Ариун Сүнсээр удирдуулдаг амьдрал
Ром 8:1-17
Гол эшлэл 8:14
“Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа хүн бүр Бурханы хөвгүүд юм”
Ром номын өмнөх бүлгүүдийг товчхон эргэн харвал. Ром 1-3:20 Зөвт хүн алга, ганц ч алга. Бурханы уур хилэн дор амьдарч байгаа хүмүүст аврал хэрэгтэй.
Ром 3:21-31 Хүний ямар ч хичээл зүтгэл, сайн үйлс нь хэзээ ч авралд хүргэхгүй. Авралын зарчим нь Бурханы золилт, зөвтгөл, эвлэрүүллээр дамжуулан Бурхан биднийг гэмгүйд тооцсон. Үхлийн ялтанд Бурхан өршөөлийн шүүхийн шийдвэрийг гаргасан гэсэн үг. Энэ ивээл нигүүлсэл нь бүх хүн төрөлхтөнд өгөгдсөн боловч Есүс Христэд итгэдэг хүнд л хүчин төгөлдөр болно. Зөвхөн итгэлээр зөвтгөгдөх болно гэдгийг заан өгсөн.
4-р бүлэгт хууль өгөгдөөгүй, хуучин гэрээний үед итгэлээр зөвтгөгдсөн хүмүүс байна. Тэдний нэг жишээ болох Абрахам. Тэрээр үйлсээр бус, зөвхөн итгэлээр зөвтгөгдсөн.
5-р бүлэг нь итгэлээр зөвтгөгдсөн хүмүүсийн амьдралдаа эдлэх хайр ивээл болон үр жимсний талаар хэлж байна. 1-рт Бурхантай эвлэрсэн 2-рт нигүүлслийн ертөнц уруу шилжсэн 3-рт Бурханы алдрын найдварт баярладаг болсон 4-рт зовлонгийн дунд ч баярладаг 5-рт Бурханы хайранд бат итгэх болсон.
6-р бүлэгт Бид Есүс Христтэй хамт гэмд үхсэн. Бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэм нүглийг Есүс загалмай дээр үүрсэн. Бид хамт үхээд, Түүний амилалтай хамт шинээр төрсөн. Тиймээс гэм биднийг дахин захирахгүй.
7-р бүлэгт хуульд үхсэн гэж байна. Хуулийн бүх шаардлагыг Есүс загалмай дээр 100% биелүүлсэн. Үүний адилаар бид ч бас хуульд үхсэн юм. 6,7 бүлгийг харвал гэмд үхсэн, хуульд үхсэн байхад яагаад гэм болон хууль намайг зовоогоод байгаа юм болоо гэж шантарч, гутармаар санагдаж, хуульд үхсээр байтал хуульд хүлэгдсэн айдас, түгшүүрийн сэтгэлтэй байж магадгүй талаар өгүүлдэг. Гайхалтай нь одоо бидний үзэх 8-р бүлэг эцсийн эцэст Ариун Сүнсээр удирдуулан амьдарвал бид хангалттай ялалт байгуулан амьдарч чадна.
Бид нар ямар гайхамшигтай ертөнц уруу, Есүс Христээр дамжин орж ирснээ мэдэх болно. Бид өнөөдрийн үгээр дамжуулан итгэгчийн дотор оршдог Ариун Сүнсний талаар сурах болно. Сүнсний үр жимстэй хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
1. Тунхаглал (1-4)
Энд хуулийг сахин биелүүлдэг хүн байна уу? Хуулиас ирдэг, ялаас өөрийгөө чөлөөлж чадах хүн байна уу?
Хууль хүнийг аварч чадахгүйг Паул хэдийнээ тодорхой хэлсэн. Тэрээр Ром 7:24 “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!” Иудей хүний хувьд өөрийн нөхцөл байдлыг тайлбарласан байна. Иудейн хууль нь хүнийг зөвт байдал болон мөнх аминд хүргэх байсан. Тэрээр хуулийг мэдэж, үүгээрээ буруутгагдсанаа, олж хараад цөхрөхөд хүрдэг гэжээ. Тэр өмнө нь нүглийн дарамтаас чөлөөлөгдөхийн тулд үүнийг сахих ёстой байсан. Энэ нь сайн бөгөөд зөв юм гэдгийг тэр мэдэж байсан. Гэсэн ч үүнийг сахиж чадахгүй байв. Нүгэл нь түүнийг хоригдол болгожээ. Тэгвэл хэн түүнийг суллаж чадах вэ? Паул энэхүү зөрчлөөс чөлөөлөгдөх боломж байна гэдгийг хэлж байна.
