АВРАГЧ ЭЗЭН ХРИСТ ТА НАРЫН ТӨЛӨӨ МЭНДЭЛЛЭЭ
Лук 2:1-20
Гол эшлэл 2:11
“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”
Өнөөдөр бол Есүс Христ мэндэлсний баярын өдөр юм. Библийг харвал Есүсийг төрөх үед ер бусын олон онцгой үйл явдлууд болсон тухай тэмдэглэсэн байдаг (Мт 1,2; Лук 1). Энэ л онцгой үйл явдлуудыг жил бүр дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүн өөр өөрсдийн үндэстний онцлог ба хэв маягт тохируулан үзэж, сонсож, уншиж, Бурханд алдар ба магтаал, талархлыг өргөн тэмдэглэдэг. Тэгвэл яагаад жил бүр энэ л өдөр Есүс мэндэлсэн баярыг ийнхүү маш чухалд тооцон тэмдэглэж байна вэ? Өнөөдөр бид ч гэсэн энэ л шалгааны улмаас энд цугласан юм. Яагаад? Учир нь гэвэл Есүс мэндэлсэн үйл явдал нь энгийн нэгэн зүйл биш бөгөөд, бүх хүнд хамаатай, бүх ард түмэнд үлэмж баярлуулах сайхан мэдээ учраас юм(Лук 2:10). Та хүүхэд эсвэл том хүн, та аав эвсэл ээж, эмээ эсвэл өвөө, ажил хийдэг, хийдэггүй, оюутан эсвэл залуу, эрэгтэй эсвэл эмэгтэй, орос эсвэл монгол гэх мэт хэн байх, ямар байр суурьтай байх гэдгээс үл хамааран Есүс мэндэлсэн нь таньтай шууд холбоотой. Өнөөдрийн бидний үзэх гэж буй Лук номын 2-р бүлэгт тэмдэглэгдсэн үйл явдлыг сайн харвал Есүс мэндэлсэн нь таньтай, надтай, бид бүхэнтэй шууд хамааралтай гэдгийг мэдэж болно. Тиймээс энд ирсэн хүн бүр өнөөдрийн болж буй бүх үйл явдлыг анхааралтай ажиглаж, анхааралтай сонсож, Бурханы танд дамжуулж буй үгийг гүнзгий тунгаан бодож, зүрх сэтгэлдээ бүхнийг нандигнан хадгалваас Есүс мэндэлсэн утга учрыг ойлгох болно. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн хүн нэг бүр зүрх сэтгэлээ нээлттэй байлгаснаар, зөвхөн Бурханы өгдөг үлэмж баяр хөөрийг амсаад гарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Бетлехем хотод мэндэлсэн Есүс (1-7)
1,2-р эшлэлийг үзээрэй “Газар бүрт хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ. Энэ нь Куриныг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тооллого байлаа” гэж байна. Энд гарч буй Цезарь Август нь ойролцоогоор МЭӨ 27-МЭ 14 онуудын хооронд хаанчилж байсан Ромын эзэнт гүрний анхны хаан. Тэрээр Ромын түүхэнд хамгийн тогтвортой хөгжил цэцэглэл, энх тайвныг авчирсан чухал түүхэн хүн юм. Цезарь Август нь өөрийн харьяанд байгаа колони улс орнуудаас албан татвар болоод цэргийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай зарлиг гаргасан. Энэ нь Куриныг Сирийн захирагч байх үед хийгдсэн анхны тооллого байв. Лук номд эдгээр хүмүүсийн нэр болоод хүн амын тооллогыг дурдан, онцолж буй шалтгаан бол Есүсийн мэндэлсэн тухайн цаг үеийн он цагийг тодотгохын тулд бөгөөд дээрх хүмүүс нь түүхэн бодит байсан шиг, Есүс нь бодит түүхэн үйл явдлын дунд мэндэлсэн гэдгийг хожим уншигч бидэнд ойлгуулахын тулд ийнхүү бичжээ. Өнөөдөр олон хүн Есүсийг бодит биш, хийсвэр, зохиомол, надтай ямар ч хамаагүй гэж боддог. Гэвч түүхийн баримт болоод библийн олон тэмдэглэлийг нарийн сайн судлан үзвэл, Есүс мэндэлсэн, хүмүүсийн дунд оршин байсан, амьдарсан нь үнэн, бодит бөгөөд таньтай шууд хамааралтай гэдгийг мэдэж болно.
