ЕСҮСИЙН НЭРИЙН ТӨЛӨӨ ҮХЭХЭД Ч БЭЛЭН ПАУЛ
Үйлс 21-22-р бүлгүүд
Гол эшлэл: 21:13
“Харин Паул –Юунд та нар уйлж, зүрхийг минь юунд өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.”
Өнгөрсөн долоо хоногт болсон ХБК-ийг хайр ивээлтэй удирдсан Бурханд алдрыг өргөе! Бурхан бидний тооцоолж байгаагүй арга замаар ажиллах нь элбэг.
Үйлс номын 20-р бүлгээс бид Ефесийн ахлагч нарыг дуудуулан уулзаад, тэдэнтэй дахиж уулзахгүй гэж нулимсыг нь барсан Паулын тухай үзсэн билээ. Паулын царайг дахиж харахгүй нь гэсэн тэдний байдлыг төсөөлөн үзээрэй. Нас бараад оршуулж байгаа биш, харин дахин харахгүй гэж баталгаатай хэлж буй Паулыг бараг амьдаар нь оршуулж байгаа мэт санагдсан байх.
Ийн Паул Иерусалим орох аялалдаа мордлоо. Түүний суусан усан онгоц нь нэг явалтаар газар бүрд хэд хоноод явдаг супер усан онгоц байлаа. Өөрөөр хэлбэл очсон газар бүрдээ зогсоод багадаа нэг хонодог учраас Паул тэнд байгаа дагалдагч нартай уулзах боломж олдож байна гэсэн үг юм. Улмаар Тирд байгаа дагалдагч нартай Паул уулзав. Тэр долоо хоногийг дагалдагч нартай хамт өнгөрөөжээ. Тэдэнтэй хамт байх зуураа Паул ч номлосон байх, харин тэнд байгаа дагалдагч нар эргээд Паулд сануулга өгсөн байна. Иерусалим уруу явж болохгүй гэж тэд сүнсээр ятгагдсан ба түүнийгээ Паулд хэлжээ. Энэ үед Паулд ямар хэцүү байсан бол оо? Харин ч өөрөө Ариун Сүнсээр ятгагдан Иерусалим орж байхад өөр хүмүүс түүнийг Иерусалим орохгүй байхыг сүнсээр ятгаж байдаг.
Ариун Сүнсний ажил ийм зөрөөтэй явагддаг гэж үү? Ариун Сүнсний ажил зөрөөгүй явагддаг. Олон хүний эш үзүүлж байгаагаас Өөрийнхөө зарцынхыг ялгахын тулд бусад хүмүүс ярихыг ч бас зөвшөөрдөг. Эш үзүүлэгч нар заримдаа эндүүрэл гаргах нь байдаг. Бид Иов номыг уншвал Иов гэм хийгээгүй хэрнээ Бурханаас шийтгэл авсан гэж өөрийгөө өмгөөлж байхад түүний гурван найз, дээрээс нь нэмэгдээд нэг залуу эш үзүүлэгч түүнийг гэмтэй учраас шийтгэл авсан байна гэж Бурханы нэрээр буруутгадаг. Ямар ч логикоор харвал тэр дөрвөн хүний зөв мэт харагддаг боловч эцэстээ Бурхан Иовын буруугүй гэдгийг нотолж, бүр түүнийг шагнадаг билээ. Яг тийм л үйл явдал энд ч бас өрнөсөн байхыг үгүйсгэхгүй. 1Тесалоник 5:20-21-д “Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайнаас зуур” гэсэн үг байдаг. Ямар ч эш үзүүллэг байж болно, гэхдээ бүгд шалгагдсан байх ёстой болж таарч байна.
