Сайн хоньчин Есүс
Иохан 10. 1-18
Гол эшлэл 10.11
“Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг”.
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан амралтын өдөрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөрийн бидний суралцах зарлиг бол Сайн хоньчин Есүсийн талаар суралцах болно. Есүсийн үед ч одоо ч гэсэн бидний амьдралын гол асуудал жинхэнэ хоньчингүй байгаа явдал юм. Жинхэнэ хоньчин байхгүй учраас хоньдууд замаа алдан төөрөлддөг. Муу хувь заяанд гуниглан уйлж гэмийн дунд ёолон амьдардаг. Хүн бүхэнд жинхэнэ хэрэгтэй зүйл нь сайн хоньчин билээ. Есүс бол бидний сайн хоньчин юм. Өнөөдрийн зарлигаар дамжуулан бид бүгдээрээ сайн хоньчин Есүстэй уулзаж чадахыг хүсэн гуйж байна. Мөн сайн хоньчин Есүсээс сурч энэ цаг үед төөрөлдөж байгаа хонин сүргийн сайн хоньчин болохыг хүсэн гуйж байна.
1. Хоньчин ба хонь (1-6)
1,2-р зүйлийг үзээрэй. “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч дээрэмчин мөн. Харин үүдээр нь ордог хүн хонин сүргийн хоньчин мөн”. Хулгайч дээрэмчин нь хонийг хөнөөн сүйрүүлэхийн төлөө хашаанд ордог учраас үүдээр нь оролгүй хашааг давж өөр газраар ордог. Харин хоньчин нь хонийг хайрлан, хариулахын төлөө байдаг учраас үүдээр нь ордог. Тухайн үеийн фарисайчууд хулгайч дээрэмчин байсныг Есүс энэ сургаалт зүйрлэлээрээ хэлж байна. Учир нь тэд үнэнийг гуйвуулж сонгогдсон ард түмнийг сүйрлийн замаар удирдаж байв. Харин Есүс хоньдыг хамгийн сайн замаар хөтлөхийн тулд үүдээр нь ордог сайн хоньчин юм.
Хуучин гэрээнд Бурхан ба хүний харилцааг, хоньчин ба хониор зүйрлэсэн байдаг. Бурхан бол бидний хоньчин, бид бол Түүний хоньдууд билээ. Палистинд хоньчин ба хонины харилцаа нь зүгээр өмч хөрөнгө гэсэн харилцаатай бус харин гэр бүл шиг амин харилцаа холбоотой байдаг байсан. Бурхан хүнийг бүтээж Эзэн ба боолын харилцаагаар биш харин хоньчин ба хонины харилцаатай байхаар бүтээсэн. Тиймээс хоньчин Бурхан ба хонь бидний харилцаа нь бие биенээ хайрлан итгэх хувийн харилцаа юм. Бид Түүний хонь учраас Тэр биднийг үнэхээр нандигнан хайрладаг.
3-р зүйлийг үзээрэй. “Сахиул Түүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж тэднийг дагуулж гаргана”. Тухайн үеийн палистинд айл бүр нийтийн хонины хашаанд хоньдоо хийдэг байсан байна. Хонины хашаа нь гурван метр орчим өндөр хашаатай, шөнө болохоор хоньчид өөрсдийн хонин сүргийг хашаанд оруулбал сахиул шөнөжин хулгайч, дээрэмчин ба араатан амьтдаас хамгаалан манадаг байжээ. Өглөө хоньчид ирэхэд сахиул үүдийг нь нээж хоньчид өөрсдийн хоньдыг тус бүрийнх нь нэрээр дуудан гарахад хоньдууд хоньчны араас даган явдаг байжээ. Үүгээр дамжуулан бид хоньчин хүн хонийг хэрхэн удирдахыг сурч болно.
1-рт хоньчин хоньдоо тус бүрийнх нь нэрээр дуудан гаргадаг.
Олон айлын хоньд нэг хашаанд холилдон, хоньчин ирээд хоньдынхоо нэрээр нь дуудаж хашаанаас дуудан гаргаж авдаг. Хоньчин болсон Есүс бид бүгдийн нэрийг хамгийн сайн мэдэж хөтлөн удирддаг. Хонь болсон бид Есүс Эзэний дуудаж байгаа дуу хоолойг сайн сонсож дуулгавартай дагаж амьдрах хэрэгтэй. Бид бүгдийг Есүс Эзэн мөнхийн улсын хашааруугаа нэрээр минь дуудаж оруулбал ямар сайхан байх билээ. Тиймээс биднийг хамгийн сайн мэддэг Есүс Эзэнээр удирдуулж амьдрахыг хүсэж байна.
