрээр “Эзэн бол миний хоньчин, надад дутах зүйл үгүй, Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань Насан туршид минь намайг лавтай яа дагана” хэмээн хэлсэн (Дуулал 23:1,6). Эндээс бид юу сурж болох вэ? 1-рт бид Бурхан бол үргэлж сайн бөгөөд Бурханыг хайралдаг Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдэгт бат итгэх хэрэгтэй. Бид амьдралын янз бүрийн цаг үетэй нүүр тулж болно. Гэвч бид энэ л үед Дуулал 34:8 “Эзэн ямар сайн болохыг амсаж үз”, Дуулал “100:5 “Учир нь Эзэн сайн. Түүний хайр энэрэл мөнхөд оршино”, Дуулал 136:1 “Эзэнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийх”, Ром 8:28 “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг” гэх мэт эшлэлүүдийг санаж, энэ мэт Бурханы үгэнд зүрх сэтгэлээ, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгвэл бид урам зориг, итгэл найдвараар дүүрч, Бурханд талархах сэтгэлээр дүүрэх болно.
2-рт Бид Дуулал 136-г бичигч шиг яг одоо надад төрж буй, хүний сөрөг муу бодол, мэдрэмж зэргийг дотроо удаан, хадгалж, тээхээс илүү, талархалд өөрийгөө зориулах хэрэгтэй. Хэрэв бид хүнд хэцүү цаг үед мэдрэгдэж буй мэдрэмж, бодолдоо автсаар, дотроо байлгаад, хадгалаад л байвал энэ нь надад маш хортой. Ялангуяа энэ нь намайг шантрал ба цөхрөлд автуулж, бусдыг үзэн ядах, буруутгахад хүргэдэг. Ийм үед бид Бурхан болоод бусадтай зөв харилцаж чадахгүй юм.
Үүний оронд бид бичигч шиг Бурханы мөн чанарын тухай бодож, Бурханы авралын ажлын тухай бодож, Бурханы сонгосон ард түмний түүхийн тухай бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид Бурханы амийн үг ба зарлигт бүх анхаарлаа, бүх зүрхээ, бүх оюун бодлоо хандуулвал Бурхан ямар ч цаг үед үргэлж сайн гэдгийг олж харж, Түүний хайр, энэрэл нь мөнхийх гэдгийг тод ухаарах болно. Тэр үед надаас гомдолын үг биш, харин баяр талархлын үг ундрах болно. Энэ бүгдээс харвал талархах сэтгэл нь уйтгар гунигаар дүүрэн өдөр тутмын амьдралыг, янз бүрийн санаа зовиурыг, үр дүнгүй өвдөлтийг, сэтгэл гутралыг, шантрал ба цөхрөлийг, харанхуй хүнд цаг үеийг зөвөөр даван туулах хамгийн сайн арга юм. Мөн цаашлаад талархах сэтгэл нь бидний амьдралд маш олон буюу хэт их байвал, зарим нэг гэмийг хүртэл даван туулахад тусалдаг байна.
