2022 оны Христмасын 2-р хичээл (12.18) Ж.Мөнхтулга

Хаанд мөргөхөөр ирсэн мэргэд

Матай 2:1-12
Гол эшлэл 2:11

“Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон өргөв”

Өнөөдрийн номлолоор бид жаалхүү Есүс энэ дэлхийд мэндлэх талаар судалж мэдээд, түүнд хүндэтгэн мөргөхөөр алс холоос зорин ирж байгаа мэргэдийн талаар, мөн Есүсийг мэндэлснийг мэдэн айдас уур хилэндээ багтаж ядсан Херод хаан, хуулийн багш нарын талаар суралцах болно. Иудейчүүдийн хувьд Аврагчийг бүхийл цагт хүлээж байсан ч Аврагч ирсэн гэх үнэниийг судалж мэдэхийг хүсдэггүй зүгээр л урсгалаараа амьдарч ирсэн байна. Иудейчүүд уг нь гурван мэргэдээс илүүгээр Аврагчийн одыг харан дөнгөж төрсөн жаал хүү Есүст хүндэтгэн мөргөх хэрэгтэй байсан. Гэвч тэдний дотор хүн нь энэ дэлхийн эд баялаг атаа жөтөө бардам байдалд нүд нь сохорсон байна. Ийм гэмтэй, дуулгаваргүй үнэн сэтгэлээсээ Бурханыг эрэн хайгаагүй хүмүүс байсан ч Бурхан тэдний төлөө мөн бидний төлөө Аврагч Христийг энэ дэлхийд илгээсэн билээ. Энэ цагт Аврагчийг хүлээн авах үнэн сэтгэлийг олж авахыг хүсэн гуйж байна.
I. Хааныг эрэн сурвалжилж буй мэргэд (1-8)
1-р зүйлийг харцгаая -“Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд” Сударт өгүүлсэн дорно зүг бол одоогийн ойрх дорнод, ирак хавийн нутаг юм. Вавилонд цөлөгдөх үйд Иудейчүүдээр дамжин Бурханы талаар мэдэх болсон ард түмэн билээ. Тухайн үед Израиль нь Ромын колони улс байсан. Израилийг харгис хэрцгий Херод хаанчилж байв. Херод хаан нь хаан ширээний төлөө 2 эхнэр 3 хүүгээ алсан алдартай хаан юм. Хүн сайн зүйлээр алдаршдаг байтал Херод хаан нь харгис хэрцгий байдлаараа алдаршиж чадсан байна.
Есүс энэ дэлхийн аврагчаар мэндэлсний дараа дорно зүгээс мэргэд Түүнд мөргөхөөр ирж байна. Библийн англи орчуулгаас харвал мэргэдийг ‘’Mэйги’’ гэсэн үгээр орчуулан бичсэн. Mэйги- буюу мэргэдийг төлөөлж хэлж байгаа энэхүү үг нь агуу нэгэн байх, уужим сэтгэлтэй байх, алсыг хардаг, чөлөөтэй сэтгэдэг, өгөөмөр гэсэн утгуудыг илэрхийлэх Грек үгнээс гаралтай аж. Тэгвэл мэргэд хэмээх алдартай цолыг авах хүмүүсийг Перс болон Вавилоны соёл иргэншилд дараах ангилалд багтаадаг байв. Үүнд: 1. Үе дамжин ирсэн тахилчийн үүрэг хүлээсэн хүмүүс
2. Ямар нэгэн ид шид үйлдэх мэргэн арга ухаанд суралцсан, түүхийн нарийн мэдлэгтэй, философи буюу гүн ухааны багш, эш үзүүлэгч, Зорастар буюу зөвхөн үнэнийг дагадаг бүлэглэлийн гишүүн
3. Одон орны судлал, дэлхий ертөнцийн үүсэл гарлын тухай мэдлэгийг Вавилоны шашин болон түүхээс нэмж судалсан хүмүүсийг тус тус оруулдаг байжээ.
