Авралын эвэр, Дорнын гэгээ Есүс
Лук 1:57-80
Гол эшлэл 1:69
“Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов.”
Мэрри Христмас! Аврагч Эзэн Есүс мэндэлсний баярын мэнд хүргэе. 2021 оны турш амийн зарлигуудыг өгч, ивээл ба ерөөлтэй замаар удирдсан Бурхандаа талархал болон магтаалыг өргөцгөөе.
Би 10-р ангидаа Есүстэй уулзах гэж энд ирсэн бөгөөд библийн хичээлээр дамжуулан Есүсийг олж харсан юм. Анх удаа христмасын хичээл хийж зул сарын баяр болох христ мэндэлсэн баяр нь ямар их утга учиртай, үнэ цэнэтэй баяр болохыг ойлгосон. Библийн хичээл дээр гардаг дорно зүгийн 3-н мэргэнтэй хамт баярлан хөөрч байсан минь саяхан. Тэр үед баярлан хөөрч байсан минь одоо ч гэсэн сэтгэлд тодхон үлджээ.
Өнөөдрийн зарлиг бол Захариагийн магтан дуулал юм. Энэ дуунд Захариа Өөрийн ард түмэн дээрээ ирэн золилтыг биелүүлсэн Бурханы нигүүлсэнгүй хайрыг магтан дуулж байна. Мөн Бурханы авралын түүх хэрхэн бүтдэг вэ? гэдгийг харж болно. Бурханы агуу ивээлээр бидэнд илгээгдсэн “Авралын Эвэр, Мандах Нар” болсон Христийг Бурхан Давидын гэрээс босгосон байна. Энэ цагт Захариагийн магтан дууллаар зөгнөж буй “Авралын Эвэр, Мандах Нар” болсон Христийн мэндэлсэн мэдээ нь гэм ба үхлийн сүүдэрт сууж буй бүх хүмүүст, мөн энд сууж байгаа бид бүхний зүрх сэтгэлд гэрэл болон орж ирэхийг хүсэн залбирч байна.
1. Тахилч Захариа (57-66)
57-р эшлэлийг үзээрэй. “Элизабетын төрөх цаг нь болж хүү төрүүлэв.” Бид нар өмнөх хичээлээр Захариа болон Элизабетын талаар суралцсан байгаа. Харин өнөөдөр энд ирсэн хүмүүст жаахан тайлбар хийх хэрэгтэй байх. Захариа нь Израйлын тахилч байсан бөгөөд Бурханы зарлигийг ард түмэнд зааж сургадаг багш мөн ард түмний төлөө Бурханы тахилын ширээний өмнө очиж зуучлан залбирагч байлаа. Захариа болон Элизабет нь тахилч гэр бүл бөгөөд Бурханы өмнө амьдардаг зөвт гэр бүл байсан. Энэ талаар Лук 1:6 дээр маш тодорхой хэлсэн байдаг. Бурханы бүх зарлигийг өөгүй дагаж зөвт амьдарсан гэж бичсэн. Харин ийм тэдэнд нэг асуудал байсан бөгөөд үр хүүхэд заяагаагүй байлаа. Гэхдээ тэд Бурханыг буруутгалгүй түүний өмнө зөвтөөр амьдарч байлаа. Хүмүүс юу гэж хэлэх нь чухал биш гагцхүү Бурханы өмнө амьдарч байлаа. Өөрсдийгөө Бурханы өмнө би хэн бэ гэж хайн амьдарсан.
Одоо 58-р эшлэлийг үзээрэй. “Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа.” Бурхан Захариагийн залбирлыг хариулж өгсөн. Жаахан оройтсон ч гэсэн Захариагийн гэрт хүү төрсөн. Элизабет нь хүүгээ тэврэн өөртөө ч итгэж чадахгүй байсан байх. Өнгөрсөн хугацааны гуниг шаналал нь ах дүү нартайгаа хуваалцсан дуусашгүй их баяр хөөрөөр солигдсон.
