Анхан шатны 5-р хичээлийн асуулт; номлол

ХЭН ДЭЭРЭЭС ЭС ТӨРНӨ
(Дахин төрөхийн нууц)

Иохан 3:1-15
Гол эшлэл 3:3
1. Никодем ямар хүн байсан бэ (1, 10, 19:39)? Тэр яагаад Есүс дээр шөнөөр ирсэн бол (2)? Тэр Есүсийг хэн гэж бодон ямар найдвар тавин ирсэн бэ (2:23)?
2. Есүс Түүнд юу гэж хэлсэн бэ (3)? Дээрээс төрнө гэдэг нь юу гэсэн үг вэ (Иохан 1:2, 2 Коринт 5:17)? Дахин төрөхгүй бол юу болох вэ (Ефес 2:1-3, Илчлэл 21:8)?
3. Никодем дээрээс төрөхийг хэрхэн ойлгосон бэ (4)? Есүс хүн хэрхэн дахин төрж чадна гэж байна вэ (5-6, Марк 1:4, 1 Петр1:23, Иаков 1:18 )?
4. Ариун Сүнсний ажлын онцлог юу вэ (7, 8)? Үүнчлэн сүнсээр төрсөн хүнд ямар бодит өөрчлөлт гардаг вэ?
5. Есүс яагаад Никодемийг зэмлэсэн бэ (9-13)? Есүс Никодемийг мөнх амьтай болоход хэрхэн тусалсан ба зэс могойг модонд өлгөсөн үйл явдал нь юуг билэгдэж байна вэ (14-15, Тооллого 21:4-9)?

ХЭН ДЭЭРЭЭС ЭС ТӨРНӨ
(Дахин төрөхийн нууц)

Иохан 3:1-15
Гол эшлэл 3:3

“Есүс хариуд нь – Үнэнээр, үнэнээр Би танд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж эс чадна гэхэд”

Энэ ертөнцөд хамгийн чухал зүйл юу вэ? Эд баялагтай, эрх мэдэлтэй болох уу? Амжилтад хүрэх, мэргэжил эзэмшин өндөр орлоготой ажил хийх үү? Эсвэл нэр хүндтэй бусдад нөлөөлдөг хүн болох уу? Эсвэл хүссэн хайрыг олж амьдрах уу? Мэдээж эдгээр зүйл хүмүүсийн амьдралд чухал зүйл гэж хэлж болно. Гэхдээ үүнээс илүү хамгийн чухал нэг зүйл байгаа. Тэр нь чухам мөнх амьтай болох юм. Өнөөдрийн үг нь мөнх амьтай болох замыг заан өгч байна. Тэгвэл мөнх амьтай болох гэвэл яах хэрэгтэй вэ? Нэг үгээр хэлбэл дээрээс дахин төрөх ёстой. Дахин төрөх нь хамгийн гайхамшигтай бөгөөд хэн бүхэнд хэрэгтэй хамгийн бодит зүйл юм. Хүн махбодоор эхийн хэвлийгээс төрдөг шиг сүнсээр дахин төрөх ёстой. Дахин төрөх гэдэг нь хүн сүнсээр төрөн уг үндсээрээ шинэчлэгдэн өөрчлөгдөхийг хэлэх ба хожим мөнхийн шийтгэлээс аврагдан Бурханы хаанчлалд мөнх амьтай амьдрахаас гадна энэ ертөнцөд байгаа хугацаанд ч Бурханы хүүхдээр амьдрах онцгой ивээл ба эрхтэй болгодог. Есүс энэ дэлхийд бүх талаар амжилтад хүрсэн боловч мөнх амийг олоогүй Никодемд хүн яагаад, хэрхэн дахин төрөх вэ? гэсэн сүнслэг нууцыг заан өгч байна.

1. Дээрээс төрөх ёстой (1-8)
1-рт, Хүн яагаад дахин төрөх ёстой вэ (1-3)?
