Христтэй нэгдсэн амьдрал
Ром 6:1-23
Гол эшлэл 6:11
“Яг түүнчлэн та нар өөрсдийгөө нүглийн хувьд үхсэн бөгөөд Бурханы хувьд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.”
Юуны өмнө Ром номыг нэг бүрчлэн судлах, суралцах, бас цээжлэх боломжийн бидэнд олгож байгаа Эзэн Бурхандаа талархъя. Ром номоор дамжуулан сайнмэдээний маш чухал ойлголтуудыг бид суралцаж байна. Өнгөрсөн номлолуудаар сурсанчлан Бурханы тэрхүү агуу золилтоор дамжуулан зөвтгөлийг хүлээн авч, Бурхантай эвлэрсэн бид цаашид хэрхэн итгэл дотор амьдрах ёстойг үргэлжлүүлэн суралцах гэж байна. Бидний итгэл, итгэлийн амьдрал нь итгэлээр аврал аваад л болчихдог байсан бол Ром ном энэ хүрээд дуусах байсан байх. Харин загалмайн сайнмэдээний хүч чадал нь зөвтгөл, гэмийн өршөөл, авралыг өгөөд дуусах бус цаашлаад итгэлийн өсөлт, төлөвшилтөөр дамжуулан Христийн дүр төрхтэй хүнээр өөрчлөгдөхөд удирдан чиглүүлж өгдөг.
Зөвтгөл, эвлэрүүллийг хүлээн авсан бид цаашид гэм, нүгэл дотроо амьдарсаар л байх уу? Харин итгэлээр аврагдсан бид цаашид хэрхэн Христтэй нэгдэн амьдрах бэ? гэдийг үргэлжлүүлэн суралцах болно.
Өнөөдөр үзэх 6-р бүлгээр Есүсийн цусанд итгэх итгэлээр бид бүхий л гэмийн өршөөл аваад зогсохгүй, гэмийн боолчлол дор гэмээ дахин дахин үйлдэж амьдрахаас өөр аргагүй байсан хуучин хүнийг маань Есүстэй хамт цовдолсон гэсэн чухал үнэнийг сурах болно. Энд сууж байгаа хүн бүр энэ үнэнд бат итгэснээр итгэлийн хүний шинэ амьдралаар амьдарч, насан туршдаа Эзэн Бурханаа баярлуулдаг, тэнгэрт эд баялаг хураадаг, итгэлийн төлөвшсөн хүнээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Христтэй нэгдсэнээр (1-11)
1-р эшлэлийг үзээрэй “Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлслийг ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу?” Энэ нь Ром 5:20 “Хууль ихэссэнээр алдаа зөрчил ихэссэн. Гэхдээ нүгэл их байвч нигүүлсэл улам бялхсан юм.” Уг эшлэлийг буруугаар ойлгон нигүүлслийг улам ихэсгэхийн төлөө илүү нүгэл үйлдэх хэрэгтэй биш үү гэсэн бодлоор амьдарч болохгүй гэдгийг заан ийнхүү тайлбарлан өгсөн байна. Тэгсэн ч тухайн үед зарим итгэгчид энэ үгийг гуйвуулан буруугаар ашиглаж, нигүүлслийг ихэсгэхийн тулд гэмийг үйлдэх хэрэгтэй хэмээн ярьдаг байж. Мөн тэд Есүс бүх гэмийг уучилдаг учраас гэмийг үйлдэж болно гэж бодож байв. Үгийг гуйвуулан, махбодын хүсэл тачаалдаа автагдсан хүмүүсийн гажуудал юм.
Үнэн хэрэг дээрээ гэмийг дахин дахин үйлдэж амьдарвал нигүүлсэл бялхах нь бүү хэл харин ч эсрэгээрээ сүнсний хүсэл, хараагаа алдаж, зүрх сэтгэл нь харанхуй, айдас, ичгүүрээр дүүрч, Бурханы уур хилэнг өөр дээрээ хурааж, нигүүлслээс улам бүр холдох бус уу? Тиймээс бид хэзээ ч гэмийг үйлдэн амьдарснаар нигүүлслийг ихэсгэж чадахгүй. Тийм учраас элч Паул 2-р эшлэлд “огт үгүй” тийм юм байхгүй шүү гэж тодорхой хэлж байна. Тэгээд Есүсийн загалмай нь нүглийн хувьд үхсэн бид цаашид яахан түүн дотроо амьдрах билээ? Бид нүгэлд үхсэн гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл нүглийн боол байсан хуучин хүн нь үхсэн гэсэн утгатай.