1, 2-р эшлэлийг үзээрэй “Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ” Энэ үг нь Христ Есүс дотор байгаа хүнд хуулийн ямар ч буруутгал, шийтгэл байхгүй болсон гэсэн эрх чөлөөний тунхаг юм. Энд хэлэхдээ ялаас чөлөөлөгдөх эрх, Христ Есүс дотор байгаа хүмүүст хамааралтай юм.
Христ Есүс дотор байна гэдэг, Түүнд итгэж, Түүнийг Эзэн буюу Аврагчаар хүлээн зөвшөөрч. Өөрийн амьдралыг захирах эрхийг Түүнд өгөх юм. Өөрөөр хэлбэл өөрөө, өөрийнхөө эзэн байхаа больж Есүсээр удирдуулдаг амьдрал юм.
Христэд итгэхээс мөн бид Адам дотор байсан. Учир нь анхны хүн Адам гэм нүгэл үйлдсэн. Түүний үр удам нь хүн төрөлхтөн бид нар юм. Бид хэдийгээр төрөөгүй байсан ч Адамын дотор байсан гэсэн үг. Адамтай хамт гэм үйлдсэн. Тиймээс бидний дотор гэм нүглийн хүч ноёрхож байна. Мөс чанараараа бид сайныг хийхийг хүсэвч, байнга ялагдахаас өөр аргагүй байсан. Магадгүй сайныг үйлдсэн ч гэмт хүсэлд автан бардамнан, бахархах сэтгэл төрөн, сэтгэл ханамжид автана. Тэгээд гэмийн бодолд автана.
Харин Христтэй нэгдсэн амьдралаар амьдрах болсноор хуучин гэмийн боол хүн Христтэй хамт үхсэн юм. Итгэгчид өөрсдийн зөвт байдал дээр бус, Христийн зөвт байдалд үндэслэгдэн зөвтгөгддөг. Түүнд нүгэл үгүй /евр4:15/ Тэр бүх хуулийг төгс биелүүлсэн. Ингэснээрээ Тэр бидний хүртэх ёстой нүглийн шийтгэлийг Өөртөө авсан юм. Тиймээс хууль биднийг дахин шийтгэж чадахгүй. Учир нь тэрхүү шийтгэлийг Христ үүрсэн. Бидний оронд үхлийн шийтгэлийг Тэр авсан юм. Тиймээс Христ дотор байгаа бидний хувьд ямар ч ял үгүй. Харин Христ Есүс дотор байдаггүй хүн гэм буруутайд тооцогдож, мөнхийн шийтгэлийг хүртэх болно.
Христ дотор тухайлбал, нүглийн боолчлолд байсан бидний хуучин хүн нь үхэж, Есүстэй нэгдэн амьдрах болсноор амийн Сүнсний хууль нь хэрэгжин нүгэл ба үхлийн хуулиас бүрэн чөлөөлсөн юм. “Амийн Сүнсний хууль” нь Есүст итгэсэн хүнийг шинэ амьтайгаар дахин төрүүлж, дотор нь нутаглан оршсоноор мөнх амийн замаар удирддаг. “Нүгэл болон үхлийн хууль” гэдэг нь нүглээс болж үхэлд, хүргэдэг байсан үндсэн зарчмыг заана.
Амийн Сүнсний хууль: Ариун Сүнсийг буюу Бурханы Сүнсийг энд хэлж байна. Сүнсний хууль гэдэг нь Ариун Сүнсний “Хүчний” талаар энд хэлж байна. Ариун Сүнсний хүч нь үхлийн хүчтэй харьцуулшгүй илүү юм. Бидний хуучин хүн үхэж, Христтэй нэгдсэн амьдралаар амьдрах болсноор. Амийн Сүнсний хууль амьдралд минь хэрэгжиж, нүглийн ба үхлийн хуулиас бүрэн чөлөөлөгдсөн юм.
