2025 оны эхний тусгай номлол (01.05) Эбэ Матай хн

Амьд найдвар өгсөн Бурханыг магтагтун.

1 Петр 1:1-12
Гол эшлэл 1:3,4

“3 Эзэн Есүс Христийн маань Эцэг, Бурхан магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд, 4 мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй, харин та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн.”

Бага Азийн хойд хэсгээр тархсан Христэд итгэгчдэд хандсан энэхүү захиандаа Петр тэднийг “Бурханы сонгосон хүмүүс” гэж нэрлэсэн. Захидлын гол зорилго нь итгэлээсээ болж хавчлагад өртөн зовж яваа итгэгчдийг урамшуулах явдал байлаа. Есүс Христэд итгэдэг гэсэн ганцхан шалтгаанаар бүх зүйлээ алдан доромжлол ба буруутгалыг авч байгаа хайртай итгэгчдээ урамшуулахад энэ захидлын гол утга учир оршиж байгаа юм. Би Христэд итгэдэг гэсэн ганц үгнээс болоод алуулж, тамлуулж, хонь ямааны арьс нөмрөн агуй болон нүхэн доор амьдарч байсан итгэгчдийг та нар төсөөлөөд үзээрэй. Амь насаа алдсан итгэгчид ч маш олон байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн. Ингэж амьдарсан тэднийг дэлхийн үзэл бодол, харан өнцгөөр харахад гунигтай. Харин ийм тэдэнд Петр хожим ирэх амилалтын талаар сануулан энэ дэлхийд найдварыг суулгаж байна. Цаашлаад амьд найдвартай хүн нь энэ дэлхийд хэрхэн амьдрах талаар, ариун амьдрах талаар заан өгч байна. 2025 оны шинээр эхлүүлж байгаа бид нар өнөөдрийг үгээр дамжуулан Бурханы хаанчлалын талаарх амьд найдвартай, амилалтын агуу итгэлтэй байж хожим ирэх Есүс Христийг хүлээн энэ дэлхийд гэрэл ба давс болж амилалтын итгэлээр амьд найдварыг тээн амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
1. Бурханаар сонгогдсон ард түмэн (1-2)
Элч Петр эхлээд Бурханыг магтаж байна. Тэрээр юунаас болж, хэцүү байдлын дунд ч Бурханыг дүүрэн магтаж байна вэ? Би өнөөдөр энд сууж байгаа нь сонгогдсон учраас энд сууж байна. Хэнд сонгогдсон гэж? Бурхан өнө эртний цагаас намайг эхийн хэвлийд байхаас минь сонгон миний төлөө гайхалтай зүйлийг хийсэн юм.
1-р эшлэлийг үзээрэй “Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Ази болон Битунд тархсан, түр суурьшигч нарт” Тэрээр итгэгчдийг “түр суурьшигч нар” хэмээн дуудаж байна. Түр суурьшигч гэж хэн бэ? Гэр орон, эд баялаг, эрх мэдэл, нэр алдаргүй амьдарч байгаа нэгнийг түр оршигч гэж хэлдэг. Аянчин, даяанч нарыг түр суурьшигч гэж хэлдэг. Хүмүүсийн дуртай үг энэ бол биш. Энэ үгний ард ядуу, гуйлгачин, хэн ч биш, хамгийн сул дорой нэгэн гэсэн утгыг агуулж байгаа. Яагаад эд нар энэ нэрийг авах болсон бэ? Тэд Есүс Христэд итгэдэг ганцхан шалтгааны улмаас түр суурьшигч гэх нэрийг зүүх болсон. Тэд хавчлагаас болж гэр орон, ажил, амьдралын бүхийл зүйлсээ орхиж зугтаж амьдрах болсон. Тэд хэн ч мэдэхгүй, танихгүй, хоосон газарт дүрвэгч мэт амьдрах болсон. Та нар төсөөлөөд үзээрэй. Би хэн ч биш нэгэн болоод дүрвэгчдийн хуаранд амьдарч, айж, ичиж, эмээж, уйлсан амьдралаар өдөр хоногоийг өнгөрөөж байна гэж бодож үзээрэй. Хадан агуйд хонь ямааны арьс нөмрөн амьдарч, зарим нь алуулж, зарим нь илдэнд хөнөөгдөж, зарим нь амьдаараа хөрөөгдөж байлаа хэмээн Еврей 11:36-38-д бичигдсэн байдаг.
