Үнэний сүнс ирвэл
Иохан 16:1-33
Гол эшлэл 16:8
“Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ”.
Есүс шавь нарт АС-ний талаар олон удаа хэлж байна. Учир нь Өөрөөс нь хойш ажиллах нь АС учраас юм. Тэгвэл Ариун Сүнс нь хэн бөгөөд хэрхэн ажилладаг вэ? Олон хүмүүс ариун сүнс гэвэл харь хэлээр ярьж зөгнөж мөн өвчнийг эдгээнэ гэсэн ойлголттой байдаг. Мэдээж эдгээр нь Ариун Сүнсний ажлын нэг хэсэг. Харин Ариун Сүнс бол үнэний сүнс хэмээн Есүс заан өгч байна. Өнөөдрийн номлолоор дамжуулан өөрийн дотор АС-ний талаархи ойлголтоо цэгцлэн Бурхан бидэнд дамжуулан хэлэхийг хүсэж буй бүгдийг сайн сурахад хүн бүрийг удирдаж өгөөрэй. Тийнхүү хүн бүр АС-ээр дүүрэн Түүгээр удирдуулан үнэнийн замаар амьдрахад нь туслаарай.
1. Ариун сүнс ирэхдээ (1-15).
1, 2-р зүйлийг үзээрэй. “Та нарыг бүдрүүлэхгүйн тулд үүнийг Би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.” Есүс шавь нарт тохиолдох зүйлсийг мөн тохиолдож буй зүйлсийн учир шалтгаан юу болохыг нэгд нэгэнгүй хэлсэн. Хэрэв Есүсийн хэлснээр итгэгчдийг зовоон хавчих хүн нь өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодон хавчих үед тэр буруу ойлголтын золиос болон хавчигдах нь ямар харамсалтай байх вэ? Гэхдээ Есүс энэ зүйлийг хэлж байгаа нь миний бодож байгаа шиг утгагүй хоосон биш юм. Харин ийм зүйлс тохиолдох нь зайлшгүйг бидэнд сануулан хэлж байгаа хэрэг билээ. Тийнхүү ийм хүмүүсийн үйлдлийн эсрэг СМ барин тэмцэх хүмүүсийн хувьд өшөө хорсол, гомдолгүйгээр тэмцлээ үргэлжлүүлэн бүдрэхгүйгээр цааш зорих нь чухал гэдгийг бидэнд сануулж байна. Заримдаа ажил дээр үнэхээр дургүй хүргэсэн хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг харах үед тэд мэдлэг мэдээлэл дутуугаас эсвэл өөрийн хийх гэж байгааг зөв хэмээн бодсоноос үүдсэн байдаг. Тэгээд үүнийг нь бодон тэдгээр хүмүүсийг уучлах үед ажлаа хийх хүчтэй болдог. Үүнтэй адил Есүс ч бидэнд ийнхүү СМ-ний замаар үргэлж замнах үнэнийг заан өгч байна. Бодитоор үйлс номноос үзвэл хүмүүс Стефаныг чулуудан алах үед тэд өөрсдийн хийх ёстойгоо хийсэн гэж бодсон (Үйлс 8:1). Тэгвэл тэд ийнхүү шавь нарыг болон итгэгч хүмүүсийг хавчих шалтгаан юу вэ?
