Зөвтгөгдсөн хүний ерөөл
Ром 5:1-21
Гол эшлэл 5:1
“Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид өөрсдийгөө Эзэн Есүс Христээр дамжин Бурхантай эвлэрсэн”
Ром 1- 4-р бүлэг хүртэл бүх хүн зөвхөн итгэлээр зөвтгөгдөх талаар суралцсан. Бүх хүн гэмтэй учраас бүгд Бурханы уур хилэн хүртэх ёстой байв. Ийм гэмтэй хүмүүсийн төлөө хийсэн Бурханы гайхамшигтай авралын замын тухай тайлбарласан. Харин Ром 5-8-р бүлгүүдэд итгэлээр зөвд тооцуулсан хүмүүс буюу тэдний эдлэх онцгой ивээлийн тухай дурдаж байна. Өнөөдөр үзэх 5-р бүлэг бол итгэлээр зөвтгөгдсөний үр дүнгийн тухай номлол юм.
Өнөөдрийн номлолоор дамжуулан бид Христээр дамжуулан хичнээн ерөөлтэй амьдрах болсон болон мөн хожим хичнээн алдартайгаар Бурханы хаанчлалд орох болсон бэ гэдгийг сурснаар итгэл улам бат бэх болохыг хүсэн гуйж байна.
I. Итгэлээр зөвтгөгдсөний үр дүн (1-11).
5-р бүлэг нь “Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид” хэмээн эхлэн байна. Элч Паул үүнд үндэслэн итгэлээр зөвтгөгдсөн хүмүүсийн эдлэх болсон ерөөл нь юу болохыг нарийн тайлбарлаж байна.
1) Бурхантай эвлэрсэн(1б).
1-р зүйлийг үзээрэй. “Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид өөрсдийн Эзэн Есүс Христээр дамжин Бурхантай эвлэрсэн.” Итгэлээр зөв хэмээн тооцуулсан хүний хамгийн түрүүнд амсах ивээл бол Бурхантай эвлэрсэн явдал юм. Бид Есүсийг Аврагчаар хүлээн зөвшөөрөхөөс өмнө гэмээс болж Бурхантай харилцаа маань тасарсан байв. Ялангуяа хүн Бүтээгч Бурханы эсрэг гэм үйлдсэн учраас Бурханы хараал шийтгэлийг авах ёстой болсон. Үүнээс болж хүн гэмийн буруутгал ба шийтгэлийн айдсаас болж жинхэнэ амар тайвныг амсаж чадахаа больсон.
Үүнийг зүйрлүүлж хэлбэл цаазын ял сонссон гэмт хэрэгтэн цаазын ялыг гүйцэлдүүлэх хүртлээ гоё хувцас өмсөж, өдөр бүр сайхан хоол идсэн ч баяр хөөргүй, амар тайвныг амсаж чадахгүйтэй адил юм. Бурхантай эвлэрээгүй хүмүүс гаднаас нь харахад амар тайвнаар дүүрэн, эрх чөлөөтэй юм шиг боловч тэдний доторх нь зовлон гуниг цөхрөлөөр дүүрэн байдаг. Заримдаа шөнө ч санаа зовиураасаа болоод сайн унтаж чадахгүй харанхуй хоосон сэтгэлээр дүүрэн амьдардаг. Хүний зүрх сэтгэлийн бүх үндсэн асуудал нь Бурхантай эвлэрээгүй байдлаас бий болдог.
