2021 оны сүүлчийн тусгай номлол (12.26) Н. Ариунболд хн

Эзэн бол миний хоньчин учир

Дуулал 23:1-6
Гол эшлэл 23:1

“Эзэн бол миний хоньчин. Надад дутах зүйл үгүй”

Өнөөдөр 2021 оны хамгийн сүүлийн ням гариг болж байна. Саяхан 2021 оныг угтан авч байсан юм шиг санагдаж байна. Харин одоо 2021 оныг үдэх цаг нэгэнт болжээ. Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг хурдан өнгөрч байна. 2022 оныг угтаж буй шинэ жилийн энэ өдрүүдэд бид юу хийж хэрхэн яаж өнгөрүүлэх ёстой вэ?
Дэлхийн хүмүүс, найз нөхөд, ажлын газрын хамт олонтойгоо шинэ оноо угтах мөн янз бүрийн байгууллагаас зохион байгуулсан үдэшлэг, цайллага, ёслолд оролцдог. Тэгээд шөнөжин оройжин ананастай тахиа идэж, архи ууж, бүжиглэж наргин цэнгэсээр бүхэл бүтэн жилийг дуусгах гэж байгаа байхаа. Өнгөрч байгаа жилийн турш тохиолдсон хэцүү зовлон бэрхшээлүүдийг архи, бүжиг, наргиан цэнгээнээр хэсэгхэн ч гэсэн мартаж шинэ оныг угтах гэдэг. Ер нь зовлон бэрхшээл, сэтгэлийн шарх нь бүжиг, наргиан цэнгээн гэх мэтээр анигдаж арилдаг бол хичнээн сайхан хэрэг вэ? Харин тийм биш байдаг. Архи нь гарч эрүүл болоод харахад улам их асуудал, сэтгэл зүрх нь бүр илүүгээр шархалж, ялагдаж утгагүй хоосныг мэдрэх болдог. Эцэстээ энэ бүхний дараа зөвхөн гэмийн үр жимс үлдсэн байдаг.
Тэгвэл итгэгчид бид шинэ жилийг яаж өнгөрөөх ёстой вэ? 2021 оныг үдэж буй сүүлийн хүндэтгэлийн цуглааны энэ өдөр бидний суралцах Бурханы зарлиг нь Дуулал 23-р бүлэг юм. Энэ бүлэг Дуулал номын хамгийн алдартай бүлэг бөгөөд хүмүүсийн хамгийн их хайрлаж магтан дуулдаг дуу юм. Энэ бол Израйлийн хамгийн алдартай агуу их хаан Давид өөрийн хүү Абсаломын урвалтаас болж, хааны ордныг охин зугтаж, маш хэцүү зовлон амссаныхаа дараа бичсэн шүлэг ажээ. Гэтэл энэ шүлгийг үзвэл Бурханд хандсан гүн талархал ба сэтгэлийн гүнээс гарч буй баяр баясгалан, сэтгэл ханамж дүүрэн бялхаж байна. Тэрээр амьдралын хэцүү зовлонгийн үед яаж ингэтлээ талархал, баяр баясгалангаар дүүрэн байж чадсан юм бол оо? Учир нь итгэлийн хүчээс болсон юм. Тэрээр дэлхийн том жижиг асуудалд анхаарч хандалгүй, нүдээ өргөн өөрийн хоньчин болсон Эзэн Бурханыг харсан юм.
Энэ номлолоор дамжуулан бид нар ч гэсэн бидний хоньчин болсон Эзэн Бурхантай шинээр уулзаж, нүдээ өргөн өөрийн хоньчин болсон Эзэн Есүсийг харж чадахыг хүсэн гуйж байна. Мөн өнгөрсөн оноо Эзэний дотор дүгнэж, сүнсний хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ оноо угтан авахыг хүсэн гуйж байна.
1-рт: ЭЗЭН бол миний хоньчин надад дутах зүйл үгүй.
