БҮҮ АЙ! ХАРИН ЯРЬ
Үйлс 18:1-28
Гол эшлэл 18:9,10
“Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай. Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.”
Эзэн Бурхан минь ээ! Энэ цаг, байгаа боломжийнхоо төлөө баярлалаа. Та өөрийнхөө амьд үгээр дамжуулан бидний амьдралд мэргэн ухаан, заавар чиглэл, хүслээ улам бүр бидэнд хэлж өгөөч. Таны үгийг сонсож байгаа хүний зүрх сэтгэлийг зөөллөж өгөөрэй хэмээн хүсэж гуйж байна.
Паул маань аяллаа үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр номлолоор дамжуулан бид Грек улсын Коринт гэдэг хотод хэрхэн үйлчилсэн талаар суралцах болно.Зарим үед ажил үйлс, үйлчлэл маань ямар ч үр дүнгүй бас бэрхшээл, эсэргүүцэл, хавчлага, өвчин зовлон, үхэл хагацал зэргээр дүүрэн байх үеүд тохиолддог. Ийм үед бид буцаж алхмаар, бууж өгмөөр, шантрах сэтгэлд автаж, ямар ч хүчгүй болох нь амархан. Элч Паулын хувьд ч ийм байдалд олон удаа орж байсан. Өнөөдрийн номлолоос Элч Паулын ийм байдалд орж байсан нэгэн тохиолдлыг бид харж болно. Ийм байдал дунд амилсан Есүс түүнийг хэрхэн хүчирхэгжүүлж байгаа талаар одоо сурцгаая.
Нэгдүгээр эшлэлийг уншвал – “Дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив” гэжээ. Афинаас Коринт хүрэх замд маш их түүх соёлыг харуулсан үзмэр, байгалийн үзэсгэлэнтэй газар олон байсан. Үгээр хэлэхийн аргагүй, тийм үзэсгэлэнтэй газрууд олон байв. Коринт хот нь 500,000 гаруй хүн амтай, Ромын эзэнт гүрний 4 дэхь том хот байв. Тиймээс стратегийн чухал ач холбогдолтой боомт хот байсан аж. Энэ хотод маш том том театрууд байсан тул Ром улсын өнцөг, булан бүрээс хүмүүс юм үзэхээр ирдэг байв. Гэвч Ахай мужийн Коринт хот тэр үеийнхээ хамгийн бузар муу ёрын хот байсан. Наад зах нь хайр дурлалын бурхан гэгдэх Афродитад мөргөх нэрийдлээр 1000 эмэгтэй тахилчдыг, шашины ёсоор биеэ үнэлэхийг хүлээн зөвшөөрсөн янхны газар байх жишээтэй. Өнөөдрөөр зүйрлүүлбэл, Ласвегас хот адил байсан байх. Энэ хотынхон юу дуртайгаа хийж, элдвийн гэм нүгэл үйлдэхдээ гарамгай байсан. Тийм ч учраас Ромын эзэнт гүрэн даяар садар самуунд автаж замаа алдсан, завхай хүнийг “коринтжсон хүн” гэж нэрлэдэг байжээ. Коринт хотын хүмүүс Сатаны завхайрлын боолчлолд автсан байсан тул Эзэний сайн мэдээ хэрэгтэй байсан бөгөөд Бурхан энэ хотод Паулаар дамжуулан авралын ажлыг хэрхэн хүчтэйгээр хийснийг мөн хэцүү нөхцөл дунд ч үгэнд бүрэн автан, сайн мэдээг хичээнгүй дэлгэрүүлсэн Паулын итгэлээс суралцахыг хүсэн гуйж байна.
