Өдөр бүрийн хоол /2025.10.11/

Бид Бурханы хүүхдүүд
1Иохан 3:1-10
“Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!”(1а)
1. Эцэгийн агуу хайр (1-2)
Бид урьд нь гэм ба алдаа зөрчлөөсөө болж үхсэн байсан. Чөтгөрийн боол болж, харанхуй ба шантрал дотор зовж байгаад эцэст нь үүрд мөнхийн шийтгэлийг авахаас өөр аргагүй байв. Гэвч ийм биднийг Бурхан өрөвдөн хайрласан. Тэгээд бидний оронд Өөрийн цорын ганц Хүү Есүс Христийг загалмайд цовдлуулснаар биднийг үхлээс аварсан. Үүгээр ч үл барам биднийг Өөрийнхөө хүүхдээ болгосон. Энэ нь үнэхээр Түүний агуу хайр юм. “Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй.”(1) Бурханы хүүхдүүд болсон бид Эзэн хожим дахин ирэхэд Түүнийг харж, Түүнтэй адил төрхөөр өөрчлөгдөнө. Цаашлаад Бурханы өвийг өвлөн авах болно. Энэ нь Бурханы бидэнд өгсөн агуу хайр буюу ивээл юм.
2. Бурханаас төрөгч (3-10)
Бурханы хүүхдүүдэд амьд найдвар байгаа тул Эзэн ариун байдаг шиг бид ч өөрсдийгөө цэвэршүүлэх хэрэгтэй.(3) Есүс нүглүүдийг зайлуулахын төлөө энэ газарт ирээд загалмайд цовдлогдон, нандин цусаа асгаруулсан. Үүнийг мэдэж, итгэдэг хүн хуучин гэмт амьдрал уруугаа буцан явж чадахгүй. Мөн Түүний дотор байгч бид гэмийг үргэлжлүүлэн үйлдэж чадахгүй. Яагаад гэвэл бидний дотор Бурханы үр болон Ариун Сүнс байдаг учирт юм.(9) Хэрэв бид гэм үйлдвэл Ариун Сүнс ухааруулж, гэмшихэд минь тусалдаг. Иймээс бид Ариун Сүнсний удирдлагыг гомдоож, үл тоомсорлож болохгүй. Бид Ариун Сүнсний удирдлагыг дагахад зөвийг үйлдэж, ах дүүгээ хайрлан, ариунаар амьдарч чадна.
Гуйлт: Эзэн минь! Намайг Таны хүүхэд болгосон их хайранд тань талархаж байна. Ариун Сүнсийг даган амьдарснаар Бурханы хүүхэд шиг байхад минь туслаач.
Нэг үг: “Бид Бурханы хүүхдүүд”
өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.13/