БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАГТУН
Иохан 13:1-38
Гол эшлэл 13:34
“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна”
Иохан номын 1-12-р бүлгүүд нь олон гайхамшиг ба тэмдгүүдээр дамжуулан Есүсийг Бурханы Хүү буюу Мессиа гэдгийг гэрчилдэг. Өнөөдрөөс үзэх 13-21-р бүлэг бол Иохан номын 2-р хэсэг гэж нэрлэгддэг ба загалмайн яг өмнө болсон үйл явдлууд, загалмайн үхэл ба амилалт зэргийн тухай бичсэнээр Есүсийг Бурхан Хүү гэдгийг дахин маш тодоор харуулдаг. Харин 13-17-р бүлэгт загалмайд цовдлогдох өдрийн яг өмнөх өдөр болсон үйл явдлын тухай бичсэн. Үүний дотроос 13,14-р бүлгүүд нь Есүс шавь нартайгаа цуг Маркийн дээврийн өрөөнд сүүлчийн зоог барьж барих үед болсон үйл явдал ба сургаалиудын тухай бичигдсэн.
Тэгвэл өнөөдрийн бидний үзэх 13-р бүлэг нь Есүс шавь нарынхаа хөлийг угааснаар маш төлөв даруу чанар ба үйлчлэлийн үлгэр жишээг харуулж шавь нарыгаа бие биенийхээ хөлийг тийнхүү угаахыг сургасан. Мөн Есүс тэднийг яаж хайрласан шиг бие биенээ тийнхүү хайрлаарай гэсэн шинэ тушаал мөн өгсөн. Энэхүү шинэ тушаал нь Есүсийг явсны дараа энэ дэлхийд үлдэж буй шавь нарыг Есүсийн хайр дотор нэг болж, сайн мэдээний үүргийг биелүүлэхэд туслах маш чухал тушаал билээ. Өнөөдрийн үгээр дамжуулан бид Есүсийн шавийн амьдрал ямар байхыг сайн сурч бие биентэйгээ хайрын харилцааг тогтоож Есүсийн хайраар дүүрэн чуулганаар өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Шавь нарынхаа хөлийг угаасан Есүс (1-17)
1а-г үзээрэй “Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг алгаслын баяраас өмнө Есүс мэдээд” гэж байна. Есүс алгаслын баярын өмнөх өдөр, Өөрийгөө Бурханы Хурга болж, загалмайд цовдлогдож, дахин амилснаар Бурхан уруу явах цаг нь ойртсоныг мэдсэн. Өөрөөр хэлбэл үхэх цаг ойртсоныг мэдсэн. Тэгвэл Өөрийнхөө үхэх цаг нь болсныг мэдсэн Есүс юу хийсэн бэ? 1б-г үзээрэй “Дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул, тэднийг эцэс хүртэл хайрлав” гэв. Энд Есүс шавь нарыг Өөрийнх хэмээн хэлсэн. Энэ нь тэднийг Өөрийн цусаар золин авч Өөрийн өмч эзэмшил болгосон гэсэн утгатай. Хүмүүс ер нь өөрийн болгосон аливаа эд зүйлс эсвэл хүнийг маш нандинд тооцон хайрлан хамгаалдаг. Үүнчлэн Есүс ч Өөрийн цусаараа худалдан авсан шавь нар төдийгүй сонгосон хүмүүсийг Өөрийн өмч эзэмшил мэт хайрлан нандигнасан гэсэн утгтай.
