АРВАН ХОЁР ЭЛЧИЙГ СОНГОСОН ЕСҮС
Лук 6:6-19
Гол эшлэл 6:12-13
“Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв. Өглөө болоход Тэр шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон элч нар гэж нэрлэв”
Та бүгдэд шинэ оны мэндийг дахин хүргэж байна. Өнгөрч буй 2021 оныг хамгийн сайнаар удирдаж өгсөн Бурханд бүхий л алдар ба магтаалыг өргөж байна. Өнөөдрийн тусгай номлолоор дамжуулан Бурхан бидэнд шинээр эхлэж буй онд сүнслэг цоо шинэ алсын хараа ба чиглэл өгөхийг хүсэн гуйж байна. Хүн нэг бүр Бурханы үгийг даруу сэтгэлээр хүлээн авснаар хувь хүн, гэр бүл, чуулганаараа Бурханы дотор арвин үр жимсээр дүүрэн энэ оныг сайнаар төгсгөж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 6-11-р эшлэлийг үзээрэй. Энд Есүс амралтын өдөр нэгэн хатингар гартай хүнийг эдгээж буй тухай гарч байна. Есүс амралтын өдөр синагогт орж сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатингаршсан хүн байсан. Библиэс өөр бусад номыг үзвэл, энэ хүнийг чулууны дархан хүн байсан бөгөөд баруун гар нь гэмтсэнээс болж ийм болсон гэж хэлдэг. Өөрийнх нь ийм байдал тухайн хүний амьдралд маш их зовлон, шаналалтай байсныг бид өмнө нь олон хичээл, номлолуудаар дамжуулан сурсан билээ. Есүс хатингар хүнийг хараад, гарнаасаа болж зовж шаналж буй түүнийг өрөвдөж шууд эдгээж өгөхийг хүссэн.
7-р эшлэлийг үзээрэй. Харин энэ үед Фарисай болоод хуулийн багш нар Есүсийг буруутгах шалтаг олохын тулд тэр хүнийг эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байсан. Хүмүүсийн зовлон ба эмзэг зүйлийг нь хамгийн түрүүнд ойлгож хайр ба үйлчлэл харуулах ёстой шашны удирдагчид өөрсдийн эрх ашгийн төлөөх хэрэгсэл болгон түүнийг ашиглаж байсан. Ямар ч хүн бусдын сул дорой, эмзэг байдлыг өөрийн эрх ашгийн төлөөх хэрэгсэл болгож болохгүй. Яагаад гэвэл хүн бүр Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн бүтээл учраас юм. Хүнийг ашиглан өөрийн ямар нэг зорилгын төлөө хэрэгсэл болговол энэ нь бузар муу явдал бөгөөд гэмд тооцогдох болно.
Есүс ийм фарисай ба хуулийн багш нарын хорон муу бодол ба төлөвлөгөөг мэдсэн. Есүс өөрийгөө хамгаалж болох байсан ч түүнд шууд “Босоод, урагш гарч ир” хэмээн айлдсан. Тэгээд Есүс фарисай ба хуулийн багш нарт хандан ийнхүү хэлжээ. “Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл ёр мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ?” гэжээ. Энэхүү асуулт тэднээс хариулт сонсох гэсэнд бус харин тэдний хатуурсан зүрх сэтгэл ба амралтын өдрийн тухай буруу үзэл бодлыг ухааруулах асуулт байв. Тэдний зүрх сэтгэл өөрийн нэр хүнд, байр суурь, хүсэл шунал, атаархлаас болж сэтгэл зүрх нь хуучирч хатсан тулам мэт болж бусдад Бурханы хайр ба нигүүслээр хандаж үйлчлэхээс илүү хорон муу сэтгэлээр хандах болсон. Тиймээс тэд хоньдийн амийг аврахаас илүү, харин хоньдыг улам хөнөөх, буруу зам уруу дагуулах ажлыг хийж байсан.
