2022 оны Христмасын 1-р номлол (12.11) Н. Ариунболд хн

Иммануел Есүс

Матай 1 : 1-25
Гол эшлэл 1:23

“Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал “Бурхан бидэнтэй хамт”) гэж тэд нэрлэнэ гэсэн юм.”

Та бүхэнд Христмас баярын мэндийг хүргэж байна. Энэ цагт Эзэн бидэнтэй үргэлж хамт байна гэдгийг дахин сануулж байна. Бидний төлөө Бурханы Хүү болон мэндэлсэн Есүс Христийг өөрсдийн зүрх сэтгэлдээ дахин цоо шинээр төрүүлж, мэндлүүлж чадахыг хүсэн гуйж байна. Иммануел болсон Есүсийг хамтдаа сурцгаая.

I. Ариун сүнсээр олдсон Есүс /18-20/
18-р эшлэлийг үзээрэй. “Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ”.
Тухайн үед Иудейчууд сүй тавьснаасаа хойш 1 жилийн дараа хурим хийдэг байжээ. Хуримлах гэж байгаа Иосефын сэтгэл ямар байсан бол оо. Иосефын сэтгэл өөрийн эрхгүй аз жаргалтай, нүүр царай нь инээмсэглэлээр дүүрэн байсан нь лавтай. Хуримын өдрийг тэсч ядан хүлээж өдөр хоногийг өнгөрөөсөн байх аа. Яаж амьдарвал Бурханд сайн үйлчлэх, аз жаргалтай болохоо хүртэл бодсон байхаа.
Удахгүй хуримаа хийх хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан Иосеф гэнэт ямар гунигтай мэдээ сонссон бэ?
Мариа хэвлийдээ хүүхэдтэй болсон мэдээ байлаа. Ийм мэдээг сонссон Иосефын сэтгэл үнэхээр хэцүү байдалд орсон. Лук номонд тэнгэрэлчийн мэдээг сонссон Мариа Елизабетийн гэрт очоод 3 сар хамт байсан тухай гардаг. Мариа Иосефтой юу ч ярилцаагүй гэнэт алга болж байгаад 3 сарын дараа том гэдэстэй иржээ. Ингэж итгэлийг нь хөсөрдүүлсэн учраас Иосеф маш их уурлан цөхөрсөн байхаа.
Бид нарын хувьд ч гэсэн итгэж найдан хүсэл найдвараа тавьсан хүн маань урваж, сэтгэлээ хувиргавал хичнээн хэцүү байдаг билээ. Гэвч Иосеф зөвт хүн байлаа. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөнөөр хөдөлдөг хүн биш байсан. Тэр ямар ч үед Бурханы тааллыг эрдэг, өөрөөсөө өмнө бусдыг боддог хүн байв. Тэр Мариад ямар нэгэн золгүй юм тохиолдсон байх гэж бодсон. Гэхдээ бодож бодож эцэст нь Мариагаас харилцаагаа тасалж Мариаг олны шившиг болгохыг хүсээгүй тул түүнээс нууцаар салах бодолтой байсан.
20-р эшлэлийг үзээрэй. “Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.”
Иосеф ийнхүү янз бүрийн зүйл бодож байгаад хэсэг зуур зүүрмэглэсэн. Тэр үед тэнгэрэлч зүүдэнд нь ирээд ийнхүү хэлэв. “Давидын хүү Иосеф оо Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд.” гэж хэлэв. Бид тэнгэрэлчийн энэ мэдээгээр дамжуулан 2 зүйлийг сурах болно.
1-рт: Есүс Ариун сүнсээр олдсон.
Тэнгэрэлчийн үгнээс харахад Иосеф Мариаг эхнэрээ болгохоос айж байжээ. Магадгүй хамгийн нандин хүсэл мөрөөдөл нь үгүй болж ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон учраас айсан байх аа. Харин ийм түүнд тэнгэрэлч бүү айгтун гэж хэлсэн. Яагаад Иосеф айх хэрэггүй вэ? Учир нь Мариа журамгүй явдлаар жирэмсэн болоогүй харин Ариун Сүнсний хүчээр жирэмсэлсэн юм. Үүнийг хүний нүдээр харвал ойлгож чадахгүй, айхаас өөр аргагүй юм. Гэхдээ Мариа жирэмсэн болсон нь хүний явдал биш, Ариун Сүнсний ажил учраас айх хэрэггүй гэжээ.
