2017 оны Үйлс номын 21-р номлол (03.19) Ж.Мөнхтулга

БИЧВЭРЭЭС ӨДӨР БҮР НЯГТЛАН ҮЗСЭН БЕРОЙЧУУД

Үйлс 17:1-34
Гол эшлэл 17:11

“Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь  үнэн эсэхийг бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа.”

    Өнөөдрийн номлолоор бид  Паулын аялал Тесалоник, Берой, Афинд хэрхэн үргэлжилж байгаа талаар суралцах болно. Паулын сайн мэдээний аяллын талаар суралцах тусам тэрээр сайн мэдээний төлөө үргэлж хавчигдаж байгааг талаар судлан мэдэж байна. Гэвч Паул сайн мэдээг ярихаа хэзээ ч болиогүй. Хүн бүр сайн мэдээг сонсоод янз бүрийн хариу үйлдлийг үзүүлдэг. Харин бид Афинчууд шиг бардам, ихэмсэг биш, харин эсрэгээрээ  Беройчууд шиг библийн үгэнд даруу, нээлттэй, идэвхтэй, халуун сэтгэлээр хандан,тунгаан боддог,тэгснээр сайн мэдээний хүч чадлыг амсдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
1.Өдөр бүр үгийг нягталсан Беройчууд(1-15)  Паул, Силас нар сайн мэдээнээс болж зовон, шоронд хүртэл орсон. Гэсэн ч тэд ахин сайн мэдээг дамжуулахаар, Македоний нийслэл Тесалоникт ирсэн. Энэ хот нь худалдаа, наймааны төв бөгөөд зам тээвэр маш сайн хөгжсөн газар байжээ. Европид сайн мэдээг дамжуулна гэвэл зайлшгүй энд ирэх хэрэгтэй байсан аж. 1,2-р зүйлүүдийг харвал “Тэд Амфиполь, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв. Паул заншсанаараа тэдэн дээр очин, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ” гэжээ. Паул байнга хийдэг зуршлынхаа дагуу иудейчүүдийн синагогт ороод, гурван Амралтын өдөр библээс ухуулан заасан аж. Паулын заасан гол агуулга нь 3-р зүйл дээр хэлсэнчлэн- “Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод –Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ”гэжээ. Иудейчүүдийн хувьд Христ бол сүр жавхлантайгаар ирэх Аврагч байсан. Харин Паулын зааж буй Христ бол хуучин гэрээнд Исаиа 53:5,6-д бичигдсэнээр “Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдсан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай, амар тайвны маань төлөө  Түүн дээр гэсгээл байж шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд Эзэн тохов” гэж хэлсэн бол мөн Эхлэл 3:15-д “Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд” гэсэн нь бидний гэмийн төлөө зовлон амсаж үхээд, амилснаараа Сатаны толгойг бут цохисон Аврагч Мессиа гэдгийг нотлон гэрчилжээ. Сайн мэдээг ийнхүү нотлон гэрчлэхэд, Есүсийг Христ гэдэгт хүмүүс итгэв. 4-р зүйлийг үзвэл “Бурханаас эмээгч үй олон грек, бас хэсэг язгууртан эмэгтэйүүд итгэв” гэжээ. Бид библийн сайн багш нар байж, үгийг сайтар тайлбарлан өгснөөр, хоньд Есүсийг хэн бэ гэдгийг ухааран, сайн мэдээг зөвөөр хүлээн авах болно. Өнөөдөр бид сайн мэдээг хэрхэн тайлбарлан, бусдад зааж байна вэ? Хоньдын зүрх сэтгэл хатуурч, улам л хэцүү болсон. Есүсийн тухай ярих гэвэл шууд завгүй, би мэднэ гэх мэтээр эсэргүүцэж байна. Хэдийгээр ийм байсан ч сайн мэдээг дамжуулсаар байвал Лук 24:32-т гарсанчлан Амилсан Есүс дагалдагч нарт бичвэрийг тайлбарлан өгөхөд тэдний зүрх шатах мэт болон, жинхэнэ баяр хөөртэй болсон гэж ярилцсан үйл явдал тохиолдох билээ. Тэд Есүсийн загалмайн үхэл ба амилалтын утга учрыг тэр үед ухааран ойлгосон юм. Бид хоньдод библиэс ухуулан тайлбарлан, Есүс бол Христ гэдгийг өөрсдийн амьдралаар үлгэрлэн харуулах хэрэгтэй юм. Ялангуяа Паул шиг сайн мэдээг дамжуулдаг нэгэн болж, чадахыг хүсэн гуйж байна. Одоо 5,6-р зүйлийг үзээрэй- “Гэвч иудейчүүд атаархан гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж, бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж, Иасоны гэрт иржээ. Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирч авчраад хашхиралдан –Дэлхийг үймүүлсэн эд бас ийшээ ирлээ” гэжээ. Тэд Паул, Силас нарыг дэлхийг үймүүлэгч хэмээн зарлаж байна. Үнэндээ энэ үг тэднийг буруутгасан үг боловч нөгөө талаараа үнэн үг байлаа. Сайн мэдээ нь дэлхийг үймүүлдэг. Сатаны захиргаан дор байгаа хүмүүсийг сайн мэдээ өөрчлөн, өөрөөр амьдруулдаг. Нэг хүн сайн мэдээг хүлээн авбал түүний гэрийнхэн болон ойр дотны хүмүүс нь эсэргүүцэж, сүнслэг дайн эхэлдэг. Харин үүгээр дамжуулан бусад гэр бүлийн гишүүд, хамаатан садан, найзууд нь аврагдах болно. Бидний дунд ч ийм ариун дайн дэгдэхийг хүсэн гуйж байна. 10-р ишлэлийг үзээрэй, “Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров” гэсэн байна. Беройчууд үгэнд хэрхэн хандсан бэ? 11-р зүйлийг хамт уншицгаая. “Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа” гэжээ. Беройчууд сайн мэдээнд уужим, даруу сэтгэлээр хандсан. Тэд Бурханы үгэнд зүрхээ хаасан, хатууруулсан хандлагыг гаргаагүй. Тэд нээлттэй уужим байж,сайн мэдээг хүлээн авах гэсэн сэтгэлээр хандсан. Бурханы үгийг сурч, сонсоход ийм нээлттэй хандлага гаргах нь чухал. Үгийг сонсоход хүний үг бус Бурханы үг хэмээн зүрхээ нээхгүй бол үгийг сонсож ухаарч чадахгүй. Бурханы үгийг мэддэг гэсэн хандлага гаргах нь Бурханы үг бидэнд хүчтэй ажиллах боломжийг хязгаарлаж байдаг. Бид зүрхээ хатууруулахгүй байх нь чухал юм. Мөн тэд үгийг дуртайяа хүлээн авч байсан. Энэ нь халуун сэтгэлээр хүлээн авсан гэсэн үг юм. Марк 4:11-д “Тэр тэдэнд айлдан –Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг” гэжээ. Мөн  2Тимот 3:16,17 “Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” гэжээ. Эдгээр бичвэрийг харвал библи нь Бурханы Сүнсээр бичигдсэн гэдгийг харж болно. Тиймээс сайн дураараа идэвхитэй сэтгэлээр хандвал, үнэний сүнс хүчтэй ажиллан, сэтгэл, сүнс ба үе мөч хүртэл нэвтрэн биднийг шинэчилж чадна. Беройчууд Паулын гэрчилж ярьсан, сайн мэдээг үнэхээр үнэн эсэхийг өдөр бүр нягтлан үзэж байсан. Тэд сэтгэл хөөрлөөр биш, Бурханы өгсөн оюун ухаанаа ажиллуулан, библийг судалж амьдрал дээрээ хэрэгжүүлэн, тунгаан эргэцүүлэн бодсон. Есүсийн амилал бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ? гэх мэт олон асуултанд хариу аван, судалсан. Үүнийгээ тэд өдөр бүр хийж байв. Өнөө үед хүмүүс дэндүү завгүй, залхуу, бүхнийг амархан, хурдан олохыг хүсдэг. Бүх мэдлэг, мэдээлэл дэндүү хурдан хугацаагаар тархан,түүнчлэн чихний хажуугаар өнгөрдөг болсон. Тиймээс хүмүүс Бурханы үгийг тунгаан бодох, судлах цагийг гаргахгүй, харин залхуурах болжээ. Библи болох Бурханы үгийг сонсож, сурсан ч мэдээлэл сонсож байгаа юм шиг нэг чихээрээ оруулан, нөгөө чихээрээ гаргадаг болсон. Ийм байвал Бурханы үг миний дотор жинхэнэ хүчийг олж, намайг өөрчилж чадахгүй юм. Беройчууд үгэнд ямар хандлагатай байх талаар зөв үлгэр жишээг харуулж байна. Үгийг дамжуулах нь чухал хэдий ч үгийг сонсож байгаа хүмүүсийн хандлага бүр илүү чухал болохыг зааж байна. Сайн мэдээний нэг үг ч гэсэн хүн бүрт өөр өөрөөр сонсогддог. Бид Беройчууд шиг үгэнд зөөлөн, нээлттэй уужим хандсанаар Ариун Сүнсний үр жимс гаргадаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