Тирд байгаа хэд Паулыг бүр гэр бүлийнхэнтэйгээ хамт үдэж, мордуулахдаа Паулын аяллын төлөө залбирцгаасан байна. Тэндээсээ Птолемиад ирж нэг хоноод, дараагийн зогсоол болох Кайсарид ирсэн байна. Кайсарид үйлчлэлийн хамтран зүтгэгч байсан Филипийнд ирж, хэд хоножээ. Хэдийгээр Филипийн хамтран зүтгэгч Стефаныг алахад Паул гол нөлөө үзүүлсэн хэдий ч одоо үйлчлэлийн хамтран зүтгэгч болсон байгааг хараад, улмаар түүнтэй ийн уулзаж байгаа нь үнэхээр сайхан цаг байсан байх. Филип дөрвөн охинтой байжээ. Одоо 10-11-р эшлэлүүдийг үзээрэй. “Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв. Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд –Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв.” Одоо л учир нь тайлагдаж байна. Юуны учир хэмээвээс Тирд байгаа хүмүүс Паулыг- “Иерусалим бүү яв” гэж сүнсээр айлдсан тухайгаа хэлж, түүнийг тийш явахгүй байхыг ятгасан. Харин эш үзүүллэгээ шалгаагүй бөгөөд хэрэв шалгасан бол түүнд учрах янз бүрийн зовлон, хавчлагыг эш үзүүлэх байв. Агаб яг л тэр зовлон, хавчлагыг эш үзүүлсэн. Иерусалимд учрах бэрхшээлийг эш үзүүлсэн. Үнэхээр ч түүний эш үзүүллэг ёсоор Паул Иерусалимд очоод Эзэний ажлыг зүгээр ч нэг буюу ямар ч хавчлага зовлонгүйгээр хийгээгүй. Агабын эш үзүүллэгийг сонсоод бусдынх нь хандлага ямар болсон бэ? 12-р эшлэлээс харвал бүгд л Паулыг Иерусалим уруу явахгүй байхыг гуйн ятгаж эхлэв. Паулыг тэнд аюулд орно гэдгээс бүгд айжээ. Хаанчлалын төлөөх агуу ажлыг хийж байгаа хүнийг тэнд эрсдэлд орно гэж эш үзүүлсээр байхад үнэхээр эмээхгүй, явуулахгүй гэж байгаа нь үнэхээр зөв юм. Паул тэнд очоод юутай ч учрахыг мэдэхгүй. Зөвхөн хүлүүлнэ л гэж эш үзүүлж байгаа болохоос биш цаашид ямар үйл явдал болохыг ч сайн мэдэхгүй. Паулын төлөөх, цаашлаад хаанчлалын төлөөх тэдний санаа зовиурыг харгалзаж үзэхгүй байхын аргагүй нөхцөл байдал дунд Паул орсон байх. Болгоомжлол, эрсдэл тооцох зэрэг нь байх ёстой зүйл. Паулд яг л тийм эрсдэл тооцох чадвар дутагдаж байсныг үгүйсгэхгүй. Тэр болгоомжлоход ч илүүдэхгүй байх ёстой байсныг үгүйсгэхгүй. Эрсдэл тооцож, болгоомжлох ёстой байсан Паул юу гэж хэлсэн бэ? Бүгдээрээ 13-р эшлэлийг хамт уншицгаая. “Харин Паул –Юунд та нар уйлж, зүрхийг минь юунд өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.” Энэ бол Паулын итгэлийн тунхаг, мөнхийн шийдвэр нь байлаа. Ямар агуу шийдвэр вэ? Түүнд учрах бүх эрсдэлд Паул бэлэн гэж байна. Ийм их эрсдлийг үүрэх итгэлтэй байна, ийм их эрсдлийг хүлээх чадвартай байна л гэсэн үг. Тэр үхлийн аюулыг дагаж биш, харин сөрж явж байна.
Хүн амьдралдаа том, жижиг олон л шийдвэр гаргадаг байх. Өдөр бүр тулгардаг асуудлуудад шийдвэрүүд хэрэгтэй. Жилийн эхэнд янз бүрийн шийдвэр гаргадаг. Мөн гэр бүлийн хүрээнд, амьдралдаа гээд чухал олон шийдвэрүүдийг гаргадаг байх. Тэгвэл бид хүлүүлэхийг ч үл тооцоод үхлийн ч эсрэг явж байгаа Паулын гаргасан шийдвэрээс юу сурч, түүнийгээ хэрэгжүүлж болох вэ? Хоёр чухал зүйлийг бид харах ёстой болж байна.