Гарал үүслийн талаар эхний эрдэмтний нэрийг Гаспар-Энэтхэгийн эрдэмтэн ойролцоогоор 60 орчим настай, хоёр дахь эрдэмтний нэрийг Мелкиор-Персийн эрдэмтэн ойролцоогоор 40 настай байсан бол удаах эрдэмтний нэрийг Балтазар ойролцоогоор 20 орчим настай хар арьстай эрдэмтэн байсан үзэж байгаа аж. Ийнхүү өндөр боловсрол эзэмшсэн, шинжлэх ухааны оргилд хүрсэн, яс үндэс, угсаа гарал шал өөр ийм хүмүүсийг ямар зүйл нэгтгэн Иерусалим руу удирдсан болон тэдний зорилго юу байсан бэ? 2–р зүйлийг хараарай -“Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн хаан хаана байна вэ? Бид зүүнтээд түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Дорно зүгийн мэргэд Израильд ирсэн шалтгаан нь Аврагчийг хайн түүнд хүндэтгэн мөргөхөд байжээ. Тэд маш их бартаа саадыг даван туулан Аврагчийн од байгаа газрыг чиглэн зөвхөн шөнө дөлөөр ӨХ: од харагдах үед аялж байсан. Зарим үед бороо шороо салхи шуурга, зарим үед үүл гараад од харагдахгүй, зарим үед тэд өлсөж цанган, араатан амьтадын идэш хоол болох аюул дунд байсан нь лавтай. Тэдгээр мэргэд өөрсдийн амьдралаа эрдэм мэдлэг судалгаа шинжилгээнд зориулж байсан тул тэдэнд ингэж шөнөөр одыг харан аялах нь хамгийн хэцүү зүйл байсан байхаа. Мэргэд хуучин гэрээг судлан үзсэнээр Аврагчийн одыг олж харсан. “Тооллого 24:17-д Иаковоос од гарч ирэн, Израйлаас очирт таяг босож, гэж зөгнөсөн”. Зөгнөлийн биеллийг үзэхийг, мөн Аврагчид хүндэтгэн мөргөхөөр явах энэ аян зам нь амьдралынх нь бүх зүйл болсон. Гурван мэргэн Аврагчийн талаар үлгэр домог мэт сонсдог байсан ч Аврагчийн одыг эрж хайснаараа жинхэнэ үнэнийг хайдаг ивээлтэй хүмүүс болсон. (Матай 8:11-д Та нарт би хэлье Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтой хамт ширээнд сууна.) Харь хүмүүс Аврагчийн одыг хараад тэр замаар алхах нь үнэхээр Бурханы төлөвлөгөөний дагуух үйлдэл юм. Учир нь энэ од, энэ зам нь Түүнийг эрэн хайдаг хүмүүст олддог зам юм.
Тэгвэл бид юуг ямар одыг харж амьдарч байгаа вэ? Хүн бүр өөр өөрийн одыг зорилгоо болгон түүндээ хүрэхээр хичээнгүйлэн амьдардаг. Ажил дээрээ амжилттай байж хувийн бизнес эхлүүлэх од, хичээл сургуульдаа онц сайн суран тэтгэлэгт хамрагдах од, эсвэл гадаадад гарч суран амьдралын баталгаатай болох од. Мөн сайн ханьтай болоод аз жаргалтай амьдрах од гээд л янз бүрийн хүсэл зорилго байгаа. Тэгвэл энэ зарлигт гарч байгаа мэргэдийн хүсэл мөрөөдөл нь зорилго од нь тэнгэрт гялалзах одыг даган явах болж байна. ӨХ бүх найдвараа Эзэнд тавин Эзнээр удирдуулан амьдрах амьдралыг сонгосон гэсэн үг. Өнөөдөр бид энэ зарлигийг сурч байгаагийн хувиар библийг өөрийн амьдралын дагаж явах од болгон амьдрах хамгийн чухал билээ. 2Тимот 3:16-17 “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” гэж хэлсэн. Биднийг Христ рүү хөтөлдөг од бол залбирал болон библи уншилт юм. Бид өдөр бүр цаг үргэлж библиэр дамжуулан Бурханы хүслийг сонсон биелүүлэх, үйлдэх боломжтой. Муу сүнс биднийг библи уншихыг хэзээ ч хүсдэггүй. Уншсан хэдий ч өөрийн амьдралаа хэрэгжүүлээд эхлэх бий гэдгээс айдаг. Библи биднийг энэ харанхуй үед удирдан чиглүүлэх тодоос тод од юм.
