2023 оны Матай 8-р номлол (03.26) Б.Баясгалан

ИЙН ХҮҮ ЗАЛБИР

Матай 6:9-15
Гол эшлэл Матай 6:9б-10

“Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурьстугай.10 Таны хаанчлал иртүгэй.Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй”

Өмнөх хэсгээс бид өглөг өгөхдөө, мацаг барихдаа, залбирахдаа хэнд хандаж, хэний өмнө хийж, үйлдэж байгаагаа харах хэрэгтэйг сурсан. Итгэгч бидний амьдрал, хоёр нүүргүй байж, зөвхөн нууцаар харагч Бурханы өмнө, Түүнд таалагдахын төлөө байх хэрэгтэй. Бидний хандлага, магтаал сайшаалыг өөртөө авах хүсэлтэй байвал буруу. Харин хандлага маань даруугаар, зөвхөн Бурхан хандсан, Түүнд талархсан байх юм бол нууцаар харагч Эцэг чинь буцааж төлнө. Бидэнд мөнхийн улсад шагнал өгөгдөх болно гэдгийг сурсан билээ. Харин өнөөдрийн мессежээр дамжуулан хэрхэн залбирах талаар Есүс шавь нартаа заана өгч байна. Хэдийгээр бид сайн мэддэг ч, шинэ сэтгэлээр сурч чадахын төлөө гуйж байна.
Залбирал гэж юу? Залбирал бол нэг талдаа би буюу бид, Бурханд хандаж хүсэлтээ илэрхийлэх. Нөгөө талаас Бурханы хүсэл тааллыг сонсох. Харилцан ярилцах, дотно харилцах гэж олгож болно. Бурхан Аавдаа хүсэлтээ, гуйлтаа, даатгахаас гадна Бурханыг сонсох цаг юм. Залбирал нь итгэгч бидний хувьд сүнсний амьсгал юм. Есүсийн залбирлын талаар, сайнмэдээнд нийт 17 удаа дурдагдсан байдаг бол агуулгаараа 1-рт амьдралын шийдвэрлэх үеийн залбирал, 2-рт үйлчлэлийн үеийн залбирал, 3-рт гайхамшиг үйлдэх үеийн залбирал, 4-рт бусдын төлөө залбирсан залбирлууд байдаг. Түүний энэ үйлдлийг харсан шавь нар бид хэрхэн залбирах вэ? хэмээн Есүсээс асуусан. Есүс залбирлын талаар ийнхүү зааж өгсөн. Есүс хуучин гэрээн дээрх Давидын залбирал, Иабезын залбирлыг заагаагүй. Харин та нар ийнхүү залбирах хэрэгтэй хэмээн, бидэнд залбирлыг зааж өгсөн. Бид үүнийг Эзний заасан залбирал гэж нэрлэдэг.
Эзний заасан залбирлыг агуулгаар нь дотор нь 4 ангилан үзэж болно. 1-рт Залбирлын нээлт буюу Бурханд хандах, буюу эхний гурав нь Бурханы нэр алдар, хаанчлалын төлөөх залбирал. Үлдсэн гурван залбирлын сэдэв нь бидний хэрэгцээний төлөөх залбирал. 4-рт Бурханыг магтан хүндэтгээд, залбирлаа хаах. Есүс бидэнд залбирлын загвар стандартыг зааж өгч байна. Мөн энэ гуйлт, тушаалын дагуу амьдраарай гэсэн хүсэл найдварыг өгсөн. Энэ бүгдийг нэг бүрчлэн сайн сурч залбиралтай амьдарч чадахын төлөө гуйж байна.
Нэгдүгээр хэсэг: Бурханы төлөөх залбирал (9-10)
1. Тэнгэр дэх бидний Аав аа!(9б)
Залбирал эхлэхдээ үүд хаалгаа нээж орохдоо хамгийн түрүүнд Тэнгэр дэх бидний Аав аа! гэж байна. Энд бид хэний өмнө очиж, хэнтэй ярих гэж байгаа нь хамгийн чухал юм. Тэгвэл бидний Аав аа! Эцэг минь хэмээн дуудаж байгаа Бурхан хэн бэ? Тэр бол оргүй хоосноос орчлон дэлхийг бүтээсэн, бүхний эхэнд байсан бүтээгч Эцэг юм.
