2021 оны Христмасын 2-р хичээл (12.12) Ж. Мөнхтулга хн

Эзэний шивэгчин учир

Лук 1:26-56
Гол эшлэл 1:38

“Мариа—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.”

Хайр ивээл Ариун Сүнсээр дүүрэн хайртай Бурхан Ааваа өнөөдрийн өдрийг удирдан өгч байгаад талархаж байна. Христмас баярын 2 дахь цуглааныг өргөх боломж гарган өгсөнд баярлалаа. Өнөөдрийн үгээр дамжуулан таны үгнээс сайтар суралцаж мөн өөрийн амьдралдаа хэрэгжүүлж чадах хүчийг зөвшөөрөн өгөөч. Энд ирсэн хүн бүр дээр Таны АС бялхам дүүрэн байх болтугай. Бүгдийг таньд даатгаад Есүсийн нэр дээр даатган гуйж байна.
Өнөөдрийн зарлигаар дамжуулан Есүсийн эх Мариагийн итгэл, дуулгавартай байдлыг мөн энэ дэлхийд ирэх Есүс хэн бэ гэдгийг тодорхой суралцах юм. Захариа Елизабет нар харанхуй ямар ч найдваргүй мэт байсан ч Бурханд хандан үргэлж залбирч итгэлээ сахиснаар Авралын ажилд хэрэглэгдэх нандин сав болсон адил Мариа ч мөн итгэлтэй дуулгавартай байдлыг үзүүлэн Бурханы үгэнд итгэснээр өөрөө ч ойлгож мэдэж чадахааргүй гайхамшигтай ивээлийг хальтал дүүрнээр хүлээн авсан юм. Иймд өнөөдөр энэ цагт бидэнд Бурхан Өөрийн хайр ивээлийг хальтал бялхам дүүрэн ивээн өгөхөөр биднийг урьсан байна. Мариа адил төлөв даруу байхад удирдан өгөөч. Энд ирсэн бүгдэд ивээлээ хальтал дүүргэн өгөөрэй.
26-р эшлэлийг үзээрэй. “Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ” Елизабет жирэмслэн 6 сар болоход Бурхан тэнгэрэлч Габриелийг Галилын Назар хотруу илгээв. Галилийн Назар нутаг нь тухайн үед улс төр ба шашны талаар гадуурхагдаж байсан ба харь үндэстэн их байсан. Иудейчүүд сонгогдсон үндэстэн болохын хувьд харь хүмүүстэй холилдсон Галилын Назар зохистой биш газар нутаг юм. Монголчууд ямар нэгэн байдлаар маргаантай зүйл гарах үед үндэстэн ястнаараа талцан нэг нэгнийгээ муулах хандлагатай байдагтай адил юм. Назар хот Галилын өмнөд хэсэгт байрласан жижигхэн газар нутаг. Одоогийнхоор нэг жижиг сум гэж ойлгож болно. Иохан 1:46-г үзвэл хүмүүс Назараас ямар ч сайн зүйл гарахгүй гэж боддог байлаа. Иудейчүүдийн хувьд аврагч Мессиа төрнө гэвэл хэн нэгэн итгэлтэй тахилчийн удмаас юмуу эсвэл боловсролтой гэр бүлээс гаралтай байх болно гэж тэд бодсон. Энэ дэлхийд ухаалаг байх нь нэг талаар хүмүүст зөв мэт боловч Бурханы хувьд эдгээр ухаалаг байдал нь хов хоосон салхийг хөөхтэй адил зүйл юм. Харин Бурханы төлөвлөгөө нь бидний бодож төсөөлж байснаас шал өөрөөр явагддаг билээ. Харин Есүс Иудейн төв газарт бус хэн ч анхаардаггүй, гадуурхагдсан хөдөөний Назарт амьдарч байсан төлөв даруу итгэлтэй хүмүүс болох Иосеф, Мариа нарыг Мессиаг төрүүлэх хамгийн чухал түүхэнд хэрэглэхээр сонгосон. Мариа Иосеф нар даруу байж Бурханы ажилд хэрэглэгдэх нандин сав болсон шиг бид ч мөн даруу төлөв байснаар Бурханы ажилд хэрэглэгдэх боломжтой билээ.