Харин одоо Есүс Христэээр дамжуулан бид Бурхантай эвлэрсэн. Есүс загалмайд бидний оронд бүх гэмийн шийтгэлийг үүрснээр Бурхан ба хүмүүний хоорондох ханыг нурааж эвлэрүүлсэн юм. Бурхантай эвлэрснээр гэмийн буруутгал ба шийтгэлээс ирдэг айдас түгшүүрээс чөлөөлөгдөн сэтгэл сүнсэндээ жинхэнэ амар тайвныг амсах болсон. Энэ бол Бурхантай эвлэрсэн хүмүүст өгдөг Бурханы гайхамшигт бэлэг юм. Хүний амьдрал дээр хамгийн хэрэгтэй зүйл нь эд хөрөнгө, эрх мэдэл бус харин сэтгэлийн амар тайван юм. Хүн амар тайван байдлыг амсахын тулд янз бүрээр оролдлого хийдэг. Хэцүү зовлонтой сэтгэлээс ангижрахын тулд тамхи татан, архи ууж мансуурдаг. Мөн ажлын хойноос улайрч, наргиан цэнгээнд ч умбадаг. Янз бүрийн спортод донтож, бясалгал үйлдэж, гоё дуу хөгжим сонсдог. Гэлээ ч хүн хичнээн хичээсэн ч Бурханаас ирдэг жинхэнэ амар тайвныг олж чадахгүй юм. Энэ нь зөвхөн Есүс Христэд итгэх хүнд өгдөг Бурханы бэлэг учраас билээ. Бурханы өгдөг амар тайван нь энэ дэлхийн өгдгөөс өөр юм. Энэ амар тайван нь зүрхэнд гүн нуугдсан эрдэнэс мэт тул хэн ч булааж чадахгүй. Тиймээс Есүс Христээр дамжуулан сэтгэлийн амар амгалан нь бидний дээр дүүрэн байх болтугай.
2) Нигүүслийн ертөнцөд орох болсон (2а)
Итгэгч бид Бурхантай эвлэрсэн шинэ харилцаагаа идэвхтэйгээр тордож асрах хэрэгтэй. 2а-г эшлэлийг харвал “Мөн дор нь зогсдог энэхүү нигүүлсэл рүү бид Түүгээр дамжин итгэлээр орсон”. Энэ үг нь итгэлээр зөв тооцуулсан бид Бурхантай үргэлж эвийн харилцаатай амьдрах болсныг хэлж байна. Түүний нигүүслийн дотор итгэлээр ордог онцгой эрхтэй болсон юм.
Урьд нь бид гэм ба хуулийн боолчлол дор амьдарч байсан. Тиймээс бид сайн ба зөв зүйлийг үйлдэхийг хүсэвч хүсэхгүй зүйлээ л үйлдэн амьдарч байв. Энэ үед хууль биднийг байнга буруутган шийтгэлийн айдас түгшүүрийг төрүүлдэг байлаа. Түүнчлэн сайныг үйлдсэн ч хуулийн шаардлагыг 100 хувь гүйцээж чадахгүй учраас шантардаг байсан. Хуулийн шаардлага нь хүний сул доройг ойлгон уучлах боломжгүй байв.
Харин одоо Есүс Христээр дамжуулан Бурханы нигүүлсэл ба өршөөл дор амьдрах болсон. Учир нь нигүүслийн ертөнцөд Есүс хуулийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул бид алдаа гаргасан ч буруутган шүүж чадахгүй болсон. Бид сул доройгоосоо болж заримдаа алдаа гаргаж, гэмд унадаг. Гэвч Есүсийн цусны гавьяанд түшиглэн итгэлээрээ, байгаагаараа Бурханы оршихуйн өмнө очвол Бурхан биднийг байгаагаар нь хүлээн авч, нигүүлслээ үзүүлэн, итгэлээр амьдрах шинэ урам зориг өгдөг. Бурханы энэ нигүүлсэл дор амьдардаг бидний сэтгэл сүнс үнэхээр цаг үргэлж баяр хөөртэй байж чадна. Алдсан ч оносон ч Түүний өмнө зоригтой очин Түүний өршөөлд талархан магтан дуулж зоригтойгоор амьдрах хэрэгтэй. Бурхан нигүүлслийг амсан амьдрагч нь өөрийн зөвөөр бардамнахгүй, өөрийгөө буруутган дорд үзэх шаардлагагүй. Харин итгэлийн ахан дүүстэй харилцахдаа хуулийн сэтгэлээр бус нигүүслээр ханддаг. Сул талыг нь хамт үүрэлцэн, давуу талыг нь урамшуулдаг. Бурханы нигүүслээр амьдрагчийн дотор жинхэнэ эрх чөлөө баяр хөөр байдаг. Энэхүү Бурханы нигүүслийн ертөнцөд амьдрах нь хичнээн ерөөлтэй гэдгийг итгэгч хүн л мэддэг гайхамшиг юм.