1-рт, Ариун Сүнсний дуудлага түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн. Үйлс 19,20-р бүлгүүдээс харвал Паулыг дуудсан Бурханы дуудлага, Ариун Сүнсний дуу хоолойд үнэнч байгааг харж болно. Түүнээс ч илүүгээр Паулыг дуудсан тодорхой нэг дуудлага бол Үйлс 9-р бүлэгт илэрхийлэгддэг.Есүс түүнд үзэгдлээр үзэгдэн харь үндэстнүүдэд дуудсан дуудлагаа илэрхийлдэг.
Паул өөрийн амийг бодоход хэн ч түүнийг буруутгахгүй байлаа. Паул нэгэнт боссон дагалдагч нартайгаа хамт байж, тэднийг хоньчлоход л анхаарал хандуулсан бол болох л байсан. Гэвч Паул Ариун Сүнсийг дуулгавартай дагасан. Тэр Эзэн Есүсийн Үйлс 1:8-д өгсөн “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв” гэсэн тушаалыг дуулгавартай дагасан. Түүний эцсийн зорилго нь Иерусалим орох биш харин дэлхийн хязгаар болсон улсуудад хүрч очин үйлчлэх байлаа.
Дуудлага гэдэг бол итгэгч хүн бүрд маш чухал ойлголт. Мэдээж хамгийн чухал нь аврал ба найдвар боловч итгэгч хүн үлдсэн амьдралдаа ямар нэг зорилго ба дуудлагатай байх ёстой. Бурхан хүн бүрийг бэлэг авьяасынх нь дагуу үйлчлүүлдэг бол дуудлагынх нь дагуу хаана үйлчлэхийг нь чиглүүлж өгдөг. Манай чуулганд өгөгдсөн дуудлага бол оюутнуудынх. Бараг энэ чуулганд ирснээсээ хойш энэ үгийг хангалттай, залхтлаа сонсож байгаа байлгүй. Ямартаа ч оюутнуудыг хоньчлох, тэднийг ирээдүйд нийгэм болон гэр бүлдээ нөлөөтэй хүмүүс болгох, тэгснээр Бурханы хаанчлал Монгол болоод дэлхийн өнцөг булан бүрд түгэхэд маш том нөлөө үзүүлнэ гэсэн үндэслэлээр оюутнуудыг аврах ажилд Бурхан биднийг дуудсан. Оюутан байхдаа ирсэн хүмүүс одоо ажилд орцгоож, гэр бүл болцгоож, өсөж үржицгээж байна. Тэгвэл нийгэм ба гэр бүлдээ хэр нөлөөлж байна вэ? Мөн бид дагалдагчдаа тэр хэмжээнд хэр бэлдэж байна вэ? Оюутан залуусыг ангидаа, ажилчдыг ажлын байран дээрээ тэргүүлэгч байхад нь хэр зэрэг дэмжиж, бэлдэж байна вэ? Оюутнуудыг хоньчлох, тэднийг хаанчлалын ажилчид, хаанчлалын сэтгэхүйтэй, алсын хараатай болоход нь хамт үйлчилцгээе. Паулыг Бурхан харь үндэстнүүдийн төлөө дуудсан шиг таныг оюутнуудын төлөө дуудсан. Тэгвэл энэ цагт оюутнуудын төлөө залбирцгаая. Тэдний одоогийн болон ирээдүйн байр сууриар дамжуулан Бурханы хаанчлал тэлэхийн төлөө залбирцгаая, бас хичээцгээе.
