2025оны ХБК-н 2-р номлол (04.26) Ч.Базардаргиа хн

Буруутгадаггүй Есүс

Иохан 8:1-11
Гол эшлэл 8:11

“Тэр—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ”

Өнөөдрийн номлол дээр завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйн тухай гарч байна. Есүс үхэх нүгэлтэй байсан эмэгтэйд хэрхэн хандаж түүний хийсэн үйлдлийг өршөөж уучилсан хайрынх нь талаар суралцах болно. Энэ түүхээр дамжуулан өнөөдөр биднийг ч мөн “би ч чамайг шийтгэхгүй” гэж Есүсийн хэлж байгаа үгийг сонсож чадахыг хүсэн гуйж байна.
1. Завхайрсан эмэгтэй(1-8)
Иохан 7:53 дээр “Бүгд гэр лүү гээ явлаа” гэж байна. Өмнөх 7-р бүлгийг харах юм бол хүмүүс Майхан баярыг тэмдэглээд харьцгааж байна. Майхан баяр нь 7 хоногийн турш болдог иудейн уламжлалт баяруудын нэг байсан бөгөөд энэ баярыг дуусгаад харьж байгаа хүмүүс ихэд ядарсан. Хурдан харьж амрахыг бодож явсан. Харин 1-р эшлэлд “Есүс Чидун уул өөд явав” гэж байна. Есүс Чидун ууланд ихэвчлэн залбирахаар гардаг байсан. Энэ удаа ч тэр мөн залбирахаар Чидун уул өөд явж байна. Хүн ихэвчлэн махан биеэр амрахыг амралт гэж боддог. Өнөөдөр Бид ч мөн дан ганц махан биеэ амраах бус сүнсээ ч мөн амраах хэрэгтэй. Тэгсэнээрээ сүнсээ дагаад махан бие ч сайн амарч чадна. Заримдаа бидний хувьд Бурханы алдрын төлөө амьдрах үед бидний сүнс, бие махбод бодитоор ядрах үе байдаг. 1:1-ны библийн хичээл хийх, дагалдагч босгох, альфад үйлчлэх, цуглаанд үйлчлэх тийм ч амар биш. Биднийг ядраан цөхрөлд оруулах үе байдаг. Энэ үедээ та Есүс шиг залбираарай. Тэгэх үед та дахин шинэ хүчийг аван ядарсан бие хүчтэй болно.

Ийнхүү амарч чадсан Есүс 2-р эшлэлийг харах юм бол “өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр суугаад, тэдэнд зааж эхлэв” гэж байна. Залбирал Түүнийг маш их хичээнгүй, зоригтой болгож. Бурханы үгийг дамжуулах ажлаа хичээнгүй хийж байна. Есүс сүнсээр өлсөж цангасан хүмүүст өглөө эртнээс хичээнгүйлэн Бурханы үгийг заасан. Бурханы үг библийн үг нь, хүний амьдралын утга учир ба зорилгыг зааж өгч, Амьдалын зөв үзэл бодол, хүсэл найдварын тухай зааж өгдөг. Бурханы үг нь эдгэшгүй гэмтнийг өөрчлөн Бурханы хүүхэд болгодог. Тиймээс хүнд хамгийн сайн туслах арга нь Бурханы үгийг заах явдал юм. Ийм л учраас Есүс Бурханы үгийг заах үүргийг хичээнгүйлэн биелүүлж байна. Өнөөдөр бид ч мөн Есүс шиг хичээнгүйлэн үгийг заах ёстой юм аа.