Харин бид талархахгүй бол юу болох вэ? Би амархан гомдолдог, дандаа болохгүй бүтэхгүй зүйлсийг хардаг, сөрөг муу үгс амнаас гардаг болно. Энэ л хандлага нь бидний бодол санааг хоосолж, зүрх сэтгэлийг харанхуйгаар дүүргэн, сүнсээр төөрхөд хүргэдэг (Ром 1:21). Ийм хүмүүс нь бардам сэтгэлтэй болж, Бурханаас холдох болно. Ер нь талархалгүй сэтгэл нь биднийг улам л талархах сэтгэлгүй байдалд хүргэдэг байна. Тиймээс талархах сэтгэл нь ялалт ба эдгэрлийн сүнс юм. Тиймээс бид үргэлж талархаж, үргэлж ялалтын амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Энэ цагт та 2025 оныг хувьдаа юу гэж, хэрхэн дүгнэж байна вэ? Зарим нь Бурханаас удаан гуйсан гуйлтын хариугаа авсан, зарим нь аваагүй ч байж магадгүй. Зарим нь Бурханы ивээлээр дүүрэн жил байхад заримд нь хэцүү асуудлуудтай нүүр тулсан, гашуун өдрүүдийг амссан ч байж болно. Зарим нь магадгүй өвдөж шаналсан, харанхуй өрөөнд ганцаараа олон өдрийг өнгөрүүлсэн мэт, зарим нь янз бүрийн гэм ба санаа зовиурт автсан ч мэт байж магадгүй. Заримд нь жирийн нэг байдаг л жил өнгөрч болно. Гэвч өнөөдрийн үгнээс харвал танд ямар мэдрэмж төрөх, ямар санагдах зэргээс үл хамааран “Бурхан бол үргэлж сайн” гэж байна. Мөн “Бурханыг хайралдаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа” ажилдаг гэж бас сануулж байна.
Тиймээс энэ цагт өөрийн санаа бодол, мэдрэмж, дүнэлтэнд тулгуурдлахаас илүү, Бурханы сайн мөн чанарт тулгуурлан, Бурхан үргэлж сайнаар ажиллаж байгаа гэдэгт бат итгэж, үүнийг хүлээн зөвшөөрснөөр бичигч шиг “Эзэнд талархагтун. Тэрээр сайн бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх” гэдэг үгийг олон удаа, дахин дахин, давтан давтан хэлж, бичиж, тунхаглаж, дамжуулж чадахыг хүсэн гуйж байна. Хажууд сууж байгаа хүндээ хэлээрэй “Эзэнд талархагтун. Тэрээр сайн бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх”
2. Биднийг дорд үед маань дурсан сансдаг Түүнд талархагтун (23-26)
23-р эшлэлийг үзээрэй “Биднийг дорд үед маань дурсан санасан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж байна. Хуучин гэрээн дэх Израильчуудын түүхийг харвал тэднийг ямар ч үед хүнд хэцүү зовлон, шантрал, цөхрөл, сул дорой үеүдэд Бурхан тэднийг үргэлж санадаг, анхаардаг, тусалдаг байсан. Бурхан анх Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ үргэлж баримтлан, Израильчуудыг ямар байх, юу үйлдэх, хэн болох, хэрхэн өөрчлөгдэх зэргээс үл хамааран Бурхан өөрийн хайр, энэрлийг мөнхөд үзүүлсээр байсан гэдгийг харж болно.
Энд “дорд үед” гэж байна. Энэ нь хүнд байдал, зовлон, дарлал зэргийг илэрхийлдэг. Энэ нь мөн санаатай болон санамсаргүйгээр гэм нүгэл үйлдсэн, гэмд унасан гэмд автсан тэр үеийг бас хэлдэг. Энэ бүгдээс харвал Бурхан өөрийн сонгосон ард түмнээ зовж, шаналах бүрд үргэлж өөрийн нигүүслээ үзүүлдэг байсан. Бурхан Израильчуудыг Египетийн боолчлолд 430 жилийн турш харгис боочлолын дор зовж, шаналж байсан тэднийг өрөвдөж, 100% нийгүүсэлээр аварсан(10). Бурхан тэднийг чөлөөсний дараа тэдний бүх гашуун гомдол, гонгинооныг тэсвэрлэн, улаан тэнгисийг гатлах хүртэл тэвчсэн. Бурхан тэднийг 40-н жилийн цөлийн амьдралд дагуулж, маннагаар хооллон, 10-н хуулийг өгч, боолчлолын сэтгэхүйгээр дүүрэн байсан тэднийг, Хаант тахилч, ариун үдэстнээр өөрчлөгдөн гэсэн хүсэл найдварыг тасралтгүй тавьсаар байсан. (Гэтлэл 19:6). Израильчууд боолын сэтгэлгээгээр дүүрэн байсан учир, ямар нэгэн хүнд хэцүү нөхцөлтэй, жаахан бэрхшээлтэй тулгарах бүрдээ Мосед гомдоллож, тэрсэлж, эргэж Египет рүү, боолчлолын амьдралруугаа буцахыг хүсдэг байсан. Гэвч Бурхан тэдний бүх гашуун гомдлыг тэсвэрлэж, боолын тавьлантай байсан тэднийг алдар нэртэй, үнэ цэнтэй, ерөөлтэй “Хаан мэт тахилч, Ариун бусдад ерөөл болдог үндсэтнээр” өөрчлөгдөх хүсэл найдвараа алдаагүй, орхиогүй. Эцэст нь Бурхан олон хаадыг дарж, тэднийг Өөрийн амласан газар болох канаан нутагт оруулж өвлүүлсэн.
