2022 оны 1 Тимот 3-р хичээл (06.05)
СҮНСНИЙ УДИРДАГЧДАД ТАВИГДАХ ХЭМЖҮҮР
1Тимот 3:1-16
Гол эшлэл 3:1
Сайн байцгаана уу? Өмнөх номлолоор бүх хүмүүсийн төлөө хэрхэн залбирах талаар суралцсан бол өнөөдрийн бидний үзэх номлол бол чуулганд үйлчлэх, харгалзагч нарт тавигдах шаардлага болон ёс суртахуун ба сүнслэг чанарын талаар суралцах болно. Сүнсний удирдагч нь цэргийн арми эсвэл ажлын газрын зэрэг цол бус, харин Бурханы сайнмэдээний ажлын төлөө үйлчилдэг хүмүүс билээ. Манай ЮБФ чуулганы бүх хоньчид нь сүнсний удирдагчийн хувьд өнөөдрийн үгэнд гардаг харгалзагч, үйлчлэгч гэж хэлж болно. Тэгвэл Бурхан болон чуулган, оюутан хоньдод үйлчилдэг бид ямар сүнслэг чанартай байвал зохистой вэ?
- Харгалзагч, үйлчлэгчид тавигдах шаардлага (1-13)
Элч Паул өнөөдрийн үгэнд харгалзагчид тавигдах арван таван шаардлагыг, үйлчлэгчид тавигдах арван нэгэн шаардлагыг дурдаж байна. Ер нь харгалзагч, үйлчлэгч нарт тавигдах шаардлага нь бараг адилхан. Сүнсний удирдагчид байх ёстой сүнслэг чанаруудаас чухал хэдэн чанарын тухай тунгаан бодож суралцъя.
1-рт, сүнсний удирдагч нь Бурханы хонин сүргийг хариулан үйлчилнэ гэсэн сүнсний хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.
1-р зүйлийг үзээрэй. “Энэ бол итгэмжит үг хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл тэр сайн ажил хүсэж байна” Энд Паул хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл тэр нь сайн ажил хүсэж байна гэж байна. Учир нь тухайн үед чуулганы харгалзагч болох нь нэг талаар “золиослолын өргөл” болно гэсэн ойлголттой байв. Яагаад гэвэл тухайн үед иудейчүүд болон харь үндэстнүүд хүч нийлэн итгэгчдийг хавчин чуулганыг нураахын төлөө улайрч байсан. Мөн хуурамч багш нар сайнмэдээний үнэнийг гуйвуулахын төлөө янз бүрийн заль мэхийг хэрэглэдэг байв. Ийм хэцүү нөхцөлд чуулганыг хамгаалахын төлөө харгалзагч өөрийгөө золиослохыг зайлшгүй шаарддаг байв. Тиймээс Паул чуулганы харгалзагч болохыг эрмэлзэх нь сайн ажил хүсэж буй хэрэг гэж үнэлж байна.
Өнөө үед ч чуулганыг хариуцан Бурханы хонин сүргийг хариулан хамгаалах нь сайн ажил юм. Энэ ажил нь бусдын дээгүүр захирангуй хандаж эрх мэдлийг ашиглах бус, харин ямар ч нэр алдаргүйгээр үйлчилдэг зарцын чанартай ажил юм. Үүний төлөө харгалзагч өөрийгөө зориулан золиослох хэрэгтэй. Цаг зав, эд мөнгө, хувийн хүсэл мөрөөдөл, залуу нас болон гэр бүлийг нь хүртэл золиослоход бэлэн байх ёстой. Тиймээс сүнсний удирдагч болохыг хүсвэл энэхүү амьдралыг эрмэлзэх хэрэгтэй. Тухайлбал хонин сүргийг хариулан хамгаалж өсгөхийн төлөө юуг ч зориулан золиослоход бэлэн сүнсний хүсэл эрмэлзэлтэй болох хэрэгтэй. Учир нь хамгийн үнэ цэнтэй нандин ажил байх тусам илүү золиослол зориулалт шаардагдана.
Есүс сайн хоньчны хувьд Бурханы хонин сүргийн төлөө амиа алдахад бэлэн байв. Тэгээд хонины төлөө загалмайд цусыг асгаруулан нандин амийг өргөсөн. Өнөө үед зарим сүнсний удирдагч хоньдыг амьтай болгон өсгөх хамгийн үнэн цэнтэй утга учиртай ажлыг хойш тавин нэр алдар, хувийн амбиц, эрх мэдлийн араас зүтгэн явдаг. Бид сүнсний удирдагч буюу харгалзагч болохын хувьд Бурханы хонин сүргийн төлөө бүхнээ зориулна гэсэн эрмэлзлээр дүүрэн болохыг хүсэн ерөөж байна.