Бид итгэлийг хүлээн авахаас өмнө гэм нүглийг үйлдэхгүйн тулд хэчнээн их хичээсэн ч өөрийн хүч, оюун санаагаар гэмээс ангижирч чадахгүй байсан. Гэмийн хүслүүдийг дагадаг боолчлогдсон хуучин хүн нь үхэхээс нааш гэмийн эрхшээлээс чөлөөлөгдөж чадахгүй байсан. Тиймээс Бурхан бидний гэмд боолчлогдож байсан хуучин хүнийг Христийн загалмайн үхэлтэй хамт бүрэн үхүүлсэн юм. 4б-г үзвэл үхээд бүр “Түүнтэй хамт оршуулагдсан учраас” гэж байна. Итгэгчийн ивээлт амьдрал ийнхүү нүгэлд бүрэн үхсэнээр эхэлдэг. Тиймээс нүгэлд үхсэн бид цаашид түүн дотор хэрхэн амьдарч чадах бэ?
Тэгвэл бид яаж нүгэлд үхсэн бэ? 3-р эшлэлийг үзээрэй “Христ Есүс руу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл руу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?” энд баптисм хүртсэн гэдэг нь хуучин гэмтэй хүн нь усанд живж Христтэй хамт үхээд, уснаас гарахад Христтэй хамт амилуулагдан шинэ хүнээр дахин төрсөн гэдгийг хэлж байгаа юм. Баптисм хүртэхийн гол сүнслэг утга нь сүнсээр дахин төрж Христтэй хамт нэгдмэл болсныг илтгэдэг. Тиймээс Есүс загалмайд цовдлогдон нас барахад гэмийн боол байсан хуучин хүн маань ч хамт үхсэн. Есүс булшинд оршуулагдахад миний хуучин хүн ч хамт оршуулагдсан юм. Ийнхүү бид гэмд үхэн оршуулагдсан учраас дахин гэм дотор амьдарч чадахгүй болсон. Нөгөөд урьд өөрийн хүчээр хэчнээн хичээгээд ч гэмээс салж чадахгүй байсан бид шинэ хүн болсноор өөрийн мэдэлгүй гэмүүдээсээ салсан байдаг. Тийм биш гэж үү? Хэрэв бид хуучин хүний гэмт амьдралаар эргэн амьдарвал тэр нь Христийн загалмайн цус, үхэл ба амилалтыг хоосон болгож байгаа хэрэг болно.
Тиймээс бид цаашид “Эцгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм.”(4б) Есүсийн амилалттай хамт амилуулагдан, Бурхан бидэнд цоо шинэ хүн, шинэ амийг өгсөн гэдгийг заан өгч байна. Бид цаашид шинэ хүний байр сууринаас бодож, ярьж, үйлдэж амьдрах болсон юм.
Бурхан яагаад заавал биднийг ийнхүү шинэ хүн болгох болов? Үүний зорилго болон утга учир нь “Бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсон гэдгийг бид мэддэг. Тиймээс хойшид бид нүгэлд боолчлуулахгүй. Учир нь үхсэн хүн нүглээс чөлөөлөгдсөн байдаг юм.” эндээс бид: Бурхан бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд, мөн хойшид дахин нүгэлд боолчлуулахгүйн тулд байсан гэдгийг заан өгч байна. Гэмийн боол байсан хуучин хүн маань үхсэнээр нүгэл биднийг захирч чадахгүй болсон. Биднийг захирч байсан гэм ба сатаны захиргаанаас бүрэн чөлөөлсөн. Бид гэмээс чөлөөлөгдсөн юм. Амен Жишээлбэл. Үе удмаараа боол байсан хүн, цаашдаа ч боолоор л амьдарна. Харин тэр үхсэнээр боолоос чөлөөлөгдөх болно. Христ үхээд дахин амилснаар үхлийн хүчийг бүрэн ялан дийлсэн, цаашид үхэл түүнийг захирахгүй болсон. (9)
“Христийн дотор байгаа надад ер буруушаал үгүй, Амин сүнсний хуулиас Чөлөөлсөн” Та биднийг Есүсийн цус чөлөөлсөн юм аа амен.
