Ажил үйлс ба үнэнээр хайрлацгаая
1Иохан 3:11-24
“Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая.”(18)
1. Ах дүүгээ үзэн яддаг нэг нь (11-15)
Бид Бурханы хүүхдүүд учраас гэмээс холдон, ариунаар амьдрах хэрэгтэй. Харин зөвхөн ингээд зогсох биш, идэвхтэйгээр хайрлан амьдрах хэрэгтэй. Төрсөн дүүгээ алсан Кайныг бид мэднэ. Тэрээр өөрийнх нь ажил үйлс бузар муу, дүүгийнх нь үйлс зөвт байсан учир дүүдээ атаархсандаа түүнийг үзэн ядаж алсан. Бидэнд ч Кайн шиг ийм муу чанар байдаг. Бид ийм байж болохгүй бөгөөд харин бусдыг хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэн.(14) Харин ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн.(15) Алуурчны дотор мөнх амь байхгүй. Хайр нь амь бөгөөд үзэн ядах нь үхэл юм. Үзэн ядах сэтгэлийг гэмшиж, хайрлахад мөнх амийг эдэлнэ.
2. Ажил үйлс, үнэнээр хайрлацгаая! (16-24)
Есүс бидний төлөө амиа өгсөн. Үүгээр бид хайрыг мэдсэн учраас ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой. Хайр бол бодит үйлдэл юм. Эд хөрөнгөтэй хэн нэг нь ах дүүгийнхээ хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд сэтгэлээсээ туслахгүй бол энэ нь хайр биш. Хайр нь хэл үгээр биш, харин бодит ажил үйлс, үнэнээр хийгддэг зүйл юм. Ингэж хайрлан амьдарвал бид өөрийгөө үнэнийнх гэдгээ мэдэж, Эзэний өмнө зүрхээ бататгаж чадна. Хэрвээ бид зөвхөн үг хэлээр л хайрлавал бидний зүрх сэтгэл маань биднийг буруутгадаг. Тэгвэл бүхнийг мэдэгч Бурхан яах бол оо? Харин бид бие биеэ хайрлан амьдарвал Бурханы өмнө гуйсан болгоноо хүлээн авч чадна. Мөн Ариун Сүнс биднийг Эзэн дотор байгааг баталж өгнө.
Гуйлт: Эзэн минь! Миний төлөө амиа өгсөн Есүсээр дамжуулан хайрыг харуулсанд баярлалаа. Ажил үйлс ба үнэнээр ах дүүгээ хайрлан амьдрахад минь туслаач.
Нэг үг: “Хайрлан амьдрагч нь Түүний дотор байна.”