2-рт, өө сэвгүй, зөвийн нөлөөтэй хүн байх хэрэгтэй.
Өө сэвгүй гэсэн чанар нь 15-н чанарын дотор хамгийн суурь чанар юм. Сүнсний удирдагч нь чуулган дотор төдийгүй гэр бүл, чуулганы гадна ч гэм зэмгүй байснаар зөвийн нөлөөтэй хүн байх хэрэгтэй билээ. Чуулганд сайн байдаг ч гэрт, сургууль дээр, эсхүл ажил дээр буруу үйлсээс болж зэмлэл сонсвол болохгүй юм. Өө сэвгүй гэсэн нь төгс байх ёстой гэсэн үг биш юм. Энэ нь үйлс дээр бусдын буруутгал шүүмжлэл сонсохооргүй зөвийн нөлөөтэй байна гэсэн үг юм. Зөвөөр нөлөөлөх хүн болохын төлөө эрүүл санаа бодолтой, эгэл даруу амьдралтай, амин ч бус бусдын төлөө золиос гарган үйлчилдэг чанар билээ. Мөн залхуу хойрго бус аливаа ажилд итгэмжит, шударга байх чанарыг хэлдэг. Нэг хоёр удаа юм уу, нэг сар, нэг жил бус, харин үргэлжлүүлэн энэхүү амьдрахад хаана ч бусдад зөвийн нөлөөтэй хүн болж чадах юм.
Удирдагч ингэж гэм зэмгүй амьдрахад үл итгэгчид хүртэл сэтгэлээсээ тухайн хүнийг хүндлэн чуулганд ирж итгэгч болдог. Хэдийгээр удирдагч хүнд авьяас чадвар дутуу байсан ч зөв сайхан нөлөө өгөхөд авралын ажил нь урагшилна. Гэвч эргэн тойрныхонд зөв сайхан нөлөөлж чадахгүй үед чуулганд зөрчилдөөн, хуваагдал үүсэх болно. Бид эргэн тойрныхон буюу гэр бүл, хамаатан, сургууль, ажил дээр өө сэвгүй зөвийн нөлөөтэй хүн болсноор бусдыг аврах ажилд татдаг ерөөлийн үндэс болж хэрэглэгдэхийг гуйж байна.
3-рт, нэг эхнэрийн нөхөр байх ба өөрийн гэрийг сайн захирдаг байх хэрэгтэй.
Энэ нь мэдээжийн зүйл юм шиг боловч олон эхнэртэй, салалт, эхнэрээс гадуур нууц амрагтай байж болохгүй гэдгийг зааж байна. Хүн Бурханы анх тогтоосон зарчмын дагуу нэг нөхөр нь нэг л эхнэрийг хайрлан итгэмжит байхад гэр бүл нь эвсэг найрсаг болж чуулганы үлгэр дуурайл болж чадна.
4-р эшлэлийг үзвэл “өөрийн гэрийг сайн захирснаар хүүхдүүд нь бүхий л хүндлэл ба дуулгавартай байдлаар захирагдах хэрэгтэй” гэж байна. Учир нь өөрийн гэрийг сайн захирах нь чуулганыг захирах загвар болдог. Гэр бүл нь Бурханы чуулганы суурь учраас маш чухал байдаг. Гэвч гэр бүлийг сайн захирах нь тийм ч амаргүй. Аав ээж гэсэн эрх мэдлээр дарангуйлан хүүхдүүдээ захирах гэвэл болохгүй. Хүүхдүүдэд сайн үлгэр жишээ болохын төлөө хичээж хүүхдүүдэд анхаарал тавин ойлголцож тэвчээртэйгээр хайрлах хэрэгтэй юм. Хэрэв аав нь гэрт ирэнгүүт ядарч байна хэмээн өөрийнхөөрөө аашлан үйлдвэл хүүхдүүд нь үүнийг хараад эцгийг үл тоон үгэнд нь хайнга дуулгаваргүй хандах болно.
4-рт, биеэ барьдаг тухайлбал өөрийгөө захирдаг байх хэрэгтэй.
