2025 оны Лук 45-р номлол (11.23) Галаа Петр

Мөнх амийг олох зам

Лук 18:15-27
Гол эшлэл 18:22

“Үүийг сонсоод Есүс түүнд Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.”

Өнөөдрийн номлолоор бид Мөнх амийг хэрхэн олж авах талаар суралцах болно. Нэгэн залуу удирдагч Есүс дээр ирээд мөнх амийг хэрхэн олж авах бэ? Зааж өгөөч гэж ирсэн. Энэ залуу удирдагчийн хайж буй мөнх амь гэж юу вэ? Хүн бүр л сэтгэл зүрхнийхээ гүнд мөнх амийг олж авахыг хүсдэг байх. Тэгвэл мөнх амь гэж юу вэ? Бурхан анх хүнийг бүтээхдээ мөнх амьдрахаар бүтээсэн. Мөнх амь гэдэг бол махан биеэр үхлээ гээд дуусгавар болох зүйл биш, үүр мөнхийнх. Мөнхөд шунахаарал, атаа хорсол, уур хилэн, үзэн ядах, үхэл хагацал, өвчин зовлон, уйтгар гуниг энэ бүгд огт байхгүй, мөнхөд айдас, санаа зовиур гэж байхгүй, баяр хөөртэй, зорилготой, амар амгалан, өдөр бүр шинэ амьдрал. Та дотроо бодоод төсөөлөөд хязгаар гэж байдаг бол хязгаарт нь тултал нь төсөөл. Тэр чинь хүртэл юу ч биш гээд л бод. Гайхалтай биш гэж үү? Хамгийн гоё, сайхан зүйл биш гэж үү? Мөнх амь бол юу юунаас илүү чухал биш гэж үү? Тэгвэл энэ гайхалтай мөнх амийг хэрхэн олох замийг хамтдаа суралцахд та бэлэн үү? Энэ цагт Есүсийн дуу хоолойг сонсож, ухаарч, хүлээн авч, итгэж, дуулгавартай дагаснаар мөнх амийн замыг хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна. Амен
1. Хүүхэд ба Бурханы хаанчлал (15-17)
15-г үзээрэй. Хүмүүс Есүсийн ер бусын онцгой сургаалийг сонсоод ихэд сэтгэл нь хөдөлсөн, улмаар өөрсдийн хүүхдүүдээ Түүнд авчирч ерөөлгөхийг хүссэн байна. Том, багагүй бүх л насны хүүхдүүд Түүн дээр ирэхэд маш их шуугиантай, хонь хурга нийлэх мэт хөл толгой нь олдохгүй болсон байх аа. Шавь нар нь үүнд ихэд төвөгшөөж тэднийг зандарч, буцаахын тулд арга хэмжээ авч эхэлсэн. Тэд Есүсийн сургаалд төвөг удаж, саад боллоо хэмээн төвөгшөөсөн байдалтай байв. Харин үүнийг харсан Есүс юу гэсэн бэ? 16-р эшлэлийг үзээрэй. “Есүс хүүхдүүдийг дуудаад, Хүүхдүүд Над дээр ирэг. Тэднийг бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм.” Энд Есүс маш чухал зүйлийг заан өгч байна. Хүүхэд адил сэтгэлтэй хүн нь Бурханы хаанчлалд орж чадна гэсэн. Тэгвэл хүүхэд ямар сэтгэлтэй, ямар онцлогтой байдаг билээ? Хүүхэд бол маш гэнэн итгэмтгий байдаг. Мөн аав ээжийн хайр халамж үргэлж, зайлшгүй хэрэгтэй. Хүүхэд өсгөхөд маш их тэвчээр, хайр халамж шаардана. Яг л хонь шиг, хонь хоньчин нь байхгүйгээр бие даан амьдарч чадахгүй шиг. Хүүхэд өөрийн дутуу дулимаг байгааг сайн мэддэг учраас аав, ээждээ бүрэн итгэж, найддаг. Тийм учраас Есүс яг оновчтой сайн зүйрлэл, жишээ авсан. Хүүхэд адил өөрийн сул доройг хүлээн зөвшөөрч, төлөв даруугаар Бурханд бүрэн дүүрэн итгэж, найддаг, түшиглэдэг байх нь Бурханы хаанчлалыг олж чадна гэж байна. 