ХУУЛИАС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, ХРИСТТЭЙ ХОЛБОГДСОН АМЬДРАЛ
Ром 7:1-26
Гол эшлэл 7:6
“Харин бид нар хүлүүлж байсан тэрхүү хуулийн хувьд үхэж, түүнээс чөлөөлөгдсөн тул одоо судар бичгийн хуучрал дотор бус, харин Сүнсний шинэчлэл дотор үйлчилдэг юм”
Өнгөрсөн Ром 6-р бүлгээр дамжуулан бидний хуучин гэмтэй хүн Есүстэй хамт үхсэн бөгөөд, Түүний амилалттай хамт амилснаар, бид цоо шинэ хүнээр амьдрах боломжтой болсон гэдгийг сурсан. Энэ л ивээлийг бид Бурханы нигүүлслээр хүлээн авсан. Тиймээс Бурханы онцгой нигүүлслийг хүлээн авсан бид одоо хуучин хүний бодол санаа, үйлс, хандлага, амьдралын хэв маяг, хуучин зуршил зэргийн дагуу амьдарч болохгүй. Яагаад гэвэл бидний мах бод өдөр өдрөөр өсдөг шиг, итгэгч хүн Христийн доторх шинэ амьдралд өдрөөс өдөрт өсөх ёстой. Хэрэв бид Христийн доторх шинэ хүнээр өсөхгүй бол өсөлт нь зогссон хүн шиг байна. Цаг хугацаа хэчнээн өнгөрсөн ч хуучин хүний мөн чанараар амьдарсаар байх болно. 10 жил, 20 жил цуглаанд явсан ч сүнсний баяр хөөргүй, талархах сэтгэлгүй, бусдыг хайрлаж, ойлгодоггүй, сүнсний мэдрэмжгүй, үргэлж гомдоллож, махан биеийн хүслийн дагуу л амьдарна. Харин өнөөдрийн Ром 7-р бүлэгт Элч Паул итгэлийн өсөлт, төлөвшилтөд хүрэх гэвэл хуулиас чөлөөлөгдөж, Христтэй холбогдон амьдрах ёстой гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл Бурхан бидэнд хуулийг өгсөн утга учир ба үүргийг гүн гүнзгий ойлгож, өдөр бүр Христтэй холбогдон амьдарч чадвал бид сүнсээр өсөж, төлөвшин Бурханы сайн багаж, хэрэгсэл болно. Өнөөдрийн үгээр дамжуулан хуулиас чөлөөлөгдсөн, Христтэй холбоотой итгэлийн төлөвшилт уруу хүн бүр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Хуулиас чөлөөлөгдсөн амьдрал (1-6)
1-р эшлэлийг үзээрэй “Ах дүү нараа, (хуулийг мэдэгчдэд би хэлж байна) хүнийг амьд багаа үед л хууль хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?” гэж байна. Паул энэ бүлэгт хууль гэдэг үгийг 23-н удаа хэрэглэсэн байдаг. Энд гарч буй хууль нь хуучин гэрээний Мосегийн хуулийг заадаг. Гэвч Паулын 1-р эшлэлд хэлж буюу санаа нь ерөнхийдөө хуулийн үндсэн суурь, мөн чанар нь ямар байдгийг хэлж байна. Ямар ч хууль хүнийг амьд байх хугацаанд л үйлчилдэг. Харин хүн нас барвал хуулийн эрх мэдэл, захирах хүч нь байхгүй болдог. Хүн хэчнээн хүнд гэм үйлдсэн ч, үхсэн бол яллах боломжгүй болдог. Энэ бол дэлхийн бүх хүн төрөлхтөнд адил хэрэгждэг үнэн юм.