Бид үхэл ба нүглийн хуульд үхсэн боловч бидний дотор гэмт чанар байсаар байгаа. Энэ бидний зүрх сэтгэлд гэм нь бохир усыг байнга цутгасаар байгаа гэсэн үг. Гэсэн ч тэрхүү бохирдсон ус, бохирдсон зүрх сэтгэлийг цэвэрлэхийн тулд түүнээс илүү цэвэр усаар дүүргэж байж цэвэрлэх болно. Ариун Сүнсний хур бороо бидний зүрх сэтгэлийг байнга дүүргэсээр байвал бид Ариун Сүнстэй амьдарч чадна.
Христ Есүст итгэгч Түүнийг өөрийн аврагчаар хүлээн авсан тэр мөчөөс эхлэн Ариун Сүнс бидний амьдралд орж ирдэг. Тэрээр Бурханыг дуулгавартай дагах шинэ хүсэл, шинэ хүчийг өгдөг. Биднийг Бурхан Ариун Сүнсний хүчээр нүгэл ба үхлийн хуулиас чөлөөлсөн.
2. Санаа бодол(5-9)
“5Яагаад гэвэл махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. 6Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван” Сүнсээр явах болон Махбодын хүслээр явах гэсэн хоёр сонголт бидний өмнө байна.
Сүнсийг даган амьдрагч гэсэн нь сүнсний өгдөг санаа бодлыг даган амьдрахыг хэлж байна. Махбодыг даган амьдрагч нь дахин төрөөгүй үл итгэгч болно, сүнсээр төрсөн ч хуучин махбодын хүсэлдээ захирагдан амьдарч байгаа хүнийг хэлж болно.
Махбодын санаа бодлоор амьдрагчийн шинж чанар: Тэрээр дахин төрөөгүй хүн юм. Хэзээ ч Бурханы хуульд захирагддаггүй, өөрийн дур зоргоор амьдардаг учраас, Бурханд таалагдаж чадахгүй. Махан биеийн хүсэлдээ захирагдаж амьдарч байна гэдэг нь, сатаны эрхшээл харьяалал дор байна гэсэн үг. Махан биеийн бодол санааны дагуу амьдарч байгаа хүн, хэзээ ч Сүнслэг зүйл боддоггүй. Дандаа Сүнсний эсрэг зүйлсийг бодон. Өөрийн эрх ашиг, алдар нэр, шуналт хүсэл, хувийн амбиц, ер нь аминчхан үзэлтэй, өөртөө таалагдсан зүйлээ хийдэг, боддог хүнийг хэлж байна. Махбодын бодол санаатай хүн Христ дотор байж чадахгүй яагаад гэвэл, Түүнийх биш учраас, махбод болон Сүнсний санаа бодлууд эсрэг тэсрэг учир зөрчилдөөн үүснэ. Гал 5:19-21 “Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, хэрүүл маргаан, хардалт, уур хилэн, хувиа хичээсэн зан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгсэд Бурханы хаанчлалыг өвлөхгүй”
Сүнсний бодол санаагаар амьдрагчийн шинж чанар: Сүнсний зүйлийг боддог. Тийм ч учраас Амь ба амар тайвнаар дүүрэн байдаг. Гал 5:22-23б “Харин Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг нь юм” Сүнсний дагуу амьдарч байгаа хүн сайнмэдээний төлөө зөвт байдлын төлөө, Бурханы хаанчлалын төлөөх сүнслэг зүйлүүдийг бодон сүнсний дагуу амьдардаг учир сүнслэг үр жимсээр дүүрэн байдаг. Тэгвэл сүнсний дагуу амьдарч байгаагаа хэрхэн мэдэх вэ? би юу бодож байна вэ гэдгээ харахад л хангалттай.