Мөн энд Есүс “эцсээ хүртэл хайрласан” гэж байна. Энэ нь Есүс тэднийг төгс бүрэн, Өөрийгөө золиослон үхэх хүртэл хамгийн дээдийн хайраар хайрласан гэсэн утгатай. Тэгвэл энэ үед шавь нарын байдал ямар байсан бэ? Лук 22:24-с үзвэл тэд хоорондоо хэн нь хамгийн агуу болох талаар маргалдаж байсан гэж бичсэн. Тэд Есүсийг загалмайн аймшигтай зовлон амсаж үхэх гэж байгааг огт мэдээгүй. Есүсийн зүрх сэтгэл ямар байгаа тухай ч бодоогүй. Харин тэд өөрсдийнхөө л тухай бодож хэн нь хамгийн мундаг, хэн нь хамгийн агуу, хэн нь хамгийн сайн нь вэ? хэн нь хамгийн дээр суух вэ? гэдгийг л бодож байсан. Өөрөөр хэлбэл тэд бурханлаг, сүнслэг зүйлсийг бодохоос илүү энэ дэлхийн шунал, хүсэл, нүдэнд харагдах амжилт зэргийг л бодсон өөдгүй сэтгэлтэй байсан. Тэгвэл үхэх цаг нь ойртсоноо мэдсэн Есүс, шавь нарын ийм байдлыг хараад юу гэж бодсон болоо. Магадгүй ийм арчаагүй, бусдыг боддогүй шавь нарын байдлыг хүний зүгээс харвал хайрламааргүй, хайрлах ч шаардлагагүй хүмүүс байсан. Гэвч Есүс тэдний ийм сул дорой бүхнийг мэдсэн боловч, тэдний ямар байгаагаас үл хамааран Өөрийн амийг тэдний төлөө золиослох хүртэл төгс хайраар эцэс хүртэл хайрласан. Гайхамшигтай. Өнөөдөр Есүс ч бидний хүн нэг бүрийг өөдгүй зан гаргадаг, хайрламааргүй мөн чанартай, бардам хатуу сэтгэлтэй гэдгийг маш сайн мэддэг. Гэвч Есүс биднийг ямар байгаагаас үл хамааран Өөрийн амийг бидний төлөө золиослох хүртэл төгс хамгийн дээдийн хайраар эцэс хүртэл хайрласан. Одоо ч хүртэл хайрласаар л байгаа, хойшид ч хайрлана. Есүсийн хувиршгүй, хөдөлшгүй, төгс, эцэс хүртэл хайрладаг хайрыг магтацгаая!
3-г үзээрэй “Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд” гэж байна. Энд “Эцэг бүхнийг мутарт нь өгснийг Есүс мэдээд” гэсэн нь Бурхан бүх дэлхийн авралын ажлыг Есүсийн гарт даатгасан гэсэн утгатай. Аливаа хүн дээд эрх мэдэлтэй болж тодорхой албан тушаалд хүрснээ мэдвэл хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Тухайн эрх мэдлийг өөрийн сайн сайхан, эрх ашиг, аливаа дур хүслээ гүйцэлдүүлэхэд ашигладаг. Жишээ нь: Хөгжлийн банкны асуудал. Гэвч Есүс Бурханаас өөрт нь бүхий л эрх мэдлийг мутарт нь өгснийг мэдэх үед юу хийсэн бэ?
4,5-р эшлэлийг үзээрэй “Зоогийн ширээнээс босож гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв” гэж байна. Ойрх дорнодын нутаг шороо ихтэй, мөн ихэнх нь сандал өмсдөг учраас гаднаас хүн гэрт орж ирвэл заавал хөл угаадаг заншилтай байсан. Энэ хөл угаах ажлыг айлын хамгийн өчүүхэн зарц хийдэг байв. Гэтэл Есүс гэнэт зоогийн ширээнээс босоод гадуур хавцсаа тайлан, зарц мэт тэдний өмнө өвдөг сөгдөн нэг нэгээр нь хөлийг угаан алчуураар арчсан. Хэн нь хамгийн агуу болох хүсэлтэй, бардам сэтгэлээр дүүрэн шавь нарын хэн нь ч үүнийг үйлдээгүй. Бие биенийхээ хиртэй, эвгүй үнэр ханхалсан хөлийг угаах нь өөрийгөө бусдаас дор тавьсан ичгүүртэй дорой хүний хийдэг зүйл учраас хэн ч энэ тухай бодоогүй. Харин Есүс ийм тэдний сэтгэлийг маш сайн мэдэж байсан. Тиймээс Есүс тэдний өмнө Өөрийгөө даруу дорд болгон зарц болж, тэдний хөлийг угаасан. Есүс ийнхүү үйлдсэнээр шавь нарыг бие биендээ төлөв даруу сэтгэлээр өөрсдийгөө дорд болгон үйлчлэхийг сургахыг хүссэн. Мөн шавь нарын хөлийг угаасан нь Есүс загалмайд үхэх хүртэл Өөрийгөө дорд болгон бүх хүний гэмийг цусаараа цэвэрлэн угаана гэдгийг харуулсан үйлдэл байсан.