3) Бурханы алдрын найдварт баярладаг(2б).
2б-г үзээрэй. “Бурханы алдрыг хуваалцах найдвартаа бид баярладаг”. Итгэлээр зөвтгөгдсөн хүний эцэст амсах хамгийн том ерөөл нь хожим Бурханы хаанчлалд орж, Түүний алдрыг харах явдал юм. Энэ нь итгэгчдэд өгөгдсөн хамгийн алдартай эцсийн найдвар билээ. Бид хожим алдрын дүр төрөхийг харан үүнийг үүрд мөнхөд эдэлнэ.
Хүмүүс энэ ертөнцөд янз бүрийн найдвар дотор амьдардаг. Ядуу нь баян болох, эрх мэдэлгүй нь эрх мэдэлтэй болох, хүссэн мэргэжлээ эзэмшин өндөр цалинтай ажилд орох, сайн эмч, сайн багш болж хүндэтгэл авч амьдрах, хүүхдүүд нь өндөр боловсрол эзэмшин ажилтанд хүрэн амьдрах гэх мэт. Гэхдээ эдгээр найдвар нь бидний жинхэнэ найдвар болж чадахгүй. Элч Паул Ром 8:24, 25-д “Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна. Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг”. Энэ ертөнцийн биелүүлэхийг хүссэн найдвараа бодит биеллээ болгосон ч жинхэнэ ханамж ба баяр хөөрийг өгч чадахгүй юм. Харин Бурханы алдрын найдвар нь жинхэнэ бөгөөд мөнхөд орших найдвар билээ. Энэ найдвар нь мөхөшгүй бузартахгүй алга болчихгүй бөгөөд бидний төлөө тэнгэрт хадгалагдсан амьд найдвар юм. Итгэгч бидэнд ийнхүү алдрын найдвар байгаа учраас ямар ч байдлын дунд баярлан амьдарч чадна. Энд баярлана гэсэн нь Түүгээр бахархан сайрхаж, чин сэтгэлээсээ баярлахыг хэлж байна. Бид итгэлээр аврагдан Бурханы нигүүсэл дотор амьдрах болсон төдийгүй хожим Бурханы хаанчлалд Түүний алдарын дүр төрхийг харан мөнх амьдрах билээ.
4) Зовлонгийн дунд ч баярладаг(3-5).
3-4-г үзээрэй. “Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо бахархдаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь хатуужлыг, хатуужил нь найдварыг төрүүлдийг бид мэднэ”. Бид Бурханы алдрын найдвараар баярлах төдийгүй, энэ дэлхийн амьдралд тулгардаг янз бүрийн зовлон дунд ч баярлаж чадах болсон. Учир нь зовлон нь хэцүү боловч зовлонгоор дамжин ирэх үр жимсийг мэддэг. Мөн зовлон нь алдарт хүрэх дөт зам гэдгийг мэддэгийнх юм. Бурханы хэрэглэдэг байсан агуу итгэлтэй хүмүүс нь нэг ч үлдэлгүй зовлонгоор дамжуулан төлөвшиж, Бурханы алдарт хүрсэн.