Одоо 3-6а-р эшлэлийг үзээрэй. Есүс Бурханы үгийг хичээнгүй зааж байхад хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг чирч ирээд, голдоо зогсоон буруутгасан. Тэд ийнхүү асуусан нь Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд байсныг бид 6а-р эшлэл дээрээс харж болно. Энд гарч байгаа фарисай болон хуулийн багш нар нь тухайн үеийнхээ иудейн шашны удирдагч нар ХГ-г судлан тайлбарлахад бүх насаа зориулдаг хүмүүс байсан. Тэдэнд ард түмний сайн хоньчин болох үүргийг Бурхан өгсөн. Гэвч тэд Бурханы хонин сүрэгт ямар ч анхаарал тавьдаггүй ганцхан Есүсийг үй олон хүн дагаж байгаад атаархан түүнийг унагахыг хүссэн хүсэлдээ автан завхайрч байсан нэгэн эмэгтэйг түүн дээр авч ирэн хуулиар түрий барин Есүсийг унагана гэж төлөвлөн иржээ. Энэ төлөвлөгөө нь ч маш мэргэн санаа байсан. Учир нь тухай үеийн Ромын хууль нь, иудейчүүд цаазын ял оноох эрхгүй болохоор чулууд гэж хэлвэл Ромын хуулийг зөрчсөн хэргээр буруутгагдах байсан. Мөн өнгөрсөн хугацаанд хайрыг чухалчлан зааж байсан Есүсийн номлол нь хуурамч болох байв. Харин чулуудаж болохгүй гэвэл Мосегийн хуулийг зөрчсөн хэргээр иудейн шашны буруутгал авах байсан.

Ингэж асуун ирсэн хуулийн багш болон фарисайчуудад Есүс юу гэж хариулсан бэ? 6б-г харах юм бол “гэтэл Есүс бөхийж хуруугаараа газарт бичив” гэж, Есүс газарт юу бичсэн нь тодорхойгүй. Гэхдээ энэ үйлдэл нь тэр шууд хариулахыг хүсээгүй гэдгийг харуулж байна. Түр цаг өгч байна, харж байна, өөрөө ч тэр, хуулийн багш фарисайчуудад ч тэр. Есүс ингэж бодох цаг өгсөний адил би ч мөн шууд хариултыг хэлэхгүй.