2,3-р эшлэлийг үзээрэй. Паул хууль нь хүнийг амьд байх хугацаанд л үйлчилдэг гэдгийг амьдралын бодит жишээ болох гэрлэсэн эхнэр ба нөхрийн жишээн дээр тайлбарлаж байна. Хуулийн дагуу гэрлэсэн эмэгтэй нөхрийнхөө амьд байх хугацаанд л холбоотой байдаг. Паулын амьдарч байсан тухайн цаг үед, эмэгтэй хүн нөхрөөсөө чөлөөтэй салах эрхгүй байсан бөгөөд нөхөр нь хатуу ширүүн байсан ч нөхөртөө захирагдах ёстой байсан гэнэ. Гэвч нөхөр нь нас барвал, тухайн эмэгтэй гэрлэлтийн хуулиас чөлөөлөгддөг байв. Ийм эмэгтэй өөр эртэй суусан ч завхайрсан хэмээн тооцдоггүй байсан. Энэ жишээгээр Паул бидэнд хуулийн өмнө бид хэрхэн үхсэн бэ? гэдгийг хэлж байна.
4-р эшлэлийг үзээрэй “Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин хуулийн хувьд үхсэн. Ингэхдээ Бурханы төлөө үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та бид холбогдсон юм” гэж байна. Энд Паул Есүс Христийн үхлээр дамжуулан бид хуулийн шаардлагаас бүрэн чөлөөлөгдсөн гэдгийг тайлбарлаж байна. Энд “хуулийн хувьд үхсэн” гэдэг нь Есүс бидний гэм нүглийн төлөө загалмай дээр нас барах үед, бид ч бас түүнтэй хамт үхсэн. Христтэй хамт нэгэнт бидний хуучин хүн үхсэн учраас хуулийн шаарддаг шаардлага, эрх мэдэл, захирах хүч, шийтгэл зэргээс бүрэн чөлөөлөгдсөн гэсэн утгатай(Гал 3:13). Тиймээс Христэд итгэдэг хүн бүр хуулийн шаардлага, эрх ба хүч нь нөлөөлөх боломжгүй болсон.
Тэгвэл Бурхан биднийг хуулиас чөлөөлсний зорилго юу вэ? 4б-г дахин үзээрэй “Ингэхдээ Бурханы төлөө үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан Өөр Нэгэнтэй та бид холбогдсон” гэж байна. Энд “Өөр Нэгэнтэй та бид холбогдсон” гэдэг нь бид хуулиас чөлөөлөгдсөнөөр Есүс Христтэй холбогдох боломжтой болсон гэсэн утгатай. Бид хуулиас чөлөөлөгдсөн зорилго бол Есүс Христтэй холбогдон, Бурханы төлөө сайн үр жимсийг гаргахын тулд байв. Одоо тэгвэл бүгдээрээ хуультай холбоотой амьдрал ба Есүстэй холбоотой амьдралын ялгааг гэр бүлийн харилцаан дээр тулгуурлан бодож үзье. Хуулийг хуучин нөхөр, харин Есүсийг шинэ нөхөр гэж бодоорой.
Хуучин нөхөр болох хууль нь ямар ч алдаа гаргадаггүй бөгөөд надаас үргэлж төгс байдлыг шаарддаг. Би ямар нэгэн алдаа гаргавал шууд өршөөлгүй, буруутгаж шүүмжилдэг. Өчүүхэн алдаа дутагдлыг өнгөрүүлэлгүй зэмлэж, надаас үргэлж төгс байдлыг шаарддаг. Магадгүй ийм нөхөртэй суусан эмэгтэй байвал тэвчихэд маш хэцүү бөгөөд өөрийн эрхгүй зугтмаар санагдах байх. Ийм нөхөртэй суусан гэрлэлт нь хайр байхгүй бөгөөд, зовлонгоор дүүрэн мэт санагдаж байна. Гэвч Есүс загалмайд нас барснаар хуучин нөхөр болох хуулиас биднийг чөлөөлж, шинэ нөхөр болох Христтэй бид холбогдох болсон. Шинэ нөхөр болох Есүс нь хуучин нөхөр болох хуультай адил биш бөгөөд харьцуулшгүй.