27-р эшлэлийг үзвэл Мариа Давидын удам болох Иосефтой сүй тавьсан байлаа. Иудейн заншлаар бол сүй тавьсан хос жил гаруй хугацааны дараа хуримын ёслол хийдэг байв. Гэсэн ч энэ хугацаа нь хууль ёсоор гэрлэсэнтэй адил тооцогдож дэр нийлэхээс бусад тал дээр гэрлэсэн эхнэр, нөхөр гэж үздэг байлаа. Ариун байдлаа сахин биеэ бэлдсэнээр Бурханы дотор энэ гэрлэлтээ өргөж буй хэрэг гэж үздэг байжээ. Энэ хугацаанд 2 хүн тусдаа өөрийнхөө гэрт амьдран хурим болон ирээдүйн амьдралд бэлддэг. Тэгвэл Иосефтой сүй тавьсан Мариагийн сэтгэл ямар байсан бол? Мт 1:18-25-г уншиж үзвэл Иосеф ядуу мужаан боловч Давидын үр удмын хувьд зөвт төлөвшсөн, итгэлтэй хүн байсан. Иосеф Давидын удмын хүн гэдэг нь Иудейчүүдийн хувьд маш өндөр нэр хүнд хайр ивээлтэй зүйл билээ. Учир нь бүхий л сайн зүйлс Агуу хаан Давидтай холбоотой байсан тул үнэнхээр талархмаар зүйл юм. Мариа ийм Иосефтой гэр бүл болж хүүхэд төрүүлэн аз жаргалтай амьдрах зүүд мөрөөдлөөр дүүрэн байсан.
Гэтэл Мариад гэнэт юу тохиолдсон бэ? 28-г үзээрэй. Тэнгэрэлч Габриел Мариад үзэгдэн ийнхүү мэндчилэв. “Ивээгдэгч ээ баярла! Эзэн чамтай хамт байна”. Харин Мариа энэ үгэнд ихэд цочин энэ нь юун мэндчилгээ байх вэ? хэмээн энэ талаар эргэцүүлэн бодов. Мариа одоо Иосефтой гэрлэх болсон ивээлдээ сэтгэл дүүрэн байсан тул үүнээс өөр ивээлийг төсөөлж чадахгүй байв. Гэтэл тэнгэрэлч түүнийг Эзэний ивээлийг авсан “Ивээгдэгч” гэв. Тэгээд дахин “Мариа бүү ай! Чи Бурханы тааллыг олжээ”хэмээн айж буй Мариаг тайвшруулав. Мариа Бурханы тааллыг олж ивээгдсэн гэдэг нь эсэргүүцэн, татгалзашгүйгээр Бурханы ивээлийг авсан гэсэн утгатай.
Тэгвэл Мариа ямар ивээлийг авсан бол? Энд “Ивээл” гэдэг үг нь ямар нэгэн сайн үйлс гаргаагүй байхад, ямар нэгэн онцгой болзлыг хангаагүй байхад Бурханы зүгээс үнэ төлбөргүй ирдэг бэлгийг зааж байна. Ер нь хүмүүс шагнал авах, эд материаллаг зүйлсээр дүүрэх, өвчин эдгэрэх, асуудал шийдэгдэх гэх мэтийн үед Бурхан ивээсэн гэж баярладаг. Мэдээж эдгээр нь Бурханы ивээл мөн. Гэвч үүнээс илүү харьцуулшгүй хамгийн үнэ цэнэтэй ивээл байдаг. Тэр нь чухам Есүс Христийн золиослолоор дамжуулан ирдэг авралын хайр ивээл ба Бурханы алдартай авралын түүхэнд нандинаар хэрэглэгдэх нь юм. Мариа энэ дэлхийн эмэгтэйчүүдийн дундаас хамгийн том ивээлийг авсан. Мариа одоо байгаа өөрт тохиолдсон зүйлсдээ хангалттай ивээлтэй байна гэж үзсэн. Хэдийгээр Мариа Бурханы онцгой ивээлийг хүртээгүй байсан ч гэр бүлийн халуун хайраар дүүрэн энгийн сайн ээж, сайн эхнэр болон амьдрах боломжтой. Энэ дэлхийн хүмүүсийн адилаар авмаар байгаа зүйлс хиймээр байгаа ажлаа хийн өөрийн гэсэн үзэл бодол итгэлээр энэ дэлхийн хувьд сайн хүнээр амьдрах бүрэн боломжтой байв. Гэтэл ийм дэлхийн хоосон байдлын төлөө зүтгэж байгаад үхэх байсан жирийн эмэгтэйчүүдийн амьдралыг давж Бурханы авралын түүхэнд хамгийн нандин эмэгтэй болж хэрэглэгдсэн нь ивээлийн