Одоо бүгдээрээ завхайрлын гэмийн талаар жоохон бодоцгооё. Завхайрлын гэм нь гэм дотроо Бурханы өмнө маш том гэм юм. Завхайрлын гэмд гэр бүлээс гадуурх харилцаа, садар самуун явдал, ижил хүйстний харилцаа, порнограф үзэх гэх мэт зүйлс орно. Матай номын 5:24 хүн бие мах бодиор үйлдэхгүй ч оюун бодолдоо эмэгтэй хүнийг тачаадан харах нь завхайрсан гэм болно гэж хэлсэн байдаг. Мосегийн хуулинд завхайрлын гэм бол өөршөөлгүй. Ерөөсөө хоёуланг нь хамт чулуудаж алах ёстой л байсан. Энэ нь тухай үеийн иудейн хууль байсан учир Ийм хүнд гэм гэдгийг эмэгтэй мэдэж л байсан байх, Гэтэл Эмэгтэй яагаад үйлдсэн болоо. Ихэнх хүмүүс гэмийг үйлдэхдээ дараах 3н зүйлийг боддог 1-рт “Зөвхөн ганцхан удаа” юм чинь, 2-рт “бусад хүмүүс ялгаагүй үйлддэг юм чинь”, 3-рт “бусдад мэдэгдэхгүйгээр нууж чадна” гэж боддог. Гэвч эдгээр бодлууд нь бүгд сатаны маш том тактик ба урхи байдаг. Сатан энэ тэр гэсэн шалтаг шалтгааныг бодогдуулан биднийг гэм рүү уруу татдаг. Ямар ч хүн сатаны энэ л бодол, шивнээг өөрийн хүч ба ухаанаар дийлж чадахгүй. Ихэнх хүн ганц нэг удаа үйлдсэнийхээ дараа болино гэж боддог. Гэвч Ром 6:19-р эшлэл “Та нарын махбод сул дорой.” Гэж хэлсэн байдаг. Ийм учраас миний тэр ганц л удаа юм чинь дээ, бусад хүмүүс ч ялгаагүй юм чинь лай л байна, нуучихна аа гэсэн бодлуудыг минь ашиглан, хүмүүсийг насан туршдаа арилгаж болохооргүй алдаа хийлгэж, түүгээрээ гэмийн хүлээсэнд оруулдаг. Махан биеийн хүсэл тачаалын боолчлолд орвол хүн болохгүй гэдгийг мэддэг хэрнээ өөрийгөө захирч чадалгүй гэмийн хүсэлд хөтлөгдөн давтан гэмд унадаг. Өнөөдөр бидний дунд vapeны асуудал байж болжийн, тамхи байж болжийн, юу ч байж болно бид болохгүй гэдгийг тархиараа мэдэж байгаа ч эдгээрийг больж чададгүй хэрэглэх гэсээр л байдаг. Сатан үүгээр л биднийг үхэл рүү дуудаж байдаг. Ялангуяа залуучууд бидний хувьд энэ хүсэл тачаал буюу завхайрлын гэмийн уруу татлага нь маш нялуун, сэтгэл булаам байдаг учраас хамгийн амархан унаж, гэмийн урхи болдог. Жишээ нь одоо сүүлийн үед эрчимтэй эсэргүүцэж байгаа. Vape нь Уушгины өвчин, Зүрх судасны систем, Хорт хавдрын эрсдэл, Тархины хөгжил гэх мэт өвчнүүдийн үүсэх эрсдэлийг бий болгож хүний дундаж наслалт 5–10 жилээр богиносох эрсдэлтэй гэж зарим судлаачид анхааруулдаг. Энэ судалгааг бидний дунд мэдэхгүй, сонсож байгаагүй, эсвэл хортой гэж үг сонсож байгаагүй хүн бараг байхгүй байх. Гэвч энэ маань завхайрал үйлдсэн эмэгтэйтэй яг адилхан юм. Эмэгтэй үхэх хуультай гэж мэдэж байсан ч завхайрсан. Эсрэгээрээ бид тамхиа vape-ээ ийм муу гэдгийг мэддэг хэрнээ бодлоороо бодоод больж чадахгүй байгаатай адилхан эмэгтэй ч мөн өөрийн бодлоор эсвэл хуулийн үхнэ гэсэн шийтгэлээс болоод больж чадаагүй. Тэр дахин үйлдсэн. Махан биеийн хүсэл тачаалын асуудал нь ийм хэцүү зүйл, энэ нь сатаны маш том хүчтэй зэвсэг юм. Бид энэ сатаны дайралт хүчийг өөрийн хичээл зүтгэл ба шийдвэрээр хэзээ ч шийдэж чадахгүй бөгөөд гинж мэт биднийг улам л хүлдэг. Тиймээс залуучууд бид нар энэ тал дээр онцгойлон сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм.

Одоо үргэлжлүүлэн 7,8-р эшлэлийг үзье. “Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод, тэдэнд-Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, Тэр дахин бөхийж, газарт бичив” гэж бичигдсэн байна. Есүс босож цэх зогсоод Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд чулууд гэж хэлсэн. Ингэж хэлснээрээ тэр Мосегийн хуулиар шийтгэж болно. Гэхдээ нүгэлгүй хүн нь эхлээд шидээрэй. Гэж хэлээд дахиад бөхийж газарт юм бичлээ. Энэ удаа Есүс Бусдыг шүүмжилж буруутгадаг хүмүүс эхлээд өөрсдийгөө харахыг Есүс, уриалж сууж байна. Тэгсэн 9-р эшлэлийг харах юм бол Ахмадуудаасаа эхлээд бүгд гарч явсан. Өөрийгөө ямар их гэмтэй вэ? гэдгийг мэддэг хүмүүс бусдад энэрэл ба нигүүлсэнгүй сэтгэлээр ханддаг. Бид эндээс хэн ч энэ эмэгтэйг буруутгах эрхгүй гэдгийг мэдэж болно. Учир нь гэвэл энэ ертөнцөд зөвт хүн ганц ч байхгүй юм. Бүх хүн Бурханы өмнө гэмтэй учраас бусдыг шүүн буруутгах эрх байхгүй. Гэхдээ Есүсийн ийнхүү хэлсэн нь биднийг бузар муу, завхайрлын гэмийг чимээгүй өнгөрөө гэсэн үг биш. Харин эмэгтэйг шүүх эрх нь зөвхөн Бурханд л байна гэж харуулсан. Есүс хүмүүст эмэгтэй рүү чулуу шидэхийн өмнө өөрсдийгөө нэг Бурханы өмнө эргэцүүлэн бодож харахад тусалсан. Тэд Есүсийн үгийг сонсоод эмэгтэйг буруутгах боломжгүйгээ олж харсан. Тиймээс бид ч мөн бусдыг шүүж буруутгахаасаа өмнө эхлээд өөрийгөө Бурханы өмнө шалгах хэрэгтэй юм.