Харин энэ үед Петр Есүст юу гэж хэлсэн бэ? 6-8-г үзээрэй Петр Есүсийн үйлдлийг хараахан ойлгоогүй учир “Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү” хэмээн хатуу татгалзсан. Петр өөрийгөө шавь хүний хувьд багшаараа хөл угаалгах нь ёс зүйгүй гэсэн хүний бодолтой байсан учраас Есүсээр хөлөө угаалгахыг хүсээгүй.
Тэгвэл Есүс ийм Петрт хэрхэн тусласан бэ? 8б-г үзээрэй “Би чамайг угаахгүй бол, Надтай гэх хувь чамд үгүй болно” гэв. Энэ нь Есүсээр гэмээ угаалган, гэмийн өршөөлийг авсан нэгэн Есүстэй нэгдмэл болж хожим Түүнтэй хамт Бурханы хаанчлалын өв залгамжлалыг хуваалцана гэсэн утгатай. Тиймээс хүн өөрийн сул дорой гэмийн хөлөө ил гарган Есүсийн цусаар угаалган гэмийн өршөөлийг авах хэрэгтэй. Бидний хүн нэг бүрд өдөр бүр угааж цэвэрлэсэн ч байнга үнэр орчихдог, хэн нэгний өмнө ил гаргахыг хүсдэггүй сул дорой зан чанар, буруу зуршил, хандлага, үйлдлүүд байдаг. Харин бид өдөр бүр Есүсийн өмнө эдгээрийг ил гарган, Түүний цусаар угаалгах үед Есүсийн уучлал ба нигүүслийг дүүрэн авч амьдрах болно. Хэрэв бид Петр шиг ил гаргахгүй, Есүсээр угаалгахгүй гэвэл Есүстэй гэх хувь байхгүй билээ. Тиймээс өөрийн сул дорой зан чанар, алдаа зөрчил ба нүглүүдийг байгаагаар нь ил гарган Есүсээр угаалгаснаар гэмийн өршөөл ба хайрын дотор өдөр бүр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Тэгээд Есүс тэдний хөлийг угааны дараа гадуур хувцсаа авч тухлан суугаад тэдэнд ийнхүү хэлсэн. 12-14-г үзээрэй “Та нарт би юу хийснийг мэдэж байна уу? та нар Намайг Багш Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл би Эзэн бөгөөд багш атлаа, та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай” гэв. Уг нь Есүс Рабби буюу багш байсан. Тиймээс шавь нар багшийнхаа хөлийг угааж болохоос биш, Рабби багш хүн нь шавийн хөлийг угаах нь иудейчүүдийн нийгэмд байж боломгүй хэрэг байсан. Гэтэл Багш, Эзэн Есүс шавь нарынхаа хөлийг угааж үйлчилсэн. Тэгвэл энэ л Есүсээс үйлчлэлийг авсан шавь нар бие биенийхээ хөлийг угаах нь зүйн хэрэг бөгөөд нээх хүнд асуудал биш байв. Тиймээс Есүс 15-р эшлэлд “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” хэмээн хэлсэн. Есүс шавь нарын Багш, Эзэн учраас тэдэнд заавар өгч тушааж болох байсан. Харин Есүс Өөрийгөө дорд тавин үйлчилснээр биеэрээ харуулсан билээ.
Тэгвэл шавь нар бие биенийхээ хөлийг угаах нь бодитоор яахыг хэлж байна вэ?
1-рт Өөрийгөө бусдын дорд тавин, төлөв даруу болохыг хэлж байна. Ямар ч хүн бусдаар үйлчлүүлэхийг л хүсдэг болохоос биш өөрийгөө бусдын дорд оруулж үйлчлэхийг хүсдэггүй. Тиймээс хэн ч өөрийгөө даруу дорд болгохоос нааш бусдын хөлийг угааж чадахгүй. Хэрэв хүн өөрийгөө бусдын дорд тавин даруу болох гэвэл Есүсийн миний төлөө хэрхэн Өөрийгөө дорд, даруу болгосныг ойлгож хүлээн авсан цагт л тэгж чадна. Тэр үед бидний дотор буй бардам сэтгэл үгүй болон төлөв даруу сэтгэлээр амьдарч чаддаг. Тэр үед бид бусдын ямар ч эхүүн үнэтэй хөлийг угааж чадна.