11-р эшлэлийг үзээрэй “яг түүнчлэн та нар өөрсдийгөө нүглийн хувьд үхсэн бөгөөд Бурханы хувьд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц” энд нүгэлт хуучин хүн нь үхсэн, Бурханы хувьд шинэ амьтай, шинэ хүн болсон гэж байна. Тийм учраас бид өөрсдийгөө нүгэлд үхсэн, харин Бурханд шинэ хүн гэж тооцох нь маш чухал юм. Тооцно гэдэг нь байнга тэгж бодно, итгэнэ, тунхаглана гэсэн утгатай. Та хэн бэ? гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Хэн байснаа хэн болсон бэ? Хэний боол байснаа хэний ивээлд шилжсэн бэ? гэдгээ тодорхой мэдэх хэрэгтэй. Тэгээд байнга идэвхтэйгээр тунхаглан амьдрах хэрэгтэй юм. Цаашид нүгэл нь биднийг захирч чадахгүй болсон. Сатан биднийг уруу татаж, тушааж, эрхшээж чадахгүй болсон юм. Амен.
Гэвч харамсалтай нь олон итгэгч хүн үүнийг ойлгоогүй, бат итгээгүйн улмаас зовлон бэрхшээл, амьдралын ширүүн шуурга бий болоход, эсвэл гаж, буруу сургаал, урсгалын хүчтэй уруу татлага ирэх үед амархан эргэлзээ сууж, итгэлээсээ гажуудах аюулд өртөж амьдардаг. Заримдаа хуучин гэмт хүнээ үхсэн эсэхийг ч мэдэлгүй, Цоо шинэ хүн хэр нь хуучин хүн шигээ амьдардаг. Хуучин хүний гэмт чанарууд бидэнд байсаар л байдаг. Залхуурал, уур уцаар, бухимдал, хувиа хичээх, мөнгө болон эдийн шунал, махбодын хүсэл тачаал зэрэг гэмт чанарууд ул мөргүй алга болчхоогүй байсаар байгаа ч эдгээр нь биднийг боолчлох хүчгүй, хүчингүй болсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэмийн уруу татлага ирэх үед итгэлээр би гэмд үхсэн, би шинэ бүтээл болсон хэмээн тунхаглаж, бат зогсох хэрэгтэй. Итгэлийн шинэ хүнээр амьдарч эхлэх үед гэмийн хүслүүд нь таны дотроос аяндаа сарнин алга болох болно. Тэгсэн ч Сатан зүгээр бууж өгөлгүй дотоод зүйлсээр дийлэхээ байгаад, гадны нөлөөгөөр таныг унагах гэж оролдох болно. Биднийг гэмд унагахын тулд хөндлөнгийн найз нөхөд, хамаатан садан, гэр бүл, үр хүүхдүүд эсвэл нөхцөл байдал болон нүдэнд харагдах гоё сайхан зүйлс гэх мэт өөр арга замуудаар дайрч эхэлдэг. Шинэ хүнээр амьдрах гэж хичээх тусам янз бүрийн уруу татлага, сорилт ба асуудал үүсгэн унагаах гэж оролдох болно. Тэгсэн ч бид өөрийгөө гэмд үхсэн, шинэ хүн болсон хэмээн итгэлээр тунхаглаж, итгэлээр бат зогсох хэрэгтэй. Тэгэхэд гэмийн уруу татлага, нүглийн хүслүүд нь хүчгүй болон саринан алга болно.
Галат 2:20 “Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.”