2. Би ч чамайг шийтгэхгүй (10-11)
10,11-р эшлэлийг үзээрэй хамтдаа уншицгаая “Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд-Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу гэсэнд тэр-Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс- Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ”. Эмэгтэйг буруутган, шийтгэх гэж байсан хүмүүс бүгд ахмадаасаа авхуулаад нэг нэгээрээ гарч явсаар зөвхөн эмэгтэй л ганцаараа үлдсэн. Гэхдээ тэнд ямар ч нүгэлгүй Нэгэн үлдсэн. Мөн тэнд эмэгтэй уруу чулуу шидэх эрхтэй ганцхан хүн л байсан. Тэр бол Есүс Христ. Эцэстээ эмэгтэй Есүсийн өмнө ганцаараа зогссон. Харин Есүс эмэгтэйд юу гэж хэлсэн бэ? “Би ч чамайг шийтгэхгүй” гэж хэлсэн. Есүс тэр эмэгтэйг буруутгаагүй. Эмэгтэйг шүүх, буруутгах эрхтэй цор ганц Бурханы Хүү Есүс “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн тунхагласан. Энэ эмэгтэйд хандаж буй Есүсийн хандлага бол Есүс энэ дэлхийд ирсэн нь, гэмтнүүдийг буруутган шүүхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэдгийг харуулж байна. Иохан 3:17-д “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” хэмээн хэлсэн. Бурхан биднийг шийтгэхээс илүү аврахыг хүсдэг. Энэ л аврал зүгээр нэг олдоогүй бөгөөд маш өндөр төлөөсөөр бий болсон. Есүс гэмээс болж бидний үүрэх ёстой байсан шийтгэлийг загалмай дээр өөрөө золилт болон үүрсэн. Тиймээс Есүс л “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж чадсан юм. Бид Есүс дээр ирэх үед, Есүс биднийг бүхий л буруутгал, шийтгэл, гэмээс авран чөлөөлөх чадалтай. Энэ цагт бидний гэмийн төлөөх шийтгэлийг Өөртөө үүрсэн Есүсийг магтацгаая.
Мөн хамтдаа Есүсийн “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж буй үгийг итгэлээр хүлээн зөвшөөрцгөөе. Тэгвэл бид янз бүрийн буруутгалаас чөлөөлөгдөж, Бурханы нигүүслээр Есүсийн төлөө зоригтой үйлчлэн амьдарч чадна. Ром 8:1-д ийнхүү хэлсэн “Иймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй” гэж хэлсэн. Хажууд сууж байгаа хүндээ хэлье. Диовал буюу муу ёрын сүнс өдөр бүр бидний чихэнд буруутгалын үгийг минут, секунд тутам шивнэсээр байдаг. Хэрэв бид энэ л сатаны буруутгалын үгэнд автвал буруутгалын хүлээсэнд гинжлэгдэн гэр бүлдээ, үр хүүхэд, чуулган, хоньдод үйлчилж чадахгүй болно. Харин сатан бидний чихэнд шивнэх үед даруй, хурдан Есүс уруу очин “Би ч чамайг шийтгэхгүй” гэж хэлж буй үгийг сонсох хэрэгтэй. Магадгүй өөрөө дахин дахин давтан хэлэх хэрэгтэй. “Есүс намайг шийтгэхгүй” “Есүс намайг шийтгэхгүй” гэж хэлэх хэрэгтэй. Энэ цагт “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж буй Есүсийн үгийг итгэлээр хүлээн авч Бурханы дуудлага ба алсын хараанд эрч хүчтэй, урам зоригтойгоор үйлчилж чадахыг хүсэн гуйж байна.