Дээрхээс харахад бодол санаа бол маш чухал юм байна. Махбодын бодол санаа урам хугалдаг хүчгүй болгодог бол. Сүнсний бодол санаа урамшуулдаг урам өгдөг. Хүн юуг боддог нь өөрийн эрхийн асуудал боловч юуг боддогоороо өөрийн амьдралыг сүнсэнд захируулах уу? Махбодод захируулах уу? Аль үр жимсийг ургуулан хураах нь бидний бодлоос хамаарч байна. Бодол нь биеллээ олохоороо үйлдэл болдог. Та юу бодож байна тэр нь таныг тодорхойлох болно. Ариун Сүнсний санаа бодлыг дагахад гайхамшигт үр жимс миний дотор бий болдог. Ариун Сүнсний хийдэг ажлын хамгийн чухал чанар нь итгэгч хүний дотор оршсоноор санаа бодол, үзэл бодол, амьдралын чиглэл ба хандлагыг өөрчлөх явдал юм. Тиймээс итгэгч бид юуг бодох нь маш чухал. Хэрэв бодол маань бусдад харагдахгүй, юуг бодох нь миний эрх чөлөө хэмээн махбодынхыг үргэлж бодон тэр бодлын дагуу амьдарвал, итгэгч хэр нь үл итгэгчээс өөрцгүй, Бурханы нэрийг гутаан амьдрах болно. Бурхантай харилцах харилцаа тасрах болно.
Мэдээж янз бүрийн бодол санаа бидний бодолд орж ирэх болно. Тиймээс аль болох хурдхан зайлуулах хэрэгтэй. Тухайн бодлуудыг дотроо байлгасаар байвал. Бидний дотор үүрлээд бидний сэтгэл зүрхийг гэмт хүсэлт автуулсаар байх болно. Тиймээс махбодын бодол санааг зайлуулснаар сүнсний бодол санаагаар дүүрэн амьдарч чадахын төлөө гуйж байна. Бидний амьдралын зарчим нь 1Кор 10:31 дагуу “Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий”
Бидний итгэлийн амьдрал махбодын хүсэлдээ автан амьдарсаар байвал хэзээ ч Бурханд таалагдахгүй. Тиймээс Бурханд таалагдах Сүнслэг зүйлд өөрсдийгөө дасгалжуулъя, Сүнслэг хараа, сүнслэг хүслээр дүүрэн амьдарч чадахын төлөө гуйж байна.
3. Ариун Сүнсээр удирдуулдаг амьдрал (14)
14-р эшлэлийг үзээрэй “Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа хүн бүр Бурханы хөвгүүд юм” сүнсээр удирдуулдаг хүн л Бурханы хүүхэд болох эрхийг авсан юм. Бурханыг Аабаа, Ааваа гэж дуудах эрхтэй болсон.
Бурхан, Христ болон Ариун Сүнсний хоорондын харилцааг ойлгохдоо Бурхан бол усны эх ундарга, Христ бол дэлхий рүү тэр усыг авч ирэх хоолой, суваг юм. Харин Ариун Сүнс бол Бурханаас Христээр дамжин бидэн уруу урсдаг ус юм. Хэрвээ бид Христийн дотор л байгаа бол бид Христийнх. Бидний харьяалал өөр юм. Хүн зүрхнийхээ үүд хаалгыг нээж өгсөн тэр цагт л Ариун Сүнс тэр хүний дотор орших болдог.
Харин зарим итгэгчид өөрийн дотор оршин нутаглаж буй, Ариун Сүнсний тухай ухамсралдаггүй. Тэгээд Ариун Сүнсний удирдлага ба дуу хоолойг огт анзааралгүй хуучин хүний мөн чанараар амьдарч байдаг. Миний дотор Ариун Сүнс библийн үгээр дамжуулан шивнэн ярьж, зэмлэн гэмшүүлж, ятгаж, зөвлөж чиглүүлэн байгааг үл тоомсорловол үнэхээр харамсалтай зүйл.
Бид Ариун Сүнстэй учир Түүгээр удирдуулан амьдрах хэрэгтэй.