Никодем ямар хүн байсан бэ? 1-р эшлэлд түүний шашны болон нийгмийн байр суурийг харуулж байна. Тэрээр фарисай бөгөөд иудей шашны удирдагч байв. Фарисай гэдэг нь тусгаарлагдсан хүн гэсэн утгатай. Фарисайчууд харь үндэстний соёлд уусалгүй Бурханы сонгогдсон ард түмний цэвэр чанарыг хадгалахын тул, хуулийг чанд сахиснаар жирийн иргэдээс ялгаатай амьдардаг бүлэглэл байв. Тэд хуульд үнэнч зүтгэлтэй тул ард түмний дунд нэр хүндтэй байв. Гэвч Есүсийн үед тэдний хууль сахих нь хэлбэр төдий болж хоёр нүүртэй гэсэн шүүмжлэл авчээ. Тухайн үед фарисай болох нь амаргүй байв. Фарисай болохын тулд тэд бага наснаас хатуу сахилгажуулал дор, Мосегийн 5-н номыг бүгдийг цээжлэн уншиж, хуулийн дүрмийн ном болон Мешима болон тайлбар ном болох Талмудыг сурах ёстой. Мөн 7 хоногт хоёр удаа мацаг барин, өдөрт 3-н удаа биеийн ариусгал үйлдэх гэх мэтийн төвөгтэй дүрмүүдийг чанд сахих ёстой байв. Фарисай бүлэглэлд орохын өмнө насан турш хуулийг сахина гэсэн тангаргийг гурван гэрчийн өмнө хийнэ. Никодем ийнхүү фарисай болж нэр хүндтэй болохын төлөө байхаас махбодын хүсэл тачаалуудыг үгүйсгэн өөртэйгөө хичээнгүй тэмцэлдсэн амьдарсан.
Мөн тэрээр иудейчүүдийн удирдагч буюу Санхедрины 70-н гишүүний нэг нь байв. Тухайн үед Санхедрин нь иудейн хамгийн дээд захиргаа байлаа. Санхедрины хурал дээр бүх дэлхий даяар буй иудейчүүдийн шашны асуудлыг шүүх эрхтэй байсан ба цаазаар ял оноох эрх мэдэлтэй ч байсан. Энэхүү Санхедрины гишүүн болох гэвэл удам угсаа сайтай ба эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн эд хөрөнгөтэй баян байх шаардлага тавьдаг байв. Никодем энэ бүх шаардлага ба болзлыг хангасан нэгэн байв. Никодем гэдэг нэр нь байлдан дагуулагч гэсэн утгатай. Тэрээр өөрийн нэрийн утга шиг энэ дэлхийн бүх зүйлийг байлдан дагуулсан амжилтад хүрсэн нэгэн байв. Тэр хамгийн дээд зэрэглэлийн эрдэм мэдлэг эрх мэдэл нэр төр ба эд баялгийг эзэмшсэн хүн юм. Ийм түүнд дахиад өөр юм хүсэх хэрэггүй мэт аз жаргалтай хангалуун харагдана. Гэвч түүнд Есүс Христ хэрэгтэй байв.
Нэгэн өдөр шөнөөр Никодем Есүсийг хайж ирэв. Тэрээр яагаад шөнөөр ирсэн бол. Өөрийн нийгмийн байр сууриас болж хүмүүсийн нүднээс санаа зовсон юм болов уу? Эсвэл өдрийн цагаар дэндүү ажил ихтэй, завгүй байсан юм болов уу? Эсвэл Есүсийг өдрийн цагаар олон хүн бүчиж байгаа учраас чимээгүй хувьчлан уулзахын төлөө байсан уу? гэх мэтээр янз бүрийн таамаглал хийж болно. Харин Иохан номд ихэнхдээ харанхуйг шөнө гэж төлөөлүүлэн бичсэн. Энэ нь Никодемийн доторх нь шөнө мэт харанхуй байсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл түүний сэтгэл сүнсэнд ямар нэгэн шийдэгдэхгүй асуудал байгааг харуулж байна.