дээд ивээл юм. Мариа ямар ч болзлыг хангаагүй байхад Бурхан түүнийг сонгож хүн төрөлхтний Аврагч Мессиаг төрүүлэх хамгийн нандин бэлгийг өгсөн. Мариа бүх үеийнхэнд дуурсагдах агуу эмэгтэй болсон. Биднийг ч мөн Бурхан ямар ч болзолгүйгээр Өөрийн сайн мэдээг бүх дэлхийд тараалгахаар сонгон дуудсан. Арчаагүй гэмд хүлэгдсэн, ямар ч тэмцэлгүй тэгээд бүр гэмийн хүлээсэндээ байсаар гарч чадахгүй бид бүхнийг сонгон дуудсанаараа Өөрийн дундаршгүй хайр ивээлийг хүртээсэн гэж хүсэж бидэнд ивээлийг дүүрэн зөвшөөрөн өгдөг. Алт хайж байгаа хүмүүс газраас жаахан ч гэсэн алт олох үедээ үнэхээр баярладаг. Тэгээд үргэлжлүүлээд алт олохыг хүссэн ч алт нь тийм ч амар олдох эд биш. Тийнхүү заримдаа тэд алтаа хайхаа больдог. Гэтэл алт гарсан газраа сайтар харан алтны судлыг олон газрын өөд зөв хайгуул хийвэл жинхэнэ цул алт бүхий эх үүсэл дээр ирэн дуусашгүй их алттай болох адил. Бид ивээлийн дөнгөж зах зухыг хараад өөрийн амьдралд тохиолдож буй багахан өөрчлөлтийг харан сэтгэл ханах нь Бурханы жинхэнэ хүсэл биш. Харин алтны судлыг даган эрэл хайгуул хийдэг шиг хичээл зүтгэлтэйгээр Бурханы үгийг судалснаар жинхэнэ Бурханы бидэнд амласан ивээл ерөөлтэй амьдралаар амьдрах нь чухал юм. Бид энэ дэлхийд сайн хүнээр амьдрах нь энгийн л зүйл харин энэ дэлхийд сайн мэдээний төлөө амьдрах нь үнэхээр хайр ивээлтэй дундаршгүй алт олсон мэт онцгой ивээл билээ. Гэмийн боолоор амьдрахаас аргагүй байсан бид энэ дэлхийн хоосон бардамнал, бахдалын төлөө зүдэн зүтгэх байсан бид Бурхан Эзэнд үйлчилж мөнхийн үхэл уруу явж буй залуусыг авран Есүсийн дагалдагч болгох ажилд хэрэглэгдэх болсон нь үнэхээр хамгийн том ивээл юм. “Ивээгдэгч ээ баярла. Эзэн чамтай хамт байна”
Тэгвэл Мариагийн төрүүлэх Хүү нь хэн бэ? 31-г үзээрэй. “Үзэгтүн, Чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно”. Тэнгэрэлч түүний төрүүлэх Хүүг Есүс гэж нэрлээрэй гэв. Есүс гэдэг нэр нь Өөрийн ард түмнийг гэм нүглээс нь аврах Аврагч гэсэн утгатай(Мт 1:21). Мариагийн төрүүлэх Хүү нь хүн төрөлхтнийг гэмээс аврах цорын ганц Аврагч Мессиа юмаа. Хүн бүрт өөрт нь таарсан олон олон асуудал байдаг. Хөгшин өндөр настан байна уу? Эсвэл дөнгөж хөлд орж байгаа хүүхэд байна уу? Бүгдэд нь асуудал байдаг. Гэхдээ бидний хамгийн том асуудал бол гэмийн хүлээсэнд амьдарч байгаа явдал юм. Бурханаас салангид бүх хүн гэмийн хүлээсэнд амьдарч байгаа тул хичнээн хөрөнгө мөнгөтэй, мэдлэг боловсролтой, авъяас чадвартай, өндөр байр суурьтай байсан ч жинхэнэ сэтгэл ханамж, амар тайван ба аз жаргалыг амсаж чадахгүй. Мөн энэ дэлхийн хэн ч гэмээс ирдэг зовлон ба үр дагавраас биднийг аварч чадахгүй. Зөвхөн Аврагчаар төрсөн Есүс л чадна. Учир нь Есүс хүн төрөлхтний бүх гэмийг үүрэн загалмайд цовдлогдон амилснаар гэм ба үхлийн асуудлыг бүрэн шийдсэн юм. 32-33-г үзээрэй. Тэнгэрэлч үргэлжлүүлэн Есүсийг хэн болохыг тайлбарлаж байна.