2-рт хоньчин нь хоньдынхоо түрүүнд нь явдаг.
Манай монгол шиг тэгш талд хонийг араас нь морь унаж хариулдаг. Харин палистин нутаг нь маш их уулархаг, аюул ихтэй учраас хоньчин, хонин сүргийнхээ урд явж хөтөлөн дагуулдаг. Тэгвэл хоньчин хоньдын урд явах нь ямар утга учиртай вэ? Энэ нь эхлээд явах замын зүг чигийг заана. Хоньдууд зүг чигийн мэдрэмж муу учраас хаашаа явахаа мэдэхгүй. Зүгээр орхивол хаашаа ч хамаагүй явж аюулд орох магадлалтай. Тиймээс хоньчин хониныхоо хаашаа явах замыг чиглүүлэн удирдаг. Мөн хоньчин нь түрүүнд явснаар бүх аюулаас хоньдыг хамгаалаж хамгийн сайн бэлчээртэй газар руу удирдаж шинэ замыг нээж өгдөг.
5-р зүйлийг үзээрэй. “Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав”. Тэгвэл хоньдууд хэрхэн хоньчныг танин мэдэж дагаж чадах вэ? Хоньнд өөрийгөө хамгаалах ямар ч чадвар өгөгдөөгүй. Тиймээс хоньдуудад хоньчин заавал хэрэгтэй. Хонь ийм сул дорой дутагдал ихтэй боловч ганц сайн чанар нь хоньчны дууг маш сайн танин сонсдог юм. Харин гадны хүний дууг огт танихгүй тул түүнээс зугтаан дагадаггүй.
Хоньд болсон бид тэгвэл хэний дууг илүү их сонсож амьдарч байна вэ? Өнөөгийн нийгэмд биднийг баярлуулах, гоё сайхан мэт санагдах маш их дуу хоолой байгаа. Тэдгээр дуу хоолойнууд эхэндээ сайхан гоё сонсогдох боловч төгсгөл нь сүйрэл рүү хөтлөх сатаны дуу хоолой байдаг. Тэгвэл бид хоньчин болсон Есүсийн дуу хоолойг сайн сонсохын төлөө анхаарах хэрэгтэй. Сайн хоньчин Есүсийн дуу хоолойг сонсоно гэдэг нь өөрийн санаа бодол, өөрийн хүслийг хажуу тийш нь тавьж эхлээд Эзэн надад юу хэлж надаас юу хүсэж байна вэ гэдгийг мэдэхийн төлөө анхаарна гэсэн утгатай. Олон хүмүүс өөрийн хүсэж байгаа зүйлийг нь Эзэн биелүүлж өгөхийг хүсдэг учраас цэвэр сэтгэлээр Эзэний дуу хоолойг сайн сонсож чаддаггүй. Хоньчин болсон Есүсийн дуу хоолойг сайн сонсож чадахгүй бол Түүний хөтлөх амийн замаар явж чадахгүй болдог. Тиймээс бид Сайн Хоньчин Есүсийн дуу хоолойг сонсохын төлөө залбирал болон амийн үгэнд сайн төвлөрөх хэрэгтэй. Манай цуглааны ахан дүүс Сайн хоньчин болсон Есүсийн дуу хоолойг сонсдог, даган дуурайж амьдардаг хүмүүс байхыг хүсэн гуйж байна.
2. Би бол хонины үүд (7-10)
7-р зүйлийг үзээрэй. “Тэгээд Есүс дахин тэдэнд –Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм”. Эндээс Есүс Өөрийгөө хонины үүд гэсэн нь цорын ганц Авралын зам байна гэсэн утгатай юм. Хүмүүс уул руу авирахад ямар ч замаар явсан уулын оргилд л хүрвэл зорьсондоо хүрдэг шиг ямар ч шашинтай нь хамаагүй шүтлэгтэй л байвал авралд хүрч чадна гэж хүмүүс боддог. Харин библид зам үнэн амь болсон Есүсээс өөр нэрээр хэн ч Бурханы авралд хүрч чадахгүй гэж тунхагласан байдаг. Тиймээс Есүс биднийг Бурханы хаанчлал руу удирдаж чадах цорын ганц авралын зам билээ.
8-р зүйлийг үзвэл “Надаас урьд ирэгсэд бүгд хулгайч дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй”. Энд Есүсээс урьд ирэгсэд бүгд хулгайч дээрэмчин гэж байна. Тэдэнд хоньдыг гэсэн сэтгэл байхгүй байсан учир хоньд тэдний дууг сонсохгүй гэж байна.