2-рт Бусдад үйлчлэн амьдрах дээр илүү анхаарахыг хэлж байна. Хүн болгонд өөрийгөө төвд тавьдаг сэтгэл байдаг. Хэрэв хүн өөрийгөө л бодоод амьдарвал бусдын хөлийг хэзээ ч угааж чадахгүй. Тиймээс хувиа бодсон, амиа хичээсэн, өөрийгөө л бодсон сэтгэлтэйгээ хатуу сүнсний тэмцэл хийж үр жимс гаргах хэрэгтэй. Хувиа бодсон үзэл бол хүүхдийн сэтгэл юм. Өнөө цаг үед өөрийгөө л боддог аминч сэтгэлийг илүү уриалдаг. Харин Есүс амьдралынхаа нэг ч хором мөчид өөрийнхөө төлөө амьдраагүй. Харин Өөрийн амийг, амьдралыг бидний төлөө золиослох хүртэл үйлчилсэн. Бид ч энэ Есүсээс үлгэр дуурайл аван энэ л амьдралыг бусдад үйлчлэн, нэг оюутныг аврахын төлөө зориулан амьдрах хэрэгтэй. Энэ нь бусдын хөлийг угаадаг амьдрал билээ. Өнөөдөр манай чуулганы хүн нэг бүр Бурханы илгээсэн бусдад үйлчилдэг амьдралаар дамжуулан өнөөдрийн бид бий болсон билээ.
3-рт нэг нэгнийхээ сул тал, зан ааш ба алдааг уучлан хүлцэнгүй хандаж тэвчээртэй хамтран зүтгэхийг хэлж байна. Хүний хөл бол амархан хиртэж үнэр ордог хэсэг юм. Нэг сайн угаасан ч дахин хиртэн үнэр ордог. Хүн болгонд амархан үнэр ордог, угаасан ч дахиад үнэртдэг сул тал, зан аашууд байдаг. Есүсийн дотор шинэ бүтээл болсон ч амархан унадаг гэмт чанарууд байдаг. Эдгээр чанарууд нь ойр дотно байгаа хүмүүст илүү ойр ойрхон сэн сэнхийтэл үнэртдэг. Есүсийн шавь нарын хувьд ч бие биенийхээ сул тал, таалагдахгүй зан ааш, алдаа зөрчлөөс болж, нэг нэгнээсээ шарх аван зөрчилдөж, таарамж муу үе байсан. Тиймээс Есүс тэдний хөлийг угааснаар бие биенээ байгаагаар нь хүлээн авахыг уриалсан. Тиймээс нэг нэгнийхээ хөлийг угааж өгнө гэдэг нь сул дорой чанар ба алдааг шүүмжлэхээс илүүгээр Есүсийн хайрын дотор, уучлан, идэвхитэй үйлчилснээр хайрын харилцаатай байхыг хэлж байна. Заримдаа надад үнэхээр их хохирол учруулж, сэтгэлд минь гүн шарх өгсөн ч тухайн хүнийг уучлахыг хэлж байна. Тэгвэл бид Христийн хайр дотор нэг болж Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэх болно.
Энэ цагт Бурханы бидэнд зөвшөөрч өгсөн хамтран зүтгэгч, чуулганы ахан дүүс, эхнэр нөхрөө, үр хүүхдээ, хоньдыг Есүсийн хайр дотор хүлээн авч идэвхитэйгээр хайрласнаар Христийн дотор бат бөх нэг чуулган болж өсөж чадахыг хүсэн гуйж байна.
2. Бие биенээ хайрлагтун (18-38)
18-30-р эшлэлийг үзээрэй. Есүсээс Искариотын Иудас урвана гэдгийг хэлж байна. 18-г үзвэл Есүс дуулал 41:9-р эшлэлээс эш татан зөгнөлийн дагуу хамгийн ойр дотны хүнээс нэг нь Өөрөөс нь урвана гэдгийг хэлсэн. Есүс энэхүү Иудасын урвалтыг урдчилан хэлж буй нь энэ бол нэг хүний урвалтаас болж Есүс нас барсан биш харин зөгнөлийн дагуу болсон зүйл гэдгийг шавь нартаа ойлгуулахыг хүссэн. Мөн Искариотын Иудаст гэмшиж эргэх боломж өгөхийн тулд байсан.
