2016 оны Рут 1-р номлол (08.14) Б.Баярмагнай

РУТЫН ИТГЭЛИЙН ШИЙДВЭР

Рут 1-р бүлэг
Гол эшлэл: 1:16-17

“Харин Рут—Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв.”

Рут нь Естер номын хамт эмэгтэй хүнээр нэрлэгдсэн ном юм. Уг номын гол баатар нь Рут. Харь үндэстэн энэ эмэгтэй нь Бурханы түүхэнд яаж нандинаар хэрэглэгдсэн талаар хамт сурах болно. Мэдээж түүний нэр Есүсийн угийн бичигт орсон гэдэг нь гол үйл явдал боловч түүний уг үндэс болсон итгэлийн шийдвэр нь түүнээс ч дутахгүй гол үйл явдал гэж тооцогдох болно.

1-р эшлэлийг үзээрэй. “Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав.” Шүүгчдийн захирч байсан үе буюу бидний сайн мэдэх хаангүй үед тэр нутагт өлсгөлөн тохиожээ. Энэ бол Израилийн хувьд үнэндээ хамгийн харанхуй үеүдийн нэг нь байсан. Тэднийг захирах хаан байхгүйгээс гадна Бурханаас эмээн хүндэтгэх сэтгэл байхгүй учир өөрсдийн нүдэнд зөв гэсэн болгоноо үйлдэж байлаа. Тэр үед өлсгөлөн болсон. Бидний мэдэж байгаачлан Бурхан тэднийг нэг бус удаа өлсгөлөнгөөр шийтгэж байсан. Харин тухайн үед Бурханы шийтгэл байсан уу, үгүй мэдэхгүй. Ямартаа ч өлсгөлөн болж, уг газар байсан ефрат хүн Елимелех эхнэр хоёр хүүгийн хамт Моабын нутагт цагаачлан суухаар явжээ. Өлсгөлөн бол даван туулахад хамгийн хэцүү зүйл. Өлсгөлөнгийн үеийг яаж даван туулж байсан олон түүх бидний өмнө зурайн байдаг. Дэлхийн II дайны үед 872 хоногийн турш бүслэлтэд байсан Ленинград хотынхонд идэх юмны ноорм тогтоож, эцэстээ идэх зүйлгүй болсны дараа муур, хулгана, харх гээд бүх амьтай амьтныг идэх болсон байна. Нас барсан хүмүүсийн цогцос тэр даруйдаа алга болдог байж. Дөнгөж төрсөн нярайг хооллохын тулд эх нь цусаа угжинд хийгээд хөхүүлэх ч тохиолдол гардаг байж. Энэ бүслэлтээр нийт 1.5 сая хүн, тэдний 97% нь өлсгөлөнгөөр нас баржээ. Өлсгөлөн бол дэлхийн түүхэнд учруулсан хохирлоороо толгой цохих үзүүлэлттэй айхтар эд аж. Өнөөдрийн байдлаар өдөр бүр 25.000 хүн өлсгөлөнгөөс болж нас барж байгад бөгөөд тэдний дийлэнх нь Африк тивийн улсуудад харьяалагдаж байна. Яагаад Елимелехийн гэр бүл Моабын нутаг уруу явсан нь тодорхой болж байна.

Үргэлжлүүлэн харвал Моаб нутагт суурьшихаар ирсний дараа өрх гэрийн тэргүүн Елимелех өөд болжээ. Энэ бол Бурханы зөвшөөрөл ёсоор болсон зүйл гэдгийг уг бүлгийн сүүлийн хэсэгт Наоми өгүүлсэн байна. Ийн нөхөр нь өөд болсонд Наоми хоёр хөвгүүний хамт Моаб нутагт үргэлжлүүлэн амьдарсан бөгөөд түүний хоёр хүү болох Махлон, Хилион хоёр нь моаб буюу харь эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаав. Орпа, Рут гэсэн бэрүүдтэй болсон Наомигийн уй гашуу тайлагдсан нь тодорхой. Харамсалтай нь түүний хоёр хүү ч бас өөд болцгоов. Ямар их уй гашуу Наомиг нөмрөв өө. Нөхөр, хоёр хүүгээ алдана гэдэг түүний амьдралыг гашуун болсон гэдэг үгээр ч илэрхийлэхэд багадмаар үйл явдал болжээ. Өлсгөлөнгөөс зугтаж Моаб уруу нүүсэн боловч тэр нутагт гэрийн тэргүүн, хоёр хүү нь нас барлаа.Наоми гэрээсээ ганцаараа л үлдэв.

