2022 оны Ром 4-р номлол (10.09) Калеб Ганболд хн

ҮНЭНИЙ ДАГУУ ШҮҮДЭГ БУРХАН

Ром 2:1-16
Гол эшлэл 2:5

“Тэгвэл та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.”

Бид өмнөх номлолоор дамжуулан Бурханыг мэдэхгүй, мэдэх боломж байсан ч итгэдэггүй хүмүүсийн байдал эцэстэй ямар үр дагаварт хүргэдэг талаар сурсан. Бурхан янз бүрийн зүйлсээр дамжуулан хүмүүст Өөрийгөө илчилсээр байхад, хүн зориуд Бурханыг үгүйсгэж янз бүрийн хиймэл шүтээн шүтэж, ёс бус гэмийг үйлдэн дураараа амьдарсаар байдаг. Тиймээс ийм хүмүүс дээр Бурханы уур хилэн тэнгэрээс заавал илчлэгддэг гэдгийг сурсан. Магадгүй ийм гэмийг үйлдэн амьдарч буй хүмүүсийг хараад бид “Бурхан ийм хүмүүсийг шийтгэн, сөнөөгөөсэй, ийм хүмүүс Бурханы ивээлийг хэзээ ч хүртэх, ёсгүй” хэмээн бодож магадгүй. Гэвч Элч Паул Ром 2:1-3:8-д бусдыг шүүдэг, өөрийгөө зөвт гэж андуурдаг бардам сэтгэлтэй иудейчүүд өөрсдөө Бурханы уур хилэнгийн дор байгаа гэдгийг зааж байна. Өөрөөр хэлбэл харь үндэстэн ч бай, иудей ч бай, ёс суртахууны өндөр түвшинтэй ч, бай төвшингүй ч бай бүгд Бурханы үнэний дагуух шүүлтийн өмнө ирвэл хэн ч байсан бүдэрч, Бурханы шийтгэлийг хүртэхээс өөр араггүй гэсэн утгатай. Тиймээс Өнөөдрийн үгээр дамжуулан бид Бурханы өмнө өөрсдийн үнэн төрхийг маш тодоор харж, алдаа дутагдалтай, сул дорой, гэмтэй нэгэнд Бурханы хайр ба тэвчээрээр ханддаг хүнээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. БУРХАНЫ ШҮҮЛТЭЭС МУЛТРАХ БОЛОМЖГҮЙ (1-5)
1-р эшлэлийг үзээрэй “Түүнчлэн шүүдэг хүн бүрд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та бас эдгээрийг үйлддэг шүү дээ.” Энд гарч буй “та” гэдэг үг нь бусдыг шүүдэг бүхий л хүмүүсийг хэлж байна. Бусдыг шүүдэг ихэнх хүмүүс өөрсдийгөө зөвт хэмээн харж, Бурханы шүүлтээс мултарсан гэж боддог. Гэвч Элч Паул ийм хүмүүст “шалтаг байхгүй” хэмээн хэлсэн. Учир нь гэвэл бусдыг шүүж, буруутгадаг хүмүүс нь өөрсдөө бас гэмийг үйлддэг учраас Бурханы шүүлтийг өөр дээрээ хураадаг юм.
Ялангуяа иудейчүүд хар багаас Бурханы хуулийг чээжлэн, судалж амьдралдаа хэрэгжүүлээхийг хичээдэг учраас хуулийн мэдлэг маш өндөр, ёс суртахууны хувьд өндөр түвшинтэй байсан. Ийм Иудейчүүд өөрсдийгөө бурхангүй, хууль мэдэхгүй, ёс суртахуунгүй гэмийг дур зоргоор үйлддэг харь үндэстэнийг харахад Бурханы шийтгэлийг авахаас өөр аргагүй гэж боддог байсан. Тиймээс иудейчүүдийн нүдээр бусдыг харахад, ялангуяа харь үндэстэн хүмүүс нь нохой, гахай мэт харагддаг байсан. Ийнхүү иудейчүүд харь үндэстэн хүмүүсийг ялгаврлан гадуурхаж, үл тоон, огт харьцдаггүй байсан. энэ л Иудейчүүдийн хандлага нь хүний өөрсдийн хэмжүүр буюу хүний бодол, санаанд тулгуурласан учраас бусдыг шүүж, буруутгадаг байсан юм.
Өнөө үед хүн бусдыг яагаад шүүдэг вэ? Бусдыг шүүдэг хүмүүсийн хамгийн том асуудал нь би тэднээс арай гайгүй, би тэднээс зөв, би арай илүү, дээр гэх мэт хүний бардам сэтгэлтийн улмаас бусдыг шүүн буруутгадаг. Ийм хүмүүс нь өөрийн алдаа ба гэм буруунд зөөлөн хандаж, харин бусдын алдаа ба сул дорой байдалд маш эмзэг шүүмжлэлтэй ханддаг. Есүс ийм төрлийн хүмүүст ийнхүү хэлсэн. Матай 7:3-д “Чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа юунд өөрийн нүдэн дэх дүнзээ анзаарддаггүй юм бэ?” хэмээн хэлсэн. Ихэнх хүн бусдын нүдэн дэхь үртэс буюу өчүүхэн гэм алдаа бурууг маш том, тодоор хардаг. Харин өөрийн нүдэнд байгаа том дүнз буюу өөрийн гэм ба алдаа дутагдлыг маш жижиг болгон