34,35-р эшлэлийг үзээрэй. Есүс явахаасаа өмнө шавь нартаа шинэ тушаал өгсөн. 34,35-р эшлэлийг хамтдаа уншъя. “Бие биенээ хайрлагтун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” гэв. Энд Есүс бие биенээ хайрлах талаар шинэ тушаалыг өгч байна гэв. Өнөөдрийг хүртэл шавь нар зөвхөн Есүсийн тэвчээртэй хайр халамж, үйлчлэлийг л авч байсан. Харин одоо тэд Есүсээр хайрлуулахын оронд бусдыг хайрлаг цаг нь болсон. Шавь нар одоо тэд амин хувиа бодсон сэтгэлийг даван туулж бие биендээ санаа тавин, анхаарал тавих, бусдыг хайрлан үйлчлэх цаг нь болсон. Есүсийн энэ л хайр тэдний дунд бий болох үед Есүсийн хайр шавь нараар дамжин бусдад хүрнэ. Тиймээс Есүс тэдний дунд махан биеэр хамт байхгүй байсан ч Есүсийн хайр бие биенээ хайрлаж байгаа тэр л харилцаан дунд Есүс оршин байж цаашлаад бүхий л хүн төрөлхтөнд хүрэх болно. Бидний хувьд ч гэсэн өнгөрсөн хугацаанд хоньчдын халуун хайр халамж, золиос зориулалтыг харамгүй авсан. Өнгөрсөн 7 хоногт Манай 1-р хэсэг цуглааны дараа яриад сууж байх үед доод тал нь 5 жил дээд тал нь 22 жил чуулганд явж байгаа хүмүүс байсан. Миний хувьд цуглаан ирээд 16-н жил болсон байна. Нэг талдаа бид энэ хэмжээнд Бурханы хайрыг авсан гэсэн үг. Харин одоо бид хайрлуулахын оронд бусдыг хайрлах цаг нь болсон. Тиймээс хүн нэг бүр бусдаас хайр авахаас илүү бусдыг хайрлахыг сурахад анхаарч, төвлөрч, тэмцэх хэрэгтэй. Хэрэв бид Есүсийн хайраар бие биенээ хайрлаж эхлэвэл бид нэг болж Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэх болно. Мөн цаашлаад бидний энэ хайрын харилцаагаар дамжуулан Есүс бусдад бодитоор гэрчлэгдэх болно.
Тэгвэл бид бие биенээ хэрхэн Есүс хайрласан шиг хайрлаж чадах вэ?
1-рт Идэвхитэйгээр бие биенээ хайрлах хэрэгтэй.
Бурхан хүнийг анх бүтээхдээ Бурханы агапе хайраар бусдыг хайрлаж чадахаар бүтээсэн. Бурханы агапе хайр нь хайрламаар хүнийг хайрладаг хайр бус харин хайрламааргүй хүнийг ч хайрлаж чаддаг хайр юм. Тиймээс бид харахаар үзэн ядаж, дургүй хүргэсэн, нүд хорсгож байгаа хүнийг ч Бурханы хайраар хайрлаж чадна. Есүс бие биенээ ийнхүү идэвхитэй хайраар хайрлахыг тушаасан. Есүсийн бие биенээ хайрла гэсэн энэ тушаал аяндаа бий болдог зүйл биш. Харин Есүс намайг хайрласан шиг нөгөө хүнээ хайрлах гэвэл шийдвэр гаргах хэрэгтэй. Бид хайрламаагүй хүнийг Есүс шиг хайрлах шийдвэр гаргах үед нөгөө хүнийг идэвхитэй хайраар хайрлаж чадна.
2-рт Амаараа биш бодитоор хайрлах хэрэгтэй.