10-р эшлэлийг үзээрэй Есүс хурсан олныг хараад тэр хүнд “гараа сунга хэмээн” хэлсэн. Харингаршсан гараа сунгах нь тухайн хүнд хэзээ ч боломжгүй байсан. Гэвч тэр Есүсийн үгийг дуулгавартай дагах үед гар нь зүгээр болсон. Wow энэ бол жинхэнэ гайхамшиг. Түүний гар бүрэн эдгэрсэн. Тэр гараа чөлөөтэй сунгах, хөдөлгөх, өргөх, буулгах, урагш хойш эргүүлэх боломжтой болсон. Энэ бол Төгс Хүч чадалтай Бүтээгч Цор ганц Бурханы гайхамшиг байсан. Хатингар гартай хүнийг эдгээж буй Есүс бол бидний гэм нүгэл, алдаа зөрчил, сул дорой байдлыг бүрэн эдгээж өөрчлөх чадалтай Аврагч Христ гэдгийг харуулж байна.
Тэгвэл шашны удирдагчид үүнд хэрхэн хандсан бэ? Тэд тухайн хүнийг эдгээсэнд баярлаж Бурханд алдар ба магтаалыг өргөх ёстой байтал харин эсрэгээрээ атаархаж Есүсийг үзэн ядах болсон. Гайхамшгийг нүдээр харсан тэд Есүсийг Аврагч Христ байна хэмээн хүлээн зөвшөөрч, Түүний өмнө даруу сэтгэлээр мэхийн хүндэтгэх ёстой байсан. Гэвч тэдний хандлага уур хилэнгээр дүүрч Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцах болсон(11). Эдгээр шашны удирдагч нарын үйлдэл ба хандлага тухайн үеийн сүнсний байдал ямар байсныг харуулж байна. Тухайн цаг үеийн сүнсний хоньчид болсон шашны удирдагчид зөвхөн өөрсдийн эрх ашиг, байр суурийг бодон атаархал ба үзэн ядах сэтгэлээр дүүрэн, хэв магт баригдсан, хуурамч амьдралаар амьдарч байсан. Тэд сул дорой, зовлон шаналлаар дүүрэн хоньдыг хайрлан үйлчлэхээс илүү өөсдийн эрх ашиг, хүсэл шуналыг илүүд үзэж байсан. Ийм байдалтай байгаа хүмүүсийн дор буй ард түмэн янз бүрийн өвчинд нэрвэгдэж чөтгөрүүдэд эзэмдүүлэн зовлон ба шаналлаар дүүрэн амьдарч байсан. Өөрөөр хэлбэл тухайн цаг үеийн хүмүүс хоньчингүй хонь мэт төөрч чөтгөр буюу муу сүнсний хоол болсоор байсан. Ийм доройтсон, сүнсээр ялзарсан цаг үед сайн мэдээний ажил хийх, Бурханы ажил явуулахад үнэхээр хэцүү, цөхөрмөөр, харанхуй үе байсан. Гэвч Есүс ийм сүнсний харанхуй цаг үед шантарч цөхрөөгүй бөгөөд Тэрээр харин юу хийсэн бэ?
12-г үзээрэй “Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв” гэж байна. Есүс жинхэнэ сүнсний удирдагч байхгүй цөхөрмөөр цаг үед асуудлыг шийдэхийн тулд нүдэнд харагдах зүйлс болох хүн эсвэл нөхцөл байдал, нийгмийн тогтолцоотой тэмцээгүй. Харин Есүс чимээгүйхэн Бурханы өмнө очин залбирсан. Есүс махан бие ба цусны эсрэг тэмцэл хийхээс илүү залбирлаар дамжуулан сүнсний тэмцэл хийхээр уул руу явсан. Есүс бүхэл шөнийг Бурханд залбирсаар ууланд өнгөрүүлсэн.
Өнөөгийн цаг үед ихэнх итгэгчид залбирах хүсэл бас халуун сэтгэлийг улам алдсаар байна. Амар хялбар амьдралын таатай байдлыг илүүд үзэн, сэтгэл зүрхээ зориулан Бурханы өмнө хичээнгүй залбиралд өөрийгөө зориулахаас зайлсхийсээр байна. Амьдралын янз бүрийн асуудал, бэрхшээл, стресс зэргийг Бурханд хандан залбирахаас илүүгээр хүний аргаар буюу амарч, алхаж, аялж зугаалах гэх мэт сүнслэг бус аргаар шийдэх гэж оролдоор байна. Бурхантай залбирлын харилцаа бага байгаа учраас Ариун сүнсний хүч ба мэргэн ухаан байхгүй, сүнслэг хүчгүй амьдарч байна. Библийн мэдлэг байгаа ч сүнс нь улам доройтсоор байна. Харин Бид Есүс шиг аливаа асуудал, шантармаар хүнд хэцүү нөхцөл байдал, сүнсний харанхуй үеийг үргэлж Бурханы өмнө очин залбирлын тэмцэл хийснээр Ариун Сүнсний мэргэн ухаан ба хүчээр даван туулах хэрэгтэй. Тэгвэл бид ямар ч үед Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэн, зовлон бэрхшээлийг хамгийн сайнаар даван туулж чадна.