хардаг. Ийм хүмүүсийг Есүс бусдын нүдэнд байгаа үртсийг авах гэж хичээхээс илүү, өөрийн нүдэнд дэх дүнз авахад илүү анхаарал хандуулаарай хэмээн хэлсэн. Тиймээс бид бусдын гэм ба алдаа дутагдлыг хараад шүүхээсээ өмнө, өөрийгөө Бурханы өмнө харан, шалгах хэрэгтэй (Иохан8:7). Тэгвэл бид өөрийн сул дорой, гэмт чанар ба алдаа дутагдалтай нэгэн гэдгээ ухаарч, бусдын сул дорой үйлдэлд уужим, зөөлөн, энэрэнгүй, хайрын сэтгэлээр хандаж чадна. энэ цагт хүн нэг бүр би бусдын өчүүхэн гэм ба алдаа дутагдалд хэрхэн ханддаг вэ? гэдгээ нэг бодож үзэхийг уриалж байна.
2,3-р эшлэлд “Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг харин бид мэднэ. 3 Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л эдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу?” гэв.
“Ийм зүйлсийг үйлддэг” гэдэг нь харь үндэстэн хүмүүсийн үйлддэг бүх гэмийг зааж байна. Бурханы нүдээр харахад харь үндэстнийг шүүгээд байгаа ёс суртахууны өндөр мэдлэгтэй иудейчүүд нь харь үндэстнээс ялгагдахгүй гэмийг үйлдэн амьдарч байсан. Тэднийг гаднаас нь харахад ариун, зөвт, ёс суртахуунтай, сүсэгтэй мэт амьдардаг боловч хүн харахгүй, далд газар янз бүрийн гэм ба бузар муу зүйлсийг үйлдэн амьдарч байсан. Тэд хэдий гадна талаараа хуулийн дагуу ёс заншлуудыг дагадаг ч зүрх сэтгэлдээ янз бүрийн гэмийг үйлдэн, хиймэл шүтээнүүдэд мөргөн амьдардаг байв. Тэд завхайрч болохгүй, шунахайр ч болохгүй, хиймэл шүтээн шүтэж болохгүй гэдгийг мэддэг хэрнээ зүрх сэтгэлдээ бусадтай завхайрч, зүрх сэтгэлдээ энэ дэлхийн зүйлсийг хүсэн шунаж, янз бүрийн мөнгө, эд хөрөнгө зэргийг Бурханаас дээгүүр тавин амьдарч байсан. Бурхан хүний гадна байдлаас илүү дотоод зүрх сэтгэлийг хардаг. Тиймээс Бурханыг харахад иудейчүүд ялгаагүй гэмийн үйлддэн амьдардаг гэмтэй байсан. Ийм хоёр нүүртэй амьдардаг иудейчүүд нь Бурханы үнэний дагуух шүүлтээс хэзээ ч мултарч чадахгүй гэдгийг Паул хэлсэн(3). Өнөөдөр бид бас 7 хоног бүр хүндэтгэлийн цуглаан өргөн, Библийн хичээл хийн, өдөр бүр Библи уншдаг байж болно. Гэвч бид дотоод зүрх сэтгэлдээ Бурханыг чинь сэтгэлээсээ хайрлах хайр байхгүй, Бурханаас эмээн хүндэтгэх сэтгэл байхгүй, харин дотор минь энэ дэлхийн зүйлсийг хайрлаж, цуглаанд ирээд нэг хүн харин гэртээ, ажил дээрээ өөр хүнээр амьдарвал бид бусдаас ялгагдахгүй болно. Ийнхүү амьдардаг хүн нь үнэний дагуух Бурханы зөв шүүлтээс хэзээ ч мултарч чадахгүй юм. Хүн бүр өөрийгөө Бурханы өмнө хэрхэн амьдарч буйг нэг харахыг уриалж байна.
4-р эшлэлийг үзээрэй “Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжилж байна уу?.” Элч Паул одоо өөрсдийгөө “онцгойлон сонгогдсон” хэмээн бодож гэмших сэтгэлгүй амьдарч байгаа иудейчүүдийн гэм хэчнээн ноцтой болохыг анхааруулж байна. Бурханы бол энэрэнгүй хүлцэл ба тэвчээрээр баян билээ. Тиймээс Бурхан сонгосон ард түмэн болох иудейчүүдийг нандигнан хайрладаг учраас тэднийг гэм үйлдэх үед шууд шийтгэлгүй хүлцэн тэвчдэг байв. Гэвч иудейчүүд янз бүрийн гэмийг үйлдсэн ч, Бурхан шийтгэхгүй юм чинь хэмээн андуурч, Бурханы сайхан чанарыг буруу ашигладаг байсан. Бурхан хүний гэм бурууг дариу шийтгэлгүй байгаа нь юу ч мэдэхгүй, юу ч хийж чадахгүй байгаад бус харин хүнд гэмших боломжийг л өгөхийг хүсдэг учраас ийнхүү ханддаг юм. Тэгсэн ч хүн өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх, өөрийгөө зөвт гэсэн бардам сэтгэлд илүү автдаг учраас гэмшиж, өөрсдийгөө даруу болгодоггүй.