3-5-р эшлэлийг үзээрэй “Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот руу явцгаав. Иосеф Давидын удмын хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот руу, жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлхээр бас явав” гэж байна. Ромын хаан Цезарь Августын зарлиг бол тухайн үед ээ туйлын эрх мэдэлтэй, хүчтэй байсан. Тиймээс хүмүүс тооллогод бүртгүүлэхийн тулд өөр өөрийн төрөлх хот руу явж энэхүү тооллогод бүтгүүлдэг байв. (Өнөөдөр бид сонгууль өгөхдөө өөрийн албан ёсны хаяг дээрээ очиж өгдөг шиг). Тиймээс Иосеф, жирэмсэн Мариагаа дагуулан Галилын Назар хотоос Иудейн Бетлехем руу тооллогод бүтгүүлэхээр явсан. Энд гарч буй Иосеф, Мариа нар бол Есүсийн эцэг эх юм. Назар хотоос Бетлехем хүртэл 90мл буюу 150 орчим км зайтай. Энэ замыг одоогийнх шиг машин, унаа, онгоцоор туулна гэж байхгүй. Харин тухайн үед явган эсвэл илжиг унан явдаг байв. Тиймээс Иосеф, жирэмсэн болсон Мариаг дагуулан явах нь амаргүй байсан нь ойлгомжтой. Магадгүй тэдний энэ л аялалыг хүний нүдээр харвал азгүй тохиолдол юм шиг, жирэмсэн хүнтэй энэ хол замыг туулна гэдэг нь хэн хэнд нь маш зовлонтой, бодитоор туулахад маш их тэвчээр шаардсан, ямар ч утгагүй хол замыг туулж буй мэт санагдаж магадгүй юм. Гэвч энэ нь санамсаргүй явдал биш бөгөөд үүний цаана Бурханы маш гүн гүнзгий таалал ба төвөлгөө байсан юм.
ХГ-ны Мика номын 5:2-т “Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Миний төлөө Израилыг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэрээр эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй” гэж хэлсэн. Бурхан Есүсийг мэндлэхээс 700н жилийн өмнө, эш үзүүлэгч Микагаар дамжуулан Аврагчийг Давидын хот болох Бетлехемд мэндэлнэ гэж амлажээ. Иосеф Мариа хоёр тооллогод бүртгүүлэхээр Бетлехем руу явсан нь Бурханы өнө эртнээс Аврагчийг Бетлехемд мэндэлнэ гэсэн зөгнөлийг биелүүлсэн явдал байв. Энд Бурханы ажил ба төлөвлөгөө нь хүний ойлголт, хүний ухаарал зэргээс үл хамааран, ямар ч нөхцөл байдлын дунд биелдэг гэдгийг харуулж байна. Мөн энэ үйл явдлыг томоор харвал Бурхан бол энэ дэлхий ертөнцийн Хамгийн дээд удирдагч, Хаадын Хаан, Эздийн Эзэн гэдгийг мэдэж болно. Тухайн үед Цезарь Август бүх дэлхийг хөдөлгөж, удирдан захирч, бүх хүний амьдралыг нэг л тушаал ба зарилгаараа хөдөлгөж байсан. Гэвч Бурхан Цезарын хүн амын тооллогыг өнө эртнээс амалсан, зөгнөсөн, төлөвлөсөн ажилдаа хэрэглэсэн гэдгийг харж болно. Хүмүүс бидний хувьд дэлхий ертөнц, улс орныг, нэг хүн, нэг нам, нэг улс төрч, нэг удирдагч удирдан, миний амьдралыг тэд шийдээд байгаа мэт санагдах үе байдаг. Тиймээс тэднийг үргэлж хараан, зүхэж, тэднийг харах бүрд нүд хорсож, стресс, уур бухимдлаар дүүрэн амьдрах үе байдаг. Гэвч өнөөдрийн үгнээс харвал Бурхан бол бүхний дээр байж хэнээс ч үл хамааран өөрийн амласан, зөгнөсөн, төлөвлсөн, хэлсэн ажлаа заавал биелүүлдэг гэдгийг мэдэж болно. Хэрэв хүн энэ л үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы дээд эрх мэдэлд итгэж амьдарвал тухайн хүний амьдрал ба ирээдүй нь итгэл найдвар, гэрэл гэгээтэй, баяр хөөр, амар тайван байж, утга учиртай үнэ цэнтэй амьдралаар амьдарч чаддаг.