Захариа болон Элизабетын амьдрал өнөөдөр энэ цаг үед амьдарч байгаа бидэнд тайвшрал болон тайтгарал болж байна. Өнөөгийн Монголын дүр төрх, удирдаж байгаа удирдагч нарын үг ба үйлдэл, авилга хээл хахуульд баригдсан төр, завхайрал архидалтанд живсэн хуурамч амьдрал, шунал хүсэл баян ядуугийн туйл газар авч буй харанхуй гэрэл гэгээ муутай энэ цаг үед Захариа болон Элизабетын жишээ хүсэл найдварын дэн болон сүүмэлзэж байна.
2021 оныг эргэн харвал бид бүхэн Бурханы өмнө амьдрах гэж залбирч эзний өгсөн үүргийг биелүүлэх гэж хичээн амьдарсныг харж болно. Ажил хийдэг хоньчид бүхий л загалмайгаа үүрч, үр хүүхдээ өсгөх ажлыг хийсэн. Ажил дээрээ дарга захирлын ая эв олох ажлаа үнэлүүлэх гээд л олон л асуудал байсан байх. Хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлэх, гайгүй юм заачих сургууль болон багшид өгөх гэж нилээн л юм болсон байх. Өвдөж халуурах, бэртэж гэмтэх зүйлс байсан ч тэсээд тэвчээд давсан байх. Эцэг эхчүүд хүслээрээ хүүхдээ удирдах гэж их ядарсан байх. Мөн эрүүл мэндийн асуудал ч биднийг тойроогүй дайраад л гарсан. Коронагаас болоод хайртай ах эгч, аав ээж, найз нөхдөө алдсан хүмүүс олон байна. Мөн бусдад хэлэхгүй, хэлж ч чадамгүй сэтгэлийн шарх, өвчин гунигийг тээгээд явахаас өөр аргагүй байсан. Хайртай нэгнээ холын замд явуулахаас өөр аргагүй хэцүү цаг үеийг бид туулсан байна.
Ийм үед манай хонь хоньчид хүн нэг бүр, гэр бүлүүдийг харвал Захариа болон Элизабет шиг амьдрахын төлөө хичээснийг харж болно. Баясаа хоньчин ядарсан ч гэсэн ажил, гэр, сэнтагийн ажлуудад итгэмжтэй байж даалгасан ажлаа тууштай хийж ирсэн. Үргэлж баяр хөөрийг өгдөг Ханна, үнэнчээр инээн хүлээдэг Сэцэн охин, хайраар халамжилж хамтран зүтгэж буй Сарнай хоньчин зэрэг дундаршгүй ерөөлөөр түүнийг босгон байгуулсаар байна. Мөн удахгүй бөөн баяр хөөрийг бэлэглэх шинэ амийг энэ гэр бүлд бэлдсэн. Нямаа Абрахам хоньчин цуглааны магтаал болон номлол, ажлын загалмайг итгэмжтэй үүрч 100 хувь давуулан биелүүлж хичээн амьдарч байгааг харж болно. Бурхан Нямаа Абрахам хоньчныг ерөөж Амартайваныг бэлэг болгон өгсөн. Тиймээ Бурханы энэрэл нийгүүлслээр нэг хүн, нэг гэр бүл Бурханы авралын түүхийн манаанд зогсон хэрэглэгдэж байгааг бид ойрхноос харж байна. Энэ нь бидэнд баяр хөөр, хүсэл найдвар болон ирж байна.
59-р эшлэлийг үзээрэй: “Ингээд 8 дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь”. Хүмүүс хуулийн дагуу хозлохоор ирсэн бөгөөд энэ үед хүүхдэд нэр өгдөг байв. Садан төрлүүд нь Иудейн заншлын дагуу эцгийнх нь нэрээр Захариа гэдэг нэр өгөх гэтэл эх Елизабет хатуу эсэргүүцэн “Түүнийг Иохан гэж дуудуулна” гэв. Гэтэл төрөл садангууд нь ёс заншлыг үл тоомсорлон, өөрсдийн удам сударт байхгүй нэр өгөх гэж байна хэмээн эсэргүүцэн Элизабетыг харан гайхшлаа баран уцаарлаж байв.Төрөл садангууд нь түмэн зовлонгийн эцэст олсон өнөөх хүү нь Захариагийн удмын ичгүүрийг арилган, тахилчийн удмын нэр хүндийг илүү өндөрсгөхийг хүссэн. Тэд ийнхүү зөрчилдөн эцсийн шийдвэрийг эцэг Захариад даатгав. Захариа ярьж чадахгүй байсан тул самбар гуйж аваад шууд “Түүний нэр нь Иохан” гэж бичив. Захариагийн энэ шийдэмгий байдал Елизабетын саналтай нийлж байгааг хараад хүмүүс бүгд гайхаж хоцров.