5-р эшлэлийг үзээрэй. Бүгдэээрэй хамтдаа уншцгаая! “Тэгвэл та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.” Бурхан тэвчээрээр баян, энэрэнгүй боловч зарим хүмүүс гэмшихээс татгалзсаар байдаг. Иудейчүүдийн хувьд өөрсдийгөө буруу замаар явж байгааг мэдсээр байж зөрүүдлэн, Бурхан уруу эргэхийг хүсээгүй. Хүн гэм үйлдэхэд шударгаар буруу зүйл хийсэнээ хүлэээн зөвшөөрч, гэмшвэл энэ нь үнэхэээр сайн юм. Харин гэм буруугаа мэдсээр байж гэмшдэггүй хүн нь хатуу зүрхтэй, хөшүүн хүзүүтэй учраас билээ. Тэд ийнхүү хатуу зүрх, хөшүүн хүзүү гаргаж байгаа нь хүний дотор байдаг бардам сэтгэлээс үүдэлтэй. Сургаалт үгс 18:25-д “Сүйрлийн өмнө бардам зан явж Уналтын өмнө ихэрхүү зан алхдаг.” Хүн өөрийн бардам сэтгэлээс болж гэмээ хүлээн зөвшөөралгүй, өөр дээрээ Бурханы шүүлийн уур хилэнг хураасаар байдаг. Ийм хүмүүс маш олон байдаг. ийм хүнийг зээлийн карт өдөр бүр ашигладаг хүнтэй зүйрлэж болно. Хэрэв бид зээлийн каартийг өдөр бүр ашиглан юм худалдаж авсаар байвал миний зээл хуримтлагдсаар, нэг л өдөр төлөхөөс өөр аргагүй болдог. Үүн шиг хатуу зүрхтэй, хөшүүн хүзүүтэй, гэмшдэггүй хүн нь Бурханы уур хилэнг өдөр бүр хурааж байгаад, нэг л өдөр Бурханы уур хилэнг хүртэх болно. Ихэнх Христэд итгэгчид Бурханы үгийн дагуу дуулгавартай, даруу амьдрах нь зөв гэдгийг маш сайн мэддэг. Гэвч мэдсээр байж, өөрийн хүсэл ба төлөвлөгөө санаа бодлын дагуу амьдардаг. Зарим нь Бурханы хүслийн дагуу хичээнгүй амьдарч байгаад Бурхангүй амьдарч байгаа хүмүүсийг хараад тэдэн шиг дураараа амьдрахыг хүсдэг. Тэгээд хэсэг хугацаанд тэдэн шиг амьдарч байгаад Бурхан дээр эргэн ирж, үлдсэн амьдралаа зориулна гэж боддог. Бурхан ийм хүнд амийн зарлиг ба өөрийн хүмүүсээр дамжуулан анхааруулга ба сануулгыг өгч ятгасаар байдаг. Гэвч тэд мэдсээр байж өөрийнхөөрөө зөрүүдлэн, хатуу зүрх, хөшүүн хөзүү гаргадаг. Энэ цагт бидний хүн нэг бүр Бурханд ямар зүрх сэтгэлийг үзүүлж байгааг нэг шалгаж үзэхийг уриалж байна. Хажууд сууж байгаа хүндээ уриалцгаая. “Бурханд хатуу зүрх, хөшүүн хүзүү үзүүлэхгүй шүү!”
Тэгвэл Бурхан хүмүүсийг хэрхэн шүүдэг вэ?, Бурханы шүүлийн хэмжүүр нь юу вэ?

