2023 оны Матай 10-р номлол (04.16) Эбэ Матай хн

Хэрхэн хандаасай гэж хүснэ тийнхүү ханд

Матай 7:1-12

Гол эшлэл 7:12

“Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүний төлөө л Хуульa ба Эш үзүүлэгчид буй.”

Өнөөдрийн номлол бидний өдөр тутмын амьдралд тохиолдох олон асуудлуудыг хэрхэн даван туулах вэ? Хэрхэн шийдэх вэ? гэдэгт хариулт өгөх чухал сургаалийг агуулж байна. Хүний амьдрал харилцаан дээр тогтдог гэхэд нээх хилсдэхгүй байх. Хүн өдөр бүр хэн нэгэнтэй ярилцах, хооллох, шийдэх, дүгнэх, заах, зааварлах, урамшуулах, загнах, ухааруулах гээд олон янзын харилцааг үүсгэн амьдардаг. Тухайн харилцаа ямар байхаас тэр өдөр, тэр сар, тэр жил тэгэж л өнгөрдөг. Хэн нэгэнтэй яаж харьцсанаас хамаараад бидний харьцаа, хандлагууд өдөр бүр өөрчлөгддөг. Итгэгч бидний хувьд энэ дэлхийд амьдарч байгаагийн хувьд ямар хандлага, ямар харьцааг өөртөө төлөвшүүлж амьдрах вэ гэдгийг бид өнөөдөр сурах болно. Бид нар Есүсийн заасан харилцааны зарчмийг сайн сурах хэрэгтэй. Бурханы бидэнд заасан зарчмыг зүрхэндээ гүн суулгаснаар бусадтай болон итгэгч ба итгэгч бус хэнтэй ч бай сүнслэг зөвт харилцаа тогтоон амьдардаг хүмүүс болохыг хүсэн залбирч байна.
I. Битгий шүүгээрэй. / 1-6 /
Одоо 1, 2-р эшлэлийг хамт уншицгаая. “Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Та нар хэрхэн шүүнэ түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.” Есүс хүн хоорондын харилцааны талбар дээр битгий шүү хэмээн тушааж байна. Шүүх гэдгийг англи хэлээр Judge гэдэг. Энэ үг нь зөвхөн шүүх хурал дээр ашиглагдах бөгөөд бурууг тохох үед ашиглагддаг. Тийм болохоор шүүгч мэт авир гаргаж шийдвэр гаргаж байгаа мэт бусдын алдаа болон сул талын талаар буруутгаж болохгүй гэсэн тушаалыг өгч байна.
Хүмүүс хоорондын харилцааг нураадаг хамгийн том хүчин зүйл бол бусдын талаар эсрэгээр бодох бодол буюу шүүх явдал юм. Өнөөдрийн зарлигт гарч буй Есүсийн сануулж буй шүүлт нь хувийн санаа бодол болон үзэл бодлын хэмжүүрээр бусдыг шүүж дэнсэлж болохгүй гэж хэлж байна. Хүн бусдыг шүүх үед өөрийгөө бусдаас дээр гэж бодон Бурханы байр сууринд өөрийгөө нь өөрөө гэмийн асуудал болдог. Хүн гэмтэй оршин байгч тул энэ дэлхийд Бурхан шиг зөв шударгаар шүүх хүн нэг ч байхгүй юм.
Хүмүүс яагаад бусдыг шүүдэг вэ?
• Эхний шалтгаан нь хүмүүст тэр хүнийг хайрлах хайр байхгүй учраас бусдыг шүүж амьдардаг.
