2022 оны Христмасын 3-р номлол (12.25) Калеб Ганболд хн

АВРАГЧ ЭЗЭН ХРИСТ ТА НАРЫН ТӨЛӨӨ МЭНДЭЛЛЭЭ!

Лук 2:1-20
Гол эшлэл 2:11

“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”

Merry Christmas! Өнөөдөр бол Есүс Христ мэндэлсний баярын өдөр. Библийн Лук 2-р бүлэгт Есүс хэрхэн мэндэлсэн, тэр үед ямар онцгой ер бусын үйл явдлууд болсон тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ л түүхийг жил бүр дэлхий даяар сая сая хүн сонсож, Бурханд алдар магтаал, талархлыг өргөн тэмдэглэдэг. Зарим улс орнууд жил бүр 12 сарын 25-ныг бүх нийтийн амралтын өдрөө болгосон нь ч байдаг. Тэгвэл яагаад жил бүр Есүс мэндэлсэн баярыг ийнхүү онцгойлон тэмдэглэдэг вэ? Өнөөдөр бид ч бас энд цугласан нь энэ л шалтгааны улмаас юм. Яагаад? Яагаад гэвэл Есүсийн мэндэлсэн нь жирийн нэг үйл явдал биш бөгөөд бүх хүмүүст маш чухал гүн гүнзгий ач холбогдолтой юм. Та хүүхэд эсвэл том хүн, аав, ээж, эмээ өвөө, оюутан эсвэл залуу, орос эсвэл монгол, дарга,цэрэг хэн байхаас үл хамааран энэ нь л мэдээ нь тантай шууд холбоотой. Тиймээс хүн нэг бүр анхааралтай сонсоорой. Өнөөдрийн хэсэгт хээр талд хонин сүргээ манаж буй хоньчид, Аврагч Есүсийн мэндэлсэн тухай мэдээг Тэнгэрэлч нараар дамжуулан сонссон бөгөөд Есүстэй уулзсанаар тэдний зүрх сэтгэл хэрхэн үлэмж баяр хөөрөөр дүүрсэн тухай гарч байна. Өнөөдөр энд сууж буй хүн нэг бүр Есүсийн мэндэлсэн утга учрыг сайн ойлгож, зүрх сэтгэлдээ зөвхөн Бурханы өгдөг үлэмж баяр хөөр ба амар тайвныг амсаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Бетлехемд мэндэлсэн Есүс (1-7)
1-р эшлэлийг үзээрэй “Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ” гэж байна. Энэ эшлэл нь Есүсийг мэндлэх үед тухайн үеийн энэ дэлхийн байдал ямар байсныг тодорхой харуулж байна. Тухайн үед дэлхийг Ромын хаан Цезарь Август захирч байсан. Тэрээр маш өргөн уудам газар нутгийг хамарсан, Ромын хаант улсыг байгуулсан байв(МЭӨ 27-МЭ14). Түүхээс үзвэл энэ Цезарь Август нь Юли Цезарийн ач хүү бөгөөд Ром улсад энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлтийг авчирсан хүн гэж үздэг. Тиймээс Цезарь Август тухайн үед хамгийн дээд эрх мэдэлтэй, том алдар гавьяа байгуулсан, эд баялаг хэмжээлшгүй ихтэй хүн байв. Тэрээр Ромын хаанчлалд Колоничлогдож буй улсуудын хүн амын тоо ба өмч хөрөнгийг нарийн тогтоож, татвар хураахын тулд хүн амын тооллого явуулах зарлиг гаргасан. Түүний ганц үг зарлиг нь бүх дэлхийг хөдөлгөж, хүн бүр өөр өөрийн төрөлх хот уруугаа явсан.
Одоо энэ дэлхийг юу хөдөлгөн, ноёрхож байна вэ? Хөлбөмбөгийн ДАШТ, Орос-Укрианы дайн, Корона Вирус, эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, нүүрсний хулгай гэх мэт. Эдгээр зүйлс нь бидний амьдралд шууд болон шууд бусаар Цезарь Август шиг нөөлөн хөдөлгөж байна.