Никодемыг хүмүүс гаднаас нь хараад маш бахдан биширч байсан. Гэтэл түүний дотор нь аз жаргалгүй сэтгэл хангалуун бус байв. Тэрээр өөрийн хүссэн эд баялаг нэр төр, эрх мэдэл мэдлэг боловсролыг эзэмшвэл үргэлж аз жаргалтай сэтгэл хангалуун болно гэж найдсан. Тэгтэл тэдгээрийг олж эзэмшлээ ч сэтгэл хангалуун аз жаргалтай байж чадахгүй байв. Харин ч амжилтын дараа ирдэг хоосон санаа, цөхрөл өөрийг нь нөмрөв. Хүмүүс ер нь аз жаргал ба амжилтыг шууд холбож, амжилт нь тэр чигээрээ аз жаргал хэмээн боддог. Тиймээс амжилтад хүрэхийн төлөө хичээнгүйлэн өрсөлдөж, тэмцэлдэж амьдардаг. Харин энэ нь том эндүүрэл юм. Амжилтад хүрсэн хүмүүсийн нийтлэг тал нь тэд бүгд хоосон сэтгэлтэй байдаг. Тиймээс зарим Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн дунд ч амиа хорлож амьдралаа дуусгасан тохиолдол байдаг. Утга зохиолын Нобелын шагнал хүртсэн Жорс Бернад Шау “Амьдралд хоёр эмгэнэлтэй зүйл байдаг. Нэг нь сэтгэлийн хүсэл буй болох, нөгөө нь тэр хүслийг биелүүлэх. Хүнд хоёр янзын цөхрөл байдаг нэг нь ялагдалд хүрэхэд ирдэг шантрал, нөгөө нь амжилтад хүрэхэд ирдэг шантрал. Харин эндээс хамгийн аймшигтай шантрал нь хоёр дахь буюу амжилтад хүрэхэд ирдэг шантрал юм” гэжээ. Никодем амжилтын оргилд хүрсний дараа шантрал гэдэг зүйлээр өвчилж, зовж байсан юм шиг байна. Түүний дотоод сэтгэл жинхэнэ хүсэл найдвараа олоогүй учраас хав харанхуй байв. Иймээс тэрээр шөнөөр ч гэсэн Есүс дээр ирж уулзахгүй бол болохгүй байсан.
Тэрээр Есүст ийнхүү хэлэв. “Рабби Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Яагаад гэвэл Бурхан л хамт байхгүй бол хэн ч Таны үйлддэг шиг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй.”(2) Никодем Есүсийг Йерусалимд олон тэмдэг үйлдсэнийг сонсоод ирсэн.(2:23) Тэр яагаад тэмдгүүдэд илүү анхаарч байгаа юм бол? Тэр нь өөрийн амьдралд ямар нэгэн тэмдэг хэрэгтэй гэж бодсоных юм. Никодем өөрийн шийдэж чадахгүй асуудлыг Есүсийн үйлдэх гайхамшигт тэмдгээр дамжуулан шийдвэрлэхийг хүссэн. Ийм тэрээр Есүсийн үйлдэх тэмдэгт найдаж байв.
Харин Есүс ийм түүнд юу гэж хэлсэн бэ? 3-р эшлэлийг үзээрэй. “Үнэнээр үнэнээр би танд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж үл чадна.” Есүс түүний үндсэн асуудлыг сайн мэдэж байв. Есүс Түүний бүтээсэн амжилт ба гавьяа нь түүнд ямар ч баяр хөөр, сэтгэл ханамж өгөхгүй байгааг мэдсэн. Харин ч үүнээс болж хоосон санаа ба шантралд автагдаж байгааг харсан. Энэ бүхний үндсэн шалтгаан нь түүний сэтгэл сүнсэнд Бурханы хаанчлал ба мөнх амийн бат итгэл байхгүй учраас гэдгийг мэдсэн. Түүний зүрхэнд Бурханы хаанчлал байхгүй учраас хүссэн бүхнээ олсон ч аз жаргалыг амсаж чадахгүй байв. Сэтгэл сүнсэнд Бурханы хаанчлал байгаа болон байхгүй хүн хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Бурханы хаанчлалыг эдлэн амьдарч байгаа хүн нь хэцүү ширүүн дэлхийд амьдарч байгаа ч үгээр хэлшгүй сүнсний баяр хөөрийг амсан амьдардаг. Хэцүү асуудалтай тулгарсан ч гуниг шантралыг даван туулж хүсэл найдвар ба урам зоригтой болдог. Хоосон санаа болон муу хувь заяанд автагдахаа больж, өөдрөг амьдардаг. Бурханы хаанчлалыг эдэлж байгаа учраас ямар ч үед баярлан талархаж амар тайван амьдардаг. Нөхцөл байдлаас үл хамааран хаана байсан ч Бурханы хайр ба хүч чадлыг амсдаг. Харин Бурханы хаанчлалгүй хүмүүс нь хэчнээн амттай хоол идэж, хээнцэр үнэтэй хувцас өмсөн, дутах зүйлгүй тансаг байранд амьдарсан ч, тамд байгаа мэт гунигтай айдастай амьдардаг. Хүн Бурханы хаанчлалыг эдэлж, Бурханы хаанчлалд орохын тулд заавал дахин төрөх ёстой.