Одоо 11-р эшлэлийг дахин үзээрэй. Есүс эмэгтэйд “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ” Есүс эмэгтэйд шинэ амьдралын чигийг өгч байна. Хэсэгхэн хугацааны өмнө л үхэх ялтай байсан. Ингээл бүх юм дуусаж байгаа юм шиг байсан эмэгтэй өршөөгдсөнөөс гадна. Дахин нүгэл бүү үйлд буюу шинэ амьдралын хүсэл найдвартай итгэлтэй болоод урагш алхах зориг дүүрэн явж байна. Энэ цагт хамтдаа хэлье дуулья “урагш алхах зориг минь та” гэж. Ингэж өршөөлийн ивээлийг авсан хүний хувьд дахиж нүгэл үйлдэхгүйн тулд хичээж урьд байсан гэмтэйгээ тэмцэлдэж амьдрах нь авралын ивээлийг жинхэнэ нандинаар эдлэх нууц нь юм.

Намайг Чулуундорж овогтой Базардаргиа гэдэг. Би 2003 оны 04 сарын 28нд Улаанбаатар хотод төрсөн. Би 5 нас хүртлээ аав ээж дүүгийн хамт амьдарч байгаад аав ээж 2 маань хуулиар гэр бүл салгуулан, дүү бид 2 ээжтэйгээ өвөө эмээтэйгээ амьдарч эхэлсэн. Би дөнгөж 5 настай хүүхэд байсан учир аав ээжийнхээ салалтын талаар юу ч ойлгоогүй байхад салцгаасан. Би Багаасаа л математикийн давтлага ой тогтоолтын дугуйлан шатар даамны сургалт гэх мэт зүйлсэд явдаг байсан. Би тэргүүний сурагч онц сурагч нийслэлийн шилдэг 333 сурагч болж амжилттай сурч байсан ч энэ бүгд миний гаднах зүйл л байсан. Би томрох тусам аав гэх хүнийг л тэнд байх ёстой нэгнийг тэр нэрний эзнийг бодох бодол нулимстай өдрүүд ихсэж эмзэг болж эхэлж байсан. Ангийнхаа найзуудын аавдаа хайртай гэж хэлэх үг хүртэл бага байхад зүгээр байдаг байсан бол нас нэмэгдэж анги ахих болгонд, аав төрсөн өдрөөр ирэх бол уу, ирнэ гэсэндээ яах бол над руу залгасан болов уу, ээж яриулахгүй гээд, залгасан ч аваагүйн бол уу, гэж бодно. Ер нь би аавтайгаа дунд анги төгстлөө тэгж их уулздаггүй ганц нэгхэн удаа хүүхдийн баяраар парк орж гандан гарч байсан. Би дотроо үргэлж л ээж аав 2 эргэж нийлээсэй л гэж бодно. Өөрөө аав ээж шигээ салахгүй шүү миний доторх, мэдрэгдэж байгаа бүхэн над дээр дуусна л гэж явдаг байсан. Би дунд ангиасаа спортоор хичээллэж эхэлсэн. Сургуульдаа улам л танигдаж, хүмүүс багш нар ч надад их сайн байсан. Би 9-р ангидаа найз охинтой болсон. 11-р ангид манай найз охины ээж Солонгосд сурч байгаад Монголд ирсэн. Тэхдээ ирэхдээ нутагтаа буцаж ирэхээр биш хүүхдүүдээ аваад нөхрөөсөө гэрлэлтээ салгуулаад Солонгос руу нүүхээр болсон байсан. Миний хувьд аав ээж салж байсан учир ямар байдгийг мэднэ. Найз охиндоо ярилцаж, чадхаараа туслаж байсан ч, Солонгосд амьдрахаар болсон учир надтай ч салах шийдвэр гаргасан. Энэ мэдрэмж дахиад л салалт байсан миний дотор 2дохоо болж байгаан. Хэзээ ч салахгүй гэж боддог байсан мөн миний хамгийн их итгэж байсан зүйл дахиад тасрах үед, би үнэхээр сонин болж өнгөрсөн. Үүний дараагаар их сургуульд орж эхний