Хоёр нүүртнүүдийг зэмлэсэн Есүс
Матай 23-р бүлэг
Гол эшлэл 23:6
“Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талын цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч цэвэр болно.”
Өмнөх зарлигаар бид өөрийн Бурхан Эзэнийг болоод хөршөө өөрийн адил хайрлах талаар суралцсан билээ. Харин өнөөдрийн бидний суралцах Бурханы үг бол хоёр нүүртэй фарисайчуудыг Есүс хэрхэн хатуу зэмлэж байгааг сурах болно. Эдгээр шашны удирдагч нарт Бурхан Өөрийн хайрыг илэрхийлэн харуулахыг хүссэн юм. Мөн өнөөдрийн үгээр дамжуулан сүнсний удирдагч болсон бид гэмд уналгүй юунаас болгоомжлон, сүнслэг тэмцэл хийх хэрэгтэйг сурах болно. Бидний гэмт чанарууд нь хуулийн багш нартай адил гэмт байдлыг гэмшиж, Есүсийг харан сүнсний сайн удирдагчаар өсөж чадахыг хүсэн ерөөж байна.
1. Тэдний үйлдлийг бүү дуурай (1-12)
Шашны удирдагчид, бүлэглэлүүд хамтдаа санаа нийлэн Есүс бол Бурханаас илгээгдсэн Аврагч гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэд яагаад Есүсийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа вэ? Тэд өөрсдийн байр сууриа алдана гэсэн муйхар бодолтой байгаа юм. Мөн тэд өөрсдийн эрх мэдэл, албан тушаал, аятай тухтай сайхан байр сууриа алдах уу гэдгээс айж байсан учир юм. 1-3 зүйлд Есүс ард олон болон шавь нараа дуудан “Мосегийн суудалд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг.” Фарисай ба хуулийн багш нар хуулийг судлан тайлбарладаг библийн багш нар юм. Эдгээр хүмүүс нь ард олны дунд нэр нөлөө бүхий хүмүүс байлаа. Есүс ард олонд тэдний үгийг дагаарай, харин үйлдлийг дуурайж болохгүй гэж анхааруулан хэлж байна.
Ром 2:21-23 зүйлд бүү хулгайл, бүү завхайр, шүтээнүүдийг бүү шүт гэдэг хэр нь өөрсдөө эдгээрийг үйлддэг байж. Ийм хуурамч байдал нь ард олон дунд муугаар нөлөөлдөг байв. Одоо үеийн итгэгчдийн хамгийн том асуудал бол библийн өргөн мэдлэгтэй, амаараа гоё сайхан ярьдаг боловч даруугаар үйлчилдэг итгэгчид цөөн байна. Өөрөөр хэлбэл зөв нөлөө үзүүлдэг итгэгчид цуглаануудад олон биш байна. Бид гоё сайхан ярьдаг хэр нь үйлдэл болгож чадахгүй бол зөв нөлөө үзүүлж чадахгүй юм. Зөв нөлөө үзүүлдэг хүн нь Есүсийг дуурайн, итгэлээр тэмцэн, даруугаар үйлчилж байгаа тэр хүнийг хэлэх юм. Монгол ардын зүйр үгэнд “Үглэхээс илүү үлгэрлэ” гэсэн байдаг. Тэгвэл бид юуг харуулах вэ?
– Христийг хичээнгүйлэн дуурайн амьдрах
– Өөрийгөө даруу болгон үйлчлэн зориулалттай амьдарч сурах
– Өөрийгөө үгүйсгэн загалмайг үүрэх
Есүс амьдралынхаа алхам бүрийг Бурханы үгийн дагуу үйлдэж амьдарсан. Бид хэдий сул дорой боловч Есүсийг үлгэр болгож тэмцэхэд зөв нөлөө үзүүлдэг сүнсний удирдагчаар өсөж чадахыг ерөөж байна.
Хуулийн багш нар хуулийн сахихад хэцүү нарийн дүрмүүдийг бий болгож ард олныг нэгд нэгэнгүй дагахыг шаарддаг байв. Эдгээр хүмүүс ард олны хүнд хэцүү ачаанаас үүрэлцэж явах байтал өөрсдөө хуулийн нарийн аргаар өөрсдийгөө авч гарна. Есүс энэ дэлхийд ирсэн үндсэн үүрэг бол хүн төрөлхтнийг гэмээс аварч гэмийг ачааг өөртөө авч оронд өөрийн хөнгөн ачааг өгөхөөр ирсэн билээ.