Бидэнд хайр байхгүй байх үед бид бусдыг шүүж эхлэдэг. Хүмүүс өөрийн хүүхэд болон өөрт хамаатай хүндээ хир баргийн хир халдаадаггүй. Ямар их зовоож, яаж ч их алдаа гаргаж, сул дорой байсан ч өөрийн хайртай хүүхэд, гэр бүлийн гишүүнээ асуудалтай хүнээр хардаггүй. Тэр хүнийг уучилж, хайраар алдаа ба сул доройг нь тэвчиж өнгөрүүлэхийг хичээдэг. Ихэнх хүмүүс хүүхдийн орилон хашгирах дуу чимээнд уур нь хүрдэг. Харин аав ээж нь байсан ч аав ээжийн чихэнд бол нэг их шуугиан биш санагддаг. Ингээд бодохоор шүүх асуудал бол ахан дүүсийн алдаанд нь бус харин түүнд байгаа хүний сэтгэлтэй шууд холбоотой юм. Хайр байхгүй сэтгэл, бусдыг буруутган шүүмжлэх, өөрийгөө төвд тавьж бодох, зөвхөн миний л зөв гэж бодох үед бусдыг үл хүндэтгэж, үл тоомсорлож, бардам сэтгэлтэй болох бөгөөд шүүх сэтгэлтэй болдог.
• Хоёр дахь шалтгаан нь хүн өөрөө гэмтэй оршин байгч учраас бусдыг шүүж амьдардаг.
Хүн Адамын гэмээс болж гэмийн мөн чанартай болсон. Хүний дотор боломж л олдвол бусдыг шүүх гэмтэй мөн чанар байж байдаг. 3 хүн хамт ярьж сууж байгаад нэг нь доошоо гутлаа үдэх гээд тонгойход нөгөөхөө тэнэг мангараар дохин зангах нь бидний үнэн дүр төрх юм. Дээр хэлсэнчлэн би үүнээс дээр гэж бодох тэр мөчид бид бусдыг шүүх болдог. Би лав ийм биш, би ингэж амьдраагүй, би арай ийм юм хийхгүй, би арай л гайгүй гэж бодох үед шүүх сэтгэл бидэнд орж ирдэг. Хүн бусдыг шүүснээр өөрийгөө зөвт мэт болгож, тэр зөвтгөлөөрөө тайвширах гэж оролддог. Хүмүүс бие биенээ шүүж буруутгаснаар хоорондын харилцаагаа алдаж, итгэлцэл ба найдвараа гээдэг. Ялангуяа итгэгчид бие биенээ шүүх үед сатан баярлаж, муу ёрын сүнснүүд идэвхтэй ажиллаж эхлэдэг. Сатан хамгийн чангаар алга ташин хамгийн ихээр дуу алдан инээж байдаг. Итгэлийн амьдралын түүхэнд олон сүм цуглаануудын итгэгчид бие биеээ шүүснээр эцэстээ сүм нурж итгэгчид нь тарсан түүхүүд олон байдаг. Гэхдээ үүнээс илүү зүйл нь итгэгчдийн шүүлтээс болоод олон үл итгэгчид Бурханыг доромжилж мөн бага итгэлтэй хүмүүс Бурханаас холдох нь хамгийн аюултай зүйл юм. Бид Бурханы өгсөн зарлигийн дагуу өөрийн шүүх дуртай гэмтэй мөн чанарыг өдөр бүр гэмшиж Бурханы өмнө зарлигаар дүүрэн байж магтаал ба талархал, уучлал ба тэвчээрийн үр жимсийг гарган амьдарч чадахыг гуйж байна. Бусдыг шүүхээсээ өмнө түүний сайн тал, давуу чанар мөн Бурхан хандсан итгэлийг харан тэвчиж, уучилж, тэр хүний төлөө Бурханд залбирдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
• Гурав дахь шалтгаан нь Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрөлгүйгээр бусдыг шүүж амьдардаг.