6,7-р эшлэлийг үзээрэй “Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.” Иосеф Мариа хоёрыг Бетлехемд байх үед Мариагийн төрөх цаг нь болж, ууган хүүгээ төрүүлэн, тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь “тэднийг хоноглуулах өрөө байсангүй” гэж байна. Есүс тэжээлийн онгоц дотор тавигдсан нь маш гүн гүнзгий утга учиртай. Есүсийг төрүүлээд тэжээлийн онгоц дотор тавьсан үйл явдлыг хүний оюун ухаанаар бодож, ойлгон, хүлээн зөвшөөрхөд амаргүй. Магадгүй Есүсийг хэн ч хүлээн аваагүй, анзаараагүй байх. Есүс үл тоомсорлогдсон, муу хувь заяатай төрсөн мэт харагдаж байна. Гэвч Есүс тэжээлийн онгоцонд тавигдсан нь биднээс болсон юм. Өөрөөр хэлбэл Есүс хүмүүс бидэнтэй адил болж, хүмүүс бидний мэдэрдэг мэдрэмж, зовлон зүдгүүр, муу хувь заяа, гадуурхал, доромжлол, үл хүндлэл, үл тоомсорлол зэрэг бидний бусдаас авдаг бүхий л зүйлийг мэдрэхийн тулд, ийнхүү тэжээлийн онгоцонд тавигдсан. (Өлсдөг хүний зовлонг өлсөж үзсэн хүн л ойлгодог гэдэг үг байдаг). Үүн шиг хүмүүс бидний зовлонг бидэнтэй адил амьдарч, бидний мэдэрдэг мэдрэмжийг мэдэрч, бидэнтэй адил нөхцөл байдалд орж үзсэн нэгэн л ойлгож чадна. Тиймээс Есүс бүх хүнд хүрэхийн тулд, бүх хүнийг ойлгохын тулд ийнхүү хамгийн дорд байдалд мэндэлсэн юм.
2. Үлэмж баярлуулах сайн мэдээ Есүс (8-20)
8,9-р эшлэлийг үзээрэй “Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байв. Гэнэт Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ” гэж байна. Есүс Христ мэндэлсэн мэдээг Бурхан хамгийн түрүүнд тэнгэр элч нараар дамжуулан эргэл жирийн, хээр талд хоноглож буй хоньчдод мэдэгдсэн. Түнэр харанхуй шөнө сүргээ манаад хээр хоноглож байсан хоньчдод, Гэнэт Эзэний цог жавхлан тэдний эргэн торойнд гийж, тэдний зогсож байсан харанхуй шөнийг гэрэлтүүлсэн.
Тэнгэр элч хоньчдод юу гэж хэлсэн бэ? 10-р эшлэлийг үзээрэй “Тэнгэр элч тэдэнд- Бүү ай, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа” гэв. Энд гарч буй “бүрх ард түмнийг” гэдэг нь дэлхийн бүх хүмүүс буюу нийгмийн давхарга, үндэс угсаа, арьс өнгө, баян ядуу, хөгшин залуу гэх мэт ямар байр суурьтай, хэн байх зэргээс үл хамааран бүх хүнд зориулагдсан, бүх хүнтэй хамаатай сайхан мэдээ гэсэн утгатай. Мөн энд сууж буй таньтай ч гэсэн хамааралтай гэдгийг хэлж байна.