жилдээ 1 жилийн цэрэгт явж ирлээ. Цэргээс халагдаж ирээд их сургуульдаа орлоо. Гэхдээ дөнгөж саяхан ирсэн болохоор эхний хэдэн сар бол өдөр болгон шахуу он жавуудаараа уулздаг анхныхаа баарнаас авхуулаад жинхэнэ шоу, завхайрлын гэмийн амьдралыг бол тасласангүй. Би 2022 оны намраас 2023 оны зун хүртэл ер нь бол эдгээр маань давтамжтай үйлдэгддэг болсон. Архи дарсыг үгүйсгэж больж чадаж байсан ч эмэгтэй хүнтэй завхайрлын гэмийг больж чададгүй байсан.
Бурхантай уулзсан амьдрал
2023оны хавар ШУТИС-н номын санд анх хн-той тааралдаж ЮБФ цуглааны анх уригдсан. Дараа 7 хоногт нь над руу утсаар ярьж уулзаж хамт хоол идлээ. Тэрний дараа 7 хоногт дахин уулзаж анхныхаа библийн хичээлийг хийж Тэнгэр газрыг бүтээсэн Бурханы тухай мэдэж авсан. Өмнө нь би библи гэж харж байсан. Харин энэ удаад энэ хичээл гээд зүйл шал өөр байлаа. Өмнө нь би ийм утгатай нууцлаг зүйлс байна гэж бодож ч байгаагүй. Хичээл хийх нь надад таалагдаж дахиад сурахаар 7 хоног болгон ирж хичээл хийдэг боллоо. Уулзах болгонд манай хн надад хоол авч өгнө. Хичээл болгоноор ямартай ч нэг зүйлийг сурсаар байлаа. Гэхдээ би бүтэнсайн өдрийн цуглаанд ирдэггүй байсан. Удахгүй болох хаврын библийн конференцд урьсан би мөн л яваагүй. Харин хичээлээ хийж цуглаанаас гадуур уулзаж л байлаа. Ингэж явсаар зуны амралт болж би ажил хийсэн учир амжихгүй гээд хичээл хийсэнгүй. Тэгсэн ч гэсэн надтай холбоотой байж ажил дээр ч ирж уулзаж хоол авж өгчөөд явсан. Намар хичээл эхлэж бид 2 дахиад 7 хоногт хичээл хийдгээрээ хийж намайг цуглаанд удирдгаараа урин. Удахгүй Намар дахиад конференц болдог намайг мөн урьсан. Би дахин явахгүй худлаа л гэсэн. Тэгэх= дээ тасралтгүй асууж конференцийн өглөө 5 дахын өглөө хүртэл уулзаж намайг ятгасан. Би явахгүй гээд гарсан ч орой нь анх удаа НБ-н конференцэд явсан. Анхны цуглаанд сууж шинэ хүмүүстэй танилцаж, номлол сонсож, хн-дын амьдралын гайхалтай намтар гэрчлэлүүдийг сонсож үзлээ. Тэр намтарууд ямар гайхалтай юм бэ, гэж бодогдож байсан. Насаа хны гэрчлэл надад маш их хүрсэн. Ээжийнхээ төлөө залбирсан залбирал. Хотод ирээд би Насаа хны ээжийн эдгэрлийг, аав нь хавдартай байгаа найздаа андаа эдгэрэх боломж байна залбираарай цуглаанд яваад мэдлээ яваарай гэж хэлсэн. Уулзахаасаа өмнө нь би Бурхан минь та энэ гэр бүлийг элэг бүтэн байлгаж өгөөчээ гэж гуйж байсан. Одоо найз маань цуглаанд яваагүй ч аав нь эрүүл байгаа нь Бурхан миний гуйлтад хамгийн сайнаар хариулж өгжээ. Ингээд конференцийн дараа би удалгүй сэтгэгдлийн цуглаан дараа нь бүтэнсайны цуглаандаа явж эхэлсэн. Хичээлээ тогтмол хийж бусдынхаа итгэлийг харж Бурханыг илүү их таньж итгэж эхэлсэн. “Загалмайд цовлогдсон Есүс” зарлигаар миний гэмийг Есүс үүрсэн гэдгийг