Тэгвэл Есүс Ариун Сүнсээр олдсон гэдэг нь ямар утга учиртай вэ? Хэдийгээр Есүс хүний бие мах бодиор төрөх боловч уг үндэс нь гэм зэмгүй Бурхан мөн гэдгийг гэрчилж байна. Есүс бүрэн дүүрэн Бурхан мөн боловч бас зуун хувь хүн болж төрсөн юм. Тэгвэл Есүс Бурхан гэдэг нь яагаад тийм чухал вэ? Яагаад гэвэл Есүс Бурхан учраас л биднийг аварч чадна. Цаг хугацаа, орон зай, ёс суртахууны талаар хязгаарлагдмал хүмүүс бид өөрөөсөө бусад хүнд тусалж чадах боловч уг үндсээр нь өөрчилж аварч чадахгүй. Хүнийг бүрэн өөрчилж аварч чадах хүч бол хүнийг бүтээсэн Бурханаас өөр хэнд ч байхгүй юм. Бид энэ Есүст итгэснээрээ өөрчлөгдөж авралд хүрч чадахыг хүсэн гуйж байна.
2-рт: Есүс бол гэмээс аврах Аврагч гэдгийг мэдэж болно.
Тэнгэрэлч Есүсийг өөрийн ард түмнийг нүглээс нь аврах Нэгэн гэж хэлсэн. Тэр үеийн Иудейчууд өөрсдийг нь харь үндэстнүүдийн дарлалаас чөлөөлж энэ дэлхийн хамгийн хүчирхэг улсыг байгуулах Христийг хүсч байсан. Бурхан тэдэнд тийм цэргийн жанжин, улс төрийн аврагчийг явуулаагүй. Харин тэднийг гэмээс нь аврах Аврагчийг илгээсэн. Энэ нь тэдний гэмийн асуудлыг шийдэх нь юу юунаас ч илүү чухал байсан учраас юм.
Хүмүүс Бурханы эсрэг байхыг гэм гэж тооцдоггүй. Сайн мууг ялгах хэмжүүр зөвхөн Бурханд байдаг гэж хүлээн зөвшөөрөлгүй өөрсдийнхөө бодлоор л хэмждэг. Тиймээс Бурханы эсрэг үйлдсэнээ үл тоомсорлодог. Гэвч гэм нь ингэж хайхрахгүй хаяж болох зүйл огт биш юм. Гэм бол хүнийг Бурханаас салгаж улмаар ганцаардалд оруулж хүний оршин байхын утга учир болсон Бурханы төрхийн дагуу бүтээгдсэн чанарыг нь алдуулдаг.
Хүн байх эрхэм чанарыг нь булаан авч адгуус амьтан мэт түвшинд хүргэж унагадаг. Үүнээс гадна гэм нь үхэл, тамын шийтгэлийг дагуулдаг. Гэмээс болж хүн чанар нь сүйдэж гэр бүл нь эвдэрч улс нийгэм нь хоосордог билээ. Үүнээс бүр ноцтой асуудал бол гэм нь маш хүчтэй учраас хэн ч түүнийг дийлдэггүй. Хүмүүс насан турш амин ч шуналын сэтгэл, нэр алдар, эд баялаг хуримтлуулдаг боловч нэг л өдөр алддаг.