Есүс Христ бол хайр ба нигүүлслээр дүүрэн юм. Тэр биднийг байгаагаар нь хайрладаг, сул дорой алдаа дутагдалтай гэдгийг маш сайн мэддэг. Тиймээс өчүүхэн жижгээс том хүртэлх бүх алдаа дутагдлыг ойлгож, үргэлж уучлан тэвчдэг. Есүс бүр цаашлаад биднийг эдгээж, өөрчилж, өсгөж, сайн үр жимс, сайн үр дүн гаргахад маань тусалдаг. Есүстэй холбогдсон энэ л амьдрал бол баяр хөөр, урам зоригтой, итгэл найдвартай, эрх чөлөө, хайр ба нигүүлслээр дүүрэн амьдрал билээ. Та аль нөхөртэй нь хамт амьдармаар байна вэ?
Энэ цагт хүн бүр өөрөө ямар амьдралаар амьдарч байгааг эргэцүүлэн бодоцгооё. Хэрэв бид Есүстэй холбогдохгүй бол хуультай холбоотой амьдардаг. Тиймээс би эргэн тойрныхоо хүмүүсээс хуулийн шаарддаг зүйлсийг шаардан амьдардаг. Яагаад гэвэл хуучин нөхрөөс салаагүй, холбоотой байгаа учраас. Тэгээд өөрөөс болоод бусдаас төгс байдлыг байнга шаардана. Өөрийн болоод бусдын өчүүхэн алдаа, дутагдлыг өршөөж чадахгүй, шууд шүүж, буруутгаж, шийтгэдэг. Бусдыг ойлгож, уучилж, хайрлахаас илүү хууль мэт хатуу ширүүн ханддаг. Ийм хүний хажууд байгаа ямар ч хүн зугтах болно. Гэвч библи бидэнд хуулиас бид бүрэн чөлөөлөгдөж, Есүстэй холбогдсон хэмээн тунхаглаж байна. Тийм учраас бид өөрийгөө болоод бусдыг байгаар нь хайрлаж, өчүүхэн жижгээс том алдаа дутагдлыг хүртэл уучилж, сул дорой байдлыг нь ойлгож, тэвчээртэй хандаж чадна. Бид бусдыг Есүсийн адил өөрийгөө золиосолдог, тэвчдэг, уучилдаг хайраар хайрлаж, нигүүлсэнгүй хандаж чадна. Яагаад гэвэл би Есүстэй холбогдсон учраас. Мөн би бусдыг шүүхээс илүү хайрлаж, тэвчиж, уучилж, итгэл найдварын нүдээр харж чадна. Ийм хүний хажууд хүмүүс баймаар санагдана. Энэ цагт Паул бидэнд “хуулийн хувьд үхсэн, өөр Нэгэнтэй бид холбогдсон” шүү хэмээн гэрчилж байна.
5,6-р эшлэлийг үзээрэй хамтдаа уншъя! “Учир нь биднийг махбодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байлаа. Харин бид нар хүлүүлж байсан тэрхүү хуулийн хувьд үхэж, түүнээс чөлөөлөгдсөн тул одоо судар бичгийн хуучрал дотор бус, харин Сүнсний шинэчлэл дотор үйлчилдэг” гэж байна. Энд хуулийн дор буй бидний хуучин амьдрал ба Христийн дор байх шинэ амьдрал хоёрын ялгаа нь ямар байдаг вэ? гэдгийг хэлж байна. Өмнө нь бид махбодын хүслийн боолоор амьдарч байсан. Харин одоо бидний амьдралын хэв маяг өөр болсон гэдгийг харуулж байна. Бид өмнө нь хуулиас ирдэг буруутгал ба шийтгэл дор айдас, түгшүүр санаа зовуурьтай амьдарч байсан. Харин одоо Есүстэй холбогдсоноор Сүнсний шинэчлэл дор үйлчилдэг амьдралаар амьдрах боломжтой болсон. Энэ нь Ариун Сүнсний өгдөг шинэ амь ба шинэ сэтгэлээр мөн Ариун сүнсээр удирдуулан амьдрах болсон гэсэн утгатай. Ариун Сүнсээр удирдуулан үйлчилдэг амьдрал нь хуулийг сахиж байгаа юм шиг дарамттай, хэвшмэл, ёс төдий бус, харин чин сэтгэлийн хайраар, талархсан, баяр хөөртэй сэтгэлээр Бурханд үйлчилдэг амьдрал юм.