17-р эшлэлийг үзвэл Есүс үргэлжлүүлэн “Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж авахгүй нь тийш ер орохгүй гэжээ.” Хүүхдэд хар буруу санаа байхгүй, үргэлж Б төлөвлөгөөтэй байна гэсэн юм ч байхгүй, аливаад хаширлаж өөрийн бодол санаанд түшиглэдэггүй. Эцэг эхийнхээ үгийг байгаагаар нь хүлээн авч, 100% итгэж найддаг. Эндээс Есүс үүнийг яагаад зааж өгч байгааг хүн бүр тунгаан бодож үзэхийг хүсэж байна. Яг л хүүхэд адил Бурханы заавар, тушаалыг шууд итгэж хүлээн авдаг, дуулгавартай дагадаг байх нь ямар чухал болохыг заан өгч байна. Есүс биднийг хүүхэд адил сэтгэлтэй болоорой хэмээн үүнийг заан өгч байна. Ийм сэтгэлтэй хүн нь цэвэр, даруу, дуулгавартай байж, Бурханы үгээр өөрийгөө шалгаж, тунгаан бодож, засч залруулдаг, гэмшидэг юм. Үүнд суралцахад Есүс үргэлж хамт байж тусалж өгөх болно. Харин бардам, дуулгаваргүй, үргэлж тооцоо боддог, эргэлздэг байх нь эцэстээ Бурханы хаанчлалд орж чадахгүй хэмээн маш тодорхой хэлж байна. Бурханы тушаал, дуудлага, хүсэл таалал байвал Бурханд бүх амьдралаа даатган, 99 биш 100% итгэн найдаж, дуулгавартай дагах хэрэгтэй. Есүс ийм хүн нь л Бурханы хаанчлалд орох болно гэж байна. Бидний итгэл, сүнсний хараа, өсөлт төлөвшил нь өдөр өдрөөр, жил ирэх тусам хүүхэд адил улам бүр цэвэр, даруу, дуулгавартай болж өсөж чадахыг хүсэн гуйж байна.
2. Баян удирдагч ба мөнх амийг олох зам (18-27)
Одоо 18-г үзээрэй. “Нэгэн удирдагч Түүнээс Сайн багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув.” Энд гарч байгаа залуу удирдагч бол нийгмийн байр суурь, нэр төртэйгөөс гадна маш баян хүн байсан. /Мат19:22, Марк10:22/ Түүнээс гадна энэ хүн бол маш хүмүүжил сайтай, ёс суртахуун, бие авч явах тал дээр өөлөх юмгүй залуу байсан. Мөн тэр хар багаасаа л хуулийг чанд сахиж амьдарч ирсэн өндөг шиг өөгүй мэт нэгэн байсан. Түүний эргэн тойрныхон түүнийг “хүн яаж ийм хүмүүжилтэй, ёс суртахуунтай, төгс мэт байдаг байна аа” хэмээн боддог, атаархадаг, биширч үлгэр дуйрааль авдаг байсан нь гарцаагүй. Юу ч дутагдаж гачигдсан зүйлгүй тэр Есүс дээр ирээд “Сайн багш аа, Би мөнх амийг яаж, яавал өвлөн авах вэ?” хэмээн асуусан. Түүнд бүх зүйл байсан ч үхэл болон мөнх амийн тухайд бодох бүрт түүнд бат итгэл байхгүй учраас айдаст автагдаж, зүрх сэтгэл нь тавгүй болдог байсан. Лук 9:25-д “Хүн бүх ертөнцийг олж авсан ч, өөрийгөө алдвал ямар ашиг байх билээ?” Бүх зүйл хоосны хоосон болох болно. Тиймээс залуу маш их судалгаа эрэл хайгуул хийсэн байх. Тэгээд олон ном уншиж, хичээнгүйлэн эрэн хайсан ч түүний эрэл үргэлж мухардаж байв. Тэгээд ашгүй нэг ChatGPT түүнд тус болж, сүүлийн үед маш тренд болоод байгаа, ер бусын сургаал заадаг, гайхамшиг тэмдгүүдийг үйлдэгч Есүс гэж багш байна. Түүнтэй л уулзаж үзвэл мөнхий амийн хариултыг олох болно доо гэж хэлсэн.