1-р эшлэлийг үзээрэй. “”ЭЗЭН бол миний хоньчин надад дутах зүйл үгүй. Давид хаан амьдралынхаа хамгийн хэцүү цаг үед зогсож байсан ч “Миний амьдрал яагаад ийм зовлонтой байна вэ” гэж гаслан шантраагүй байсан. Харин ч эсрэгээрээ Бурхан Ааваа надад дутах зүйл үгүй гэж сэтгэлээ илчилж байна.
Түүний амьдралыг эргэн харахад дутуу зүйл их байсан. Тэрээр багадаа эцэг эхийнхээ анхаарлын төвд байгаагүй. Зөнч Самуел Бурханаас илгээгдсэн Иессигийн хүүхдүүдийн дотроос хаанаар томилох хүнд тос дусаахаар ирэхэд Давидын аав Иесси 7 хүүхдээ Самуелд танилцуулж, харин Давидыг үл тоомсорлосон. Давидын ах нар ч түүнийг тоодоггүй байсан. Тэрээр дайнд оролцож байгаа ах нартаа хоол унд аваачиж өгөхдөө “хонио хариулахгүй энд юу хийж байна” гэж загнуулж байсан. Гэрлэснийхээ дараа хадам аав Саул хаанд итгэмжтэй хандсан боловч эсрэгээр Саул хаан түүнийг алах гэж хэдэн жил мөшгөжээ. Давид хаан болсныхоо дараа Уриагийн эхнэртэй завхайрснаас болж яс янгинам зовлонг амссан. Тэрээр Бурханы шийтгэлээр хүү Абсаломын урвалтаас болж хааны ордныг орхин зугтсан. Давид энэ шүлгийг бичих үед ч сайн сайхнаас илүү, муу хэцүү нь их байсан юм. Энэ мэтээр түүний амьдрал дутуу дулимагаар дүүрэн байсан.
Тэгсэн боловч тэрээр Бурхан Ааваа надад дутах зүйл үгүй гэж хэлж байна. Хэцүү зовлон үргэлж тулгарч байгаа боловч яагаад ийнхүү надад дутах зүйл үгүй гэж дуулж чадсан бэ? Нэг үгээр хэлбэл тэрээр Эзэн Бурханыг өөрийн хоньчин гэж тооцож Түүний халамжийн дор амьдарч байсан учраас юм. Тиймээ бид нар ч гэсэн Эзэн Бурханыг өөрсдийн хоньчиноор тооцож, Түүний хайр халамжийн дор амьдарвал дутах зүйл нэг ч үгүй амьдарч чадна.
Эзэн бол миний хоньчин. Надад дутах зүйл үгүй. Давид өөрийгөө нэг хонь хэмээн хүлээн зөвшөөрсөн. Бидний сайн мэддэгчлэн хонь бол хурц шүд ч үгүй, олигтой эвэр ч үгүй амьтан билээ. Хөл нь богино учир хурдан сайн гүйж чадахгүй. Бас харах чадвар муу тул урьдах зүйлээ ч олигтой ялгаж харж чаддаггүй. Гэсэн ч бас зөрүүд зантай. Өнөөдөр арабчууд хонийг ухаан муутай, зөрүүд зантай, хүний үгэнд ордоггүй амьтан гэж тооцдог. Тиймээс тэдэнд хамгийн зэвүүн сонсогддог хараал нь “хонь шиг амьтан” гэсэн үг гэнэ.
Давид хэдийгээр Израйль улсын хаан байсан ч Бурханы өмнө хонь мэт сул дорой гэдгээ сайн ухаарсан. Ер нь хүмүүс өөрийг нь барьж идэх гэж дайрч буй гэм ба сатаны өмнө ямар ч хамгаалалтгүй байдаг. Гэвч олон хүмүүс өөрийн үнэн байдлыг ухааралгүй Бурханыг үл тоомсорлон дур зоргоороо амьдардаг. Тиймээс зарим нь араатны саварт өртөж, зарим нь шавар намганд шигддэг. Тэд ихэмсэг бардам, сэтгэл сүнсний мэдлэггүй зөрүүд занд автагдаж, хорон муу сүнсэнд эзлэгдэж амьдардаг. Харин Давид өөрийгөө хонь болохыг, Эзэн Бурхан бол өөрийнх нь жинхэнэ хоньчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Хоньчин хүн хоньдынхоо төлөө байдаг. Хоньчин бол хоньдын хамгаалагч, хангагч, удирдагч юм. Сайн хоньчин бол хоньдынхоо төлөө амиа ч золиослодог. Давид хаан орчлон ертөнцийг бүтээсэн төгс бүрэн хүчтэй Эзэн Бурхан өөрийнх нь хоньчин гэдгийг бодож санах бүр ямар ч хэцүү байдалд байсан ч талархал ба магтаалын сэтгэлээр дүүрэн бялхаж байсан. Давид хаан Эзэн Бурханыг хоньчноороо хүлээн зөвшөөрч, түүний халамж дор амьдарч байсан учир ямар ч хэцүү бэрхшээл дунд баяр баясгалан, амар амгалан, хангалуун сэтгэлийг эдэлж чадсан юм.