Үхэж байгаагаа мэддэг хэрнээ гэмийн өгдөг нялуун амтанд татагдсанаар үхлийн намагт унадаг. Хүмүүс гэм үйлдэхийг муу гэдгийг мэддэг боловч гэмийн хүчийг дийлж чаддаггүй. Есүс чухам ийм хүмүүсийг гэмээс аврахын тулд ирсэн билээ. Есүс загалмайн үхлээр дамжуулан хүмүүсийн гэмийн төлөөсийг төлж 3 хоногийн дараа амилснаараа үхлийн хүчийг бут цохин, өөрт нь итгэгчдийг гэм ба шийтгэлээс аварч, мөнхийн амь болон тэнгэрийн хаанчлалыг өгсөн билээ. Есүс өөрт нь итгэсэн хүнийг ямар ч бузар гэмтэн байсан ч гэмийн шийтгэлээс чөлөөлж үхлийн эрхшээлээс гаргадаг. Бид энэ Есүсээр дамжуулан Бурханы төрхийг сэргээж Бурханд таалагдах амьдралаар амьдарч чадах болсон. Хэрвээ гэмийг ялж чадахгүй байнга ялагддаг хүмүүс байгаа бол Аврагч Есүст өөрийн амьдралаа бүрэн даатгаад, итгээд амьдрахыг хүсэн гуйж байна. Биднийг гэмээс аврахын төлөө энэ дэлхийд ирсэн Есүс Христэд талархал хүндэтгэл магтаалыг өргөж байна.

II. Иммануел Есүс /22-25/
22,23-р эшлэлийг хамтдаа уншья. “Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ “Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал “Бурхан бидэнтэй хамт”) гэж тэд нэрлэнэ.”гэсэн юм.
Энэ нь хуучин гэрээ Исаиа 7:14-т бичигдсэн үг юм. Иудагийн хаан Ахазийн үед Бурхан Исаиа зөнчөөр дамжуулан онгон бүсгүй жирэмсэн болж Хүү төрүүлэн “Түүний нэрийг Иммануел” гэж нэрлэнэ гэж амласан байдаг. Зарлигийг харвал Есүс онгон бүсгүйгээс төрсөн юм. Бид энэ эшлэлээс маш чухал үнэнийг сурч болно.
Есүс бидэнтэй хамт буй Бурхан юм. Иммануел гэдэг нь Бурхан бидэнтэй хамт байна гэсэн утгатай. Есүс бол бүтээгч Бурхан билээ. Гэхдээ тэр Мариагийн биеэр дамжин махбодиор энэ дэлхийд төрсөн. Энэ бүхнийг хүний оюун ухаанаар ойлгоход маш хэцүү ч, дэлхийн түүхэнд хамгийн гайхамшигтай үйл явдлын нэг юм.
Тэгвэл бүтээгч Бурхан Есүс нь хүн болж төрсний утга учир юу вэ? Учир нь бидэнтэй хамт байхын тулд юм. Бид ямар хүмүүс билээ.
Өөөрсдийгөө нэг бодож үзэцгээе. Ажил төрөл, сургууль, амьдрал нэг л болж бүтэхгүй бол бусад хүмүүст гомдоллон буруугаа бусдад хүлээлгэн уурладаг. Мөн Бурханд ч амархан гомдоллож эргэлзэж би цаашдаа хоньчноор амьдрах уу, болих уу? гэх зэрэг эргэлзээгээр дүүрэн болдог. Бурханы хайр ивээлд талархдаггүй. Харин Бурханы эсрэг дуулгаваргүй ханддаг хүмүүс юм.
Гэвч Бурхан ийм бузар гэмтэй хүмүүстэй хамт байхын тулд хүн болж энэ дэлхийд ирсэн билээ. Энэ нь үнэхээр гайхамшигтай Бурханы хайр юм.
Тэгвэл Есүс яагаад бидэнтэй хамт байхын тулд ирсэн бэ? Бидний гэмийг тоочин зааж шийтгэхийн тулд уу? мэдээж үгүй.
Есүс бидэнтэй хамт байж гэмт бидний зовлон гуниг, сул дорой байдлыг биеэрээ амсаж бидний найз болж, гэмийг ялах хүчийг өгөхийн тулд махбодиор хүн болж ирсэн. Гэхдээ бид амьдралын хэв маягаар өөр хүмүүстэй хамт байхад хэцүү санагддаг.