Орчлон ертөнцийг бүтээсэн бүтээгч эзэнд бүх эрх мэдэл байгаа. Энэ дэлхийд эхийн хэвлийгээр дамжигдан төрсөн минь Бурханы эрх мэдлээр хийгдсэн зүйл юм. Шүүлтийг Бурхан зөвшөөрсөн бөгөөд шүүх эрх мэдэл нь ганцхан Бурханд байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрч амьдрах хэрэгтэй. Бид бусдыг шүүвэл тэр шүүлтээрээ өөрөө ч бас шүүгдэнэ гэж библи хэлж байна. Өөрөө тийм байдалд орж үзээгүй бол бусдыг шүүхэд амархан. Хүн ер нь зовлон үзсэн өөрөө тийм байдалд орж үзсэн бол бусдыг ойлгоход амар хялбар байдаг. Гэхдээ эндээс би шүүгдэхгүйн тулд бусдыг шүүхэд маш болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг дахин сануулмаар байна. Яагаад гэвэл өөрийнхөө шүүснээр бусдаар дахин шүүлгүүлэх үнэн дагаж байдаг тул бид болгоомжтой байх хэрэгтэй. Бусдын алдаа сул талыг харахаас илүү сайн давуу талыг харж сайшаахыг сурах хэрэгтэй. 2-р эшлэл дээр “Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ” гэдэг нь бусдыг шүүх үед бусдаар шүүгдэхээс гадна Бурханаар шүүгдэнэ гэсэн утгыг агуулж байгаа болно. Хүнийг шүүх нь Бурханы эрхэнд халдаж байгаа учир бүх шүүлтийг Бурханд даатгах хэрэгтэй гэдгийг бидэнд сануулан хэлж байна.
Гэхдээ энд нэг зүйлийг бид нар бас мэдэх хэрэгтэй. Бид заримдаа зэмлэх, ухааруулах, сүнслэгээр загнах, зөвлөхийг шүүж байна гэж ойлгох гээд байдаг. Гэм үйлдээд гэмшихгүй бол зэмлэж ухааруулах хэрэгтэй. Бурханы зарлигийн дагуу амьдрахгүй бусдад бүдрүүлэх чулуу болж амьдравал сүнслэгээр загнан, зэмлэж, гэмшүүлэх хэрэгтэй. Давж гарч чадахгүй гэмийн асуудал байвал зөвлөн ярилцах хэрэгтэй. Харсаар байхад гэмийн далайд живээд гарч чадахааргүй болох үед нь мянга загнаад нэмэргүй бөгөөд эцэстээ шүүх болдог. Сануулж хэлээгүйгээс болоод бардам, онгироо, их зантай болж, үг авахгүй өөрийнхөөрөө амьдрах үед бид харамсаад барахгүй юм. Тийм учраас шүүж байгаа биш зэмлэх, загнах, ухааруулах, зөвлөх гээд олон аргууд итгэлийн амьдралд байдаг гэдгийг мэдэн бас сайн мэргэн ухаанаар ашиглах хэрэгтэй. Энэ цагт манай сэнтад бусдыг босгон байгуулдаг тэднийг Бурханд даатган гэмшүүлж чаддаг сайн библйн багш хоньчид олноор төрөн гарахыг хүсэн гуйж байна. Гэхдээ үүнийг хийхийн тулд яах ёстой гэдгийг 5-р зүйлд дээр тунхаглан хэлж байна.
Эхлээд 3,4-р эшлэлийг үзээрэй. “Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ нүднээс чинь тэр үртсийг аваад өгье гэж чи яаж хэлж чадна вэ? Ихэнх хүмүүс өөрийнхөө алдааг олж харалгүй бусдын алдааг харан шүүж эхлэдэг. Хүмүүс үнэндээ өөрийн сул тал алдааг сайн харахгүйгээр бусдын алдааг маш сайн олж хардаг. Өөртөө энэрэнгүй уужим хандаж, бусдад хахир хатуу ханддаг. Хүн байнга өөрийгөө зөв гэж боддог учир өөрийн үнэн байдлыг олж ухаарах нь маш хэцүү зүйл юм. Ийм байдлаасаа болж харилцааны асуудалд орооцолдон Бурханыг харж чадахгүй болдог. Уул нь итгэгч хүн боловч сүнсээр өсөж төлөвшиж чадалгүй цаг хугацаатай хамт зогсонги байдалд ордог. Буруу буруу буруу бүхэн бусдын буруу гэсэн байр суурьтай байж өөрийн нүдэн дэхь тэр том дүнзтэйгээ амьдарсаар л байдаг. Бурхан Матай номоор дамжуулан зүгээр жижиг зүйлээ аваад хая гээгүй дүнз мэт том асуудлаа, бардамналаа, худал хуурмагаа эхлээд олж хар хэмээн бидэнд хэлж байна.