Силас, Тимот хоёрыг Берой хотод үлдээсэн учир Паул Коринтод ганцаараа хүрч ирлээ. Ингээд Паул Коринт хотод анх удаа ирэхдээ юу хийснийг харцгаая. Коринт хотод дөнгөж саяхан Ромоос нүүж ирсэн нэгэн иудей гэр бүл байсан нь Акулынх байлаа. Акула эхнэр Прискилагийн хамтаар майхан хийдэг ажлаа үргэлжлүүлэхийн тулд Коринт хотод нүүж ирсэн. Түүнчлэн өөрсдийн гэсэн дэлгүүрийг нээж амжсан байв. Нэг өдөр энэхүү дэлгүүрт Антиох хотоос ирсэн Паул орж ирэн улмаар тэд бие биентэйгээ танилцсан. Паул тэдэнд Эзэн Есүсийн талаар ярин, авралын үнэнийг зааж өгсөн аж. Удаан хугацаанд илгээлтийн аяллаар явсан Паулын хувьд санхүүгийн асуудал тулгарсан тул тэрээр тэднийд очин, хамт ажиллах болов. Учир нь Паул бага наснаасаа майхан хийж сурсан байлаа.Учир нь Иудейчүүд Вавилоны цөллөгөөс хойш хүүхдүүддээ хуулийг заахаас гадна, том болоод өөрийгөө санхүүгээр хангадаг болохын тулд ямар нэгэн мэргэжлийг эзэмшүүлдэг заншилтай байв Иймээс Бурхан ижил мэргэжлээр дамжуулан тэднийг маш чухал хамтран зүтгэгч нар болгон босгосон юм. Ром 16:4-д Паул тэдний талаар ийнхүү “Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн харийхны бүх чуулган талархдаг билээ” бичсэн байдаг. 2Коринт 11:9, 2Тесалоник 3:7-9-г үзвэл, Паул алив зүйлээр хоньдод дараа болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дарамттайгаар ажиллаж байсан гэв. Тэгээд Паул ажил хийхийн хажуугаар амралтын өдөр бүр синагогт очин иудей болон грекчүүдэд сайнмэдээг дамжуулдаг байлаа.
5-р зүйлийг үзээрэй-“Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд, Паул үгэнд бүрэн автаж,Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байла”. Паул ийнхүү амьдарч байхад Силас, Тимот нар ирэв. Тимот нь Тесалоникийн чуулганы тухай мэдээг авчирч(1Тесалоник 3:6), Силас нь Филиппой чуулганыхны мэдээ ба тэдний цуглуулсан хандивыг авч ирэв(Филиппой 4:14,15). Тэднийг ирэхэд Паул урам зориг ба хүчийг авч, үгэнд бүрэн автан,Есүс бол Христ гэдгийг улам идэвхтэй гэрчлэв. Энд үгэнд бүрэн автсан гэдэг нь дараах хоёр утгыг илэрхийлж байна. Үүнд:
Нэгдүгээрт- Майхан хийх ажлаа зогсоон, Тимот, Силас нартай хамт бүтэн цагаар сайнмэдээг гэрчлэхэд өөрийгөө зориулсан гэсэн утгатай.
Хоёрдугаарт- Ариун Сүнсэнд бүрэн автан, Есүс бол Христ гэдэг үгийг гэрчлэхэд бүх анхаарлаа хандуулсан гэсэн утгатай. Ялангуяа тэрээр Афинд байсан шиг үг яриа, мэргэн ухааны чадвараар үгийг дамжуулах гэсэн бодлоо бүрэн орхисон. Тэгээд зөвхөн Есүс Христийн загалмайн үнэнийг л ярихаар хатуу шийдсэн. Энэ нь хоньдын итгэлийг хүний мэргэн ухаанд бус зөвхөн Бурханы Сүнсний хүчинд үндэслүүлэхийн тулд байлаа. Тэгэхэд Паул улам сүнсээр дүүрч сайнмэдээг дэлгэрүүлэх ажилд өөрийгөө бүрэн зориулав. Паул ийнхүү үгэнд бүрэн автан, Коринт хотыхныг Христ рүү авчирсан. 