Хуучин гэрээний үед Бурханы оршихуйд тахилч нар бүх ард түмнийхээ гэм нүглийн өмнөөс жилд нэг л удаа Бурханы өмнө очин өршөөл нигүүлслийг хүсэн гуйдаг байсан. Энэ байдал нь Бурхан хүн хоёрын хооронд, тахилч болох зуучаар заавал дамжих ёстой байлаа. Учир Адамын гэмээс болоод хүн төрөлхтөн гэмд бузардсан. Харин Бурхан туйлын ариун учир хамт оршин байж чадахгүй болсон. Ингэж Бурханаар орхигдсон хүн төрөлхтний төлөө. Бурхан Өөрийн Хүүг бидний гэмийн төлөө өгч, бидний үүрэх шийтгэлийг Есүст үүрүүлсэн. Есүс Бурхан хүн хоорондын мөнхийн зууч болсноор Есүсээр дамжин Бурхан биднийг Өөрийн хүүхдүүд болгон үрчлэн авсан. Ингэснээр бид Бурханыг “Аав аа, Эцэг минь” хэмээн дуудаж болохоор болсон. Тиймээс бид Бурхантай халилцах харилцаагаа, хайрын ойр дотно харилцаагаар эхэлдэг.
Магадгүй бид Бурханыг Аав аа, Эцэг минь хэмээн дуудан залбирахад хэцүү байж болох юм. Аавын талаар, Эцгийнхээ талаар бодоход л таагүй мэдрэмж төрж болно. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Адамын гэмээс болоод бидний эцэг, эх бүгд сул дорой гэмтэй. Тэд төгс төгөлдөр биш. Бид хүртэл Бурханыг таньж мэдэж, хүлээн авсан хэр нь ийм их стресстэй, ийм сул дорой байхад, Бурханыг таньж мэдээгүй тэдний минь зан авир хэцүү байх нь мэдээж хэрэг юм.
Харин Бүтээгч Бурхан Аав бол бидний махбодын ааваас өөр юм. Тэрээр цорын ганц Хүүгээ золиосолсон, хайраар дүүрэн Аав. Хэн ч итгэлээр Түүн дээр очиход хүлээн авдаг, нигүүлслээр дүүрэн Аав юм. Тиймээс бид залбирч эхлэхдээ, Бурханыг миний төгс хүчит Аав хэмээн хүлээн зөвшөөрөн, залбирлаа эхлүүлэх хэрэгтэй. Хайрын, итгэлцлийн дотно, харилцаан дээр үндэслэн, бид чин сэтгэлээ нээн залбирлаа эхлүүлэх хэрэгтэй. Хэнд хандаж, хэний өмнө очиж, хэнтэй ярих гэж байгаагаа мэдэх нь маш чухал.
2. Таны алдар ариунаар дуурьстугай(9с)
Бурхан бол бүтээгч Бурхан, учраас Түүний бүтээлүүд Бурханыг хүндэтгэх, Түүнийг алдаршуулах хэрэгтэй. Хүний оршин байгаа гол зорилго бол, Бүтээгч Эзнээ алдаршуулах, Зөвхөн Түүнд үйлчлэн, Түүнд захирагдах явдал юм. Гэтэл хүмүүс гэмээс болоод Бурханыг алдаршуулдаггүй, Түүний нэр алдрыг ариунаар дуурьсгадаггүй (Ром 1:21). Нүглээр сохорсон хүмүүс бүгд Бурханыг доромжлогч болсон. Гэсэн ч Есүс бидний нүглийг цэвэрлэж, Бурхан ямар үзэсгэлэнтэй, алдар суутай, сүр жавхлантай болохыг, харуулахын тулд нүдийг маань нээж өгдөг. Энэхүү залбирал нь хамгийн түрүүн би Бурханы алдрын төлөө амьдарна гэсэн итгэлийн залбирал юм. Энэ нь хоосон үг биш, би Бурханы алдрын төлөө амьдарна гэсэн итгэлийн шийдвэр юм.