Ариун Сүнсийг гомдоох, Түүнийг бөхөөхгүй харин Ариун Сүнсээр дүүрэн байхыг хичээх хэрэгтэй. Тэгвэл бид яавал Ариун сүнсээр дүүрэн байх вэ? Бурханы үгтэй , Залбиралтай, гэмшилтэй, Бурханы хүсэл тэмүүллээр дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнс дүүрэн байх үед янз бүрийн бэлэг авьяас болон Бурханаас өгөгддөг. Үүнээс гадна сэтгэл зүрх өгөгддөг. Бусдыг уучлах, хайрлах, үйлчлэх гэм мэт. Мөн тэвчээр хатуужилтай байх нь Бурханаас өгөгддөг Ариун Сүнсний бэлэг юм.
Ариун Сүнсээр удирдуулан амьдарснаар бид итгэлийн амьдрал дахь сонголтууд дээр ухаалаг байж чадна. АС удирдуулан амьдарвал Бурханы хүслийг ойлгоход амархан байх болно.
Ром8-р бүлгээр дамжин би Христ доторх чөлөөлөлтийг амьдралдаа эдэлсэн билээ. Миний дотор гэмд унаснаас болоод хуулиас ирдэг. Буруутгал намайг зовоож байсан. Тэр буруутгалыг мартахын тул өөрийн хичээл зүтгэлээрээ хичээсэн боловч. Юу ч өөрчлөгдөөгүй. Харин өдрөөс өдөрт би шаналан зовсоор байсан. Эцэстээд ийм гэмтэн би өөрөө өөрийгөө уучилж чадахгүй болоод. Чуулганаас явах шийдвэр хүртэл гаргаж байлаа. Харин Ром 8-р бүлгийг цээжилснээр 8:1-2 эшлэлээр дамжуулан чөлөөлөлтийг эдэлсэн. Гэмшлээр дамжуулан Бурханы Ариун Сүнс миний амьдрал ажиллаж. Би ариун Сүнсний дуу хоолойг даган амьдрах болсон. Энэ их ивээлийг үгээр хэлж илэрхийлэхийн аргагүй гайхалтай ивээлийг эдлээд зогсохгүй. Бүр Бурханы хүүхэд болох, Түүний өвийг залгамжлагч болсон билээ. Хүүхэд нь болсон тул Түүний зовлонг хуваалцагч болон амьдарч чадахын төлөө гуйж байна. Хэзээ ч хандах Аавтай байгаадаа талархаж байна.
Итгэлийн амьдралыг нэг үгээр хэлэхэд Ариун Сүнс доторх амьдрал гэж хэлж болно. Ариун Сүнсгүй итгэлийн амьдрал нь хуульчилсан шашны амьдрал бөгөөд сүнсний үр жимсгүй амьдрал юм.
4. Бурханы хүүхэд болсноор эдлэх ивээл(15-17)
15-г үзээрэй “Та нар дахин айдаст хүргэх, боолчлолын сүнсийг хүлээн аваагүй. Харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ.үүгээр бид Ааваа, Эцэг минь гэж дуудаг”
Христэд итгэхээс өмнө бид сатаны эрхшээл, боолчлолд, бүр Бурханы дайсан байсан. Гэм болон хуулиас ирдэг буруутгал дор шаналан байсан. Ийм муу хувь тавилантай байхад гэм ба сатаны боолчлолоос үрчлэлийн сүнсээр дамжуулан чөлөөлөгдсөн. Бурхан Аавын хүүхэд биш байсан ч. Үрчлэлийн Сүнсээр дамжуулан Бурханыг Ааваа, Эцэг минь гэж дуудах эрхтэй болсон. Сүнс биднийг боол болгодоггүй, харин Бурханы эрх чөлөөт хүүхдүүд болгодог. Христийн золилтоор дамжин бүх өрийг нь төлж, барагдуулснаар Бурханы хүүхэд болгон өргөж авсан гэсэн утгатай.
Хэрэв хүүхдүүд биш боол болгосон бол Эзэнээс үргэлж айн дарамттай харилцахад төвөгтэй байх байсан. Харин хүү, охин болгосноор Бурхантай харилцаа нь хайр ба нигүүлслээр тогтоох болсон. Тийм учраас ямар ч үед, Түүний хайранд итгэж, чөлөөтэй, ойр дотно харилцах болсон. Алдаа гаргасан ч, санаандгүй нүгэлд унасан ч Түүнээс айх бус хайранд итгэх харилцаа нь хувиршгүй болсон. Хэцүү ширүүн энэ дэлхийд шархлан, зовлонтой тулгарсан ч, Бурханыг Ааваа, Эцэг минь гэж дуудан Түүний энгэрт тэврүүлэн тайвшрал ба амар тайвныг амсах болсон нь үнэхээр үгээр хэлшгүй онцгой эрх юм.