2Коринт 5:13, 14а-г үзвэл-Хүмүүс үгэнд бүрэн автан, өөрийгөө дайчилж байгаа Паулыг харахдаа ухаанаа алдсан, өөрөөр хэлбэл галзуурсан гэж хэлсэн байсан талаар дурдсан байдаг. Паул хүмүүсийн нүдэнд ингэж харагдах хүртэл сайнмэдээг дэлгэрүүлж, хоньдын төлөө амьдарсан юм. 6-р зүйлийг үзээрэй. Паул зоригтойгоор үгийг гэрчлэхэд, Иудейчүүд түүнийг эсэргүүцэн, доромжлов. Энд эсэргүүцсэн гэдэг нь илүү зохион байгуулалттайгаар саатуулсан гэсэн үг. Нөхцөл байдал ийм байсан ч Паул огт ухраагүй, шантраагүй. Харин ч Иудейчүүдийг эхэнд тавьж байсан үйлчлэлийн чигээ өөрчлөн, харийханд сайн мэдээгтараах шийдвэрийг гаргав. Тэгээд Паул синагогт үг ярихаа зогсоон,Бурханаас эмээгч Иустын Тит нэртэй ром хүнийд очив. Тэгэхэд юу болсон бэ? 8-р зүлйлийг үзээрэй-“Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийхнийхээ хамт Эзэнд итгэж, коринтыхон үгийг сонсоод олноороо итгэн, баптисм хүртэцгээж байв” гэсэн байна. Иудейчүүд хичнээн саад тавин, эсэргүүцэн доромжилсон ч Паул улам өөрийгөө зориулан үгийг дэлгэрүүлэхэд авралын ажил хүчтэй өрнөв. Мөн энэ явдалд хамтран зүтгэгч Тимот, Силас нарын зориулалт ч маш тус дэм болсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Афинд Паул ганцаараа ажиллахад үр жимс нь бага байсан. Энэ нь авралын ажилд хамтран зүтгэгчдийн зориулалт чухал гэдгийг харуулж байна.Хажууд байгаа найздаа сайн мэдээний төлөө хамтран зүтгэж байгаад баярлалаа гэж хэлцгээеИйнхүү хамтран зүтгэгчид нийлэн ажилласнаар, Паул урам зориг авсан боловч Иудейчүүдийн зохион байгуулалттай хавчлага үргэлжлэхэд,түүний сэтгэл 1Коринт 2:3-д хэлсэнчлэн мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор байв. Македонийн ихэнх газарт болсон хавчлага Коринт хотод ч гэсэн үргэлжилсэн. Мөн өмнө нь Филиппоид их жанчуулсан учир эрүүл мэнд ч суларч ядарсан байх. Юуны өмнө Коринт хотын олон хиймэл шүтээн ба садар самуун, муу сүнсний ажил хүчтэй байгаагаас болж хоньдын зүрхийг эзэмдсэн муу сүнсний эсрэг тэмцэл ч хурц ширүүн байсан байх. Коринт хотоос Бурхан олон хүнийг аварнаа гэж хэлсэн ч энэ нь хүний нүдээр харахад хэцүү боломжгүй байсан. Коринт хотод Паулын хувьд энэ хотод нилээд хугацаа өнгөрүүлсэн боловч энэ хотын талаар маш олон зүйлийг бодож байсан байх. Түүнийг хавчин гадуурхах гэх мэт эсэргүүцлүүд тулгарсан учраас, магадгүй тэр хотоос гарах нь зөв гэж бодож байсан байхаа. Эдгээр шалтгаанууд Паулын зүрхийг ихэд зовоон, айдас төрүүлсэн. Хүн айдас санаа зовиурт автагдвал сэтгэл санаа давчууран, Сүнсний хүчийг алдаж, бүх бие хөдөлгөөнгүй болдог.