1- рт. Есүс аугаа Нэгэн болно. 32а “Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана” Энэ дэлхийд аугаа хүн олон боловч Есүстэй харьцуулшгүй юм. Учир нь Есүс бүх талаараа аугаа билээ. Юуны түрүүн Есүс дотоод чанараараа аугаа юм. Ялангуяа Есүсийн төлөв даруу чанар нь Түүнийг аугаа болгосон. Уг нь Есүс хамгийн дээр тэнгэрийн хаанчлалд сүр алдрыг эдэлж байсан. Гэтэл гэмтэй биднийг аврахын төлөө Өөрийгөө хоослон боолын дүр төрхөөр хязгаарлагдмал хүч чадалтай, махан биетэй хүн болж энэ дор газарт, малын тэвшинд мэндэлсэн нь, мөн үүгээр ч зогсохгүй гэмтэй сул дорой хүмүүсийг ялгаварлалгүйгээр үйлчилснийг харахад Түүнийг дотоод чанарын хувьд аугаа гэхгүй байхын аргагүй юмаа. Ер нь хүмүүс хичнээн авъяас чадалтай, мэдлэгтэй, эрх мэдэлтэй байлаа ч төлөв даруу биш бол аугаа гэж үнэлэгдэхгүй. Харин Есүс Бурханы Хүү боловч төлөв даруу чанараар аугаа юм.
Мөн Есүс хүч чадлын хувьд аугаа байсан. Есүс бүх өвчнийг эдгээх хүчтэй, байгаль ертөнц төдийгүй, сүнсний ертөнцийг хүртэл захирах эрх мэдэлтэй. Түүний үгийн эрх мэдэл нь үхсэнийг хүртэл амилуулж байсан. Харин Түүнийг хамгийн аугаа болгосон нь гэмтнүүдийн төлөө Өөрийгөө загалмайд золиослосон хайр билээ.
2- рт. Есүс захирагч Хаан болно. 32б-г үзээрэй. “Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно” Энэ нь Есүс бол Давидын удмаас төрөх Хаан гэдгийг хэлж байна. 2Сам 7:12-16-д Бурхан Давидын удмаас Мессиа гарна гэж амласан. Тиймээс Иудейчүүд Мессиаг ирвэл Давид хаан шиг хайр, амар тайван, ба үнэн шударгаар хаанчилна гэж найдаж байсан. Бурхан амласныхаа дагуу Есүсийг Давидын хаан ширээг залгамжлагчаар илгээв. Харин Иудейдүүдийн найддаг шиг улс төрийн хаанаар бус, Сүнсний хаанаар илгээжээ. Тиймээс Есүс хайр, амар тайван, үнэн, шударга, нигүүлсэл ба эгэл даруугаар Захирагч Хаан болсон юм. Энэ дэлхийд бидний нүдэнд харагдахгүй 2 төрлийн хаанчлал оршдог. Нэг нь Бурханы хаанчлал нөгөө нь сатаны хаанчлал юм. Энэ дэлхийн хаанчлал нь төр засгийг хэн захиран удирдахаас хамааран ард түмний аз жаргал шийдэгддэг. Шударга бусаар дүүрэн улс төрчдөөс болж шаналан зовдог улс ард түмэн энэ дэлхийд олон байдаг. Үүнчлэн нүдэнд харагдахгүй ч сатаны захиргаан дор байдаг хүн нь үргэлж гэмийн хүсэл, шунал, гомдол, шантрал цөхрөл, үзэн ядалт, атаархал, айдас, санаа зовиур, хоосон харанхуй бодлоор дүүрэн байдаг.
Харин Есүсийг өөрийн Хаанаар хүлээн авбал Есүс түүнийг сатан ба гэмийн ноёрхлоос авран чөлөөлж өгнө. Үүгээр ч зогсохгүй хайр ба амар тайвнаар захирна. Тиймээс хаан Есүсээр захирагдах нэгэн нь хэцүү нөхцөл байдал дунд ч үргэлж баяр хөөр, амар тайван, эрх чөлөөг мэдэрч аз жаргалтай амьдардаг. Бид Есүсээр хаанчлуулахгүй бол автоматаар Сатан буюу муу сүнсээр хаанчлуулахаас өөр арга үгүй тиймээс Есүсийн хайр амар тайван уруу ирэхийг хүсэн ерөөж байна.