Харин элч Петр нь тэднийг хүний газарт түр суурьшигч, дүрвэгсэд мэт өрөвдөлтэй нүдээр хараагүй. Тэрээр тэдэнд гайхалтай Бурханы үгийг дамжуулан ийнхүү хэлсэн. Одоо 2-р эшлэлийг үзээрэй “Та нар Бурхан Эцэгийн урьдаас харсны дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байх болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай” гэж хэлсэн. Элч Петр нь тэднийг “Бурхан эцгийн сонгосон хүмүүс” гэдгийг дахин сануулж байна. Гайхалтайгаар тэр агуу төлөвлөгөөний дагуу та нарыг сонгосон хэмээн хэлж байна. Бурхан эцэг урьдаас биднийг харж мэдэн сонгосон гэж хэлсэн.
Энэ дэлхийн тоолшгүй олон хүний дундаас Бурхан намайг онцгойлон сонгосон. Энэ нь ямар нэг чадвар, гавьяа шагнал биш бөгөөд гагцхүү Бурханы нигүүслээр л бий болсон. Би Бурханыг сонгосон бус Бурхан өөрийн эрх мэдэл таалал дотор энэ ертөнцийг бүтээхээс өмнө намайг сонгосон юм.(Еф 1:4, Их 15:16). Яагаад намайг сонгосон юм бол, энэ ямар агуу их хайр вэ? Энэ ямар их золиос вэ? Энэ нь ямар их ивээл ба ерөөл нигүүсэл вэ? Тиймээс сонгогдсон ивээл нь үнэхээр гайхамшигтай бэлэг билээ.
Бурхан энэ дэлхийг хайрлан цорын ганц хүүгээ илгээсэн. Хүн төрөлхтөний гэм нүглээс болж завхарсан энэ дэлхийг аврах гэж Бурхан Есүс Христийг энэ дэлхийд илгээсэн. Бурханы хийсэн гайхалтай зүйл нь миний төлөө гайхалтай хайрын золиосыг тэр гаргасан болно. Намайг гэмээс болж шаналж байхад, намайг үзэн ядалтаас болж хорсож байхад, намайг амьдралд ялагдан аврал хүсэж байхад, намайг бусдад гологдон амьдарч байхад, намайг хэн ч биш нэгэн болж шаналж байхад тэр намайг сонгож надад Есүсийг илгээж намайг уучилж, хайрлаж, намайг босгон байгуулж, урамшуулж, надад шинэ амьдралыг өгсөн. Миний хуучин хүн үхсэн. Ахиж миний дотор байхгүй. Би Христийн цацсан цусаар гэмээ угаалгаж шинэ хүн болсон. Намайг хараач би чиний мэддэг Гал-эрдэнэ биш би Бурханы үгийг тунхагладаг, бусдыг хайрлаж үйлчилж босгон байгуулдаг, тэднийг урамшуулж хайрладаг Бурханы хүү Галаа Петр байна. Намайг хараач би чиний мэддэг Эрдэнэбат биш. Би Бурханыг хайрладаг, гэр бүл, үр хүүхэд, эхнэрээ чинь сэтгэлээсээ хайрлаж үйлчилдэг, ах дүү нартаа Христийг гэрчилдэг тахилч, ариун үндэстний өвөг дээдэс болсон Эрдэнэбат хоньчин байна. Намайг хараач би … гээд олон хүнийг бид ингэж хэлж болно.
2-р эшлэл дээр Ариун сүнсээр биднийг ариусгаснаар ялзарсан энэ дэлхийгээс ялган тусгаарлаж, Есүс Христэд дуулгавартай итгэснээр Түүний цусаар цацуулагдсан гэж тодорхой хэлсэн. Мөн нигүүсэл ба амар тайван улам илүү дүүрэн байна гэж хэлсэн.