1.1 Тэд харуулахын тулд үйлддэг 5-12
Одоо 5-р зүйлийг үзээрэй. “Тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.” Сахиус нь Бурханы үгийг бичсэн хонины арьсаар хийсэн жижиг дөрвөлжин сав байв. Энэ Бурханы үгэнд анхааран зүрхэндээ нандигнан сийлж, үгэнд түшиглэн залбирах зорилготой. Тэд зөв зорилгыг алдагдуулж сахиусыг өргөн болгоноос илүү итгэл, сүсэгтэй юм шиг харагдуулдаг хэрэгсэл болгосон байна. Мөн унжлагыг урт болгосноор өөрсдийгөө бусдаас илүү ариун хардагдуулах гэж хичээдэг болсон.
6,7 зүйлийг харвал чуулганд ч нийгэмд ч өөрсдийгөө илүү их хүндлүүлэхээр хичээдэг болсон байгааг харч болно. Бурханыг хүндэлж хайрлахаас илүү хүмүүсийн дунд нэр алдрыг хайн амьдарч байгаа хэрэг юм. Гаднах байдал болон харагдах байдалдаа анхааран амьдарвал хуурамч болж эхэлдэг. Фарисай болон хуулийн багш нарын итгэлийг харвал гадна харагдах итгэлийг харуулж амьдарч байна. Энэ гаднах харагдах итгэлээр жинхэнэ баяр хөөргүй, амар тайван биш, хоосон зүйлд автагдаж, амархан ядрах болно. Энэ цагт Бурханы өмнө үнэн сэтгэлээр сүнслэг тэмцэл хийж амьдардаг хүмүүсээр ерөөж өгөхийг гуйж байна.
8-10 зүйлийг үзээрэй.
– Багш аа гэж хүндлүүлэн дуудуулах дуртай, багш нь ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс юм. Багш гэж хүндлүүлэн дуудах нэгэн бол Есүс юм.
– Эцэг гэж хүндлүүлэх дуртай. Эцэг бол ганц юм. Бурхан Эцэг ба Есүс юм.
– Зааварлагч гэж нэрлүүлэх дуртай. Зааварлагч бол ганц Есүс юм.
Бурханд өргөх алдрыг өөртөө авах нь гэм юм. Бид хэдийгээр хоньчин боловч удирдагчийн үүргийг биелүүлэгч тул алдрыг өөртөө авч болохгүй. Нэг үгээр өөрийгөө өргөмжлөх хэрэггүй. Хоньчин, удирдагч нь хоньдыг жинхэнэ багш, удирдагч болох Есүс уруу хөтөлдөг зууч учраас юм. Зууч амийг өгч чадахгүй амийг өгөгч цорын ганц Эцэг Бурхан юм. Бид хоньдыг зааварладаг ч жинхэнэ зааварлагч нь Есүс юм. Харин бид Бурханы өмнө бүгд ижилхэн ахан дүүс юм.
Одоо 11, 12-р зүйлийг хамт уншъя. “Харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог. Өөрийгөө өргөмжилдөг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө” Хэрвээ та хамгийн сайн агуу нэгэн болохыг хүсвэл дорд нэгэн бол гэж байна. Энэ дэлхийд үйлчлүүлдэг хүн агуу юм шиг харагдана. Харин Бурханы хаанчлал ба чуулганд бол үүний эсрэг билээ. Үйлчлүүлдэг бус үйлчилдэг нэгэн агуу нэгнээр тооцогдоно. Энэ нь Бурханы хаанчлалын зарчим юм. Бид өдөр бүр өөрийгөө үгүйсгэж, бусдыг дээгүүр тавьдаг, бусдад үйлчилдэг амьдралаар дамжуулан Бурханд агуу гэж тооцогдох ерөөлтэй хүмүүс болохыг гуйж байна.