Өнөөдөр олон хүн айдас бас санаа зовиур, стресс, уур бурхимдал, атаа жөтөө, үзэн ядалт зэргээр дүүрэн харанхуй шөнө мэт амьдралаар амьдарч байна. Ялангуяа залуу, оюутнууд янз бүрийн гэм ба нийгмийн буруу хандлага нөлөөнөөс болж амьдралдаа хэзээ ч арилгаж чадахааргүй алдааг үйлдэн амьдарсаар байна. Гэвч Есүс мэндэлсэн үйл явдал бол хүмүүс бидний харанхуй мэт энэ л амьдралд гэрэл гэгээ итгэл найдвар, үлэмж баяр хөөр, сайн мэдээ болж ирсэн юм. Тиймээс хүн бүр гэрэл болж ирсэн Есүсийг амьдралдаа хүлээн зөвшөөрвөл Бурханы гэрэл гэгээ, амар тайван тухайн хүний амьдралд гийх болно. Үүний бодит жишээ бол манай чуулганы итгэгчид, хоньчид юм. Та бүхэн найрал дууг дуулж буй оюутан залуусын нүүрийг харсан байх. Тэднээс Бурханы гэрэл, Бурханы цог жавхланг гэрэлтэж байгааг харсан байх. Учир нь гэвэл бүгд Есүсийг өөрийн амьдралдаа хүлээн зөвшөөрсөн учраас Тэдний амьдралаас Бурханы гэрэл цацарч байгаа юм. Тэгвэл яагаад Есүс мэндэлсэн нь намайг болон чамайг бүх хүнийг үлэмж баярлуулах сайхан мэдээ болж байна вэ? энэ тухай бүгдээрээ гүнзгий бодоцгооё!
11-р эшлэлийг үзээрэй. ”Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”. Тэнгэр элч хоньчдод Есүс мэндэлсэн гол утга учрыг цөөхөн хэдэн үгээр ийнхүү хураангуйлан хэлсэн. Тэнгэр элч Есүсийг Аврагч, Эзэн, Христ хэмээн тодотгон тунхаглаж байна. Эдгээр нь юу гэсэн утгатай вэ? Энд гарч буй Аврагч гэдэг үг нь грек хэлээр Σωτήρ (Sōtēr) “Сотер“ гэж бичдэг. Энэ үг нь “аврагч” “эрх чөлөөг олгогч” “гай зовлонгоос чөлөөлөгч” гэсэн өргөн утгатай үг. Энэ үгийг Грек, Ромын соёлд ард түмнийг дайн тулааны үед аварч, ялалт байгуулсан, баатарлаг үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд өргөн хэрэглэдэг байсан бөгөөд Бурхан, Хаад, эсвэл баатруудыг ийнхүү дууддаг байсан байна. Үүнээс харвал Есүс бол хүмүүс биднийг ямар нэгэн зүйлээс аварч, бидэнд эрх чөлөөг олгохоор ирсэн Аврагч байна гэдгийг мэдэж болно.
2-рт Эзэн гэж хэлсэн. “Эзэн” гэдэг нь англи хэлээр “The Lord” гэж бичдэг бөгөөд, Еврей хэлээр WHWH(Ехова) хэмээн бичдэг. Энэ нь Төгс Хүчит, Бүхнийг Захирагч, Хаадын хаан Эздийн Эзэн буюу цор ганц Бүтгээгч Бурхан гэсэн утгатай. Тэгхээр Есүс бол Бурханлаг мөн чанартай цор ганц Бурхан гэдгийг тэнгэр элч бидэнд заан өгч байна. “Христ” гэдэг нь грекээр “Χριστός (Christos), еврейгээр מָשִׁיחַ (Mashiach) Мессиа гэж бичдэг бөгөөд энэ нь “Тослогдсон нэгэн” гэсэн утгатай. Эртний Изральчуудын уламжлалаар бол Бурхан хүмүүсийг онцгой үүрэгт томилохдоо тэднийг тослох ёслол хийдэг байв. Үүнд хаад, Тахилч, эш үзүүлэгч нар орно. Тэгэхээр Есүс бол Христ гэдэг нь Есүс бол хаан, тахилч, эш үзүүлэгч байна гэсэн утгатай. Энэ бүгдээс харвал Есүсийг ийнхүү нэрлэн тунхагласан нь Есүс бол өнө эртнээс зөгнөсөн Бурханы онцгой үүргийн төлөө томилогдсон Аврагч, Эзэн, Христ гэдгийг харуулж байна(Исаиа 61:1-2). Тэгвэл Аврагч, Эзэн, Христ болсон Есүс өнөөдөр надтай, тантай ямар хамаатай вэ?