63-64-р эшлэлийг үзвэл. “Захариа самбар гуйж дээр нь Түүний нэр нь Иохан гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ.”
Бид Захариа Елизабет хоёроос иудейн болон удам угсааны ёс заншлаас илүү Бурханы тааллыг дуулгавартай дагаж буйг сурч болно. Иохан гэсэн нэр Захариагийн санаа биш байсан бөгөөд 10 сарын өмнө тэнгэр элчээр дамжуулагдан хэлсэн нэр байсан.Энэ нь тийм ч амархан шийдвэр биш байлаа. Ер нь хүүхдэд нэр өгөхөд, эцэг эхийн хүсэл мөрөөдөл тэр нэрэнд агуулагдаж байдаг. Манай ажил дээр ирж үйлчлүүлсэн нэг айлын 5 хүүхдийн нэр миний санаанаас одоо ч гардаггүй. Хаанхүү, Хантүшиг, Гүнжмаа, Ану-Үжин, Есүй-Үжин. Би хүүхдүүдийн нэрийг дуудаж гаргах үедээ баахан хаан, хатан, гүнж нартай харьцаж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Гэхдээ дотроо дэндүү хаан, хатан шиг нэр өгөөд хүүхдүүдээ багаас нь эрх танхи, эвгүй өсгөчих вий дээ гэж бодсоноо нуухгүй ээ. Хүн нэр шигээ амьдарна гэхээр бүгд л хаан хатан гүнж шиг амьдрах болно. Тэгвэл хэн боол, зарц, үйлчлэгч болох билээ. Бидний мэдэх Абрахам, Паул гэсэн хүмүүс нэрээ авсныхаа дараа Бурханд тослогдон гайхалтай амьдралаар амьдарсан.
Захариа гэсэн нэрний утга нь Ёхова санаж байгаа гэсэн утгатай бөгөөд харин Иохан гэдэг нь Бурханы Ёховагийн ивээл гэсэн утгатай. Захариа нь тухайн цаг үе болон ёс заншлаас илүү Бурханд дуулгавартай байж түүний хүслийн дагуу Бурханы авралын түүхийг үргэлжлүүлэн хүүгээ Иохан хэмээн нэрлэсэн. Захариа 10 сарын өмнө энэ нэрийг авсан бөгөөд ярьж чадахгүй болсноороо Бурханы ажлыг чимээгүй харж хүлээж залбирах дасгалыг авсан. Тэрээр Габриелын айлчлал, Элизабетын жирэмслэлт, Мариагаар дамжуулан Давидын удмаас үүрд мөнхийн хаан аврагч Есүсийн төрөлт, мөн Мариагийн 3 сарын айлчлал зэргээр дамжуулан Бурханы хийж буй авралын түүхэн ажлыг харсан юм.
Захариа амаа нээгдэнгүүт гомдлын үг урсгаж болох байсан харин тэрээр цээж нь дэлбэрэх мэт сэтгэл хөдлөн Бурханыг магтсан. Учир нь тэрээр дасгалын хугацаанд үл итгэлийг гэмшин Бурханы биелүүлж буй гайхамшигтай авралын түүхийг тунгаан бодсон тул түүний зүрхэнд Израйл болон хүн төрөлхтөнд тавьсан Бурханы нигүүлсэл ба Мессиаг илгээж буй Түүний ивээлийн тухай талархал магтаалаар дүүрсэн юм. Ийнхүү Захариагаар дамжуулан Бурханы ер бусын гайхамшгийг харсан, сонссон эргэн тойрныхон бүгд айдаст автав.