2. БУРХАНЫ ШҮҮЛТИЙН ХЭМЖҮҮР (6-16)

1-рт Бурхан хүн бүрийг үйлсийнхээ дагуу шүүнэ (6).
6-р эшлэлийг үзээрэй “Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.” Энд “хүн бүр” гэж байна. Энэ нь Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүх бөгөөд гэр бүл, гэр бүлээр нь, эсвэл улс улсаар нь шүүнэ гэсэн үг биш. Харин би ганцаараа Бурханы өмнө шүүгдэх болно. Тиймээс нөхөр нь эхнэрийн, эхнэр нь нөхөрийн, хүүхдүүд нь эцэг эхийн, хонь нь хоньчингийн зөвт байдалд хэзээ ч найдаж болохгүй. Мөн энд “Үйлсийнх нь дагуу” гэж байна. Энэ бол хүний гадна үйлдлийг хэлдэг. Ер нь хүн дотроо юуг бодож байгаа нь бидний үйлдлээр илэрдэг. Бидний доторх зүрхний хүсэл, бодол санаа, хандлага, амьдралын зорилго маань бидний үйлдэл ба үйлсээр илэрдэг. Тиймээс үйлсээр шүүх нь хамгийн шударга юм. Хэрэв үйлсээр биш эд баялаг, мэдлэг боловсрол, байр суурь зэргийг Бурхан хэмжүүр болговол энэ нь шудрага биш болно. Яагаад гэвэл баян, мэдлэг чадвартай нь аврагдаж, ядуу, сул дорой нэгэн нь аврагдахгүй бол энэ шударга бус юм. Тиймээс чин сэтгэлийн Бурханыг хайрлах хайр, цэвэр мөс чанар, итгэл зэрэг нь заавал сайн ба зөв үйлсийг гаргаж байдаг. Бурханд итгэдэг гэсэн мөртлөө зөв үйлсийг гарган амьдрахгүй бол тэр нь хуурам ч итгэл болно. Тиймээс Иаков 2:17-д “үйлсгүй итгэл үхмэл юм” хэмээн хэлсэн. Хүн бүр өөрийн үйлсийг Бурханы өмнө бодож үзэхийг уриалж байна.

2-рт Бурхан амьдралын зорилгын дагуу шүүнэ (7-11)
7,8-р эшлэлийг үзээрэй “Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайгчдад мөнх амь өгнө. Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мөртлөө зүй бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.” Энд элч Паул хүн юуг эрэн хайж байгаа буюу амьдралын зорилго юунд байгаагаар шүүгдэнэ гэсэн утгатай. Тэвчээртэйгээр сайныг үлдэж, мөхөшгүй байдлыг хайгч гэдэг нь өөрийн сайн сайхны төлөө бус харин Бурханы алдар ба хаанчлалын төлөө амьдардаг хүнийг хэлж байна. Бурханы хувьд хүн амьдралын зорилгийг юунд тавьж бай вэ? гэдэг нь маш чухал байдаг. Бурхан хүний амьдралын зорилгыг маш нарийн, сайн ажиглан, томруулдаг шилээр харж байдаг. Тиймээс хүний амьдралын зорилго ба чиглэл нь хааша чиглэн байгаа нь чухал. Зарим хүмүүс Бурханы төлөө гэсэн мөртлөө өөрийн хувийн хүсэл ба шунал нэр төрийг бодон амьдрах үе байдаг. Гэвч Бурхан тэвчээртэйгээр сайныг үйлдэн Бурхан хаанчлал ба сайн мэдээний төлөө амьдардагч хүмүүст мөнхийн шагналаар заавал шагнах болно.