3-5-р эшлэлийг үзээрэй. “Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрлөх хот уруу явцгаав. Иосеф Давидын удмын хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын, хот уруу, жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийн хамт бүртгүүлэхээр бас явав” гэж байна. Иосеф Давидын удмын хүн байсан тул, Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем уруу жирэмсэн болсон Мариагийн хамт бүртгүүлэхээр явсан. Назараас Бетлехем хүртэл 140 км. Одоо бол УБ хотоос Багануур хүртэлх зай. Тухайн үед машин тэрэг байгаагүй бөгөөд, жирэмсэн Мариа болоод Иосефыг хувьд энэ хол замыг туулах нь маш хүнд, хэцүү байсан байх. Тэдний энэ л зовлон нь бусад хүмүүст ч тохиолддог жирийн нэг явдал бөгөөд ямар ч утгагүй мэт санагдаж магадгүй. Гэвч бид ХГ-г харвал үүнд маш гүн гүнзгий утга учир агуулагдаж байсан.

Бурхан МЭӨ 700-н оны үед ХГ-ий эш үзүүлэгч Микагаар дамжуулан Аврагч Мессиа нь Давидын хот болох Бетлехемд мэндэлнэ хэмээн амласан байдаг (Мк 5:2). Бурхан энэ л үгийг биелүүлэхийн тулд Ромын хаан Цезарь Августын гаргасан хүн амын тооллогыг ашиглан, өөрийн төлөвлөгөөг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл Иосеф Мариа хоёр Бетлехем уруу явсан нь Бурханы эрт дээр үед Аврагч Бетлехемд төрнө гэсэн амлалтыг биелүүлэхийн тулд байсан. Тэдний хувьд хол, хүнд, бартаатай замыг туулах нь энгийн нэг зовлон байгаагүй бөгөөд Бурханы эртнээс төлөвлөсөн ажлын нэг хэсэг байв. Эндээс бид нэг зүйлийг сурч болно. Аливаа улс үндэстэн, энэ дэлхийг хэчнээн хүчирхэг, агуу хаан, удирдагч гарч ирэн захирч, хөдөлгөж болох ч Түүний дээр Бурхан байдаг гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл Бурхан энэ дэлхий ямар ч нөхцөл байдалтай байсан, ямар ч хүчтэй, мундаг, харгис удирдагч хаан, захирагч байсан тэднээс үл хамааран Бурхан өөрийн авралын ажил, төлөвлөгөөгөө биелүүлэн, ажилласаар байдаг гэдгийг сурч болно. Тиймээс энэ дэлхийн эзэн нь, Хамгийн дээд хаан, захирагч, удирдагч нь Эзэн Бурхан байдаг гэдгийг мэдэж болно.

Заримдаа бид энэ дэлхийг, улс орныг нэг хүн, нэг ерөнхийлөгч, нэг хаан эсвэл хэдхэн улс төрчид удирдан залж, чиглүүлж, авч яваад байгаа мэт санагддаг. Тэд хүмүүсийн амьдралд нөлөөлж, хөдөлгөж, удираад байгаа мэт харагддаг. Гэвч өнөөдрийн үгнээс харвал Бурхан бол бүх удирдагч, захирагч, хаад ноёдын дээр байдаг гэдгийг гэрчилж байна. Тиймээс миний амьдрал, мөн миний ирээдүй, миний улс орны хувь заяа нэг хүний гарт байгаа бус харин Бурханы гарт, Бурханы эрх мэдэл дотор байдаг гэдэгт бат итгэх хэрэгтэй. Хэрэв бид үүнд ингэж итгэж, харж чадвал амар тайван, айх айдас байхгүй санаа зовуурьгүйгээр амьдарч чадна. Харин үүнд итгэж чадахгүй бол айдас, санаа зовуурь, стресстэй амьдрахаас өөр аргагүй. Хажууд сууж байгаа хүндээ хэлэхгүй юу “Бурхан бүгдийн дээр байдаг” гэж.

