Абрахамын итгэлийн ул мөр
Ром 4:1-25
Гол эшлэл 4:24
“Харин Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд итгэсэн бидний ч төлөө билээ.”
Бид өнгөрсөн номлолоор зөвхөн Есүс Христэд итгэснээр гэмийн өршөөлийг авч Бурханы өмнө зөвтгөгдөж чадна гэдгийг сурлаа. Харин өнөөдрийн сонсох мессеж бол Иудейчүүдийн хамгийн хүндэтгэж бахархдаг Абрахам болон Давид хааныг үлгэр болгож итгэлийн нууцыг дахин тайлбарлаж байна. Энэ мессежээр дамжуулан Абрахам ба Давид шиг Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн итгэлийн сайн хүнээр өсөж чадахыг хүсэж байна.
1. Итгэлээр зөвтгөгдсөн Абрахам ба Давид (1-16)
1-р эшлэлийг үзээрэй. “Тиймд махбодоороо өвөг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ?” Абрахам бол Иудейчүүдийн хамгийн бахархаж, хүндэлдэг өвөг юм. Гэтэл энэ Абрахам ч өөрийн хичээл зүтгэл ба үйлсээр олсон зүйл нь юу ч байхгүй гэдгийг хэлж байна. Хэрэв Абрахам үйлсээр зөвтгөгдсөн бол хүмүүсийн өмнө сайрхах юмтай байх байсан ч Бурханы өмнө бол үгүй(2). 3-р эшлэлд “Бичвэр юу гэдэг вэ “Абрахам Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцуулсан” гэдэг”. Энэ нь Эхлэл 15:6-д гарч буй үг юм. Абрахам тухайн үед хүний хувьд гүн шантралд унаж байсан. Тэрээр Бурханы өгсөн амлалтад итгээд 10 жилийн турш дуулгавартай дагасан боловч ганц ч хүүхэдтэй болж чадаагүй байсан. Ийм түүний хувьд өөрт нь өгсөн Бурханы амлалт биелэгдэнэ гэсэн ямар ч найдвар харагдахгүй байв. Тэгэхэд Бурхан түүнийг гадагш дагуулан гарч “Чи тэнгэр өөд хар. Хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд чиний үр удам ийм олон болно” (Эхлэл 15:5) гэв. Энэ үг нь хүсэл мөрөөдлөөр дүүрэн үг боловч бодит байдал дээр ганц ч үр хүүхэдгүй байсан Абрахамын хувьд итгэхэд дэндүү алс холын зүйл мэт санагдаж байв. Гэсэн ч Абрахам төгс хүчит Бурханд итгэж найдсан. Тэрээр Бурхан тэнгэрийн од шиг тоолшгүй олон үр удмыг зөвшөөрнө гэдэгт бат итгэсэн. Бурхан ийм Абрахамын итгэлийг маш өндрөөр үнэлсэн. Тэгээд түүний итгэлийг хараад зөвт гэж тооцон түүнийг итгэлийн өвөг болгосон билээ. Үнэндээ Абрахам ямар ч агуу зүйлсийг бүтээгээгүй. Олон хонь ч тэжээгээгүй. Түүний хийж бүтээсэн ажил юу ч байхгүй байсан. Харин ч тэрээр алдаа зөрчлөөр дүүрэн хүн байсан. Түүний үйлс нь төгс биш байсан. Тэрээр айдсаасаа болж хоёр удаа эхнэрээ дүү гэж худал хэлсэн. Мөн Бурханы амлалтад итгэж чадалгүй эхнэрийн шивэгчин Хагараар дамжуулан Ишмаелыг төрүүлсэн. Түүний үйлсийг харвал үнэхээр зөвт хүн болох зохисгүй. Гэтэл түүнийг Бурхан зөвт гэж тооцсон шалтгаан нь зөвхөн итгэл байв. Бурхан зөвхөн итгэлийг нь хараад түүний бүх алдаа зөрчлийг халхалж түүнийг зөвт гэж тооцсон.
Одоо ч гэсэн Бурхан Өөрт нь бүрэн итгэж найдахыг биднээс хүсдэг. Надад нэг их авьяас чадвар байхгүй, бүтээсэн гавьяа байхгүй байсан ч болно. Харин зөвхөн зүрхэндээ бүрэн итгэж найдахад тэр итгэлийг нь харж, таалан зөвт гэж тооцно.