9,10-р эшлэлд муу муухайг эсвэл сайн сайхныг үйлддэг хүмүүсийн бодит амьдрал ямар байдгийг тайлбарлаж байна. Заримдаа бид Бурханы хаанчлалын төлөө тэвчээртэйгээр сайныг үйлдэн амьдарч байх үед бидний эргэн тойронд байгаа Бурханыг мэддэггүй хүмүүс нь ямар ч санаа зовох зүйлгүй үргэлж аз жаргалтай, юугаар ч дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байгаа мэт хардаг. Тэд энэ дэлхийн хөрөнгө мөнгө, алдар нэртэй, баяр хөөрөөр дүүрэн эрүүл сануул аз жаргалаар дүүрэн байгаа мэт санагддаг. Гэвч энэ бол эндүүрэл юм. Гэвч тэд тэд муу муухай буюу гэмийн буруутгалаас болж сэтгэл зүрхэнд нь цөхрөл, зовлон, айдас, санаа зовиур түгшүүрээр дүүрэн байдаг. Тэдний зүрх сэтгэлд бидний мэдэрдэг, Бурханаас ирдэг жинхэнэ сэтгэл сүнсний амар тайван, баяр хөөр, сэтгэл хангалуун байдал гэж байдаггүй(9). Энэ л зарчим иудей мөн түүнчлэн грек хүмүүст байна гэдэг нь бүх хүмүүст хэрэгжинэ гэсэн утгатай. Тиймээс Бурхан хэнийг ч ялгаварлалгүй зүрхний хүсэл ба зорилгын дагуу шүүдэг бөгөөд, энэ амьдралдаа хүн Бурханы шударга шүүлтийг амсаж амьдардаг билээ.

3-рт Хуулийн дагуу шүүдэг (12-15)

12-15-р эшлэлд “хууль” гэдэг үг 11-н удаа гардаг. Энэ хууль нь ХГ-ны Мосегийн 10-н хуулийг хэлж байна. 12-р эшлэлд “Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн хуулиар шийтгэгдэх болно.” гэв. энд Паул хүн бичигдсэн хуулийг мэдэж байна уу? мэдэхгүй байна уу гэдгээс үл хамааран, хүн гэмийг үйлдсэн л бол бүгд шийтгэгдэх болно гэсэн утгатай. Хүн Бурханы бичигдсэн хуулийг мэдэж байгаад зөрчвөл тухайн хуулиараа шүүгдэнэ. Харин хүн бичигдсэн хуулийг мэдэхгүй байж байгаад гэмийг үйлдвэл бас л шүүгдэх болно.
Тиймээс үүнийг мэдэхгүй зарим хүн “хууль огт өгөгдөөгүй, хуулийг мэдэхгүй харь үндэстэн хүмүүсийг Бурхан хэрхэн шүүх вэ?” хэмээн асууж магадгүй. 14,15-р эшлэлээс харвал Паул тэдгээр хүмүүст Бурханы бичигдсэн хууль өгөгдөөгүй ч хүний дотор Бурханы хуульд заасан зүйлсийг хийдэг зүйл байгаа хэмээн хэлсэн(15). Өөрөөр хэлбэл ямар ч хүн Бурханы хуулийн шаарддаг зүйлсийг зүрх сэтгэлдээ мэдэж байгаа гэсэн утгатай. Үүнийг бид хүний мөс чанар гэж хэлдэг. Ямар ч хүн гэм бурууг үйлдэх үед, хүний мөс чанар нь тухайн хүний хийсэн муу зүйлийг эсэргүүцэж, буруу зүйл үйлдсэн байна гэдгээ ойлгодог. Жишээ нь хүүхэд буруу зүйл үйлдэх үед хэн ч зааж өгөөгүй байхад аав ээжээсээ нуугдаж, царай нь өөр болдог. Энэ бол бидний дотор зүрхний хууль байгаа гэдгийг гэрчилдэг. Тиймээс Бурхан хүнд бичигдсэн хуулийг мэдсэн, мэдээгүйгээс үл хамаарч зүрх сэтгэлийн хуульд үндэслэн хүн бүрийн гэмийг шүүх болно.