6,7-г үзээрэй “Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлээд, Түүнийг даавуунд ороож, тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй” Иосеф Мариа хоёрыг тооллогод бүртгүүлэхээр Бетлехемд байх үед, Мариагийн төрөх цаг нь болж, ууган хүүгээ төрүүлсэн. Гэвч тэдэнд хоноглох өрөө байхгүй байсан тул тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороон, тэжээлийн онгоц дотор тавьсан. Өөрөөр хэлбэл Есүс эмнэлэгт бус малын хашаанд төрж, тэжээлийн онгоц дотор тавигдсан. Яагаад Есүс дөнгөж төрөөд тэжээлийн онгоц дотор тавигдсан бэ? 7б-г үзвэл “Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй” гэв. Магадгүй хүн амын тооллогоос болж олон хүний хөл хөдөлгөөнөөс болж бүх буудлын өрөө дүүрсэн байх. Гэвч хүн төрөх гэж байна гэвэл ямар ч хүн өрөөндөө оруулж болох л байсан. Харин яагаад Мариаг төрөх гэж байхад хэн ч оруулсангүй вэ? Энэ үйл явдлыг хүний зүгээс харвал хоноглох өрөө байхгүйгээс болж Есүс тэжээлийн онгоц дотор тавигдсан мэт харагдаж байна. Гэвч Есүс тэжээлийн онгоц дотор тавигдсан нь маш гүнзгий утга учиртай юм.

Есүс тэжээлийн онгоцонд тавигдсан нь хүмүүс бидэнтэй адил болж, хүмүүс бидний мэдэрдэг мэдрэмж, хүмүүс бидний амсдаг зовлон, хүмүүс бидний туулдаг муу хувь заяа, хүмүүс бидний амсдаг гадуурхал, доромжлол, үл хүндэл зэрэг бүхий л зүйлийг мэдрэхийн тулд ийнхүү мэндэлсэн. Өлсдөг хүний зовлонг өлсөж үзсэн хүн л ойлгодог гэдэг үг байдаг. Үүнтэй адил хүмүүс бидний зовлон, бэрхшээл асуудлуудыг бидэнтэй адил зовж, асуудалтай нүүр тулж, хүнд бэрхшээл дундуур биеэрээ туулж гарсан нэгэн л хамгийн сайн ойлгодог. Тиймээс Есүс хүн бүрийг ойлгохын тулд хамгийн дор газар болох тэжээлийн онгоц дотор тавигдсан юм. Энд төрөөд шууд малын тэжээлийн онгоц дотор тавигдсан хүн байна уу? гараа өргөе. Бүгдээрээ Есүсээс л лав илүү дээр газар төрсөн юм байна. Магадгүй Есүсийн энэ л төрөлт нь хэнд ч анзаарагдахгүй, өрөвдөлтэй, үл хүндлэгдсэн, муу хувь заяатай төрсөн мэт харагдаж байна. Гэвч Есүс ийнхүү мэндэлсэн нь таны төлөө юм. Есүс төрөөд тэжээлийн онгоц дотор тавигдсан нь энд сууж буй танаас болсон юм.

Заримдаа миний амьдралд тохиолдож буй зовлон ба асуудал бэрхшээлүүдийг хэн ч ойлгохгүй гэж бодох үе байдаг. Тиймээс хүн сэтгэлээр унаж, айдас ба санаа зовуурь, цөхрөл дунд ганцаардан амьдардаг. Ядуу тарчиг амьдрал, хүнд өвчин зовлон, гэнэтийн осол аваар, үхэл хагацал, амар тайван бус гэр бүл, гадуурхал, үл хүндлэл, байнгын дарамт гэх мэтийн зовлонгоос болж шаналж буй олон хүн байдаг. Гэвч бидний амсаж, мэдэрч буй эдгээр зовлон, бэрхшээлийг хамгийн сайнаар ойлгодог Нэгэн байдаг. Тэр бол тэжээлийн онгоц дотор тавигдсан Есүс юм. Яагаад гэвэл хүмүүс бидний амсаж буй энэ бүгдийг Есүс өөрийн биеэр амсаж, мэдэрсэн учраас юм.