Зовлонгоор дамжин ирдэг алдар! Энэ нь библийн заадаг үнэн юм. Энд хэлж буй зовлон нь итгэлээс болж ирдэг хавчлага, сорилтыг заадаг. Бид өмнө нь зовлон ирэхэд санаа зовон айж, гомдоллож гонгинон зайлсхийхийг л хичээдэг байсан. Тэр үеийн зовлонгууд нь ямар ч утгагүй, зүрхийг шархлуулан, бидний зан чанарыг өөрчилсөн. Гэлээ ч одоо бидний хандлага өөр болсон. Зовлон дунд ч баярладаг болсон. Энэ нь Есүсийн дотор амсдаг зовлонгийн үр ашиг ба зовлонгийн утга учирыг ойлгож байгаа учраас юм.
Тэгвэл зовлонгоор дамжин ирдэг үр ашиг нь юу вэ? Эхлээд тэвчээрийг олно. Тэвчээр гэдэг нь итгэж найдаж байгаа зүйл дээрээ бат зогсохыг хэлж байна. Энэ нь мод салхи шуургаар дамжуулан улам гүнзгий үндэслэж бат бэх болдог шиг зовлонгоор дамжуулан итгэлийн үндэс нь улам гүнзгий суулгагдан ямар ч салхи шуурганд ч итгэл нь ганхахгүй доторх нь хүчтэй болохыг хэлж байна. Тэвчээр нь зовлонгоор дамжин бий болдог. Зовлонгүйгээр жинхэнэ тэвчээрийг сурч чадахгүй юм. Учир нь зовлон байхгүй бол тэвчих шаардлагагүй.
Мөн тэвчээр нь хатуужлыг төрүүлдэг. Хатуужил гэдэг нь янз бүрийн сорилт, зовлонгоор шалгагдаж олдсон төлөвшсөн зан чанарыг хэлж байна. Хүн зовлонгоор дамжин Христийн дүр төрх дотор нь сийлэгдэн итгэлээр төлөвшсөн хүн болдог. Зовлон тохиолдох үед бид өөрийн үнэн дүр төрхийг хардаг. Дотор байсан өөрийн зөв, аминч, хувиа бодсон сэтгэл, гэмийн хүсэл тачаал, дэлхийн шунахайрал болон сул дорой өөрийгөө хардаг. Мөн үүний зэрэгцээ Бурхан хэн бэ гэдгийг ч хардаг. Ийм гэмтэй сул дорой өөрт нь хандсан Бурханы хайр, өршөөл, тэвчээр ба хүсэл найдварыг ухаарч улам гүн цэвэрлэгдэн Бурханыг таньж мэдэх болдог. Зовлон маш хэцүү боловч бидний доторх бүх хольцыг цэвэршүүлэн Христийн дүр төрхтэй төлөв даруу, цэвэр сэтгэлтэй, өршөөнгүй, бусдын зовлон, сул доройг гүнзгий ойлгон хайрладаг хүнээр төлөвшүүлдөг. Мөн ямар ч сорилт зовлон тулгарахад айж сандрахгүй, шантрахгүй, гэмд унахгүй хүнээр өөрчилдөг. Тиймээс зовлонгоор дамжин тэвчээр ба хатуужлын үр жимс нь хамгийн нандин үр жимс гэж хэлж болно.
Зовлон эцэстээ хүсэл найдварыг төрүүлдэг. Зовлонгоор дамжуулан энэ дэлхийд бидний итгэж байсан хуурамч хоосон найдвар нь арилж цэвэр шижир алт шиг, Бурханы хаанчлалын хүсэл найдвартай болдог. Энэ хүсэл найдвар нь хамгийн баталгаатай учраас хэзээ ч бидний урмыг хугалахгүй. Зовлонгоор дамжуулан олсон мөнхийн хүсэл найдвар нь бидний урмыг хэзээ ч хугалахгүй. Тэгвэл бид энэ найдвар заавал биелэгдэнэ гэдэгт яаж бат итгэж чадах вэ?