4,5-р эшлэл дээр Паул жирийн ажилчдын амьдралыг жишээлж итгэлийн зарчмын тухай заан өгч байна. Ажилчин ажил хийсний дараа хөлсөө авах нь мэдээжийн зүйл учир ивээл гэж хэлж болохгүй. Түүнчлэн хэрэв хүн үйлсээр зөвтгөгдөнө гэвэл тэр нь үйлсийн хариу болж олдсон учраас ивээл биш болдог. Тэгвэл ивээл гэсэн ойлголт байхгүй болно. Харин ажил хийж бүтээгээгүй алдаа зөрчлийг л үйлдэж байсан хүнд хөлс өгнө гэвэл энэ нь зөвхөн ивээл болдог. Бурхан итгэл сүсэггүй өөрөөр хэлбэл гэмийг үйлдэж амьдарсан хэнийг ч гэмшин итгэлээр ирвэл баяртайгаар хүлээн зөвшөөрч Есүс Христээр дамжуулан зөвт хэмээн тооцдог. Ефес 2:8,9-д ийнхүү хэлж байна. “Нигүүлслийн учир итгэлээр аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно”.
6-8-р эшлэл хүртэл Давидыг жишээ болгон, ажил хийгээгүй боловч Бурханд зөв гэж тооцуулсан хүний аз жаргалын тухай хэлж байна. Давид хуулийн нөлөөнд амьдарсан боловч өршөөлийн хайр ивээлийг авсан хүнийг төлөөлж байна. Давидын агуу байдал нь түүний гадна талын сайхан чадвар ба байр сууриндаа бус, харин Бурханы өршөөлийн ивээлийг хүлээн авч итгэлээр амьдарсанд байдаг.
Давид хүний жинхэнэ аз жаргал хаана байдаг вэ гэдгийг ийнхүү дуулсан. “Ёс бус явдал нь уучлагдаж нүглүүд нь далдлагдсан нэгэн ерөөлтэй. Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй” гэжээ(7-8). Давид агуу хаан, жанжин, яруу найрагч, хөгжимчин байсан. Үүгээр зогсохгүй Израиль ард түмнийг нэгдмэл болгож хүчирхэг Израилийг байгуулсан хамгийн эрх мэдэлтэй хаан болсон. Ийм түүнд ямар ч дутагдах юм байхгүй байв. Түүний гаднах байдлыг харвал энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн мэт харагдана. Гэвч Давид эдгээр зүйлст амьдралын жинхэнэ аз жаргал байдаг гэж хэлээгүй.
Харин ч өршөөлийн хайр ивээлийг авсан хүн хамгийн аз жаргалтай гэж гэрчилж байна. Эндээс “ёс бус” гэдэг нь Бурханы хуулийг зөрчихийг, “нүглүүд” гэдэг нь Бурханы хүсэл тааллыг зөрчихийг хэлж байна. “Уучлагдана” гэдэг үг нь арчиж цэвэрлэнэ гэсэн утгатай. Хог маш их овоороход муухай үнэр ханхалж орчныг бохирдуулдаг. Харин үүнийг арчин цэвэрлэснээр сайхан болдог. Үүнчлэн ёс бус явдал уучлагдана гэдэг нь бидний үйлдсэн гэм овоолсон хог мэт их байсан ч Бурхан цэв цэвэрхэн болгож арчиж өгнө гэсэн утгатай. Ийнхүү их гэм нүгэл үйлдэн алдаа зөрчил гаргасан боловч Бурхан түүний гэмийг цэвэрлэн арчиж далдлах учраас хамгийн ерөөлтэй хүн юм. Энэ дэлхийд олон ерөөл байгаа боловч үүнтэй дүйцэх хамгийн том ивээл байдаггүй.