2. Авралын эвэр, Дорнын гэгээ болсон Есүс (67-80)
67-р эшлэлийг үзээрэй. “Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн” Захариа Ариун Сүнсээр дүүрч эш үзүүлэн магтан дуулж эхлэсэн
Захариа яагаад Бурханыг магтаж байн вэ? Түүний магтаалын агуулга нь юу вэ?
1-рт Бурхан өөрийнхөө ард түмэндээ тусласан учир магтаж байна.
68-г үзээрэй. “Израйлын Бурхан Эзэн магтагдах болтугай. Учир нь тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө Золилтыг гүйцээсэн юм.” Израйлын авралын түүхийг харвал Бурхан Малахи зөнчөөс хойш ямар ч эш үзүүлэгчийг илгээгээгүй. Бурхан өнгөрсөн 400 жилийн турш урт хугацаанд чив чимээгүй байсан. Тийм учраас Малахи зөнчөөс Есүсийн төрөх хүртэлх хугацааг чимээгүй үе, хар дарсан он жилүүд хэмээн нэрлэдэг. Үнэхээр хүнд үе байсан. Харин энэ их хүнд үеийн дараа Иоханы төрөлтөөр дамжуулан Захариа Бурханаас тэр урт удаан цаг үеийг сэрээж, өөрийн ард түмнээ хайрлан байгааг магтан дуулж байна. Бурхан Өөрийн ард түмэн дээр ирж, золилтыг гүйцээсэн учраас “бидэн дээр ирсэн” гэсэн нь Бурхан хайр нийгүүлслийг үзүүлэхийн төлөө ард түмэн дээрээ эргэн ирж тусласан гэсэн утгатай. Бурхан тэднийг орхилгүй 400 жилийн дараа эргээд ирэв. Ирэхдээ төгс хүчит, сүр жавхлант Бурхан маш даруу байдлаар малын тэвшинд хэвтсэн жаал хүүгийн дүр төрхөөр ирэв. Энэ нь сонгогдсон ард түмэнд хандсан Бурханы хувиршгүй хайр ба нигүүлсэнгүй өршөөлөөс болсон юм.
Тэгвэл Бурхан Өөрийн ард түмэн дээр ирээд юуг хийсэн бэ? “Золилтыг гүйцээсэн” гэв. Золилт гэдэг үг нь ямар нэгэн зүйлийг оронд нь өгч чөлөөлж аварна гэсэн утгатай. Өнөөдрийн номлолоор Бурхан Есүсийг энэ дэлхийд илгээн Түүний цусаар төлөөсийг төлөн, гэм ба сатаны боолчлолд буй хүн төрөлхтөнийг золин аварсан тухай гарч байгаа болно. Гэмийн боолоор амьдрахаас өөр аргагүй байсан хүн төрөлхтөнд хандсан Бурханы гайхамшигт хайр юм. Захариа ийнхүү Бурханы өршөөнгүй хайрыг ухаарсан учраас сэтгэл догдлон Бурханыг магтсан юм.
2-рт. Бурхан авралын Эврийг Давидын гэрт босгосон учраас юм.