5-р зүйлийг үзээрэй. “Найдвар биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжуулан Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг”. Бид Есүсийг аврагч Эзэнээр хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс бидний дотор оршдог. Энэ үеээс Ариун сүнс үргэлж Бурханы хайрыг бидний зүрхэнд цутгадаг. Энэ Бурханы хайранд үндэслэн бидэнд өгсөн найдвар нь заавал биелэгдэнэ гэдэгт бат итгэж чадна.
5) Бурханы хайранд бат итгэх болсон(6-8).
Тэгвэл бид Бурханы хайрыг бодит байдлаар хэрхэн бат итгэж чадах вэ? 6-8 эшлэлүүдийш харвал энд гурван төрлийн хүний тухай дурьдсан байдаг. Эндээс зөвт хүн гэдэг нь муу зүйлийг ихээр үйлдэхгүй боловч бас идэвхтэйгээр сайныг үйлдэн бусдын төлөө амьдрахгүй энгийн хүнийг хэлж байна. Ийм зөвт хүнийг хүндэлж болох ч ийм хүний төлөө өөрийн амийг золиослох хүн бараг байхгүй. Харин сайн хүн гэдэг нь идэвхтэйгээр сайныг үйлдэн бусдын төлөө амьдардаг хүнийг хэлж байна. Ийм хүний ач тусыг амссан хэн нэгэн нь түүний төлөө үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэвч ертөнцөд гэмтний төлөө үхэх хүн нэг ч байхгүй.
Бид Христэд итгэхээс өмнө ямар хүмүүс байсан бэ? 6, 8, 10-р эшлэл дээр урьд нь бид ямар байдалд байсан бэ гэдгийг хэлж байна. Бид урьд нь сул дорой хүн байсан. Энэ нь өөрөө өөрийгөө аварч чадахгүй хүчгүй, найдваргүй хүн байсан гэсэн утгатай(6). Мөн бид Бурхангүйгээр гэмт мөн чанараар амьдардаг нүгэлтэнүүд байсан. Үүгээр зогсохгүй Бурханыг эсэргүүцэн дургүйцэж үл тоомсорлодог Түүний дайсан байсан (10). Ийм бид Бурханы уур хилэн ба шийтгэлийг авахаас өөр аргагүй мөхлийн хөвгүүд байсан. Хэн ийм хүний төлөө өөрийгөө золиослож чадах вэ? харин Есүс Христ гэмтэй бидний төлөө загалмайд амь насаа золиослосон. Үүгээр Бурхан бидэнд хандсан өөрийн хайраа батлан харуулсан юм(8). Есүсийн загалмайн үхэл нь бидэн рүү хандсан Бурханы хамгийн агуу хайрын илэрхийлэл билээ.
Хүмүүс ивээл авахдаа л Бурханы хайрыг мэдрэн итгэдэг. Гэвч зовлон тулгарвал Бурханы хайранд эргэлздэг. Бид Бурханы хайрыг өөрийн нөхцөл байдал ба сэтгэлийн хөдлөлд үндэслэн мэдрэхийг хүсэх хэрэггүй. Хэрэв ингэж бодвол Бурханы хайрыг зөвөөр мэдэж чадахгүй. Бид ямар ч байдалд орсон Бурханы хайранд эргэлзэж болохгүй. Ялангуяа бид гэмтэн байхад Есүс бидний гэмийн төлөө загалмайд цусаа урсгасан гэсэн бодит үнэнд үндэслэгдэн, Бурханы хайранд бат итгэх хэрэгтэй. Энэ нь Бурхан биднийг хайрлаж байгаа гэсэн хамгийн баттай гэрчлэл юм. Бид өвчин тусаж, гэр бүл хэцүү асуудал тулгарч, золгүй явдал тохиолдсон ч Бурхан намайг хайралдаг гэсэн бат итгэл дотор бүхнийг тунгаан бодох хэрэгтэй. Тэгэхэд зовлон тохиолдсон ч Бурхан намайг хайрладаг учраас үүнийг зөвшөөрсөн гэдгийг ухаарах хэрэгтэй.