Энэ залбирал дотор би сайнмэдээ тарааж, Бурханы нэр алдрыг мэдэхгүй хүмүүст хүргэж, энэ дэлхийд Бурханы нэрийг ариунаар дуусгана гэсэн агуулга билээ. Үүний тулд итгэгч бид Бурханы алдрын төлөө бусдаас тусгаарлагдан, ялгаатай амьдарна гэсэн итгэлийн шийдвэртэй амьдрах хэрэгтэй. Бүх зүйлийг Бурханы алдрын төлөө хийцгээе (1Кор 10:31) Энэ нь итгэл дотор эцэс хүртлээ хичээнгүйлэн Бурханыг алдаршуулахын төлөө амьдрахыг хэлж байна. Таны алдар ариунаар дуурьстугай гэдэг итгэгч бид нар бүхий л талбар дээр бүх зүйлийг сайнаараа дуусгах буюу итгэлээр хийж үйлдэхийн нэг хэлбэр мөн. Таны итгэлээр үйлдсэн үйлдэл бүрээр Бурханы нэр алдарших болно.
3. Таны хаанчлал иртүгэй(10а)
Энэ дэлхий дээр олон улс үндэстэн байдаг боловч, Хаанчлалын хувьд бид хоёр төрлийн хаанчлал байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэг нь Бурханы хаанчлал, нөгөөх нь Сатаны хаанчлал юм. Итгэгчдийн туйлын найдлага бол Бурханы хаанчлалыг ирэхийг хүсэх юм. Бурханы хаанчлал бол газар нутаг биш, харин Бурханл захируулах, Түүний захиргаанд амьдрахыг хэлж байна.
Бурхан анх хүнийг төгс төгөлдөр диваажин болох Еден цэцэрлэгт амьдруулсан. Харамсалтай нь хүн Бурханы тушаалд дуулгавартай хандалгүй, Түүний тушаалд захирагдаагүйгээсээ болоод диваажингаас хөөгдсөн. Хүн Бурханаас салан явах үед, Сатан биднийг хаанчилж биднийг захирах болсон. Сатаны хаанчлал нь худал, хуурмаг, гэм нүгэл, гутрал, цөхрөл, мөнхийн шийтгэлийн уг үндэс юм. Бурхан ийм бидэнд нигүүлслээ үзүүлж, харанхуйн эзэрхийллээс аварч, Өөрийн хайр болон гэрлийн хаанчлалдаа буцаан авчрахын тулд цорын ганц Хүү Есүсээ илгээсэн (Кол 1:13,14). Есүсийг Аврагч, Эзэн гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн зүрх сэтгэлийг Бурхан захирдаг. Бид түүний сайнмэдээнд итгэж, Ариун Сүнсээр дахин төрөх үед түүний хаант улсад ордог.
“Таны хаанчлал иртүгэй” гэдэг нь “Бурхан биднийг захиртугай” гэсэн үг юм. “Бурхан бидний зүрх сэтгэл, бидний гэр бүл, бидний эргэн тойронд, бидний нийгэм, бидний улс үндэстэн болон энэ дэлхийг захиртугай.” Бурхан захирах үед бид жинхэнэ амар тайван, хайр, шударга ёс, зүрх сэтгэлдээ үнэнийг хүлээн авдаг. Тэгээд цаашилбал харилцаанууд сэргээгдэж, Бурхантай болон хүмүүстэй, байгаль дэлхийтэйгээ ч зүй зохистой харилцаатай болдог. Бид үүнийг хэсэгхэнийг нь л өдгөө эдэлж байгаа боловч Есүс Хаадын Хаанаар дахин ирж, хаанчлалаа төгс бүрэн сэргээх үед бүрэн эдлэх болно. Бид итгэлийн залбиралдаа Бурханд захирагдан амьдарна гэж байгаа бол, бодит амьдрал дээрээ ч Бурханаар захирагдан амьдрах хэрэгтэй.
4. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй(10б)
Бурханы улс нь тэнгэрт Бурханы тааллын дагуу захирагдаж байгаа. Хожим бид очих болно. Харин энэ дэлхий түр зуур, сатанд захирагдаж байгаа юм. Энэ дэлхийн бүх зүйл, Бурханд захирагдахын тулд бүх хүмүүс аврагдах хэрэгтэй юм. Гэмшиж Бурхан уруу хүн бүр ирээсэй. Нэгэнт Бурханы хүүхэд болсон итгэгчид, газар дээр ч аз жаргалтай амьдраасай гэж бидний Бурхан Аав хүсэж байна. Газар дээр ч Бурханы таалал, Бурханы хаанчлал биеллээ олж, Бурханд захирагдаасай. Энэ нь Бурханы тааллыг идэвхтэйгээр, эрэлхийлэн сайнмэдээ тарааж амьдрах хэрэгтэйг заан өгч байна.
Бурханы хүсэл бол сайн, тааламжтай, төгс төгөлдөр юм (Ром 12:2б). Гэсэн хэдий ч Бурханы хүсэл болон бидний хүсэл хоёрын хооронд зөрчилдөөн байж болно. Есүс хүртэл “Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог” гэж залбирсан (Матай 26:39б). Энэ нь ялангуяа Бурханд дуулгавартай байх талаар, бодитой шийдвэр гаргах шаардлагатай үед тодорхой харагддаг. Бурханы хүслийг хүлээн зөвшөөрөхийн тулд бид өөрийн хүслээ орхих ёстой. Энэ бол залбирлын чухал хэсэг юм. Бидний залбирал өөрийн хүсэл тааллаар биш. Бурханы хүсэл тааллаар байх үед биеллээ олдог.
Хоёрдугаар хэсэг: Бидний төлөөх залбирал(11-13)
Дараа нь Есүс бидний бодит хэрэгцээнийхээ төлөө залбирахад чиглүүлдэг. Гол нь материаллаг хэрэгцээгээ хангахын тулд өдөр бүр Бурханд найдах явдал юм. Бид бардам, биеэ даасан байх ёсгүй, харин өдөр бүр Бурханаас хамааралтай амьдарч, Түүний тусламжийг хүсэх ёстой.
1. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач(11)
Хүн махан бие болон сүнснээс бүрддэг. Тиймээс сүнс болон махан биедээ бид анхаарал тавих хэрэгтэй. Үүний тулд хооллож ундлах хэрэгцээ бий болдог. Энд өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач гэдэг нь. Яг одоо надад хэрэгтэй байгаа, хоол хүнс амьдрах байр, өмсөх хувцас, миний амьдралын өнөөдрийн бүх асуудлыг энд хэлж байна. Бүх асуудлаа Бурханы өмнө тавин залбирах хэрэгтэйг энд хэлж байна. Өдөр бүрийн хэрэгцээгээ Бурханаас гуйж Түүнд найдсанаар, Бурхан Өөртэйгөө амьд харилцаатай байлгахыг биднээс хүсдэг юм. Бид Есүстэй амьдралдаа нэг удаа, уулзаад түүгээрээ хэзээ ч амьдарч чадахгүй. Харин бид өдөр бүрийн талхыг, өдөр бүрийн амьдралын хэрэгцээний зүйлийг Бурханаас гуйж авч амьдрах хэрэгтэй. Дагалдагч бэлдэх, гэр бүлийн асуудал, хүүхдийн асуудал, ажлын асуудал, гэрлэлтийн асуудал гэх мэт бүх асуудлаа Бурханы өмнө тавин залбирах хэрэгтэй. Бурхан бидэнд эдгээр хэрэгцээ байгааг мэддэг бөгөөд эдгээрийнхээ төлөө гуйхыг хүсдэг.