9-р зүйлийг үзээрэй. “Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно”. Энэ үг нь бид үүд болсон Есүсээр дамжуулан олох ивээл юу вэ гэдгийг хэлж өгч байна.
1-рт Авралыг олох болно.
Адам Евагаас болж бид бүгд төрхдөө л гэм нүгэлтэй болсон. Бид өөрсдийн гэм нүглээсээ болж мөнхийн галтай там руу орох байсан. Ийм бидэнд хамгийн хэрэгтэй зүйл нь гэм нүглээсээ аврагдах явдал юм. Хүн хичнээн нэр төр, эрх мэдэл, өмч хөрөнгө гэх энэ дэлхийн сайхан бүхнийг олсон ч авралд хүрч чадахгүй гэсэн. Харин Есүс загалмайд бидний гэмийн төлөө үхэж амилснаар үүрд мөнхийн сүйрлээс биднийг аварч, мөнх амийг бидэнд өгсөн билээ.
2-рт Орж гаран амийн бэлчээрийг олно.
Аврагдсанаар бүх юм дуусдаг биш юм. Бид авсан мөнхийн амийг хадгалан өсгөхийн тулд заавал сайн бэлчээр буюу сүнсний хоол хэрэгтэй. Есүс бидэнд хэрэгтэй цаг бүрт амийн үгсийг өгснөөр биднийг үргэлж бялхсан амьтай болгодог. Бидэнд амийн хоолыг идэх боломжийг өгсөн нь Бурханы ивээл юм. Энэ Бурханы бидэнд өгсөн ивээлийг хүн бүр амсаж эдэлж чадахгүй. Түүнд итгэж, үйлчилж байгаа бид бүгд хамгийн азтай хүмүүс юм. Мөн сүнсний хоолоор дамжуулан хатуу ширүүн энэ дэлхийгээс амссан шарх ба ядарсан сэтгэл сүнсээ сэргээж энэ дэлхийд сайныг үйлдэн амьдарч чадах хүч чадалтай болж чадна. Бид Түүний үгээр дамжуулан улам бялхсан амьтай амьдарч чадна.
10-р зүйлийг үзээрэй. “Хулгайч зөвхөн хулгайлан, алж сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ”. Энэ дэлхийд хоньчдоос илүү их хулгайч дээрэмчид ч олон байдаг. Тэдний зорилго нь хоньдыг хулгайлан алж сүйтгэхэд байдаг. Хоньдууд нь гэнэн мэдлэггүйгээсээ болж иймэрхүү хүмүүст ашиглуулахад амархан байдаг. Тиймээс хулгайч, дээрэмчид нь үргэлж хоньдын амийг булаахын тулд цаг боломжийг хайн гэтдэг. Тэд Едэн цэцэрлэгт ирсэн сатан шиг чимээгүйгээр хоньдууд руу ойртон гоё сайхан үгээр уруу татан эргэлзээ, үл итгэл ба айдсыг суулган эцэст нь сүйрлийн зам руу хөтөлдөг. Дэлхийд ийм хулгайч дээрэмчдийн хийсэн нүд булаам гоё сайхан хаалгууд олон байдаг. Буруу урсгалын хаалга, хуурамч үзэл бодлын хаалга, наргиан цэнгээний хаалга, эд материаллаг шуналын хаалгууд асар олон байдаг. Олон хоньдууд ямарч бодолгүй тэр хаалга руу ороод гэмийн ангал руу ордог. Харин Есүсийн үүд нь гаднаас харахад сүртэй биш энгийн харагддаг. Тиймээс хүмүүсийн анхаарлыг нээх татаад байдаггүй. Харин бид Есүсийн үүд рүү орвол тэнд гайхамшигтай аврал болон амийн хоол дүүрэн байдаг. Тиймээс та бүхнийг энэ л энгийн даруухан үүд болсон Есүс рүү орж аврал болсон амийн хоолыг цадтал, бялхатал идэхийг хүсэн ерөөж байна.
3. Би бол Сайн Хоньчин (11-18)
Бүгдээрэй 11-р зүйлийг хамтдаа уншицгаая. “Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг”.
Есүс 11, 14-р эшлэлд Сайн хоньчин нь Би байгаа юм гэж тунхагласан. Энэ дэлхийд хэн өөрийгөө сайн хоньчин гэж хэлж чадах вэ? Зөвхөн Есүс л ингэж хэлж чадна. Тэгвэл Есүс аль талаараа бидний сайн хоньчин бэ?
1-рт Есүс хоньдынхоо төлөө амиа өгсөн учраас сайн хоньчин юм.