II. Адам ба Христ (12-21)
Бид 9, 10-р эшлэлээс авралын бат итгэлийг олсон. Гэтэл эндээс бид Есүс Христ ганц хүний үхэл ба амилалт нь яаж хүн төрөлхтөнд авралыг өгч чадах вэ? гэсэн асуудалтай тулгардаг. Ялангуяа 2022 жилийн өмнө болсон үйл явдал хэрхэн өнөө үеийн надад ч нөлөөлөн хэрэгждэг вэ гэсэн эргэлзээ төрдөг. Үүний талаар элч Паул анхны хүн байсан Адам ба хоёрдахь Адам болж ирсэн Есүсийг харьцуулж хэлснээр хариултыг өгч байна. Адам ба Христ нь хүн төрөлхтөний төлөөлөгчийн хувьд нэг хүний гэм ба зөвийн үйлс нь хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг тайлбарлаж болно.
12-г үзээрэй. “Нэг хүнээр ертөнцөд нүгэл, нүгэлээр үхэл орж ирсэн бөгөөд бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүнд үхэл иржээ”. Энэ үг нь төлөөлөгчийн зарчмыг тайлбарлаж байна. Бид нэг хүн Адам гэмд унасан байхад яагаад бүх хүн төрөлхтөн нүгэл үйлдсэн гэж хэлэх вэ гэсэн үл ойлголт төрдөг. Харин Адам нь хүн төрөлхтөний төлөөлөгчийн хувьд нүгэл үйлдсэн учраас түүнээс төрж, түүний дотор буй бүх хүн төрөлхтөн бүгд гэмд унасан хэрэг юм. Энэ нь өвөг дээдэс нь боол байвал түүний үр удам автоматаар бүгд боол болдогтой адил зарчим юм.
Адам нүгэл үйлдсэнээс болж үхэл орж ирсэн. Үүнчлэн Адамаас төрсөн хүн төрөлхтөн нүглийн боол учраас бүх хүн үхэх болсон. 13-р эшлэлээс үзвэл хууль өгөгдөхөөс өмнө гэмийг гэм гэж ухаарч чадаагүй болохоос биш гэм нүгэл нь үргэлж үр нөлөөтэй байсан гэдгийг хэлж байна. Хүмүүс гэмийг гэм гэж мэдээгүй үхсэн ч, мэдээд үхсэн ч гэмийн үр дагаврын дагуу үхсэн, мөн үхдэг. Адамаас Мосе хүртэлх хүмүүс ч гэсэн Адамтай адил сайн муугийн үр жимснээс идэх гэм үйлдээгүй ч тэд ч Адам дотор гэм нүгэл үйлдсэн учраас үхэцгээсэн. Үүнчлэн хүн төрөлхтөн нэг хүн Адамаас төрж, түүний дотор байдаг учраас түүний үр нөлөөнөөс гарч чадахгүй болсон. Адам нэг хүний дуулгаваргүй байдал нь өнөө үеийн бидэнд ч нөлөөлж үхэл биднийг ноёрхох болсон юм.
Харин Адам ирэх Христийн сүүдэр юм. Энэ нь Адам бүх хүн төрөлхтөнд нөлөөлсөнтэй адил байдлаар Христ ч хүн төрөлхтөнд нөлөөлсөн гэсэн үг. Арга нь адилхан боловч харин агуулга нь шал өөр юм. 15-19 хүртэл Адам ба Христийн үзүүлсэн үр нөлөөг тус тусад нь харьцуулан өгүүлж байна. Адамын алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол ганц хүн Христээр дамжин Бурханы нигүүлсэл олон хүнд бялхсан. Адам нь хүн төрөлхтөнийг буруутгал шийтгэлд хүргэсэн бол Христ нь зөвтгөлд хүргэсэн. (16) Адам нэг хүний алдаа зөрчлөөс болж үхэл нь ноёрхсон бол Есүс Христ гэгч ганц хүнээр дамжин амь ноёрхох болсон. (17) Тиймээс нэг алдаа зөрчлөөс өөрөөр хэлбэл Адам нэг хүний дуулгаваргүй байдал нь бүх хүнийг ялд унагасан. Үүнчлэн нэг зөвт үйлээс өөрөөр хэлбэл Христ нэг хүний дуулгавартай байдал нь олон хүнийг зөвт болгосон. 2022 жилийн өмнө Есүс гэгч нэг хүн загалмайд цовдлогдон амилсан үйл явдал нь бүх хүнд нөлөөлөхөөс гадна өнөө үеийн бидэнд ч нөлөөлдөг гэсэн үг.