Мөн Есүс биднийг ойлгоод ч зогсохгүй бидний энэ бүх гуниг зовлон, муу хувь заяанаас аврахаар ирсэн юм. ХГ-ны Исаиа 53:4,5-д ийнхүү хэлсэн “Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл Түүнийг Бурханд зодуулж, цохиулсан Тэгээд зовж зүдэрсэн гэж бид тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарчээ. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, Шархаар нь бид эдгэрчээ” Эндээс харвал Есүс бидний сул дорой байдал ба өвчин зовлонг үүрсэн учраас бид амар тайвныг олж, шархалж, зовсон зүрх сэтгэл маань эдгэрэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Есүс ирснээр, Түүний дотор бид эдгэрлийг олох боломжтой болсон юм. Тиймээс бидний ямар ч зовлон гунигийг ойлгодог, бидний байдлыг хамгийн сайн мэддэг Есүс дээр ирэхийг уриалж байна(Евр 4:15,16). Тэгвэл Та Есүсийн дотор жинхэнэ тайвшрал ба, амар тайван, баяр хөөр ба эдгэрлийг олох болно. Хажууд сууж байгаа хүндээ хэлье “Таныг хамгийн сайн ойлгодог Нэгэн байдаг”

2. Үлэмж баярлуулах сайхан мэдээ Есүс(8-20)
8,9-р эшлэлийг үзээрэй “Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байв. Гэнэт Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ” гэж байна. Бурхан Есүсийн мэндэлсэн гайхамшигт мэдээг хамгийн түрүүнд хээр талын хоньчдод Тэнгэрэлч нараар дамжуулан мэдэгдсэн. Яагаад Бурхан Есүс мэндэлсэн чухал мэдээг өндөр дээд эрх мэдэлт, олны танил, олон дагагчтай, инфлюэнсер хүмүүст хэлсэнгүй вэ? Тухайн үеийн хоньчид бол нийгмийн хамгийн доод давхаргын хүмүүс байсан. Хоньчдыг нийгмийн бусад хүмүүс үл тоодог, гадуурхаж, үнэлдэггүй байсан. Гэвч ч Бурхан энэ чухал мэдээг яагаад ийм хоньчдод эхлээд мэдүүлж байна вэ? Учир гэвэл хоньчид Бурханы хувьд төлөв даруу, цэвэр сэтгэлтэй, дуулгавартай хүмүүс байсан. Тиймээс Бурхан тэдэнд хамгийн түрүүнд энэ мэдээг мэдүүлсэн. Библийн түүхийг харвал Бурханы ажилд онцгойгоор хэрэглэгдсэн, Бурханы онцгой ер бусын ивээлийг амьдралдаа амссан олон хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст хоньчид шиг даруу, цэвэр, дуулгавартай сэтгэл байсан учраас Бурханы түүхэнд хэрэглэгдсэн. Өнөөдөр ч гэсэн Бурхан ямар хүнд үгээ хэлж, ямар хүн Есүсийг хүлээн авдаг вэ? гэхээр хоньчид шиг даруу, цэвэр, дуулгавартай сэтгэлтэй хүмүүс л хүлээн авдаг юм. Харин хатуу бардам сэтгэлтэй, би гэсэн үзэлтэй, энэ дэлхийн зүйлсийг чухалд тооцдог хүмүүс нь Бурханы ажлыг харж, Есүсийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тиймээс зүрх сэтгэлээ Бурханы өмнө үргэлж даруу байлгацгаая хэмээн уриалж байна.
Тэнгэрэлч нар хоньчдод юу гэж хэлсэн бэ? 10-р эшлэлийг үзээрэй “Тэнгэрэлч тэдэнд -Бүү ай! Харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа” хэмээн хэлсэн. Тэнгэрэлч нар хоньчдод бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг авчирлаа гэв. Эндээс харвал Есүс мэндэлсэн нь зөвхөн хэсэг бүлэг хүмүүс, эсвэл хэсэг улс үндэстний төлөө бус харин дэлхий дээр байгаа бүх хүмүүсийн төлөө ирсэн гэсэн утгатай. Үүнд нийгмийн давхарга, байр суурь, албан тушаал, үндэс угсаа, арьс өнгө, баян ядуу, хөгшин залуу, мэдлэг боловсрол зэргээс үл хамааран бүх хүнд хамааралтай гэсэн утгатай. Өнөөдөр энд сууж байгаа танд ч гэсэн хамааралтай. Мөн Тэнгэрэлч нар Есүсийн мэндэлдсэн нь бүх хүнийг үлэмж баярлуулах мэдээ гэж хэлсэн. Тэгвэл ямар учраас Есүсийн мэндэлсэн нь намайг болон чамайг бүх хүнийг үлэмж баярлуулах мэдээ болох вэ?