2 Кор 5:17 “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!”
Итгэлээр дамжуулан Бурхантай эвлэрсэн, аврагдсан хүн нь гэмд үхсэн хуучин хүнээ бүрэн хаяж, Христийн амилалтай хамт дахин амилан шинэ хүн болсон гэдэгт бат итгэж амьдрах хэрэгтэйг сурлаа. Хэн нэгэн таныг хэзээ ийм болчихсон юм хамт гаръя л даа гээд уруу татвал хатуу, зоригтойгоор урьдын гэмт би “үхсээн” хэмээн зоригтой тунхаглах хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүн ч таныг дахин уруу татахаа болих болно. Зөвт хүн махбодын хүслийн дагуу биш, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж биш, нийт массыг дагаж, урсгалаараа биш, харин зөвхөн “зөвт хүн нь итгэлээр л амьдардаг” юм.
2. Биеийнхээ эрхтнүүдийг Бурханд өргө. (12-23)
Дээр бид цаашид яагаад нүглийн дотор амьдарч болохгүй шалтгааны тухай сурлаа.
12,13-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. Биеийнхээ эрхтүүдийг нүгэлд өргөх зүй бусын зэвсэг бүү болго. Харин үхлээс амьд болгогдсон хүмүүс мэтээр өөрсдийгөө Бурханд өргөж, биеийнхээ эрхтнүүдийг Бурханд өргөх зөвт байдлын зэвсэг болго.” эндээс дараах зүйлсийг сурч болно.
1-рт: үхлийн биед чинь нүгэл ноёрхохгүйн төлөө тачаангуй хүслүүдийг дуулгавартай дагаж болохгүй (12) Энд үхлийн бие гэдэг нь махан биеийг зааж байна. Нүглийн захиргаан дор байх нэгэнд үхэхээс өөр арга зам гэж үгүй билээ. “Биеийнхээ тачаангуй хүслүүд” гэдэг нь махан биеийн болон зүрх сэтгэл, оюун санааны зүсэн бүрийн хүсэл тачаал, шунахайрал зэргийг зааж байна. Мөн Бурханы хүсэл тааллын эсрэг өөрийнхөөрөө амьдармаар байгаа, амьдарч байгаа бүх хүслүүд болон шийдвэрүүдийг мөн хэлж байна. Бид урьд нь биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай амьдарсан. Махан бие юу хүснэ түүнийг үйлдэж амьдарсан. Харин үүний эцэст нүгэл биднийг ноёрхон үхэлд хүргэсэн. Энэ нь биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд зориулан тушаадаг амьдрал байсан юм. (13a)
2-рт: бид өөрсдийгөө болон биеийн эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргөх хэрэгтэй(13). Энд “өргөх” нь тахилын ширээнд өргөл болгон өргөнө гэсэн утга агуулгатай адил юм. Тиймээс үхлээс амь руу шилжсэн бид өөрсдийгөө Бурханд амьд тахил болгон өргөх хэрэгтэй. Мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг буюу Бурханы хүслийг дуулгавартай дагах зэвсэг болгон зориулах хэрэгтэй хэмээн хэлж байна. Энд зэвсэг гэсэн нь багаж гэсэн утгатай. Багажийг хэн ашиглаж байна вэ? гэдгээс хамаарч үр дүн нь өөр өөр гардаг. Сийлбэрийн хутга барьсан сийлбэрчин маш гоё сийлбэр хийнэ, харин муу хүн бол түүгээр хүний амь ч хөнөөж мэднэ.
Бидний бие эрхтнүүд нь гэвэл гар хөл, нүд, ам цаашлаад санаа бодол, хүсэл зорилго, мэдлэг туршлага, мэргэжил, авьяас чадвар, цаг хугацаа, эд хөрөнгө гээд бүх амьдралын талбаруудыг хэлж болно. Тиймээс бид зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийгөө төвд тавин, амин хувиа хичээж, өөрийн хүсэл таалалд нийцүүлэн амьдрах бус харин Бурханы хүсэл тааллын дагуу, дуулгавартай, золиос зориулалт гарган амьдраарай гэдийг заан өгч байна.