3- рт. Есүсийн хаанчлал үүрд мөнх тогтоно. 33-г үзээрэй. “Тэр Иаковын гэрийг үүрд мөнх хаанчлах бөгөөд, хаанчлалд нь төгсгөл үгүй”. Энд Иаковын гэр нь махбодын хувьд үр удам нь болсон Израйлыг давж, сүнсний үр удам болсон бүх итгэгчдийг хэлж байна. Есүсийн захиргаа буюу хаанчлалын онцлог нь үүрд мөнх орших юм. Дэлхийн улсууд ба хаанчлал нь түр зуур л оршсоор ирсэн. Үүрд хаанчлах байсан хүчирхэг улсууд нь төмөр бутран унах мэт хөнөөгдөн алга болсон. Бидний сайн мэдэх Чингэс хаан дэлхийн талыг эзэлж байсан ч энэ хаанчлал нь мөнхөд тогтоогүй түүний нас барах үед хүүхдүүд нь хаан ширээг булаацалдан зарим харь газарт эзэн суун тэндээ уусан алга болсон. Тийнхүү их Монгол улс бутран унасан. Харин Мессиагийн хаанчлал ба Түүний эрх мэдэл нь үүрд мөнх юм (Дан 2:44, 7:13, 14). Бид энэ дэлхийд монгол иргэншилтэй ч уг үндсээр бол Мессиагийн хаант улсын иргэн юм. Кол1:13-д Бурхан биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн гэжээ. Бид үүрд мөнх орших Мессиагийн хаанчлалын ард түмэн болсон нь үнэхээрийн ивээл юм.
Одоо зарлигийн 34-р зүйлийг үзээрэй “Мариа, тэнгэрэлчид би онгон атал энэ нь яаж бүтэх билээ” гэв. Мариа онгон бүсгүйн хувьд хүүхэдтэй болно гэдэг нь ойлгоход маш хэцүү байсан. Тиймээс Мариад тэнгэрэлч Ариун Сүнс чам дээр ирж хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы хүү гэж дуудагдах болно” гэв.
Энд Ариун Сүнс ирж Бурханы хүч түүнийг бүрхэнэ гэдэг нь эхлэл 1:2-с үзвэл Ариун Сүнс усны мандал дээгүүр элин хальж байгаад юу ч үгүйгээс орчлон ертөнцийг бүтээсэн шиг Бурханы бүтээх хүч чадал нь түүний биенд ажиллан үр тогтоох болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Есүс Мариагийн хэвлийд бүрэлдэн, мэндлэх нь зөвхөн ариун Сүнсний болон Бурханы хүч чадлын ажил гэв. Бид заримдаа Бурханы ажлыг бодох үедээ ойлгохгүй зүйл олон гардаг. Тиймээс бидэнд итгэхээс өөр сонголт үлддэггүй. Энэ нь хүний оюун ухааныг давдаг ер бусын гайхамшиг юм. Есүс хүний аргаар бус зөвхөн Ариун Сүнсний хүч чадлаар бүрэлдэн төрсөн учир ямар ч гэм зэмгүй Ариун Бурханы Хүү юм. Мөн Мариагийн биеэс төрсөн тул махан биетэй төгс хүн. Есүс нь Бурхан хүн төрөлхтөн хоёрын хооронд зууч болохын хувьд нэг талдаа Бурхан нөгөө талдаа хүн байх хэрэгтэй. Тиймээс энэ Есүс л Бурханы шаардлагыг хангасан гэм зэмгүй Бурханы хурга болж чадна. Мөн бүрэн хүн учир бидний мөхөсдлийг хуваалцан ойлгож чадна(Евр 4:15). Энэ Есүс л Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч билээ (1Тим 2:15).
36-д Тэнгэрэлч үргэлжлүүлэн Мариагийн итгэлийг баталгаатай болгохын тулд садан болох Елизабетын жишээг хэлж өгөв. Елизабет хүүхэдтэй болох ямар ч боломжгүй нөхцөлтэй боловч хэвлийдээ хүүхэдтэй болсон гэвэл Бурханаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй учир юм. Тэгээд Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй хэмээн Мариад төгс бүрэн хүч чадалтай Бурханд итгэх итэлийг суулгав. Онгон бүсгүй Мариа, Есүсийг төрүүлэх нь зөвхөн Ариун Сүнсний хүч чадлаар боломжтой байсан. Үүнчлэн гэмтэй бидний дотор Есүс Сүнсээр орших нь хүний оюун ухаанаар ойлгоход хэцүү боломжгүй зүйл юм. Гэвч Ариун Сүнс бидэн дээр ирэхэд энэ нь боломжтой болох юм. Бид итгэлийн замаар алхах үед олон олон боломжгүй зүйлсийг харж байсан. Яагаад ч өөрчлөгдөхгүй байсан хүн Бурханд итгэснээр гайхамшигтай хайр ивээлээр дүүрэн ариун хүн болж байгааг харж байна. Хүний нүдээр боломжгүй ч АС-р бүрэн боломжтой Бурханы ажил юм. Бид Сайн Мэдээг хайртай дотны хүмүүстэй дамжуулах үед бидний Аав Ээжүүд, үр хүүхдүүд, хамаатан садан, найз нөхөд тэд Бурханыг таньж мэдэхгүй байгаа нь хэзээ ч өөрчищлөгдөшгүй хана мэт боловч бид залбирлаа зогсоохгүй залбирсаар л байвал АС-р дамжуулан тэд ч гэсэн бүрэн дүүрэн өөрчлөгдөн Бурханыг хүлээн авах боломжтой юм. Энэ нь Бурханы хийж чадах хүний ойлгож чадахгүй АС-ний ажил билээ. Тиймээс аливаа асуудал бүрээ, хүнд ачаа бүрээ, Бурхан дээр Есүс дээр авч ирснээр өөрөө ч ойлгож чадахгүй тэр гайхамшгийг эдэлж чадах ивээлтэй хүнээр амьдрахыг хүсэн ерөөж байна.