Есүс бидний сайн хоньчин болж чадах гол шалтгаан нь бидний төлөө Өөрийн хамгийн нандин амь амьдралыг золиослосон учраас билээ. Иохан 8,9-р бүлэг дээр фарисайчууд завхайрч байгаад баригдсан эмэгтэй болон амралтын өдрөөр хараатай болсон сохрыг барьж алахын төлөө зүтгэж байсан. Гэвч Есүс өөрт нь хичнээн аюултай байсан ч гэсэн амь насаараа дэнчин тавьж тэднийг хамгаалсан. Тэд хайрламаар сайн хүмүүс биш байсан. Тэд аль хэдийн нийгэмд хог шаар мэт хаягдсан орхигдмол хүмүүс байв. Гэлээ ч Есүс тэднийг Бурханы дүр төрхтэй нандин Бурханы хүүхдүүдээр хүлээн зөвшөөрч эцэс хүртлээ тэднийг аврахын тулд чононуудтай тэмцэлдсэн. Атаархал шуналаар дүүрэн фарисайчууд ийм Есүсийг зүгээр орхилгүй янз бүрийн үгээр гүтгэн Түүнийг алах гэж баривчлан, ташуурдан, алгадан цохиж, жадаар хатган эцэст нь загалмайд цовдлуулан алсан. Есүс хоньдынхоо амийг хамгаалахын тулд Өөрийн хамгийн нандин амийг алдсан. Есүс хүч чадал, эрх мэдэлгүй учраас ингэж ичгүүртэйгээр загалмайд үхээгүй. 18-р эшлэлийг үзвэл Есүс Өөрөө амиа өгнө гэж хэлсэн. Есүс хоньдыг амьтай болгохын тулд Өөрийн амийг золиос болгох ёстой гэдгийг ч мэдэж байсан. Иймээс Есүс биднийг шинэ амьтай болгохын төлөө сайн дураараа амиа өршөөлийн тахил болгон өгсөн. Тиймээс Есүс бол бид бүгдийн сайн хоньчин билээ.
Энэ цагт хүн бүр өөрийгөө сайн хоньчин байна уу? үгүй юу гэдгээ нэг бодож үзэхийг хүсэж байна. Бид одоо сайн хоньчин байж чадахгүй байгаа бол ирээдүйд сайн хоньчин Есүсийг даган дуурайж амьдарвал, сайн хоньчин болж чадах юм. Тиймээс танд боломж байгаа учраас илүү их хичээж амьдарцгаая. Манай цуглаанд олон сайн хоньчид байгаа. Тэд хоньдын төлөө их дээд сургуулиудаар явж цуглаандаа урьж авчирдаг. Хоньдынхоо гэм нүглийн төлөө өвдөг сөгдөн залбирдаг, хоньдынхоо төлөө шөнө дөл болтол 1:1 библийн хичээл хийж асуудал нэг бүрийг нь шийдэж өгөхийн төлөө явдаг, хоньдынхоо төлөө санхүү мөнгийг хүртэл зориулдаг, өөрдсийн зүрх сэтгэл нь шархалсан ч хамаагүй тэр хоньны төлөө явдаг. Хоньдынхоо амийг хамгаалахын төлөө сатантай ширүүн тулааныг ч хийдэг. Ийм олон сайхан хоньчинийг зөвшөөрч өгсөн Бурхан Аавдаа талархал магтаалыг өргөж байна.
2-рт Есүс хоньдын нэрийг сайн мэддэг учраас сайн хоньчин юм.