Одоо 5-р эшлэлийг үзээрэй. “ Хоёр нүүрт чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үрдэс авч хаяхдаа сайн харах болно.” Бид бусдын асуудлыг ярихаас өмнө Бурханы зарлигаар өөрийнхөө алдаа ба сул дорой байдлыг нягтлан харж гэмших хэрэгтэй гэдгийг бидэнд хэлж байна. Өөрийн гэм нүгэл, алдаа ба сул доройг чин сэтгэлээсээ гэмшихэд нүд цэвэр болж бусдад хайр дотор зөвөөр тусалж чадах юм. Бид Есүсийн шавийн хувьд бусдад туслахаасаа өмнө эхлээд өөрийн үнэн байдлыг олж харахын төлөө Ариун Сүсний тусламжийг гуйх хэрэгтэй. Өөрийгөө ямар байгааг Бурханы өмнө олж харан өршөөлийг дүүрэн авч ивээлээр бялхах үед бид хайр дотор бусдад үйлчилж тэднийг босгон байгуулж шүүхгүй байж чадах юм. Миний дүнз Есүсийн загалмайн хайраар алга болж би гэм нүглээс чөлөөлөгдөж шинэ хүн болсон гэдгээ санах үед бусдыг шүүх зохисгүй гэдгээ бид олж харах болно. Харин ч нөгөө хүнээсээ илүү дүнзтэй, гэмшил хэрэгтэй өрөвдөлтэй гэмтэн байсан гэдгээ ухааран Бурханы хайранд дахин талархаж амьдрах болно. Бид бусдыг шүүхээсээ өмнө өөрийгөө нэг эргэн харж хайр ивээл санан би ч чамайг шийтгэхгүй яв үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэсэн хайрын дуу хоолойг өдөр бүр сонсон бусдыг Есүсийн хайраар хайрлан үйлчилж босгон байгуулдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Хүнийг аварч өөрчлөх хүч нь буруутгал ба шүүмжлэл биш бөгөөд библийн үгэнд байдаг уучлал ба хайр нь хүнийг өөрчилдөг юм. Энд сууж байгаа бид нар бие биенийхээ алдаа сул доройг үүрэн дутагдлыг нөхөн тусалж зуучлан залбирч хамтдаа гэмшиж хамтдаа босон дэлхийн хязгаар хүртэл Бурханы үгийг дамжуулдаг Христийн дагалдагч нараар амьдарч чадахыг гуйж байна. Ариун Сүнс бидэнтэй үргэлж хамт байж шүүж унагахаас илүү биедээ загалмайн хайраар үйлчилснээр хайраар дүүрэн болж, хүмүүсийг авах ажилд нандинаар хэрэглэгдэх болно. Бид бол бие биенээ унагаахын тулд бус босгон байгуулахын төлөө Есүсийн загалмайн цусаар холбогдсон хүмүүс юм. Бие биенийхээ сайн хийсэн зүйлс, давуу талыг илүү харж, сайшааснаараа бие биенээ босгон байгуулж ингэснээрээ энэ дэлхийд Бурханы алдрыг харуулдаг нэг санаа нэг зорилго нэг алсбн хараатай итгэлийн ахан дүүс байж гэмшил болон хайраар дүүрэн чуулган болохыг хүсэн гуйж байна.