Херод хаан Христ хаана төрөхийг ахлах тахилч, хуулийн багш нараас асуухад Иудейн Бэтлэхэмд “Иуда нутгийн Бетлехем ээ ! Иудагийн дээдсийн дунд Чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно” гэсэн гэж хариулав. Тэд хуулийг дэлгэрүүлэн түгээх ард түмэнд үнэнийг дамжуулахаар сонгогдсон ариун үүрэгтэй хүмүүс юм. Тухайн үеийнхээ дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх санхидрин, манайхаар улсын их хурлын гишүүд юм. Тэд Аврагчийг ирнэ гэдгийг мэддэг боловч тэдний нүд эрх мэдэл хоосон байдлын төлөөх өрсөлдөөнөөр таглагдсан. Яг л одоогийн манай төр засгийн удирдлагууд шиг гээд хэлэхэд нэг их буруудахгүй байх тэгээд ч дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй хэмээн мэргэд маань хэлсэн нь хоосон үг биш бололтой. Иудейчүүд библийг цаг үргэлж суран Аврагч ирнэ гэдгийг бусад үндэстнээс илүүгээр мэдэж байсан. Тэгвэл Аврагч ирсэн гэх мэдээ нь иудейчүүдийн хувьд хамгийн сайхан мэдээ болов ч амьдралын баяр бахдал хараагаа өөр газарт байлган байгаа хүмүүсийн хувьд Христийг итгэлээр харах нь боломжгүй болсон. Гэхдээ Эзэн өөрийг нь хайдаг хүмүүст олддог. Тиймийн тул хоосон мэдлэгээр бус Түүнийг сүнсээр эрэлхийлж залбиралд даруугаар цангадаг хүмүүс болоорой. Бидний мах бодийн болон сүнслэг амьдралын цэвэр зорилго ч бас ямар нэгэн хүссэн зүйлээ авахад бус харин Есүс Христэд мөргөхөд байдаг билээ. Тиймээс бидний амьдралын ганцхан гэж хэлж болох нэг л зорилго бол Есүст хүндэтгэн мөргөх билээ.

II. Хаанд хүндэтгэн мөргөсөн мэргэд(9-12)
9-р зүйлийг үзээрэй: “Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүйнтэйд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ.” Зарлиг эхлэхэд гарсны адилаар энэ од мэргэдийг Христийг байгаа газар руу удирдан хүргэсэн. Энэ од нь жинхэнэ үнэн болох Христийг олохыг хүссэн хүмүүст харагдаж Христрүү удирддаг. ӨХ: Бурхан Өөрийг нь хайрладаг хүнд үгээ айлддаг. Итгэл ба хүн чанарын хувьд төлөвшөөгүй хүнд хэчнээн сайхан үнэн үгийг яриад тэд өөрийн түвшингээрээ хүлээн авах болно. Тиймээс Бурханы үгийг зөв сайн ойлгоё гэвэл төлөвшсөн итгэл, хүн чанар, мэргэн ухаантай байхын төлөө эдгээр мэргэд шиг зүтгэх хэрэгтэй. Энэ үед Бурханы дуу хоолой сайн сонсогдож сонссон үгээ эцэс хүртэл биелүүлж чадна. Харин эсрэгээрээ Бурханы үгнээс зууран амьдрахыг хүсэхгүй энэ дэлхийн гоё сайхан бүгдийг 1-рт тавин амьдарвал энэ одыг харж чадахгүй. Тиймдээ ч бидний итгэлийн амьдрал бол одоор удирдуулж Христийг олдог амьдрал юм. Аврагч Мессиатай аль хэдийн уулзсан хүн ч Бурханы хаанчлалд Есүстэй нүүр нүүрээрээ уулзах хүртлээ одоор удирдуулах ёстой гэсэн үнэнийг ойлгож сурах хэрэгтэй. Тэгвэл энэ цаг үед Христ руу хөтөлдөг зүйл нь юу вэ? Энэ бол Ариун сүнс библийн зарлигууд юм. Иохан 14:16-д “Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр та нартай үүрд хамт байх болно” гэжээ. Бид өдөр бүр библи уншин, залбирахгүй бол энэ дэлхийн зугаа цэнгэл, завгүй байдал, фейсбүүк, интасграмм, эд хөрөнгө, мөнгө бидний сүнсний нүдийг сохолно. Ингэснээр бид библийг мэдлэгээр оюутнуудад заадаг хуулийн багш нар болох болно. Энэ цагт бидэнд Христийг хайн олох одыг зөвшөөрөн өгсөн Бурханд талархаж байна.