Энд ямар ч, гэм нүгэл үйлдээгүй хүн байна уу? Ихэнх хүн өөрийн амьдралын гол асуудал юунд байдаг, намайг юу хүчгүй болгодог, намайг юу аз жаргалгүй болгож байгааг мэддэггүй. Улс орон хөжилгүй ядуу буурай, утаатай, түгжрэлтэй, би мөнгөггүй, би царай муутай, би чадваргүй, би намхан, би ийм гэр бүлд өссөн, би угаасаа л ийм хүн гэх мэт асуудлын гол шалтгааныг өөр зүйлээс хайдаг. Гэвч библийн эхлэл номыг харвал хүний үндсэн хамгийн гол асуудал бол гэм, нүглийн асуудал гэж хэлсэн.
Ром номын 3:10-д “Зөвт хүн алга, ганц ч алга” Иохан 8:34-д “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн” хэмээн хэлсэн. Эдгээр эшлэлүүдээс харвал хүн гэмт мөн чанартай бөгөөд ямарваа нэг гэмийн боолчлолд байдаг гэж хэлдэг. Тийм л учраас хүн хичнээн их хичээж, зүтгэн хөдөлмөрлөж, ёс суртахууны хувьд сайн сайнаар амьдарсан ч, өндөр мэдлэг боловсрол эзэмшиж, алдар гавьяа байгуулж, эд баялагтай болж, ямар ч дутах зүйлгүй байсан ч хүний сэтгэл зүрх нэг л дутуу, хоосон, сэтгэл ханамжгүй, сэтгэл хангалуун бус байдлыг байнга мэдэрч байдаг. Зарим нь үүнээс болж сэтгэл гутралд орж, эморолд гүн автаж, өөртөө итгэлгүй, урамгүй, найдваргүй юм шиг аливаад хандан амьдрадаг. Мөн ихэнх хүн үхлээр хүний амьдрал дуусдаг гэж боддог учраас үхлийн айдас бас санаа зовиур дор амьдардаг. Энэ л 2 зүйл харагдахгүй мөртлөө хүнд маш хүчтэй нөлөөлдөг. Хэн ч энэ асуудлыг өөрийн хүчээр, өөр зүйлсээр шийдэж чадахгүй. Тиймээс Бурхан хүний үндсэн асуудал болох гэм ба үхлийн асуудлыг шийдэхийн тулд Есүсийг илгээсэн.
Иохан 3:15-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайралсан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно ” хэмээн бичигдсэн. Есүс ирснээр бидний гэмийн төлөө загалмайд цовдлогдон нас барж, гурав дахь өдөртөө дахин амилснаар хүний гэм ба үхлийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн юм. Энэ л Есүсийг өөрийн амьдралын Аврагч, Эзэн, Христээр хүлээн зөвшөөрвөл та гэм ба үхлийн асуудлаас чөлөөгдөж сэтгэл, сүнсэндээ жинхэнэ амар тайван ба эрх чөлөөг олж, үгээр илэрхийлэхийн аргагүй үлэмж баяр хөөрийг дүүрэн амсдаг. Тэгээд тухайн хүн утга учиртай, үнэ цэнтэй нандин амьдралаар амьдарч эхэлдэг. Олон хүн Есүс өөртэй нь ямар ч холбоогүй гэж боддог. Гэвч гэм ба үхлийн асуудал хүн бүртэй шууд холбоотой байдаг шиг, гэм ба үхлийн асуудлыг шийдэхээр ирсэн Есүс таньтай шууд холбоотой юм. Хажууд сууж байгаа хүндээ хэлээрэй. Есүс таньтай шууд холбоотой шүү!
11-р эшлэлийг дахин хараарай “Өнөөдөр” мэндэллээ хэмээн хэлсэн. Энэ нь “өнөөдөр” гэдэг нь өчигдөр бус маргааш ч биш, харин яг одоо гэсэн утгатай. Тиймээс та өнөөдөр буюу яг одоо Есүсийг өөрийн Аврагч, Христээр хүлээн зөвшөөрвөл, авралыг олох боломжтой гэдийг хэлж байна.
12-р эшлэлийг үзээрэй. Энд Тэнгэр элч хоньчдод Есүс Христийг танин мэдэх тэмдгийг зааж өгсөн. “Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ” энд тэмдэг гэдэг нь зүгээр даавуунд өлгийдсан нялх хүүхэд бус “тэжээлийн онгоцонд байгаа хүүхэд” хэмээн хэлсэн. Тухайн үед Бетлехемд олон хүүхэд төрсөн байх, тэр хүүхдүүдээс ялгах Христийн тэмдэг нь тэжээлийн онгоцон дотор байгаа хүүхэд нь тэмдэг болно гэж хэлсэн. Энд гарч буй тэмдэг болох тэжээлийн онгоцонд тавигдсан Есүс нь бидэнд хоёр зүйлийг харуулж байна.