2.Шүтээнээр дүүрэн Афинчууд(16-34)-Паул Афин уруу түрүүлэн явж Силас, Тимот нарыг хүлээж байх зуур хотоор яван, хотыг ажиглан харсан. Түүний харснаар, Афин хот  шүтээнүүдээр дүүрэн болохыг анзаарсан. Тухайн үед Афин нь Ром, Александр хотуудтай энэ зэрэгцэх гурав дахь том хот байсан. Афин хот нь гүн ухаантнууд, эрдэмтэн мэргэд, зохиолчдын өлгий хот байжээ. Эрдэм мэдлэг, боловсрол өндөртэй хүмүүс амьдардаг энэхүү хотын албан ёсны шүтээн нь 300, шүтээний хөргүүд нь 30,000 байсан. Түүнчлэн тэд “Үл танигдах бурханд”хэмээн шүтээн байршуулан, мөргөдөг байв. Энэ хотоос бидний мэддэг Сократ, Платон зэрэг гүн ухаантууд төрөн гарсан. Тухайн үеийн эрдэмтэн, мэргэд нь Епикур, Стойк гэсэн хоёр урсгалд хуваагдаж байсан. Епикур урсгал нь сэтгэл санаагаа тайван амар амгалан байлгаснаар, хэзээ нэгэн цагт үхэх учраас энэ амьдралдаа сайн сайхан амьдрахыг, номлодог байжээ. Стойк бол оюун ухааныг чухалчилдаг бөгөөд дэлхийн бүх зүйлүүдэд бурхан байдаг гэж номлогдог урсгал байв. Энэ хоёр урсгалын нийтлэг тал нь цорын ганц Бурхан ба үхлийн дараах амьдрал гэсэн ойлголтуудыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ийм нөхцөл байдал дунд сүнсээрээ эгдүүцэж байлаа. Паул уг нь Силас, Тимот нарыг хүлээж байх зуур Сүнс нь ихээр эгдүүцэн, сайн мэдээг өдөр бүр тарааж эхэлсэн. 18-р зүйлийг үзээрэй, “Епикур, Стойкийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь –Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад, нөгөө нь –Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амиллыг тунхаглаж байжээ” гэжээ. Тэгээд тэд Паулыг голдоо зогсоон амилал ба цорын ганц Бурханы талаар мэдэхийг хүссэн. Тэд шинэ сургаал сонсохын тулд Паулыг өөрсдийнхөө дунд зогсоожээ. Учир нь тэд шинэ зүйл сонсон, ярихад л цагаа зарцуулдаг байв. Тэд шинэ мэдлэгээс сэтгэлийн ханамж, таашаалыг авахыг чухалчилдаг байв. 22-31-р зүйлүүдийг харвал-Паулын алдартай Арейпагийн номлол гарч байна. Паул номлолоо тэдний мэдэхгүй боловч итгэдэг бурханаар эхэлсэн. 22-25-р зүйлийг харвал эхлээд Бүтээгч Бурхан, 26-28-р зүйлд бүтээгч Бурхан хүний бүтээсэн юунд ч оршдоггүй гэдгийг, 29-31-р зүйлд Афинчуудыг Бурханы бүтээлийн хувьд Бурханыг шүтээнүүдтэй адилтгасан гэмээ гэмших хэрэгтэйг зааж байна. Бурхан байгаль дэлхийгээр дамжуулан, Өөрийгөө илчилсэн боловч хүмүүс үүнийг нь мэдээгүй юм. Иймээс Тэр Христ Есүсээр дамжуулан Өөрийгөө илчилжээ. Тиймээс бүгдийн гэмшил нь Бурхан уруу ирэх хэрэгтэйг заасан. Ингэснээрээ энэ нь Бурхан Есүс Христээр дамжуулан ертөнцийг шударгаар шүүх өдрийг тогтоон, Есүсийг үхэгсдээс амилуулснаар бүх хүнд баттай нотолгоог өгсөн байна. Харин Афинчууд үүнд хэрхэн хандсан бэ? 32-34-р зүйлийг үзвэл “Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь –Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа. Ингээд Паул тэдний дундаас гарч явав. Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа” гэжээ. Паулын ярьсан бүх зүйл нь тэдний одоог хүртэл дагаж мөрдөж ирсэн үндсэн ойлголтоос тэс өөр байсан. Тэд энэ үнэнийг сонсохдоо янз бүрийн хариу үйлдэл үзүүлсэн. Тэдний шүтээн нь өөр өөр зүйл байсан тул тэднээс цөөхөн нь итгэжээ. Хүний зүрх сэтгэл нь шүтээнээр дүүрэн байвал Бурханы үг ажиллахад хэцүү байх болно. Өнөө цагт шүтээнүүд нь дүр төрхөө өөрчлөн, бидний дунд оршиж байна. Бид өөрсдийн шүтээнээ болгож буй зүйлсээ орхин, Эзэний үг рүү эргэх хэрэгтэй. Тиймээс Паулын хэлсэнчлэн, Бурханыг дэлхийн шүтээнтэй адилтган буруугаар үйлчилж байгаагаа гэмшин, Есүсийг амьдралынхаа Эзэн буюу Христ болгох хэрэгтэй. Түүний хаанчлал ба хүсэл тааллынх нь дагуух хүнээр өөрчлөгдөн, Түүний зөвд үйлчлэх хэрэгтэй.
Дүгнэлт: Шүтээнээр дүүрэн дэлхий дээр бидний зүрхийг хамгаалан, итгэлээр амьдруулж байгаад талархаж байна. Бид Бурханы үгэнд даруу, уужим сэтгэлээр хандан амьдрахыг сурлаа. Бидний зүрхэн дэх шүтээнүүдийг зайлуулснаар, Бурханы үг бидний дунд хүчтэй ажиллаж чадахыг хүсэн гуйж байна.

өмнөх нийтлэл2017 оны Үйлс 22-р хичээлийн асуулт (03.26)
Дараагийн нийтлэл2017 оны Үйлс 23–р хичээлийн асуулт (04.02)