ЕСҮСИЙГ ЦОВДОЛСОН НЬ
Матай 27:32-44
Чухал зүйл : 27:42
“Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй… (11)”
- Энэ бол Есүс, Иудейчүүдийн Хаан (32-40)
Симоныг албадан Есүсийн загалмайг үүрүүлсэн. Шөнөжингөө шүүгдэн зовж, ташуурдуулсны эцэст Есүс маш сульдсан байлаа. Голгота хэмээх газарт ирэх үед Есүст өвдөлтийг намдаах цөстэй хольсон дарсыг уулгахаар өгсөн боловч Тэрээр татгалзав. Тэрээр бидний гэм нүглийн бүхий л шийтгэлийг Өөрөө үүрэхийг хүссэн. Есүсийг цовдолсон хүмүүс Түүний хувцасны төлөө шодож байсан. Тэд тохуурхан Түүний толгой дээр “Энэ бол Есүс, Иудейчүүдийн Хаан” гэж бичсэн пайзыг хадсан нь тохуурхал биш үнэн байлаа. Иудейчүүдийн хаан Есүс бол биднийг гэм нүглээс аврахын тулд загалмайд цовдлогдсон юм. Есүс ичгүүртэй байдлаар хоёр дээрэмчинтэй хамт цовдлогдсон бөгөөд энэ нь судрын биелэлт байсан (Иса 53:12).
- Тэр бусдыг аврахын тулд Өөрийгөө авраагүй (41-44)
Шашны удирдагчид “Тэр бусдыг авардаг байсан боловч Өөрийгөө аварч чадахгүй байна” хэмээн элэглэн шоолж байлаа. Дэлхий дээрх үйлчлэлийнхээ хугацаанд Есүс олон хүмүүст үйлчилж, олон хүмүүсийг аварч байсан. Гэвч загалмай дээр Өөрийгөө аврахгүй байснаараа тоолшгүй олон хүмүүсийг аврах болсон. Түүнд итгэсэн хэн боловч гэм ба үхлээс аврагдах боломжтой юм. Есүс гэмтнүүдийг аврах Бурхан Эцгийнхээ төлөвлөгөөнд бүрэн итгэсэн.
Залбирал: Эзэн минь, намайг аврахын тулд Өөрийгөө авраагүй Есүст талархаж байна.
Нэг үг: Есүс бидний гэм нүглийн төлөө цовдлогдсон.