Есүс ууланд гараад Бурханаас юу гэж гуйсан бол? Бид Есүс ууланд очоод Бурханд хандан юу гэж залбирсныг нарийн мэдэхгүй. Гэхдээ Түүний залбирлын өмнөх ба дараагийн болсон үйл явдлыг харвал, түүний залбирлын агуулга ямар байсныг таамаглаж болно. Есүс магадгүй тухайн үеийн сүнсний харанхуй цаг үеийн төлөө залбирсан байх. Есүс энэ байдлыг Бурханы өмнө авч ирэн, тухайн үеийнхэнд хэрхэн үйлчлэх боломжийг эрэн хайж залбирсан байх. Хүний нүдээр харвал тухайн үеийн тахилч нарыг солих эсвэл шашны удирдагч нарыг устгах нь гол шийдэл мэт харагдаж байсан. Гэвч энэ нь асуудлын гол шийдэл биш байсан. Өөрөөр хэлбэл бүх асуудлын гол шалтгаан нь хүмүүс эвсэл тухайн үеийн нөхцөл байдал биш. Харин асуудлын гол нь харанхуйн хүч ба чөтгөртэй тэмцэх сүнсний жанжид хэрэгтэй байсан. Ефес 6:12-д “Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёр муу сүнслэг хүчний эсрэг билээ” хэмээн хэлсэн. Есүс хичээнгүй залбирах үед тухайн үеийн гол асуудал юу болохыг олж мэдсэн. Есүсийн тэмцэл мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, ёрын муу сүнслэг хүчний эсрэг зогсох шавь нар хэрэгтэй байна гэдгийг олж мэдсэн. Тиймээс Есүс бүхэл шөнийн хугацаанд залбирлаар дамжуулан сүнслэг тулаан хийснээр Бурханаас ирдэг мэргэн ухааныг олж авсан. Тэр шөнөжингөө чинь сэтгэлээсээ хичээнгүй залбирах үед Бурханаас тодорхой сүнслэг чиглүүлэг ба удирдамжийг авсан. Тэгвэл Есүс Бурханаас ямар чиглэл авсан бэ?
13-г үзээрэй бүгдээрээ хамтдаа уншья. “Өглөө болоход Тэр шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон элч нар гэж нэрлэв” гэж байна. Есүс Өөртэйгөө хамт байлгахаар арван хоёрыг сонгон элч нар хэмээн нэрлэсэн. Эндээс бид хоёр зүйлийг сурч болно.