ойлгож библийн хичээлээр дамжуулж Есүсийг хүлээж авсан. Үүний дараа Солонгос руу виз өгсөн түүнийхээ төлөө гуйсан. Бурхан үүнийг бас зөвшөөрч өгсөн. Өвлийн амралтаараа Солонгос ажил хийх зорилготой ч үүнээс илүү тэнд байгаа Ехтэй уулзах гэсэн хүсэлтэй. Очоод уулзсан уулзаад Бурхан надад ойлгуулсан зүйл бол бид 2 биш юм байна. гэдгийг мэдүүлсэн. Үүнийг мэдсэн би удаад байх шаардлага байсангүй ажил ч олдохгүй. Монгол руу 7 хоногийн дараа буцсан. Олон хүмүүс гайхаж байлаа. Сара хн “Базараа ирчихсэн юм уу, за за Бурханы төлөвлөгөө хүсэл юм байлгүй” гэж хэлсэн. Тэр нь тийм байсан. Надад 7 хоног биш үлдээд 1 сарын хугацаатай ажил олдсон ч би ирсэн. 16 хоногийн дараа ээж минь гэнэт зуурдаар өөд болсон. Маш хэцүү мэдрэмж Солонгосоос ирээд библийн хичээлээ хийгээд, үйлчилдэг Бурхан гэж сурахдаа гэртээ үйлчилнэ гэж бодсон. Тэгсэн ээж маань огт өвдөдгүй хүн байхгүй болчих бол үнэхээр цээж зурж байсан. Mаргааш юу болохыг хэн ч мэдэхгүй гэж би зөндөө л мэддэг сонсож байсан. Гэхдээ би яг тэр үед өөрөө маргааш юу болохыг мэдээгүй. Энэ үед Сара хны “Бурханы төлөвлөгөө хүсэл” гэсэн үгийг санаж Би ирэхгүй байж болох л байсан. Солонгосд харамсаад байж болох л байсан. Гэвч гэртээ ирээд үйлчилдэг Бурханыг сураад үйлчлээд байсан маань Бурхан намайг удирдсан байна гэдэгт зөндөө баярласан. Гэсэн ч заримдаа Бурханд та өгөөд буцааж авдаг гэдэг дуугаар та буцааж авах юм бол яах гэж өгдөг байна гэж гомдлож байлаа. Ээж минь миний хүсдэг өөрт нь амласан зүйлсийг үзэлгүй та явчихлаа гэж уйлж байсан ч, Дахиж дээшээ харж тийм шүү дээ би ч мөн уулзана. Бурхан амьдын Бурхан боломжгүй зүйл түүний дотор юу ч үгүй ээж минь диваажинд орсон хэрвээ үгүй бол боломжгүй зүйл гэж байдаггүй юм чинь миний итгэлээр надаар дамжуулж Бурхан намайг хайрлаж ээжийг минь аварч чадахгүй гэж үү чадна шүү дээ гэж бодсон. Би өөрийгөө ялсан, тайвширсан. Бурхан зүгээр болгож өгсөн. Бурханы удирдлагад талархаж байна. Өнөөдрийн номлол дээр гардаг завхайрлын гэмийн дунд байсан эмэгтэйг Есүс гэмээс нь чөлөөлж өгсөн шиг, үхвэл зохих нэгэн байсан намайг шийтгэлгүй өөрийн хайртай хүү болгож шинэ амьдралыг өгсөн эзэн Бурханд талархаж байна. Энэ гэмийг хийхдээ би яг номлол дээр гарсан шиг ганц удаа юм чинь бусад ч адилхан юм чинь нэг удаа хийж үзье мэдье гэж Бурханы өмнө аймшигтай гэмийг үйлдэж мөн тэрийгээ өөрийн санаа бодлоор больж чадахгүй тэр дундаа амьдарч байх үед минь Есүс намайг буруутгасангүй шүүх ёстой нэгэн намайг шүүхгүйгээр хүлээж авч өнөөдөр энд номлох хайр ивээлийг өгсөнд талархаж байна. Мөн миний хамгийн хэцүү үе ээжийгээ алдах үед ч Бурхан дэргэд минь байж цуглаанаар өөрийн хүмүүсээр дамжуулж миний дэргэд үргэлж хамт байсанд талархаж байна.