Тэгвэл Мариа яасан бэ? 38-г үзээрэй. “Эзэний шивэгчнийг харагтун, хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” Мариа хувийн итгэлтэй хүн байсан. Юуны өмнө өөрийгөө хэн бэ гэдгийг сайн мэдсэн. Тэр өөрийгөө Эзэний шивэгчин гэдгийг мөн Эзэний таалал нь хамгийн чухал учир түүнийг дагах ёстойг сайтар ухаарсан. Мариа хэний охин, хэний эхнэр, ямар байр суурьтай хүн гэхээс илүүгээр өөрийгөө Бурханы өмнө “Эзэний шивэгчин” хэмээн Эзэний хүсэл тааллыг биелүүлэхийн төлөө байдаг зарц гэсэн даруу итгэлтэй байсан. Бид Мариагийн энэ итгэлийг сайн сурснаар аливаа асуудал бэрхшээл, шийдвэрийн өмнө Бурханы талд баттай зогсож чадах юм. Шивэгчин хүн, зарц барлагийн хувьд өөрийн гэсэн зүйл юу ч байхгүй билээ. Тэд бүхэлдээ эзний өмч юм. Эзэндээ хэрэгтэй үед нь хэрэглэгддэг өмч адил юм. Гэхдээ бид Бурханы өмч байх нь хайр ивээлтэй юм.
Мариа “хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” гэв. Энэ нь Эзэний хэлсэн үгийг биелүүлэхийн төлөө өөрийн бүх амьдралыг даатган дуулгавартай дагана гэсэн үг. Мариа Эзэний хүсэл таалал л бол хэзээ ч өөрийгөө зориулахад бэлэн итгэлтэй байна. Гэсэн ч хэлсэн үгсийн тань дагуу биелэх болтугай гэсэн Мариагийн шийдвэр тийм ч амархан биш байсан. Яагаад гэвэл жижигхэн ч гэсэн өөрийн хүсэл мөрөөдлийг хагалах ёстой байсан. Мөн гэрлээгүй байхдаа хүүхэдтэй болсноор хуулийн болон хүмүүсийн буруутгалыг амсах болно. Хэрэв гэрлэхээсээ өмнө хүүхэд олно гэвэл Мариаг завхайрсан гэж үзэн чулуудаж алах эрсдэл байсан. Түүнээс гадна хайртай Иосефт буруугаар ойлгогдон, сүй тавилт цуцлагдаж магадгүй байлаа. Гэсэн ч Мариа өөрийн аюул хохирлыг тооцохоос илүүгээр Бурханы үгэнд өөрийгөө болон амьдралаа бүрэн даатгахаар шийдсэн. Энэ нь Мариагийн агуу итгэл юм. Мариа Бурханд бүрэн итгэсэн итгэл байсан учраас ийнхүү дуулгавартай дагасан. Бурханыг дагах нь агуу ивээл боловч тэр ивээлийн төлөө эдлэх, амсах зовлон, золиос, хохирол нь зайлшгүй байдаг. Тийм учраас олон хүн амьдралын тооцоо гаргаж жинхэнэ ивээгдэгч болох замаасаа холдон явцгаадаг. Харин хэцүү ч “хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” хэмээн Эзэний үг ба хүслийг биелүүлэхийн төлөө дуулгавартай дагасан нэгэн нь Бурханы авралын түүхэнд “жинхэнэ ивээгдэгч” болон үлдэх болно. Бид Бурханыг дагах замыг харахдаа ухаалаг зөв хөрөнгө оруулагч адил байх хэрэгтэй. Мэдээж хэрэг бид Бурханыг дагах нь үргэлж хэцүү шийдвэр байдаг ч энэ хэцүү шийдвэрийн ард хайр ивээл нигүүсэл бялхам дүүрэн байдаг юмаа. Бидний дунд өөрийгөө Эзэний шивэгчин гэдгийг хүлээн зөвшөөрөн Түүний хүслийн төлөө өөрийгөө бүрэн зориулахад бэлэн итгэлтэй эмэгтэйчүүд олноор босч чадахыг хүсэн ерөөж байна.