2-рт, Хүн хэрхэн дээрээс төрж чадах вэ (4-6)?
Есүс Никодемд яагаад дахин дээрээс төрөх ёстой вэ? гэдгийг заан өгсөн боловч Никодем үүнийг огтхон ч ойлгоогүй. 4-р эшлэлийг үзээрэй “Никодем Түүнд – Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хэвлийд тэр хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ” Никодем хуулийн эрдэм мэдлэгтэй фарисай байсан ч, сүнсний ертөнцийн талаар огт ойлгохгүй байв. Учир нь тэр зөвхөн махбодын ертөнцөд байв. Хүн сүнсээр дахин төрөхгүй бол, Библийн доктор байлаа ч сүнслэг ертөнцийн зүйлсийг ер ойлгохгүй. (1 Коринт 2:14) Тиймд Никодем дахин төрөхийг биологийн үүднээс ойлгоод Есүсийн үгийг хүлээн авахгүй байв.
Есүс ийм түүнд хүн хэрхэн дахин төрөхийг тайлбарлаж байна. 5-р эшлэлийг үзээрэй. “Есүс –Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна” Энд хэлж буй ус нь гэмээ гэмшин ариусгахыг зааж байна. (Марк 1:4) Сүнснээс гэдэг нь үнэний Сүнс болох Ариун Сүнсийг зааж байна. 1 Петр 1:23-д “Яагаад гэвэл та нар устах үрээс бус харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ” гэв. Мөн Иаков 1:18-д ч “Тэрээр хүслээрээ, үнэний үгээр биднийг төрүүлсэн” гэв. Тиймээс бид дахин төрөх нь Бурханы үгийг сонсоход үнэний Ариун Сүнсний ажлаар өөрийгөө мөнхийн шийтгэл авахаас өөр аргагүй гэмтэн гэдгээ ухааран чинь сэтгэлээсээ Бурханы өршөөл уучлалыг гуйхаас эхэлдэг. Тэр үед ямар ч замгүй өөрийгөө аврах нэгэн нь Бурханы цорын ганц Хүү Есүс гэдгийг олж харна. Тэгээд Есүсийг өөрийн Аврагч буюу Эзэн Христ хэмээн хүлээн зөвшөөрнө. Энэ үед Ариун Сүнс Өөрийн хүч чадлаар биднийг шинэчлэн өөрчилдөг. Ийнхүү дахин төрүүлэх ажил нь зөвхөн Ариун Сүнсээр хийгддэг ажил юм.