1-р Аврагч Есүс бол төлөв даруу чанартай гэдийг. Уг нь Есүс Бурханы цор ганц хүү, Хаадын Хаан байсан ч хааны ордонд бус, хамгийн дорд байдалд, малын тэвшинд мэндэлсэнээр Өөрийгөө хамгийн дорд болгосон. Есүс Өөрийгөө бүрэн хоосолж, ийнхүү мэндэлсэнээр үнэхээр төлөв даруу мөн чанартай гэдгийг илэрхийлж байна.
2-рт Бурханы авралын ажлын арга барилыг харуулж байна. Тухайн үеийн Ромын хаан Цезарь Август бол Ромын хаант улсыг зэр зэвсэг, хүч ба дарангуйллаар байлдан дагуулсан. Гэвч одоо энэ хаанчлал дэлхий дээр байхгүй устсан. Харин Бурхан Есүсээр дамжуулан хийгдэх хаанчлал буюу авралын ажил нь энэ дэлхийн хаад, ноёд шиг, ялангуяа Цезарь шиг цэрэг ба дайны хүчээр, дарангуйлал, захиргаагаар бус харин төлөв даруу байдлаар, хэнд ч анзаарагдахгүйгээр, намуухан, дөлгөөн байдлаар хийгддэг гэдгийг харуулж байна. Тийм л учраас Бурхан Есүс мэндлэсэн мэдээг өнөөдөр дээд эрх мэдэл сүр хүчтэй Ромын хаанд бус, харин эгэл жирийн хоньчид, хөдөө тосгоны Иосеф Мариа нарт л эхлээд мэдэгдсэн. Эндээс Есүсийн мэндэлсэн мэдээг ямар хүмүүс хүлээн авдаг вэ гэдгийг харж болно. Ромын хаан шиг хүмүүс бус харин хоньчид шиг жирийн, төлөв даруу, дуулгавартай хүмүүс нь Аврагч Есүсийг хүлээн авдаг юм. Тиймээс бид хэн ч байж болно. Гэвч зүх сэтгэлээ хоньчид шиг эгэл жирийн даруу дөлгөөн болгож, Бурханы танд дамжуулж буй үгийг сонсвол Аврагч, Эзэн, Есүс мэндэлсэн байна гэдгийг мэдэх болмжтой.
15-17-р эшлэлийг үзээрэй. Тэнгэр элчийн мэдээг сонссоны дараа хоньчид Бетлехем рүү явж, Бурханы хэлсэн үг үнэн эсэхийг харахаар явсан. Тэгээд тэд Иосеф, Мариа болон тэжээлийн онгоц дотор байгаа хүүхдийг олж Тэнгэр элчийн дамжуулсан үг үнэн бодит байна гэдгийг мэдсэн. Эндээс бид нэг зүйл сурч болно. Бурханы танд дамжуулж буй өнөөдрийн үг үнэн эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрэв та хоньчид шиг Бурханы үг үнэн эсэхийг үзэхээр явбал, мэдэхийг хичээвэл, Бурханыг эрэн хайвал, Есүс үнэхээр мэндэлсэн үү? Есүс үнэхээр Аврагч мөнүү? гэдгийг хайвал танд олдох болно. Тэр үед Та өнөөдөр Бурханы дамжуулж буй үг үнэн болохыг ойлгож ухаарах болно. Тиймээс таныг чуулганд явж, библийн хичээл хийж үзэн, библи уншиж, итгэгч хүмүүстэй нөхөрлөж үзээрэй гэж уриалж байна.