Эндээс Адам ба Христ нь шинэ түүхийг бүтээсэн хүмүүс юм. Ганц хүн Адам нь нүглийн түүх, дуулгаваргүйн түүхийг бүтээсэн. Харин Христ нь амийн түүх, дуулгаварын түүхийг бүтээсэн. Бид Адам мэт муу түүхийг эхлүүлж болох бөгөөд Христтэй адил амийн түүхийг ч бий болгож чадна. Үүнчлэн би гэсэн нэг хүний нөлөө нь гэр бүл, ажил, сургууль, чуулган, цаашлаад хүн төрлөхтний түүхэнд ч хүчтэй. Бид тоолшгүй олон хүний дунд амьдарч байгаа учраас ийм олон хүний дундаас би ямар үнэ цэнэтэй байж чадах вэ хэмээн боддог. Харин би гэсэн нэг хүнгүйгээр гэр бүл ч цуглаан ч нийгэм ч оршин тогтнож чадахгүй юм. Тиймээс би гэдэг нэг хүн хичнээн чухал нөлөөтэй гэдгийг ухамсарлан зөвийн нөлөө, дуулгаврын нөлөө үзүүлдэг хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
20, 21-р зүйл бол хууль хүн төрөлхтөний түүхэнд орж ирсэн зорилгын тухай хэлж байна. Хууль байхгүй үед хүмүүс гэмийг үйлдсэн ч мөс чанар нь ялзарсан учраас гэмийг гэм гэж тооцдоггүй байсан. (13) Гэмийг гэм гэж ухаарахгүй бол бидний гэм нүглийн төлөө амиа золиослосон Христийн ивээлийг ч гэсэн амсаж чадахгүй болно. Тиймээс хууль хэрэгтэй байсан. Хууль гэмийг гэм гэж ухааруулснаар гэмийг улам бүр ихэсдэг(20). Харин ийнхүү хуулиар дамжин өөрийгөө гэмтэн гэдгийг улам гүнзгий ухаарах тусам Есүс Христээр дамжуулан ирдэг нигүүлслийг ч гэсэн улам дүүрэн бялхам болдог. Ингэснээр нигүүсэл нь Христээр дамжин зөвт байдлаар ноёрхон, биднийг мөнх аминд аваачих юм(21).
Дүгнэлт: Дээрхээс бид Есүс Христээр дамжуулан олон сүнслэг ерөөлийг амсах болсон гэдгийг сурлаа. Хамгийн эхний ерөөл бол Бурхантай эвлэрсэн ерөөл юм. Мөн үүгээр зогсохгүй үргэлжлүүлэн нигүүслийн дотор амьдрах болсон. Эцэст нь Бурханы алдарын дүр төрхийн найдварыг харан баярлах болсон. Бид бүхэн өдөр бүр Бурхантай нөхөрлөснөөр эдгээр сүнслэг ерөөлийг идэвхтэй амсдаг амьдралаар амьдрах хэрэгтэй. Мөн Бурханыг танин мэдэхгүй оюутан залууст ийнхүү амар тайвны, нигүүслийн, алдрын сайн мэдээг хичээнгүй дамжуулцгаая!