2-рт, Бурханы хаанчлалын сайнмэдээг тунхаглана гэсэн Паулын халуун зүрх сэтгэл. Паулын амьдралыг харвал түүний алхам бүр нь хаанчлалын төлөө байдаг. Хэдий дуудлага байсан ч гэсэн, бүр тодорхой илэрхийлэгдсэн ч гэсэн Паул түүнийхээ төлөө явах халуун зүрх сэтгэл, үндэстнүүдийг хайрлах хайр байхгүй байсан бол ямар байх байсан бол гэж та бодож байна? Анх Есүстэй уулзахдаа сохорсон чигээрээ буюу нүд нь хараа ороогүй чигээрээ л байх байсан биз. Тэр хаанчлалын сайнмэдээг явсан газар бүрдээ, харь үндэстнүүдийн хот болгонд тунхаглана гэсэн халуун зүрх сэтгэлтэй байсан. Тийм ч учраас дагалдагч нарынхаа төлөө ямар ч золиосыг гаргахад бэлэн байлаа. Тийм ч учраас Паул үйлчлэлийнхээ төлөө майхан оёж, зарж түүнийхээ орлогыг үйлчлэлдээ хэрэглэдэг байлаа. Түүний золиос, зориулалт зөвхөн майхнаар зогсоогүй. Тэр сайнмэдээний гурван ч аяллыг хийсэн. Хүн бүрд хүрч үйлчлэхийн төлөө, удирдагч, дагалдагч нарыг бэлтгэхийн төлөө газар сайгүй явж, чуулган тарихын төлөө түүний үйлчлэлийн ихэнх цаг хугацаа зарцуулагдсан. Тэр сайнмэдээний төлөө явж байхдаа шоронд хоригдож, хоригдлын хувцас өмсөх болсон. Шоронгоос хот бүрийн чуулгануудад захидал бичиж, тэднийг урамшуулан зоригжуулж, үйлчлэлд нь тус дэм болж байлаа. Түүний халуун зүрх сэтгэлийг хэмжих ямар ч аргагүй.
Хаанчлалын төлөө амьдарч, үйлчлэхэд зайлшгүй Паулд байсан шиг зүрх сэтгэлийн хандлага хэрэгтэй. Олон итгэгчид энэ зүрх сэтгэлийг гээсэн байдаг. Анх итгэгч болох үедээ сайнмэдээг газар сайгүй тунхаглах хүслээр бялхдаг. Гэвч аажмаар тэр хүсэл, хандлага, халуун зүрх сэтгэл нь хөрч эхэлдэг. Ямар шалтгаанаас болдгийг мэдэхгүй. Ямартаа ч тэр зүрх сэтгэлийн хандлага, үйлс нь унтарч байгаа нь үнэхээр харамсалтай. Яг ийм байдалд орсноосоо болоод Ефес чуулганыхан “Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ” (Илч 2:4) гэж Есүст загнуулсан байдаг. Тэгвэл хүн бүр анхны хайраа орхидог гэж үү? Үгүй.Паул Эзэн дээр ирснээсээ хойш үхэн үхтлээ, ямар ч нөхцөл байдал дунд Бурханыг хайрлах хайр, Түүний хоньдыг хайрлах зүрх сэтгэлээ хэзээ ч алдалгүй үйлчилсэн. Шантруулах, няцаах, буцаах, үхэл уруу түлхэх түм буман тохиолдол түүнд учирж байсан.Тэр байтугай Иерусалим явахад нь хамтран зүтгэгчид нь хүртэл болгоомжлуулж, сэрэмжлүүлж байсныг бид харж болно.Тийм ээ, таныг хайрласан, аварсан, үйлчлэлд дуудсан Бурханы агуу өршөөл нигүүлслийг та мартсан юм биш биз?Түүнийг гэрчлэх агуу үүргээ умартсан юм биш биз?
Одоо бол энд сууж буй хүн бүрийн шийдвэр гаргах цаг. Таныг дуудсан оюутны үйлчлэлд амь амьдралаа зориулахад бэлэн байна уу?Та Есүсийн нэрийн төлөө амьдралаа зориулахад бэлэн байна уу? Та Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай амиа ч зориулахад бэлэн байна уу? Та Түүний хаанчлалын төлөө үлдсэн амьдралаа зориулахад бэлэн байна уу? Та Бурханы хаанчлалын сайнмэдээг дэлгэрүүлэхийн төлөө амьдрахад бэлэн байна уу? Шийдвэр гаргасан хүмүүсийг л Бурхан ашигладаг. Хаанчлалын төлөө амьдрах хүмүүсийг л Бурхан хэрэглэдэг.