6, 7-р эшлэлийг үзээрэй. “Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ. “Та нар дээрээс төрөх ёстой” гэж танд хэлсэнд минь бүү гайх” Энэ нь махан биеийн зүйлс болон үйлс нь хэзээ ч Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй гэсэн утгатай. Тухайлбал хүнийг дахин төрүүлэх ажилд хүний ямар ч махан биеийн хүч чадал, хичээл зүтгэл гэх мэтийн оролцоо нөлөөлж чадахгүй гэсэн үг. Махбодын ажил үйлс нь хэчнээн агуу мундаг байсан ч тэдгээр нь махбодынх төдий юм. Харин Ариун Сүнсээр төрөх нь махбодын амьдралаас тэс өөр түвшинд байдаг. Ариун Сүнсээр төрөгч нь Ариун Сүнсээр захирагдан, Ариун Сүнсээр удирдуулдаг. (Ром 8:49)
3-рт, Ариун Сүнсний ажил (7, 8)
Никодем Есүсийн үгийг гайхширан хүлээн авахгүй байв. Ийм түүнд Есүс дахин төрүүлэх Ариун Сүнсний ажлыг салхитай зүйрлэж, ойлгомжтой зааж өгөв. 8-р эшлэлийг үзээрэй “Салхи дуртай газраараа үлээдэг. Та дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг.” Салхи нь дуртай газраа үлээдэг. Хаанаас үүсэж, хаашаа оддогийг мэддэггүй. Хүний хүч чадлаар жолоодож чадахгүй. Үүнчлэн Ариун Сүнсний ажил нь ч Ариун Сүнс Өөрийн хүсэл ба эрхэнд байдаг. Мөн салхийг бид харж чадахгүй. Харин салхилсныг бодит үр дүнгээр мэддэг. Үүнчлэн Ариун Сүнсний ажил ч үр жимсээр нь танин мэдэж чадна. Салхи заримдаа зөөлөн үлээдэг. Харин заримдаа модыг унагааж, машиныг өнхрүүлдэг шиг маш хүчтэй байдаг. Ариун Сүнс ч заримдаа тагтаа мэт маш зөөлөн, чимээгүй ажиллаж, заримдаа хүчтэй шуурга шиг ажилладаг. Гэсэн ч түүний үр жимснүүд нь зайлшгүй тод илэрдэг. Бид салхийг нүдээрээ харж, гараараа барьж, оюун ухаанаараа бүрэн ойлгож чадахгүй ч үр дүнгээр нь салхины ажлыг тод мэддэг. Үүнчлэн Ариун Сүнсний ажил ч эргэлзэшгүй тодорхой байдаг. Бид Ариун Сүнс хэрхэн хүнийг дахин төрүүлж байгааг харж ойлгож чадахгүй ч дахин төрсөн хүний өөрчлөгдсөн амьдралыг хараад Ариун Сүнсээр дахин төрснийг таньж чадна.
Тэгвэл дээрээс төрөгчид ямар бодит өөрчлөлт гардаг вэ?
1) Хүн чанар ба амьдралын өөрчлөлт гараад, энэ нь бүх хүнд мэдэгддэг. Урьд нь энэ ертөнцийн харанхуй зүйлсийг үйлдэн амьдарсан бол тэдгээрийг орхин хаяж, ертөнцөд гэрэл мэт амьдарна. Христийг харуулах анхилуун үнэр гардаг. Ийнхүү гарах өөрчлөлтийг нуух боломжгүй юм.
2) Энэ ертөнцийн зүйлсийг хайрлахгүй болно. Дээрээс төрөгч нь энэ ертөнцийнх биш болсон. Түүний харьяалал нь Бурханых болж, Бурханы хүүхэд гэсэн шинэ байр суурьтай болсон. Тиймээс шинэ байр сууринд зохисгүй хуучин харилцаа, ташаалаа авч байсан үйлдэл ба зуршлуудыг таслан хаядаг. Өмнө нь Бурханыг мэдэхгүй үедээ хайрлаж байсан ертөнцийн зүйлсийг өөрөөсөө холдуулах болдог.
3) Гэмийн тухай хатуу хандлага гаргана. Урд нь гэмийн тухай ямар ч мэдрэмжгүй байсан. Харин дахин төрөх үед гэмийн мэдрэмжтэй, Бурхан Аавыг гуниглах зүйлсэд мэдрэмжтэй болдог. Хэрэв сул доройгоос болж гэмд унан алдаа гаргавал хурдан гэмшин өөрийгөө Бурханы өмнө ариунаар байлгахыг хүсдэг.
4) Амьдралын зорилгыг зөвхөн Бурханыг баярлуулахад тавьдаг. Урьд нь өөрийгөө баярлуулахын төлөө бүхнийг хийдэг байсан бол одоо юу ч хийсэн сурсан ч, ажилласан ч, идсэн ч, унтаж амарсан ч Бурханыг л баярлуулах гэсэн энгийн зорилготой, хүсэл эрмэлзэлтэй болдог. Амжилтад хүрсэн ч, хүрээгүй ч ганц зорилго нь Бурханыг л баярлуулахад байдаг.
5) Бурханы үг ба Түүнтэй уулзахад л жинхэнэ ханамж амсдаг. Урьд нь шоудаж, найзуудтай нийлж наргихад гоё санагддаг байсан бол одоо ийм зүйлсээр баяр хөөр сэтгэлийн ханамжийг авч чадахгүй болдог. Харин Бурханы үгнээс сэтгэл сүнсний ханамжийг олж, залбирлаар дамжин Бурхантай уулзан нөхөрлөхөд баяр хөөрийг амсдаг.