2. Золгүй еэ (13-39)
Есүс гэмшдэггүй хатуу зүрх сэтгэлтэй шашны удирдагч нарт хандан золгүй еэ хэмээн хэлж байна. Дараах 7 зүйл байна.
1-рт, Тэд тэнгэрийн хаанчлалыг хаадаг байсан. (13)“Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар харин золгүй еэ. Учир нь та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй. Орох гэснийг нь ч оруулдаггүй” Бурханы үгийг ард олонд дамжуулан тайлбарлаж тэдний тэнгэрийн хаанчлалд оруулах үүрэгтэй байв. Бурханы үг буюу Библи нь Есүс Христийн тухай юм. Тиймээс тэд Христийг Аврагчаар хүлээн зөвшөөрөх, Христийг гэрчлэх ёстой байв. Гэвч тэд Есүсийг шүүмжлэн, Христ гэж хүлээн зөвшөөрөхгүй сорьсон байна. Ийм хүмүүсийг Бурхан заавал шийтгэх болно.
2-рт, Тэд хүмүүсийг хоёр дахин дор тамын хүү болгодог (15) Тэд харь үндэстнийг иудейн шашинд оруулахын тулд тэнгис болон газар саагүй хөндлөн явж байдаг. Тэд халуун зүрх сэтгэл хичээл зүтгэлээр хийдэг ба итгэлтэй хүнийг олоод гэмшлийн сайнмэдээг биш хууль тушаалуудыг зааснаараа өөрсдөөсөө ч илүү хуулийн зүтгэлтэн болдог. Энэ байдлыг харсан Есүс шашны удирдагч нарыг хоёр дахин тамын хүн болно гэж хэлсэн. Тэд үнийг гуйвуулан хоньдыг төөрүүлэн харанхуй нүх рүү түлхдэг байна.
3-рт, Тэд тангаргийн тухай буруу тогтоолоор ард түмнийг төөрөлдүүлсэн (16-22) Есүс тэднийг сохор газарчид гэж давтан давтан хэлж байна. Сохор нэгэн сохрыг газарчин болбол ямар тус болох вэ? Гэвч өөрийгөө сохор биш юм шиг бодож байгаа нь сохор байдаг хамгийн аюултай. Фарисайчууд ийм сохор газарчид байна. “Сохор газарчид аа, та нар золгүй еэ. Та нар сүмээр тангараглах чинь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” Тухайн үеийн иудейчүүд Бурханы нэрийг дуудахаас эмээдэг байсан учир ямар нэгэн зүйлээр орлуулан тангарагладаг байсан. Бурханд өнгөрсөн тангаргийг заавал биелүүлэх хэрэгтэй болдог. Фарисайчууд яагаад сүм, тахилын ширээнээс илүү алт, өргөлүүдээр тангараглахыг илүү үзэх болсон бэ? Бурханд хандсан жинхэнэ мөргөлөөс илүү материаллаг зүйлсэд анхаарал хандуулснаар өөрсдийгөө шунахайрал ба ашгийг дагадаг байдлыг харуулж байна. Эд баялаг хүнийг сохор болгож, сүнсний удирдагч болон хоньчдыг шуналын гэмд унагадаг байна. Сүнсний хувьд сохор болсон хоньчин хэрхэн газарчин болж чадах билээ.
4-рт, Тэд хуулийн гол санааг орхигдуулсан (23,24) “Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар золгүй еэ. Та нар гаа, гоньд, зирааны 1/10-г өгдөг атлаа хуулийн чухал нөхцөлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.” Бурхан өөрийн ард түмэн бүх үр жимсний арваны нэгийг өргөхийг тушаасан байдаг. Харин фарисайчууд энэ тушаалыг хэтэрхий нарийн болгосон боловч Бурханы хайр, нигүүлсэл, өршөөл, шударга байдал, итгэлийг орхигдуулсан байна. Тушаалын гол санааг орхигдуулснаар хүмүүст ил харагдах зүйлсэд анхаарснаар өөрсдийн итгэлийг мундаг гэдгийг харуулахыг хичээсэн.