Биеэ барьдаг нь явцуу утгаар архи дарсанд дурлахгүй байх гэсэн утгатай байсан, харин өргөн утгаар амьдралын бүх тал дээр бүхий л хүсэл тачаалыг захирч сүнсээр сэрэмжтэй амьдрахыг хэлж байна. Бид сүнсний удирдагч буюу харгалзагч хоньчноор амьдрахын туулд бүх талаар өөрийгөө захирах хэрэгтэй. Уур хилэнг захирах, сэтгэл хөдлөлөөр үйлдэхийг захирах, PC тоглоом, утсаар оролдох хүсэл тачаал, нойрны болон хоолны дур хүслийг ч захирах хэрэгтэй. Юуны өмнө амнаас гардаг үгээ захирах хэрэгтэй. Амнаас хамаагүй үгийг хаяснаар бусдыг шархлуулахаас болгоомжлох хэрэгтэй. Мөн санаа бодлыг ч захиран итгэлийн хэмжээн дотор ухаалаг бодох хэрэгтэй.
Ялангуяа сэхээтэн, оюутнуудыг дагалдагч болгон босгох үүрэгтэй бидний хувьд биеэ барин гэдэг нь хариуцан авсан ажил үүргийг тууштай биелүүлж амьдрахын хэлж байна. Сэтгэл хөөрвөл оюутан хоньтой библийн хичээлийг хийж, сэтгэл хэцүү боломж муутай үед хоньдыг асрахгүй зөнд орхидог зан гаргаж болохгүй. Дуртай үед ч, дургүй хүрсэн үед ч, цагаа олсон ч олоогүй ч үл хамааран өөрийгөө захиран Бурханы хоньчны үүрэгт итгэмжтэй байх хэрэгтэй.
Ийнхүү өөрийгөө захирдаг чанар нь амархан бус, нэг хоёр жилийн дотор төлөвшдөг чанар биш юм. Бие барьдаг чанар нь Ариун сүнсний өгдөг үр жимс билээ. Мөн 2Тимот 1:7-с үзвэл Бурхан бидэнд биеэ захирах сүнсийг өгсөн гэжээ. Тиймээс бид шантралгүйгээр Есүсийн өмнө очиж Ариун сүнсний тусламжийг хичээнгүйлэн гуйснаар бие барьдаг чанартай болохыг ерөөн гуйж байна.
5-рт, зочломтгой байх хэрэгтэй.
Зочломтгой бай гэсэн нь тухайн үед хавчлагаас болж дүрвэгсэд эсвэл сайн мэдээний аяллаар явж буй итгэгчийг хоноглуулан хоолоор дайлахыг хэлж байна. Энэхүү хүмүүс нь зам тээвэр, хоноглох байр хөгжөөгүй тухайн үед тусламж хэрэгтэй хүмүүс байсан. Мөн өнчин, бэлэвсэн эмэгтэй хүмүүст ч туслан зочломтгой байхыг анхны чуулганы үед онцгой анхаардаг байв. Тиймээс сүнсний удирдагч хоньчид нь тусламж хэрэгтэй гаднын болон эмзэг давхаргын хүмүүсийг өрөвдөн үйлчлэх хэрэгтэй юм.
6-рт, Бурханы үгийг сайн заадаг байх хэрэгтэй.
Заах чадвартай гэсэн нь өөрийн итгэж буй зүйлийг тод заах чадварыг хэлж байна. Тухайлбал үл итгэгч хүнд сайн мэдээг дамжуулж, итгэгч хүмүүст буюу хонин сүргийг Бурханы үгээр тэжээн өсгөх чадварыг хэлж байна. Үүний төлөө сүнсний удирдагч нь идэвхтэй хичээн шамдах хэрэгтэй. Сүнсний удирдагчид заах чадвар нь хамгийн чухал шаардлагын нэг юм. Учир нь сүнсний удирдагчийн сүнслэг эрх мэдэл нь Бурханы үгнээс гардаг бөгөөд бусдыг үгээр зөв өсгөн тэжээж, төлөвшсөн дагалдагч болгосноор үнэлэгдэх болно.
6,7-р эшлэлд хэчнээн авьяас чадварлаг, хүн чанар сайн, бүх талаар нийцэх мэт харагдсан ч шинэ итгэгчийг сүнсний удирдагчаар босгож болохгүй гэдгийг хэлж байна. Учир нь тэрээр бардам болж, Диаволын урхинд очих аюултай юм. Итэлийг нь удаан шалгаж үзэлгүй яаруу босгоход өөрт нь өгөгдсөн үүрэг эрхийг буруу ойлгон өөрөөр нь сайрхан чуулганд болон өөрт нь хор учруулахад хүрнэ. Бардам сэтгэл нь хүнийг хэрэгцээгүй болгон сүйрүүлэх аймшигтай хүчтэй. Тиймээс бид шинэ итгэгч хүнд христээс төлөв даруугаар суран, дасгалжуулагдан төлөвших хангалттай цаг хугацааг өгөх хэрэгтэй. Тэгсний дараа хоньчин, үйлчлэгчээр босгох хэрэгтэй юм.