Заримдаа бидний итгэлийн амьдрал маань хууль сахиж байгаа мэт, хийх ёстой, дарамттай сэтгэлээр амьдрах үе байдаг. Бурханы өмнө бус, хүмүүсийн өмнө үйлчилдэг. Энэ мэт хуульчлагдсан амьдрал нь Ариун Сүнсний шинэчлэл дор үйлчилдэг амьдрал биш юм. Тиймээс одоо бид, ямар сэтгэлээр Бурханы үйлчлэлд оролцож байгааг нэг бодох хэрэгтэй. Бид долоо хоног бүр библийн хичээл, хүндэтгэлийн цуглаан, Өглөөний залбирал, бүтэн сайн өдрийн үйлчлэлийг хийдэг. Энэ бүгдэд хандах миний хандлага ямар байна вэ? Магадгүй хууль сахих мэт амьгүй, хэвшмэл хандаж байгаа бол гэмших хэрэгтэй. Бид Есүс Христтэй хамт хуулиас чөлөөлөгдсөн учраас Ариун Сүнсээр удирдуулан, Бурханд талархалтай, баяр хөөртэй, хайраар үйлчилдэг болохыг хүсэн гуйж байна. Тэгснээр Ариун Сүнсний үр жимсийг дүүрэн ургуулдаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.
2. Хуулийн үүрэг (7-25)
7-р эшлэлийг үзээрэй “Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Хэрэв хууль “чи бүү шунахайр” гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан” гэж байна. Паулын өнгөрсөнд хуулийн тухай тайлбарыг харвал хууль нь хүнд хэрэггүй мэт харагдахаар байна. Гэвч Паул одоо хуулийн үүргийн тухай тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл Бурханы хууль нь зөв, сайн гэдгийг тайлбарлаж байна. 7б-г дахин үзээрэй энд “хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Хэрэв хууль “чи бүү шунахайр” гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байсан” Энэ эшлэлээс харвал хуулийн үүрэг нь аль нь гэм нүгэл, аль нь буруу зүйл вэ? гэдгийг зааж, ойлгуулж, ухааруулдаг зүйл гэдгийг мэдэж болно. Жишээ нь аливаа улс орны хууль нь тухайн улс орны иргэн юуг үйлдэж болохгүй бөгөөд хэрэв үйлдвэл хуулийн дагуу хариуцлага, зохих шийтгэлийг хүртэнэ хэмээн тогтоон өгсөн байдаг. Үүнтэй адил Бурханы хууль ч гэсэн гэмээр дүүрэн хүн төрөлхтөнд гэм нүглийн тухай нарийн мэдлэг ба ойлголт өгдөг бөгөөд юу нь Бурханы өмнө гэм бэ?, юу нь гэмийн төлөөх Бурханаас шийтгэл дагуулдаг вэ? гэдгийг бидэнд зааж өгдөг юм. Ихэнх хүн шунахайрлыг гэм гэж боддоггүй. Гэвч Бурханы 10-н хуульд “Бүү шунахайр” хэмээн тушаасан байдаг. “Шунахайрал” гэдэг нь бусдын юмыг авах гэсэн хүний атаархлын сэтгэлтэй холбоотой. Шунахайрал нь нүдэнд харагддаггүй бөгөөд хүний дотор явагддаг. Гэвч энэ гэм хүний амьдралын бүхий л талбарт хүчтэй нөлөөлдөг бөгөөд ичгүүр болоод үхлийг хүртэл дагуулдаг. Та бүхэн “Эхнэрийн урхи” гээд кино мэднэ. Энэ кинонд Эри Үнжэд байгаа зүйлсэд маш их атаархаж байгааг тухай гардаг. Үүний улмаас Эри Үнжэг маш их зовоож, эцэст нь түүнийг нөхрөөр нь дамжуулан үхэлд хүргэдэг. Яг үнэндээ бол Үнжэгээс илүү Эри шуналаасаа болж өөрөө маш их зовж, шаналдаг тухай гардаг. Энэ бол шуналын гэмийн үр дүн юм.