2-р эшлэлийг үзээрэй. Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, усны дөлгөөн тийш намайг хөтлөн. Бидний сайн хоньчин Бурхан бол Түүнд итгэдэг хүмүүсийг үргэлж ногоон бэлчээр, дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг юм. Давид хаан өнгөрснөө эргэж харахдаа Бурхан өөрийг нь шимтэй ногоон тал уруу удирдаж, тунгалаг устай газраар дагуулсныг мэдэрсэн. Хэцүү зовлонгийн дунд ч үргэлж амийн үгээрээ сүнсийг нь хооллож байгаа Бурханыг биеэрээ мэдэрсэн байх.
Давид хаан Бурханы өмнө сайн сайхныг үйлдсэн ч, эсвэл алдаа гэм гаргасан гэдгээ хараад бахархах юм уу эсвэл шантарч цөхрөөгүй юм. Тэрээр зөвхөн орчлон ертөнц, хамаг юмсыг бүтээсэн туйлын ариун, төгс бүрэн хүч чадалтай Эзэн Бурханыг харсан. Тэгээд энэ хязгааргүй Эзэн Бурхан газрын тоос мэт өөрийнх нь хоньчин болж, амьдралыг нь хамгийн сайн замаар удирдаж буй гайхамшигтай хайр ба энэрэнгүйг итгэлээр харсан. Тиймээс түүний сэтгэлийн гүнээс талархал ба магтаал өөрийн эрхгүй ундран гарч байна.
2021 оныг үдэж буй бидний сэтгэл ямар байна вэ? Зорьсондоо хүрээд сэтгэл хангалуун байна уу? Эсвэл залхуурал, сул дорой байдлаасаа болоод эсвэл хүч чадал дутаад, зорьсондоо хүрээгүй гуниг зовлон гомдлоор дүүрэн байна уу? Юу ч бүтээгээгүй, биелүүлээгүй байхад цаг хугацаа маш хурдан өнгөрсөнд харамсан харуусаж байна уу? Энэ цагт өнгөрсөн нэг жилийн турш бидний байдал ямар ч байсан бидний сайн хоньчин болж хамгийн сайн замаар удирдсан Эзэн Бурханыг харцгаая. Тэгээд орчлон ертөнцийг бүтээсэн, төгс бүрэн хүч чадалтай, бидний хоньчин болсон Эзэн Бурхантай хувьчлан уулзаж чадахыг гуйж байна.
2021 оны турш Эзэн бидний сайн хоньчин болж хамгийн сайн замаар удирдсаныг ухаарч талархаж байна. Бурхан Аав өнгөрсөн жилийн хугацаанд хэдийгээр ковид19 цар тахалтай байсан ч онлайнаар болон цуглаанд цуглаж амийн зарлигаа өгч байсанд талархаж байна. Залуучуудын конференц, намрын библийн конференц, Христмасын цуглаануудыг өргөх боломжийг өгч удирдаж өгсөнд талархаж байна.
Өдөр бүрийн хоол, өглөөний залбирлын цаг, гуйлтын цуглаануудыг онлайнаар өргөх боломжуудыг өгч удирдсанд талархаж байна.