3-р зүйлийг үзээрэй. “Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно.” Тэд Бурхан ба Түүний Хүү Есүсийг мэдээгүй учраас шавь нарыг хавчин эсэргүүцэх болно. Элч Паул ч гэсэн Есүсийг хэн гэдгийг мэдээгүй байсан учраас итгэгчдийг харгисаар хавчиж байсан. Харин тэрээр Дамаск явах замд амилсан Есүстэй уулзсанаар амь насаараа дэнчин тавин Есүсийг Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилдэг хүн болж өөрчлөгдсөн. Ер нь Итгэгч болсны дараагаар эргэн тойрны хүмүүс нэг л жийрхэн илээр зарим нь далдуур муулах нь энүүхэнд байдаг. Миний хувьд би өөрөө анх Бурханыг таньж мэдээгүй байхдаа дүүгээ эгчийгээ гадуурхан итгэлийг нь шоолон гадуурхдаг байсан. Гэтэл өөрөө оюутан болон цуглаанд ирэн үнэний үг болох Библиэс суралцан Бурханыг бага ч гэсэн мэдэх үед Түүний үнэнийг өөрийн амьдралдаа оруулан өөрөө итгэгч болсон билээ. Тиймээс ямар ч үед бид Бурханы хоньдыг хайраар харан СМ-г сайтар тайлбарлан үлгэрлэж өгөх нь хамгийн чухал юм. Хичнээн хэцүү байсан ч тэдгээр хатуурсан зүрхтэй байсан хүмүүсийг Бурхан Өөрийн аргаар удирдан өгөх тул бид СМ-ний төлөө тэдгээр хүмүүсийн төлөө тэвчээртэй хүлээцтэйгээр харан уучлах нь хамгийн чухал юм. Тиймээс хэн нэгэн биднийг хавчвал тэднийг үзэн ядах бус харин Есүсийг танин мэдэхийн төлөө залбирч өгөх хэрэгтэй. Тэгвэл цаг нь болоход тэдний сүнсний нүд нь нээгдэж сайнмэдээний хамтран зүтгэгчид болно.
5, 6-р зүйлийг үзээрэй. Есүс одоо Бурхан руу явах цаг нь болсон. Гэвч шавь нар нь Есүсийг хаашаа явж байгаад нь ямар ч анхаарал тавихгүй байсан. Тэд зөвхөн Есүс өөрсдөөс нь холдон явна гэсэн тэр асуудалд л маш санаа зовж байсан. Учир нь тэд Есүсээс хамааралтай амьдарч ирсэн. Хүн аливаа зүйлийг сайн сурах нь бие даах хичээл зүтгэлтэй байх мөн сурах зүйлсийнхээ үнэ цэнэ утга учрыг бүрэн ойлгосон эсэхээс шалтгаалж байдаг. Гэтэл шавь нарын хувьд Есүсийг даган удаан явсан ч Есүсийн хэлснээр ирсэн үнэнг сайн ойлгож чадаагүй. Тиймээс Есүс Өөрөө явах нь тэдэнд илүү дээр гэж хэлж байна. Яагаад тийм байна вэ? Бүгдээрээ 7-р зүйлийг уншицгаая. “Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар руу ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар руу илгээнэ”.
Есүс хэдийгээр Бурханы хүү боловч махбодтой хүн байсан. Тиймээс цаг хугацаа орон зайн хувьд хязгаарлагдмал мөн бүх газарт зэрэг оршиж чадахгүй. Харин Есүсийн хэлж буй Туслагч нь АС бөгөөд сүнсээр оршин байгч учир хэзээ ч, хаан ч, хэнтэй ч хамт байж чадах билээ. Ариун Сүнс нь бидний сэтгэл сүнсэнд оршин бидэнтэй гүнзгий нөхөрлөн харилцаж чадна. Есүс хэдийгээр Бурханы хүү байсан ч АС-ний хийж чадах ажлын хувьд боломжгүй зүйлс Түүнд олон байсан. Бидний хаврын библийн сургуулиар сурсан Лазарын түүхийг харвал: Есүс Лазарын хажууд байгаагүй учир Лазар Есүсээс тусламж авч чадалгүй нас барсан. Мөн шавь нараа газар бүрт илгээх үед ч Есүс тэдэнтэй бүгдтэй нь хамт байж чадахгүй байсан. Энэ мэт олон асуудал бэрхшээл шавь нарт болон бидэнд байдаг. Тэгвэл бидний асуудал бүрт хамт байж биднийг зөвийн замаар удирдаж чадах нь АС-ний ажил юм. Ийнхүү бид АС-тэй хамт байвал дэлхийн хаана ч байсан өдөр шөнийн алинд ч АС бидэнтэй хамт явж чадна. Бидний нүдэнд харагдан гарт баригдахгүй ч Тэрээр цаг үргэлж Таны төлөө ажилласаар байдаг. Туслагч АС-тэй хамт амьдарвал шавь нар итгэлийн хувьд бие даасан Бурхантай хувийн харилцаатай, ямар ч үед Бурханаар удирдуулан алхах бие даасан итгэлээр өсөж чадах юм.