69-г үзээрэй. “Бидний төлөө авралын Эврийг зарц Давидынхаа гэрт Тэр босгов.” Бурхан Өөрийн амлалтын дагуу Давидын удмаас авралын Эвэр Есүсийг өгсөн гэдгийг Захариа ухаарсан. (2Сам 7:13). Мөн 70-р зүйлийг үзвэл “Ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эртнээс нааш айлдсанаараа тэрээр үйлджээ.” Бурхан бол амлалтаа биелүүлдэг юм гэдгийг харж болно. Исаиа 9:6-7 зүйл дээр ийнхүү зөгнөгдсөн байдаг. “Учир нь бидний төлөө хөвгүүн төрж бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж, түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит Бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон гэж дуудна. Давидын сэнтий дээр түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн Эзэний хичээл зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно
Захариа яагаад Есүсийг “Авралын Эвэр” хэмээн дүрслэн илэрхийлсэн бэ? Хуучин гэрээнд эвэр нь хүч чадал ба хааны эрх мэдлийг билэгддэг байсан. Тиймээс Есүсийг авралын Эвэр гэсэн нь аврах хүч чадалтай, эрх мэдэлтэй “Аврагч Мессиа” гэсэн утгаар тайлбарлаж
байна. Мөн эвэртэй амьтдыг харвал ихэнх нь хүч чадалтай амьтад байдаг. Хаан дайснуудаа бут цохин ард түмнээ аврах гэвэл хүч чадалтай байх хэрэгтэй. Хүчирхэг биш бол ард түмнээ дайснуудад тавьж өгөхөөс аргагүй болно. Израил ард түмэн түүхээр дамжуулан энэ үнэн байдлыг биеэр маш олон амссан. Тиймээс Израйль ард түмэн Давид хаан шиг хүч чадалтай аврагч буюу улс төрийн Мессиаг хүсэн тэмүүлж байлаа. Харин Захариагийн хэлж буй авралын Эвэр нь Израил ард түмэн төдийгүй бүх хүн төрөлхтөнийг дайсан сатаны эрхшээлээс аврах хүч чадалтай Есүсийг зааж байна. Захариа эртнээс Бурхан эш үзүүлэгчдийнхээ амаар айлдсанаар авралын Эврийг босгосон гэж магтан дуулсан
71-р зүйлийг үзээрэй. Авралын Эвэр Есүс биднийг дайснууд ба үзэн ядагсдын гараас аварна хэмээн тунхаглажээ. Энд дурдаж байгаа дайснууд, биднийг үзэн ядагсдын гар нь Бурханы төлөвлөгөө ба удирдлагыг саатуулдаг Сатан ба бидний амьдралыг хороох гэдэг муу ёрын сүнснүүдийг зааж байна. Библийг үзвэл Ефес 6:12, Петр 5:8 дээр бидний дайсан болох тэнгэрлэг оршихуй дахь муу ёрын сүнслэг хүч болох сатан чөтгөрүүд гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Мөн ичлэл 12:3-г үзвэл сатаныг 7 толгойтой 10 эвэртэй хэмээн хэлсэн байдаг. Муу ёрын сүнс харанхуйн хүч нь ямар их хүчтэй бөгөөд хүнийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүний сул дорой чанарыг ашиглан хүмүүсийг гэм нүгэлд унаган сүлбэдэг гэдгийг харж болно.
Сатан хүмүүсийг бардам байдал, шунал хүсэл тачаал, айдас, үзэн ядалт, аминч сэтгэл гэх мэтийн эврээр сүлбэдэг. Мөн энэ ертөнцийн хуурмаг үзэл бодлууд, хүний онолууд, мөнгийг дээлэлдэг үзэл бодол, наргиан цэнгээн, эрх мэдэл, завхайрал гэх мэтийн эврээр ч хүмүүсийг сүлбэн Бурханы эсрэг дайсагнагч болгодог. Сатан эврээрээ сүлбэхэд түүнийг ялан дийлэх хүн нэг ч байхгүй. Хүн энэ дэлхийд хичнээн ухаантай, өндөр мэдлэгтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй, хүч чадалтай байлаа ч Сатан муу ёрын сүнсний төгс заль мэх ба гэмийн эрхшээлээс өөрийгөө болон бусдыг аварч чадахгүй юм.
Бурхан сатаны боолчлолоос чөлөөлөгдөх хүчгүй биднийг өрөвдөн хайрлаж, аврах хүч чадалтай авралын Эвэр Есүсийг босгож өгсөн. Гагцхүү Есүс л биднийг дайснууд ба үзэн ядагсдын гараас аврах агуу хүч чадалтай авралын эвэр юм. Бид одоо ямар эвэрт сүлбэгдэн, ямар гэмийн боолоор амьдарч байна вэ? Зөвхөн биднийг аврах хүч чадалтай авралын Эвэр Есүсийг хүлээн зөвшөөрснөөр гэм ба сатаны боолчлолоос чөлөөлөгдөж баяр хөөр үнэ цэнэтэй нэгэн болохыг хүсэн ерөөж байна. Энэ цаг үе дэхь сатан нь өнгө мөнгө болон шуналын эвэр, завхайрал үзэн ядалтын эвэр, атаархал болон хорслын эвэр, санаа зовнил болон ирээдүйдээ итгэж чадахгүй айдсын эврээр бидэн рүү дайрч байна.