Намайг Эрдэнэчулуун овогтой Ганболд гэдэг. Би 2005 онд ганц ширхэг эмээгийн цэнхэр модон чемдоманд хувцасаа хийгээд МУИС-д геологийн чиглэлээр, оюутан болохоор УБ хотод орж ирсэн. Намайг 1-р курст байхад Бурхан ахаар минь дамжуулан ЮБФ чуулганд анх дуудсан. Би одоогоос 19-н жилийн өмнө яг энэ зааланд болж байсан Христмасын баярт уригдан ирсэн. Түүнээс хойш Би библийн хичээл хийж, зарлиг сонсож, цуглаанд явж эхэлсэн бөгөөд, амьдралын олон асуудал, янз бүрийн үйл явдал, гэрчлэлүүдээр дамжуулан Есүсийг өөрийн амьдралын Аврагч Эзэнээр хүлээн зөвшөөршсөн. Бурханы ивээлээр сургуулиа ажилттай төгсөж, магистр хамгаалсны дараа уул уурхайн компанид сар бүр өндөр цалинтай мэргэжлийн ажилд орсон. Гэтэл нэгэн шөнө хоньчдод тэнгэр элч нар очоод Есүсийн мэндэлсэн мэдээг дуулгасан шиг, Бурхан надад үгээ өгсөн. Миний ажил хавар 4-н сараас, намар 11 сар хүртэл хөдөө, хээрээр байнга явж геологи, хайгуулын ажил хийдэг байв. Нэгэн удаа Говь-алтай аймагт, уул хадаар яван, хээр майханд хоноглоод явж байх үед, Бурхан надад Иохан 21:15 “Чи Намайг эднээс илүү хайралаг уу? – Хоньдыг минь тэжээ” гэсэн үгээ өгсөн. Гэнэт хоньчдын эргэн тойронд Бурханы цог жавхлан тод гэрэлтсэн шиг, Бурхан миний зүрх сэтгэлд энэ л үгийг маш тодоор өгсөн. Энэ л Бурханы надад өгсөн үгийг биелүүлэн амьдрахын тулд, би өргөдлөө өгөөд ажилаасаа гарсан. Энэ л үеэс хойш Бурханы гэрэл миний амьдралд тод гэрэлтэх болсон. Бурхан надад чуулганд бүтэн цагийн үйлчлэгчээр үйлчлэх, монгол болоод дэлхийн оюутан залуучуудын библийн багш, хоньчноор амьдрах шинэ чиглэл өгсөн. Түүний дараа жил нь амьдралын хань Баярмаа хнтой гэр бүл болох ивээл өгч, бид одоо гурван сайхан хүүхэдтэй. Бурхан өдөр бүр янз бүрийн амьдралын асуудалыг сайнаар даван туулахад тусалж, амьдралын бодит хэрэгцээ, шаардлагтай бүх зүйлсийг хамгийн сайнаар ханган өгсөөр байна. Надад олон удаа амар тайван бус байх, итгэл алдрах, нойр хүрэхгүй байх, олон бүтэлгүйтэл, харилцаа хагарах, шантрах, эргэлзэх, гэмших, айдас санаа зовиураар дүүрэн болох олон үеүд байсан. Гэвч Бурхан надад үгээ өгөх үед, Бурхан надтай хамт байгаа гэдгийг санах үед миний дотор буй айдас, эргэлзээ, санаа зовиур алга болж, Бурхан дотор үргэлж итгэл найдварыг олж, хүчтэй, баяр хөөртэй амьдрах боломжийг өгөн, хамгийн сайн замаар, хөтлөн дагуулсаар байна. Бурханд бүх алдар нь байх болтугай.
Дүгнэлт: 18,19-р эшлэлийг үзвэл хоньчид Есүсийг олж очих үедээ, тэнгэр элчийн хэлсэн үгийг бусад хүмүүст дамжуулсан. Хоньчдын ярьсан зүйлс сонссон бүгдийн гайхлыг төрүүлсэн. Бурханы үгийг анх удаа сонсож буй хүнд ийм л байдаг. Энд бидний урилгыг авж анх удаа ирсэн хүмүүст тийм л байга гэдэгт итгэлтэй байна. Магадгүй өнөөдөр болж буй бүх үйл явдлыг та маш сайн анхааралтай ажиглан, Бурханы танд дамжуулж буй үгийг зүрх сэтгэлдээ тунгаан бодож нандигнан хадгалваас Бурханы үнэнийг мэдэх болно. Есүс мэндэлсэн нь үнэхээр бүх хүнд үлэмж баярлуулах сайхан мэдээ юм. Өнөөдөр, Аврагч, Эзэн, Христ, Та нарын төлөө мэндэллээ. Merry Christmas!