Анх цуглаанд ирээд хоньчин байхгүй үед таних хүнгүй учир тэнэг юм шиг цуглаанд суугаад байлтай биш гээд гараад явчихдаг. Заавал хэн нэг хүн нааш ир хүрээд ир гэвэл гуйлгаж байж л ирдэг байсан. Гэхдээ библи уншин нэг нэгний библийн хичээл хийн Бурханыг таньж мэдэхийн хэрээр цуглаанд ирэх хүсэлтэй болсон. Хүн Бурханыг таньж мэдсэнээр зорилготой, утга учиртай амьдрах болдог. Бага залуу байхдаа зорилгоо тодорхойлон түүнийхээ араас явах нь ямар ч үед зөв байдаг. Тэгвэл яг үүнтэй адил Бурханыг таньж мэдэх нь хамгийн эхлээд хийх шаардлагатай үнэн зам юм. Хүмүүст Бурханы талаар хуваалцах үед бүх шашин адилхан тэд нэг зүйлийг олон талаас нь тайлбарладаг ш дээ, эсвэл би шашингүй үзэлтэн г.м хариу өгдөг. Эдгээр нь ухаалаг хүн шиг байх, эсвэл хаалт тавьж байгаагийн аль нь ч байж болох ч эцэстээ тэд Бурханыг мэдэхгүй тул энэ мэт үгсийг хэлсээр байдаг. Тиймээс Бурханыг мэдэхгүй хүмүүсийн хувьд заавал Бурханы талаар сонсох, заалгах шаардлага байдаг. Есүсийн шавь болохын хувьд бид гаднаас ирэх ямар ч эсэргүүцлийг даван туулж хоньдийг зөв зам уруу чиглүүлэхэд тэмцэл шаардлагатай юм. Өөрийн төрсөн хүүхдийг юм сурахгүй байна гээд хүн эцэг эх байхаа больчихгүй. Тэд хүүхдээ насан туршид нь сул дорой байдалтай байсан ч хайрласаар байдаг. Бурхан ч гэсэн биднийг өөрт нь итгэхгүй хөшүүн хүзүү гарган алс хол явсан ч хүүгээ буцан ирэхийг хүлээх Аавын агуу хайраа үргэлж харуулсаар байдаг. Тиймээс бид Бурханы чин сэтгэлийг мэдэн өөрийн замаар дураараа яваад байлгүй Бурханы үгээр дүүрэн хоньчноор заавал ч үгүй замчлуулах шаардлагатай. Тэгээд эхлээд хоньчнийг харах болов ч цаашид АС-ний тусламжийг аван хувийн бие даасан итгэлтэй болж өөрчлөгдөх билээ.
Үйлс номыг харвал шавь нарын үйлсийг тод томруунаар харах болно. Тэд урьд нь хэн нь хамгийн агуу болох талаар маргалдан өөр хоорондоо өрсөлддөг байсан бол Есүсийг явсны дараагаар АС-ний тусламжийг аван Ариун Сүнсний хүч чадал дотор зарлиг тунхаглахад 3000 хүн зэрэг гэмшиж суунги хүнийг босгон, үхсэн хүнийг ч гэсэн амилуулсан. Хэцүү хавчлагаас байнга айж амархан шантардаг байсан. Тэд дараа нь шоронд хоригдохдоо өчүүхэн ч айлгүй магтан дуулсан. Шоронгоос гарсныхаа маргааш тэд дахиад Иерусалим сүмд очин сайнмэдээг зоригтой дэлгэрүүлсэн. Тахилч нар нь сүмд ирэн дахиж СМ-г дэлгэрүүлж болохгүй гэж айлган сүрдүүлсэн ч гэсэн тэд харж сонссоноо ярихгүй бол болохгүй гэж хариулан зоригтойгоор СМ-г дэлгэрүүлсэн. Ингэж Ариун Сүнс бидний дотор дүүрэн байвал Түүний хүч чадлаар хэн ч гэсэн бие даасан зоригтой итгэлээр амьдарч чадна.
Есүс үргэлжлүүлэн Ариун Сүнс ирээд юу хийх вэ гэдгийг зааж өгч байна. 8-р зүйлийг үзээрэй. “Тэр ирэхдээ нүгэл зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ”. Эндээс зэмлэнэ гэдэг нь аливаа бурууг илрүүлэн ухааруулна тэгснээр гэмшиж засан залруулахад тусална гэсэн утгатай юм. Ариун Сүнс гурван зүйлээр хүмүүсийг ухааруулан гэмшихэд тусалдаг.