Энд өдөр тутмын хүнсийг бидэнд өгөөч гэсэн байна. Есүс бидэнд долоо хоногийн сарын юм уу, эсвэл жилийн хүнсний төлөө бус харин өдөр тутмын хүнсний төлөө гуйхыг заасан. Яагаад вэ? Хоол хүнсээр элбэг хангалуун байх үедээ бид бардам болохдоо амархан байдаг. Харин Бурхан Израилчуудыг 40 жилийн турш Бурханд найдахыг заан өгсөн. Гэвч тэд бүх зүйлээр хангалуун болох үедээ Бурханыг мартсан. Гэвч дэд хууль дээр олон удаа сануулан хэлэхдээ Мосе Израилын ард түмэнд хандан: (Дх8:2-5)
Тэр биднийг сард нэг удаа биш, долоо хоногт нэг удаа ч биш, өдөр бүр Түүн дээр ирэхийг хүсдэг. Тэрээр Израилын хүмүүст өдөр тутмын талхыг өгснөөр Өөрт найдахыг заасан. Тэр тэдэнд тэнгэрээс манна өгсөн боловч тэд өглөө бүр эрт гарч, өдрийн манна цуглуулах ёстой байв. Хэрэв тэд шуналтай байж, хэт их авбал энэ нь муудах болно. Хэрэв тэд залхуу байж, эрт гарахгүй бол манна ууршиж, тэд өлсөх болно. Бурхан биднийг Түүнд итгэж, Түүнд найдаж, талархаж, түшиглэхийг хүсдэг. Мөн тэр бидэнтэй өдөр бүр нөхөрлөхийг хүсдэг. Залбирах, өдөр бүрийн хоол идэх, 1:1 библийн хичээл хийх, сэтгэгдэл бичих нь өдөр тутмын сүнслэг талх юм.
Өнөөдөр бид жоохон гачигдах үедээ Бурханы өмнө очиж залбирч, түшиглэн найддаг. Харин эсрэгээрээ жаахан юмаар хангалуун болохоороо Бурханд найдахаа болино. Өөрийн авч байгаа цалиндаа, өөрийн хадгаламждаа, өөрийн мэргэжилдээ найдаж эхэлдэг. Бурханд цаг зав гаргахдаа хойрго болж, өөрийн биеийн амрыг эрж зугаа цэнгэлд анхаарч эхэлдэг. Тэгээд Бурханыг мартаж эхэлдэг. Тийм учраас Бурхан ийм чанарыг мэдэж байгаа болохоор биднийг өдөр бүр тэмцэл хийж амьдрахыг зааж байна. Эзэн минь, энэ өдөр бидэнд өдөр тутмын талхыг өгсөөр байгаад. Баярлалаа.
2. Бид өртнүүдээ уучилсан адил бидний өрийг бас уучлаач.(12)
Эхний гуйлтын сэдэв бол Бурханд найдан амьдрах хэрэгтэйг зааж өгсөн. Харин дараагийнх нь Сүнсний баяр хөөрөөр дүүрэн амьдарч. Бурханы уучлал өршөөлөөс ирдэг баяр хөөр ивээлийг эдлэхийн төлөөх гуйлт юм. Энд “өр” гэдэг нь “гэм нүгэл” гэсэн утгатай. Энд бидэнд өртэй хүмүүс нь бидний эсрэг гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг хэлж байна. Тэднийг уучилбал Бурханы уучлал, өршөөлийг ч хүртэх болно гэсэн. “14 Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. 15 Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна” энд бид Есүст анх итгэж тэр үеийн Бурханы уучлалыг өгүүлээгүй. Харин бидний өдөр тутмын амьдралын тухай өгүүлж байна. Бурхан эхлээд биднийг итгэхээс өмнө бидний гэм нүглийг уучилсан. Тэрээр өөрийн нигүүлсэл ба өршөөлийн улмаас уучилсан. Гэсэн ч бид Есүсийн авралын нигүүлслийг хүлээн авсан ч өдөр бүр гэм үйлдсээр л байна. Гэм нүгэл нь биднийг зовлонтой болгож, Бурхантай харилцах харилцааг тасалдаг. Ийм бидэнд Бурханы уучлал өршөөл хэрэгтэй. Есүс бидэнд гэм нүглийн эсрэг ялалтыг өгөхийг хүсдэг. Тэр биднийг өдөр бүр Түүн дээр ирж гэмшиж, Ариун Сүнсний хүчээр удирдуулан амьдрахыг хүсдэг. Бид бол дамжуулах хоолойтой адил бөгөөд Бурханы уучлал тэр хоолойгоор урсан гарах хэрэгтэй.