Тиймээс Паул Бурханы өгсөн хууль муу зүйл биш бөгөөд харин ариун сайн бөгөөд, бидэнд гэмийг гэм гэдгийг зааж өгөх үүрэгтэй гэдгийг гэрчилж байна. Энэ л хуулийн үүрэг нь итгэгч биднийг итгэлийн амьдралаар цаашид амьдарч сүнсээр өсөн төлөвшихөд хэрэгтэй. Хууль нь итгэгч хүний ариуслын төлөө даван дийлэх ёстой, нүглийн мөн чанарууд, гэмийн зуршил ба сул дорой асуудлууд нь юу болохыг харуулж, ойлгуулж, ухааруулж өгдөг учраас юм.
Одоо 14-24-р эшлэлийг үзээрэй. Энд элч Паулын дотоод зөрчил ба тэмцлийн тухай гарч байна. Хуулиас чөлөөлөгдөж, Христтэй холбогдон амьдарч буй итгэгч хүнд сүнсний дотоод зөрчил буюу сүнсний тэмцлийн амьдрал зайлгүй хэрэгтэй. Уг нь хүн бүх гэмээ гэмшин Есүст итгэсэн учраас дахиж, гэмийн боолчлолд орохгүй юм шиг боддог. Бусдыг Бурханы хайраар хайрлаж, бардам зан гаргалгүй даруу амьдарч, махбодын зүйлсийг дагалгүй өдөр бүр залбирч, Бурханы үгийн дагуу амьдарснаар цоо шинэ хүнээр амьдарна гэж боддог.
Гэтэл хэсэг хугацааны дараа хуучин хүний нүгэлт чанарууд нь өөрийн эрхгүй гарч ирдэг. Есүст итгэдэг амьдралаар амьдарч байгаа боловч гомдоллож, шүүмжилж, шунахайрч худлаа ярьж ертөнцийн зүйлсийг хайрлан амьдрах үе байдаг. Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы талд шийдвэр гарган амьдрах ёстой гэдгийг мэддэг хэр нь хүсэж буй сайныг биш, мууг үйлдэх үе байдаг. Заримдаа ийм өөрийгөө харахаар, өөрийгөө голж итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй юм байна гэж боддог. Эндээс бид нэг зүйлийг сурч болно. Хэдийгээр бид хуулиас чөлөөлөгдөн, Есүстэй холбогдсон гэдгийг итгэлээр хүлээн зөвшөөр ч, Бурхан үүнийг зарлан, тунхаглаж, тооцсон ч гэсэн бид шууд тэр дариу хуулиас чөлөөлөгдсөний үр дүн, үр жимс, үр ашгийг мэдэрдэггүй. Аливаа улс оронд ардчилсан, эрх чөлөөт улсыг зарлан тунхагласны дараа маш том тэмцэл өрнөдөг шиг, бид хуулиас чөлөөлөгдсөний дараа бид ч бас маш том сүнсний тэмцэлд ба дотоод зөрчилд ордог.