5-рт, Эд мөнгөний шунал бий болов (25,26) 25-р зүйлд аяганы гадна талыг цэвэрлэдэг шиг хуулийн гадна талыг сахиж байна гэжээ. Есүс дотор талыг цэвэрлэвэл гадна тал бас цэвэрхэн болно гэж айлдсан. Энэ нь дотоод сүнсний тухай хэлсэн байна. Фарисайчууд гадна харагдах байдлаар сайхан харагдаж байгаа ч дотоод байдалдаа гэмээр дүүрэн бодол санаагаар гэм үйлдэж, гэм нүглийн дунд амьдарч байгааг Есүс анхааруулан хэлж байна. Бид гадна талаа цэвэрлээд байвал яаж дотор тал цэвэр болж чадах вэ? Өдөр бүр гэмийн хүслийг үгүйсгэн, хүсэл шуналыг гэмшсэнээр Есүсээр цэвэр болох юм.
6-рт, Тэд ёс бусаар амьдарсан (27,28) Иудейчүүд булшинд хүрвэл бузартана гэж үздэг байсан. Тиймээс олон хүн цугладаг баярын өмнө хүмүүсийг бузартуулахгүй тулд булшнуудыг цагаанаар буддаг байсан. Хэдий гадна талдаа цагаанаар будсан ч дотор талд өгөрч муудан, ялзарсан байдаг. Бид бусдын өмнө, хэн нэгний өмнө биш Бурханы өмнө ний нуугүй илэн далангүй амьдарч сурах хэрэгтэй.
7-рт, Бурханы зарц нарыг эсэргүүцэн хавчдаг байв (29,36) Фарисайчууд эш үзүүлэгчдийн бунхныг барьж хөшөөг чимдэг байв. Эш үзүүлэгчдэд ийнхүү хандсан нь хүндлэлийг илэрхийлж байгаа мэт боловч өөрсдийн мөн чанараа далдалж байгаа хэрэг юм. Тэд Иохан болон Есүс нарыг алах гэж зөвлөлдөж байна.
Есүс ийм хатуу ял шийтгэл сануулан хэлсэн нь тэднийг үзэн ядаж, харааж, тамд унагах гэсэн биш харин хатуу зүрхийг нь эргүүлэх гэсэн Бурханы хайрын илэрхийлэл байлаа.
Дүгнэлт: Өнөөдрийн үгнээс үзвэл Есүс шашны удирдагчдын үнэн байдлыг илрүүлэн маш хатуу зэмлэсэн. Энэ нь тэднийг үзэн ядсандаа бус харин тэдний хатуурсан зүрхийг гэмшүүлснээр аврагдахыг хүссэн учраас тэр юм. Бидний Эзэн Есүс Христ нь өнөөдөр биднийг хайрладаг учир заримдаа хатуу үгээр бидний хуурамч амьдрал, гэмшдэггүй хатуу сэтгэлийг зэмлэдэг билээ.Тиймээс сүм чуулганы удирдагч, ахлагч, хоньчдоор дамжуулан хатуу үг хэлж зэмлэх үе ч байдаг. Энэ үед хоньчдын хатуу үгийг сайн сонссоноор Бурхантай илүү дотно харилцаатай, төлөвшсөн итгэгчид болохыг хүсэн гуйж байна.
Монголчууд бид бусдыг магтаж сайшаах, сайхан үг хэлж өгөхийг сайн хийдэг. Гэвч гэм буруу үйлдсэн ахан дүүст хайраар хандаж түүний асуудлыг хөндөж зэмлэж, хатуу үг хэлэхээс зайлсхийдэг. Яагаад гэвэл хатуу үг, гэмшлийн үг хэлснээр түүнтэй харилцаа тасарч муудна гэж айж байгаа учраас тэр юм. Гэхдээ энэ нь хайрын үйлдэл биш юм. Өнөөдрийн зарлигийг үзвэл Есүс хатуу сэтгэлтэй, хоёр нүүртэй шашны удирдагчдыг хатуу үгээр зэмлэсэн. Бид ч гэсэн үнэхээр ахан дүүсийг хайрладаг бол тэдний гэм бурууг харсан үед зүгээр нүдээ анин өнгөрөөх бус харин хатуу үгээр зэмлэж гэмшилд урих хэрэгтэй. Тэгснээр тэд гэмшиж Бурхан уруу буцан ирэх боломжтой болно. Энэ бол тэдэнд хандсан жинхэнэ хайр билээ. Амен