Өдөр бүрийн хоол /2025.03.08/

Загалмайгаар л бахархдаг Паул

Галат 6:11-18

“Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайнаас өөр юугаар ч би үл сайрхана.”(14а)

1. Махбодиор сайхан харагдахыг хүсэгчид(11-13)
Хуулийг баримтлагчид нь хөвч хөндөх ёслолыг чухалчилж, түүнийг хийлгэснээр л аврагдана гэж үздэг. Тэд хуулийг сахидаггүй мөртлөө ингэж хөвч хөндөх ёслолыг онцгойлж байгаа нь махбодиороо сайрхаж, гайхуулах гэснийх юм. Мөн Христийн загалмайнаас болж хавчигдахгүй байхын тулд юм(12). Тэд дотоод хүнээс илүү гадаад байдлыг чухалд тооцож, Бурханаас ирдэг алдраас илүү хүмүүсээс магтаал сайшаалыг авахыг хүсдэг хүмүүс байсан.
2. Загалмайгаар л бахархдаг Паул(14-18)
Харин Паул “Бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг” гэж хэлж байна. Үүний учир нь Есүс Христийн загалмайд л биднийг гэмээс аварч, шинэ хүн болох хүч байдаг учраас тэр юм. Паул дэлхийн зүйлсийн хувьд үхсэн хүн болсон. Түүнд дэлхийн болон махбодийн бахархал нь ямар ч утгагүй болсон. Харин зөвхөн Есүс Христийн дотор шинэ бүтээл болсон нь л хамгийн үнэ цэнэтэй байв(15). Иймээс тэр урьд нь бахархдаг байсан дэлхийн зүйлсийг хог гэж тооцох болов. Мөн тэр биедээ Есүсийн оромнуудтай учраас үүнээс хойш хэн ч надад гай зовлон бүү авчраг гэж байна(17). Энэ оромнууд нь Есүсээс болж хавчигдсанаар бий болсон бөгөөд түүнийг хичнээн үнэнч элч болохыг нь гэрчлэх баталгаа юм.
Залбирал: Эзэн минь ээ! Би махбодийн зүйлсээр бахархдаг хүн байсандаа гэмшиж байна. Биднийг гэмээс аварч, шинэ хүн болгодог Есүсийн загалмайгаар бахархдаг хүн болохыг гуйж байна.
Ганц үг: “Загалмай л миний бахархал”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.07/
Дараагийн нийтлэл2025 Лук 11-р хичээл (03.16)