Хүн хэзээ ч энэ эврийг дийлэхгүй юм. Хэн энэ эврийг дийлэх вэ? Давид хаан Дуулал 18:2-ийг үзвэл ийнхүү дуулсан байдаг. “Эзэн бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм.” Есүс бол миний авралын эвэр юм. Авралын эвэр Есүс гэм ба үхлийн хүчийг ялан дийлнэ. Авралын эвэр болсон Есүс хорон муу сатаны эврийг хааж миний бамбай болж миний хоргодох газар болох юм. Энэ цагт намайг аварсан авралын эвэр болсон Есүст бүх талархал магтаалыг өргөж байна.
3-рт Ариун ба зөвт байдалд айдасгүйгээр үйлчлүүлэхийн тулд юм.
72,73-р зүйлийг үзвэл “Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж, өөрийн ариун гэрээг дурсахын тулд юм. Бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг нь тэр гэрээ юм.” Бурхан арвалын Эврийг босгосон нь хүмүүсийг өрөвдөн хайрлаж мөн эцэг өвгөдөд өгсөн Ариун гэрээг биелүүлэхийн тулд гэв. Бурхан авралын ажлыг өөрийн нигүүлсэл ба амлалтанд үндэслэн биелүүлдэг гэдгийг мэдэж болно. Тэгвэл Бурхан биднийг дайснуудын гараас аварч буй зорилго нь юу вэ?
74,75-р зүйлийг үзээрэй. “Бид дайснуудын гараас аврагдаж айдас түгшүүргүйгээр ариун ба зөвт байдалд үүрд түүний өмнө үйлчлэхийн тулд болой.”
Биднийг аварсан зорилго нь Ариун бөгөөд Бүтээгч Бурханд амьдралынхаа турш баяр хөөртэйгээр үйлчлэх ерөөлийг эдлүүлэхийн тулд юм. Бурханы хүүхэд болсон учраас Бурханаас айлгүйгээр үйлчлэхийг хэлж байна. Үүрд түүний өмнө хэмээн тодотгон хэлж байна. Хүн угаасаа аврагдсаны дараа Бурханд үйлчлэн амьдрахгүй л бол хуучин гэмийн чанар ба зуршил нь эргэн өмнөхөөс илүү муу дорой байдалд биднийг оруулах аюултай. Захариагийн хувьд нэг л удаа утлага уугиулахаар орохдоо айдсаар дүүрэн байсан. Харин эшлэлийг харвал айх айдасгүйгээр амьдрах ерөөлийг бидэнд өгч байна. Бид нар авралын эвэр болсон Есүсээр дамжуулан ямар ч айх айдасгүйгээр Бурханд үйлчлэн амьдрах ерөөлтэй хүмүүс болсон.
Батбаатар хоньчин сургуулиа төгсөөд өөрийн хүссэн сургуульдаа дахин орж суралцсан боловч хоньчноор амьдрахын тулд сургуулиа орхин ажилчин хоньчин болсон. Нямдорж хоньчин ч бас ялгаагүй хөдөө явж мөнгө их олох ажлаас илүү Бурханд цаг зав гаргах ажлыг сонгон амьдарч байна. Энэ 2 хоньчин хоёулаа асрын амьдралаар амьдрах шийдвэр гарган сэнтаг цэвэрлэж, хонь хоньчдод баяртай сэтгэлээр үйлчлэн амьдарч байна. Энэ хоёр хоньчин энэ удаагийн Христмасын номлолоор илүү их хайр ивээл аван айж санаа зовох зүйлгүйгээр бүх асуудлаа Бурханд даатган, ямар ч үед Бурханыг баярлуулдаг амьдралаар амьдардаг энэ цаг үеийн Захариа болон Элизабетээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Бид Бурханд үйлчилмээр байсан ч гэмийн айдсаас болж ариун Бурханы өмнө зоригтой очиж чадахгүй байсан бол одоо Есүсийн цусны гавъяагаар гэмийн өршөөлийг авч, Бурханы өмнө зоригтой очин, ариун ба зөвт байдал дотор үйлчлэх болсон. Хүмүүс тэтгэвэрт гараад хийх ажилгүйгээсээ болж сэтгэл нь хоосрон, сэтгэл санаагар унаж янз бүрийн донтолт болон өвчин эмгэгтэй болж эхэлдэг. Харин Бурханд үйлчилдэг амьдрал тэтгэвэрт гарахгүй бөгөөд үхэх хүртлээ Бурханы даалгасан үүргийг биелүүлэн амьдардаг амьдрал юм. Энэ бол Бурханы хүүхдүүдэд өгсөн онцгой эрх ба хайр ивээл юм.