Бид шинэ жилийн энэ өдрүүдэд сэтгэлийн хөөрлөөр дэлхийн аясыг дагах бус, харин Бурхан хүн тус бүрд үзүүлсэн талархлын сэдвүүдийг санан дурсаж, сэтгэлдээ сийлэхийг хүсэн гуйж байна. Тэгснээр бидний сэтгэл улам бүр талархал ба баяраар дүүрэн болохыг гуйж байна.
Бурханд хандсан талархал бол ямар нэг болзолыг сайн биелүүлснээр гардаг зүйл огт биш юм. Хэцүү зовлонтой байсан ч, хайр ивээлтэй байсан ч хувирдаггүй сэтгэл юм. Ядарч зүдэрсэн байсан ч, баяжсан ч, эрүүл чийрэг байсан ч, өвчтэй байсан ч, энэ жил тавьсан зорилгодоо хүрсэн ч, хүрээгүй ч бид өөрсдийн хоньчин болсон Эзэн Бурханыг харж магтаж талархацгаая. 2021 оныг үдэж буй энэ цагт талархалын сэдвүүдээ олж Бурханд өргөснөөр сэтгэлдээ улам илүү талархал ба баяр баясгалангаар дүүрэн бялхсан шинэ он болохыг хүсэн гуйж байна.
2-рт: Тэр миний сэтгэлийг сэргээдэг
3-р эшлэлийг үзээрэй. “Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг.” Энд сэтгэлийг сэргээнэ гэдэг үг нь амилуулна,буцааж ирүүлнэ гэсэн утгатай юм. Давид хаан хоньчин болсон Бурхан түүний сэтгэлийг дахин сэргээснийг биеэрээ мэдэрсэн юм. Энэ нь Давид хаан өмнө нь сүнсний үхэл буюу сүнсний саатлыг бодитоор үзсэн гэсэн үг юм. Итгэгч бид нар ч гэсэн сүнсний үхэл буюу сүнсний сааталд орох тохиолдол байдаг. Бид 1-рт гэм үйлдсэнээр, 2-рт Бурханыг сайн мэдэхгүйгээс болж сүнсний үхэл буюу сүнсний сааталд ордог.
1-рт: бид гэм үйлдвэл Бурхантай холбоо тасарч сүнсний гүн сааталд ордог.
Давид хаан бүх дайснуудаа байлдан дагуулж нэгдсэн Израйль улсын хаан болж эрх мэдэл ба нэр алдрын дээдийг эдэлж байсан. Түүний түшмэл, жанжингууд дайны талбарт очиж байлдах үед тэрээр залхуу хойргоосоо болж орой босож усанд орж буй нэгэн эмэгтэйг харсан. Тэр итгэмжит жанжин Уриагийн эхнэр байсан. Давид хаан энэ эмэгтэйтэй садар самууныг үйлдэж, улмаар үүнийгээ нуухын тулд Уриаг ширүүн дайны талбар уруу явуулж, түүнийг дайсны гараар алуулсан аймшигтай гэмт хэрэг үйлдсэн. Гэсэн ч тэрээр үйлдсэн гэмт хэрэг нь хичнээн ноцтой болохыг ухаарахгүй байсан. Үүнээс болж Бурхан маш ихээр уурлаж, зөнч Натаныг явуулж түүний гэмийг зэмлэсэн.
2 Самуел 12:7-13 дээр “Юунд чи Эзэний мэлмийн өмнө мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов… Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ”.
Дуулал 51-р бүлэгт Давид хаан Уриагийн эхнэртэй завхайрлын гэм үйлдсэний дараа орсон сүнсний саатлыг сайн харуулж байна. Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч. Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач. Миний ариун сүнсийг надаас бүү аваач… Бурхан, миний авралын Бурхан намайг цусны буруугаас авраач. Эндээс харвал тэрээр гэм үйлдсэнийхээ дараа Бурханыг магтаж байсан сайхан дуу хоолой болон бүгдийг алдсан. Тэр үхлийн харанхуй сүүдэрт байх болсон.