Тэгээд Есүс дээр очиод “Сайн багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув.” Түүний асуултыг харвал би яаж мөнх амийг өвлөн авах вэ? Гэж асуугаагүй би юу хийвэл гэж асуусан. Эндээс түүний хувьд САЙН гэдэг ойлголт нь энэ дэлхийн сайн гэдэг ойлгол бөгөөд буруу болохыг харж болно. Мөн би юу хийвэл гэдэг нь түүний үйлдэж дагаж буй бүхэн өнгөц, мэдлэг төдийхөн болохыг харж болно. Үл итгэгчдийн адил ямар нэг сайн зүйл хийж, буян үйлдэж байж л уучлагдаж, мөнх амийг олж авах байх гэж бодсон. Маш олон хүмүүс өнөөдөр ч гэсэн яг ийм бодолтой амьдарч байгаа. Ийм хүмүүс нь хичээл зүйтгэлтэй, ёс суртахуунтай, өөрсдийгөө сайн гэж боддог учраас өөрийн бодолдоо хатуу, бардам болсон байдаг. Улмаар сүнслэг нүд нь сохорч хичнээн сул дорой, гэмтэй гэдгээ ухаарч, хүлээн зөвшөөрдөггүй. 19-р эшлэлийг үзээрэй. Харин Есүс түүнд эхлээд БУРХАН л САЙН гэдгийг зориуд тусгайлан хэлж өгсөн. Үүгээрээ Есүс хүмүүсийн сайн гэсэн ойлголт, тухайлбал хичээл зүтгэлээр Бурханы төгс сайнд хүрч чадахгүй гэдгийг ухааруулахыг хүссэн.
Одоо 20,21-р эшлэлийг үзээрэй. “Бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд, тэр би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан гэв.” эндээс Есүс уг залуугын зорилго болоод зүрх сэтгэлийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэдэж байсан. Тэгээд түүний хуулийн үйлсээр авралд хүрэх гэсэн бодолыг өөрчилж өгөхийг хүссэн. Хуулийн гол зорилго юу болохыг ухааруулахыг хүссэн. Ром 3:20-д “Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм” гэжээ. Мөн хүн яаж ч хичээгээд хуулийн бүрэн дүүрэн 100% сахих боломжгүй. Харин хуулиар өөрийн гэм нүгэл болон сул доройг ухаарах нь, хүн зөвхөн итгэлээр авралд хүрнэ гэдийг зааж өгөхийг хүссэн. Гэвч залуу “Би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан” хэмээн өөртөө итгэлтэй байсан. Мөн тэгсэн хэрнээ түүнд Бурхан ба хөршөө хайрлах гол зүйл нь байхгүй, гол зүйл нь гээгдсэн байсан. Тийм учраас түүнд амьдрал нь мөнхийн амийн бат итгэл ба жинхэнэ ханамж, баяр хөөр, итгэл найдвар байхгүй байв. Бүгдийг сахисан ч, гадна талаар бүхийг олж авсан ч түүний сэтгэл зүрх өөрийн эрхгүй хоосон оргин, айдаст автаж байсан.
Одоо бүгдээрээ 22-р эшлэлийг хамт үзье. “Үүнийг сонсоод Есүс түүнд чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.” Есүс эд хөрөнгийг баабаа, муухай зүйл гэж хэлээгүй. Харин түүнд шунаж буй хүний зүрх сэтгэлийг гэм гэдийг зааж байна. Эд хөрөнгийг шүтээнээ болгох нь Бурханд итгэж найдахад саад болдог.
Есүс түүнд нэг л зүйл дутуу байна гэж хэлж байна. Тэр нь ямар нэг шинэ хууль бус өөрийн бүх эд хөрөнгийг худалдаад, ядууст тарааж өг, тэгээд ирж Намайг дага гэдэг заавар өгч байна. Энэ бидэнд их танил тушаал биш байна уу? Есүс Эзэн Зебедеен хөвгүүдийг, Матайг, Закхайг /мөн та биднийг ийнхүү сонгон дуудсан байдаг. Тэд ямар их баяр хөөртэйгээр Түүнийг дагаж байсныг бүгд санаж байгаа байх. Харин түүний хариулт нь юу байсан бэ? 23-г үзвэл Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ. Эндээс харвал түүний хувьд эд хөрөнгө Бурхан мэт итгэж, найддаг хиймэл шүтээн нь болсон гэдийг харж болно. Ийм түүнд “Чамд нэг л зүйл дутууу байна” гэсэн нь “одоо нэг л зүйл чамайг боймлон хүлж байна, нэг л зүйлийг чи орхилгүй өөртөө үлдээсээр байна” гэсэн утгатай. Энэ нь мөнх амийг олж Бурханы хаанчлалд орох гэвэл итгэн найдаж, үлдээсэн ямар ч зүйлийг орхих ёстой гэсэн үг. Бид өөртөө үлдээсэн тэр НЭГ зүйл нь зөвхөн эд хөрөнгийн шунахайрал төдийгүй Есүсийг дагахаас илүү чухалд тооцдог юу ч байж болно. Энд сууц байгаа та бүхэн зарилгаар шалгаж, тунгаан бодож үзээсэй гэж хүсэж байна. Есүсийн хэлсэн “Чамд нэг л зүйл дутуу байна” гэсэн тэр НЭГ дутуу зүйл нь юу байна вэ? Тухайлбал: Эцэг эх, хайрлан дуралсан нэгэн, хүүхдүүд, би төвтэй хатуу үзэл бодол, нэр төр, эрх мэдэл, ажил мэргэжил, сошиал медиа, тав тухыг хүсэн шунах махан биеийн хүсэл, шунал гэх мэт бүгд юм.