Одоо 76, 77-р эшлэлийг үзээрэй. “Хөвүүн, чи Хамгийн Дээд Нэгний эш үзүүлэгч гэж дуудагдах нь чи замыг бэлдэхээр Эзэний өмнө явж, нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг ард түмэндээ өгөхийн тулд юм.” Энэ эшлэлд Баптист Иоханы үүргийн тухай хэлж байна. Тэр Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдаж Эзэний өмнө явж замыг нь бэлдэнэ. Ялангуяа гэмийн өршөөлөөр дамжуулан аврал ирдэг гэдгийг ард түмэндээ мэдүүлнэ гэлээ. Баптист Иохан гэмийн өршөөл авч аврагдах гэвэл гэмших ёстой гэдгийг заасан. Гэмээ гэмшээгүй нэгэн нь гэмийн өршөөлөөр дамжуулан ирдэг авралыг мэдэхгүй. Тиймээс өнөө үед бидний тунхаглах авралын тухай хамгийн чухал зүйл бол гэмшлээр дамжин гэмийн өршөөл аван аврагдана гэсэн үнэн юм. Энэ цагт энд сууж буй та бүхэн мөн шинээр ирсэн хүмүүс ч гэсэн Есүс миний гэмийн төлөө загалмайд цусаа урсгасан гэсэн тэр үнэнд итгэх шийдвэр гаргаасай хэмээн хүсэн залбирч байна. Бид гэмээ хүлээн зөвшөөрч улайн гэмших хэрэгтэй бөгөөд гэмийн өршөөлөөр дамжин ирдэг авралд олон хүмүүсийг дууддаг Иохан шиг үүрэгтэй амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
4-рт Есүс нь Дорнын гэгээ болон ирсэн юм.
78-р зүйлийг үзээрэй. “Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв.” Захариа Есүсийг Дорнын гэгээ буюу мандах нартай зүйрлэн гэрчилж байна. Нар мандахын өмнө дэлхий хамгийн харанхуй байдаг бөгөөд харин нар мандвал түнэр харанхуй зайлж бүх газар гэгээтэй болдог. Тиймээс хүмүүс мандах нарыг харах үед хүсэл найдвар төрж, шинэ хүч ба урам зориг авдаг. Манай Монголчууд шинэ оны нар үзэх гэж Чингэлтэй хайрхан, Богд уул, Хийморын овоо гээд л олон ууланд гардаг. Тэгээд нар мандахад хүслээ шивнэнэ найдварыг билэгдэн орилдог. Тэгвэл өнөөдрийн энэ номнууд дээр үүнээс ч илүү нар мандах бөгөөд таны зүрх сэтгэлд, таны амьдралд зөв болон шударгын нар болон мандах бөгөөд харанхуй ба үхлийн хүчийг дийлж амар тайваныг танд өгөхөөр ирсэн байна. Энэ нар, энэ гэгээ нь өнөөдөр бидний төлөө мэндэлж буй Авралын эвэр болсон хайрын хаан Есүс Христ юм.