11-г үзээрэй бүгдээрээ хамтдаа уншъя! “Өнөөдөр Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ!” Энд Тэнгэр элч Есүсийг Аврагч, Эзэн, Христ хэмээн нэрлэн, тунхагласан. Аврагч гэсэн нь ямар нэгэн зүйлээс аварна гэсэн утгатай. Христ гэдэг нь Бурханы сонгож тосолсон Нэгэн гэсэн утгатай. Эзэн гэдэг нь Бурхан чанартай гэсэн утгатай. Тэгэхээр Тэнгэрэлчийн Есүсийг тодорхойлсон эдгээр нэрээс харвал Есүс нь биднийг аврахаар, Бурханы урьдаас сонгож тосолсон Нэгэн гэсэн утгатай. Тэгвэл Есүс биднийг юунаас аврахаар ирсэн бэ? Бид библийг сайн харвал Есүс биднийг гэм ба үхлээс аврахаас ирсэн гэж хэлдэг.
Энд гэм үйлдээгүй хүн байна уу? Тийм хүн байвал гараа өргөөрэй. Ром 3:10-д “зөвт хүн алга, ганц ч алга” хэмээн хэлсэн. Энэ үгнээс харвал энэ дэлхийд гэмгүй, бөгөөд нэг ч гэм үйлдээгүй хүн байхгүй гэсэн утгатай. Мөн Иохан 8:34-д Есүс “Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол” хэмээн хэлсэн. Энэ эшлэлүүдээс харвал хүн бүр гэмтэй бөгөөд ямар нэгэн гэмийн боолоор амьдардаг гэсэн утгатай. Ихэнх хүн гэмийн асуудлыг нэг их тоодоггүй. Гэвч гэм бол маш хүчтэй бөгөөд хүний хүлж, хүний амьдралын бүхий л зүйлд маш хүчтэй нөлөөлж цаашлаад улс орныг хүртэл сүйрэхэд хүргэдэг.
Ихэнх хүн хүн өөрийн амьдралын хамгийн гол асуудал юунд байдаг вэ? гэдгийг мэддэггүй, андуурч амьдардаг. Улс орон ядуу учраас, би мөнгөгүй учраас, энэ л хүн байгаа учраас, энэ л зүйлээс болж би зовж, шаналж, баяр хөөргүй, аз жаргалгүй, амар тайван бус, санаа зовууриар дүүрэн хэцүү амьдарч байна хэмээн боддог. Гэвч библийг сайн харвал хүний хамгийн үндсэн гол асуудал нь гэм ба үхлийн асуудал гэж хэлсэн. Тийм хүн гэмтэй бөгөөд гэмийн мөн чанартай учраас хэчнээн хичээж амьдарсан ч, хэчнээн их эд баялаг хураасан ч, хэчнээн их мэдлэг боловсрол эзэмшсэн ч, хэчнээн их алдар гавьяа байгуулж, ямар ч дутах зүйлгүй, хамгийн сайхан бүхнийг идэж, ууж, хэрэглэж, өмсөж зүүж амьдарсан ч сэтгэлдээ жинхэнэ амар тайван ба баяр хөөр, сэтгэл хангалуун байдлыг амсаж чадалгүй амьдардаг. Жишээ нь: Попын хаан Майкл Жексон, хүн бүр мэднэ. Мөн хүн үхлээс айдаг. Хүн үхээд хаашаа явдаг бол гэдгээс айж, үхэл уруу дөхөх тусмаа айдсаар улам дүүрч биднийг боолчлон захирдаг.