Тэгвэл бид Бурханы хүүхэд гэж яаж мэдэх вэ? Өөрөөр хэлбэл биднийг итгүүлдэг Ариун Сүнсний ажилгүйгээр Бурханыг хэзээ ч Ааваа Эцэг, минь гэж дуудаж чадахгүй гэсэн үг юм. Тиймээс Бурханыг Ааваа, Эцэг минь гэж дуудах болсон нь зөвхөн итгэгчдэд л зөвшөөрөгдсөн онцгой эрх юм.
Бурханы өв залгамжлагчийн эрхийг авсан.
17а-г үзээрэй. “Тиймээс хэрэв бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчид нь бас мөн” Бурханы хүүхэд болсноор бид Бурханы хаанчлалын өв залгамжлагчид болсон нь үнэхээр төсөөлшгүй ивээл юм. Тиймээс бид Христтэй хамт хаанчлах өв залгамжлагчид гэдэгт бүрэн итгэх үед, энэ дэлхийд байх хугацаанд юу ч байхгүй ч гэсэн урам зоригтой амьдарч чадна. Мөнхийн улсад өв залгамжлах эрхтэйг мэдвэл урам зоригтойгоор сайнмэдээний төлөө амьдарч чадна. Энэ дэлхийд хүлэгдэхгүй амьдрах болно.
Христтэй хамт зовдог эрхийг авсан
17б-г үзээрэй “Христтэй хамт алдаршуулагдахын тулд, бид Түүнтэй хамт зовдог тул, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд, Христийн хамтран өв залгамжлагчид юм” Бид Бурханы хүүхэд болсноор Христийн алдарт оролцохын төлөө, Түүнтэй хамт зовдог онцгой эрхтэй болсон. Энэ нь Христтэй нэгдсэн итгэгч хүн нь Христ ертөнцөд байхад зовсонтой адил, зовлон амсах нь зайлшгүй гэсэн утгатай(Иохан 15:19, 16:33). Есүс ертөнцөд байхад зовлон их амссан, олон хоньдод үйлчлэхийн төлөө, сул дорой дагалдагч нарыг өсгөхийн төлөө, мөн эсэргүүцэн тэрсэлддэг шашны удирдагчдаас болж зовлон амссан. Эцэст нь хүн төрөлхтний гэм ба шийтгэлийг үүрэн загалмайд цовдлогдсон. Харин зовлонгоор дамжин амиллын алдарт орсон. Зовлон дунд ганцаараа биш Христтэй хамт тул санаа зовох эсвэл айх хэрэггүй юм.
Христийн өв залгамжлагчдын хувьд бид зөвхөн түүний амь болон алдрыг хуваалцаад зогсохгүй, Түүний зовлонг ч мөн хуваалцах юм.
Дүгнэлт: Есүст итгэхээс өмнө Бурханы хууль хэрэгжиж байхад хууль нь бидний гэм нүгэл алдаа зөрчил бүрийг буруутган, ял оноодог байсан. Хуулийн дор байхад нүглийн ухамсар ба шийтгэлээс айж байсан. Харин одоо Христ Есүс дотор тухайлбал Есүс Христтэй нэгдэн амьдрах болсноор ямар ч ял шийтгэл үгүй болсон. Учир нь өмнө бидэнд хүчин төгөлдөр байсан. Нүглийн болон үхлийн хууль хүчингүй болж, Есүсийн доторх амийн Сүнсний хууль нь хэрэгжих болсон юм. Амийн Сүнсээр дамжуулан бид Бурханы хүүхэд болох нандин ивээлийг эдэлсээр байна. Би Түүний хүүхэд болсон тул, боолчлолын сэтгэлээсээ салан, өв залгамжлагчийн сэтгэлтэй амьдарч чадахын төлөө гуйж байна. Амен !