2-р эшлэлийг харвал Есүс Христийн цус бидний бүх гэмийг ариусган, Түүнтэй шинэ гэрээний харилцаатай болсон бөгөөд нэг хүнийг сонгохын төлөө ийнхүү Бурхан Эцэг, Ариун Сүнс Есүс Христ гурав ажилласан гэдгийг харж болно. Нэгэн итгэгч пастортоо танд Билл Гейтсийн хөрөнгийг бүгдийг нь өгье. Та юу хийх вэ гэж асуужээ. Пастор ихэд баярлаж би өглөө босоод Бурхандаа залбирна, өдөр бүрийн хоолоо иднэ, гарч сайн мэдээ тараана, гэртээ ирээд эхнэртэйгээ хоол хийж иднэ, ач зээ нартайгаа тоглоно аан нөгөө мөнгө байгаа билүү …..нээх амьдралд өөрчлөлт алга даа гэж хариулжээ. Би бас бодлоо надаад Билл Гейтсийн хөрөнгө ирвэл би яах вэ? Өглөө босоод усаа ууна, 2 өндөгөө шарж иднэ. Ажилдаа явна. Замаараа сэнта дайраад залбирна. Ажил дээрээ залуучуудад үгийг дамжуулна, зөв үлгэр дуурайлал үзүүлнэ, Ханна хоньчин руу залгаж юу хийж байна гэж асууна, орой яах талаар ярина, Элбэрэлтэй ярина. Нээрээ нөгөө баахан мөнгө жаахан хэрэглэх л байх. Азтай юм аа би энэ их хөрөнгийг аваад. Энэ их хөрөнгө үү? Энэ бол Билл Гейтсийн мөнгө биш шүү. Бурханы надад өгсөн нигүүсэл болон амар тайванаар дүүрэн энэ амьдрал. Билл Гейтсийн мөнгө сайхан ч Бурхан намайг урьдаас харж, ариусган, тусгаарлаж хамгийн нандин гэм зэмгүй Есүсийн цусаар цацуулан сонгосон нь үнэхээрийн талархмаар зүйл юм. Дэлхийн зүйлсийг бодвол заримдаа бачуурмаар, боож үхмээр, уурламаар, эгдүүцмээр, зүхмээр, зайлсхиймээр байдаг. Харин сонгогдсон миний хувьд энэ нь нигүүсэл ба амар тайвнаар солигдсон юм.
Дэлхийн хүмүүсийн нүдээр харахад тухайн үеийн болон өнөө үеийн христэд итгэгчид нь нэг их онцгойроод байгаа юм байхгүй ч тэдний дотор амар тайван, нигсэл, хайр дүүрэн оршиж байдаг. Түр суурьшиг ч бид нар Бурханы зүгээс онцгойлон сонгогдсон нандин хүмүүс юм. Бие биедээ хэлэх үү? Та бол Бурханаар сонгогдсон онцгой нандин хүн шүү. Би бол Эцэг, Хүү, Ариун сүнсээр сонгогдсон хүн гэсэн өөрийнхөө байр сууринд итгэлтэй, бахархалтай хүмүүс болж энэ дэлхийд гэрэл ба давс болон бусдыг босгон байгуулж урамшуулдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
2. Амьд найдварыг өгсөн Бурхан (3-4)
Одоо 3,4-р эшлэлийг үзээрэй. “Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн” Хэцүү зовлонтой байгаа итгэгч нараа бодохоор сэтгэл нь шаналж байсан байх харин тэрээр Бурхан үг л энэ хүмүүсийг босгон байгуулахыг мэдэж байсан тул “Эзэн Есүс Христийн маань Бурхан Эцэг магтагдах болтугай” хэмээн Бурханыг магтаж дуулсан. Нөхцөл байдал хэцүү байхад юун магтаал билээ? Яагаад Бурханыг магтагтун гэж хэлсэн бэ? Агуу өршөөлөөр, Есүс Христийн амиллалаар амьд найдвар өгөгдсөн учраас магтагтун гэж хэлсэн. Тиймээ Бурхан бидэнд амьд найдварыг өгсөн. Амьд