1-рт Ариун Сүнс гэм нүглийн тухайд ертөнцийг зэмлэнэ. 9-г үзээрэй. “Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ”. Ариун Сүнс юуны өмнө бидний гэмийг ухааруулж өгдөг. Хүн олон зүйлийг мэддэггүй боловч хамгийн том мэдлэггүй зүйл нь өөрийгөө гэмтэн гэдгээ мэддэггүй юм. Эрдэм мэдлэггүй байвал олон ном уншиж сургуульд сурснаараа олж авч болно. Техник арга барил муутай бол бас суралцаад эзэмшиж болно. Гэвч сүнсний мэдлэггүй байдал нь хичнээн их юм сурч, тоолшгүй олон ном уншсан ч ухаарах зүйл биш юм. Энэ нь зөвхөн мэргэн ухаан болон илчлэлийн Ариун Сүнсээр дамжуулан бүрэн ухаарч чадна гэсэн байдаг (Эфес 1:17).
Олон хүн Бурханыг өөрийн амьдралдаа оруулахаас татгалзан эрдэм мэдлэг, эд хөрөнгийг олох гэж амьдардаг. Гэвч Бурханыг өөрийн амьдралдаа оруулахгүй амьдарна гэвэл хүн гэм нүглээр боолчлогдон амьдрах болдог. Мэдээж хэрэг гэм нүглээр удирдуулдаг амьдрал нь утга учиргүй тул хүн амар тайван сэтгэл дүүрэн болохыг хүсэн Бурханыг хайдаг. Гэвч тэд Бурханыг өөрийн гэм нүглийн төлөө өөрийн хүслээр байлгахыг хүсдэг тул Бурхан тэдэнд олдохгүй юм. Бурханыг хайн хичнээн олон ном уншин тоолшгүй олон философич гүн ухаантнуудын хэлсэн үгийг судалсан ч гэсэн Бурханыг олж чадахгүй хэвээрээ байдаг. Үнэндээ Бурхан бидэнд олдох ганц зам нь өөрийгөө гэмтэн гэсэн үнэн бөгөөд Есүс яг миний өөрийн гэмээс болж загалмайд цовдлогдож нас барсан гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хүн энэ үнэнийг ухаарсны дараа л 180 градус эргэн өөрчлөгдөн төлөв даруугаар бардамнахгүй амьдарч чадах билээ. Ингэж өөрчилж чадах нь АС-ний ажил билээ.
Би анх цуглаанд ирсний дараа хүмүүсийн намтар сэтгэгдлийг сонсон ямар их гэмтэй хүмүүс вэ? Би хажууд нь гайгүй юм байна гэж боддог байлаа. Тэгээд яаж ийм итгэлтэйгээр өөрийн гэм нүглийг бусдад дэлгэж чаддаг юм бол гэж гайхдаг байсан. Тэр үед би Бурханы надад хандсан хайр ивээл нигүүслэл мөн өөрийгөө ямар их гэмтэй гэм нүгэлтэн гэдгээ ухаараагүй бардам байснаа харсан. Хүн өөрийн хүчээр гэмгүй амьдрах нь боломжгүй юм. Энэ нь зөвхөн Ариун Сүнсээр биш бол хэн ч гэмээ гэмшиж чадахгүй юм. Ялангуяа Ариун Сүнс бидний хүсэл тачаал, аминч байдал нь гэм гэдгийг ухааруулдаг. Мөн Бурхан ертөнцийг үнэхээр хайрлаад цорын ганц Хүүгээ бидний төлөө зөвшөөрсөн байхад Түүнд итгэлгүй эсрэг зогсож байсан нь хичнээн том гэм нүгэл вэ? гэдгийг сануулдаг. Бурханд итгэдэг олон хүний хувьд Түүнийг мэддэг атлаа Бурханд талархан алдаршуулалгүй амьдарч байгаа нь ч мөн гэм гэдгийг ухааруулдаг. Ариун Сүнс аль хэдийн итгэсэн хүмүүст ч гэсэн үргэлжлүүлэн улам гүнзгий сүнсний гэм нүглийг ухааруулан гэмшүүлж байдаг. Есүсийг миний гэмийн төлөө загалмайд цовдлогдон нас баран дахин амилсанг мэддэг болсон ч Бурханаар удирдуулалгүй, өөрөө өөрийнхөө амьдралын эзэн болж дураараа сонгож дуулгаваргүй амьдарч байгаа нь Бурханы өмнө сүнсний гэм гэдгийг ухааруулдаг. Урьд нь гэм гэж мэдрээгүй байсан янз бүрийн зуршил үзэл бодол нь Бурханыг баярлуулж чадахгүй зүйл гэдгийг ухааруулан гэмшин өөрчлөгдөхөд нь АС тусалдаг.