4-рт Бурхан Есүс Христээр дамжуулан шүүх болно (16)
16-р эшлэлийг үзээрэй. Хамтдаа уншицгаая “Миний сайнмэдээний дагуу, энэ нь хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр Бурхан шүүх өдөрт болно.” Библийг бид сайн харвал Бурхан бүх дэлхийг эцсийн өдөр шүүнэ хэмээн бичсэн байдаг. Харин Иохан 5:22-д “Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан” хэмээн Есүс хэлсэн. Бурхан дэлхийг шүүх тэр өдөр Есүс тэргүүн шүүгч байх болно. Ихэнх хүн намайг хэн ч харахгүй юм чинь гэж бодон гэм үйлддэг. Гэвч Бурханы шүүлтийн тэр өдөр бүх зүйл илчлэгдэж, хүмүүсийн нууц далд үйлдсэн бүх зүйлсийг хүртэл ил гарган Есүс шүүх болно. 2 Коринт 5:10-д “Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэрээ үйлдсэн эсвэл муу бүхнийхээ төлөө хүн бүр хариугаа авах болно” гэж хэлсэн. Энэ л Бурханы шүүлтээс хэн ч мултарч, зайлж чадахгүй. Гэвч бидэнд нэгэн сайн мэдээ байна. Тэр нь юу вэ? Есүс Иохан 5:24-д “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжсэн” хэмээн хэлсэн. Ямар ч хүн Есүсийг өөрийн аврагч Эзэнээр хүлээн зөвшөөрч, итгэвэл тухайн хүн Бурхан шүүлтээс чөлөөлөгдөн, яллагдахгүй юм. Яагаад гэвэл Есүс гэмтэй бидний төлөө загалмайд цовдлогдон нас барснаар бидний гэмийн төлөөсийг бүрэн төлсөн учраас надад буух бүх шүүлт ба уур хилэнгээс чөлөөлсөн нь юм. Тиймээс Есүс бидний Аврагч, Эзэн, Христ болсон билээ(1 Т 1:10). Энэ цагт Есүсийг өөрийн аврагчаар хараахан хүлээн зөвшөөрч амжаагүй хүн байвал, одоо ч танд боломж байсаар байгаа шүү! Биднийг мөнхийн шийтгэлээс Аврахаар ирсэн Есүс Христийг магтаж байна.

Дүгнэлт: Бурхан хүнийг үнэний дагуу шүүдэг бөгөөд Түүний шүүлт нь зөв бөгөөд цаг нь болоход энэ зайлшгүй биелэх юм. Гэвч энэ нь Бурханы эцсийн хүсэл ба туйлын зорилго биш юм. 1Тимот 2:4-д “Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг” гэсэн. Тиймээс Бурхан одоо ч гэсэн бидэнд хүлцэнгүй, энэрэнгүй, тэвчээртэй хандсаар байна. Энэ л Бурханы өмнө бид эмээн чичрэх даруу сэтгэлээр амьдарцгаая. Мөн энэ нийгмийн хүмүүс яаж амьдарсан ч бид тэвчээртэйгээр сайныг үйлдэн зөвхөн Бурханы алдарын төлөө амьдрах хэрэгтэй. Өдөр бүр өөрийн зүрх сэтгэл ба үйлсийг хянаж, гэмшил ба даруу сэтгэлээр амьдардаг хүмүүс болохыг гуйж байна. Мөн бусдын гэмтэй, сул дорой байдлыг хараад шүүдэг бус харин уучилж, өршөөдөг, тэвчээртэй хайрладаг, тэдний төлөө залбирдаг хүмүүс болцгооё. АМЕН.

өмнөх нийтлэл2022 оны Ром 4-р хичээл (10.09)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.17/