Бид өртнүүдээ уучилж, өршөөгдөх хэрэгтэй. Бидний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг уучлах нь амаргүй. Бид нүгэлтнүүд гэдгээ хүлээн зөвшөөрч, Бурханы өршөөлийн нигүүлслийг хүлээн зөвшөөрөх нь бас амаргүй. Энэ нь бидний бардамналыг сорьж, эвддэг. Есүс дэлхийн нүглийг үүрэх Бурханы Хурга болж ирсэн. Загалмай дээр тэрээр “Аав аа, тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа тул тэднийг уучлаач” гэж залбирсан. Уучлал бол сайнмэдээний гол цөм юм. Тийм учраас Есүс ирсэн. Бид гэмт дэлхийд амьдарч байхдаа санаатай болон, санамсаргүйгээр гэм үйлдэж, гэмд унадаг. Гэсэн ч аврагдахын төлөө бид дахин дахин гэмшиж, Бурханы өгдөг уучлалыг өдөр бүр амьдралдаа эдлэн амьдрах хэрэгтэй.
Миний эсрэг гэм хийсэн бүхнийг уучил гэж байна. Бид яаж уучлах вэ? Өөрийнхөө хүчээр үү? Хэзээ ч үгүй бидний хүч хязгаартай. Харин Бурханы надад хандсан өршөөл, хайр ивээлийг санавал бусдыг өршөөж чадна. Бурханы хайрыг мэдрэхгүй, санахгүй бол бусдыг уучилж өршөөж чадахгүй. Тиймээс Бурханы хайрыг өдөр бүр санан талархан амьдарцгаая!
3. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч(13а)
Бидний төлөөх залбирлын гурав дахь залбирал нь: Биднийг уруу татлагад бүү автуулаач, ёрын муугаас гэтэлгээч хэмээх залбирал юм. Бид уруу татлага, ёрын муу нэгний хүчийг өөрийн хүчээр хэзээ ч ялан дийлэхгүй. Бид уруу татлагаас зугтах, ёрын муу нэгнийг ялахын тулд, Бурханы тусламжийг авах хэрэгтэй.“Саруул ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт энд тэндгүй явдаг”(1Пт 5:8). Түүний хүч догшин, тэр үнэхээр ухаантай. Ямар ч хүн өөрийн хүч чадал, мэргэн ухаанаараа түүнийг эсэргүүцэж чадахгүй. Гэвч Есүс Бурханы үгээр дамжуулан ёрын муу нэгнийг бүрэн ялсан. Бид Есүст найдах үедээ өдөр бүр бузар мууг ялж чадна. Тиймээс бид өөрсдийнхөө төлөө болон бие биеийнхээ төлөө залбирах хэрэгтэй.
4. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен (13б)
Эзэний залбирал нь эхлэхдээ Бурхан Аавыгаа дуудаж Түүний хүч чадалд түшиглэн эхэлдэг бол, Гуйлт нь хааж төгсгөл хийхдээ Бурханы хүч чадал, алдар сууг харан хаагаад, Амен гэж “биелэх болтугай” гэсэн утгаар төгсгөдөг. Энэ нь Бурхан бидний залбирлыг хүлээн зөвшөөрч, хариу өгнө гэсэн итгэлийн маань хэлбэр юм.

Дүгнэлт: Ийнхүү залбир гэсэн нь өөрөөр хэлбэл “Ийнхүү амьдар гэсэн утгатай” юм. Өглөөний цай бидний эрүүл мэндэд хамгийн чухал байдаг шиг. Өглөө бүр Бурханы угийг уншин залбирах нь бидний сүнсний эрүүл мэндэд үнэхээр чухал юм. Христ итгэлийн баатруудын нэгэн зуршил бол өглөө бүр Бурханаас үг аваад залбирах явдал байсан шиг, бид ч бас залбирдаг хүмүүсээр өөрчлөгдөхийн төлөө гуйж байна. Эзний заасан залбирлаар гуйдаг шигээ амьдарч чадахад туслаач. Амен!

өмнөх нийтлэл2026 оны Хаврын библийн конференц 04/24-26
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.03.29/