Өнөөдрийн зарлигаас үзвэл мэддэг гэсэн үг долоон удаа давтан гарч байна. 14-р зүйлийг үзээрэй. “Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ”. Би Эцэгээ мэдэхийн адил, Эцэг минь намайг мэддэг юм. Эндээс мэднэ гэдэг үг нь зүгээр мэдлэг төдий гаднахыг хараад мэднэ гэсэн үг биш юм. Энэ нь дотоод зүрх сэтгэлийг сайн мэднэ гэж байна. Өөрөөр хэлбэл хайр ба итгэл дээр үндэслэн бие биеийгээ гүнзгий мэдэхийг хэлж байна. Есүс л бидний сул ба давуу тал, чадвар боломж, гэм алдаа, зан араншин, зуршил, бодол санаа, хүсэл мөрөөдөл, итгэлээр алхаж байна уу? замаа алдан төөрч байна уу? гээд биднийг бүгдийг мэдэж байгаа. Юуны өмнө Есүс биднийг фарисайчууд шиг гэм алдааг минь илрүүлэхийн тулд биш, харин бидэнд тусалж, өсгөж үр жимстэй болгохын тулд хайрын дотор гүнзгий мэддэг. Бид заримдаа өөрөө өөрийгөө ч сайн мэддэггүй. Тиймээс заримдаа би ч сайн мэдэхгүй, би ер нь хэн юм бол оо, одоо юу хийгээд байгаа юм бол оо, юу хийх ёстой юм бол оо гэх мэт боддог ярьдаг. Харин би Өөрийгөө мэдэхээс илүү Есүс намайг сайн мэддэг. Дуулал 139:2-4-г үзвэл. “Миний сууж босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойгодог. Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж миний бүх явдлыг дотно сайн мэддэг. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө харагтун Эзэн Та бүгдийг мэддэг”. гэж хэлсэн. Есүс Никодемыг Өөр дээр нь шөнөөр ирэхэд түүний асуудал нь дээрээс төрөөгүйээс болсон гэдгийг сайн мэдсэн. Самари эмэгтэй ганцаараа ус хутгахаар ирэхэд ч түүний асуудал сүнсний цангалт гэдгийг мэдсэн. Түүнд аль хэдийн таван нөхөртэй байсан ба одоо байгаа ч нөхөр нь түүний жинэхэн нөхөр нь биш гэдгийг ч сайн мэдэж байсан. Эргэн тойрых нь хүмүүс түүнийг завхай эм гэдгийг мэддэг байсан боловч Есүс энэ эмэгтэйн цангасан сэтгэлээр Мессиаг эрэн хайж байгаа хонь гэдгийг мэдэж байсан. Бетзада цөөрөмд 38 жил хэвтэж байсан өвчтөнийг Есүс аль хэдийн мэдэж, түүний өвчин удаж эдгэрэх хүсэл ч гэсэн бөхөж байгааг мэдээд чи эдгэрэхийг хүсэж байна уу гэж асууж түүнд эдгэрэх хүсэл найдварыг суулгаж өгсөн. Есүс модон дээр авиран өөрийг нь харж байсан Закхайг ч бас мэдэж байсан.Өөртэй нь уулзахыг хичээнгүйлэн хүсэж байгаа Закхайгийн сэтгэлийг Тэр мэдэж байсан.
Эндээс харахад Есүс биднийг хамгийн сайн мэддэг бөгөөд хамгийн төгс бүрэн тусалж чадах Нэгэн гэдгийг мэдэж болно. Тиймээс Есүс бол бидний хамгийн сайн хоньчин билээ. Өөрөөс минь илүү намайг сайн мэддэг Есүс Эзэнээр удирдуулан амьдрахыг хүсэн гуйж байна.
Сайн хоньчин Есүс намайг өнгөрсөн хугацаанд хамгийн сайн бэлчээртэй амийн замаар удирдсан. Авралын үүд болсон Сайн хоньчин Есүсийг дуу хоолойг сонсож, даган дуурайж, амьдрах хэрэгтэйг дахин санууллаа. Энэ нийгэмийн гоё сайхан сонсогдох дуу хоолойг маш их дагаж амьдарсан. Эзэний зарлигаас илүү өөрийн дураар амьдарсан. Эцэсдээ энэ сүйрлийн зам гэдгийг ч ойлгож авлаа.
Би энэ зарлигийг бичиж байхдаа өөрийгөө ямар хоньчин байна вэ гэдгийг олж харлаа. Өнгөрсөн хугацаанд хоньдод санаа тавиагүй, үйлчилээгүй зөвхөн өөрийн өнөө маргаашын амьдралын төлөө явж байсан гэдгээ олж харж байна. Өнгөрсөн хугацаанд хоньдод үйлчилж, Эзэний амьтай үгийг дамжуулж чадаагүй дээ гэмшиж байна. Авралын үүд болсон Сайн хоньчин Есүсийг даган дуурайж амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Тэгснээрээ энэ дэлхийд төөрч будилж яваа олон сүнснүүдийг авралын замруу хөтлөн дагуулдаг хүнээр өөрчилж өгөхийг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Энэ цаг үеийн асуудал нь жинхэнэ хоньчингүй байгаад оршиж байна. Энэ нийгэмд энэ ард түмэнд үнэхээр хэрэгтэй зүйл нь хоньдын төлөө өөрийгөө золиосолж амь ба үнэний замаар удирдаж өгдөг жинхэнэ хоньчид хэрэгтэй байна. Бидний төлөө өөрийн амийг өргөдөг сайн хоньчин Есүсийг даган дуурайж амьдрахыг хүсэн гуйж байна. Үнэнээр үнэнээр би та нарт хэлье. Сайн хоньчин нь би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.