Мариа дуулгавартай дагахыг шийдсэний дараа Бурханы ажлыг хархаар, мөн итгэлийн ах эгчийн зөвлөгөөг авахаар Иудагийн уулархаг нутаг уруу яаран явсан. Мариагийн явах зам нь аюул бартаа ихтэй байсан боловч бат итгэлийг олохын тулд Елизабет уруу явсан. Тусламж зөвлөгөө хэрэгтэй үед хэнд хандах вэ? хэнээс үг сонсох нь чухал байдаг. Бид хэцүү үедээ сүнсний үзэл бодолгүй дэлхийн найзууд юмуу өөрийн сонсохыг хүссэн үгийг хэлж өгөх хүн дээр ихэвчлэн очдог. Харин Бурханы хүслийн дагуу хүн болох сүнслэг хамтрагч эсвэл хоньчин дээрээ очихоос бид халгаад байдаг. Гэхдээ сүнслэг төлөвшсөн хүн үнэн зөвөлгөөг өгөн үл итгэл ба эргэлзээ даван дийлэхэд бат итгэлийг олоход тусалж чадах юм. Бид асуудалтай тулгарч, сүнсний тусламж, бат итгэл хэрэгтэй үед үнэн ба амийн замаар хөтөлж чадах хүнд очин зөвөлгөөг авдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Мариа олон зүйл сонсож бие болон сэтгэл санааны хувьд эргэлзээтэй тогтворгүй байсан. Хэдийгээр өөрт тохиолдож буй зүйлсэд итгэлээр шийдвэр гаргасан ч энэ шийдвэрийг хөдөлшгүй баттай болгох нэн шаардлагатай хэрэгцээтэй байсан. Мариа нь бага залуу байсан ч зөв туслагчийг хайн Елизабет дээр очихоор хэцүү байсан ч Бурханы хайр ивээлийг хуваалцахыг хамгийн ихээр хүсэж хол замыг туулсан. Яг үүнтэй адил бид ч мөн өөрийн хүлээн авсан хайр ивээл шийдвэрээ Бурханыг бодон гаргасан ч зарим үед өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэх үе олон байдаг. Тийм учир Бурханы үнэн зөвлөгөөг өгч чадах хамтран зүтгэгч хоньчин дээр очин аливаа асуудлаа хуваалцан Бурханы талд бат зогсох шийдвэртээ үнэнч байх нь чухал билээ. 41-45-г үзээрэй. Мариа Захариагийн гэрт орж Елизабеттай мэндэлмэгц Елизабетын хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Энэ үед Елизабет Ариун Сүнсээр дүүрч чанга хашхиран “ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ, хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ. Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ(42, 43). Елизабет өндөр настай, Мариа залуухан бүсгүй байсан. Тийм боловч Елизабет Мариаг Эзэний минь эх хэмээн хүндэлсэн. Елизабет, Бурхан Мариад илүү их ерөөл өглөө гэж атаархалгүй, харин ч Мариаг сүнсний хараагаар харав. Мөн үүгээр ч зогсохгүй “Эзэнээс өөрт нь айлдсан бүхэн биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ” хэмээн Мариагийн итгэлийн шийдвэр ба дуулгавартай дагасныг ерөөн бат итгэлийг суулгасан. Магадгүй Мариа энэ л үгийг сонсох гэж хол замыг туулсан. Бид хэн нэгнийг унтраан доош нь хийдэг биш харин босгон байгуулдаг урамшуулдаг ерөөдөг хүн болохыг хүсэн гуйж байна. Елизабетын Мариаг гэрт нь орж ирэх үеийн тэр сэтгэл хөдлөлийг төсөөлөхөд үнэнхээр сонин харагдах биз хэрэв жаахан хүүхэд авахыг хүссэн зүйлээ гэнэт авбал сая тэгж баярлаж болох юм. Гэтэл Елизабетын хувьд тэрээр төлөвшсөн өтөл настай эмэгтэй байсан ч Бурханы бэлэгт талархаж баярлаж байгаагаараа аль хэдийн Бурханы хамгийн их