Гэхдээ “Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй” гэж үг байдаг. Хэдийгээр нөхөр, хөвгүүд нь нас барсан ч гэсэн Наомид хоёр бэр нь хамт үлдлээ. Хоёр хүүтэй байсан Наоми одоо хоёр охинтой болжээ.

6-7-р эшлэлүүдийг үзээрэй. “ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав. Ингээд тэр бэрүүдтэйгээ байсан газраа орхин Иудагийн нутаг уруу буцахаар замд гарчээ.” Өлсгөлөн эх нутагт нь тайлагдаж, Бурхан хоол хүнсээр хангаж эхэлснийг Наоми сонсжээ. Тэгээд хоёр бэрээ дагуулан эх нутаг, элгэн садан уруугаа зүглэлээ. Хоёр бэрээ дагуулсан Наоми Иудад орж ирээд ямар байдалтай угтагдахыг бараг л мэдэж байлаа. Дүүрэн гарч явсан тэр хоосон буцаж ирж байгаа төдийгүй харь үндэстэн хоёр эмэгтэйг дагуулан явж байгаа нь бүр ч нэрмээс болохыг сайн мэдэж байсан. Ингээд хоёр бэрээ буцацгаа гэж тэдэнд хэлэв. Наоми тэднийг ерөөлөө. Гэсэн ч хоёр бэр нь өөртэй нь л хамт явна гэж зөрүүдэлсэн тухай 10-р эшлэл бидэнд тодорхой өгүүлж байна. Тэд хадам эхдээ үнэхээр хайртай бололтой. Түүнгүйгээр тэд хаашаа ч явахгүй гэж бодоцгоов. Харин Наоми тэдний буцах ёстой шалтгааныг хэллээ. Тэр юу гэсэн үндэслэлийг тавьсан бэ?

Израилийн хууль ёсоор ах дүүс нас барвал түүний, эсвэл тэдний эхнэрүүд нь дараагийн дүүд нь эхнэр болон очих ёстой байлаа. Энэ тухай Дэд хууль 25:5-10-т тодорхой өгүүлсэн байдаг. Энэ хууль ёсоор Наоми нэн даруй нөхөрт гарах ёстой. Тэгээд хүү төрүүлэх хэрэгтэй. Охин төрөөд “шатвал” яана. Хүү төрлөө гэхэд түүнийг насанд хүртэл нь том хүүгийнх нь эхнэр хүлээх ёстой. Тийм учир Наоми дахиад хүү төрүүлэх хэрэгтэй. Хоёр дахь бэрийнхээ нөхрийг гаргах ёстой гэсэн үг. Тийм боломжтой гэж үзсэн ч гэсэн нөхөрт гарахад дэндүү оройтсон гэж Наоми өчлөө. Түүний энэ тайлбар хоёр бэрийг нь нутаг буцах хангалттай шалтгаан гэж ойлгоход болно. Гэвч юу болсон бэ? Хоёр бэр нь дуугаа өндөрсгөн уйлалдсаны дараа том бэр нь хадам эхийгээ үнсээд нутаг буцав. Түүний хувьд нутагтаа үлдэх нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Харин отгон бэр нь хадам эхтэйгээ л хамт явна гэж зөрүүдэлж, хадам эхийнхээ хормойноос зүүгдэв. Яаж ч ятгаад, яаж ч ерөөгөөд, яаж ч хэлээд Рут нутаг буцах шинжгүй болов. Тэгээд Рут ийн хэллээ. 16-17-р эшлэлүүдийг үзээрэй. “Харин Рут—Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв.” Ийн хатуу шийдсэнийг Наоми үзээд бэрээ дахин ятгасангүй. Тэгвэл бид Рутын шийдвэрээс юу сурч болох вэ?