2-рт Ариун Сүнс зөв байдлын тухай ертөнцийг зэмлэнэ. 10-р зүйлийг үзээрэй. “Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж эс харна”. Эндээс зөвт байдал гэдэг нь Бурхантай зөв харилцаатай болохыг хэлж байна. Хүн төрөлхтөн гэмээс болж Бурхантай зөв харилцаагаа алдсан. Үүнээс болж бид Бурханы өмнө очих замгүй болсон. Хүн хичнээн хичээж зүтгэсэн ч гэсэн Бурханд хүрэх ямар ч аргагүй болсон. Гэвч Есүс бидний бүх гэмийг үүрэн загалмайд цовдлогдон нас барснаар мөн үүгээр зогсолгүй амилж Бурханы өмнө очсоноор биднийг Бурханд очих шинэ замыг нээж өгсөн. Хэрэв Есүс ингэж гэмийн асуудлыг шийдээгүй байсан бол Бурхан Эцэгт очиж чадахгүй байх байсан. Харин Тэр загалмайд бүх гэм ба үхлийн асуудлыг шийдэж өгсөн урчаас одоо Эцэгт очиж байна. Тэгснээр Есүс бидний төлөө зөв харилцаа тогтоолгож чадах Нэгэн болсон. Тиймээс зөвхөн Есүс бидний зөвт байдал юм.
Харин хүмүүс энэ Бурханы зөвийг ухааралгүй өөрийн зөвт байдлаар дамжуулан авралд хүрэхийг эрмэлздэг. Тэгээд өөрийн хичээл зүтгэлээр амжилт олохоор хичээдэг бүх зүйлийг өөрөө хийж чадах юм шиг санан хийдэг ч тэд хөгшрөн махан биеийн хувьд хязгаарлагдмал болон шантрах болдог. Мөн дэлхийн баячууд бие биеэсээ урьтаж хандив өргөн өөрийн хувьд зөв байх тэр мэдрэмжийг олохыг хүсдэг. Гэвч тэд хичнээн хандив өргөсөн ч тэдний сэтгэл Бурхан байхгүй л бол чөлөөлөгдөж чадахгүй хэвээрээ л байх юм. Иудейчүүд хуулийг сахиснаар зөвт байдалд хүрэхийг зорьсон. Гэх мэтчилэн иймэрхүү хүний зөвт байдал нь Бурханы хувьд цэвэр ариун зөв болж чадахгүй. Исаиа 64:6-р зүйлд “Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ” гэсэн. Бид хичнээн хичээн зүтгэж өөрийн зүгээс гаргаж чадах бүх зөвийг үйлдсэн ч бид хэзээ ч Бурханы зөвд хүрч чадахгүй гэсэн хөдөлшгүй үнэн юм.
Мартин Лютир залуу байхдаа махан биеийн хүслийг хэцүү биеийн дасгалуудаар дамжуулан даван дийлснээр Бурханы зөвт байдалд хүрэх гэж хичээж байсан. Толгойд нь элдэв дэмий хүсэл санаа орж ирвэл өвдөгнөөс нь цус урстал сүмийн чулуун шатаар өвдгөөрөө өгсөж урууддаг байсан. Мөн хоолондоо үнс цацан идэн гэмтэй өөрийгөө шийтгэж байсан. Ингэсэн ч гэсэн түүний зүрхэнд Бурханы зөвт байдалд хүрсэн гэсэн авралын бат итгэл байхгүй байв. Харин тэрээр нэг өдөр библи уншиж байгаад Ром 1:17-р зүйлээр дамжуулан сүнсний том нууцыг ухаарсан. “Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Зөвт хүн итгэлээр амьдрана гэж бичигджээ”. Бурханы зөв бол загалмайн цусаар бидний гэмийг ариусгасан Есүс Христийг зааж байна. Ариун Сүнс энэ Есүст итгэснээр л бид Бурхантай зөв харилцаа тогтоож чадна гэсэн үнэнийг ухааруулж өгдөг.