24-25а-р эшлэлийг үзээрэй. Энд Паулын дотод зөрчлөө хэрхэн шийдсэнийг хэлж байна. “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай” гэж байна. Паул өөрийнхөө хүч чадал, хичээл зүтгэл, бодол хүслээр өөрийн дотор буй нүглийн эсрэг юу ч хийж чадахгүй гэдгийг маш сайн ойлгосон. Яг л сордог намагт шигдсэн хүн мэт. Паул гэм ба нүглийн хүчнээс гарах гэж хичээх тусам улам илүү живж байсан. Паулд хэн нэгний тусламж хэрэгтэй байсан. Тиймээс тэр чангаар “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” хэмээн хашхирсан. Энэ бол үхлийн өмнө байгаа хүний тусламж эрэн хашхирч буй дуу юм. Харин тусламж хаанаас ирсэн бэ? 25а-г үзээрэй “Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай!” гэж байна. Паул Есүс Христээр дамжуулан авралыг олж авсан. Хүний доторх нүглийн хүчийг ялж чадах нэгэн бол зөвхөн Есүс Христ байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл өөрийн дотор буй нүглийн хүчийг ялан дийлэх хүч нь зөвхөн Христ Есүсээр дамжин ирдэг гэдгийг ухаарсан. Тиймээс Паул Есүс Христийг түшиглэн амьдрах үед, өөрийн дотор буй нүглийн хүчийг ялан дийлж, утга учиртай үнэ цэнтэй нандин амьдралаар амьдарч чадсан. Тиймээс Паул Есүст талархлыг өргөж байна. Ямар ч хүн өөрийн дотор буй нүглийн хүчийг өөрийн хүсэл шийдвэр, хичээл зүтгэлээр хэзээ ч ялж чадахгүй. Тиймээс хүн бүрд Есүс Христ хэрэгтэй. Тиймээс хэн ч Есүс Христэд итгэн, Түүнд түшиглэн амьдрах үед л ялалт байгуулан амьдарч чадна.
Энэ л Паулын хашхираан нь ганц түүнийх бус харин бүх итгэгч бидний хашхираан юм. Энэ нь итгэгч хүн бүр Бурханы дүр төрхтэй болохын төлөө, ариуслын төлөө, өөрийн нүглийн эсрэг тэмцэлдэн амьдардаг итгэгч хүний дотор болдог тэмцэл ба дотоод зөрчил юм.
Итгэгч хүний дотор энэ л дотоод зөрчил ба тэмцэл байна гэдэг нь сүнсээр амьтай, мэдрэмжтэй амьдарч байгаагийн шинж юм. Энэ нь сүнсээр төлөвшин, ариуслын замаар явж байна гэсэн үг. Өөрөө Бурханы үгээр амьдарч чадахгүй байгааг, залбирлын цаг ч авч чадахгүй байгааг, нэг хонийг ч тэжээж чадахгүй байгааг, үгийг сонссон ч зүрх нь хатуу хэвээр байгааг, чин сэтгэлээсээ залбирч чадахгүй байгааг, давтан гэм үйлдэж байгаа гэх мэт өөрийгөө хараад санаа зовон шаналж, Бурханы үгийг дагуу амьдрахыг хичээн, тэмцэлдэж байгаа хүн нь сүнсээр амьд явж байгаа бөгөөд итгэлийн өсөлт уруу явж байгаа гэсэн үг юм.
Харин ийм сүнсний дотоод зөрчил ба тэмцэл байхгүй буруу гэдгийг мэдсээр байж, гэмээ давтан үйлдэж, мах бодийн хүслийг үгүйсгэхийг, хичээхгүй, оролдохгүй, үйлдэхгүй, өөрийн хүсэл ба төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа бол энэ нь сүнсний мэдрэмжгүй, сүнсээр үхмэл болсны шинж тэмдэг юм. Харин бид элч Паул шиг төлөвшил ба ариуслын төлөө сүнсний дотоод зөрчилдөөнтэй, тэмцэлтэй амьдрах хэрэгтэй.