Дүгнэлт:

Өнөөдөр нийгэм дээр бид нарыг маш олон зүйлс чулуу шидэн буруутгахаар бэлэн байж байдаг. Эсрэгээрээ бид ч мөн өөрсдөө хэн нэгнийг тэглээ ингэлээ гэж хардаг. Гэхдээ энэ 2 нь хоёулаа Есүс дээр ирсэнээрээ нэг нь аврагдаж нөгөө нь өөрийгөө олж харж чадсан шиг энд суугаа шинэ оюутнуудыг би уриалмаар байна. Есүс дээр ирж жинхэнэ үнэнийг таньж мэдээсэй хэмээн хүсэн гуйж байна. Та урьд нь хэн ч байсан болно. Ялалдаг нь эсвэл ямар нэг нь зүйлээр буруутгагдаж байгаа нэгэн аль нь ч байсан Есүс таньд туслаж жинхэнэ авралыг өгөх болно. 1Иохан 4:7,8 дээр “Бурхан бол хайр. Хайрладаг хүн бүр Бурханаас төрдөг” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр энд сууж байгаа хүн бүр Есүсийн өршөөлийн хайрыг мэдрээсэй гэж хүсэж байна. Мөн хайрладаг Бурханаас төрсөн шинэ хүмүүс болоосой хэмээн хүсэн гуйж байна. Ганцхан Есүс л биднийг Буруутгахгүй шүүхгүй өршөөн хайрласан юм. Ааваа таны энэ агуу хайрыг хүн бүр сэтгэлдээ гүн мэдэрч өөрт байгаа олон буруутгалаас чөлөөгдөж Есүс “би ч чамайг буруутгахгүй” гэсэн үгийг сонсож чадахыг хүсэн гуйж байна. Миний хувьд би эзэний өмнө аймшигтай гэм нүгэлтэй завхайрагч байсан. Би номлолоор дамжуулан эзэний өмнө дахин ирж байна. Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? таны үгийг сахисанаар гэдэг үг байгаа. Энэ л үгийн дагуу дахин нүгэл бүү үйлд гэж хэлсэн үгийн дагуу хичээн амьдарна. Шинэ амьдралыг өгсөн Бурханд талархаж байна. Амен

өмнөх нийтлэл2025 оны Иохан 1-р номлол (04.26) У. Мөнхтөр хн
Дараагийн нийтлэл2025 Лук 16-р хичээл (05.04)