Бид аль болохоор амар тайван, сайн сайхан амьдрахыг хүсч өндөр соёл, боловсролтой надад үргэлж тусалж сайн ханддаг хүмүүстэй л хамт байхыг хүсдэг. Харин намайг үргэлж муулдаг, үзэн яддаг, сул дорой, бузар гэмтэй хүмүүстэй байхыг огт хүсдэггүй.
Харин Есүс 100% Бурханы хувьд эдлэх ёстой Эрх чөлөө, Эрх мэдэл, Нэр алдар, Сүр жавхлан бүхнээ орхиж гэмтэй, сул дорой бидэнтэй хамт байхын тулд Өөрийгөө дорд болгон ирсэн билээ. Тэгээд гэмтнүүдийн боол мэт байж тэдний сул дорой байдал, үзэн ядалт, гэм бүгдийг Өөртөө үүрч мөнхийн амийг өгөх хүртэл үйлчилсэн. Энэ Есүсийн төлөв даруу, золиослолын хайрыг магтаж байна.
Есүсийн мэндэлсэн нь Бурхан бидэнтэй хамт байна гэсний баталгаа юм. Хуучин гэрээ Исаиа 7:14 нь Иудагийн хаан Ахазд өгсөн Бурханы зарлиг юм. Тэр үед хөрш Арамын хаан хойд Израйльтай эвсэн нийлж дайрах гэж байгааг Ахаз хаан мэдээд салхинд найгаж буй мод мэт дагжин чичирч байжээ. Энэ үед Бурхан зөнч Исаиаг явуулан Бурхан та нартай хамт байх учир дайснуудаасаа бүү ай гэсэн үгийг дамжуулсан. Бурхан хамт байхад дайснууд удахгүй унтрах хожуул төдий учир битгий айгаарай гэж хэлсэн. Гэвч Ахаз хаан Бурханы энэ үгэнд итгэлгүй дайснуудаасаа айсаар байлаа. Тэгээд хүчирхэг улс Египетээс тусламж авах гэж төлөвлөсөн. Бурхан ийм түүнд амлалтанд маань итгэж чадахгүй бол Бурхан Эзэнээсээ ямар нэгэн бэлэг тэмдэг шаард гэж хэлэв. Гэвч Ахаз хаан Бурханы ийм саналаас ч татгалзав. Бурхан ийм итгэлгүй ард түмнийг шууд орхиж болно. Гэвч Бурхан ийм өөдгүй ард түмнийг ч гэсэн өрөвдөн хайрлаж онгон бүсгүйгээс Хүү төрүүлэх тэмдэг үзүүлнэ гэж амлажээ. Тэр тэмдгийг хараад Бурхан хамт байгаа гэдэгт итгэн зөвхөн түүнийг түшиглэн амьдрахыг хүссэн. Тиймээс Есүс онгон бүсгүйгээс төрсөн нь Бурхан өөрийн ард түмэнтэй хамт байгаа гэсний хөдөлшгүй баталгаа юм.
Бид ч гэсэн тэр үеийн Израйлчуудтай яг адил байдаг. Бурхан бидэнд Ариун Сүнсний хүчээр хийх бүх боломжуудыг өгсөн байдаг. Харин хүсч байсан ажил, сургууль, амьдрал маань сайн бүтэхгүй бол Бурхан хамт байна уу үгүй юу гэдэгт амархан эргэлздэг. Ялангуяа алдаа гаргаж гэмд унах үедээ Бурхан ийм намайг шийтгэж орхих болов уу гэж боддог. Гэвч энэ санаа бодол бол сатаны өгч байгаа явуулга юм. Сатан боломж л гарвал үл итгэл суулган Бурхантай харилцах харилцааг холдуулах гэж оролддог. Гэхдээ Бурхан биднийг сайн зөв явах үед хамт байж эсвэл муу явах юм уу, гэмд унах үед орхидоггүй.