Давид хаан уг нь Бурханаас эмээн хүндэтгэдэг Бурханд таалагдсан агуу их хаан байсан. Түүний явсан дайны талбар бүрт ямагт ялалтууд байсан. Гэвч тэр гэм үйлдсэнийхээ дараа хүнд шархдаж, дайны талбарт ялагдсан цэрэг мэт махбодиор амьд боловч сүнс нь үхсэн хүн мэт болсон. Ийм байдалд орсон тэрээр Натан зөнчийн зэмлэлийг сонсоод гэмээ гэмшсэн. Тэрээр гэмээ гэмшсэнээрээ Бурхантай дахин хувиар уулзаж чадсан юм. Дэлхийн нэр алдар, баян чинээлэг амьдрал түүний сүнсийг сэргээж чадаагүй. Зөвхөн Бурханы гэмийг өршөөдөг хайр ивээл л түүнийг сэргээсэн юм.
Эндээс бид яавал өдөр бүр сүнсээ сэргээж, амийн хүчээр дүүрэн амьдарч чадах нууц аргыг сурч болно. Тэр арга нь ганцхан бөгөөд Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшсэнээр Бурханы өгдөг өршөөлийн хайр ивээлийг дүүрнээр авах явдал юм. Бид өдөр бүр бидний сэтгэлийн гүнд нуугдаж байгаа амиа бодогч сэтгэл, ихэмсэг сэтгэл, завхайрал, мөнгийг дээдэлсэн шунаг сэтгэлийг чин сэтгэлээр гашуудан гэмшсэнээр сүнсний сэргэлтийг өгдөг Эзэн Бурхантай уулзаж чадахыг хүсэн гуйж байна. Тэгснээрээ амийн хүчээр дүүрэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Өнгөрсөн 1 жилийн турш бидний үйлдсэн гэм нүгэл, алдаа зөрчил бүрийг гэмшүүлж, бидний сүнсийг сэргээдэг Бурхан Аавдаа талархаж байна.
2-рт Бид Бурханыг сайн танин мэдэхгүй байвал сүнсний сааталд ордог.
Жил болгон олон хүмүүс конференц, христмасын баяраар дамжуулан гэмээ гэмшиж, Есүсийг өөрийн аврагч Эзэн хэмээн хүлээн зөвшөөрснөөр аврагдаж, сүнсээр дахин төрж, Бурханы хязгааргүй хайр ивээлийг дүүрнээр амсдаг. Түүний дараа Бурханы өмнө ариунаар амьдрах гэж тэмцдэг. Бурханаас авсан үүргээ биелүүлэхийн төлөө оюутан залууст сайн мэдээ тарааж, библийн хичээл хийдэг. Харин заримдаа сүнсний ямар ч хүчгүй болж, итгэлээр өсөхгүй, баяр хөөргүй урсгалаараа амьдардаг. Ийм болсон хүний сүнсний асуудал нь юу вэ? Яагаад итгэлээр амьдарч байгаа боловч үхсэн хүн мэт арай ядан амьдарч байна вэ?
Учир нь Бурханыг танин мэдэх мэдлэг дутуу байгаатай холбоотой юм. Энэ мэдлэг нь оюун ухааны мэдлэг биш, харин амьдрал дээр Бурхантай биеэрээ уулзаж мэдрэх мэдлэгийг хэлж байна.
Бидний итгэлийн түвшин Бурханыг хэр сайн танина, төдий чинээ өндөр байдаг. Бурханы ертөнц хүний төсөөлж байгаагаас ч хязгааргүй юм. Бид Бурханы мөн чанарыг сайн мэдэхгүй учир, Бурханы өгсөн хайр ивээлийг сайн мэдэхгүй учир итгэлийн гүехэн усан дотор байдаг. Тийм учраас Бурханы гайхамшигтай ертөнц буюу бидэнд тавьсан агуу хүсэл мөрөөдөл, агуу таалал, агуу хайр ивээл зэргийг мэдрэхгүй өчүүхэн зүйлээс зууралдан маргалдаж, үзэн ядаж, атаархаж, гомдоллож, гунигтайгаар өчүүхэн мэт амьдардаг. Ингэж амьдарч байгаа хүний сүнс үхмэл байдал буюу сүнсний сааталд орсон гэсэн үг юм. Ийм сүнсний үхлээс сэрэхийн тулд бид Бурханыг сайн мэдэх хэрэгтэй.
Тэгвэл бид яавал Бурханыг танин мэдэх вэ?