хайртай жаахан охин нь байсан юм. Тиймээс л бид Бурханы хайр ивээл нигүүслийн талаархи өөрийн ойлголт Би гэсэн үзлээ бүрэн хаяж чадсанаар Бурханы бэлэг ивээл нигүүслийг бүрэн хүлээн авч чадах билээ. Эндээс бид Елизабетаар дамжин сүнсний зөвлөгөөг яаж өгөхийг сурч болно. Хэрэв Елизабет Мариаг хүний санаагаар харж, Яанаа, Иосефтой ярилгүй, дэндүү яаруу шийдсэн юм биш үү, цаашид тулгарах асуудлыг яах вэ? хэмээн эргэлзээ ба үл итгэлийн үгийг хэлсэн бол Мариад байсан итгэл нь устгагдах байсан. Елизабетад атаархал байгаагүй бөгөөд Мариагийн өмнөөс талархалаар дүүрэн байсан. Бид хэн нэгэн хамтран зүтгэгчийн төлөө чин сэтгэлээр талархаж чадсанаар өөрийгөө болон хамтран зүтгэгчээ үнэхээр босгон байгуулж чадах билээ. Елизабет Бурханы талд бат зогсон Мариаг хичнээн их ерөөл авсныг хэлж өгөн урамшуулсан. Бид ч зөвлөгөө өгөхдөө Бурханы зүгээс хүнийг харан түүнд тавьсан Бурханы тааллыг олсноор түүнийг Бурхан уруу харахад туслах хэрэгтэй. Тэгээд бат итгэлтэй болоход тусалж итгэлийн шийдвэр гаргахад нь урам зориг өгөх хэрэгтэй. Ялангуяа зөвлөгч нь үүний төлөө Ариун Сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Урмын үгээ харамлалгүй хуваалцаж Елизабет адил үйлчлэлдээ баттай байхыг хүсэн ерөөж байна.
Елизабетын итгэлээр дүүрэн зөвлөгөөгөөр дамжуулан Мариагийн зүрхэнд байсан өчүүхэн эргэлзээ нь арилж зүрхний гүнээс баяр хөөр, талархал ба магтаал оргилон ундрав. 46-49-д Мариа эхлээд өөрт нь ивээлээ үзүүлсэн Бурханыг дээдлэн магтаж, бүх үеийнхэнд дуурсагдах өөрийн ивээлийн үнэ цэнийг ухаарав. 50-53-д Бурхан бодлууддаа бардамнагсдыг тарааж сүнсээр ядуу байгсдыг өргөмжлөн ивээдэг Нэгэн гэдгийг ухаарсан. 54, 55-д Бурханы Израйлд хандсан хайр ба амласнаа биелүүлдэг итгэмжит байдлыг ухааран магтсан.
Хэрэв бид ийнхүү Мариа шиг шийдвэр гаргах цаг ирэх үед Эзэний талд баттай шийдвэр гаргах хүч чадалтай байхад удирдаж өгөөч. Миний хувьд үргэлж Бурханы замаар биш өөрийн замаар алхаж байгаагаа харлаа. Бурханыг дагах зам нь санхүүгийн хувьд найдваргүй ар гэрээ яах билээ, мөн би үүнийг хийх нь хэцүү гэсэн махан биеийн бодол санаагаар удирдуулан түүндээ автаж байгаа тул аливаа шийдвэрийг гүйцэлдүүлж чадахгүй байгаа билээ. Ямар ч үед Бурханы талд итгэлтэйгээр дуулгавартайгаар дагах итгэлийг дүүргэн өгөөч. Бид бүгд одоо болсон гэж өөрсдийгөө хазаарлалгүй харин ч Бурханы хамгийн хайртай хүүхдүүд болж баярлан хөөрөхөд урамшуулан өгөөрэй.
Дүгнэлт: Энэ жилийн христмасаар дамжуулан бид ч Мариа шиг энэ цаг үеийн авралын ажлын төлөө сонгогдсон гэдгээ гүнзгий хүлээн зөвшөөрөн Бурханд магтаал дууг өргөж чадахыг хүсэн ерөөж байна. Мөн Мариа шиг “хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай хэмээн Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулах итгэлийн шийдвэр гаргаж чадахыг хүсэн ерөөж байна.

өмнөх нийтлэл2021 оны Христмасын 3-р хичээл (12.19)
Дараагийн нийтлэл2021 оны Христмасын 3-р номлол (12.19) Эбэ Матай хн