Есүсийн тушаасан хайр нь хийсвэр хайр бус бодитой үйлдэл гаргадаг хайр юм. Нэг хуулийн багш Есүсээс “миний хөрш гэдэг нь хэн бэ?” хэмээн асуухад Есүс “Бүх хүн төрөлхтөн чиний хөрш” гэж хариулалгүй, харин дээрэмдүүлсэн нэг хүнийг гэж хариулсан(Лук 10:29). Өөрөөр хэлбэл миний тусламж хэрэгтэй тэр хүн миний хөрш гэсэн утгатай. Өнөө үед итгэгчид хайрын тухай их ярьдаг ч бодит байдал дээрээ өөрт нь алдаа гаргасан нэгнийг хайрлаж чадалгүй үзэн яддаг тохиолдол их байдаг. Аман дээрээ итгэгч, Бурханы хайр ийм тийм гэж ярьдаг хэрнээ хажууд байгаа нэгнийг үл тоомсорлон амьдардаг хүмүүс байдаг. Яг л Матай 18-р бүлэгт гардаг 10,000-н талантын өртэй байсан нэгэн өрөө тэглүүлчихээд, өөрт нь 100-н денарын өртэй нэгнийг өршөөлгүй шоронд хийдэг зарцтай адил бусдад бид тийнхүү хандах үе байдаг. Гэвч Есүс гэмтэй хүн бүрийг өөртөө дуудан бодитойгоор Өөрийн амийг золиослох хүртэл хайрласан. Бид нэг хүнийг бодитой, золиослодог хайраар хайрлахыг сурах хэрэгтэй. Нэг хонь, нэг хамтран зүтгэгч, эсвэл хайрлахад хэцүү хэн нэгнийг бодитоор уучилж, тэвчиж, золиос гарган үйлчлэх хэрэгтэй. Тэр үед биднийг Есүсийн шавь байна гэдгийг хэн ч хэлээгүй байхад харагдах болно. Бие биенээ хайрлагтун гэж хэлж буй энэ л Есүийн үг нэг хүнийг бодитойгоор хайрлаарай гэсэн тушаал юм. Энэ цагт Есүсийн бие биенээ хайрлагтун гэсэн тушаалыг амаараа биш үг ба үйлдлээрээ хэрэгжүүлцгээе!
3-рт Золиослолын хайраар хайрлах хэрэгтэй.
Есүсийн биднийг хайрласан хайр нь Өөрийгөө золиослосон хайр юм. Үүнчлэн бид ч бусдын төлөө, нэг хүний төлөө өөрт байгаагаа золиослохыг сурах хэрэгтэй. Золиос гаргахгүй хайр нь хувиа бодсон хайр юм. Ихэнх хүн бусдыг сэтгэл санаа өөдрөг, хайрламаар үед хайрлаж харин сэтгэл санаа хэцүү тавгүй үед хайрлах нь битгий хэл үзэн ядаж хорсдог. Энэ бол хувиа бодсон хүний хайр юм. Өөрөө хэцүү үед ч завгүй үед ч , олон асуудал дунд байсан ч, боломж муутай байсан ч өөрийгөө үгүйсгэн золиос гарган хайрлах нь Есүсийн буюу Бурханы агапе хайр юм. Цаашлаад Есүс амиа хүртэл золиослон намайг хайрласан шиг бусдыг золиосын хайраар хайрлах нь Есүсийн тушаалыг биелүүлж байгаа хэрэг юм.
Дүгнэлт: Бид бие биенээ хэрхэн хайрлаж байна вэ? Би бусдыг идэвхитэй, бодитой, золиос гарган хайрлаж чадаж байна уу? Хайрлах нь бүү хэл эсрэгээрээ бие биенээ муулан хов базаж, атаархан хорссоор байна уу? Харин Есүс энэ цагт танд бие биенээ хайрлаарай гэсэн шинэ тушаал өгч байна. Тиймээс Бид Есүсийн хайраар нэг хүнийг шийдвэр гарган хайрласнаар жинхэнэ Есүсийн шавиар өсгөж чадахыг хүсэн гуйж байна. Ялангуяа хүлээн зөвшөөрөхөд хэцүү хамтран зүтгэгч эсвэл нэг оюутан байсан ч тэднийг хайрладаг хүмүүсээр өсөж чадахыг хүсэн гуйж байна. Бие биенийхээ хөлийг угаан, ямар ч алдаа зөрчил, сул талуудыг нь уучлан тэвчиж, зүрхнээсээ хайрласнаар манай чуулганд олон Есүсийн шавь нар босож чадахыг хүсэн ерөөж байна. Бие биенээ хайрлагтун