Цангасан янзага усыг эрэн хайдаг шиг Бурханыг эрэн хайвал олох болно. Давид хаан “Буга усны урсгалуудыг хүсэхийн адил миний сэтгэл Бурхан Таныг хүсдэг. Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.” гэж бичжээ.
Одоо бид нар амийн хүчээр дүүрэн амьдарч байна уу? Итгэлийн амьдралд Бурханы авралын ажлын төлөө гэсэн гал мэт дүрэлзэх агуу хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдарч байна уу?
Хэрвээ тэгж амьдарч чадахгүй байгаа бол сүнсний үхмэл байдлаасаа сэрцгээе. Цангасан янзага усыг эрэн хайдаг шиг Бурханыг хүсч, Бурханыг илүү сайн мэдэхийн тулд библийг сайн уншицгаая. Тэгснээрээ бидний сүнсийг сэргээдэг Бурхантай уулзаж талархал магтаалыг өргөцгөөе.
Дүгнэлт: Одоо 4-6 эшлэлийг үзээрэй. “Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ. Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ. Өөрийн минь толгойг тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам. Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань насан туршид минь намайг лавтай яа дагана. Эзэний өргөөнд би мөнхөд оршин сууна.”
Давид хаан хоньчин болсон Эзэн Бурхан өөрийг нь шимтэй ногоон талд хэвтүүлж, амрах устай газар уруу удирдаж сүнсийг нь сэргээж, зөвтийн замаар хөтөлсөнд талархан магтан дуулсан. Мөн үхлийн харанхуй хөндийгөөр явсан ч хамгаалж, дайсных нь өмнө зоог бэлтгэж, тос дусааж буй Бурханы хайр ивээлийг магтан дуулсан. Бурханы агуу хайр ивээлийг бодохдоо түүнд Бурхан Ааваа Миний аяга дүүрэн бялхаж байна гэхээс өөр хэлэх үг олдохгүй байсан байхаа.
Энэ дэлхийн эрх мэдэлтэй, баян, эд баялагтай боловч сэтгэлд нь Бурхан байхгүй хүмүүс “Аа яана аа. Миний аяга хоосон байна, дүүрээгүй байна” гэж санаа алддаг. Иймэрхүү хүмүүс нь сүнснийхээ аягыг Бурханаас өөр зүйлээр дүүргэх гэсэн учраас сэтгэл дундуур байгаа юм.
Бурхан бидний сүнсэнд Бурханаар л дүүргэхийг хүсэж байна. Мөн Бурханаар дүүрсэн хүмүүсээр цуглааныг дүүргэхийг хүсэж байна. Цаашлаад Бурханаар дүүрсэн цуглаанаар дэлхийг дүүргэхийг хүсэж байна. Бидэнд хайр ивээлээ үзүүлж, бидний аягыг дүүргэдэг, жинхэнэ хоньчин болсон Эзэн Бурханыг магтацгаая.
Өнгөрсөн 1 жилээ эргэн нэг харахад Бурханы ивээл хайр миний амьдралд бялхам дүүрэн байна. Хайр ивээлээр дүүрэн конференц, Христмас, Амийн үг, библийн хичээл, өглөөний залбирал, ажлын загалмай, эрүүл мэнд гээд бүхий л зүйлээр хангаж өгч удирдаж байгаа Бурханд талархаж байна. Өөрт байгаа бүхий л зүйлд талархаж байна. Эзэн бол миний хоньчин. Надад дутах зүйл үгүй. Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг билээ. Ковид19 цар тахлын үед ч гэсэн орхилгүй, хамгийн сайн замаар удирдаж, хамгаалж байсан Бурхан Аавдаа талархаж байна.
Ирж буй 2022 онд ч гэсэн бид бүхэн тус бүрдээ Эзэн Бурханыг миний хоньчин хэмээн хүлээн зөвшөөрч Түүний сайн хонь болж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Эзэн бол миний хоньчин. Надад дутах зүйл үгүй.Амен.

өмнөх нийтлэл2022 оны эхний тусгай хичээл (01.02)
Дараагийн нийтлэл2022 оны эхний Лук тусгай номлол (01.02) Э. Ганболд хн