Давид жанжин Уриагийн эхнэр Батшебатай унтсаны дараа гэмээ нуухын тулд үнэнч зарц Уриаг дайны талбар уруу явуулан дайснуудын гараар алуулж, аймшигтай гэмийн нэмж үйлдсэн. Тэрээр энэ нүглүүдээс болж хар дарж маш их шаналан зовсон. Дуулал 32-р бүлгийг үзвэл тэрээр тэр аймшигтай зовлонг ингэж илчилсэн. “Би дуугүй байхад өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан. Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв. Шим шүүс минь зуны ганд хатсан юм” (дуулал 32:3, 4). Мөн Дуулал 6:6-д “Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, дэвсгэрээ ч нулимсаар нэвт норгодог” гэжээ. Тэрээр үхэлд хүрсэн мэт шаналсан. Хэдийгээр хааны суудалд сууж байсан ч гэмийн асуудал нь шийдэгдэхгүй л бол жинхэнэ аз жаргал гэж байхгүй гэдгийг гүнзгий мэдэрсэн. Бурхан ийм түүнд туслан Натан зөнчийг илгээн гэмшихэд тусалсан. Тэрээр өөрийн гэмээ хүлээн зөвшөөрөн Бурханаас эмээн хүндэтгэсэн сэтгэлээр гүнзгий гэмшсэн. Бурхан ийм түүний гэмшлийг хүлээн авч гэмийг нь өршөөсөн. Бурхан Натан зөнчөөр дамжуулан түүнд гэмийн уучлалыг тунхаглаж өгсөн. Эзэн чиний нүглийг зайлуулсан гэсэн өршөөлийн тунхаг түүнийг гэмийн хүлээснээс чөлөөлж өгсөн. Энэ нь цаазын ял авсан гэмт хэрэгтэнд онцгой өршөөлийг тунхагласантай адил үгээр хэлшгүй ивээл байв. Тэрээр энэ өршөөлийн хайр ивээл нь хэчнээн агуу гэдгийг ийнхүү гэрчилсэн. “Ёс бус явдал нь уучлагдаж нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй. Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй”.
Хүн аз жаргалтай амьдарч чадахгүй байгаа нь мөнгөгүй юм уу, машин, орон сууцгүй, ядуу учраас биш юм. Гэмээс болж аз жаргалгүй болдог. Гэм нүгэл нь хүн чанарыг эвдэлж эргэн тойрны хүмүүстэй харилцаа ч нуран, гэр бүл ба нийгмийг ч сүйтгэдэг. Гэм нүглийн асуудлыг бидний шийдвэр, сайн үйлс, ном унших гэх мэтийн хичээл зүтгэлээр шийдэж чадахгүй юм. Бидний нүглийг үүрч загалмайд цусаа асгаруулсан Есүсийн өршөөлд итгэх үед л шийдэж чадна. Есүс Христээр дамжуулан гэмийн өршөөлийг амсаж байгаа хүн нь хамгийн аз жаргалтай хүн билээ. Сайшаагдах ямар ч ажил хийгээгүй, ариун бус биднийг зөвт гэж тооцдог Бурханы нигүүлсэл үнэхээр агуу юм.
9-12-р эшлэлийг үзвэл, Паул Абрахам зөвт хэмээн тооцогдсон нь Бурханы амлалтад итгэсний улмаас бөгөөд гаднах хозлолоос хамаараагүй гэдгийг дурьдсан.
13-16-р эшлэлд Абрахам ба түүний үр удамд ертөнцийг өвлөгч болох, Бурханы амлалтыг өгсөн нь Абрахамын итгэлийн улмаас бөгөөд хуулиар ирээгүй гэдгийг гэрчилж байна.
Одоо 13-р эшлэлийг үзээрэй. Бурхан Абрахамын итгэлийг зөвтгөсний дараа түүнд болон үр удамд нь амлалтыг өгсөн. Тэр нь Абрахам болон үр удам нь ертөнцийн өвлөгч болно, тухайлбал хожим Абрахамын үрээс Мессиа төрөөд Түүгээр дамжуулан бүх итгэлийн үр удам нь Есүстэй хамт ертөнцийг захирна гэсэн ерөөлийн амлалт юм. Энэ амлалт нь хуулийг сахиснаар бус, итгэлийн зөвт байдлаар өгөгдөх зүйл юм. Энэ амлалтыг Бурхан хуулийг өгөхөөс 430 жилийн өмнө өгсөн тул хуультай хамааралгүй, Абрахамын итгэлийн зөвийн улмаас өгсөн юм.