Бурхан дээр ирэхийг шийдсэн. Түүний хувьд харь үндэстэн, хиймэл шүтээн шүтдэг итгэлтэй нэгэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нөхрөөсөө Бурханы хийсэн ажил, Түүнд итгэхийн утга учрыг сайн мэдэж авсан байх. Өөрөөр хэлбэл түүний нөхөр, хадам эх нь Рутэд хүчтэй нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Бурханыг гэрчилсэн нөхөр ба хадам эхийнхээ нөлөөнд Рут орж, итгэлийг нь ч бас өвлөхийг хүссэн биз. Тэгээд хадам эхтэйгээ хамт явж, түүний үйлчилдэг Бурханд ч бас үйлчлэхийг хүсчээ.

Түүний хэлсэн үгнээс итгэлээр нэг болж, Бурханд үйлчилж, ард түмнийх нь нэг хэсэг болъё гэдэг шийдвэр тодоос тод харагдаж байна. Үнэндээ Наомигийн хувьд Бурхан тийм ч таатай ажиллаагүй. Өлсгөлөнд нэрвэгдүүлж, нөхөр, хоёр сайхан хүүг нь үхэхийг зөвшөөрсөн. Тэр олуулаа гарч явсан хэдий ч ганцаараа, бүр амьдрал нь гашуун зовлонгоор дүүрэн буцаж байгаа. Харин энэ бүхэн Рутэд ч бас нөлөөлж болохоор байлаа. Нөхөр нь Бурханд итгэдэг байсан ч гэсэн цагаасаа эрт гэмээр, цаг бусаар өөд болсон. Хадам эх нь ямар их уй гашуу амсаж байгаа нь ч бас нөлөөлж болохоор. Гэхдээ л Рут итгэлийн шийдвэр гаргаж, Бурханы ард түмний нэг хэсэг болохоор хатуу шийджээ. Өөрийн ард түмэн, нутаг ус гээд бүхнийг орхиж, итгэлээр харь газар уруу Бурханы ард түмний нэг хэсэг болохоор явж байгаа нь дэндүү эрсдэлтэй мэт санагдаж байна. Гэхдээ л тэр итгэлээр шийдсэн, итгэлээр явсан. Хожим түүний энэ итгэл Бурханы түүхэнд нандинаар бичигдсэн билээ. Түүний үр хүүхдээс Давид хаан төрж, улмаар угийн бичиг нь явсаар Есүсийн өвөг дээдэс болсон тухай өгүүлж байна. (Мт 1-р бүлэг)

Итгэлээр алхаж, итгэлээр шийднэ гэдэг олон хүнд сорилт болдог. Тиймдээ ч хүмүүс итгэлээр алхахдаа бодит нөхцөл байдлыг давхар тооцдог байх. Харин итгэлээр алхаж, үр жимс өөрсдийнх нь бодож байснаас ч илүүг хураасан хүмүүсийн талаар Библид тодорхой өгүүлж байна. Абрахам итгэлээр төрсөн нутаг, төрөл садангаа орхисон. Эцэст нь тэр итгэлийн өвөг дээдэс болсон. Мосе египетчүүдийн нэг хэсэг байхаа болихоор шийдэж, ард түмнийхээ хамт зовохыг сонгосон. Тэр израильчуудыг Канаан газар хүртэл хөтөлсөн.Энэ мэтчилэн олон түүхийг бид Библиэс мэднэ.