Тиймээс хүн үхлийн айдас бас сэтгэлийн хоосон орон байдал зэргийг дүүргэхийн тулд, мартахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Хэн ч энэ л гэм ба үхлийн асуудлыг өөрийн хүч ба хичээл зүтгэлээр шийдэж чадахгүй. Тиймээс Бурхан энэ л хүний үндсэн асуудал болох гэмийн асуудлыг шийдэхийн тулд Есүсийг илгээсэн. Есүс энэ дэлхийд ирж загалмайн зовлон, үхэл ба амилалтаар дамжуулан энэ л хүний гэм ба үхлийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн. Тиймээс Ром 10:9-д “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэг зүрхэндээ итгэвэл, аврагдана” гэж хэлсэн(Ром 10:9). Мөн Иохан 3:16 “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Тиймээс Хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно ” хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл Есүсийн дотор хүний үндсэн асуудал болох гэм ба үхлийн асуудал бүрэн шийдэгддэг учраас Есүст итгэгч нь сэтгэлдээ жинхэнэ амь ба амар тайвныг олж, сэтгэл хангалуун, жинхэнэ баяр хөөрийг эдэлж амьдарч чаддаг. Ийм л учраас Есүс мэндэлсэн нь хүн бүрийг үлэмж барлуулах хамгийн сайхан мэдээ юм.
Олон хүн Есүс Христ өөртэй нь ямар ч холбоогүй, хамаагүй гэж боддог. Гэвч хүнтэй гэм ба үхлийн асуудал шууд холбоотой байдаг шиг, энэ л асуудлыг шийдэхээр ирсэн Есүстэй ч гэсэн тантай шууд холбоотой юм. Тиймээс Есүсийг өөрийн амьдралын Аврагч Эзэн Христээр хүлээн зөвшөөрөх үед бид Есүсийн дотор амь ба амар тайвныг олж, Тэнгэрэлчийн дамжуулсан үлэмж баяр хөөрийг амсаж чаддаг юм.
11-р эшлэлийг дахин сайн харвал “Өнөөдөр” Есүс мэндэллээ хэмээн хэлсэн. Өнөөдөр гэдэг энэ үг нь өчигдөр, эсвэл маргааш гэсэн утгатай бус өнөөдөр буюу яг одоо Есүсийг хүлээн авахад, авралыг олох боломжтой гэсэн утгатай. Бидний урилгыг хүлээн авч энд шинээр ирсэн хүн нэг бүр өнөөдөр, яг одоо Есүсийг өөрийн амьдралын Эзэн, Аврагчаар хүлээн зөвшөөрөх юм бол, Бурхан таны бүхий л гэмийн асуудлыг шийдэж, Тэнгэр элчийн дамжуулсан үлэмж баяр хөөрийг амсаж чадна. Бидний төлөө ирсэн Есүсийг магтацгаая!
15-г үзээрэй “Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе” гэв. Хоньчид тэнгэр элчийн дамжуулсан мэдээг сонсоод, дариу Есүстэй уулзахаар шийдсэн. Хоньчид хариулж байсан хонин сүргээ орхин, Есүсийг олж уулзахаар явсан. 16-р эшлэлд Хоньчид “олж очив” хэмээн хэлсэн. Мөн 20-р эшлэлийг үзвэл хоньчид Тэнгэрэлчийн өөрсдөд нь хэлсэн ёсоор байгааг үзээд, үлэмж баяр хөөрөөр дүүрч, Бурханыг алдаршуулан буцлаа гэж хэлсэн. Эндээс харвал бид нэг удаа Есүс миний төлөө мэндэлсэн гэдгийг сонсоод өнгөрөх бус, харин хоньчид шиг Есүсийг бүх зүйлээс илүү тавин, Түүнтэй уулзахын тулд хичээнгүй эрэн хайх үед, Түүнтэй уулздаг гэдгийг сурч болно. Ихэнх хүн Есүсийн цуглаан зөв, сайн гэдгийг мэддэг. Гэвч тэд хоньчид шиг Есүстэй хувиар уулзахаар явдаггүй, эрэн хайдаггүй. Би энд шинээр ирсэн зарим хүмүүсийг дахиж ирэхгүй гэдгийг мэдэж байна. Гэвч таныг хоньчид шиг Есүстэй уулзахын төлөө дариу хичээнгүй эрэн хайгаасай хэмээн хүсэж байна. Библи уншиж, Бурханд хандан залбирч, чуулганд үргэлжлүүлэн хамрагдаж, итгэгч хүмүүстэй хамт нөхөрлөх цаг заавал гаргаарай. тэгвэл тэр үед та Есүстэй уулзаж, хоньчдод Тэнгэр элчийн дамжуулан үлэмж баяр хөөрийг та өөрийн бие сэтгэлээр амьдралдаа бодитоор амсах болно.