Баян залуу Есүсийн үгийг хүлээн зөвшөөрч чадалгүй, ихэд гунигтайгаар буцаад явсан. Тэр хэдийгээр мөнх амийг олж авахыг ихэд хүсэмжилсэн боловч эд хөрөнгийг орхиж чадахгүй байсан. Тэр бодохдоо тэнгэрийн баялгийг ч олж, мөн дэлхийн эд хөрөнгийг ч алдмааргүй байсан. Ийнхүү эд баялагт хүлэгдсэн түүний сэтгэл нь зүрхийг нь хатуу, нүдийг нь сохор болгосон. Тэгээд ч болоогүй мөнх амийн хүсэл ч үгүй болгов. Тэгээд Есүсээс, Түүний үгийг дагаж чадалгүй, холдон явсан.
Бид дээрх залуу шиг гаднаас нь харвал итгэлийн амьдралаар сайн амьдарч байгаа мэт харагдаж болно. Мөнгө, эд баялагт дургүй хүн гэж байхгүй. Тиймээс энэ дэлхийн зүйлсийг ч алдалгүй, Бурханы ерөөлийг ч алдахгүйгээр блансыг нь бариад Бурханы хаанчлалын төлөө өөрийгөө бүрэн зориулж чадахгүй төөрөлдсөн, будилсан эсвэл дүр исгэсэн хуурамч итгэгчид олон байдаг.
Мат6:24 “Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.” Мөн Ром 12:2 “Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санаагаа шинэчилж, өөрчлөгдөгтүн! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно.” Тиймээс өнөөдөр бол хамгийн сайн тааламжит цаг байна. Есүс өнөөдрийн номлолоор дамжуулан та бидэнд маш чухал мөнх амийг олж авах нууцыг заан өгч байна. Таны төлөө, таны авралын төлөө, таны зөвт байдал, таны итгэл, итгэлийн өсөлтийн төлөө юм. Тиймээс та Есүсийн үгийг хүүхэд адил цэвэр, даруу сэтгэлээр хүлээн авч, дуулгавартай дагадаг нэгнээр өсөж чадахыг хүсэн гуйж байна. Бурханд л бүх итгэл найдвараа тавьдаг, Есүсийн жинхэн шавиар амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
Дүгнэлт: Ром 6:23-д “Мөнх амь бол Бурханы бэлэг юм.” Өөрийн сайн үйлээр олж авах зүйл биш, Есүс Христэд итгэснээр авдаг Бурханы бэлэг. Мөн Иохан 5:24-т “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжсэн.”
Энэ бүхэн боломжгүй мэт санагдаж болох юм. Шавь нарт ч гэсэн тэгж санагдсан. 27-р эшлэлд Есүс “Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой” гэж хэлсэн. Та бидэнд үнэхээр боломжгүй мэт зүйлс Бурханд боломжтой. Үүнчлэн аврал, мөнх амийг олж авах нь зөвхөн Бурханы хийх ажил юм. Харин таны хийх, хичээх зүйл нь Бурханд бүрэн дүүрэн итгэж, найдах, Түүний үгийг даруу сэтгэлээх хүлээн авч, дуулгавартай дагах л явдал юм. Амен.
Иох 6:28,29 “Тэгтэл тэд Түүнд бид Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ? Гэсэнд Есүс тэдэнд Түүний илгээсэн Нэгэнд та нар итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав.” Амен
Эзэн Бурханд цэвэр сэтгэлээр, жинхэнээсээ итгэдэг итгэгчидээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.26/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.27/