найдвар гэдэг нь мөнгөгүй болсон ч байж л байдаг, нэр алдаргүй болсон ч байж л байдаг, эрх мэдэл эд хөрөнгөгүй болсон ч байж л байдаг, харилцаа эвдэрсэн ч байж л байдаг тэр найдварыг хэлдэг юм. Есүс Христийн дахин амилалтаар баталгаажсан тэр найдварыг хэлж байна. Есүс Христ дахин амилснаараа өгөгдсөн найдвар учраас амилалтын найдвар юм. Энэ дэлхий дууссан ч Бурхан амилалтыг бидэнд бэлдсэн байгаа. Гайхалтай зүйл болох болно. Библийн түүхэн үнэн болсон Есүс Христийг амилуулж бидэнд гайхалтай ажлыг харуулсан шигээ бидэнд ч бас энэ амилалтыг Бурхан зөвшөөрч өгсөн. Христийг хүлээн авч дахин төрсөн бүх хүнд Бурхан энэ амилалтыг бэлдсэн байгаа. Бид энэ дэлхийн төгсгөлд Бурханы хүүхдүүд болсон тул амиллалын биеийг өмсөх болно. Заримдаа хүний орчлонд ирээд явж байгаа энэ биеийг харах тоолонд сэтгэлээр унах үе гардаг. Өчигдөр байсан хүн өнөөдөр байхгүй болж, хэдэн жилийн өмнө хүч чадалтай байсан нэгэн хэний ч төсөөлж байгаагүйгээр өвдөн шаналж хэвтэж байхыг харахад сэтгэл өвддөг. Ханиаданд дарлагдан амьдарч, хавдарт эзлэгдэн амьдарч, насны эрхээр хөгширч байгаа бусдыг харж, заримдаа залуу байхдаа хийж чаддаг байсан шигээ хүчгүй байгаа өөрийгөө харвал сэтгэлээр унаж шаналмаар санагддаг. Харин энд байгаа амьд найдвар нь амилалтын найдвар нь түүнд итгэх итгэлээр дахин төрсөн хүн бүрд өгөгдсөн гайхалтай Бурханы бэлэг юм. Энэ цагт амилалтын найдварыг бидэнд энд сууж буй хүн дахин төрсөн хүн бүрт өгсөн Бурхандаа талархаж байна.
Хүний амьдралд найдвар гэдэг зүйл маш чухал байдаг. Хүн юунд найдах вэ? гэдгээсээ хамаарч амьдралынх нь утга учир, зүг чиг өөрчлөгддөг. Хүн бүрт нэгээс дээш найдвар байж л байгаа. Бидний бодит амьдрал дээр найдвар нь маш чухал байдаг. Хүмүүс нь ямар нэгэн найдваргүйгээр амьдрах боломжгүй. Миний хувьд өөрийгөө дандаа 25 настай гэж боддог байлаа. Харин 45 нас хүрээд яагаад ч юм нэг л өөрийгөө өөр болж байгааг мэдрэх болсон. Амархан ядрах, амархан цуцах, жаахан орой унтахаар маргааш нь ядраад л, ойрын хараа муу болж фокуслан хардаг болсноо мэдсэн. Аавыгаа, авга ахыгаа, хайртай дотны хүмүүсийг нас барахыг харан үхлийн талаар бодон гунигтай сэтгэл хааяа төрдөг байсан. Ялангуяа залуу хүмүүс нас барах, өчигдөр хамт байсан нэгэн өнөөдөр байхгүйг харан сэтгэл өвддөг болсон. Ийм үхлийн талаар гунигтай байсан надад Бурхан амилалтын найдвар болсон зарлиг заах боломж олгон түүнийг тунхаглан миний дотор мөн бидэнд амьд найдварыг өгөхөөр ирсэн Бурханыг магтаж байна. 2025 оныг жинхэнэ амьд найдвар болсон Есүс дээр тулан амьдарч, амилалтын хүсэл мөрөөдлөөр амьдрах Бурханы амлалтын үг, урам зориг, амьд итгэл өгч байгаа Бурхандаа талархал магтаалыг өргөцгөөе.