Бид бусдыг шүүж болохгүй ч аль нь үнэн зөв бэ? гэдгийг сайн ялгах хэрэгтэй.
Одоо 6-р эшлэлийг үзээрэй. “Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайн өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд эргэж та нарыг хэсэглэн тасчих вий.” Бид нар бүхий л зүйл дээр аль зөв бэ гэдгээ бас сайн ялгаж ойлгодог мэргэн ухааныг Бурханаас гуйх хэрэгтэй. Бид бусдыг шүүж болохгүй гээд Бурханы үнэнийг зөрчдөг энэ дэлхийн үзэл бодлууд, дэлхийлэг зүйлс ба буруу гаж урсгалыг хүртэл ялгаврлалгүй хүлээн авч болохгүй. Хэрэв тийм зүйлсийг шүүлгүй хүлээн авбал Бурханд хандсан цэвэр итгэл ба итгэлийг алдахад хүрнэ. Хүмүүстэй харьцахдаа ч бас итгэлээр, ухаалгаар ариун сүнсний нягтлалаар харьцах хэрэгтэй. Бурханаас үнэн зөвийг ялгадаг сүнсний харааг гуйх хэрэгтэй. Энд ариун юм ба сувд нь Бурханы үг ба сайн мэдээг зааж байна. Бурханы үг ба сайн мэдээ нь хүнийг амьдруулдаг үнэн учраас ариун бөгөөд сувд шиг үнэ цэнэтэй гэдгийг хэлж байна. Гэвч Бурханы үг ба сайн мэдээний үнэ цэнийг мэдэхгүй хүмүүс нохой, гахай мэт зөвхөн нүдэнд харагдах ашигтай зүйлсийг хүсдэг учир үнэ цэнэтэй сүнслэг зүйлсийг өгөхөд хөл доороо гишгэх болно гэж библи хэлжээ. Энэ нь сайныг өгөхөд гэмшдэггүй өөрийн бодол санаа бардамналаар дүүрэн хүнийг хэлж байгаа болно. Сайн мэдээний үнэнийг үгүйсгэж зориуд эсэргүүцдэг хүмүүсийг бид ялгаж харж сүнсээр дүгнэж түүний үг болон үйлдлйиг хүлээн зөвшөөрч болохгүй. Тийм хүмүүсээс холдох хэрэгтэй гэж библи хэлж байна. Энд итгэгч бус хүмүүсийг зааж байгаа ч гэсэн чуулган доторхи гэмшдэггүй гэм нүглээсээ болж хатуурсан ах дүү, эгч дүү нарыг ч бас хэлж байна. Туслах гэхэд буруу ойлгон улам зугтан өөрийн дураар амьдардаг итгэгч бус хүнээс ч долоон дор хүмүүс олон байдаг. Ийм тэднийг сүнсний хараагаар харж зааж, сургаж, зөвлөж, гэмшүүлэх хэрэгтэй бөгөөд Бурханд даатган залбирч тусламж авах хэрэгтэй. Бурханы дагалдагчийн хувьд хонь хоньчдын гэмийн асуудал дээр сүнсний нягт байдлаар харж ялган тусалж чадахыг хүсэн гуйж байна. Бурханаас холдуулдаг энэ дэлхийн үзэл бодол, цензүүрээс холж байж тийм хүмүүсээс хүртэл хол байснаараа Бурханы чуулган сайн мэдээний үнэнийг сахиж чадах юм гэдгийг зааж өгсөнд баярлалаа. Энд байгаа бид Бурханы үнэнээс биднийг холдуулдаг аливаа зүйлсээс өөрсдийгөө хамгаалж чаддаг ариун сүнсний итгэлийн хараатай хүмүүсээр амьдарч чадахыг гуйж байна.