3-рт Ариун Сүнс шүүлтийн тухай ертөнцийг зэмлэдэг. 11-р зүйлийг үзээрэй. “Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн”. Эндээс ертөнцийн захирагч бол Сатаныг зааж байна. Есүсийг ирэхээс өмнө Сатан бүх ертөнцөд ноёрхож байсан. Харин Есүс загалмайд үхээд амилснаар үхлийн хүчийг бут цохин Сатаны толгойг хагалсан. Үүгээрээ үхлийн айдас эрхшээлээр хүмүүсийг харгисаар захирч байсан сатаныг бүрэн шийтгэсэн (Еврей 2:15). Тиймээс Есүс одоо загалмай ба амилалтаар Бурханы хаанчлалын Хаан болж биднийг хайр ба үнэн шударгаар захирах болсон. Ариун Сүнс нь Сатан шийтгэгдсэнээр ертөнцийг захирах эрхээ алдаж Есүс бүх хаадын Хаан Эздийн Эзэн болсон гэдгийг ухааруулдаг. Тиймээс энэ үнэнд итгэгчид нь энэ дэлхийд байх хугацаандаа гэм ба Сатаны боолчлолд дахин оролгүй амьдарч чадах юм. Үнэхээр бидний итгэдэг Есүс бүх дэлхийн хаан захирагч гэдгийг ухаарсан мөн Түүний захиргаанд байгаа хүмүүсийн хувьд итгэлтэйгээр алхан ялагч адил амьдрах нь зүйн хэрэг. Тиймээс зоригтой итгэлтэй байж Паул адил Петр адил шавь нар шиг үйлсээр дүүрэн байхыг хүсэн ерөөж байна.
Есүс үргэлжлүүлэн Ариун сүнсний хийх ажлын тухай заан өгч байна. Бүгдээрээ 13-р эшлэлийг уншицгаая. “Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ”. Ариун Сүнс бол үнэний Сүнс юм. Тиймээс үнэний Сүнс үү, муу ёрын сүнс үү гэдгийг ялгахад тусалдаг. Энэ дэлхийд мэхлэлийн сүнснүүд маш олон байдаг. Янз бүрийн буруу урсгалууд мэхлэлийн сүнсээр дамжуулан итгэгчдийг уруу татдаг. Хэрэв хүн Бурханы талаар дутуу дулимаг мэдлэгтэй, Бурханд найдахын оронд өөрийн мэдлэг чадварт найдаж Бурханыг өөрийн бодол санаандаа хайрцаглан амьдарвал Сатан муу сүнсний шивнээнд автахад амар байх юм. Үнэндээ хүн Бурханы ажилладаг аргыг ухаардаггүй. Бурхан Самуелээр дамжин Давидыг сонгох үед Давид балчир хөвгүүн байсан. Гэхдээ Бурхан Давидын зүрх сэтгэл Бурханд хайртай байдлыг харсан тул түүнийг сонгосон. Бид хичнээн чадвартай авхаалжтай байсан ч Бурханы ажилладаг аргыг ухаарахгүй бол Түүнийг дуулгавартай дагаж чадахгүй билээ. Бид өдөр бүр Бурхантай ойр байж түүний үгтэй ойр амьдрах хэрэгтэй. Ариун Сүнс нь үнэний сүнс учраас ихэвчлэн библийн үгээр дамжуулан ажилладаг. Сорилт ба уруу татлагад ороход зүрхэнд суулгагдсан үгийг сануулснаар үнэн худлыг ялгахад тусалдаг. Өдөр бүрийн үгээр дамжуулан Бурханы хүсэл тааллыг ухааруулж үнэнийг дуулгавартай даган амьдрахад тусалдаг. Мөн үнэний Ариун Сүнс нь бидэнд ирэх зүйлийг мэдүүлнэ. Эндээс ирэх зүйл гэдэг нь Бурханы хаанчлалын хүсэл найдвар болон дэлхийд түгээгдэх сайнмэдээний ажлын алсын харааг өгнө гэсэн утгатай. Шавь нар нь Ариун Сүнсээр дамжуулан ирэх зүйлийг мэдсэнээр айдасгүйгээр зоригтой дэлхийн хязгаар хүртэл очин сайнмэдээг дэлгэрүүлэх гэрчлэх ажлыг хийх болно. Паул ч харь үндэстэнүүдэд СМ-г дамжуулахдаа Бурханы алдар болон амлалтанд итгэсэн тул СМ-ний ажилд эцэс хүртэлээ нандинаар хэрэглэгдэж чадсан билээ.