Хэрэв хуулийг сахигчдад энэ амлалтыг өгсөн бол итгэл нь ямар ч хэрэггүй зүйл болж, Бурханы амлалт ч хүчингүй болох байсан. Учир нь хууль нь гэмийг илрүүлэн буруутгаснаар Бурханы уур хилэнг л авчирдаг. Мөн хуулийг сахиснаар зөвтгөгдөн аврагдах нэг ч хүн байдаггүй учраас юм. Тиймээс ертөнцийн өвлөгч болох амлалт итгэлээр ирж байгаа нь нигүүлслийн дагуу байхын тулд бөгөөд энэ амлалтыг зөвхөн хуулийн үр удамд төдийгүй мөн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай болгохын тулд юм. Абрахамд өгсөн амлалт нь хуульд хамаарсан Иудей итгэгч төдийгүй итгэлээр амьдардаг харь үндэстэнд ч ялгаагүй хэрэгжинэ. Энэ нь Абрахам бүх үндэстний эцэг учраас юм.
2. Абрахамын итгэл (17-25)
Абрахам бол бүх итгэгчдийн өвөг юм. Тэгвэл Түүний итгэл нь ямар итгэл байсан бэ?
17-р эшлэлд “Үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм”(энэ нь “Би чамайг олон үндэстний эцэг болгосон” гэж бичигдсэнчлэн ажээ)”. Бурхан Абрахамыг олон үндэстний эцэг болгосон гэж хэлэхэд Абрахам 99 настай байсан (Эхлэл 17:5). 99 настай, тэр ч бүү хэл ганц ч үр хүүхэдгүй хүнд “Би чамайг олон үндэстний эцэг болгосон” гэвэл итгэх үү?
14 жилийн өмнө 85 настай байхад ч тэнгэрийн оддыг харуулан “Чиний үр хүүхэд түүн шиг болно” гэхэд Абрахамын хувьд итгэхэд хэцүү байсан. Гэтэл одоо 100 настай болсон. Өнгөрсөн 14 жилийн турш ямар ч өөрчлөлт, үр дүн хараагүй. Сара ч гэсэн 90 настай болж умай нь үхмэл болсон. Боломж нь урьдынхаасаа ч илүү багассан. Гэтэл Абрахам яасан бэ? Абрахам шантарч орхиогүй. Тэрээр найдах ямар ч боломжгүй үед ч Эзэн Бурханд итгэсэн. Тэрээр Бурхан бол үхсэнийг ч амилуулдаг амилалтын Эзэн буюу байхгүйг байгаагаар дуудагч Бүтээгч гэдэгт бүрэн итгэсэн.
Тэд ийм итгэлд хүрэх хүртэл сүнсээр хэчнээн их тэмцсэн болоо? Сатан байн байн тэдний зүрхэнд үл итгэл, шантралыг суулгасан нь мэдээж. Гэвч тэр болгонд тэрээр өөрийн санаа бодол, сатаны эсрэг тэмцэлдэн амлалтын үгнээс чанга барьсан. Бурханы амласан үгэнд үндэслээд хичээнгүйлэн залбирсан байх. Энэ мэтчилэн зөвхөн Бурханд итгэж найдахад түүний итгэлийг Бурхан үнэлэн зөв гэж тооцсон. Тэгээд 100 нас хүрээд хүү Исаакыг төрөх гайхамшгийг зөвшөөрсөн.
Одоо 23-24-р эшлэлийг үзээрэй. Абрахам зөвт гэж тооцогдсон гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус, Есүсийг Эзэн буюу Христ гэдэгт итгэж, зөвт гэж тооцогдох хүмүүсийн төлөө юм. Элч Паул Есүсийн загалмай ба амилалд итгэх нь Абрахамын итгэлтэй адил гэдгийг гэрчилж байна. Бидний хувьд ч Есүсийн загалмайн золилт ба амилалд итгэх нь оюун ухаанаар боломжгүй юм. Харин хүний оюун ухаанаар итгэх боломжгүй ч Бурхан Өөрийн амлалын дагуу биелүүлэгч, Төгс бүрэн хүчит Бурхан гэдэгт итгэх үед боломжтой.
Абрахамын итгэл агуу байдаг шиг, өнөөдрийн Эзэн Есүст итгэж байгаа бидний итгэл ч агуу билээ. Абрахамын итгэлийг зөвд тооцсон Бурхан, Есүс Христэд итгэдэг бидний итгэлийг ч зөвт хэмээн тооцдог. Мөн Бид Абрахам шиг найдахын аргагүй үед ч зөвхөн Бурханд найдаж, итгэдэг амьдралаар амьдарснаар итгэлийн ул мөрийг үлдээдэг хүн болохыг хүсэн гуйж байна.