Би одоогоос 17-н жилийн өмнө буюу 2005 онд 1-р курсийн оюутан байхдаа энд Христмасын баярт анх удаа уригдан ирж байсан. Миний аав ээж буддын шүтлэгтэй учраас би автоматаар дагадаг байсан учраас Есүсийн тухай нээх ойшоодоггүй, харийн шашин гэсэн ойлголттой байсан. Гэвч цуглаанд 7 хоног бүр явж, библийн хичээл хийн, бүтэнсайн өдрийн цуглаан өргөж, библи уншин, цуглааны хүмүүстэй нөхөрлөх болсон. Энэ үед Бурханыг бага багаа таньж мэдэн, өөрийн дотор буй гэмийг ухаарч, Есүсийг өөрийн амьдралын Аврагч, Эзэнээр хүлээн зөвшөөрсөн. Түүнээс хойш аливаа зүйлийг Бурханд хандан хичээнгүй залбирч, Түүнд найдан, түшиглэх үед миний хүч чадал, миний оюун ухаанаар шийдэгдэхгүй аливаа амьдралын асуудлууд, Бурханы дотор хамгийн сайнаар, зөвөөр шийдэгдэж байгааг харахдаа Бурхан бол амьд бөгөөд Түүнд улам бат итгэн амьдрах болсон. Юу юунаас илүүгээр зөвхөн Бурханы өгдөг үлэмж баяр хөөр, амар тайван амьдралыг Есүсийн дотор эдэлдэг учраас айх айдас, санаа зовуурь байхгүй итгэлийн замаар амьдарч байна. Бурханд бүх алдар нь байх болтугай.
Дүгнэлт: Хоньчид Есүсийг олж уулзсаныхаа дараа эргээд хуучин хийдэг ажлаа хийхээр гэр гэрлүүгээ буцацгаасан. Тэд өдөр бүр таардаг харгис хэрцгий Ромын цэргүүдтэй таардгаараа таарч, Ромын колоничлол дор зовж буй ард түмний дунд үргэлжлүүлэн амьдарсан. Гэвч хоньчдын амьдрал өмнөх шигээ байсан уу? Огт үгүй тэд бусад хүмүүсээс огт өөр байсан. Хоньчид Бурхан бол амьд оршигч бөгөөд, Түүний үг ба амлалт нь хүмүүний амьдрал заавал биеллээ олдог гэдэгт бат итгэлээр өдөр бүр амьдрах болсон. Өөрөөр хэлбэл хоньчид бичигдсэн, амласан зүйл нь заавал биелдэг Нэгэн буюу Бурхан байдаг гэдэгт бат итгэн амьдрах болсон. Тиймээс тэд өдөр тутмын хийдэг ажлаа хийсэн ч, өдөр тутам таардаг хүмүүстэй таарч, хүнд хэцүү Ромын колоничлол дор амьдарч байсан ч тэд амьд Бурханд найдан, Тэнгэрэлчийн дамжуулсан үлэмж баяр хөөр дүүрэн амьдрах болсон. Энэ бол Бурханд итгэдэг хүмүүсийн ивээл юм. Энд сууж буй таныг ч бас энэ л хоньчид шиг Есүсийг зүрхэндээ мэндлүүлснээр Бурханд итгэх итгэл ба үлэмж баяр хөөрөөр өдөр бүр дүүрэн амьдардаг хүн болохыг хүсэн гуйж байна. Өнөөдөр Аврагч, Эзэн, Христ таны төлөө мэндэллээ!

өмнөх нийтлэл2022 оны Христмасын 2-р хичээл (12.18) Ж.Мөнхтулга
Дараагийн нийтлэл2023 оны Исаиа тусгай 1-р хичээл (01.08)