I-т Есүс цөөхөн сүнсний удирдагчдыг босгох чиглэл авсан. Тухайн цаг үед шашны удирдагч нараас гадна олон асуудал байсан. Израил улс Ромын эзэнт гүрний колони байсан бөгөөд харгис хэрцгий дарангуйлал ба мөлжлөг дор байсан. Үүнээс гадна Иудейчүүдийн хаан Херод заль мэхтэй, шударга бус, ёс бус байдлаар дүүрэн хүн байсан. Үүнээс гадна Бурханы үгийг дамжуулдаг шашны удирдагч нар ялзран доройтож жинхэнэ сүнсний хоньчингүй хонь мэт ард түмэн төөрч ядуурал ба өвчинд нэрвэгдэн чөтгөр ба муу сүнсэнд эзэмдүүлэн үгээр хэлэхийн аргагүй зовж байсан. Энэ цаг үе бол сүнсний түнэр харанхуй үе байсан. Харин Есүс залбирлаар дамжуулан тухайн цаг үеийн хамгийн гол асуудал нь эдгээр нүдэнд харагдах асуудал биш. Харин ийм цаг үед ард түмэн болоод хоньдод Бурханы амийн үгийг дамжуулах жинхэнэ сүнсний хоньчид хэрэгтэй байсан. Тиймээс Есүс сайн мэдээ ба Бурханы ажилд өөрсдийгөө бүрэн зориулах арван хоёр элчийг сонгон өсгөхөөр шийдсэн. Тэгвэл Есүс яагаад 12-г л сонгож байна вэ? Яагаад 12000, эсвэл 120000 хүнийг сонгоод элч нар хэмээн нэрлэсэнгүй вэ? Яагаад арван хоёрыг л сонгосон бэ? 12 гэсэн тоо нь хуучин гэрээний үеийн Израилын 12 овгийг билэгддэг. Бурхан анх Израилын 12 овгийг сонгон дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээг тараах авралын ажилд хэрэглэхээр босгосон байдаг. Үүнчлэн Есүс ч гэсэн 12 элчийг сонгосон нь бүх дэлхийд сайн мэдээг тунхаглаж бүх дэлхийг аврах гэсэн зорилготойгоор сонгосон билээ. Магадгүй бүх дэлхийн хүмүүсийг аврахад 12 бага тоо юм шиг байна. Гэвч энэ нь Бурханы авралын ажлын мэргэн ухаан байсан.
Бурханы авралын түүхийг харвал аль ч үед олон хүнээс илүүгээр нэг хүн асар их нөлөөтэй байсныг мэдэж болно. Жишээлбэл, Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээс татгалзаж нүглийн цаг зуурын жаргалаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг сонгосон нэг хүн Мосегээс болж израилчууд Египетээс эрх чөлөөг олж аврагдах агуу гайхамшигт түүхийг туурвиж чадсан. Бас Иошуа гэгч нэгэн итгэлт жанжин байсан учраас израильчууд Канаан нутгийг байлдан дагуулах агуу үйлсийг бүтээж чадсан. Давид гэгч Бурханы сэтгэлд нийцсэн нэг сүнсний удирдагч байсан учраас израилчууд Шүүгчийн үеийн эмх замбараагүй байдлаас гарч Нэгдсэн Израилын Хаант Улсыг байгуулж чаджээ. Израилчууд Вавилонд цөллөгдөж үндэстнээрээ цөхөрсөн цаг үед Иерусалимын зүг харан амь тавин залбирсан нэг хүн Даниелаас болж Израилын сэргэлтийн гал унтралгүй бадарч чадсан. 1-р зуунд Бурханы зарлигийг сэтгэлдээ хадгалж Есүсийн сэтгэлээр хоньдыг хайрласан Элч Паул байсан учраас цөл мэт байсан Ази болон Европт тоймгүй олон сүм, чуулган байгуулагдаж улмаар сайн мэдээний үйлс цэцэглэн дэлгэрч чадсан. Эдгээр хүмүүсээр дамжин Бурханы авралын ажил ямар ч үеүдэд, ямар ч хүнд хэцүү үед, ямар ч бэрхшээл зовлон, ямар ч ширүүн сорилт хавчлагыг даван туулсаар агуу түүхийг бүтээсэн.
II-т Есүс цөөхөн хүнд хүсэл найдвар тавин хайр ба тэвчээртэйгээр үйлчлэх чиглэл авсан. 17-р эшлэлийг харвал Есүсийг асар олон дагалдагч нар дагаж байсныг мэдэж болно. Харин Есүс өөрийг нь дагаж байсан тэдгээр олон дагалдагч нараас 12-г сонгон элч гэж нэрлэсэн. Сайн мэдээний 4-н номыг харвал шавь нарын байдал байнга өөрсдийгөө төвд тавьдаг, дэлхийлэг үзэл бодолтой, хувийн хүсэл шуналтай, бусдад атаархдаг, амбиц ихтэй, залбирдаггүй, аймхай, сул дорой хүмүүс байсан. Харин Есүс одоогийн байдал дээр нь төвлөрөөгүй. Харин тэдэнд хүсэл найвар тавин харж ирээдүйд хэн болохыг нь илүү харсан. Тиймээс хүсэл найдвар тавин тэдэнд 3-н жилийн турш хайр ба тэвчээртэй үйүлчилсэн Есүсийн үйлчлэлийн дараа Ариун Сүнсээр дүүрэн юунаас ч, хэнээс ч айхгүй, маш зоригтойгоор сайн мэдээг ямар ч үед дэлгэрүүлдэг, Бурханы талд зогсдог хөдөлшгүй бат бөх сүнсний жанжид болсон. Тэд Есүсийг тэнгэр өөд явсны дараа 1-р зууны үед болсон ширүүн хавчлагыг итгэлээр даван туулж, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тарааснаар хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн агуу хүмүүсээр амьдарсан. Бид ч гэсэн энэ цаг үед Бурханы хариуцуулж өгсөн хоньдод хүсэл найдвар тавин хайр ба тэвчээртэйгээр үйлчлэх үед тэд Есүсийн шавиар өсөж чадна.