Харин ийм Паулыг Эзэн хэрхэн зоригжуулсан бэ? 9,10-г хамт уншицгаая-“Бүү ай. Харин ярь, бүү дуугүй бай. Учир нь би чамтай хамт байна. Хэнч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий” гэв. Эзэн хамгийн түрүүнд “бүү ай” гэж хэлсэн. Учир нь Бурхан түүнтэй хамт байгаа. Орчлон ертөнцийг бүтээсэн Төгс хүчит Бурхан, тэнгэр, газар ба амь үхлийн бүх эрх мэдэлтэй, Эзэн түүнтэй хамт байгаа учраас юм. Энэ Эзэн түүнийг хамгаалдаг учир хэн ч түүнийг хорлох гэж гар хүрэхгүй. Тиймээс Паул юунаас ч айх хэрэггүй билээ. Харин Эзэн Паулд урам зориг өгөн, өөрөө түүнтэй ярьж, түүнийг Коринтод хотод үлдээж байна. Эзэн түүнд “Надад итгэх олон хүн энэ хотод байгаа” гэж хэлж байна.Мөн Эзэн Түүнийг “Харин ярь, бүү дуугүй бай” гэж зоригжуулсан. Паул үүнийг сонсоод зоригжин бат итгэлтэй болов. Тэгээд нэг жил зургаан сарын турш тэдний дунд амьдран, Бурханы үгийг тасралтгүй тунхаглав(11). Паулын өмнөх сайнмэдээний аяллууд дунд ийм удаан хугацаагаар байсан суурьшсан хот байгаагүй юм. Харин Бурхан бат итгэлийг суулгахад, тэрээр маш урамшсан. Тэрээр Коринт хотоос гадна тэр хавийн Кенхрей (Ром 16:1), болон Ахайн нутагт(2Коринт 1:1) сайнмэдээг дамжуулсан. Мөн энэ хугацаанд анхны захидал болох 1, 2-р Тесалоникийг бичжээ. Коринт хот нь олон хиймэл шүтээн ба ялзрал доройтлоос болж сайнмэдээний үнэн хүчтэй ажиллахад хэцүү нөхцөл байдалтай байв. Харин Паул Бурханы үгийг дуулгавартай даган, сайнмэдээний ажилд бүрэн зориулахад гайхамшигтай гэмшил аврал ба Ариун Сүнсний ажил биеллээ олсон юм.
Бидэнд олон айдас, санаа зовиур байдаг. Сатан бидний зүрхэнд айдсыг суулган, сайнмэдээний төлөө өөрийгөө зориулан амьдрахад саад тавьдаг. Сайнмэдээг сонсоогүй хоньд хажуугаар олноор өнгөрсөн ч юу ч ярихгүй, дуугүй болгодог. Чуулган дотор хайр ивээлтэй үгийг сонсоод, ханамж аваад өнгөрдөг хүмүүс болгодог. Зөвхөн өөрийн айдас,санаа зовиурын асуудалд бүх анхаарлаа хандуудаг. Харин Бухан бидэнд айдсын сүнсийг бус хүч, хайр, ба бие захирах сүнсийг өгсөн билээ(2тимот1:7). Бид Бурханы өгсөн сайнмэдээний хүч ба хоньдод хандсан хайраар айдсыг даван дийлж, өөрийгөө сайнмэдээний ажилд бүрэн зориулан амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Энэ цагт Эзэн бидэнд танд, бас надад юу хэлж байгааг сонсох хэрэгтэй. “Бүү ай, харин ярь, бүү дуугүй бай” гэж байна. Сүнсний нүдээр харвал, одоогийн их дээд сургуулиудын оюутнууд аль хэдийн цайрч, ургац хураах цаг болсон тариа мэт харагдана. Есүсийн сайнмэдээг сонсолгүй, сүйрэл уруу чиглэн буй оюутан залуус үнэхээр олон байна. Энэ хотод Бурханы аврах гэсэн хоньд одоо ч олон байгаа. Харин үгийг дамжуулахгүй бол тэд сонсохгүй, сонсохгүй бол аврагдах боломжгүй юм (Ром10:17). 12-17 дахь эшлэлүүдийг багцлаад үзвэл, Паул дахиад иудейчүүдэд хавчигдаж байгаа тухай гарч байна. Галионыг Ахаин нутгийн захирагч байхад, Иудейчүүд санаа нийлэн, Паулын эсрэг босож, Түүнийг шүүхэд авчран, худлаар гүтгэсэн.