Одоо зарлигийн 10-р зүйлийг үзээрэй “Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав.” Энд гарч байгаа үлэмж их баярлах гэсэн нь юу гэсэн үг юм бол? Тэд өдий насалтлаа олон баяр хөөрийг үзсэн ч Аврагчийн одыг харсан шиг баярлаж байсангүй. Учир нь энэ дэлхийн баяр хөөр бол хязгаарлагдмал баяр хөөр юм. Харин тэд Аврагчийн одоор дамжуулан хүндэтгэл авах бүх дэлхийн хаантай уулзсан бөгөөд хайж байсан жинхэнэ үнэнээ олсондоо үлэмж их баяр хөөрөөр бялхжээ. Энэ баяр хөөр нь гуниг зовлон харанхуй байхгүй төгс бүрэн баяр хөөр юм. Энэ дэлхийд янз бүрийн л баярт мэдээ байдаг боловч тэдгээр мэдээнд бүгдийг баярлуулах хүч байхгүй юм. Нэг хэсэг нь баярлах ч тэр мэдээнээс болоод зарим нь гуньж байдаг. Учир нь тэр мэдээ үнэхээр баярлуулж чадах мэдээ биш учраас юм. Хүний дотоод сэтгэлд болж байгаа нь яг л үүнтэй адил юм. Баяр наадам тэмдэглэхээр наргиан цэнгээн хөөх нь энгийн үзэгдэл боловч эндээс бүрэн ханамж сэтгэлийн амар тайвныг эдэлж чадахгүй нь харамсалтай. Хэн нэгний тусламж хайрыг авахаар яг л паразит шиг амьдрах ямар хэцүү вэ? Хүн тоохгүй байхад өөрийгөө тэнд байх зохистой гэж бодсоор байдаг. Учир нь Сатан нь наргиан цэнгээнээр жинхэнэ баяр хөөрийг авч чадна гэж бүгдэд итгүүлснээс болсон хэрэг. Бид наргиан цэнгээнээс баяр хөөрийг авахаар явдаг ч гэмийн уруу татлагад орж хэзээ ч гарч чадахгүй болтлоо гүнд шигдэх болдог. Иймд Христмас баярыг жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг энгийн нэг баяр шиг бүү болгоорой. Үнэхээр жаалхүү Есүсийг өөрийн амьдралдаа хүлээн зөвшөөрөн хязгааргүй баяр хөөрийг авч чадахыг хүсэн гуйж байна.
Зарлигийн 11-р зүйлийг үзээрэй: “Тэгээд гэрт орж эх Мариагийн хамт буй хүүхдийг хараад сөгдөн Түүнд мөргөж, Эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт гүгэл миррийг бэлэг болгон өргөв.” Мөргөл бол хайр, хүндлэлээ харуулах хамгийн дээд илэрхийлэл юм. Мөн Бурханы өмнө өвдөг сөгддөг хүн дэлхийн болон хүмүүсийн өмнө хэзээ ч сөгдөхгүй. Мэргэд жаал хүүд мөргөсний дараа бэлтгэж ирсэн бэлгээ өргөн барьсан.