16-19-р эшлэлийг үзвэл Бид өөрсдийгөө юунд зориулж, юуны төлөө амьдарч байна түүнийхээ боол нь болж байдаг болохыг хэлж байна. Мөн уг сургаалаар дамжуулан итгэлээр зөвтгөгдсөн бидэнд Бурхан дуулгавартай, баяр хөөртэйгөөр, сайн дураар үгийг хүлээн авч, дагах ивээлийг өгсөн юм. Хэн нэгэн биднийг хүчлээгүй байхад бид өөрөө сайн дураар үгийг даган амьдардаг. Улмаар нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон юм. (18) Тиймээс энэ гайхалтай ивээлийн төлөө элч Паул Бурханд талархал өргөж байна. Цаашид өөрсдийн эрхтнүүдийг ариусгалд хүргэх зөвт байдлын боол болгож өргө. Энэ нь өөрчлөгдөж, зөвт байдлын өсөлт төлөвшил бий болгон үр жимстэй амьдрах хэрэгтэй гэдгийг тушааж байна. Бид өөрийн амьдралыг зөвт байдлын зэвсэг болгон Бурханы алдрын төлөө Ариун Сүнсээр удирдуулан амьдрахад сүнсний үр жимсийг бий болгон амьдрах болно (Галат 5:22,23) Бид өдөр ирэх бүр Бурханы дүр төрхтэй хүнээр төлөвшин ариун амьдралаар амьдрах хэрэгтэй. Үүний төгсгөл нь мөнх амь билээ.
Зарим итгэгчид нь Есүст итгэвэл аврагдаж шууд, мөнх амьд хүрнэ гэж боддог. Харин мөнх амьд хүрэх гэвэл нүглийн эсрэг тэмцэж, зөвийн зэвсэг болон өөрийгөө өргөн амьдарснаар ариуслын үр жимс гаргах хэрэгтэй талаар боддоггүй. Харин бид мөнх амьд хүртлээ ариуслын үр жимс төрүүлэн өсөж амьдрах хэрэгтэй. Ариуслын үр жимс нь гэнэт нэг өдөр бий болох зүйл биш юм. Өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч дуулгавартай дагаснаар бий болох юм. Өдөр бүр өөрийн хүсэл тааллыг үгүйсгэн, Бурханы үг ба залбирлаар сүнслэг тэмцэл хийж, нэг оюутанд хичээнгүйлсэн үйлчилж, сүнсний удирдагч, хоньчин босгоход бидний дотор алдрын мөхөшгүй ариуслын үр жимсийг хураах болно.
Дүгнэлт: Бид яагаад заавал чуулганд тогтмол хамрагдах ёстойг өнөөдрийн номлол заан өгч байна. Би урьд нь “Есүсийг таньж мэдсэн, итгэсэн юм чинь цуглаанд явах албагүй, итгэсэн юм чинь одоо болоо.” гэж бодож цуглаанаасаа явж байсан.
23-р эшлэлийг хамт уншъя “Нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь юм.” Би өөрийн бодол өөртөө зөв гээд гоё сайхан, дур зоргоор амьдарсан ч эцэст нь үхэлд хүргэх зам байна. Харин тэвчээртэйгээр Бурханд зориулах амьдрал нь ариусал, үр жимс, мөнх амийн шагналыг өгөх бас нэг зам байна.
Бид Хуулийн ертөнцөөс нигүүлслийн ертөнцөд шилжсэн, биднийг захирдаг, эрхшээдэг эзэн нь солигдсон, бид сатаны боол байсан бол харин одоо Бурханы боол болсон юм. Бурханы тушаал нь сатаны тушаалтай харьцуулшгүй билээ. Бурханы тушаалын зорилго нь бидэнд мөнх амьд хүргэх явдал юм. Бурханы ивээл, нигүүлслийн дотор бат зогсож, ерөөгдсөн, ивээгдсэн, гэмшсэн, шинэ хүнээр эцэс хүртлээ амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Бурханд алдар нь байх болтугай Амен.