Рутын шийдвэр ч гэсэн энэ жагсаалтад орох нь тодорхой. Харин бид яаж итгэлээр шийдвэр гаргаж, итгэлээр амьдарч чадах вэ? Есүсийг хүлээж авсан эхний жилүүдэд бид халуун итгэлтэй байж, юуг ч итгэлээр шийдэхэд амархан байдаг. Гэхдээ цаг хугацаа явах тусам бидний итгэлд өөрийн мэдэлгүй асуудал гарч, заримдаа итгэлээр амьдраад байна уу, эсвэл бодит байдлыг хараад, түүнтэйгээ эвлэрээд амьдарч байна уу гэж өөрөөсөө асуухад хүрдэг. Үнэндээ итгэлээр амьдарч байгаа бол бидний амьдралын шийдвэрүүд ч бас итгэлээр л байх ёстой. Тэгвэл бидний итгэлд асуудал байна гэсэн үг үү, эсвэл бидний амьдал үнэхээр өөр зүйлийг шаардаад байна уу? Аль нь ч байж болох.

Ямартаа ч Бурхан таныг дуудсан бол та бүхнийг итгэлээр хийх л шаардлагатай гэсэн үг. Яг л Рут шиг. Түүнд Бурханы талаарх сайн ч, муу ч ойлголтууд байсан биз. Гэсэн ч тэр Бурхан дээр ирсэн, цаашид ч Бурханы хүнээр амьдарсан.

Бидний биед дасгал зайлшгүй хэрэгтэй. Дасгал сургуулилт байхгүй бол 1-рт, бие хөшиж, хөгшрөлт хурдан явагдана 2-рт, биеийн дархлааны системд асуудал гарч өвчин тусах магадлал төдийчинээ их болно. Миний л хувьд харшилд жил болгон дарлуулж байна. Энэ жил эмчилгээ хийлгэсэн ч гэсэн нэмэр болсонгүй. Харин дархлаандаа анхаарал хандуулах ёстойгоо мэдээд спортоор хичээллэх нь ч юу юм, гэхдээ гүйж харайхаа тогтмол болгох бодолтой байна. Мөн дархлааг дэмжигч Салимон уух шаардлагатайг олон хүн зөвлөлөө.

Бидний оюунд ч бас дасгал зайлшгүй хэрэгтэй. Дасгал, дадлага байхгүй бол 1-рт, мартамхай болно 2-рт, оюуны чадвар, мэдлэг улам л муудна. Нийтлэг нэг жишээ хэлэхэд л хэдэн жилийн өмнө ус цас байсан гадаад хэлээрээ одоо юу ч ярьж чадахгүй болсон гунигт түүх их бий. Яагаад гэвэл дасгал байхгүй, давтлага ч байхгүй. Математиктаа сайн байсан би л гэхэд одоо хэдэн томьёог дахиж харахад толгой эргэх маягтай болж байна. Яагаад гэвэл давтлага байхгүй учраас.

Дээрх хоёртой яг адилхан. Сүнсэнд дасгал байхгүй бол итгэлээр амьдрахад хэцүү болно. Дасгалгүй сүнс мөхөж, бодит байдал илүү хүчтэй харагдаж, итгэлээр гаргах шийдвэр үнэ цэнэгүй мэт бодогдоно. Тэгээд хажууд нь итгэлээр амьдарч байгаа хүмүүс бүр ч сонин мэт санагдана. Тиймээс дасгал сайн хийх ёстой. Энэ бол дасгал сайн хийвэл зохино гэж байгаа биш, дасгал хийх хэрэгтэй ч гэж байгаа биш. Та сүнсний дасгал заавал хийх ёстой. Хүссэн ч, эс хүссэн ч энэ дасгал байхгүй бол та хичнээн эрүүл байгаад ч, хичнээн суут ухаантан байгаад ч сүнсээр үхмэл болох болно. Хадам эхээсээ зуурсан Рут шиг бид Бурханы үгнээс зуурах ёстой. Сүнсний дасгал хийх нь сүнслэг цагаас л эхэлнэ. Мөн энэ дасгалд сахилгажуулалт ба дасгалжуулалт зайлшгүй багтдаг.