Ихэнх хүн нэг дор олон хүн цуглуулж зуу зуугаар, мянга мянгаар хүмүүсийг гэмшүүлж том том сүм чуулган байгуулах нь Бурханы ажил хэмээн боддог. Гэвч өнөөдрийн номлолоос харвал цөөхөн тооны хүнд хүсэл найвар тавин хайр ба тэвчээрээр үйлчилснээр цөөн тооны шавь нарыг босгох нь Бурханы ажил гэдгийг заан өгч байна. Тиймээс бид өөрсдийгөө голж, бид цөөхүүлээ, манай хэсэг 4-хөн гэр бүлтэй хэмээн бодож болохгүй. Харин түүний оронд Бурханы даатгаж өгсөн нэг хүнд Есүсийн дотор хүсэл найдвар тавин хайр ба тэвчээртэйгээр үйлчлэх нь энэ цаг үеийн Бурханы ажил байна. энэ цагт манай чуулганы хүн нэг бүр Бурханы зөвшөөрч өгөх нэг сүнснийг, Есүсийн дотор хүсэл найдварын нүдээр харж, Есүсийн хайр ба тэвчээрээр үйлчилснээр энэ цаг үеийн элч нарыг босгож чадахыг хүсэн гуйж байна.
Өнөө үеийн дэлхий ертөнцийг хараарай. Сүүлийн хэдэн жил дэлхий даяар тархаж буй корона цар тахлаас болж сүнсний хувьд улам дорой, харанхуй үе ирж байна. Хүмүүс хамтдаа цуглан уулзаж нөхөрлөхөөс илүү хувь хүн бие даасан хөгжлийг илүүд үзэн олон нийтийн хурал цуглаанаас татгалзсаар байна. Энэ нөлөө сүм чуулганд, итгэгчдэд хүртэл нөлөөлж хамтдаа цугларах, Бурханд хамтдаа хүндэтгэл мөргөл өргөх, итгэл дотор нөхөрлөх, сайн мэдээ тараах зэрэг Бурханы ажилд маш том саад болж байна. Мөн улс орны эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол гэх мэт зүйлсээс болж хүмүүс айдас, санаа зориур, үл итгэл, сэтгэл санааны тайван бус байдал зэрэгт илүү автсаар байна. Оюутнуудын хувьд сурууль дээрээ хичээл номоо танхимд суугаад үзэхээс илүү гэрээсээ онлайнаар хийх болж их сургууль дээр очин фишин хийх, сайн мэдээ тараахад бэрх болж байна. Энэ мэт нөхцөл байдлын дунд хүмүүсийг 1:1-ны библийн хичээл, цуглаанд урин тэдэнд сайн мэдээ тараан Бурханы ажил хийх үнэхээр хэцүү, шантармаар харагдаж байна. Яг л Есүсийн арван хоёр элчийг сонгосон Израилчуудын сүнсний харанхуй үетэй адил. Гэвч бид ийм үед шантарч цөхөрч болохгүй бөгөөд харин Есүсийг дуурайн, Бурханы өмнө очин хичээнгүй сүнсний тэмцэл хийх хэрэгтэй. Тэр үед Бурхан бидэнд Сүнсний хүч ба мэргэн ухааныг өгөх болно. Мөн Есүс шиг олон хүнийг бус цөөхөн хүмүүст хүсэл найдвар тавин хайр ба тэвчээрээр үйлчлэх үед Бурхан биднийг ерөөж энэ цаг үеийн нэг хүн Абрахам, нэг хүн Мосе, нэг хүн Давид, нэг хүн Паул зэргийг богсох болно. Ирж буй шинэ онд манай чуулганы хүн нэг бүр, гэр бүл бүр, 1,2,3-р хэсэг бүр арван хоёр элчийг сонгосон Есүсийг дуурайснаар энэ цаг үеийн элч нарыг босгож чадахыг хүсэн гуйж байна.