33-г үзээрэй. Есүс хамгийн сүүлийн удаа шавь нарыг урамшуулан тайтгаруулж байна. “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа”. Есүс хэдэн цагийн дараа баривчлагдан загалмайд нас барах болно. Харин Есүс ийм Өөрийгөө ертөнцийг ялсан гэж байна. Гаднаас нь харахад Есүс ялагдаж, дэлхийд орхигдсон мэт харагдана. Гэвч Есүс мууг сайнаар, гэмийг загалмайгаар, үхлийг амилалтаар ялсан. Есүс хүн төрөлхтний хамгийн том дайсан байсан сатаныг ялан дийлсэн учраас мөнхийн ялагч болсон. Энэ Есүс бидний жанжин учраас айх хэрэггүй. Зөвхөн Түүнд итгээд Түүний араас дагахад бид ч ялалтын амьдралаар амьдарч чадна. Энэ ертөнцийн хавчлага зовлонгоос айж бууж өгөн амьдралгүй, хавчигдан зовлон амсаж хохирон хоцорсон ч зоригтой ялалтын амьдралаар амьдрах хэрэгтэй.
Бид итгэгчдийг дургүйцэн хавчдаг энэ ертөнцөд амьдрахад олон зовлон хавчлагыг амсдаг. Харин Есүс ийм бидэнд хэлж байна “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”. Есүс айдаст автагдан хүчгүй бололгүй, зоригтой бай гэж хэлж байна. Яагаад гэвэл Есүс энэ ертөнцийг ялсан шиг бид ч бас ертөнцийг ялах хүмүүс болох учраас юм. Элч Паул энэ ялалтанд бат итгэсэн учраас Ром 8:35-37-д ийнхүү хашхирсан. “хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү? Хавчлага уу? Эсвэл өлсгөлөн үү? Нүцгэрэл үү? Аюул уу? Илд үү? Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг”.
Дүгнэлт: Өнөөдрийн зарлигаар дамжуулан Ариун Сүнс бидний дунд хэрхэн ажиллаж тусалдаг вэ? гэдгийг сурлаа. Үнэндээ бидний зүгээс хийх ёстой нэг л зүйл байгаа нь АС-ийг ажиллахад нь зөвшөөрөх явдал юм. Ялалт байгуулсан Есүсийн Ариун Сүнс бидэнтэй үргэлж хамт байгаа учраас энэ ертөнцөд зовлон амссан ч ухралгүй Ариун Сүнсийг түшиглэн залбирснаар зоригтой итгэлийн сайн тэмцлээр тэмцэх хэрэгтэй. Бидэнд ялагдмаар санагдах олон саад бэрхшээл гарч ирэх ч Бурхан бидэнд үргэлж гарах гарцыг арга замыг бэлдсэн байдаг. Тийнхүү зовлон бэрхшээлээр дамжин итгэлийг бидэнд нэмж өгдөг билээ.
Эцэст нь Бурхан бидэнд хамгийн сайн бэлэг болсон Ариун Сүнсийг өгсөн учраас цаг ямагт Түүнтэй харилцан нөхөрлөснөөр үргэлж үнэн замаар удирдуулан ялалт байгуулдаг амьдралаар амьдарч чадахыг гуйж байна. Хүн өөрийн хүчээр биш харин АС-нд түшиглэснээр Бурханы хайр ивээл нигүүслийг бүрэн эдэлж амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.