Сахилгажуулалт гэдэг нь гэмд унасан хүнийг гэмшүүлж, эргэн сэргээн босгох үйл явцыг хэлдэг. Ихэнхдээ хоньчид маань биднийг сахилгажуулдаг. Мэдээж хүнд байдаг нь тодорхой. Тэр үеүдэд сентагаас явмаар ч санагддаг. Гэхдээ танд сахилгажуулалт хэрэгтэй гэсэн бол зайлшгүй л хэрэгтэй. Харин заримдаа бид өөрсдийгөө сахилгажуулах шаардлага ч тулгардаг. Өөрийн байнга унадаг гэмийн эсрэг өөрийгөө Бурханы үгээр, залбирлаар, бас янз бүрийн зүйл хийхийг хориглож сахилгажуулах хэрэгтэй болдог. Тиймээс таныг хоньчин чинь сахилгажуулж байгаа бол баярлаарай. Мөн өөрийгөө сахилгажуулж чадаж байгаа бол бас баярлаарай.

Харин дасгалжуулалт гэдэг нь ирээдүйд таныг бэлдэж, таныг сүнсээр өсгөхийн тулд хийж байгаа үйл явц юм. Мөн л ихэнхдээ хоньчин тань таныг дасгалжуулдаг. Ийм дасгал зайлшгүй хэрэгтэй. Зүгээр байгаад амжилт гаргадаг тамирчин байдаггүйтэй адил урсгалаараа явж байгаад итгэлийн ялалт байгуулдаг итгэгч гэж байдаггүй. Сүнсний дасгалжуулалтгүй бол ялалт ч бас үгүй. Зөвхөн хоньчин таныг сүнсээр дасгалжуулаад зогсохгүй та өөрөө өөрийгөө дасгалжуулж болно. Ямар сул тал байна, сүнсний дайнд ялалт байгуулахад аль талаа хөгжүүлэх шаардлагатай байна гээд өөрийгөө сайн мэдэж байгаа учраас дасгалжуулалтыг та өөрөө сайн хийж чадна.

Итгэлээр шийдвэр гаргасан Рутын цаашдын амьдрал яаж өрнөснийг дараа дараачийн номлолуудаар дамжуулан хамт суралцах болно.

Дүгнэлт: Итгэлээр шийдвэр гаргахад золиос таныг зайлшгүй хүлээж байгаа. Сүнсээр дасгалжуулагдахгүй бол итгэлээр шийдвэр гаргахад хүнд болдог. Мөн нөгөө талаас нь харвал энд сууж байгаа бид нар бусдыг сүнсээр сахилгажуулдаг, дасгалжуулдаг хоньчид болох ёстой юм.Хүүхдээ буруу зүйл хийвэл сахилгажуулдаг шиг бусдыг сүнсээр сэргээн босгох, бусдыг гэм үйлдэхээс сэргийлж, сүнсээр хүчирхэг байлгаж, итгэлээр шийдвэр гаргадаг хүмүүс болгоцгооё. Рут хадан суурь мэт ганц шийдвэрээсээ болж, итгэлийн өвөг дээдэс болсон.

Бид итгэлээр шийдвэр гаргахад Библид бичигдсэн итгэлийн баатрууд шиг алдаршихгүй байж болно. Гэхдээ арми ялалт байгуулахад цэрэг бүр алдаршдаггүй шиг бид бол Бурханы цэргүүд. Харин таны итгэлийн ялалт бусдыг босгон байгуулдаг, бусдыг итгэл уруу хөтөлдөг байх болно. Амен!

Дараагийн нийтлэл2016 оны Рут 2-р номлол (08.21) Г. Хаш-Эрдэнэ