13-р эшлэл нь сүнсний удирдагч болон үйлчлэгч нарын үүргийг сайн биелүүлэхэд олох шагналын тухай дурдаж байна. “Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурь ба Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг.” Энд сайн байр суурь нь Бурхан болон бусад итгэлийн ахан дүүсийн өндөр үнэлгээ авна гэдгийг, “Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авах” нь Бурханы ажилд үйлчлэх урам зориг ба бат итгэлийг улам олж авна гэсэн утгатай. Энэ нь Есүс Христэд түшиглэн үйлчилдэг хүнд өгөх Бурханы бэлэг ба шагнал юм.
- Бурханы чуулган, гэр бүл (14-16)
14,15-г үзээрэй Паул энэ эшлэлд 1Тимот захидлыг бичих болсон зорилгыг хэлж байна. Паул Македонд удаан саатах юм шиг санагдсан учраас эхлээд захидлыг бичин явуулснаар Тимот болон чуулганы итгэгчдийг Бурханы чуулган буюу Бурханы гэр бүл дотор хэрхэн үйлдэж үйлчлэхийг мэдүүлэхийн тулд энэхүү захидлыг бичээ. Тэгвэл Бурханы чуулган ямар газар вэ?
“Үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл” гэж байна(15)
Энд амьд Бурханы чуулган гэсэн нь үүрд мөнх амьд байж, бүхнийг удирдан жолооддог Бурханы дуудлагаар энэ ертөнцөөс тусгаарлан дуудагдсан хүмүүсийн цугларалтыг хэлж байна. Тухайлбал цуглааны байр байшин бус, Есүс Христийг аврагчаар хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн хамт олныг Бурханы чуулган гэдэг. Энэхүү Бурханы чуулганыг өөрөөр Бурханы гэр бүл гэж хэлсэн. Итгэгч бид нь нэг Эцэг Бурхантай, нэг Ариун сүнсийг авсан, Есүс Христийн цусаар холбогдсон ахан дүүс болсон учраас тэр юм. Тиймээс сүнсний удирдагч болсон хоньчид бид чуулганыг аз жаргалтай гэр бүл болгохын төлөө үйлчлэх нь зохистой. Бурханы үг ба Ариун Сүнсэн дотор сүнслэг байдлаар нөхөрлөн бие биенээ хайрлах хэрэгтэй.
Тэгвэл Бурхан чуулган буюу гэр бүл нь ямар газар байх ёстой вэ? 15-р эшлэлийг үзвэл Үнэний багана ба суурь болох ёстой. Энд үнэн бол Бурханы үг ба Есүс Христийг зааж байна. Гэрийг тогтооход багана ба суурь хоёр нь чухал байдаг. Тиймээс чуулган нь Бурханы үг ба Есүс Христийн үнэний бат бөх суурьтай байж, үнэнийг тунхаглан, сахин хамгаалах багана байх хэрэгтэй. Хэрэв чуулган үнэн дээр суурилагдаагүй, үнэнийг энэ дэлхийд тунхаглаагүй бол энэ ертөнц маш хурдан доройтон ялзрах болно. Иймээс чуулган ямар ч үед, библийн үнэн үг ба сайн мэдээний үнэнийг зоригтой тунхаглан бүх хүнийг үнэн уруу эргүүлэх ёстой. Мөн шударга бусаар дүүрэн дэлхийг гэрэлтүүлэх хэрэгтэй юм.
Дүгнэлт: Өнөөдөр бид сүнсний удирдагч буюу харгалзагч, үйлчлэгч нарт тавигдах сүнслэг чанаруудыг сурлаа. Бид цаг үргэлж надад ямар чанар дутагдаж байна вэ гэж өөрийгөө шалгаж өө сэвгүй хоньчин болохын тулд хичээцгээе. Үг ба залбирлаар Ариун сүнсээр удирдуулснаар төлөвшсөн чанартай сүнсний удирдагчид болохыг ерөөж байна. Ялангуяа нүдэнд харагдахгүй боловч амьд Бурханы өмнө шударга зөвөөр амьдарснаар эргэн тойронд зөвийн нөлөөтэй хүмүүс болохыг гуйж байна.