Түүхийг үзвэл гэгээн Августин, Мартин Люүтер, Жон Уесли зэрэг олон алдартай хүмүүс өөрийн гэмтэй мөн чанараа ухааран, Есүс Христ уруу хашхирсан. Есүс Христ тэдний хашхирааныг сонсож үхлийн биеэс нь чөлөөлж, цоо шинэ хүнээр өөрчилж, утга учиртай, үнэ цэнтэй, нандин, Бурханы төлөөх үр жимсээр дүүрэн амьдралаар амьдрах болсон. Өнөөдөр бид ч бас юуны түрүүнд өөрийн дотор буй нүглийн мөн чанарыг маш сайн ойлгож, хүлээн зөвшөөрснөөр Есүс Христ уруу хашхирах хэрэгтэй. Тэгвэл Бурхан бидний залбирлыГ сонсон үхлийн биеэс намайг ангижруулах болно. Тэгээд цоо шинэ хүнээр утга учиртай, үнэ цэнтэй, нандин амьдралаар амьдруулах болно. Манай цуглааны хоньчид Есүс итгэхээсээ өмнө янз бүхийн гэмийн хүлээс ба боолчлол дунд амьдарч байсан. Гэвч тэд Есүс Христийг өөрийн амьдралын аврагчаар хүлээн зөвшөөрөх үед тэд нүглийн хүчнээс чөлөөлөгдөн, өмнө нь үйлддэг байсан гэмүүдээ үйлдэхгүй Бурханы сонгогдсон онцгой хөвгүүд ба охидоор амьдарч байна. Энэ цагт Есүс Христийг хараахан өөрийн Аврагч Эзэнээр хүлээн аваагүй байгаа оюутан залуучууд байна уу? Та хэзээ ч өөрийн хичээл ба зүтгэлээр залхуурал, үзэн ядалт, атаархал, завхайрал, донтолт, муу зуршил зэргээсээ салж чадахгүй. Харин таны дотор буй эдгээр нүглийн хүчийг ялан дийлэх цор ганц хүч нь зөвхөн Есүст л байдаг. Тиймээс таныг ч бас Есүс уруу Паул шиг хашхирахыг ятгаж байна. Магадгүй Есүс таны дуу хоолойг сонсож, нүглийн биеэс тань чөлөөлөх болно. Бидний Эзэн Есүс Христээр бүх талархал нь Бурханд байх болтугай.
Дүгнэлт: Израильчууд 400-н жилийн Египетийн боолчлолоос Бурханы гайхамшгаар чөлөөлөгдсөн. Бурхан тэдний дотор буй боолын сэтгэлгээнээс ангижруулж хаант тахилч, Ариун үндэстнээр өөрчлөхийн тулд сүнсний тэмцэл хийх цөл рүү дагуулсан. Гэвч тэд боолчлолоос чөлөөлөгдөөд дариу 3 хоногийн дараа Бурханд гомдоллож, египетийн амьдралыг санагалздаг. Израильчууд хэдий гаднаа Египетийн боолчлолоос ангид байсан ч сүнсний тэмцэлгүй байсан учир эцэстээ анх чөлөөлөгдсөн хүмүүс бүгд цөлд үхэцгээсэн.
Хэрэв бид гэм ба хуулийн боолчлолын сэтгэлгээнээс бүрэн чөлөөлөгдөх гэвэл сүнсний дотоод тэмцэл зайлшгүй хийх хэрэгтэй. Ингэхийн тулд өдөр бүр сүнслэг дадал ба зуршлыг өдөр тутам байнга хий хэрэгтэй. Залбирах, библи унших, ӨБХ идэх, сэтгэгдэл бичих, 1:1-н библийн хичээл хийх, хүндэтгэлийн цуглаан өргөх гэх мэт. Эдгээр зүйлс миний амьдралын нэг хэсэг болох хүртэл сүнсний тэмцэл хийх хэрэгтэй. Хэрэв бид эдгээр сүнслэг зүйлсийг амьдралын хэвшил болгож чадвал өөрийн дотор буй гэм ба нүглийн боолчлолын сэтгэлгээнээс бүрэн ангижирч Христ Есүсийн дотор төлөвшсөн итгэлийн хүнээр өсөж чадна. Манай чуулганы хүн нэг бүр өдөр бүр Есүс Христтэй холбогдсоноор, энэ цаг үеийн нэг Паулаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Бидний Эзэн Христээр бүх талархал нь Бурханд байх болтугай. АМЕН