Энэ үеийн шүүх нь Бема гэх маш том танхимд болдог байсан ба эргэн тойронд нь хүмүүс суудаг байжээ. Энэхүү танхимын үлдэгдэл нь одоог хүртэл байдаг аж. Тэд Паулын эсрэг мэдүүлэг өгөн, тэгээд түүнийг буруутгах болсон шалтгаанаа ийнхүү тайлбарласан:13-р эшлэлийг хамтдаа харцгаая- “Энэ хүн Бурханд мөргө гэж хүмүүсийг хуулийн эсрэг ятгаж байна гэв. Паулыг буруутгахдаа тэд нар Ромын эсвэл Коринт хотын хуулийн эсрэг биш харин Мосегийн хуулийг зөрчсөн хэмээн тэрнийг буруутгасан байна. 18-22-д эшлэлүүдийг харвал-Паул Коринт хотод олон өдөр байгаад тэндээс явж, хоёр дахь сайнмэдээний аяллыг дуусган, Антиох уруу буцсан явах тухай бичсэн. Паул ах дүүсээс салаад, Прискила, Акул хоёртой хамт Сирийг зорив. Тэр ам өчгөө биелүүлсний дараа шинэ сэтгэлээр үйлчлэн, Бурханд түшиглэхийн тулд үүнийг үйлдсэн юм шиг байна.Бид нар бүх зүйлийг Бурханы алдрын төлөө хийх ёстой гэдэг нь л чухал юм. 19-р эшлэлийг хамтдаа харцгаая-“Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдтэй харилцан ярилцав”Паул өөрийнхөө илгээлтийн 2 дахь аяллыг эхэлж байх үед, Ариун Сүнс түүнд Ефес хот руу явахыг хориглож байсныг та санаж байна уу? Харин буцах замдаа тэрээр Бага Ази дахь Ефес хотод түр саатсан байна. Тэнд байхдаа Паул синагогт очин,сайнмэдээг дамжуулсан(19-21). Үгийг дамжуулахад тэд хүлээн авч, түүнийг удаан хугацаагаар хамт байхыг гуйв. Харин Паул Иерусалимд Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхийн тулд яаран, дахин эргэж ирнэ хэмээн амлаад, усан онгоцонд суун Кайсар уруу хөдөлжээ. Тэгээд Иерусалимд очин, сайнмэдээнийхээ тайланг хуваалцан, дараа нь Антиох уруу явав.
18 бүлгийн 23-р эшлэлээс 21-р бүлгийн 16 эшлэл хүртэл Паулын гурав дахь илгээлтийн аяллын тухай бичсэн байдаг. Паул хэсэг хугацаанд Антиох хотод байсны дараа замд гарч, өмнөх аяллаар сайнмэдээг ярьсан газраар эргэн явж, дагалдагчдыг хүчирхэгжүүлсээр явав. Ялангуяа ийнхүү гурав дахь аяллын хамгийн чухал газар нь бараг 3 жилийн турш сайнмэдээг дэлгэрүүлсэн нь Ефес хот юм.
Одоо 24-28 эшлэлүүдийг хараарай. Эдгээр эшлэлүүдэд Ефес хотод сайнмэдээний ажил өрнөхөөс өмнө болж байаа үйл явдлуудын тухай дурьдаж байна. 24-р эшлэлийг үзээрэй. Энэхүү хэсэгт Александраас гаралтай Апол гэгч иудей хүн Ефест ирж Есүсийн тухай гэрчилсэн болон Апол үгэнд цэцэн, бичвэрт гарамгай байсан боловч зөвхөн баптист Иоханы дагалдагч нараас сонссон Есүсийн тухай зөгнөлийг л заадаг байсан талаар өгүүлсэн байдаг. Харин Прискила, Акул нар Аполын ярихыг сонсоод, Есүсийн үхэл амилал ба Ариун Сүнсний баптисмын тухай сайнмэдээний гол агуулгыг мэдэхгүй байгааг анзаарав. Тиймд тэд Аполыг авч гаран, сайнмэдээний үнэнийг нарийн тайлбарлаж өгөв. Харин Апол өөрийгөө библийн мэдлэгтэй гээд бардамналгүй, тэдний үгийг даруу сэтгэлээр хүлээн авсан.