Бурхан нэгэнт сонгосон хүнээ ямар ч үед бүр Бурханд гомдож эсэргүүцэх үед ч орхидоггүй. Бидэнтэй хамт байж бидний гуйлтанд чих тавьж тусалдаг. Гэмшиж итгэлээр очвол хэзээд халуун дотноор хүлээн авдаг.
Бидэнтэй үргэлж хамт байж бидний Гайхамшигтай зөвлөгч, Төгс бүрэн хүч чадалтай Бурхан, Үүрд мөнх байх Эцэг, Амар амгалангийн Хаан болж өгдөг.
Нэгэнт сонгосон хүнтэйгээ эцсийг нь хүртэл хамт байдаг. Бурхан үнэхээр хайр ивээлийн Бурхан билээ. Бурхан бол бидэнтэй үргэлж хамт байдаг Энэрэнгүй хайрын Бурхан юм. Энэ Бурханд өөрсдийн амьдралаа 100% даатгаж, итгэлээр тууштай амьдрахыг хүсэн гуйж байна.
Монголд болж байгаа эдийн засаг, инфлияц, үнийн өсөлтөөс болж бидний ажил төрөл, хичээл сургууль, санхүү мөнгөөр хэцүү болж байгаа ч Имманеул болсон Бурхан биднийг хэзээ ч орхихгүй хамт байна гэдэгт 100% итгэж амьдрахыг хүсэн гуйж байна.
Бурхан бол бидэнтэй хамт байдаг, Энэрэнгүй хайрын Бурхан юм. Бурхан өнгөрч байгаа 2022 онд ч бидэнтэй үргэлж хамт байсанд талархаж байна. Миний хувьд өнгөрсөн нэг жилийг эргэн харахад сентад тогтмол ирж өглөөний гуйлтаар эхэлж амьдарч чадаагүйдээ гэмшиж байна. Сул дорой байдал, залхууралд автагдан өдөр тутмын ажилдаа дарагдан тэмцэлгүй амьдрах үе олон байсан. Гэсэн ч Бурхан сул дорой гэмтэй намайг орхилгүй үргэлж хамт байсан юм. Ямарч үед ч Бурхан надтай хамт байж итгэлийн дотор зоригтой, тууштай амьдрахад тусалсан билээ. Энэ цагт гэмтэй надтай хамт байгаа Иммануел Есүсийг магтаж байна.
Бидний хийж чаддаг зүйлс хязгаартай байдаг. Тиймээс Эзэн Бурханд итгэж найдаж амьдрах нь ямар чухлыг харуулж байна. Яг одоо та бидний амьдралд бүх зүйл хаагдмал, боломжгүй, хэцүү байгаа бол бидэнтэй хамт байдаг Имманеул Бурхантай хамт байхыг хүсэн гуйж байна. Тиймээс Бурхан таны амьдралд хийж байгаа өөрчлөлтийг хүлээн авч итгэлээр тууштай амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бид Иммануел Есүстэй уулзахад гунигтай муу хувь заяаг агуу их хувь заяа болгон өөрчилж чадна. Ирээдүйн тухай янз бүрийн айдсыг даван туулж Эзэний замаар зоригтой явж чадна. Бид сул дорой боловч Иммануел Есүст итгэхэд хэнийг ч гэсэн хайрлаж чадах төдийгүй өргөн мэдлэгтэй библийн багш ч болж чадна. Бурхан бидэнтэй хамт байгаагийн баталгаа болгон Есүсийг ирүүлсэн билээ. Есүсийг харвал Бурхан бидэнтэй хамт байдаг хайрыг мэдэж болно. Мөн Бурхан үүрд мөнх бидэнтэй хамт байхыгаа амласан. “Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно.”
Бүгдээрээ Есүс Христийн дотор бидэнтэй хамт байдаг Бурханыг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөнөөр хайр ивээлээр дүүрэн Христмас баяр болохыг хүсэн гуйж байна. Иммануел Бурхан бидэнтэй хамт байна. Амен.

өмнөх нийтлэл2022 оны Ром 11-р номлол (12.04) Б.Баясгалан
Дараагийн нийтлэл2022 оны Христмасын 2-р хичээл (12.18)