Өнөөгийн үеийн олон залуус нийгмийн болон хувийн олон асуудалд автан шантрал дунд гуниглан, хүчгүй, ямар ч найдваргүй амьдарч байна. Шантрал нь хүнийг үхэлд хүргэдэг өвчин гэж хэлсэнчлэн олон хүн найдваргүйгээс болж үхмэл амьдарч байна. Заримдаа энэ дээр байгаа 126 гишүүн, Монгол улсын ирээдүйг бодохоор ямар ч хүсэл найдвар төрөхгүй байгаа нь нууц биш юм. Найдвар нь хүнийг амьдруулж, мөн амьд гэдгийг мэдрүүлж өгдөг гайхалтай хүч юм. Найдвар нь хүнийг агуу ажил руу хөтөлдөг хүч нь болдог. Ядуугаасаа гарч баян болох, хичээнгүйлэн сурч эмч болох, бусдад туслах гэж сайн дурын ажил хийх гээд хүмүүст олон найдвар байдаг. Гэвч эдгээр найдвар нь мөн чанар нь муу биш боловч хэзээ нэгэн цагт үгүй болж мөхөх найдварууд юм. Танд гунигтай сонсогдож магадгүй. Мөн зарим найдварууд нь мөхөлд хүргэж, хүний бие сэтгэлийг бузар, цэвэр бус байдалд оруулдаг гэжээ.
Энэ дэлхийд хичнээн сайхан хүнээр хичээж амьдарсан ч, өндөр боловсролтой болсон ч, мэдлэгтэй баян байсан ч, мөнхийн шийтгэлд орохоос аргагүй байгаа нь гэмтэй хүн төрөлхтөний бодит хувь заяа юм. Энэ дэлхийд мөнх зүйл гэж байхгүй. Бүгд мөхөж устаж алга болно. Харин библи бидэнд дахин хэлж байна. 4-р эшлэлийг дахин үзээрэй. Миний төлөө та бүгдийн төлөө өв байгаа гэдгийг бидэнд сануулж байна. Бурхан энэ дэлхийд цорын ганц хүү Есүсийг илгээж, үхэл ба амиллаар дамжуулан дахин төрүүлснээрээ бидэдн амьд найдварыг өгсөн юм. Бурханы агуу нигүүлсэл ба Есүс Христийн золиослолоор Бурхан бидэнд амьд найдвар өгсөн юм. Тиймээс ийнхүү амьд найдвартай болсныг мэдээжийн зүйл юм шиг үнэ цэнгүй тооцож болохгүй. Бид өдөр бүр устаж үгүй болох энэ дэлхийд найдах биш харин хожим илчлэгдэх амиллалын найдвараар энэ дэлхийд бахархалтай, амар тайван бас нигүүслээр дүүрэн амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Бас Бурханы энэ амьд найдварыг мэдэхгүй хүмүүс Есүс Христийг тунхаглан амьд найдварыг түгээн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амьд найдвараар дүүрэн хүн угаасаа амьтай хүч чадалтай, хүсэл мөрөөдөлтэй амьдарна. Энэ дэлхийн зүйлсэд хүсэл найдвар тавиагүй хүмүүсийг харахаар үнэхээр гайхалтай байдаг шүү. Бидэнд бас олон жишээ байгаа. Абрахам Исаакыг өргөж байгаа нь амьд найдвартай учирт юм. Даниел хааны зарлигийг зөрчин Бурханыг магтсан нь амьд найдвартай байгаа учирт юм. Дэлхийн 80 гаруй улсад Бурханы үгийг тунхаглан амьдарч буй ЮВФ хоньчдыг харвал тэдэнд амьд найдвар дүүрэн байгааг харж болно. Өнөөдөр таны амьдралд ч бас амьд найдвар дүүрэн байгаасай хэмээн ерөөн залбирч байна. Энэ цагт амьд найдварыг өгсөнд нь талархаасай хэмээн хүсч байна.