6) Бурханыг юунаас ч илүү хайрлан, Түүний төлөө өөрийгөө болон амьдралаа зориулан үйлчлэх хүслээр дүүрэн болдог.
Салхи мэт ажилладаг Ариун Сүнсний ажил нь ер бусын гайхамшиг боловч, ийнхүү бодит тод өөрчлөлтийг заавал гаргадаг. Энэ л сайн мэдээний бодит хүч аж.

2. Хүний Хүү ч өргөгдөх ёстой (9-15)
Тэгвэл Ариун Сүнсээр дахин төрөхийн төлөө яах хэрэгтэй вэ?
1-рт, Гэрчлэлийн үгийг хүлээн авах хэрэгтэй (9-13)
Есүс одоо хүртэл дахин төрөлтийн үнэнийг Никодемд ойлгомжтойгоор сайн тайлбарлав. Одоо Никодемийн зүгээс хийх зүйл нь Бурханы өмнө гэмшин Ариун Сүнсний ажлыг хичээнгүй хүсэмжлэн гуйж, хүлээх байв. Гэтэл тэр “Ийм юм яаж байх юм бэ” хэмээн эсэргүүцэв. Тэрээр өөрийн оюун ухааны бодол ба бардам сэтгэлээс болж Есүсийн үгийг хүлээн авч чадахгүй байв.
Есүс ийм түүнийг зөнд нь орхиж болно. Харин Есүс түүнийг зэмлэн хатуу сэтгэлийг нь хагалж эхлэв. Есүс “Та Израилын багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү” хэмээн зэмлэв. (10) 11,12-р эшлэлийг үзвэл түүний үл итгэл нь үндсэн асуудал болохыг хэлж өгөв. Уг нь Есүс Бурханы хаанчлалд харсан, мэддэг зүйлсийг түүнд гэрчилсэн. Гэвч тэрээр итгэж, хүлээн авахыг хүсээгүй. Учир нь Никодем дахин төрөхөөс айсан. Никодем одоо хүртэл чармайлт гарган олсон өөрийн амжилт ололтыг, хуулийн зүтгэлээр олсон нэр алдар ба өөрийн зөвийг баримталж, амьдралын түшиг тулгуур болгосон үзэл бодлуудыг алдмааргүй байсан. Олон хүн Никодем шиг өөрийн мухардмал байдлаас гарч, өөрчлөгдөхийг хүсэвч нөгөөтэйгүүр нь юм бүхэн өөрчлөгдөхөөс айдаг. Өөрчлөгдвөл өөрийгөө алдаж, хуримтлуулсан бүх зүйлээ алдана гэж боддог. Гэвч үнэндээ дахин төрөх нь өөрийгөө алдах бус Бурхан дотор урьд нь олоогүй өөрийн жинхэнэ үнэ цэнтэй дүр төрхийг олж чадна. Тариан үр газарт унан үхэлгүйгээр шинэ амийг төрүүлж чаддаггүй шиг хуучин хүн үхэлгүйгээр шинэ хүнээр төрөх боломжгүй. Есүс Никодемд газрын юмсыг ярихад итгэхгүй юм бол тэнгэрийн юмсыг яривал яаж итгэх юм бэ? (12) хэмээн үл итгэлийг нь зэмлэв. Энд газрын юмс нь энэ ертөнцөд бодитоор хийгддэг дахин төрөлтийн ажлууд буюу авралын ажлыг, тэнгэрийн юмс нь аврагдсан хүмүүсийн аврал бүрэн гүйцэн алдарт орохыг заана. Тэнгэрээс бууж ирсэн Бурханы Хүү Есүс л тэнгэрийн юмсыг ярьж чадна. (13)
2-рт, Загалмайд өлгөгдсөн Есүсийг харах хэрэгтэй. (14,15)