Малахи 4:2-г үзвэл “Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд Түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно” гэв. Есүс мандах нар мэт бидэн дээр айлчлан ирэхэд харанхуй ба үхлийн хүчин дор хүсэл найдваргүй хүчгүй амьдарч байсан бидний бүх шарх болон харанхуйн дундах айдас, ялагдсан сэтгэлүүд минь эдгэрнэ. Тэр үед бид нар хашаанаас гарсан тугалууд мэт баяртайгаар харайлган оодогнож, хүчтэй, өөдрөг хүсэл найдвараар дүүрэн шинэ амьдралаар амьдрах болно. Дорны гэгээ болсон мандах нар Есүсийн эдгэрлийн туяа нь зүрх сэтгэлийн өвчин төдийгүй махбодийн сул дорой өвчнийг ч гийгүүлэн эдгээнэ. Мөн гэмийн өршөөлөөр ирдэг жинхэнэ амар тайваныг өгч биднийг гэрэл гэгээтэй амьдруулах болно. Хүн харанхуйд байвал өөрөө хаашаа явж байгаагаа, аль зам нь зөв зам бэ гэдгийг ч мэдэхгүй амьдардаг. Харин Дорнын гэгээ мандах нар Есүс бидний явах замыг нь гэрэлтүүлэхэд бид амь ба амар тайвны замаар хөтлөх болно.
Номхон далайн эрэгт өдөр бүр нар мандаж жаргаж байдаг. Харин Дорнын гэгээ болсон Есүс нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд мандах нар болох юм. Бидний зүрх сэтгэлд үргэлжид амийн гэрлийг гэрэлтүүлэн бидний хөлийг амар тайваны зам руу удирдах Есүст бүхий л талархал магтаалыг өргөж байна.
Дүгнэлт : Бүгдээрээ 69-р эшлэлийг хамт уншицгаая. “Бидний төлөө авралын эврийг зарц Давидынхаа гэрт Тэр босгов.” Бид нарт сатаны гарт баригдан амьдрах үе байдаг. Ариун амьдарч чадахгүй, зөв шударга байж чадахгүй үеүүд ч байдаг. Бид нар бодохдоо үүнээс болоод Бурханы шийтгэл хүртэж, цаашлаад Түүнээс орхигдоно гэж айдаг. Бурханд эцэс хүртэл үйлчилж чадахгүй бол яана гэж айдаг. Тийм боловч Бурхан ивээл ба нигүүлслээр биднийг сатаны гараас авардаг. Түүгээр ч барахгүй биднийг тахилчаар босгон хүсэл найдвар тавьж үүрэг хариуцлага хүлээлгэн өгдөг. Бид энэ жилийн Христмасын баяраар Авралын эвэр, Дорнын гэгээ болон ирж буй Есүсийг өөрийн аврагчаар дахин дахин хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна. Авралын эвэр болсон Есүст түшиглэн намайг зовоодог бүхий л гэм нүгэл, үхлийн сүнснээс бүрэн ангижирч чадахыг гуйж байна. Мөн Дорнын гэгээ Есүс миний дотор дүүрэн орж ирснээр сэтгэл сүнс минь харанхуйн эрхшээлээс чөлөөлөгдөн, жинхэнэ гэрэлтэй, баяр хөөртэй, амар тайвны замаар явж чадахыг хүсэн гуйж байна. Ингэснээр бид нар хашаанаас гаран оодогонж буй тугалууд шиг баярлан хөөрч чадахыг хүсэн залбирч байна. Энд сууж байгаа бүх хүмүүсийн амьдралд Авралын эвэр, Дорнын гэгээ болсон Есүс орсноор амар тайван ба баяр хөөрөөр дүүрэн амьдардаг хүмүүс болоосой хэмээн хүсч байна. Бидний баярладаг шинэ жил болон зул сарын баяр нь зүгээр нэг идэж уугаад өнгөрдөг баяр биш бие биендээ хайр, баяр хөөр, гэрэл гэгээг бэлэглэдэг юу юунаас илүү хамгийн үнэ цэнэтэй Есүс Христийг бэлэглэдэг баяр байгаасай хэмээн хүсэн гуйж байна.
Бүгдээрээ бидний төлөө энэ дэлхийд ирсэн Авралын эвэр, Дорнын гэгээ Есүстэй хамт баярлан хөөрцгөөе.
Мерри Христмас!