Үргэлжлүүлэн Бурхан итгэгч бидний төлөө Есүс Христэд итгэж дахин төрсөн бидний төлөө тэнгэрт хадгалсан өв нь үүрд мөнх хадгалагдана гэжээ. Мөхөхгүй, бузартахгүй, алга болохгүй, гайхалтай өв юм. Энэ өв нь Бурханы хаанчлал билээ. Илчлэл 21,22-р бүлэг дээр дурдсан шинэ тэнгэр ба шинэ газар, Ариун шин Иерусалим хот, болор мэт гялалзсан амийн усны гол, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод, тэнд цаашид ямар ч хараал байхгүй, үхэл гэж байхгүй гашуудах уйлах өвдөх гэх мэт зүйл үгүй болно хэмээн илчилсэн байдаг. Тэнд Бурхан бидний Бурхан болж бид Түүний ард түмэн болно. Энэ л өв бидний жинхэнэ хүсэл найдвар бөгөөд мөнхийн хорогдох газар юм. Энэ өв нь тэнгэрт хадгалагдсан учраас хэн ч хулгайлж чадахгүй. Газар хөдлөл болсон ч ганхаж нурахгүй. Цөмийн бөмбөг дэлбэрсэн ч алга болохгүй. Ийм өвийг авах бид нар амьд найдвараар дүүргэдэг учраас бид үргэлж амьтай, баяр хөөртэй амьдарч чадах юм. Бидэнд мөнхийн хаанчлалыг өгсөн Бурханыг энэ цагт магтацгаая. Өдөр бүр Бурханы хүүхэд гэсэн итгэл ба бахархалтайгаар урам зоригтой байж энэ дэлхийд аянчин мэт дэлхийн зүйлсэд хүлэгдэлгүй баяр хөөр, амар тайван, хүсэл мөрөөдөл, тэвчээр болон хатуужил, зоригтой байдал болон ухаантайгаар гэмтэй дэлхийг ялж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
3. Зовлонгоор дамжигдан шижир алт мэт болох итгэл (6-12)
6-12-р эшлэлээр дамжуулан сорилт болон зовлонгуудаар дамжин бидний итгэлийг алтнаас ч илүү үнэтэй болгох талаар дурджээ. Амьд найдвар нь бидний итгэлийн амьдралд урам зориг ба Христийн төлөө золиос, зориулалт гарган амьдрах хүчийг өгдөг. Бид хараахан тэнгэрийн хаанчлалд бус энэ бодит дэлхий дээр амьдарч байгаа. Заримдаа итгэгч нарт дааж чадамгүй сорилт болон зовлон ирэх үе байдаг. Доромжлол, үзэн ядалт хорсолууд ч ирж байдаг. Гэвч элч Петр нь үүндээ үлэмж баярладаг гэж 6-р эшлэл дээр илчилэн хэлж байна. Цаашлаад яагаад баярлах талаар 7-р эшлэл дээр тайлбарлан хэлж байна. Бүгдээрээ хамтдаа уншъя. “Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал алдар, хүндэтгэлд хүрэх юм.” Элдвийн сорилт зовлонгоор дамжин бидний итгэл нь шалгагдаж, шижир алтнаас ч илүү үнэтэй итгэлийг олох учраас бид баярлаж чадах юм. Шалгагдсан итгэл нь хэзээ мөхөхгүй бөгөөд эцэст нь Есүс Христийн илчлэл дээр биднийг магтаал алдар хүндэтгэлд хүргэх болно.
Дүгнэлт: 2025 он эхэлж байна. Биднийг хайрлаж Есүс Христийг илгээж бидэнд түүнд итгэх итгэлээр минь дахин төрүүлж тэнгэрийн хаанчлалын амьд найдварыг өгсөнд талархаж байна. Бид хожим илчлэгдэх амилалтын найдвар, амилалтын итгэлээр энэ дэлхийн хоосон, хуурамч, мөхөж алга болох найдваруудыг орхин тэнгэрийн хаанчлалын өв болсон мөнхийн улсад бүрэн найдвараа тавин итгэлийн замаараа баяр хөөртэй, хүчтэй, амар тайван алхдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Та чадна. Бурханы өгсөн амьд найдвар танд байхад та юуг ч даван дийлнэ. Бүгдээрээ бие биедээ хэлцгээе. Бурхан өгдөг амьд найдвараар дүүрэн болцгооё. Амен.

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.06/
Дараагийн нийтлэл2024 оны 1 Петр 2-р хичээл (01.12)