II. Гуй, хай, тогш /7-11/
Бид бусдыг шүүмжилдэг гэмт чанараа даван дийлж өршөөнгүй хайраар уучлах гэвэл маш их сүнсний тэмцэл хэрэгтэй. Залбирч гуйж хайж тогших хэрэгтэй болдог,
7, 8-р эшлэлийг үзээрэй. “Гуй тэгвэл та нарт өгөгдөнө. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна. Хайдаг хүн олно. Тогшдог хүнд нээгдэнэ.” Сүнсний тэмцэлд залбиран гуйж хичээнгүйлэн тэмцэх хэрэгтэй гэдгийг эндээс бид харж болно. Маш нарийн тайлбарлаж өгснийг харж болно. Эндээс гуй гэдэг нь өөрийн сул доройг ухааран намайг дүүргэж өгч чадах Бурханд хандан залбиран гуйхыг хэлж байна. Хай гэдэг нь гуйсан зүйлийн төлөө бодит хичээл зүтгэлийн үйлс гаргаарай хэмээн тушааж байна. Харин тогш гэдэг нь гуйж үйлдээд зогсохгүй биелэх хүртэл тэвчээртэй хүлээхийг хэлж байна. Бид амаараа залбирахаас гадна бүх үйлс ба амьдралаараа идэвхтэй гуйх хэрэгтэй. Бурханы хүүхдээр амьдрахад ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй ууж идэж унтаж хэвтдэг амьдралаар амьдрахыг хэлж байгаа биш шүү гэдгийг бид энэ эшлэлээр дамжуулан сурах хэрэгтэй. Бурханы алдрын төлөө хаанчлалын төлөө зөвт байдлын төлөө залбирах хэрэгтэй юм.
Миний байгаа энэ газарт Бурханы алдар, Түүний захиргаа дүүрэн байхын төлөө гуйх хэрэгтэй. Миний болон надаар дамжигдан сайн мэдээ сонсож буй бүх хүмүүсийн зүрхэнд Есүсийн загалмайгаар дамжуулан Бурханы зөвт байдал бууж ирэхийн төлөө залбирах хэрэгтэй. Бурхан намайг хаана дуудсан, би юу хийх ёстойгоо ухааран, дуулгавартай дагаж чадахын төлөө хичээнгүй гуйх хэрэгтэй. Бусдыг унагаах, шүүх шүүлтийн нүдээр харалгүй Есүсийн зүрх сэтгэлээр харж хайрлан, босгон байгуулж үйлчлэхийн төлөө гуйх хэрэгтэй. Эдийн засгийн асуудлаа шийдэж, хоньтой болж, эрүүл мэндийг даатган, бодит асуудлуудынхаа төлөө арга замыг хайн гуйж, хайж, тогших хэрэгтэй гэдгийг библи бидэнд хэлж байна.Хэрвээ ингэвэл 8-р эшлэл дээр гарсан шиг авна, олно, нээгдэнэ гэж амлаж байна. Энэ цагт бүгдээрээ Бурханы бидэнд зааж өгсөн аргуудыг амьдралын хэвшил болгон сүнсний тэмцэлтэй амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
III. Харилцааны алтан зарчим (12)
Одоо Есүс өнөөдрийн үгээ дүгнэн хэлж байна. 12-р эшлэлийг хамт уншицгаая. “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.”