Алт бол хамгийн үнэтэй метал учир хааны эрхийг бэлэгдэж байсан бөгөөд хуучин гэрээг харвал алт нь Христийн мөнхийн хааны эрхийг илэрхийлж байдаг.
Гүгэл нь цагаан өнгөтэй модны давирхай юм. Хуучин гэрээний үед Бурханд мөргөх, Бурханы ариун чанартай холбогдож гардаг. Энэхүү гүгэлийг жирин ард түмэн хэрэглэж болохгүй бөгөөд зөвхөн Бурханд зориулагдсан уугиулах хүжинд хэрэглэгддэг байсан. Есүс Христийн тэргүүн тахилч болохыг билэгддэг.
Мирийг гүгэлийн адилаар модноос гаргаж авах ба шарилд хэрэглэдэг материал байв. Харин библийн зүгээс мири нь Христийн зовлон ба үхлийг илэрхийлдэг аж.
Тиймээс мэргэд алт, гүгэл, мирийг бэлэг барьсан нь Есүсийг Хаан, Тэргүүн тахилч, Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч мөргөснийг илэрхийлж байна. Ялангуяа Есүст үнэ цэнтэй, утга учиртай бэлгийг барьсан нь Есүс бүх хаадын хаан болохыг илэрхийлж байна.

Аврагч, бүх хаадын хаан болсон Есүс өнөөдөр биднээс ямар бэлэг авахыг хүсэж байгаа гэж бодож байна вэ? Есүс биднээс алт гүгэл мирийг бодитоор өргөөсэй хэмээн хүсээгүй. Харин зүрх сэтгэлээсээ чин үнэнээр түүнийг хайрлан, түүнд хаана ч байсан мөргөл талархлыг өргөөсэйл гэж хүсдэг. Есүс бидний амьдралын бүхий л цаг үед Эзэн нь байхыг хүсдэг. Библи бидэнд 2 төрлийн мөргөлийн талаар заасан. Албан ёсны буюу ням гарагийн мөргөлийн цаг, албан бус буюу автобусанд, ажил дээрээ, кинотеатрт, угаалгын өрөөнд ер нь хаана ч байсан гэсэн Бурханы биднийг гэмээс аварсан авралын ажил, бусад гайхамшгуудыг магтан талархах мөргөл юм. Ням гарагийн буюу албан ёсны мөргөлийн хувьд Бурхан Египетээс гарсан нь 20:8 “Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй”. Энэ нь Израйлийн ард түмэнд өгсөн Бурханы тушаал. Гурван мэргэн эцсийн зорилго биеллээ олж, энэ дэлхийн аврагчийн амьд дүрийг харахдаа баярлан хөөрч мөргөсөн.

Дүгнэлт: Бүх зүйлээр хангалуун байсан ч мэргэд энэ дэлхийд ирсэн жинхэнэ зорилгоо ухаарч олохын тулд жаал хүү Есүст хүрч очсон. Тэдний боловсрол, амьдралын туршлага бүхэн тэдэнд жинхэнэ баяр хөөрийг өгөөгүй. Харин жаалхүү Есүсийг, Бурханаас илгээсэн одоор удирдуулан явж очиж харж, уулзахдаа үлэмж баярлан хөөрсөн. Үүний адилаар бидэнд бас үлэмж баярлуулах сайн мэдээ болох Есүс байна. Тиймээс баярлан хөөрч энэ л сайн мэдээг бусдад дамжуулцгаая. Харин эрх мэдэл, айдас, мөнгөнөөс болж Херод хаан, хуулийн багш нар шиг хүмүүс болчихгүйн тулд сэрэмжилцгээе. Алдар магтаал нь үеийн үед Бурханд байх болтугай.

өмнөх нийтлэл2022 оны Христмасын 3-р хичээл(12.25)
Дараагийн нийтлэл2022 оны Христмасын 3-р номлол (12.25) Калеб Ганболд хн