Бичигч нь энэ бүгдийг харахдаа Бурхан “Биднийг дорд үед маань үргэлж дурсан санадаг Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх” хэмээн тунхаглаж байна. Бурхан өнөөдөр ч гэсэн энд сууж буй хүн нэг бүрийг гэм ба сатаны боолчлол дор зовж, шаналж, өвдөж байхад 100% Өөрийн нигүүслээр сонгон дуудаж, Есүсийн нандин цусаар дамжуулан аварсан. Тэгээд монгол болоод дэлхийн оюутан залуусын сайн хоньчин, библийн багш, house church, ахлах хоньчин гэх мэт онцгой үүргийг өгсөн. Бурхан бидний итгэмжгүй, дуулгаваргүй, сул дорой байдлаас маань үл хамааран, амьдралд тулгарах олон саад бэрхшээлийг давхад тусалж, хайр энэрлээ үзүүлсээр байна. Бурхан биднийг 7 хоног бүрийн номлол, библийн хичээл, ӨБХ зэргээр дамжуулан амийн үг, зарлигаараа хооллож, энэ цаг үеийн Хаан мэт тахилч, Ариун үндэстнээр өөрчлөгдөн гэсэн хүсэл найдвар тавьсаар байна. 2025 оны манай чуулганд өгсөн гол эшлэл юу вэ? 1 Петр 2:9 “Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.* Бурхан 2025 онд яг энэ үгийг манай чуулганд өгсөн. Энэ нь Бурхан манай чуулганд хүсэл найдвараа тавьсаар байна гэсэн утгатай. Тэгвэл бид энэ үгийн дагуу хэр амьдарсан бэ? гэдгээ нэг тунгаан бодоцгооё! Магадгүй зарим нь мартсан, зарим нь ийм ишлэл байсан билүү? гэж дотроо бодож байж магадгүй. Гэвч Бурхан бидний сул дорой байдлаас үл хамааран энэ жил манай чуулганд олон талархлын сэдэв өгсөн Бурханд талархаж байна. Түүний хайр энэрл нь мөнхийх юм.
Сүүлийн үеийн оюутан залуус цуглаан болоод Есүсийн талаар сонсох, сонирхох хүсэлгүй болсон. Тиймээс их сургууль дээр очоод “Есүсийн цуглаанаас явж байна гэвэл шууд оюутнууд хаалт тавих болсон. Гэвч Бурхан ийм цаг үед манай чуулганд Альфа оюутан залуусын уулзалтаар тэдэнд хүрэх, тэднийг татах, тэдэнтэй холбогдох боломж өгсөн Бурханд талархаж байна. 2025 оны хавар анх Альфа оюутнуудын уулзалт эхлүүлж, 6–н удаагийн Алфа уулзалтаар нийт давхардсан тоогоор 70 гаруй оюутан залууст хамгадсан бөгөөд шинэ болоод хуучин оюутнуудыг уулзалтаар дамжуулан илүү идвэхжүүлэх, шинэ оюутнуудад Есүсийн талаар, чуулганы талаар, библийн төлөөр зөв ойлголтыг олж авах боломж өгсөнд талархаж байна.