Миний хувьд корона цар тахлын үед чуулганы үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн ч хэсэг сэтгэлээр унаж, шантарсан үе байсан. Чуулган нээгдсэн ч сентад өмнөх шиг өдөр бүр хонь, хоньчид орж гарах нь эрс багасч өдөржин ганцаар суух өдрүүд олон байсан. Мөн өглөөний гуйлт, гурав дахь өдрийн цуглаан өргөсөн ч оролцох хүнгүй ганцаараа суух өдөр цөөнгүй байсан. Библийн хичээлд шинэ, хуучин оюутнуудаа урьсан ч ирэхээсээ илүү ирэхгүй нь их. Ганц нэг хамтран зүтгэгчид итгэлийн бус өөр замыг илүүд сонгож байгаа зэргийг харахад Бурханы ажил явагдахгүй байгаа мэт хэцүү санагдсан. Заримдаа би муу, чадахгүй байгаа учраас Бурханы ажил сайн явагдахгүй байгаа мэт бодогдох үе ч байсан. Гэвч өнөөдрийн номлолоор дамжуулан Бурханы ажил сүнсний ажил гэдгийг гүнзгий сурч байна. Би мах цусны эсрэг тэмцэх биш харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид болох ёрын муу сүнслэг хүчний эсрэг тэмцэх хэрэгтэй гэдгийг сурч байна. Шантарч цөхөрмөөр хэцүү харанхуй үе байсан ч Есүс шиг Бурханы өмнө очин залбиралд өөрийгөө бүрэн зориулж сүнсний тэмцэл хийснээр Бурханаас ирдэг чиглүүлэг ба мэргэн ухаан, Ариун Сүнсний хүчийг авч амьдрах хэрэгтэй гэдгийг сурч байна. Мөн энэ цаг үед миний хийх зүйл олон хүнээс илүү цөөн хүнд хүсэл найдвар тавин, хайр ба тэвчээрээр үйлчлэн Бурхан нэг хүнийг босгох нь Бурханы хамгийн том ажил байна гэдгийг сурч байна. Хайртай Бурхан Аав минь шинэ онд залбиралд өөрийгөө бүрэн зориулж сүнсний тэмцэл хичээнгүй хийж нэг оюутанд үйлчилснээр Есүсийн шавиар өсгөж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Энэ цаг үеийн хамгийн гол асуудал юу вэ? Корона цар тахал уу? эдийн засгийн хямрал уу?, нийгмийн тогтолцоо юу? Аль нь ч биш юм. Харин энэхүү харанхуй үеийг захирагч ёрын муу сүнслэг хүчний эсрэг бат зогсох, Бурханы амийн үгийг зөвөөр дамжуулах шавь нар цөөхөн байгаа явдал юм. Есүс биднийг аль түрүүнд энэхүү харанхуй ертөнцийн эсрэг тулалдах сүнслэг тулаанд дайтах дайчид байхаар өнө эртнээс дуудсан. Бид энэ тулаанд хэрхэн ялж чадах вэ? Есүсийн үйлдсэн шиг бид бүх зүрхээрээ хичээнгүй залбирч Ариун Сүнсээр хүчирхэгжин цөөн тооны шавь нарыг босгох явдал юм. Есүс энэ үед байсан бол энэ зүйлийг хийх байсан. Бид бол монгол ба дэлхийн их дээд сургуулиуд дээр муу сүнсний эсрэг сүнсний дайн хийж буй хүмүүс билээ. Ирж буй 2022 онд Бурхан биднийг залбирлаар дамжуулан шавь бэлтгэснээр энэ цаг үеийн элч нарыг босгодог чуулганаар ерөөх болтугай. АМЕН.