Өнөөдрийн энэ гарч байгаа библийн үг нь бүхий л харилцааны хамгийн чухал зарчим учраас теологи судлаач нар энэ эшлэлийг алтан зарчим гэж нэрлэжээ. Хууль ба эш үзүүлэгчид гэж оруулсан нь хуучин гэрээний хувьд ч хамгийн чухал гэдгийг онцгойлон хэлж байна. Есүс шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү гэж хэлсэн. Харин одоо шүүхгүй байхаас илүүгээр идэвхтэй бусдад үйлчлэхийг уриалж байна. Хуучин гэрээ, шинэ гэрээ тэр чигтээ энэ зарлигаар амьдравал Бурханы үгс бидний амьдралд биелэлээ олно хэмээн хэлж байна. Бид нар өөрсдийн санаа бодол, зуршил, дадлаараа амьдрахад амархан. Харин Есүсийн зааж буй энэ үг нь идэвхтэй амьдрал бөгөөд өөрийгөө үгүйсгэн золиослон амьдрахыг бидэнд зааж байна. Бүх хүн бусдыг надад сайн хандаасай гэж хүдсэг. Намайг хүндлээсэй, урамын үг хэлээсэй, бүү шүүгээсэй, сайнаар хандаасай, уучлан хүлээн зөвшөөрөөсөй, үйлчилж өгөхийг, ойлгохыг, анхаарахыг, түрүүлж мэндлэхийг хүсэн хүлээж байдаг. Тиймээс бид эхлээд бусдад тийнхүү хандах хэрэгтэй. Эхэлж уучлан хүлээн зөвшөөрч, урамшуулж хайрлан үйлчлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр биднийг Есүсээр дамжуулан, түүний үйлчлэл хайраар дамжуулан биднийг уучлан хайрлаж бидний өрийг уучилж зочлон ирж биднийг дайлсан. Тэр намайг дайлж надад мөнх амийг өгсөн. Надад хайр уучлал, нигүүсэлийг өгсөн тул би ч бас энэ хайр ба ивээлээр хөршөө хайрлан зочлох хэрэгтэй. Надад даатган өгсөн хамтран зүтгэгч, хонь хоньчид, их дээд сургуулийн оюутан залуучуудыг хайрлан тэднийг Христийн хайраар зочлон хайрлаж чадахыг хүсэн гуйж байна. Миний байх ёстой газар хаана вэ? гэдгийг санаж Христийн хайрыг сайн дамжуулж чадахыг гуйж байна. Надад хэн нэгэн ирж үйлчлэхийг харалгүйгээр Бурханы үгийн дагуу үйлдсэнээр манай цуглаан анхны цуглааны итгэгчид шиг хайр ба ивээл ариун сүнсээр дүүрэн байж сайн мэдээний ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. Миний хандлага өөрчлөгдөхөд тэр хүний хандлага ч өөрчлөгдөнө. “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ өөрсдөө ч тэдэнд бүхүйл зүйл дээр тийхүү ханд.” Энэ үг нь гайхалтай бүх харилцааны асуудлыг шийдэж өгөх туйлын үнэн зарлиг билээ. Энэ үнэний дагуу бид амьдарч чадвал хаана ч байсан би гэрэл ба давсаар амьдарч чадах юм гэдгийг сурлааа. Хаана ч байсан нэг л итгэлээр нэг л хайраар үйлчилж бусдыг шүүх биш харин босгон байгуулж тэдэнд үйлчилж чадахыг хүсэн гуйж байна. Христийг сурах хамгийг том арга бол үйлчилэх гэж нэгэн пастор хэлсэн. Магтаал хүндэтгэл, алдар нэрнээс илүү даруу төлөв байж үйлчилснээрээ бусдыг шүүх биш харин босгон байгуулж өөрчилж чаддаг сүнсний мэргэн ухаантай библийн багш сайн хоньчидоор өсөж чадахыг хүсэн ерөөж байна. Хөршөө өөрийн адил хайрла гэсэн тушаалийн дагуу Христийн хайраар үйлчилж чадахыг хүсэн гуйж байна. Энэ цагт Христийн хайраар бусдад сайн үйлчилж чадаагүйдээ гэмшиж байна. 12-р эшлэл дээр тодорхой хэлсэнчилэн бид нар бусдад өөрсдөдөө тэгэж хандаасай гэсэн сэтгэлээр чинь сэтгэлээр итгэлээр үйлчилж чадахыг хүсэн залбирч байна. Ингэснээрээ бидний амьдралд Христийн үг биелэлээ олж Бурханы өгдөг амар тайван, хайр, баяр хөөр дүүрэн байхыг хүсэн залбирч байна.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.18/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.19/