Харвын библийн конференцээр дамжуулан сэргэлт багийн эрэгтэй 3-н хоньчид анх удаа номлол тунхаглаж, Дархан ЮБФ-н 5 шинэ оюутан оролцсон, нийт 10 гаруй оюутан залуустай Бодонч амралтын газар конференц хийх боломж өгсөн Бурханд талархаж байна. Зун СBF, JBF-н конференц хийсэн бөгөөд 6-12-насны таван хүүхэд, 1-5 насны 12 хүүхэд оролцож, хүүхдүүд Бурханы үгнээс суралцах, хамтдаа Есүсийн дотор нөхөрлөх, итгэлээр өсөх боломж өгсөн Бурханд талархаж байна. 07/25-27-н хооронд болсон Ханян ЮБФ-н конферец-д нийт 23-н хүн оролцож, намтар гэрчлэл, тусгай дуу, монгол бүжиг зэргээр үйлчлэх, Солонгос хоньчдын үйлчлэл, тэдний намтар гэрчлэлээс суралцах, урам зориг авах, итгэлээс суралцах, Далай үзэх, аялах, Исаак, Ребека хоньчдын, сента болоод гэрээр нь зочлох гэх мэт гайхалтай, ивээлтэй, дурсамжтай цагуудыг зөвшөөрч өгсөн Бурханд талархаж байна. Намар хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн CBF, EBF, JBF-н тус тусдаа цуглаан тогтмол өргөх боломж өгч, Бурхан манай чуулганы хүүхдүүдийн итгэлийн суурийг тогтмол тавих боломж өгч байгаад талархаж байна. Намрын Альфа уулзатаар 250 гаруй оюутанд уулзалтын урилга тарааж, 10 удаагийн Алфа уулзалт хийж, эрэгтэй тогмол библийн хичээл хийх оюутнуудыг зөвшөөрч өгсөн Бурханд талархаж байна. НБК-р 17-н оюутан сэтгэгдэл хуваалцсан гайхалтай ивээл дүүрэн конференцийг зөвшөөрч өгсөнд талархаж байна. Эцэст нь Христмас баяраар 80 гаруй том хүн 20 гаруй хүүхэд нийт 100 гаруй хүний бүрэлдхүүнтэй Христ мэндэлсэн баяр тэмдэглэх боломж өгч, ирсэн хүн бүрд Авралын Эвэр, Дорнын гэгээ болсон Есүс, ирсэн хүн бүрийн зүрхэнд алдрын туяагаа тусгагсан гэдэгт итгэж байна. Энэ бүгдээс харвал Бурхан бидний сул дорой байдлаас үл хамааран үргэлж хайр ивээлээ үзүүлдэг Бурханд бүх алдар ба магтаал, талархлыг өргөж байна. Эзэнд талархагтун. Тэрээр сайн бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх!
Дүгнэлт: Өнөөдрийн үгээр бид Бурхан бол үргэлж сайн бөгөөд, Түүний хайр энэрл нь мөнхийх гэдгийг сурлаа. Хүн нэг бүр энэ цагт 2025 оныг хувь, хувьдаа чинь сэтгэлээсээ Бурханы өмнө тунгаан бодохыг уриалж байна. Тэгэснээр бидний амьдралд тод илэрхийлэгдэж буй Бурханы хайр энэрлийг тод олж харж ухаарснаар, бидний хүн нэг бүрийн зүрх сэтгэлийг талархлын сэтгэлээр дүүргэж, дуулал номыг бичигч шиг “Эзэнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх” гэдэг үгийг олон дахин, давтан давтан тунхаглаж, бичиж, илэрхийлж чадахыг хүсэн гуйж байна. Эзэнд талархагтун. Тэрээр сайн бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх! АМЕН