Есүс Никодемийн үл итгэлийн асуудалд туслан итгэнэ гэдэг нь юу болохыг тайлбарлаж өгөв. 14, 15-р эшлэлийг үзээрэй. “Мосе цөлд могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. Энэ нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ” Мосе цөлд могойг өргөсөн үйл явдал нь итгэлээр дамжин аврагдах арга замын тухай үнэнийг сайн харуулжээ. Израил ард түмэн Бурханы агуу хайр ба хүч чадлаар Египетийн боолчлолоос чөлөөлөгдөн Канаан нутаг уруу чиглэн шинэ амьдралаар амьдрах болов. Гэтэл тэд Бурханы ивээл ба хайранд талархах нь бүү хэл асуудалтай тулгарах болгонд Бурхан ба Мосегийн эсрэг үргэлж гомдоллон гонгинодог байв. Тооллого 21:4-9-р эшлэлийг үзвэл тэд дахиад цөлийн аян зам цөлийн амьдрал хэцүү бэрхшээлтэй байна гээд гомдоллов. Ийнхүү гомдоллосоор буй тэдэнд Бурхан хорт могойг илгээн хазуулав. Тэгэхэд ард түмэн өөрсдийн гэм бурууг ухааран өршөөл авралыг гуйв. Тэр үед Бурхан Мосегийн таягийг зэс могой болгон өндөрт өлгөхөд, түүнийг харсан хэн ч эдгэрч аврагдана гэсэн авралын зааврыг өгөв. Энэ нь үнэхээр оновчгүй ойлгомжгүй заавар байв. Хорт могойд хазуулан үхэж байхад, анхны арга хэмжээ ч авалгүй өлгөгдсөн зэс могойг хараад, эдгэрнэ гэдэг нь итгэхэд тун хэцүү мунхаг хэрэг байв. Гэтэл тэрхүү зэс могой руу харах нь тэнэг хэрэг гээд хараагүй, эргэлзсэн хүмүүс нь бүгд үхэцгээв. Гагцхүү Бурханы амлалтад итгээд, зааврын дагуу өлгөгдсөн зэс могойг харсан хүмүүс л даруй эдгэрэн амьд үлдэв. Харах нь хэцүү ажил биш, харин Бурханы зааврын амлалтад итгэхгүй бол харж чадахгүй. Бурханы заасан авралын заавар буюу амлалтын үгэнд итгэн дуулгавартай дагахыг итгэл гэж хэлж болно. Бурханы үгэнд итгэн өлгөгдсөн зэс могойг харах нь итгэл юм.
Зэс могой модонд өлгөгдсөн үйл явдал нь хүн төрөлхтний гэмийн төлөө загалмайд өлгөгдсөн Есүсийг харуулж байна. Хүмүүс янз бүрийн гэм алдаанаас болж хорт могойд хазуулсан мэт үхэл уруу чиглэн үхмэл амьдарч байна. Мөнхийн үхэл уруу явж буй хүмүүсийг аврахын төлөө зэс могой өлгөгдсөн мэт, Бурхан Есүсийг загалмайд өлгөсөн. Харсан нь аврагдсан шиг Есүсээр дамжуулан ирдэг авралд итгэн хүлээн авагч нь, гэмтэй миний төлөө загалмайд өлгөгдсөн Есүсийг харагч нь хэн байсан ч аврагдаж чадна. Энэ цагт Бурханы бидэнд өгсөн авралын заавар буюу дахин төрөх арга замыг итгэлээр хүлээн авснаар шинэ хүнээр дахин төрж, чадахыг хүсэн ерөөж байна.
Дүгнэлт: Энэ цагт бид тус бүр өөрийгөө үнэхээр ус ба Ариун Сүнсээр дахин төрсөн эсэхийг шалгах хэрэгтэй. Сүнсээр дахин төрөхөд хэн ч өөрийг нь орлож чадахгүй. Хүн бүр Бурханы өмнө өөрийн амьдралын хариуцлага хүлээх хэрэгтэй. Хэрэв бид дээрээс дахин төрөхгүй бол Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй. Бид Есүсийн зааварласанчлан миний гэмийн төлөө загалмайд өлгөгдсөн Түүнийг итгэлээр харснаар гэм ба мөнхийн сүйрлээс аврагдаж, Сүнсээр дахин төрөхийг хүсэн ерөөж байна.

өмнөх нийтлэлАнхан шатны 4-р хичээлийн асуулт; номлол
Дараагийн нийтлэлАнхан шатны 5-р хичээл