Үнэн зөв сургаал гэдэг бол үнэхээр чухал. Тухайн үед хүмүүс Есүсийн тухай ам дамжин ярьж байхдаа үнэн худал эсвэл зарим нь хүч оруулж байсныг үгүйсгэх газар үгүй. Харин Апол судрыг сайн мэддэг байсан бөгөөд Есүсийн тухай үнэн зөв сургаалыг судруудаас зааж байсныг энд онцолсон байна. Өнөө үед туйлын үнэн гэж байхгүй, үнэн бол харьцангүй ойлголт гэж үзэх болсон цаг. Тийм учраас Есүс Христийн тухай буруу сургаал зөндөө байдаг. Дээрээс нь гэнэн сайхан сэтгэлтэй итгэгч нар үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын гэрчлэл ярьдаг. Мөн үгийн үйлчлэл хийж байгаа хүмүүс үнэн зөв мэдлэггүй бол библийг буруу тайлбарлаж, сонсож байгаа хүмүүсийг төөрөгдүүлэх аюултай. Тиймд үгийн үйлчлэлд байгаа хүмүүс судруудыг сайн судалж, сургаалаа бэлдэх хэрэгтэй.
Ийнхүү сайнмэдээний хүчээр өөрчлөгдсөн Апол Ахай нутгийн Коринт уруу яван өөр олон хүнд сайнмэдээг гэрчлэв(27,28). Түүний өөрчлөлт ба библид үндэслэсэн сургаал нь Коринт дахь итгэгсдийн өсөлтөнд маш тус дэм болов. Хожим Паул түүний үйлчлэлийг үнэлэн, “Би тарьсан, Апол усалсан” гэж дүгнэн хэлсэн байдаг(1 коринт3:6).
Өнөөдрийн нийгэмд хүмүүс зүрх сэтгэлдээ завхарсан Коринт хотыг босгон байгуулсаар байна. Чимээгүй хүлээн зөвшөөрсөн амьдрал, хямралын сэтгэлгээнд автсан миний зүрх сэтгэл завгүй, мөнгөгүй тул ажиллах ёстой хэмээн махран сайн мэдээний үйлчлэлээс, сүнслэг цаг авах байдлаасаа холдож байгаа өөрийгөө олж харлаа. Нэг л өдөр ажиллахгүй зогсвол, цалингүй болно, зээлээ төлж чадахгүй болно хэмээн өөрийгөө өмөөрөн өдийг хүрчээ. Зэвэрсэн намайг ярихад тоох хүн байхгүй боловуу хэмээн айдаст автсан сэтгэлээр сайн мэдээг тунхаглах зүрх сэтгэл ч байхгүй болсныг харж байна.
Дүгнэлт: Өнөөдрийн бидний амьдарч буй цаг үе нь Коринтыхонтой адил материаллаг зүйлсээр дүүрэн боловч ёс суртахуунаар маш ялзран доройтсон байгаа. Ийм цаг үед сайнмэдээг дэлгэрүүлэн, Есүсийн дагалдагч нарыг өсгөх нь хүнд юм шиг санагддаг. Харин хэцүү нөхцөл байдал дунд Паул шиг Бурханы үгэнд бүрэн автаж, сайнмэдээний төлөө өөрийгөө зориулан их дээд сургуулиудаар явж, үгийг ярихад Бурхан өөрийн сонгосон олон хүнийг аварна гэдэгт итгэж байна. Түүнд бүх зүйл боломжтой, Түүний хувьд энэ хотод Түүний хүмүүс олон бий. Үргэлж найдвар оршин байсаар байдаг. Тийм учраас хараагаа Бурхан уруу чиглүүлж, анхаарал, итгэл, найдвараа бүхнээс илүү Түүнд хандуулцгаая. Магадгүй та бидний хувьд боломжгүй зүйл байж болох ч харин Бурханы хувьд боломжгүй зүйл нэг ч үгүй.
Бурхан бидэнтэй хамт байн, янз бүрийн аюул хор хөнөөлөөс хамгаална гэдэгт итгэж байна.